| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2023/06235/И |
| Дугаар | 102/ШШ2024/01599 |
| Огноо | 2024-03-28 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2024/01599
2024 оны 03 сарын 28 өдөр Дугаар 102/ШШ2024/01599 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол үүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НГ-т холбогдох,
Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, .... орон сууцыг 487,748,412 төгрөгөөр үнэлсэн талаар 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4-181/21969 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагт зохион байгуулахаар товлосныг эсэргүүцэж гомдол гаргаж байна. Хөрөнгийг 341,423,889 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах болсон нь зах зээлийн үнээс хямд борлогдож, бидний эрх, ашиг ноцтой зөрчигдөх нөхцөлд хүрлээ. Иймд Н... газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12/15 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар шийдвэрээр Б ХХК-иас 259,776,526 төгрөгийг гаргуулж Р ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б ХХК-ийн төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Б-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай, ..... орон сууцны үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул үнэлгээ тогтооход 487,748,413 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасныг дагуу урьдчилан гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхны албадан дуудлага худалдаа хуульд заасан журмын дагуу явагдсан. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн .... дугаар албан бичиг /хх 4/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ..... дугаар тогтоол /хх 6/, Н...газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар мэдэгдэл /хх 7/, Н...газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12/15 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх 8-9/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар шийдвэр /хх 10-11/ зэрэг баримтуудыг, хариуцагчаас шийдвэр гүйцэтгэгчийн хувийн хэрэг /хх 57-150/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч нь үнэлгээтэй холбоотой шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад анхны албадан дуудлага худалдаа явуулсан тул Н... газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ...тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар магадлалаар Б.. ХХК-иас 258,121,096 төгрөг гаргуулан Р... ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцтгэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Л.Б... өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцуулж шийдвэрлэжээ.
7. Дээрх шийдвэрийг хариуцагч Б... ХХК сайн дураар биелүүлээгүйгээс Л.Б... орон сууцыг битүүмжлэх, хураан авах ажиллагааг хийсэн байна. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр, хураах тухай тогтоолыг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тус тус төлбөр төлөгчид мэдэгдэж, уг ажиллагааг мөн өдрийн тэмдэглэлээр баталгаажуулжээ.
8. Шийдвэр гүйцэтгэгч нь Л.Б...ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай, ... орон сууцыг битүүмжилж, хураасан боловч төлбөр төлөгдөөгүй байна.
9. Иймээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авсан боловч үнийг тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/374 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний Б ХХК-ийн үнэлгээчин С.М-ыг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэжээ.
10. Шинжээч С.М нь Л.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, .... орон сууцыг 487,748,413 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн байна. Нэхэмжлэгч үнэлгээтэй холбоотой маргаагүй болно.
11. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой төлбөр төлөгчийн шүүхэд гаргасан гомдлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хураагдсан орон сууцын анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр явуулахаар тогтоож, энэ ажиллагааны талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тоот мэдэгдлийг Л.Б-д мэдэгджээ. Нэхэмжлэгч дуудлага худалдаанд оролцох эрхээр хангаагүйтэй холбоотойгоор гомдол гаргаагүй байна.
12. Мөн хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж зааснаар мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заалтыг баримтлан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргасан байна.
Энэ хугацаанд төлбөр төлөгч төлөх төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа талаар нэхэмжлэгч маргаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 175 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
13. Түүнчлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцсон нь хуульд нийцжээ.
14. Иймд Л.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206071645 дугаартай, ... орон сууцны талаар гарсан Н... газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ... анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол нь хууль болон төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар Н...т холбогдох, Н... газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Л.Б..н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ