| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/03119/и |
| Дугаар | 184/ШШ2024/02136 |
| Огноо | 2024-04-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2024/02136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, дүүрэг 43-р хороо, гудамж тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-ын хүсэлттэй
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний бие 1989 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс Архангай аймгийн Барилга трестийн харьяа Төвшрүүлэх сумын Барилга угсралтын трестэд тракторын жолоочоор ажиллаж байсан. Нийгмийн даатгалын газраар ажилласан жилээ тогтоолгоход 20 жил байна гээд намайг энэ хугацаанд ажиллаж байсан лавлагаа аваад ир гэсэн. Ажилд томилсон болон чөлөөлөгдсөн тушаалаа авах гэсэн боловч архив шатсан учраас баримт байхгүй байсан тул шүүхэд хандах болсон. Иймд намайг 1989 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Өргөө ББХК-д ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт: иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн 43-р хорооны засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024.04.01-ний өдрийн 607 дугаар тодорхойлолт, Архивын газрын 2024.04.01-ний өдрийн №316 дугаар тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ч.*******ийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улсын барилгын хорооны харьяа МХЗЭ-ийн Төв хорооны алтан медальт Архангай аймгийн барилга угсралтын төрийн даргын 1990 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №115 дугаар Шагнал олгох тухай тушаал, Тракторч машинчийн үнэмлэх, гэрэл зураг.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
2. Нэхэмжлэгч Д.******* нь 1989 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Төвшрүүлэх дэх Барилга угсралтын ангид нормчин, Өргөө ББХК-нд тракторчоор ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ч.*******ийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улсын барилгын хорооны харъяа МХЗЭ-ийн Төв хорооны алтан медальт Архангай аймгийн барилга угсралтын төрийн даргын 1990 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаар Шагнал олгох тухай тушаал, Тракторч машинчийн үнэмлэх, гэрэл зураг, гэрч Ч.*******ийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: гэрч Ч.*******ийн мэдүүлэг.
4. Иймд Д.*******ын хүсэлтийг хангаж, ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118. 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн ******* /*******/-ыг 1989 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Төвшрүүлэх дэх Барилга угсралтын ангид нормчин, Өргөө ББХК-нд тракторчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН