Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/02137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, дүүрэг 1-р хороо, тоот хаягт байрлах ******* банк ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, дүүрэг 36-р хороо, гудамж тоотод оршин суух ******* овогт ******* ******* /*******/

 

Хариуцагч: УБ, дүүрэг 36-р хороо, гудамж тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/ нарт холбогдох

 

зээлийн гэрээний үүрэг 25,672,063 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-аас хариуцагч Э.*******, Э.******* нарт холбогдуулж гаргасан зээлийн гэрээний үндсэн хүүгийн төлбөр 22,905,012.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,767,050.48 төгрөг нийт 25,672,063 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... Зээлдэгч Э.******* нь 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр банктай 15/75 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан. Уг зээлийн барьцаанд Э.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар, дүүргийн 26-р хороо, гудамж, 12 тоот хаягт байрлах 80.28 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Э.*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар, дүүргийн 26-р хороо, 35 гудамж, 12 тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Э.*******ийн ******* банкны тоот харилцах дансанд 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 15/75 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт нэгт заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Зээлдэгч зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 25,000,000 төгрөг, үндсэн хүүгээс 2,695,529.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 582,651.23 төгрөг нийт 28,278,180.98 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөөгүйгээс үүссэн төлбөр болох үндсэн хүүгийн төлбөр 22,905,012.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,767,050.48 төгрөг нийт 25,672,063 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр чөлөөт байдлыг хангаж, өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулсан. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.5-д гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ. Зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан учраас хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөр болох 25,672,063 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна. Мөн хамгийн сүүлд Э.*******т 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл өгсөн. Энэ мэдэгдэл дээр хүү, үндсэн зээлийн төлбөр нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тодорхой дурдсан. Тийм учраас хүүгийн төлбөр төлөх үүрэгтэй гэдгийг Э.******* хүлээн зөвшөөрөөд шүүхийн бус журмаар шийдүүлэх хүсэлтэй байсан учраас төрийн банкны мэдэгдлийг хүлээж аваад, эхлээд үндсэн зээлээ хаагаад, дараа нь хүүгээ хэсэгчлэн төлөх тайлбарыг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлыг хангах хууль зүйн үндэслэлтэй. Үндсэн зээл хаагдсанаас хойш хүүгийн төлбөр төлөх хугацааг зээлдэгчид олгосон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.2 зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус үндэслэн үндсэн хүү 22,095,012.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,767,050.48 төгрөг нийт 25,672,063 төгрөгийг хариуцагч Э.*******ээс гаргуулж өгнө үү. Хэрэв хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 15/75 тоот Барьцааны гэрээнд тусгагдсан хариуцагч Э.*******, Э.******* нарын өмчлөлийн барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү ... гэв.

 

2. Хариуцагч Э.*******, Э.*******, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй. Зээлийн гэрээний дагуу Э.******* 25,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн эргэн төлөлтөд нийт 28,278,180 төгрөг төлсөн. Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш хэвийн төлөлттэй явж байгаад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас /2016 онд аав маань ухаангүй болтлоо хүнд зодуулсны улмаас эмнэлгийн зардал г.м/ зээлийн эргэн төлөлтийг хоцроож гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй. Энэ талаараа удаа дараа ******* банкны тусгай активын хэлтэст хүсэлт гаргаж байсан. Ингээд эцсийн байдлаар 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,681,863 төгрөгийн зээлийг төлж үндсэн зээлээ хааж дуусгасан. Зээлийн гэрээний 6.2.3-д энэ гэрээний заалтуудыг болон зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах талаар зохих арга хэмжээ авахгүй бол зээлийн гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. ******* дээрх шалтгаанаар удаа дараа хүсэлт гаргасан боловч огт шийдвэрлэж байгаагүй. Эцсийн байдлаар 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус банкны тусгай активын албанд боломжит байдлаар хүүнээс чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж ******* банк дээрх хүсэлтийг хүлээн авсан гэж ойлгож 2020.11.27-ны өдөр хүртэл үндсэн төлбөрөө бүрэн төлж дуусгавар болгосон юм. Гэтэл 3 жилийн дараа гэнэт хүү нэмэгдүүлсэн хүү хэмээн шаардаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд дээрх хүү хэрхэн яаж тооцож гаргаж ирсэн нь тодорхойгүй байна. Дээрх хугацаанд зээлийн гэрээг цуцлах болон дуусгавар болгох талаар мэдэгдэл өгч байгаагүй учраас Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д заасны дагуу мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү анз авах эрхээ алдана ... Э.******* нь Э.*******д ******* банктай тохиролцоод зээлээ хааж, тухайн үедээ зээл дуусгавар болсон талаар дурдаж байсан. Тухайн үед Э.*******гийн хувьд үндсэн зээлээ төлөөд дуусгавар болчихсон учраас зээл хаагдаад барьцаа хөрөнгө нь чөлөөлөгдөх юм байна гэж ойлгосон. Э.******* руу ******* банкнаас зээлийн төлөлт хийгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах талаар мэдэгдэл өгч байгаагүй. Энэ нь нэгэнт үндсэн зээлийн зээлийн төлбөрөө дуусгавар болгочихсон учраас зээл хаагдчихсан гэдэг ойлголтыг илэрхийлж байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2.7-д зээлийн төлбөрийг төлөх дарааллыг тогтоож өгсөн байна. Энэ дараалал нь зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлүүлнэ гэж тогтоогдсон. Э.******* нь үндсэн зээлийг төлсөн ба дарааллаар төлөх ёстой байтал үүнийг алгасаад үндсэн зээлийг төлж дуусгавар болгож байгаа нь зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсныг талууд зөвшөөрөх үндэслэл болно гэж бодож байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэг үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан. Үүнээс харахад үүрэг гүйцэтгүүлэгчид ямар нэг үйлдэл хийх ёстой гэдэг нь банкнаас зээлээ төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэдэг байдлаар маргах бүрэн боломжтой байсан. Гэвч нэхэмжлэгч байгууллага ямар нэг зээл төлөлтийн талаар шаардлага хүргүүлээгүй, үйлдэл хийгээгүй атал гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дөхөөд ирэхээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй ... гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл, хүүгийн тооцооны хуудас, 2015.05.07-ны өдрийн №15/57 дугаар Зээлийн гэрээ, №15/75 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015.05.04-ний өдрийн итгэмжлэл, зээлийн дансны харилцагчийн хуулга, мемориалын баримт, зээлдэгчийн анкет, нэхэмжлэгчээс Э.*******т хүргүүлсэн 2020.09.09-ний өдрийн №01 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, Э.*******ийн ******* банкны тусгай активын албанд гаргасан 2018.05.04-ний өдрийн өргөдөл, зээлдэгч/холбогдогч этгээдтэй уулзсан тухай тэмдэглэл, ТАА-аас зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл, Барьцаалбар №11-438554.

 

4. Хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй.

 

5. Хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: ******* банк ХК-ийн 2024.01.29-ний өдрийн 10/508 тоот Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг, Э.*******ийн зээлдэгчийн хувийн хэрэг, материал, ******* банк ХК-ийн 2024.03.18-ны өдрийн 10/1344 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, ******* банкны албан хэрэг хөтлөлтийн заавар, ТАА-аас зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл, Зээлийн үйл ажиллагааны журам.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Э.*******т холбогдуулж зээлийн гэрээний дагуу үндсэн хүүгийн төлбөр 22,905,012.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,767,050.48 төгрөг нийт 25,672,063 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч Э.*******д холбогдуулж барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрч маргаж буй үндэслэлдээ зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болж, хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлтээ банканд удаа дараа гаргаж байсан, 2020 оноос хойш банк нэг ч удаа шаардлага гаргаж байгаагүй учир хүүгийн төлбөрөөс чөлөөлж зээлийн үүргийг дуусгавар болгосон гэж ойлгосон гэж тайлбарласан.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгч ******* банк ХК болон хариуцагч Э.*******, Г. нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 25,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээлийн төлбөрийг хүүгийн хамт буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь №15/75 тоот Зээлийн гэрээ, нэхэмжлэлд хавсаргасан бичгийн баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд хариуцагчид мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар шилжүүлж, хариуцагч гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

 

6. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдсэн, бичгийн гэрээнд хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

7. Зохигчид гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 2,695,529.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 582,651.23 төгрөг нийт 28,278,180.98 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр шаардсан нь үндэслэлтэй эсэх, хариуцагч нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон эсэх нь маргаагүй зүйл болжээ.

 

8. Зээлийн гэрээнд хариуцагч Э.*******ээс гадна хамтран үүрэг гүйцэтгэгчээр Г. оролцож, гарын үсэг зурсан байх боловч нэхэмжлэгч нь үндсэн зээлдэгчид холбогдуулж нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

 

9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэжээ.

 

10. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.6-д зээлийг 24 сарын хугацаатай олгоно гэж зааснаас гадна гэрээний 2.2.1-д зээлдэгч үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг энэ гэрээний хавсралт 1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө. Хавсралт 1 нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна, гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж тус тус заажээ.

 

11. Зээлийн эргэн төлөх хуваарьт зааснаар хариуцагч Э.******* нь гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлийн төлбөрийг нэмэгдэх, зээлийн хүүгийн төлбөрийг буурах байдлаар сар тутам тогтмол үнийн дүнгээр буюу нийтдээ 1,386,182 төгрөг төлснөөр гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл, зээлийн хүү төлөгдөж дуусахаар харилцан тохиролцжээ.

Гэрээний дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, түүнчлэн зохигч гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус заасантай нийцсэн байна.

 

12. Хэрэгт нотлох баримтаар авагдсан зээл, хүүгийн тооцооны хуудас, зээлийн дансны харилцагчийн хуулгаар хариуцагч нь сар бүр гэрээнд заасан зээлийн хүү болон үндсэн зээлийн зохих хувийг тогтоосон журмын дагуу хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлэхийн зэрэгцээ бүрэн бус төлж байсан нь тогтоогдож байна. Үүнээс шалтгаалж зээлийн эргэн төлөлтийн хуваарийн тооцоолол өөрчлөгдсөн. Тухайлбал, хариуцагч нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу сар тутамд гэрээнд заасан өдөрт нийт 1,386,182 төгрөгийг төлсөн бол сард төлөх хүүгийн хэмжээ багасаж, үндсэн зээлийн төлөлт ихсэх байдлаар нийт авсан зээлийн 25,000,000 төгрөгийг, уг мөнгөний  хүү 8,268,365 төгрөг нийт 33,268,365 төгрөгийг төлөх байжээ. Үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гэрээний хугацаа дууссан 2017.05.07-ны өдрийн байдлаар хариуцагч нь үндсэн зээлээс 19,206,863 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 8,871,805.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 650,417.53 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна.

 

13. Тиймээс нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд хариуцагчийн төлсөн 19,206,863 төгрөгийн төлбөрийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасаж, үндсэн зээл төлөгдөж дууссан 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдлээс хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, энэ нь зээлдэгчийн эрх ашгийг хөндөөгүй байна.

 

14. Зээлийн гэрээний 6.1.1-д гэрээний хавсралтад заасан зээл, хүүгийн төлбөр, хэрэв бодогдсон бол нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар гэрээ дуусгавар болохоор заасан бөгөөд хууль, гэрээнд заасан үндэслэлээр зээлийн гэрээ дуусгавар болсон, хариуцагчийг зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрөөс чөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,681,863 төгрөгийн зээлийг төлснөөр зээлийн гэрээ дуусгавар болсон, зээлдэгчийн гаргасан хүүгийн төлбөрөөс чөлөөлүүлэх тухай хүсэлтийг банк хүлээн авсан гэж ойлгосон гэх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй байна.

Тухайлбал зээлийн үүрэг зөрчигдсөнтэй холбоотойгоор 2018.04.26, 2018.05.04, 2023.09.07-ны өдрүүдэд хариуцагч Э.*******тэй уулзалт хийж, 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөх мэдэгдлийг бичгээр хүргүүлж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан бичгийн баримтууд болох уулзалтын тэмдэглэл, мэдэгдэл, хэргийн оролцогчийн тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус банкны тусгай активын албанд боломжит байдлаар хүүгээс чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байсан гэх боловч энэ нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгч ******* банк ХК-ийн 2024.03.18-ны №10/1344 тоотод Э.*******ээс банканд гаргасан хүсэлт мэдээлэл байхгүй гэжээ.

 

15. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1. дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний ерөнхий хугацаа дууссан 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдох боловч хариуцагч нь 2018, 2019, 2020 онуудад зээлийн төлөлтийг тодорхой хэмжээгээр төлж байсан, хамгийн сүүлд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн төлбөрт 1,681,863 төгрөг төлжээ. Үүнээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй тул хуульд заасан хугацаа хэтрүүлж нэхэмжлэлээ гаргасан гэж үзэхгүй.

 

16. Иймд хариуцагч Э.*******ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 22,905,012.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 2,767,050.48 төгрөг нийт 25,672,063 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

17. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагч Э.*******тэй 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр №15/75 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, барьцаалбар үйлдэж хариуцагч Э.*******ийн өмчлөлийн дүүрэг 26-р хороо, 35 гудамж 12 тоот, 700 м.кв, Г- дугаар бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний газар, хариуцагч Э.*******гийн өмчлөлийн дүүрэг 26-р хороо, 35 гудамж 12 тоот, 80,28 м.кв, Ү- дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалж, бичгийн гэрээнд талууд гарын үсгээ зурцгааж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

18. Тиймээс Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1. Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж тус тус заасан тул хариуцагч зээлийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

19. Хариуцагч Э.*******гаас өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих эрхийг итгэмжлэлээр олгосны үндсэн дээр хариуцагч Э.******* нь нэхэмжлэгчтэй Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байна. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.*******гийн хувьд хууль, гэрээнд зааснаар нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээсэн этгээд биш, нэхэмжлэгчээс түүнд холбогдуулж барьцааны үүргийг шаардсан нь үндэслэлгүй байх тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,511 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******ээс нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 356,511 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.*******ээс 25,672,063 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-нд олгож, хариуцагч Э.*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.******* нь үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох дүүрэг 26-р хороо, 35 гудамж 12 тоот, 700 м.кв, Г- дугаар бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний газар, хариуцагч Э.*******гийн өмчлөлийн дүүрэг 26-р хороо, 35 гудамж 12 тоот, 80,28 м.кв, Ү- дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,511 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******ээс 356,511 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-нд олгосугай.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН