Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/70

 

Ө.Эрдэнэцэцэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Чингүн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/240 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Ө.Эрдэнэцэцэгт холбогдох эрүүгийн 1914005450026 дугаар хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Мугуйд овогт Өвөөний Эрдэнэцэцэг, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВН70022103/

Ө.Эрдэнэцэцэг нь Баянхонгор аймгийн Жинст сумын Бэлчээр ашиглалтын холбооны өмчлөлийн Хил хязгааргүй малын эмч нар, агрономичид тогтвортой ноолуур төсөл байгууллагын 2019 оны 2 сард өгсөн бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох 39-12 УНП улсын дугаартай УАЗ пургон маркийн тээврийн хэрэгслийг албан тушаалын байдлаа ашиглан 2019 оны 05 сард бусдад дур мэдэн зарж борлуулан завшин бусдад 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ө.Эрдэнэцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Мугуйд овогт Өвөөний Эрдэнэцэцэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Шүүгдэгч Мугуйд овогт Өвөөний Эрдэнэцэцэгийг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Мугуйд овогт Өвөөний Эрдэнэцэцэгийг зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Эрдэнэцэцэгийг өөрийн оршин суух Баянхонгор аймгийн Жинст сумын төвөөс гарахыг хориглож техникийн хяналт тавихыг Баянхонгор аймагдахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ө.Эрдэнэцэцэг нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийн хорих ялыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Иргэний хуулийн 2150 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ө.Эрдэнэцэцэгээс авто машины зөрүү үнэ таван / 5.000.000 / төгрөгийг гаргуулж Баянхонгор аймгийн Жинст сумын бэлчээр ашиглагчдын холбоонд олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч Ө.Эрдэнэцэцэг нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт шүүгдэгч Ө.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн зурагт, цахилгаан үүсгүүр, хөлдөөгч, мөн 32-91 БНХ, 04-21 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч нарт нь тус тус буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ө.Эрдэнэцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал гаргасан давж заалдах гомдолдоо: Ө.Эрдэнэцэцэгт холбогдох хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэж 241 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.12.1-д зааснаар эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм хэрэг уйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тус хэрэгт Ө.Эрдэнэцэцэгийг "Баянхонгор аймгийн Жинст сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн ажлын байраа ашиглан Баянхонгор аймгийн Жинст сумын Бэлчээр ашиглагчдын холбооны өмчлөлийн Хил хязгааргүй Малын Эмч нар, агрономичидын тогтвортой ноолуур төслийн байгууллагын 2019 оны 02 сард өгсөн бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох 39-12 УНП улсын дугаартай УАЗ пургон маркийн автомашиныг албан тушаалын байдлаа ашиглан 2019 оны 5 сард бусдад дур мэдэн зарж борлуулан завшсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татаж Эрүүгийн 1914005450026 тоот хэрэг үүсгэн улмаар Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн 22.12.1 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзсэн.

Тус хэрэгт Ө.Эрдэнэцэцгийг гэм буруугүйг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Үүнд:

1. Ө.Эрдэнэцэцэг нь Хил хязгааргүй Малын Эмч нар, агрономичидын тогтвортой ноолуур төслийн байгууллагын 2019 оны 02 сард өгсөн Фургон автомашиныг хувьдаа ашиглах завших санаа сэдэл төрөөгүй, харин тухайн Баянхонгор аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоонд шилжүүлсэн автомашиныг өөрөө хүлээн авсан хэдий ч тус машиныг унаж байсан жолооч Х.Баттулгын хүсэлтийг хүлээн авч улмаар удирдах зөвлөл, болон үүсгэн байгуулагчдын гишүүдээр хэлэлцүүлж шийдвэрлэсэн болох нь Ж.Нандинцэцэг /хх-54/, Б.Мөнхзориг /хх-60/, Ц.Ганбаатар , С.Ловон /хх- 65/, гэрч Ч.Бат-Ирээдүй, гэрч Ж.Батсайхан зэрэг гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогддог.

Дээрх гэрчүүд нь бүгд Ө.Эрдэнэцэцэгийг тус машиныг захиран зарцуулах эрхтэй, бид хурал хийх боломжгүй, тус автомашиныг зараад жижиг машин болгохыг зөвшөөрсөн байх ба Фургон автомашиныг унах жолооч цалинжуулах санхүү байхгүй, өдөр тутмын үйл ажиллагааг ганцхан Ө.Эрдэнэцэцэг гардан явуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд бий.

Ц.Баярбатыг тус ТББ-н гүйцэтгэх захирлаар томилсон тухай удирдах зөвлөлийн шийдвэр байгаа ч тус иргэн нь Баянхонгор аймгийн Жинст сумын Бэлчээр ашиглагчдын холбооны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй байсан болох нь тус байгууллагын 2020 оны 02 сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэлээр баталгаажжээ.

Мөн ТББ-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Ө.Эрдэнэцэцэг байх ба энэ нь /хх-119, ХХ-190/ талд авагдсан ТББ-н лавлагаа, банкинд нээлгэсэн гарын үсэг зэргээр нотлогдон тогтоогддог.

Дээрх баримтуудаар Ө.Эрдэнэцэцэг мнь ТББ-н эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй, 39-12 УНП улсын дугаартай УАЗ Фургон автомашиныг ТББ-н удирдах Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж захиран зарцуулах эрхээ эдэлсэн, тухайн автомашиныг худалдсан хөрөнгийг ТББ-д орлогоор бүртгэж одоог хүртэл ТББ-н нэр дээр ашиглагдаж байхад гэм буруутай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүхээс Ө.Эрдэнэцэцэгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэж №2021/ШЦТ/241 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Эрдэнэцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Бичсэн гомдлоо дэмжиж оролцоно. Хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Прокуророос Ө.Эрдэнэцэцэгийг Баянхонгор аймгийн Жинст сумын Бэлчээр ашиглалтын холбооны өмчлөлийн Хил хязгааргүй малын эмч нар, агрономичид тогтвортой ноолуур төсөл байгууллагын 2019 оны 2 сард өгсөн бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох 39-12 УНП улсын дугаартай УАЗ маркийн тээврийн хэрэгслийг албан тушаалын байдлаа ашиглан 2019 оны 05 сард бусдад дур мэдэн зарж борлуулан завшин бусдад 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Мугуйд овогт Өвөөний Эрдэнэцэцэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д зааснаар зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй, зөв байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ө.Эрдэнэцэцэг нь Баянхонгор аймгийн Жинст сумын Бэлчээр ашиглалтын холбооны удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Бүгд Найрамдах Франц улсад төвтэй AVSF (Хил хязгааргүй Малын эмч нар ба Агрономчид) хөгжиж буй орнуудын хөдөө орон нутгийн иргэд малчид, өрхийн жижиг аж ахуйг дэмжин ажилладаг олон улсын төрийн бус байгууллагаас тус холбоонд 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хандиваар шилжүүлсэн 39-12 УНП улсын дугаартай УАЗ маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 05 сард бусдад дур мэдэн зарж борлуулан үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь :

 Баянхонгор аймгийн Жинст сумын бэлчээр ашиглагчдын холбоог гишүүд 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр үүсгэн байгуулах шийдвэр гаргаж, дүрмээ батлан “бэлчээрийн менежментийг сайжруулах” үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар хуулийн этгээдийн 0371001117, регистрийн 8251061 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000138642 дугаар гэрчилгээ авсан, хуулийн этгээд, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байна./1 дүгээр хавтаст хэргийн 246-250 дугаар тал/

1 дүгээр хавтаст хэргийн 246-250 дугаар талд авагдсан төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, тогтоол, дүрэм, хуулийн этгээдийн гэрчилгээ зэргээс харахад Баянхонгор аймгийн Жинст сумын бэлчээр ашиглагчдын холбоо нь нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага байх бөгөөд С.Ловон, Ж.Батсайхан, Ө.Эрдэнэцэцэг, Ж.Нандинцэцэг, Ц.Ганбаатар нар нь удирдах зөвлөлийн гишүүн байх бөгөөд холбооны тэргүүн буюу удирдах зөвлөлийн дарга нь Ө.Эрдэнэцэцэг, гүйцэтгэх захирал нь Ц.Баярбат байна.

Бүгд Найрамдах Франц улсад төвтэй AVSF (Хил хязгааргүй Малын эмч нар ба Агрономчид) хөгжиж буй орнуудын хөдөө орон нутгийн иргэд малчид, өрхийн жижиг аж ахуйг дэмжин ажилладаг олон улсын төрийн бус байгууллагаас 39-12 УНП улсын дугаартай УАЗ маркийн аралын дугаар 374100EO433342 тээврийн хэрэгслийг Жинст сумын бэлчээр ашиглалтын холбоонд 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хандивлаж, тус холбооны өмчлөлт 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр шилжсэн болох нь ФФЕМ, тогтвортой ноолуур төслийн менежер Д.Эрдэнэбилэгийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн бичиг, Бүгд Найрамдах Франц улсад төвтэй AVSF (Хил хязгааргүй Малын эмч нар ба Агрономчид) байгууллагын монгол дахь суурин төлөөлөгч Квентин Моррогийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн A-19/02 тоот албан бичиг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдсон байна./ 1 дүгээр хавтаст хэргийн 18-19, 100-104 дүгээр тал/

 1 дүгээр хавтаст хэргийн 109-110, 134-138, 175-178, 186 дугаар талд тус тус авагдсан Жинст сумын бэлчээр ашиглалтын холбооны өмчлөлийн 39-12 УНП улсын дугаартай дээрх тээврийн хэрэгсэл нь урьд олон улсын төсөл хэрэгжиж байх үед уг машины жолоочоор ажиллаж байсан гэх П.Баттулгын өмчлөлд шилжсэн он сар өдөр тодорхойгүй бичээгүй 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн техникийн үзлэгийн тэмдэглэл, бүртгэлийн маягт, ХААН банк ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргээс харахад П.Баттулгаас уг тээврийн хэрэгслийн үнэ нийт 7200 000 төгрөг шүүгдэгч Ө.Эрдэнэцэцэгийн хувийн харилцах дансанд орлого болж орсон байна.

Харин Г.Эрдэнэсувд нь өөрийн эзэмшлийн 32-91 БНХ улсын дугаартай Хонда маркийн тээрийн хэрэгсэлээ шүүгдэгч Ө.Эрдэнэцэцэгтэй 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр, 7000 000 төгрөгөөр харилцан тохиролцон худалдаж, худалдан авсан, шүүгдэгч Ө.Эрдэнэцэцэг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн өмчлөлд авч улмаар 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Жинст сумын бэлчээр ашиглалтын холбооны өмчлөлд шилжүүлжээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 114,126-130,175 дугаар тал/

1 дүгээр хавтаст хэргийн 156-164 дүгээр талд тус тус авагдсан “... 04-21 БНХ улсын дугаартай УАЗ маркийн аралын дугаар 374100EO433342 тээврийн хэрэгслийг 12 000 000 төгрөг болохыг тодорхойлов” гэх, “...Эрдэнэцэцэгийн эзэмшлийн 32-91 БНХ улсын дугаартай HONDA CR-Y, аралын дугаар RD 11221003 тээврийн хэрэгсэл нь 7 000 000 төгрөг болохыг тодорхойлов” гэх Баянхонгор аймгийн “ЭНХ-НАХИА” ХХК-ийн шинжээчийн 85, 91 дүгээр дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ө.Эрдэнэцэцэг нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг хонжоо олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчжээ.

 Шүүгдэгч Ө.Эрдэнэцэцэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа болон, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт, хэлцэл дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул түүнийг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй, зөв байна.

Мөн дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ө.Эрдэнэцэцэг нь хуулийн этгээдийн өмчлөлд хандиваар шилжиж ирсэн тээврийн хэрэгслийг удирдах зөвлөлийн даргын албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийснийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэхээс гадна хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын ”... Ө.Эрдэнэцэцэг нь пургон автомашиныг хувьдаа ашиглах завших санаа сэдэл төрөөгүй ...тус машиныг унаж байсан жолооч П.Баттулгын хүсэлтийг хүлээн авч улмаар удирдах зөвлөл, болон үүсгэн байгуулагчдын гишүүдээр хэлэлцүүлж шийдвэрлэсэн ..., тус автомашиныг зараад жижиг машин болгохыг зөвшөөрсөн ...39-12 УНП улсын дугаартай УАЗ Фургон автомашиныг удирдах Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж захиран зарцуулах эрхээ эдэлсэн, тухайн автомашиныг худалдсан хөрөнгийг төрийн бус байгууллагын орлогоор бүртгэсэн ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Эрдэнэцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэх гомдол хуулийн үндэслэлгүй байна. Учир нь:

1. Шүүгдэгч Ө.Эрдэнэцэцэг нь 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр, 7000 000 төгрөгөөр худалдан авч, өмчлөлдөө 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн 32-91 БНХ улсын дугаартай Хонда маркийн тээрийн хэрэгслийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Жинст сумын бэлчээр ашиглалтын холбооны өмчлөлд шилжүүлсэн мөртлөө Жинст сумын бэлчээр ашиглалтын холбооны өмчлөлийн 39-12 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг П.Баттулгаас 2019 оны 1-7 сарын хооронд өөрийн дансанд шилжүүлэн авч П.Баттулгын өмчлөлд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлжээ.

Харин 1 дүгээр хавтаст хэргийн 246-250 дугаар талд авагдсан төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, тогтоол, дүрэм, хуулийн этгээдийн гэрчилгээ зэргээс харахад Баянхонгор аймгийн Жинст сумын бэлчээр ашиглагчдын холбоо нь нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага байх бөгөөд хөрөнгө захиран зарцуулах эрхийг удирдах зөвлөл болон үүсгэн байгуулагчдын гишүүдээр хэлэлцүүлж шийдвэрлэх зохицуулалтгүй зэрэг хэргийн нөхцөл байдлуудаар үгүйсгэгдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн гэхийг 2150 гэж техникийн алдаа гаргасныг зөвтгөв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоог хэсгийн 6 дахь заалтад “2150” гэснийг “510” гэж өөрчилсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

Г.УЛАМБАЯР