Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2024/01001

 

2024 оны 03 сарын 04 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2024/01001

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ......... тоотод байрлах, А ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ........тоотод оршин суух, Х  овогтой Бат-гийн А  /РД: ......../-т холбогдох

 

2.182.436,50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А  ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.А нь манай компанид сектор менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу хөлдөөгчийг шамшигдуулсан асуудал үүсгэсэн ба уг асуудлаа хүлээн зөвшөөрч нийт үүссэн өр төлбөр болох 1.454.957,50 төгрөг нь дээр 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 00000000 тоот, Өр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон бөгөөд одоогийн байдлаар 1.454.957,50 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд одоог хүртэл сайн дураар төлөөгүй байна. Иймд Б.А-аас 1.454.957,50 төгрөг, алданги 727.479 төгрөг, нийт 2.182.436,50 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А  хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байхдаа өөрийн хариуцсан хөлдөөгчүүдийг бүртгэл дээр миний бүсэд байгаа бүх хөлдөөгч хэвийн бүрэн бүтэн байгаа гэж дүгнээд цалингаа аваад явж байсан. Ажлаас гарах явцад нь дутсан байсан. Энэ хүн ажиллаж байх явц дундаа хараа хяналтгүй ажилласан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасны дагуу ямар нэгэн байдлаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэсэн тушаал шийдвэр гараагүй гэж яриад байна. Б.А нь ажлаа гүйцэтгээд явж байсан, 2023 оны 03 дугаар сарын 09-ний байдлаар 3 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажил хүлээлцэх явцад буюу 2023 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн тооллогоор хөрөнгө дутсан асуудал үүссэн. Тэгэхээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсан байсан. Түүнээс хойш хөрөнгө дутсан асуудал үүссэн учраас эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тушаал шийдвэр гараагүй байдаг. Түүнийгээ өр төлбөр барагдуулах гэрээгээр Б.А нь өөрөө хүлээн зөвшөөрөөд өр төлбөр барагдуулах гэрээ 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан байдаг гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээний дагуу 7 ш хөргөгчийн мөнгө гэх 1.400.000 төгрөгийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А ХХК-аас гаргаж өгсөн Б.А-тай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байдаг. Уг гэрээний 5.4.3-т хэдэн хэдэн ажилтын буруугаас компанид хохирол учирсан бол ажил олгогчоос томилсон комиссын актыг үндэслэн тэдгээрийн гэм буруугийн хэмжээ эд хөрөнгийн хариуцлагыг хэмжээг харгалзан ажилтан тус бүр дээр хариуцлагыг тодорхойлж хохирлыг төлүүлнэ гэж заасан. Мөн тус гэрээний эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх журамд 7 дугаар заалт дээр 7.3-т Ажилтан нь өөрийн буруугаас ажил олгогч түүний эд хөрөнгөд хохиролд саад учруулснаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол ажил олгогчоос учруулсан хохирлыг барагдуулах тухай тооцоо нийлсэн акт үйлдэх, эсвэл төлбөр барагдуулах гэрээ байгуулж болох бөгөөд тооцоо нийлсэн акт, төлбөр барагдуулах гэрээнд заасан дүнг ажил олгогчоос тогтоосон хугацаанд төлж барагдуулна. Энэ тохиолдолд ажил олгогчийн ажилтанд хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр тушаалыг үндэслнэ гэж заасан байдаг. Хэрэгт ажил олгогч нь ажилтантай байгуулсан тооллогын комиссын акт байхгүй. Сахилгын эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг хүлээлгэсэн шийдвэр байхгүй. Зөвхөн гэрээ байдаг, тэр нь хүчин төгөлдөр бус талуудын хооронд анхнаасаа хэлсэн тохирсноороо байгуулагдаагүй гэрээ байсан. Тийм учраас хөргөгчийн үнэ болон алдангийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргаж өгсөн баримтуудаас үзэхэд тухайн хөргөгчийн арлын дугаар нэг бүрийн тодорхойлогдох шинж нь харагдахгүй. Хавтаст хэрэгт зарлагын 8 ширхэг нотариатаар батлуулсан баримт байдаг. код 2100352 гэх мэт энэ дугаарын хойно байгаа О.А-аар төлүүлнэ гээд хариуцсан байршилд дурдсан. Б.А-ын хариуцах CU дэлгүүрт байршиж байсан хөргөгч 2016 оны 7 ширхэг хөлдөөгчүүдийн арлын дугаартай огт тохирохгүй байдаг. Аль хөргөгч нь олдоод байгаа нь тодорхойгүй. Б.А-ыг идсэн уусан шамшигдуулсан гэдэг асуудал ярьж байна. Энэ нь хуулийн байгууллагаар шалгаж тогтоолгох зүйл. Үнэхээр зараад хувьдаа зарцуулсан гэх баримт байхгүй. Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ болон Хөдөлмөрийн тухай гэрээ дээр ажилтан бол эд хөрөнгийн хариуцлага хүлээж болно. Хүлээхдээ зөвхөн өртгөөр нь хүлээдэг. Ирүүлсэн гээд байгаа 8 ширхэг хөргөгч нь Б.А-т хүлээлгэж өгсөн баримт гаргацтай биш. 4 хүний хэнд нь ямар хөргөгчийг хариуцаад хэн нь ямар хариуцлага хүлээгээд байгаа нь тодорхойгүй. Талуудын хоорондын байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасны дагуу акт болон комисс тогтоосон баримт байхгүйг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.08.07-ны өдрийн итгэмжлэл, 2023.04.18-ны өдрийн 000000 Өр, төлбөр барагдуулах гэрээ, Б.А-ын иргэний үнэмлэхний хуулбар, 2023.03.28-ны өдрийн Сүлжээ дэлгүүрийн хариуцсан бүсэд байрших дутсан хөлдөөгийн нэгтгэл, 2023-01-01-2023-12-31тайлан,2023.09.11-ний өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.16-ны өдрийн 183/ШЗ2023/0000 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Айсмарк трейд ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ,2023.01.02-ны өдрийн Б/00 А ХХК-ийн захирлын тушаал, 2023.03.09-ний өдрийн Б/000 Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал,2021.08.23-ны өдрийн зарлагын баримт,2021.10.15-ны өдрийн зарлагын баримт,2023.03.28-ны өдрийн нэгтгэл,2023.03.01-ний өдрийн нэгтгэл, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн дотоод журам,2022.12.30-ны өдрийн Б/00 Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал,2022.12.30-ны өдрийн Зөвшөөрлийн хуудас, 2021.05.24-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2021.05.24-ний өдрийн Б/000 Дадлагжигч ажилтнаар ажиллуулах тухай захирлын тушаал, 2023.01.01-ний өдрийн үндсэн хөрөнгийн худалдан авалтын баримт зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

 

Хариуцагч талаас: Хариу тайлбар, 2024.01.19-ний өдрийн итгэмжлэл зэргийг баримтын шаардлага хангуулан өгсөн байна.

Хариуцагчийн хүсэлтээр Хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөлдөөгчийн зарлагын баримт, дутсан хөлдөөгчийн нэгтгэл зэргийг шүүх гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК хариуцагч Б.А-т холбогдуулан 2.182.436,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч талуудын хоорондын байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасны дагуу акт болон комисс тогтоосон баримт байхгүйг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

А ХХК 2023.01.02-ны өдөр Б.А-ай хөдөлмөрийн гэрээ байгуулж, сектор менежер албан тушаалд томилсон, мөн өдрөө эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулжээ.

 

Б.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 3 сарын 09-ний өдрийн Б/122 захирлын тушаалаар дуусгавар болгож, 2023 оны 4 сарын 18-ны өдөр IMT-MMG-00 өр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, Б.А нь сектор менежерээр ажиллах хугацаандаа үүсгэсэн барааны нийт төлбөр 1.454.957,50 төгрөгийг 2023 оны 4 сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар зохигчийн хооронд байгуулсан байна.

 

А  ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу хөлдөөгчийг шамшигдуулсан өр төлбөр 1.454.957,50 төгрөг гаргуулна гэх бөгөөд Б.А-тай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 1.6-д ажил үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор компанийн мөнгөн хөрөнгө, эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, компанийн нэрийн өмнөөс захиран зарцуулахаар эрх олгогдсон бол мөнгөн хөрөнгө, эд хөрөнгийг алдсан, гээсэн, дутаасан, зориулалтын бусаар ашигласан, бусдад давуу байдал хууль бусаар бий болгоход тэдгээрийг ашигласан, өөрийн болгоомжгүй, хайхрамжгүй, мэргэжлийн болон ажлын ур чадваргүй, хувийн хариуцлагагүй зэрэг байдлаас шалтгаалан ажил олгогчид учруулсан хохирлыг бүрэн төлнө, 4.2-т өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хариуцаж буй эд хөрөнгө, түүхий эд материалын үнэт зүйлс, техникийг гэмтээх, дутаах тохиолдолд хариуцлага хүлээж, гарсан хохирлыг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж зохицуулсан.

 

Үүнээс үзэхэд ажилтан Б.А  өөрт нь хариуцуулж өгсөн 7 ширхэг хөлдөөгчийг дутаасан болохоо хүлээн зөвшөөрч, 2023.03.28-ны өдөр сүлжээ дэлгүүрийн хөдлөөгчний бүртгэл сар бүр худалдааны төлөөлөгчтэй тулгалт хийгээгүй тул тухайн бүсэд байрших нийт хөлдөөгчний тооноос 28 ширхэг дутсан ба Худалдааны төлөөлөгч болон сщктор менежер тус бүрт дутсан 7 ширхэг хөлдөөгчний авлага үүсгэв. Хэрэв 2023.4.10 өдөр хүртэл няравт хөлдөөгч хүлээлгэн өгөөгүй тохиолдолд мөнгөн дүнгээр төлөх болно гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ. /хх-ийн 60 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан, 132 дугаар зүйлийн 132.2-т Ажилтны учруулсан хохирлын хэмжээг ажил олгогчийн эд хөрөнгөд учирсан бодит хохирлоор тодорхойлох бөгөөд олох байсан орлогыг үүнд оруулан тооцохгүй. Бодит хохирлыг ажил олгогчийн эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан, тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, бодит гарсан хохирлын хэмжээгээр тооцно гэж хууль зохицуулсан бөгөөд А ХХК Б.А-тай эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулсан, дутаасан эд хөрөнгийг шаардах эрхтэй байна.

 

Ажилтан Б.А дутаасан эд хөрөнгийг барагдуулахаар төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байх тул 1 хөлдөөгчний үнэ 200.000 төгрөг, 7 хөлдөөгчний үнэ 1.400.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Харин нэхэмжлэгч нь 54.957,50 төгрөгийг Б.А-ын Юнителийн үүрэн холбооны утас ашиглаж байсан хугацааны төлбөр гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулсан өр, төлбөр барагдуулах гэрээний 3.1-д Б тал нь гэрээний 2.2-т заасан хуваарийн дагуу өртөлбөрөө барагдуулаагүй тохиолдолд 1.454.957,50 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон Б талаар төлүүлнэ гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан ба А ХХК гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож 727.479 төгрөг шаардаж байгаа мөн хуулийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан ба 1.400.000 төгрөгийн алданги 700.000 төгрөгийн түүнийг 50 хувиар багасгаж, 350.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас 42.950 төгрөг гаргуулж Айсмарк трейд ХХК-нд олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.А-аас 1.750.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 432.436,50 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас 42.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО