Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 84

 

Ч.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00152/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  07 дугаар сарын 22-ны өдрийн 676 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Ч.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Л-” ХХК-д холбогдох

"Нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэл тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах, эд хөрөнгөд болон эрүүл, мэнд сэтгэл санаанд учруулсан хохирол 14.557.450 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Э-аас:

Миний бие нь 2012-2016 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, 2017 оноос Замын-Үүд сумын Ардчилсан намын даргаар сонгогдон ажиллаж байна. 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явагдсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дахин сонгуулийн 1 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшин оролцсон болно. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Л-” ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг ТВ4 телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр мэдээний нэвтрүүлэгч н.Алтаншагай Энэ сонгуульд нэр дэвшигч нь муу намтартай хүмүүс байна гэсэн сурагтай гэсэн асуултын дагуу сэтгүүлч Л.Пүрэвням нь Замын-Үүд сумаас шууд мэдээлэл хийхдээ миний зургийг тавьж ...Нэг сонирхолтой зүйл байгаа юм аа, Ардчилан намаас Дорноговь аймгийн Замын үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1 дүгээр тойрогт нэр дэвшигч Боржигон овогт Чулуунбаатарын Э- гэдэг хүн нь өмнө иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн байсан. Харин гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар хурлын төлөөлөгч болохоосоо өмнө 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 139 тоот шийдвэрийг үндэслүүлэн 1300 м.кв буюу 1300 га газрыг 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар авсан байгаан, Ямар ч их газар авдаг товариш бэ, Дараа нь бас 2011 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэг өдөр шүү 1500 м.кв газрыг агуулахын зориулалттай авсан байгаан. Анхаарал татаж байгаа юм. Ардчилсан нарыг засаглаж байхад 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 900 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ гэсэн ангиллаар авсан байгаа, тэгсэн мөртлөө энэ дээр хувийн зориулалттай ажил хийгдсэн. Тэгээд бүүр анхаарал татсан асуудал нь Замын-Үүд сумын Ардчилсан нарын байрандаа үйлчилгээний зориулалттай газар авсан байдаг. Одоо тэгэнгүүтээ энэ хүн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралд дахин оролцохоор өрсөлдөх гэж байгаа нь Замын-Үүд хүмүүс сонгогчидтой уулзаад ярилцахад гаргасан энээ тэрээ асуудлаа хамгаалахын тулд шийдвэр гаргах, хэрэгжүүлэх түвшинд шургаж орох зорилготойгоор улайрч байна гэх, яг ний нуугүй хэлэхэд зарим фэйж мэдээллүүдээс харахад газрын наймаатай холбоотой асуудалд холбогдсон хүн л ингээд нэр дэвшээд өрсөлдөөд дахиад шийдвэр гарах түвшинд ороход зүтгээд байна даа гэсэн мэдээлэл байгаа. Ний нуугүй хэлэхэд Монгол Ардын намаас Ардчилсан намаас нэр дэвшигчтэй өрсөлдөж байгаа хүн бол багш мэргэжилтэй, 1300-1500 м.кв, 240 м.кв-иас дээш газаргүй л хүн байна лээ... гэх мэтээр илтэд үндэслэлгүй худал мэдээлэл олон нийтэл түгээж, миний нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг зориуд гутаасан худалд мэдээлэл тараасан. Мөн түүнчлэн ТВ4 телевизийн фасебоок хуудсаар ...АН-ын дарга Ч.Э- 8 жил төр барихдаа эрх мэдлээ ашиглан газрын наймаа хийж, хувьдаа авсан нь ...ЗАХ ЗУХААС НЬ гэх гарчигтайгаар дээрх мэдээллээ олон нийтэд түгээсэн болно.

Миний хувьд Монгол Улсын Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу төрийн албанд ажиллахаасаа ч өмнө 2011 онд 1500 м.кв газрыг дуудлага худалдаагаар худалдан авч байсан бөгөөд бусад байдлаар нэвтрүүлэгт цацсан байдлаа газар эзэмшсэн, ашигласан зүйл огт байхгүй байхад миний нэр төрд халдаж худал мэдээлэл тараасан юм. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж заасан. Энэхүү үүргээ ноцтойгоор зөрчсөн.

Нөгөөтээгүүр тус мэдээллийг нийтэд түгээхдээ миний нэр хүндийг гутаах, улмаар сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөх гэсэн зорилготой гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн болох нь тус телевизийн мэдээллийн алба нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдээллийн хөтөлбөрийнхөө эхлэлд Манай телевизийн сурвалжлах баг Дорноговь аймаг бүтээн байгуулалтын ажлуудын талаар сурвалжлаг хийхээр Замын-Үүд суманд ажиллах явцад сонгууль явагдаж байгаатай таарч, сонгуулийн талаар мэдээлэх шаардлагатай болсон гэж мэдээлж байгаагаар тогтоогдож байна гэж үзэж байна.

Тус телевизийн энэхүү хууль зөрчсөн, увайгүй үйлдлийн улмаас миний бие сэтгэл зүйн маш хүнд нөхцөл байдалтай байсны улмаас тархи мэдрэлийн үйл ажиллагааны шалтгаанаар баруун талын нүдэнд цус харваж, нүдний хараа алдагдаад одоо нүдний нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэх шаардлагатай нөхцөл байдал үүсч байгаад туйлын гомдолтой байна. Цус харвалтын шалтгааныг тогтоолгохоор маш олон төрлийн шинжилгээ, үзлэг хийлгэсэн боловч өвчний учир бус гагцхүү хоёрдогч эх үүсвэрээс буюу сэтгэл санааны дарамт, стрессээс үүдэлтэй гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. Эрүүл мэндэд хохирол учирсантай холбогдуулан миний бие нүдний эмнэлэгт үзүүлэх, ирэх буцах зардал, зайлшгүй шаардлагатай эмчилгээний төлбөрүүд гарч байгаа дээрх зардлыг миний нэр төр, алдар хүндэд халдаж, улмаар сэтгэл санааны хор хохирол учруулснаас үүдэн миний эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзэж байна. Иймд хариуцагчаас эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний төлбөрт 3.130.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа юм.

Мөн түүнчлэн миний бие Замын-Үүд сумын Ардчилсан намын дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан нутаг олондоо ажил хэргийн нэр хүндтэй хүн гэж өөрийгөө үздэг. Нээлттэй мэдээлэл, мэдлэгийн төв ТББ-ын хийсэн Улс төрийн рейтинг тогтоох судалгаа-ны тайлангаар өрсөлдөгч намын нэр дэвшигчээс илүү үзүүлэлттэй явж байсан. Гэтэл ийнхүү худал мэдээллийг сонгуулийн өмнөх өдөр болон сонгуулийн өдрөөр нийтэлж миний нэр төр, алдар хүндийг гутаан сонгуулийн үр дүнд санаатайгаар нөлөөлөн тус хугацаанд гаргасан хүч хөдөлмөр, зардлыг үр ашиггүй болгосон тул сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой зардал болох 6.427.250 төгрөгийг хариуцагч байгууллагаас мөн гаргуулах хүсэлтэй байна.

Иймд “Л-” ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг ТВ4 телевизийн 2018 оны 10 дугаар сарын 06, 07-ны өдрийн мэдээллийн хөтөлбөрөөр олон нийтэд мэдээлсэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч Чулуунбаатарын Э- нь албан тушаалын байлаа ашиглаж буюу Ардчилсан нам эрх барьж байхдаа 230-900 м.кв, 1300-1500 м.кв газрыг хувьдаа авсан, 900 м.кв газрыг Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ гэсэн ангиллаар авсан боловч хувийн зориулалтаар ашигласан, газрын наймаатай холбоотой асуудалд холбогдсон хүн нэр дэвшиж, өрсөлдөөд дахиад шийдвэр гаргах түвшинд орохоор улайрч байгаа гэсэн мэдээлэл байна гэх зэрэг мэдээллийг тарааж Ч.Э-ын нэр төр, алдар хүндийг гутаасан үйлдэлдээ уучлалт хүсч байна гэсэн мэдээллийг 2 хоногийн хугацаанд анх мэдээлэл тараасан арга хэрэгслээр буюу ТВ4 телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр няцаалт хийхийг хариуцагчид даалгах,

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.9, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учирсан хохирол 6.427.250 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол 3.130.200 төгрөг, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, нийт 14.557.450 төгрөгийг хариуцагч “Л-” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Л-” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа:

...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч доорх хариу тайлбарыг гаргаж байна.

1. Чөлөөт хараат бус, хэвлэл мэдээлэл нь Ардчилсан нийгэмд түүхэн үүрэг гүйцэтгэж буйтай Монголын 3,2 сая иргэн маргахгүй гэдэгт итгэж байна. “Л-” ХХК нь хэвлэл мэдээллийн эрх, эрх чөлөөг дээдэлсэн хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл бөгөөд чөлөөт сэтгүүлч Л.Пүрэвнямтай хамтран ажиллах гэрээгээр ажил үүрэг гүйцэтгүүлдэг, тэрээр мэдээллийнхээ баталгаат эх үүсвэрийг сэтгүүлч Л.Пүрэвням нь өөрөө бүрэн хариуцдаг болно. Иймд “Л-” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд албан тушаал эрх мэдлээ ашиглаж газар эзэмших эрх олж аваагүй гэдгээ нотлох ёстой. Тэрээр Замын-Үүд суманд гэр бүлийн зориулалтаар хэд хэдэн болон Ардчилсан намын нэрээр олж авсан газрууд түүний болох хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байдаг эсэх, зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, эсхүл 1 м.кв ч газар байхгүй гэдгээ нотлох үүрэгтэй.

3. Нэхэмжлэгч гэх Ч.Э- нь эрүүл мэндийн хохиролд 3.130.200 төгрөгийг нэхэмжилжээ. Түүний биед хэн гэдэг этгээд, ямар шалтгаанаар гэмтэл учруулсан болоод их хэмжээний эрүүл мэндийн хохирол нэхээд байгааг ойлгохгүй байна. Өөрийн эрүүл мэндээ хайхраагүй явсан зардлаа гаргуулах эрхгүй гэж үзэж байна. Бусдаар ужгирсан өвчин, буруу хооллолт, буруу амьдрах хэв зуршлаас үүссэн өвчнийхөө эмчилгээний зардлаа төлүүлэх гэсэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

4. Сонгуульд өрсөлдөхдөө гаргасан зардлаа бусдаар төлүүлэх эрхтэй гэж үзсэнийг ойлгохгүй байна. Сонгогч түмэн сонгуульд нэр дэвшсэн этгээдийн зөв тэгш, шударгаар амьдарч байсан эсэх гээд олон зүйлээс хамаарч сонголтоо хийдэг бөгөөд сонгуульд ялагдсан. Ард түмэн сонгоогүй нь “Л-” ХХК-ийг буруутгах үндэслэл биш гэж байна. Иймд энэ шаардлагыг огт зөвшөөрөхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  07 дугаар сарын 22-ны өдрийн 676 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасныг баримтлан Ч.Э-ын нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэл тараасан арга хэлбэрээр буюу ТВ4 телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр 2 удаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч Чулуунбаатарын Э- нь албан тушаалын байлаа ашиглаж буюу Ардчилсан нам эрх барьж байхдаа 230-900 м.кв, 1300-1500 м.кв газрыг хувьдаа авсан, 900 м.кв газрыг Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ гэсэн ангиллаар авсан боловч хувийн зориулалтаар ашигласан, газрын наймаатай холбоотой асуудалд холбогдсон хүн нэр дэвшиж, өрсөлдөөд дахиад шийдвэр гаргах түвшинд орохоор улайрч байгаа... гэх агуулга бүхий мэдээнд няцаалт хийхийг хариуцагч “Л-” ХХК-нд даалгаж, нэхэмжлэлийн үлдэх эд хөрөнгөд болон эрүүл, мэнд сэтгэл санаанд учруулсан хохирол 14.557.450 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгч 333.100 төгрөгөөс илүү төлсөн 32.160 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Ч.Э-ад олгож, үлдэх 300.940 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Л-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шийдвэрээс зөвшөөрөхгүй байгаа зүйл, заалт, үндэслэлийн тухайд:

1. Шүүхийн  ...   дүгнэхдээ  “...Хариуцагч “Л-” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан...” гэх дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. “... Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт  “.. Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно...” гэсэн заалт, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ...” гэж заасныг тус тус зөрчиж нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан хохирол 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2. “... Нэхэмжлэгч Ч.Э- нь сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэхүү шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, тэрээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй болно..” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтуудыг шүүхэд гарган өгсөн бөгөөд энэ нь нэхэмжлэл, ТВ4 телевизийн мэдээллийн хөтөлбөрийн СД, холбогдох баримтууд, эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учирсан талаарх баримт, хариуцагчийн хариу тайлбар зэргээр нэхэмжлэгчийн сэтгэл санаанд хор хохирол учирсан болох нь тогтоогдож байх бөгөөд сэтгэл санааны хохирол нь объёктив байдлаар буюу баримтаар нотлогдон тогтоогдох үйл баримт биш бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дах хэсэгт зааснаар тодорхойлогдох юм...,   ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

3. “... Нэхэмжлэгч Ч.Э- нь 2018 оны 12 сарын 20- ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хандаж үйлчилгээ авсан байна...,  ...2018 оны 10 сарын 06, 07-ны өдөр ТВ4 телевизийн мэдээллийн хөтөлбөрийн мэдээнээс Ч.Э-ын биед шинжээчийн дүгнэлтэнд заасан гэмтэл шууд учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ.”  “... Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэр төр, ажил хэргийн алдар хүндийг гутаан доромжилсноос болж сэтгэлийн дарамтанд орж улмаар баруун талын нүдэнд цус харвасан талаараа тайлбарладаг. Дээрх цус харвалтын гэмтлийн шалтгаантай болон сэтгэл санааны цочролын улмаас үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд нэхэмжлэгч Ч.Э-ын шинжилгээ хийлгэсэн баримтууд, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 820 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд /цусны ерөнхий шинжилгээ эмгэг өөрчлөлтгүй, биохимийн шинжилгээ эмгэг өөрчлөлтгүй, цусанд сахар хэмжээ хэвийн/ нэхэмжлэгчийн биед шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан нүдний торлог бүрхэвчийн цус харвалт үүсгэх өвчнүүд, дурдсан онош тогтоогдоогүй болно. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь нэр төрөө гутаалгаснаас үүдэн удаан хугацааны туршид сэтгэлийн дарамт стресстэй байсан, нэр төрөө сэргээлгэхээр цагдаагийн байгууллагад хандсан, цагдаагийн байгууллага зөрчлийн хэргийг хаасан зэрэг үйл баримтуудтай холбоотойгоор шинжээчийн дүгнэлтэнд дурдсан гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлтэй”

4.  “... нэхэмжлэгч Ч.Э- нь 2018 оны Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгч хуралд олонхын санал авч ялалт байгуулаагүй нь зөвхөн 2018 оны 10 сарын 06, 07-ны өдөр ТВ4 телевизийн мэдээллийн хөтөлбөрийн мэдээнээс шалтгаалсан гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэжээ.”   Хариуцагч “Л-” ХХК нь гэм буруугийн санаатай хэлбэрээр Ч.Э-ын нэр төр, алдар хүндийг гутаах замаар сонгуулийн үр дүнд нөлөөлөх сэдэлттэй байсан болох нь ТВ4 телевиз нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийнхөө мэдээллийн хөтөлбөрийнхөө эхэнд “Дорноговь аймгийн Замын-Үүд суманд явагдаж буй нөхөн сонгуультай холбогдуулан манай сурвалжлах баг томилолтоор ажиллаж байна ...” гэж мэдээлснийхээ дараагийн өдөр буюу 2019 оны 10 сарын 07-ны өдөр “... Манай сурвалжлах баг Замын-Үүд сумын бүтээн байгуулалттай холбоотойгоор томилолтоор явж байгаад сонгуультай таарч энэ талаар сурвалжлахаар...” болов гэх, мөн Ардчилсан намаас таагүй намтартай, нэртэй хүн энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаа сурагтай гэх мэдээллээр нотлогдох бөгөөд дээрхи мэдээлэлд хариуцагч байгууллагын зүгээс ямар нэгэн тайлбар гаргаагүй нь үүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болсон. Мөн түүнчлэн Дорноговь аймагт сонгуулийн өмнө явуулсан нэр дэвшигчдийн рейтинг тогтоох судалгаар Ч.Э- нь 56.7 хувийн санал авч байсан, нутаг орондоо Ардчилсан намын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга зэрэг албыг хашиж байсан бөгөөд, түүний ажил хэргийн нэр хүндэд халдан “... албан тушаал хашиж байхдаа газрын наймаа хийсэн, одоо энэ тэр асуудлаа засахаар шийдвэр гаргах түвшинд гарахаар улайрч байна...” гэх мэт мэдээлэл тарааж нэхэмжлэгчийн нэр төрийг гутаах аргаар сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэж үзэж сонгуулийн үйл ажиллагааны зардал 6.427.250 төгрөгийн нэхэмжилсэн болно. Тодруулбал хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүхийн дүгнэлтээр няцаагдаж буй гэм буруугийн шалтгаант холбоо тогтоогдож байгаа юм. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 676 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй  гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Нэхэмжлэгч Ч.Э- хариуцагч “Л-” ХХК-д холбогдуулан нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэл тараасан тул уг хэлбэрээр няцаалт хийхийг даалгах, эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаанд учруулсан хохирол 14.557.450 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч  зөвшөөрөөгүй маргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан татгалзалдаа “...сэтгүүлч Л.Пүрэвнямтай хамтран ажиллах гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгүүлдэг, тэрээр мэдээллийнхээ баталгаат эх үүсвэрийг өөрөө бүрэн хариуцдаг болно”  ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй..., ...өвчнийхөө эмчилгээний зардлаа  төлүүлэх гэсэн..., ...сонгуульд гаргасан зардлаа бусдаар төлүүлэх гэж үзсэнийг  ойлгохгүй байна”  гэж  дурджээ.

Нэр төр  гэдэг нь  иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ юм. Алдар хүнд нь нэр төртэй салшгүй холбоотой ойлголт юм.

Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй, өөр хэн нэгэн  этгээдэд мэдээлсэн байхыг ойлгоно.

ТВ4 телевиз нь “Л-”  ХХК-ийн нэр дээр Монгол улсын Харилцаа холбооны   зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа  явуулдаг байна.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1-д  “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө   хариуцлага хүлээнэ” гэж  хуульчилсан  учир  хэргийн  оролцогч  буюу  хариуцагч нь  Л-  ХХК  болохыг зөв тодорхойлсон  гэж үзнэ. 

“Л-” ХХК-ийн ТВ4 телевизийн 2018 оны 10 дугаар сарын 06,07-ны өдрийн  хөтөлбөрөөр, сэтгүүлч Л.Пүрэвнямаас бэлтгэн ирүүлсэн иргэн Ч.Э-тай холбоотой мэдээлэлд “...албан тушаалаа  ашиглаж  Ардчилсан нам эрх барьж байхдаа   230-900 м.кв, 1300-1500 м.кв газрыг хувьдаа авсан, ... 900 м.кв газрыг Төрийн байгууллагын газар эзэмших  эрхийн гэрчилгээ гэсэн ангиллаар авсан боловч хувийн зориулалтаар ашигласан, ... газрын наймаатай холбоотой асуудалд холбогдсон хүн нэр дэвшиж, өрсөлдөөд дахиад шийдвэр гаргах түвшинд орохоор улайрч байгаа...” гэсэн агуулгатай гэж нэхэмжлэлийн үндэслэлд дурдсаныг хариуцагч  эсэргүүцэж  мэдээллийн агуулгыг  няцаагүй, энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

Дээрх мэдээлэл нь  иргэн Ч.Э-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуульд сонгогдохоор  нэр  дэвшиж, өрсөлдөх  үед болсон нь  иргэний  нэрийг хууль бусаар ашиглах, тухайн иргэний өөрийн нэрээр олж авсан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд  сөрөг үр дагаврыг бий болгож, түүний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  үйлдэл мөн байх тул  нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан  шаардлагыг хангах хуулийн үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт  Иргэний хуулийн  21 дүгээр зүйлийн  21.2-т  нийцсэн  байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах  үүрэг хүлээнэ гэж зохицуулсан.

            Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан   гэм буруутай этгээд эд хөрөнгийн хохирол арилгасан эсэхээс үл хамааран мөнгөн болон бусад хэлбэрээр  арилгах  эдийн бус  гэм хорын хэмжээг Иргэний хуулийн  511 дүгээр зүйлийн 511.2-т зааснаар мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг  харгалзан тодорхойлдог  учиртай.

            Нэхэмжлэгч сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол 3.130.200  төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол  6.427.250  төгрөг гаргуулахаар  шаардсан.

            Анхан шатны шүүх гэм хорын хохирол гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “...сэтгэл санааны хохирол нэхэмжлэхдээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй..., ...шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй..., ...Иргэдийн төлөөлөгчийг сонгох сонгуульд олонхын санал авч, ялалт байгуулаагүй нь..., ... мэдээнээс шалтгаалсан гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна... гэж  дүгнэснийг буруутгах үндэслэл  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

            Гэм хорын хариуцлага хүлээлгэхэд  гэм хор учруулагчийн  хууль бус үйлдэл \ эс үйлдэхүй\ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байхыг хуулиар тогтоосон байх тул  шүүхийн  шийдвэр  хуулийн үндэслэл бүхий  байна.

            Анхан шатны шүүх хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй  учир түүний  эзгүйд  хэргийг  хянан шийдвэрлэжээ.

            Хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэж буй нь нэхэмжлэлийг бүрэн хангах эсхүл зарим хэсгийг шууд хангах үндэслэл биш. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ эсхүл зарим хэсэг нь үндэслэлгүй бол шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох  боломжтой, энэ тохиолдолд  хариуцагч шүүх  хуралдаанд  хүрэлцэн ирээгүй  явдал нөлөөлөх учиргүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 676 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан  гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн  162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 230.750 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                  

                                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА

                                                        ШҮҮГЧИД                                      Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                              С.ЭНХЖАРГАЛ