| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/04366/и |
| Дугаар | 184/ШШ2024/02111 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2024/02111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.сүрэн даргалж, шүүгч В.Амартүвшин, А.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, дүүрэг 10-р хороо, гудамж тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, дүүрэг 7-р хороо, гудамж тоотод оршин суух ******* ******* овогт *******ийн ******* /*******/-д холбогдох
гэм хорын хохирол 9,170,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., иргэдийн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.******* гэм хорын хохирол 9,170,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
.... Т.******* нь хамаатны эгч Ч.ийн автомашиныг засуулахаар гэх засварын газар автомашины засвар очсон. Энэ засварыг буруу хийсний улмаас машинд гэмтэл гарч дахин засуулахаар очиход засварчин Ө.*******, Т.*******н биед халдаж, гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хэргийн шүүхээр тогтоогдсон. Хариуцагч ******* согтуугаар нэхэмжлэгч Т.*******н зүүн чих рүү цохисны улмаас чихний хэнгэрэг нь цоорсон. Хэнгэрэг нөхөх эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа тул эмчилгээний зардал 2,975,500 төгрөгийг нэхэмжилнэ. Нэхэмжлэгч нь тухайн үед ХХК-нд ажиллаж байсан бөгөөд сарын 5,000,000 төгрөгийн цалинтай байсан. Эрүүл мэндээр хохирсны улмаас 2023 оны 4 дүгээр сард ажилдаа явж чадаагүй тул ажилгүй байсан хугацааны цалин 5,000,000 төгрөгийг хариуцагчаас мөн нэхэмжилж байна. Мөн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хамаатны эгч Ч.ээс засварын газарт 370,000 төгрөг төлж автомашины их биеийн сальник солих засвар үйлчилгээ хийлгэсэн, хариуцагчийн хийсэн засвар болохгүй болоод дахин өөр газар машиныг засварлуулж үйлчилгээний хөлсөнд нэхэмжлэгчээс 800,000 төгрөг төлсөн байдаг. Иймд нийт 9,170,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү ... гэв.
2. Хариуцагч Ө.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний төлбөрийн тал хувь болох 1,487,750 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Бусад нэхэмжлээд байгаа ажилгүй байсан хугацааны цалин болон автомашины засвартай холбоотой ажлын хөлсийг төлөх боломжгүй. Учир нь тухайн автомашин нь Т.*******н өмчлөлийн хөрөнгө биш тул хохирлыг шаардах эрхгүй. Тусдаа Ч. гэх хүн өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо шаардаад шүүхээр явах ёстой. Мөн цалин буюу олох ёстой байсан орлогоо нэхэмжилж байгаа тухайд нэхэмжлэгч өөрийн дансны хуулгыг гаргаж өгсөн ба нэг сарын цалин хөлс аваагүй, чөлөөтэй байсан гэдэг боловч дансны хуулгаар цалин авч байсан баримт нь байна. Ийм учраас олох ёстой байсан орлого гэж нэхэмжилж байгааг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна ... гэв.
3. Иргэдийн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч талыг буруутай гэж үзэж байна. Эгчийнхээ машиныг засуулахаар очсон хүнийг гэмтээсэн байгаа нь хариуцагчийн буруу байна. Эрүүл байсан хүнийг гэмтээж хохирол учруулсан байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдахаар байна гэв.
4. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: ХХК-ийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.06-ны өдрийн 2023/ШЦТ/699 дугаар шийтгэх тогтоол, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, рентген зураг, 2023.02.01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ, ЭМЖЖ чих, хамар хоолойн эмнэлгийн баримт.
5. Хариуцагч талаас гаргасан нотлох баримт: Ч.ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга.
6. Хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: ЭМЖЖ ХХК-ийн 2023.12.18-ны өдрийн 95/04 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, гэрч Н., М., Ч. нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.*******гаас хариуцагч Ө.*******ид холбогдуулж эмчилгээний зайлшгүй гарах зардал 2,975,500 төгрөг, орох байсан орлого буюу цалин хөлс 5,000,000 төгрөг, автомашины засварын ажлын хөлс 1,170,000 төгрөг нийт гэм хорын хохиролд 9,170,000 төгрөгийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардлын тал хувь 1,487,750 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан ба маргаж буй үндэслэлдээ нэхэмжлэгч ажлаа хийж цалин хөлс авч байсан, засварын газраар янзлуулсан автомашин нь өөр хүний машин тул нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргах эрхгүй гэжээ.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/699 дугаар шийтгэх тогтоолоор Ө.*******ийг 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто засварын газарт хохирогч Т.*******тай үл ялих шалтгаанаар маргалдаж, зүүн чих рүү нэг удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн хэнгэргэн хальсны цооролт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул хариуцагч Ө.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж үзэх ба энэ үйл баримтыг дахин нотлохгүй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Ө.******* нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан гэм хор, хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцжээ.
7. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорыг арилгах, хохирлыг нөхөн төлөх үндэслэл нь хариуцагчийн гэм буруутай үйлдэл хөдөлбөргүй тогтоогдсон байхаас гаднаас нэхэмжлэгчид учирсан хохирол, зардал нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой буюу хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бий болсон байхыг шаарддаг.
8. Нэхэмжлэгчээс эмчилгээний зайлшгүй зардалд 2,975,500 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр нотлогдохгүй байна. Харин хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ЭМЖЖ эмнэлгийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №95/04 тоот албан бичигт чихний хэнгэрэг нөхөх болон түүний дараах эмчилгээний төлбөрт өвчтөний төлөх төлбөрийн хэмжээг 1,600,000 төгрөг болохыг тодорхойлсон, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эмчилгээний зардлын тал хувь 1,487,750 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан шүүх эмчилгээний зардалд 1,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч Т.*******гаас ХХК-нд механик ажилтай, сард бэлэн болон бэлэн бусаар 5,000,000 төгрөгийн цалин авдаг, гэмт хэргийн улмаас 2023 оны 4 дүгээр сарын цалин хөлсөө авч чадаагүй тул дутуу авсан цалин хөлс 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ. Хэрэгт нотлох баримтаар авагдсан ХХК-ийн гаргасан тодорхойлолтод нэхэмжлэгч Т.*******г тус компанид механик албан тушаалд 1,200,000 төгрөгийн үндсэн цалин болон нэмэлт гэрээний 3,800,000 төгрөгийн урамшууллын цалинтай ажилладаг болохыг тодорхойлсон, мөн нэхэмжлэгч болон ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний 3.1-д Агрегат засварын хэсгийн нэг сарын борлуулалтын орлого 50,000,000 төгрөгт хүрсэн тохиолдолд нэг сарын төлбөр болох 3,800,000 төгрөгийг гүйцэтгэгчид гэрээнд заасан хугацаанд олгоно, гэрээний 3.4.1-т Захиалагч нь ажил үйлчилгээний төлбөрийн урьдчилгаа 50 хувь болох 1,900,000 төгрөгийг сар бүрийн 18-ны өдөр ажил гүйцэтгэгчид олгоно, гэрээний 3.4.2-т Захиалагч нь ажил үйлчилгээний үлдэгдэл төлбөр болох 1,900,000 төгрөгийг ажлын үр дүнгийн хувиар тооцон сар бүрийн 3-ны өдөр ажил гүйцэтгэгчид олгоно гэж тусгасан зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь гэмт хэрэг гарах цаг хугацаанд ХХК-нд 1,200,000 төгрөгийн үндсэн цалинтай, харин борлуулалтын орлогоос хамаарч 3,800,000 төгрөг хүртэл нэмэлт урамшуулал авах нөхцөлтэйгөөр ажиллаж байсан нь тогтоогдож байна.
10. Мөн Хаан банк дахь нэхэмжлэгч Т.*******н тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар тоот данснаас нэхэмжлэгчид 2023 оны 4 сарын 18-ны өдөр ХХК-аас 4 сарын урьдчилгаа цалин утгатайгаар 480,000 төгрөг, мөн өдөр 4 сар хамтын ажиллагааны төлбөр утгатайгаар 1,900,000 төгрөг тус тус шилжүүлсэн байхаас гадна нэхэмжлэгч хөнгөн гэмтэл авахаас өмнө болон хойно саруудад буюу 2023 оны 3, 5 дугаар саруудад ХХК-аас нэхэмжлэгчид урьдчилгаа, цалин хөлс утгатайгаар мөн адил 480,000 төгрөг, 1,900,000 төгрөгийн цалин хөлсийг шилжүүлж байсан нь нотлогдож байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, цаашлаад цалин орлогоо дутуу авсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул цалин хөлс 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
11. Нэхэмжлэгчээс эд хөрөнгийн хохиролд нийт 1,170,000 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч хариуцагчид автомашины их биеийн сальник солих засвар үйлчилгээ хийлгэсэн боловч шаардлага хангаагүй засвар үйлчилгээний улмаас автомашины бусад эд анги эвдэрсэн тул нэхэмжлэгчид төлсөн засвар үйлчилгээний төлбөр 370,000 төгрөгийг буцаан гаргуулна, мөн тухайн эвдрэлийг өөр этгээдээр дахин засуулахад төлсөн 800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Т.*******н хохирогчоор өгсөн ... эгч Налайхад машин эвдэрчихлээ, засуулсан газраа үзүүлье гэхээр нь хот руу оруулж өгөөд ажилтай байсан тул эгчийг засуулсан газраа очоод засуулчих гэж хэлээд явсан ... гэх мэдүүлэг, хариуцагч Ө.*******ийн шүүгдэгчээр өгсөн ... 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэг эмэгтэй ирж машинаа янзлуулсан ... гэх мэдүүлэг, гэрч С.гийн ... нөхөр бид хоёр гэрээс гараад Налайхад очоод эгчийн машиныг чирээд хотод ирж хашаанд тавьсан, эгчийн машинд засвар хийсэн газар луу нөхөр, бид гурав очсон ... гэх мэдүүлэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан гэрч Н., М., Ч. нарын мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тухайн авто засварын газарт засуулсан автомашин нь нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлийн автомашин болох нь тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэлд дурдсан зардал, төлбөр нь нэхэмжлэгчээс гарсан болох нь нотлогдож тогтоогдсонгүй.
Нөгөө талаар тухайн автомашинд хийгдсэн засвар үйлчилгээний доголдолтой холбоотой асуудал, түүнээс бий болсон зардал төлбөр нь хариуцагчийн үйлдсэн гэмт үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд хамаарахгүй, харин тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх тул нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлтэй.
12. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хариуцагчийг гэм буруутай тул хохирлыг бүрэн хариуцах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шүүхийн хийсэн дээрх дүгнэлттэй агуулгын хувьд нийцэж байгаа боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж эмчилгээний зайлшгүй зардалд 1,600,000 төгрөгийг хариуцагч Ө.*******аас гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,570,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,500 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Ө.*******аас нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 40,550 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.*******аас 1,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,570,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 167,500 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Т.*******д буцаан олгож, хариуцагч Ө.*******аас улсын тэмдэгтийн хураамж 40,550 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД В.АМАРТҮВШИН
А.ЭНХТӨР