Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2023/0145/3 |
Дугаар | 128/ШШ2023/0544 |
Огноо | 2023-06-20 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2023/0544
2023 06 20 128/ШШ2023/0544
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Манхан-Уст” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Борхүү
Хариуцагч: Барилга, хот байгуулалтын сайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мягмардорж
Нэхэмжлэлийн шаардлага: Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 124 дүгээр тушаалын “Манхан уст” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмардорж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 124 дугаартай тушаалын “Манхан уст” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:
2.1.Барилга, хот байгуулалтын сайдаас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр БУ19-858/21 дугаартай тусгай зөвшөөрлийг “Манхан-Уст” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар олгож, Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 216 дугаар тушаалыг үндэслэн Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ болон Манхан уст ХХК нар нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр БУ-19/858/21 дугаартай “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудлыг гэрээний үндсэн дээр хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ”-г байгуулжээ.
2.2.“Манхан-Уст” ХХК нь БУТ-2014-024+5 гэрээний дугаартай Боловсрол шинжлэх ухааны яамтай 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Анагаах Ухааны Коллежийн 960 хүүхдийн суудалтай сургууль, спорт заалны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/582 тоот захирамжаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн КД-65/2020 дугаартай улсын комисс ажиллан ашиглалтад оруулсан.
2.3.Ашиглагч байгууллагын хүсэлтээр барилга хөгжлийн төв, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч нар барилга дээр очиж шалгалт хийж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын гаргасан мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01-07-020/84 дугаартай дүгнэлтийн дагуу “Манхан уст” ХХК-ийн тустай зөвшөөрлийг цуцалсан.
2.4.Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 124 дүгээр тушаалаар “Манхан-Уст” ХХК-ийн барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
2.5.Маргаан бүхий барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тушаалын талаар нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 25-ний өдөр мэдсэн хэмээн нэхэмжлэлдээ дурджээ.
2.6.Тус шүүх “Манхан-Уст” ХХК-ийн Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 124 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 01 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
3.1.Нэхэмжлэлийн үндэслэл: Манай компани 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамтай БУТ-2014-024-5 дугаартай гэрээ байгуулан Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Анагаах ухааны коллежийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн КД-75/2020 дугаартай комиссын дүгнэлтээр ашиглалтад хүлээлгэн өгсөн.
Барилгыг байнгын ашиглалтад хүлээн авч, ашиглаж эхэлсэнтэй холбогдуулан Барилгын тухай хуульд заасан зүгшүүлэг, тохируулгын ажлыг өөрийн санаачилгаар болон ашиглагч байгууллага, эрх бүхий этгээдээс ирүүлсэн хүсэлт, дүгнэлтийг хүлээн авч засан сайжруулах, ажлыг цаг тухайд нь гүйцэтгэж ирсэн.
Гэтэл дээрх ажилтай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 124 дугаар тушаалаар манай компанийн барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг хууль зүйн үндэслэлгүй, манайд мэдэгдэлгүй, хуульд заасан холбогдох ажиллагаа хийлгүй цуцалсан байна.
Манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 124 дугаар тушаалыг манай компанид мэдэгдээгүй, манай компани өнөөдрийг хүртэл гардаж аваагүй, манайд өгөөгүй. Уг тушаалыг манай компани 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мэдэж, улмаар 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 1/44 дугаартай албан бичгээр тодруулга хүссэн.
Үүний дараа Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай манай гүйцэтгэх захирал М.Батмөнхтэй уулзахад хүсэлт Д.Гантулга даргад өгчих гэж хэлсэн.
Ингээд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1/46 дугаартай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийн үндэслэлийг судлан, гаргасан шийдвэрээ эргэн харж, хүчингүй болгож өгнө үү гэх агуулга бүхий хүсэлт баримтын хамт Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулгад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу аваагүй, энэ хугацаанд хэд хэдэн удаа очиж уулзсан боловч судалж байна гэх хариу өгдөг.
Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 124 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зөрчиж манай компанийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байна. гэв.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манхан Уст” ХХК нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамтай БУТ-2014-024-5 дугаартай гэрээ байгуулан Говь-Алтай аймагт байрлах Ангаах ухааны коллежийн барилгын ажлын гэрээ байгуулсан. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад хүлээлгэн өгсөн. Барилгыг байнгын ашиглалтад хүлээн авч, ашиглаж эхэлсэнтэй холбогдуулан барилгын дулаатай холбоотой асуудал гарсан үүнтэй холбогдуулаад ашиглагч байгууллага, эрх бүхий этгээдээс ирүүлсэн хүсэлт, дүгнэлтийг хүлээн авч зөрчлийг арилгах арга хэмжээ авахаар ажиллаж байсан.
Дулаантай холбоотой ямар асуудал гарсан юм бэ? гэвэл барилгын зураг зохиогчоос гадна талаас орж ирж байгаа хоолойг 150 хийх ёстой гэсэн зураг зурагдсан. Гэтэл Говь-Алтай аймагт дулаан олгодог Мандал голомт ХХК байдаг.
Тус компаниас заавал техникийн даалгавар авч байж дулаанаа хийдэг. Гэтэл тус Мандал голомт ХХК нь манайх 150-аар хийлгэхгүй танайх хажуу талын хуучин сургуулиас 100 хос хоолойгоор авахгүй бол танайхыг дулаанаар хангахгүй гэсэн. Үүний дагуу зураг зохиогчтой ярилцаж 100-н хоолой болгож Мандал голомт ХХК-ийн техникийн даалгаврынх нь дагуу хийгээд дулаанаа авсан. Гэтэл Мандал голомт ХХК нь ганцаараа Говь-Алтай аймгийг дулаанаар хангадаг учир дулааныг нь чадал хүрдэггүй. Учир нь нүүрсээр галладаг уурын зуух учир 100-н хоолойнд орж байгаа ус нь бүлээн орж ирээд гарахдаа бүүр бүлээн болж гарч байгаа байгаа тул тухайн барилгыг хангалттай хэмжээнд халааж чадахгүй. Тогтсон нэг температурт барьж чадахгүй байна. Тус барилга нь сургуулийн барилга учир онцлогтой оюутан, сурагчид байнга орж гарч байдаг учраас дулаан алдалт явагдаж эхэлсэн. Иймд тус асуудлыг засахаар 2022 онд хурал хийгдээд уг асуудлыг дулаан ороход засах үүрэг даалгавар аваад явж байсан.
Ингэж явж байхад 2023 оны 03 дугаар сард Мэргэжлийн хяналтын газраас дулаантай холбоотой асуудлаар дахин хяналт шалгалт хийхээр очсон бөгөөд юуг нь засах талаар хяналт шалгалт очсон. Удирдамжаар очиж байгаа, барилга хөгжлийн яамнаас очиж байгаа талаараа хэлээгүй. Улсын комисс хүлээж авдаг эрх бүхий албан тушаалтнууд очиж байгаа учир манай хувьд ч амар яг юу болохгүй байгааг шалгуулаад засъя гэх байдлаар хадсан. Уг шалгалтын хүрээнд нийт 10-н зөрчил илэрсэн. Энэ 10-н төрлийн зөрчлийн талаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэхэд манай компани гадаах шугамаас бусад бүх зөрчлөө арилгаж, тус шугамыг засахаар бүхий л материалаа аваачиж тавиад хичээл амрахаар засахаар болсон.
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймагт очсон бөгөөд тэнд манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг даалгавар өгсөн бөгөөд манай тусгай зөвшөөрлийг цуцлах тушаал гарч тусгай зөвшөөрлийг цуцалсан. Манай тусгай зөвшөөрлийг цуцалсан талаараа огт мэдэгдээгүй.
2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Булган аймагт барьж байгаа сургуулийн барилгатай холбоотой холбогдоход Барилга хөгжлийн төвөөс танай тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар мэдэгдсэн. Яаж мэдэж байгаа талаар тодруулахад манай тусгай зөвшөөрлийг цуцалсан албан бичгийн хуулбарыг өгсөн. Тус албан бичигт Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан дүгнэлтийг үндэслэж тусгай зөвшөөрлийг цуцалсан гэсэн байсан. Энэ асуудалтай холбоотойгоор Мэргэжлийн ханалтын ерөнхий газарт хандсан. Манай байгууллага тухайн дүгнэлтэд дурдсан 10-н зөрчлийг арилга гэж ойлгосон. Иймд зөрчлүүдээ арилгаад явж байхад ийм асуудал гарлаа гэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар манайх тусгай зөвшөөрөл цуцлахтай холбоотой асуудлыг мэдэхгүй. Барилга, хот байгуулалтын яамнаас асуу гэх албан бичгийг өгсөн.
Энэ асуудлаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай уулзахад албан бичгээ Д.Гантулга даргад өгчих гэсэн хариуг өгсөн. Албан бичгээ Д.Гантулга даргад өгсөн боловч хариу өгөөгүй. Удаагүй өгнө, манай мэргэжилтэн гадаадад байгаа гэж байсан. Энэ хугацаанд бүх л ажил, арилгасан зөрчлийнхөө талаарх мэдээллийг гаргаж өгсөн боловч хариу өгөөгүй учраас хуульд заасан хугацаанд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байгаа. Өнөөдөр шүүх хуралдаан хэлэлцэх гэж байна.
Барилга, хот байгуулалтын сайдын тушаал нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль буюу одоо Зөвшөөрлийн тухай хууль болсон үүний холбогдох зүйл заалтыг зөрчсөн. Мөн Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн уг маргаан дээр хувийн сонирхолтой зүйл байгаад байдаг. Бид нарыг очиход танай компани Ховд аймгийн компани бил үү? гэх байдлаар асуудал яригдаад байдаг.
Мөн холбогдох дүрэм журмыг зөрчиж, манай компанид мэдэгдээгүй, хугацаа олгоогүй. Барилга, хот байгуулалтын яамнаас 2022 оны 01 дүгээр сард албан бичиг гаргасан бөгөөд танай компанийн барилгад 10-н зөрчил тогтоогдсон үүнийг дулааны улиралд засах тухай албан бичиг гарсан байсан. Тус албан бичгийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шууданд хийгээд тус албан бичгийг манай компани 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гардаж авсан. Хэрэв бид тухайн албан бичгийг эрх авсан байсан бол аль болох богино хугацаанд биелүүлэх байтал тухайн албан бичигт өөр хугацаа бичсэн байсан. Түүнийгээ үндэслээд манай компани шаардлага тавиад байхад хариу өгөөгүй гэж үзээд цуцалсан гэж би ойлгож байгаа. Гэтэл түүнийгээ манайд мэдэгдээгүй байж 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шууданд хийгээд тус албан бичгийг манай компани 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гардаж авсан.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмардорж шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тус яаманд Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаас уламжлан ирүүлсэн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн гомдолд "... АШУУИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн 960 оюутны суудалтай хичээлийн байрыг "Манхан-Уст" XXК нь шинээр барьж, 2020 оны 11 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн боловч барилгын шугам сүлжээ алдаатай, барилгын норм дүрмийн дагуу хийгдээгүй, хана болон цонхоор дулаан алдагдал ихтэй, дээврээс ус алддаг, агааржуулалтын систем ажилладаггүй, хананд хагарал үүссэн гэх зэрэг зөрчлүүд гарсан, уг зөрчлүүдийг арилгах талаарх эрх бүхий байгууллагын албан шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул "Манхан Уст" ХХК-д хариуцлага тооцох" талаар дурдсан байдаг.
Уг гомдлын дагуу барилгад үүссэн гэх 13 төрлийн зөрчлийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн арилгаж, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, энэ зөрчлөө арилгаагүй тохиолдолд барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах талаар Барилга, хот байгуулалтын яамны 2022.01.14-ний өдрийн 3/195 тоот албан бичгийг гүйцэтгэгч "Манхан Уст" ХХК-нд хүргүүлсэн боловч зөрчлүүдээ арилгаагүй, энэ талын гомдлууд тасраагүй тул уг Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн барилгад барилгын техникийн хяналт шалгалт хийлгүүлэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсан.
Улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01/740 тоот албан бичгээр ирүүлсэн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01-07-020/84 дугаар дүгнэлтэд Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн 960 оюутны суудалтай барилгыг ажлын гүйцэтгэгч "Манхан уст" ХХК нь 10 төрлийн зөрчил гаргасныг дүгнэсэн бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар тус компаниас улсын байцаагчийн шийдвэрт гомдол гаргаагүй байна.
Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8-д "Дараах тохиолдолд барилгын улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагын дүгнэлтийг үндэслэн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрлийг хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ" гэж; 20.8.1-д "энэ хуулийн 12, 13, 14, 15, 16 дугаар зүйлд тавьсан шаардлагыг зөрчсөн" гэж заасан гэж заасан бөгөөд "Манхан Уст" ХХК нь уг хуулийн 14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болохыг улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 124 дүгээр тушаалаар тус компанийн барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Мөн барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон талаар "Монголын Барилгын үндэсний ассоциаци" ТББ-ын веб сайтаар дамжуулан "Манхан Уст" ХХК-нд мэдэгдэж, олон нийтэд мэдээлсэн. Тухайн тушаал гарч байх үед эдгээр зөрчил дутагдал арилаагүй байсан. Уг зөрчил арилаагүй байсан учраас улсын байцаагчийн шийдвэрийг үндэслээд 124 дүгээр тушаал гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь “маргаан бүхий тушаалыг манай компанид мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зөрчиж манай компанийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байна” гэж, хариуцагч нь “Барилга, хөгжлийн төвөөс бүрэлдэхүүнтэй баг очиж 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр газар дээр нь танилцаад, зөрчил, дутагдлын талаар үүрэг даалгавар өгсөн ч зөрчлөө арилгаагүй тул “Манхан-Уст” ХХК-ийн захирал М.Батмөнх оролцуулан 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Барилга, хот байгуулалтын яаманд дээр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж мөн зөрчлүүдээ арилга гэх хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01/740 тоот албан бичгээр ирүүлсэн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01-07-020/84 дугаар дүгнэлтэд Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн 960 оюутны суудалтай барилгыг ажлын гүйцэтгэгч “Манхан-Уст” ХХК нь 10 төрлийн зөрчил гаргасныг дүгнэсэн бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар тус компаниас улсын байцаагчийн шийдвэрт гомдол гаргаагүй” гэж тус тус маргажээ.
3.Барилга, хот байгуулалтын яамнаас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр БА-4.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-7.1 заалтын дагуу ажил үйлчилгээ эрхлэх БУ19-858/2 дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “Манхан-Уст” ХХК-д 5 жилийн хугацаатай олгожээ.
4.Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 216 дугаар тушаалыг үндэслэн Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ болон “Манхан-Уст” ХХК нар нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр БУ-19/858/21 дугаартай “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудлыг гэрээний үндсэн дээр хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ”-г байгуулсан байна.
5.Нэхэмжлэгч “Манхан-Уст” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамтай БУТ-2014-024-5 дугаартай гэрээ байгуулан Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Ангаах ухааны коллежийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн КД-75/2020 дугаартай комиссын дүгнэлтээр ашиглалтад хүлээлгэн өгсөн гэх бөгөөд талууд үүнтэй маргаагүй болно.
6.Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 3/195 дугаар “Албан шаардлага хүргүүлэх тухай” албан бичгээр Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн 960 оюутны суудалтай барилгын ажлын гүйцэтгэгч “Манхан-Уст” ХХК-д “... тус барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй, бохирын шугам барилгын норм дүрмийн дагуу хийгдээгүй, дулаан алдагдал ихтэй агааржуулалтын систем ажилладаггүй, дээврийн ус дусдаг, хананд нь хагарал үүссэн зэрэг 13 зөрчилтэй байгаа талаар дурдсан байна. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна.” гэж заасны дагуу тус барилгад үүссэн дээрх зөрчлүүдийг хуульд заасан хугацаанд зохих журмын дагуу арилгаагүй байгаа тул 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор зөрчлийг арилгаж, засвар үйлчилгээг хийж хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг мэдэгджээ.
7.Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/859 дүгээр “Хяналт шалгалтын тухай” албан бичгээр “Манхан-Уст” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 3/195 дугаар албан бичгээр барилга дээр үүссэн зөрчлийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор арилгуулах тухай албан шаардлагыг хүргүүлсэн боловч одоог хүртэл Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д тус тус заасан барилга байгууламжийн ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацааны зөрчлийг арилгах талаар арга хэмжээ аваагүй байна. Иймд Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.4, 47.2.11-д заасныг тус тус үндэслэн барилга байгууламжийн техникийн улсын хяналтыг газар дээр нь хэрэгжүүлж, дүгнэлт гаргах арга хэмжээ авч ажиллахыг хүсье” гэх агуулга бүхий хүсэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад хүргүүлжээ.
8.Улмаар Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамнаас ирүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/859 дугаар “Хяналт шалгалтын тухай” албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/38 дугаар “Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн барилга, инженерийн шугам сүлжээний ашиглалтын төлөв байдалд Барилгын хөгжлийн төвийн захиалагчийн хяналтын хэлтсийн инженер Б.Лхамаа, Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Б.Гаадамба, аймгийн ерөнхий архитектор бөгөөд Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Б.Бямбадорж, захиалагчийн хяналтын инженер Н.Пүрэвдулам, тус сургуулийн эмнэл зүйн албаны дарга М.Банзаагаяа болон багш, ажилчдын төлөөлөл, гүйцэтгэгч “Манхан-Уст” ХХК-ийн захирал М.Батмөнх, ерөнхий инженер Б.Чинбат, цахилгааны инженер Б.Солонгоо, хангагч байгууллага “Мандал голомт” ХХК-ийн ашиглалтын инженер С.Наранбаяр нарыг байлцуулан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үзлэг, шалгалтыг гүйцэтгэж, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 01-07-020/84 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлт гаргасан байна.
9.Уг дүгнэлтэд “Иймд дээрх нөхцөл байдлаас үндэслэн ДҮГНЭХ нь:1.Монгол Улсын “Барилгын тухай” хуулийн 47 дугаар зүйл. /Барилга байгууламжийн техникийн улсын хяналт/-ийн 47.2-т заасны дагуу Говь-Алтай аймаг дах Анагаах ухааны сургуулийн барилгын ашиглалтын явцад үүссэн дээрх нөхцөл байдал нь гэрээнд заасан чанарын баталгаат хугацаанд гүйцэтгэгч байгууллагаас илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн хэдий чанарын шаардлагыг бүрэн гүйцэд хангуулаагүй, захиалагч, зураг төслийн байгууллагаас тухайн ажлуудад тавих хяналтыг хангалтгүй гүйцэтгэсэн, технологийн болон чанарын шаардлага хангахгүй байгаа ажлуудыг засаж сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээг цаг тухайд нь аваагүйгээс шалтгаалсан байна., 2.Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалтын явцад гарсан чанарын шаардлага хангахгүй байгаа дээрх зөрчлүүд нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 14.5, .14.6, 14.7 дахь заалтын хэрэгжилтэд нийцэхгүй байна., 3.“Эрчим хүчний тухай” хуулийн 34 дүгээр зүйлийг үндэслэн барилгын 0,4 кВ-ын үндсэн хуваарилах самбарын өрөөнд дулаан хангамжийн шугам хоолойг угсарч байрлуулсан, аянга хамгаалалтын гүйдэл зайлуулагч буюу туузан дамжуулагчийг барилгын хананаас тусгаарлаагүй, бэхэлгээ дутуу, шаардлага хангахгүй, гэрэлтүүлгийн тэжээлийн кабелийг газарт ил татсан байгаа нь цахилгаан эрчим хүчний саатал, тоног төхөөрөмжийн гэмтэл үүсэж ашиглалтын үеийн хэвийн найдвартай ажиллагааг алдагдуулах, гэмтэл саатал, осол гарах эрсдэлтэй нөхцөлийг бий болгож байна., 4.“Манхан-Уст” ХХК нь зураг төслийг зөрчиж гадна дулааны шугамын голчийг багасгасан, дулааны элеваторын узелийг ялтсан дулаан солилцуур болгон өөрчилж 2-р хэлхээнд шилжүүлсэн, дулаанаар хангагч “Мандал голомт” ХХК нь дулааны сүлжээний даралт, температурын хэвийн горимыг барьж ажиллахгүй байгаа зэргээс шалтгаалан тус сургуулийн барилгын халаалт, дулаан хангамж доголдох нөхцөлийг бүрдүүлсэн байна., 5.Агаар халаагч төхөөрөмжүүдийн ашиглалтын зааврыг боловсруулаагүй, түүнд заасан байх горимын дагуу ажиллуулахгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дах заалтын хэрэгжилтийг хангахгүй байна., 6.Сургуулийн барилгын ашиглалтын явцад чанарын шаардлага хангахгүй байгаа цаашид гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Манхан-Уст” ХХК нь дулааны шугамын голчийг зураг төслийн дагуу өргөтгөх, дулааны узелийг элеватор эсвэл холигч насосны узелээр солих, дулааны узелийн өрөөнд суурилагдсан 2 ширхэг цахилгаан насост засвар үйлчилгээ хийж дуу чимээ, доргио бууруулах, барилгын дотор халаалтын системийн босоо шугамуудад балансын хаалт суурилуулах, эрх бүхий мэргэжлийн байгууллагаар барилгын дулааны алдагдлын хэмжилт, судалгаа хийлгүүлэх, “Мандал голомт” ХХК нь даралт, температурын хэвийн горимыг мөрдөж ажиллах, дулааны төв болон салбар шугамд горим тохируулгын ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байна., 7.Зураг төсөл зохиогч “Санни сервис” ХХК нь дулааны элеваторын узелийг ялтсан халаагуур болгон өөрчилсөн болон халаалт доголдож байгаа асуудлаар зохиогчийн дүгнэлт гаргах нь зүйтэй., 8.“Манхан-Уст” ХХК нь барилгын агаар халаагч төхөөрөмжүүдийн ашиглалтын зааврыг боловсруулж ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх, ашиглагч байгууллагын зүгээс тухайн төхөөрөмжүүдийг горимын дагуу ажиллуулах шаардлагатай байна., 9.Цаашид гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангуулж цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжүүдийг ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангуулахад чиглэгдсэн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна., 10.Барилгын захиалагч, гүйцэтгэгч, зураг төслийн байгууллагууд хамтран ашиглалтын явцад үүссэн нөхцөл байдлуудыг засаж сайжруулах, ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн арга хэмжээг авах, оюутан сурагчид, багш, ажилчдын ажиллах, суралцах таатай орчин бүрдүүлж, аюулгүй байдлыг хангах, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, эдэлгээний хугацааг уртасгах талаар тодорхой арга хэмжээг авч, хэрэгжүүлэх шаардлагатай байна., Улсын /ахлах/ байцаагчийн гаргасан эрх зүйн баримт бичиг дүгнэлтийг эс зөвшөөрвөл Монгол Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 14 дүгээр зүйл./Хяналт шалгалтын шийдвэрийн талаар гомдол гаргах эрх./-д заасны дагуу гомдол гаргах эрхтэй.” гэжээ.
10.Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 01-07-020/84 дугаар улсын ахлах байцаагчийн дүгнэлтэд “Манхан-Уст” ХХК-аас гомдол гаргаагүй бөгөөд талууд энэ үйл баримттай маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
11.Маргаан бүхий Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Барилгын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, нэмэлт ажлын төрлөөр олгох, сунгах, зарим тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 124 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.14.3, 15.14.6, Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 20 дугаар зүйлийн 20.3, 20.5, 20.6, 33 дугаар зүйлийн 33.1.15 дахь заалт, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 01-07-020/84, 01-07-020/08/83/376 дугаартай дүгнэлт, Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 147 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам”-ыг тус тус үндэслэн “Манхан-Уст” ХХК-ийн барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
12. Аж, ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001 он/-ийн 7 дугаар зүйл “Тусгай зөвшөөрөл олгох журам”, 7 дугаар зүйлийн 7.1.“ Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно.”, 10 дугаар зүйл.“Тусгай зөвшөөрөл олгох байгууллагын эрх”, 10.1.“Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь дараахь эрхтэй:”, 10.1.5.“тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох.” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч Барилга, хот байгуулалтын сайд нь барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох, хүчингүй болгох эрхтэй байна.
13.Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйл.“Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх”, 33.1.“Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага барилгын үйл ажиллагааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 33.1.15.“барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тавих нөхцөл, шаардлага болон үйлчилгээний хөлс тогтоох, хяналт тавих журмыг батлах;”, 33.1.25.“хууль тогтоомжид заасан бусад эрх.” гэж тус тус заажээ.
14.Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, хариуцагч барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Барилга, хот байгуулалтын яам нь барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага, нөхцөлд хяналт тавьж ажиллах эрхтэй байна.
15.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч “Манхан-Уст” ХХК нь Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Ангаах ухааны коллежийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ алдаа, зөрчлүүд гаргасан байх бөгөөд энэ нь Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдож, нэхэмжлэгчээс улсын байцаагчийн дүгнэлтэд гомдол гаргалгүй хүчин төгөлдөр болсон байх тул дээрх дүгнэлт болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн нэхэмжлэгч “Манхан-Уст” ХХК-ийн барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
16.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “Манхан-Уст” ХХК-ийн “Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 124 дүгээр тушаалын “Манхан-Уст” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аж, ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /2001 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.1.5, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.15, 33.1.25-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Манхан-Уст” ХХК-аас Барилга, хот байгуулалтын сайдад холбогдуулан гаргасан “Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 124 дүгээр тушаалын “Манхан-Уст” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ