| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2023/04884/И |
| Дугаар | 183/ШШ2024/00894 |
| Огноо | 2024-02-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2024/00894
2024 оны 02 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2024/00894 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, .............. тоотод оршин суух, Т овогтой Ц-ийн Э /РД:00000/,
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, ......... тоотод оршин суух, Б овогтой О-ы А/РД:....../ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .......... тоотод байрлах, ТХХК /РД:......./-д холбогдох
Орон сууц захиалан байруулах гэрээний төлбөрт 9.037.618 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Э, Ө.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Э, О.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Т ХХК-ны бариулж байгаа Налайх дүүргийн ........... дүгээр ээлжийн барилга 111 дүгээр байрны 4 дүгээр давхрын 402 тоот 54.55 мк 3 өрөө орон сууцны барилгад захиалга өгч гэрээ байгуулсан. Тухайн үедээ орон сууцны 1 мк үнэ 2.600.000 төгрөгөөр тохиролцож, нийт 141.830.000 төгрөг төлөхөөс урьдчилгаа 30.000.000 төгрөгийг төлсөн. Анх гэрээ байгуулахдаа үндсэн төлбөрийн 30 хувийг төлөөд үлдэгдэл 70 хувийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. Барилга нь 2023 оны 03 дугаар улиралд бүрэн ашиглалтад орно гэж гэрээнд тусгай байгаа болохоор нь би 9 сар гэхэд байрандаа орчихоор байна гэж бодоод Хаан банкнаас нөхрийн хамт зээл аваад урьдчилгаа төлбөрийг төлсөн. Гэрээ байгуулснаас хойш өдөр бүр очиж барилгын явцыг хардаг байсан. Барилга дээр ажиллаж байгаа хүн байхгүй, гэрээнд заасан хугацаа дөхөөд сарын хугацаа дутуу байр ашиглалтад орох болоогүй, ажил нь огт хийгдэхгүй болчихоор нь гэрээгээ цуцлах хүсэлт гаргасан. Гэтэл Т ХХК-иас миний урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлэхдээ 22.908.500 төгрөгийг шилжүүлж, үлдэх 7.091.500 төгрөгиийг гэрээ цуцалсантай холбогдуулан шимтгэлд авсан гэж тайлбарласан. Би компанийн буруутай үйл ажиллагаа болох анх гэрээ байгуулсан хугацаандаа ашиглалтад оруулахгүй, хугацаандаа орох боломжгүй болсон талаар хэлэхэд 2024 оны 01 дүгээр улиралд орно гэхээр нь гэрээгээ цуцалсан. Гэтэл өөрийн хүсэлтээр цуцалсан гээд миний үлдэгдэл төлбөрийг буцааж өгөөгүй. Би урьдчилгаа 30.000.000 төгрөгийг манай нөхөр бид хоёр Хаан банкид хүсэлт гаргаж, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүүтэй зээлж одоогийн байдлаар 1.646.118 төгрөгийн хүү, зээлийн шимтгэлд төлсөн, 1 хувь болох 300.000 төгрөгийг урьдчилаад төлөөд байна. Иймд Т ХХК-тай байгуулсан орон сууц захиалан байгуулах 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 11-р байр 402 тоот гэрээг цуцлаж урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 7.091.500 төгрөг, мөн гэрээнээс учирсан хохиролд 1.946.118 төгрөг, нийт 9.037.618 төгрөгийг Тангас ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Т ХХК гаргасан хариу тайлбартаа: Манай Т ХХК нь Налайх дүүргийн 8 дугаар хороо, Тайж хэсэг 240 айлын орон сууц, 100 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төвтэй хотхон төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 2023.06.08-ны өдөр иргэн Ц.Э, О.А нар нь тус хотхоны 2023 оны 3 улиралд ашиглалтанд орох орон сууцны 111 дүгээр байр 402 тоот, 54,55 м2 бүхий 3 өрөө орон сууцыг компанийн хүүгүй 5 жилийн хугацаатай хувь лизингээр захиалан бариулах гэрээ байгуулан захиалга өгсөн ба гэрээний нийт төлбөр 141.830.000 төгрөг бөгөөд урьдчилгаа 30 хувийн төлбөрөөс 21,2 хувь буюу 30.000.000 төгрөгийг гэрээ байгуулахад төлж үлдэгдэл 8,8 хувь болох 12.549.000 төгрөгийг 2023.07.30-ны өдөр төлөхөөр талууд тохиролцсон. Барилга угсралтын явцад захиалагч Ц.Э нь 2023.07.04-ний өдөр тус компанийн барилгын үйл явц удаашралтай байна гэж үзэн гэрээгээ цуцлан урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөө буцаан авах хүсэлттэй байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт бичгээр гаргасныг хүлээн авч Орон сууц захиалан бариулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.10 дахь хэсэгт зааснаар захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлах тохиолдолд захиалагчийн төлсөн төлбөрөөс нийт гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх төлбөрийг үйлчилгээний зардал борлуулалт хойшлуулсан төлбөрт суутган авч үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно гэж заасныг үндэслэн 7.091.500 төгрөгийг суутган 2023.08.07-ны өдөр захиалагч Ц.Э-гийн Хаан банк дахь0000000 тоот дансанд 22.908.500 төгрөгийг шилжүүлж шийдвэрлэсэн. Захиалагч Ц.Э, О.А нар нь гэрээний үүргийн хугацаа дуусгавар болоогүй гэрээ байгуулснаас 26 хоногийн дараа барилгын үйл явц удааширалтай гэж үзэн гэрээ цуцлах хүсэлт гаргасан нь гэрээний нөхцлийн дагуу суутгал хийх үндэслэл болсон гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.06.08-ны өдрийн 111-р байр, 402 тоот орон сууц захиалан бариулах гэрээ, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023.06.06-ны өдрийн №000000 зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, 2023.06.08-ны өдрийн 11-р байр 408 тоот орон сууц захиалан бариулах гэрээ, 2023.07.25-ны өдрийн Т ХХК-ийн 26 дугаар албан тоот, Ц.Э-гийн хүсэлт, Т ХХК-ийн дансны хуулга, ТХХК-ийн 2725102211 тоот дансанд захиалагчийн шилжүүлсэн мөнгөн дүн зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Э, О.А нар орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт 9.037.618 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Т ХХК-д холбогдуулан шаарджээ.
Хариуцагч Т ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь өөрөө гэрээгээ цуцалсан тул гэрээний 4.10-т зааснаар 7.091.500 төгрөгийг суутган 2023.08.07-ны өдөр захиалагч Ц.Э-гийн Хаан банк дахь 000000 тоот дансанд 22.908.500 төгрөгийг шилжүүлсэн гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Ц.Э, Т ХХК нар 2023 оны 6 сарын 08-ны өдөр 111-р байрны 402 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Налайх дүүргийн 8 дугаар хороо, Тайжид баригдаж буй /Sunny town/ Санни товн хотхон төслийн 2023 он 3-р улиралд ашиглалтанд орох 1-р ээлжийн 111 дүгээр байрны 4-р давхрын 402 тоот 54.55 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан бариулах, 1 м.кв талбайн үнэ 2.600.000 төгрөг, 54.55 м.кв нийт 141.830.000 төгрөгөөр харилцан тохиролцжээ.
Талуудын маргааны зүйл нь гэрээний 4.10-т захиалагчийн хүсэлтээр болон гэрээний 4.9 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлах тохиолдолд захиалагчийн төлсөн төлбөрөөс нийт гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх төлбөрийг үйлчилгээний зардал болон борлуулалт хойшлуулсны төлбөрт суутган авч үлдэх төлбөрийг буцаан олгоно гэх заалтын дагуу маргаж байх бөгөөд орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдсан, гэрээний урьдчилгаанд 30.000.000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй.
Зохигч талууд 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №111-р байр 402 тоот Орон сууц захиалгаар барих гэрээг байгуулахад орон сууц ашиглалтад ороогүй, барилгын ажил явагдаж байсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 141.830.000 төгрөгийг гэрээний 2.1-д заасан хугацаанд төлөх, хариуцагч нь орон сууцыг гэрээний 1.3-т заасан хугацаанд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх үүргийг хүлээжээ.
Нэхэмжлэгч нь орон сууц захиалгаар барих гэрээний 2.1-д заасан үүргийг зөрчсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд гэрээ байгуулах үедээ 30.000.000 төгрөгийг төлсөн, 2023.07.30-ны өдөр 12.549.000 төгрөгийг төлөх хуваарьтай байсан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.10-т захиалагчийн хүсэлтээр болон гэрээний 4.9 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлах тохиолдолд захиалагчийн төлсөн төлбөрөөс нийт гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх төлбөрийг үйлчилгээний зардал болон борлуулалт хойшлуулсны төлбөрт суутган авч үлдэх төлбөрийг буцаан олгоно гэжээ.
Хариуцагч Т ХХК орон сууцыг 2023 оны 3 дугаар улирал буюу 2023 оны 9 сард ашиглалтанд оруулахаар тохирсон, энэ хугацаанд буюу урьдчилгаа төлбөрөөс суутган, үлдэгдэл төлбөр шилжүүлсэн 2023.08.07-ны өдөр тухайн орон сууц ашиглалтад ороогүй, нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар улиралд орох боломжгүй байсан талаар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбар гаргасан тул Ц.Энхжин гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээ хугацаандаа биелэгдэх боломжгүй болсон гэж үзэн гэрээнээс татгалзах хүсэлтээ 2023.07.04-нй өдөр өгснийг хариуцагч хүлээн зөвшөөрч 2023.08.07-ны өдөр урьдчилгаа төлбөрт 22.908.500 төгрөгийг шилжүүлжээ.
Зохигч хэн аль нь гэрээг цуцлаж, дуусгавар болгосон талаар хүлээн зөвшөөрсөн маргаагүй, хариуцагч нь нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлаж дуусгавар болгосон бол гэрээний үүрэгт шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг гэрээний 4.9-д зааснаар захиалагч тал төлбөр төлөх хугацааг 2 ба түүнээс дээш удаа хэтрүүлсэн бол гэрээг гүйцэтгэгч тал дангаараа цуцлах эрхтэй, 4.10-д захиалагчийн хүсэлтээр болон гэрээний 4.9 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлах тохиолдолд захиалагчийн төлсөн төлбөрөөс нийт гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх төлбөрийг үйлчилгээний зардал болон борлуулалт хойшлуулсны төлбөрт суутган авч үлдэх төлбөрийг буцаан олгоно гэж тус тус заасан бөгөөд захиалагч буюу нэхэмжлэгч Ц.Э төлбөр төлөх хуваарь зөрчөөгүй, харин гэрээнд заасны дагуу орон сууц ашиглалтанд орох боломжгүй болсон тул гэрээг цуцалжээ.
Хариуцагч Т ХХК орон сууц захиалан бариулах гэрээний дагуу тухайн орон сууц 2023 оны 3 дугаар улиралд ашиглалтад орсон, орох боломжтой байсан эсэх талаар тайлбар гаргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар тайлбар ирүүлээгүй байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөрт төлсөн 30.000.000 төгрөгнөөс гэрээний 4.10-д заасныг үндэслэн 5 хувийн торгуульд 7.091.500 төгрөгийг суутгасан нь үндэслэлгүй байх тул хариуцагч Т ХХК-иас 7.091.500 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ц.Э-д олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.А хариуцагч Т ХХК нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байгааг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ц.Э гэрээнээс учирсан хохиролд 1.946.118 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд тэрээр гэрээний хугацаа дуусаагүй байхад өөрөө гэрээ цуцлах хүсэлтээ илэрхийлсэн, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд Т ХХК талуудын хооронд байгуулсан гэрээ зөрчсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хохирол 1.946.118 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байна гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159.552 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 128.414 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Э-д олгох нь зүйтэй байна.
Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н-д 2023 оны 01 сарын 29-ний өдөр 2024.02.26-ны өдрийн 12:00 цагт товлосон шүүх хуралдааны зарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар мэдэгдсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 7.091.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.946.118 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ц.Э-гээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159.552 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 128.414 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Э-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО