Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/00791 

 

2024 оны 02 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2024/00791 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ..........тоотод байрлах, Е ХХК /РД:000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .......... тоотод оршин суух, С  овогтой О-ы У /РД:........./-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 25.048.278,53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Е  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч О.У нь манай компанитай 2022 оны 01 сарын 10-ны өдөр 16600404592 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай Toyota Prius /цагаан/ маркын 0000 УНН улсын дугаартай автомашинаа барьцаалан 16.500.000 төгрөг зээлсэн. Зээлдэгч О.У нь зээлийн гэрээний 1.2.1-т заасан зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй бөгөөд зээл, хүүгээ төлөхийг шаардахад удахгүй төлнө гэсээр графикт төлөлтийн хугацааг 395 хоног хэтрүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч О.У нь: Үндсэн зээл 16.500.000 төгрөгөөс 1.057.042,42 төгрөг төлж үлдэгдэл 15.442.987,58 төгрөг, үндсэн хүү 2022 оны 01 сарын 10-наас 2023 оны 03 сарын 31-ийг хүртэл 455 хоногийн үндсэн хүү 5.681.128,08 төгрөг төлөхөөс 663.217,25 төгрөг төлж үлдэгдэл 5.017.910,82 төгрөг төлөөгүй. 2023 оны 03 сарын 31-ний өдөр хүртэл зээлээ төлөөгүй графикт хугацаа хэтрүүлсэн үндсэн хүүний үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү 227.232,79 төгрөг төлөхөөс 740.32 төгрөг төлж үлдэх 226.492,47 төлөөгүй. Иймд зээлдэгч О.У-гаас үндсэн зээл 15.442.987,58 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 5.017.910,82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 226.492,47 төгрөг нийт 20.687.360,87 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагаа 2.206.608,71 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 25.048.278,53

 

 

2. Хариуцагч О.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Надаас миний танил Ц.Х лизенгээр автомашин авах гэсэн юм, чи надад туслаад өөрийн нэр дээр аваад өгөөч, би сар бүрийн төлөлтийг нь өөрөө хийгээд байна, ямар ч асуудал гаргахгүй гэж гуйсан. Үүний дагуу түүнд итгээд зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Тоёота Приус маркийн 5086 УНН улсын дугаартай автомашиныг Е ББСБ ХХК-аас 16.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд бүртгүүлэн авч Ц.Х-т өгсөн. Зээлийг урьдчилгааг Ц.Х өөрөө төлсөн ба зээл авснаас хойш ББСБ-д хоёр сарын төлөлтийг хийж байсан. Одоо Е ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Тоёота Приус маркийн 5086 УНН улсын дугаартай автомашин нь Ц.Х-ын эзэмшил ашиглалтанд байгаа тул тус зээлийг барьцаа хөрөнгө болох автомашинаар нь төлүүлэх саналыг гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.03.31-ний өдрийн итгэмжлэл, 2022.01.20-2025.01.20 хүү тооцооллын хүснэгт, 2022.01.10-ны өдрийн 1660404592 зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлийн үйл ажиллагааны журам, 2024.01.23-ны өдрийн итгэмжлэл, 2022.01.10-2024.01.10-ны хүү тооцооллын хүснэгт, 2024.01.26-ны өдрийн итгэмжлэл, 2023.08.31-ний өдрийн шаардах хуудас, 2023.10.20-ны өдрийн шаардах хуудас, 2022.01.10-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2024.02.19-ний өдрийн харилцагчтай холбогдсон тэмдэглэл, 2024.01.23-ны өдрийн харилцагчтай холбогдсон тэмдэглэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас баримт гаргаж өгөөгүй бөгөөд хариуцагчийн хүсэлтээр шүүх Е ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журам гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Е ХХК зээлийн гэрээний үүрэгт 25.048.278,53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг О.У-д холбогдуулан шаарджээ.

 

Хариуцагч О.У зээлийн танилынхаа хүсэлтийн дагуу авч өгсөн, тул барьцаа хөрөнгөөр барагдуулж өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Е ХХК 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1660404592 тоот зээлийн гэрээ байгуулж, О.У-д 16.500.000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Хариуцагч О.У зээлийг Ц.Х-т өгсөн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл Е ХХК Ц.Х нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчтай байгуулсан гэрээ, түүний даалгавар, зөвшөөрлийг үндэслэн шилжүүлгийг хийнэ гэж заасны дагуу О.У-ын Хаан банкны дансанд 16.500.000 төгрөгийн шилжүүлэгийн хийсэн болох нь 2022.01.10-ны өдрийн зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зээлдэгч О.У нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээл, түүний хүүгээ төлөөгүй байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.6-д Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй хугацаа хэтрүүлсэн бол Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хугацааны үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно гэж зааснаар Е ХХК нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ шаардах эрхтэй.

 

Хариуцагч О.У тухайн зээлийг өөрөө ашиглаагүй гэх боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн тэрээр өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

 

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т-д 2024.02.19-ний өдрийн шүүх хуралдааны товыг 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул энэ хуулийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иймд хариуцагч О.У-гаас зээлийн гэрээний үүрэгт 25.048.278,53 төгрөгийг гаргуулж, Е  ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361.066 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.У-гаас 283.191 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Е ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.У-аас 25.048.278,53 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Е  ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Е ББСБ ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361.066 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.У-аас 283.191 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Е  ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО