Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2024/00717

 

2024 оны 02 сарын 14 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2024/00717

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ............ тоотод оршин суух, Р-гийн Ж  /РД:............./-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .................. байрлах, Ж  ХХК /РД:........./,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ........... байрлах, Х  ХК /РД:............ / нарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч Ж ХХК-ийн төлөөлөгч Л.Э, хариуцагч Х ХК-ийн төлөөлөгч И.О,нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Р.Ж  миний бие 2017 оны 03 сарын 16-ны өдөр 170316 дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ (цаашид Гэрээ гэх)-г хариуцагч болох Ж ХХК-тай байгуулсан. Уг гэрээгээр тохиролцсон нөхцөл журмын дагуу хариуцагч Ж ХХК-иас Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ................. тоот 91,24 м.кв талбайтай орон сууцыг 2018 оны 03 сарын 30-ны дотор багтаан миний өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч талаас орон сууцны төлбөр болох 247.807.840 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болно. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж нийт 247.807.840 төгрөгийг цаг тухайд нь бүрэц гүйцэд төлсөн боловч хариуцагч компани өнөөдрийг хүртэл буюу таван жил гаруйн хугацаанд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг надад шилжүүлж өгөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлэхгүй байна. 2022 оны 07 сард хариуцагч Ж ХХК-иас Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хаягласан бичиг гаргаж өгсөний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргасан боловч тус орон сууц нь Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа тул хэсэгчлэн чөлөөлсөн албан бичиг авчирсны үндсэн дээр гэрчилгээгээ гаргуулах боломжтой гэсэн үндэслэлээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөс татгалзсан мэдэгдэл өгсөн.Улмаар хариуцагч Ж  ХХК-иас Худалдаа Хөгжлийн банктай хэзээ ямар, гэрээ байгуулсан, яагаад анхны хөрөнгө оруулагч, захиалагч надад яагаад мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй талаар, түүнчлэн тухайн барьцаанаас хэсэгчлэн чөлөөлүүлэхийг удаа дараа шаардсан боловч тодорхой ахиц дэвшил гараагүй өнөөдрийг хүрээд байна. Энэ хугацаанд хариуцагчаас 2023 оны 07 сарын 20-ны өдрийн 000дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн бөгөөд үүнд 2019 оны 06 сарын 13-ны өдөр Худалдаа Хөгжлийн банктай байгуулсан барьцааны гэрээний улмаас орон сууцыг хэсэгчлэн чөлөөлж чадахгүй байгаа талаар надад мэдэгдсэн нь хариуцагч Ж ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах, хойшлуулах үндэслэл болохгүй юм. Миний бие 2017 оны 03 сарын 16-ны өдөр хариуцагчтай Барилгад хөрөнгө оруулал хийх тухай гэрээг байгуулж, 2018 оны 03 сарын 30-ны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг хүлээсэн бол уг хугацаанаас хойш хоёр гаруй жилийн дараа буюу 2019 оны 06 сарын 13-ныдараа барьцааны гэрээ байгуулсан байна. Хариуцагч нар тухайн үед барьцааны гэрээ гэгчийг байгуулахдаа холбогдох хууль тогтоомжинд заасан журмын дагуу надад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл болсон. Хариуцагч Х банкнаас барьцааг хэсэгчлэн чөлөөлөх албан бичгийг бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхгүй байгаа хууль бус үйлдэл нь нэхэмжлэгч миний эзэмших, өмчлөх эрхийг ноцтой зөрчиж, орон сууцны өмчлөх эрхийг надад шилжүүлж өгөхгүй олон жил болж байгаа хууль бус үйлдлийн улмаас миний бие санхүүгийн хувьд багагүй хэмжээний алдагдал хүлээж, өөрийн орон сууцаа бусдад түрээслэх, эзэмшүүлэх, худалдах, барьцаанд тавих зэргээр эргэлтэнд оруулж чадахгүй хохирч байна. Иймд Р.Ж н намайг Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Парк Вью хотхоны 754 дугаар байрны 447 тоот хаягт байрлах 91,24 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг Худалдаа хөгжлийн банкнаас барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Ж  ХХК болон Х  ХК нарт тус тус даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ж  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Р.Ж  нь манай компанитай гэрээ байгуулсан. 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 170316 тоот барилгад хөрөнгө оруулах гэрээг хийсэн. Энэ гэрээгээр Парк Вью хотхон 754 дүгээр байрны 9 давхрын А блок шинэчлэсэн хаягаар 754 дүгээр байрны 447 тоот 91.24 м.кв 3 өрөө байрыг захиалсан. Нийт гэрээний төлбөр 255.472.000 төгрөг төлөх ёстойгоос манайх 3 хувийн хөнгөлөлт үзүүлж, 7.700.000 төгрөгийг хөнгөлж 247.807.840 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээний дагуу манайд 10 удаагийн хэсэгчлэн төлөлтөөр төлбөрийг бүрэн барагдуулсан байдаг. Бүрэн барагдуулаад барилга нь Улсын комиссд ороод түлхүүрээ гардуулсан. Түлхүүрээ гардуулсны дараа ордер гарах асуудал яригдах үед 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн барьцааны гэрээний бүртгэлээр дуусаагүй барилгын гэрчилгээтэй байхад Ж  ХХК-ны нэр дээр 95 хувийн гүйцэтгэлтэй Ү2204089466 Улсын бүртгэлийн дугаартай, 2019 онд Худалдаа Хөгжлийн банканд барьцаалж төслөө санхүүжүүлсэн асуудал гардаг. Банктай юу гэж тохирсон бэ? гэвэл барилгыг ашиглалтад оруулчхаад айлуудынхаа байрыг хэсэгчилсэн байдлаар чөлөөлөөд явна гэж ярилцсан. Гол нь барьцааныг гэрээ хийх үед нэхэмжлэгч сая хэлээд байна. Барьцааны гэрээ хийхээс өмнө анхны захиалагчид нь Худалдаа Хөгжлийн банктай гэрээ хийхээс өмнө манайх руу захиалгын гэрээ хийгээд урьдчилгаа төлбөрөө хийгээд баталгаажуулсан. Р.Ж  захиалагч шиг 754 дүгээр байрны 447 тоот бол Р.Жаргалсайханыг байр гэдгийг баталгаажуулаад гэрээ хийсэн айлууд байсан. Үүнийг банк мэдэж байсан. Яагаад гэвэл манай борлуулалтын мэдээг авсан байсан. Банк бол 95 хувийн гүйцэтгэлтэй барьцааг авахдаа маш олон сараар судалсан. Газар дээр нь очиж үзсэн борлуулалтын мэдээгээ татсан борлуулалтын тайлан болон төлөвлөгөө ямар байсныг мэдсэн. Тэгээд энэ байрны зарим нь баригдсан юм байна. Зарим нь хоосон байгаа юм байна гэдгийг мэдэж ойлгоод, тухайн үед тохиролцоод нэгэнт захиалгын гэрээ хийсэн айлуудыг барьцаалахгүй, банкны талаас ч гэсэн хүнийх болсон зарагдсан объектуудыг нь барьцааны болон чанарын шаардлага хангахгүй,байр болгон өөр дундаж үнэлгээ нь 1 метр нь 380.000 төгрөгөөр барьцааныг үнэлгээгээр үнэлсэн. Яагаад гэвэл ихэнх нь зарагдсан байсан. Одоо энэ барилга нь м.кв нь 4.000.000 5.000.000 төгрөг байдаг. Тэгэхээр 300.000 төгрөгөөр үнэлээд байгаа цаад шалтгаант нь зарим нь зарагдсан борлуулалт хийгдсэн учраас хямд үнэлсэн. Ингээд тохиролцоод гарын үсэг зурсан. Банкны гэрээн дээрээ энэ нөхцөл байдлаа яагаад оруулж өгөөгүй вэ? гэхээр банк бол стандарт нөхцөл бүхий гэрээг тулгасан. Энэ гэрээ нь ямар нэгэн цэг, таслал, үг өгүүлбэр оруулахгүй, банкны стандартыг мөрдөж байж л танайд зээл олгогдоно гэсэн зарчим үйлчилсэн. Үүний дагуу бид гарын үсгээ зурсан. Тухайн үед үнэ нь гэрээнд байхгүй байлаа ч гэсэн имэйлээр хаягаар гараад ирсэн. Банкны мэргэжилтэн С.Саран гэдэг эмэгтэй Бат-Хаан гээд манай борлуулалтын албанд хандсан манайх зарагдсан байрыг үнэлэхгүй гэж хэлсэн. Анхнаасаа энэ байр барьцаалагдаагүй гэж үзэж болно. Барьцаалагдаагүй учир яагаад ингэж асуудал үүсээд байгаа вэ? гэхээр Би түрүүн хэлсэн 95 хувийн гүйцэтгэлтэй, тухайн үед блокоороо нэг Ү-дугаартай нэг гэрчилгээтэй байсан. 754 дүгээр байр нэг блок байхад тэр блок дээр нэг л гэрчилгээ байсан гэсэн үг. Ийм учир тохиролцоогоо хоорондоо солилцоод имэйлээр баталгаажуулаад байна. Гэрээ дээрээ 9466 Ү-дугаар нь орж ирээд нийтээр нь байрыг барьчхаад байгаа юм шиг харагдаад байгаа боловч одоогийн нөхцөл байдалд нийтээр нь бариагүй. Тухайн үед зарагдсан байрыг бид барьцаалаагүй. Нэг нь барьцаалаагүй мөн банк нь ч барьцаанд аваагүй учир өнөөдөр энэ байрыг банк чөлөөлж өгөх ёстой. Банк өнөөдөр ямар байр суурийг илэрхийлэх вэ? гэхээр гэрээний дагуу барьцаалсан, тийм учраас чөлөөлөх боломжгүй гэсэн хариу өгдөг. Гэтэл үл хөдлөхөөс татуулсан баримт материалтай танилцсан. Барьцааны гэрээ нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөхөд бүртгэгдсэн байна гээд он сараараа гараад ирсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана. Мөн хуулийн 156.3 Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл бүртгүүлээгүй гэрээ бол Улсын бүртгэлд бүртгэж бүртгэгчийн тамга дарлаагүй гэрээ бол өөрөө хүчин төгөлдөр бус юм. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд 12 дугаар зүйлийн 12.1-т Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ гэсэн хуулийн шаардлага байдаг. Бүртгүүлсэн хугацаа нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, гэрээ хийсэн огноо нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байдаг. Дээрээс нь Ж ХХК-нь барьцаалаагүй, тэр талаараа имэйлээр гаргаж өгсөн мөн үзлэг хийсэн нотлох баримтын шаардлага хангуулсан. Ийм учраас банк энэ айлын барьцааг хэсэгчлэн Р.Ж-д холбогдох хэсгийг чөлөөлж өгөх ёстой гэсэн байр суурьтай байна гэжээ.

 

3. Хариуцагч Х  ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Р.Ж-ны нэхэмжлэлтэй иргэний хэрэг бол Худалдаа Хөгжлийн банк болон Ж ХХК-ийн хоорондын 2015 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн зээлийн гэрээний маргаанаас үүдэлтэй байдаг. Барилгын компаниуд нь барилгаа бариад тухайн баригдсан барилгынхаа санхүүжилтийг олохын тулд үл хөдлөх эд хөрөнгөө оршин суугчдаа зараад, зарсан орлогоороо зээлээ төлөх асуудал яригддаг. Үүний дагуу Худалдаа Хөгжлийн банкаар зээлдүүлэгч нь оршин суугчдын борлуулалтын орлогоороо зээлээ төлнө гэж анх яригдсан. Гэвч 2017 оноос хойш бүх борлуулалтын орлогоо Хаан банкны дансаар авсан байдаг. 40.000.000, 50.000.000 төгрөгөөр шилжүүлэн авсан байдаг. Худалдаа Хөгжлийн банкны дансаар ямар ч мөнгө орж ирээгүй. Ийм учраас Х  болон Ж ХХК-ийн хооронд маргаан үүссэн гэж бодож байсан. 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна гэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн нотлох баримтаа танилцсан. Дүгнэхэд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1,156.2-т заасан шаардлага хангасан бол гэрээ хүчин төгөлдөр байна гэж заасан байдаг. Тийм учраас үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ заавал Улсын бүртгэлд бүртгүүлнэ. Мөн хуулийн 156.2-талууд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана байдаг. Ийм учраас барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна. Нэмж хэлэхэд Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу өмчлөгч өөрчлөгдсөнөөс үл хамааран барьцааны эрх, гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хангуулахаар шаардахад банк бол нээлттэй гэж харж байна. Өмнө нь жимэйлээр чаталсан баримт байна. Энэ нь миний санахаар н.Өнөрбуян,н.Энхжин гэдэг хүмүүс Ж ХХК болон Худалдаа Хөгжлийн банкны хоорондын маргаан дээр явж байсан. н.С гэдэг хүнийг танихгүй, одоо эдгээр хүмүүс нь халагдаад явсан. Жимэйлд үзлэг хийсэн н.Саран нь манай ажилтан байсан гэдэг нь эргэлзээтэй гэж бодож байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2017.03.16-ны өдрийн №170316 дугаар Барилгад хөрөнгө оруулалтын гэрээ, 2019.12.19-ний өдрийн 04/470 Эд хөрөнгө эрхийн бүртгэлийн газарт хандсан тоот, БЗД, 26 Дугаар хороо, Park View хотхон, 754 дугаар байр, 9-р давхар, 447 тоот байрны зураг, кадастрийн зураг, 2022.07.20-ны өдрийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл, 2022.07.08-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2022.07.08-ны өдрийн 22/401 Ж ХХК-иас Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хандсан албан хүсэлт, 2023.07.20-ны өдрийн Ж ХХК-иас иргэн Р.Ж-д хандсан хариу хүргүүлэх тухай бичиг, зэргийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

 

5. Хариуцагч Х ХК-иас талаас: Хариу тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2015.12.14-ний өдрийн №ЗГ/00 зээлийн гэрээ,2016.03.29-ний өдрийн №ЗГ/149-01 зээлийн нэмэлт гэрээ, 2017.01.31-ний өдрийн №ЗГ7149-00 Зээлийн нэмэлт гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2017.12.21-ний өдрийн №ЗГ000 зээлийн нэмэлт гэрээ, 2018.06.14-ний өдрийн №ЗГ/000 зээлийн нэмэлт гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2018.06.29-ний өдрийн №ЗГ/000 зээлийн нэмэлт гэрээ,эргэн төлөлтийн хуваарь, 2019.06.27-ны өдрийн №ЗГ/000 зээлийн нэмэлт гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2020.05.25-ны өдрийн №ЗГ/000 зээлийн нэмэлт гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2017.01.31-ний өдрийн №ЗБ/000 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ зэрэг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

 

Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас баримт гаргуулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр цахим шууданд үзлэг хийсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Ж хариуцагч Ж ХХК, Х ХК нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Ж ХХК өмлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, барьцаанаас чөлөөлөх шаардлагыг зөвшөөрөхгүй, Худалдаа хөгжлийн банкны асуудал гэж маргаж байна.

 

Хариуцагч Х  банк нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Ж  групп ХХК зээл болон барьцааны гэрээний үүргээ зөрчсөн, Р.Жаргалсайханы орон сууцны төлбөрийг манай банкинд шилжүүлээгүй гэж маргажээ.

 

Талуудын маргааны зүйл нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, барьцаанаас чөлөөлүүлэх талаар байна, зохигч барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч, эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргаагүй.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Р.Ж  нь 2017 оны 3 сарын 16-ны өдрийн №0000 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, .................давхрын D блок буюу шинэчилсэн хаягаар Парк Вью хотхоны 754 дүгээр байр, 9 дүгээр давхар, 447 тоот, 91.24 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны төлбөр 247.807.840 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хариуцагч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, төлбөрийн тооцоо гэсэн баримтаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 3 сарын 16-ны өдрийн №170316 тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний зүйл болох орон сууцны барилга нь 2020 оны 01 дүгээр сард ашиглалтад орсон нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Ж  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

 

Гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагч нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнийг бүрэн төлсөн талаар маргаагүй тул хариуцагч Ж ХХК нь үнийг бүрэн төлсөн нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг ашиглалтад орсноос хойш шилжүүлэн авч, эзэмшиж ашиглаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1-д гэрээний 1.1.-д дурдсан барилгын орон сууцны 1-р байрны 9-р давхарын D блок, орон сууцыг чанар сайтай барьж, 2018.03.30-ны дотор багтаан захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасныг хариуцагч зөрчсөн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 1 сарын 30-ны өдрийн 5/000 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтууд болон хариуцагч Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Ж ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн барьцааны гэрээгээр дээрх маргаан бүхий орон сууц буюу Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Парк вью хотхон 753 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж Худалдаа хөгжлийн банк ХХК-иас зээл авсан болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ж  ХХК-ийг зээлээ төлтөл барьцаанаасаа чөлөөлөх боломжгүй, байгууллагын дансанд мөнгө орох тохиолдолд хурлаар танилцуулж барьцаанаас чөлөөлөх асуудлыг шийддэг, нэхэмжлэгч нь өөрөө гэрээ байгуулах үедээ барьцаалбартай эсэх талаар шалгах ёстой байсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн боловч хариуцагч Ж  ХХК нь орон сууцны төлбөрийг Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлээгүй байна.

 

Хариуцагч Ж  ХХК нь нэхэмжлэгч Р.Ж-ы гэрээгээр авсан 754 дүгээр байрны 447 тоот орон сууцны барилгыг бүхэлд нь Х ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан болох нь тогтоогдож байх ба хариуцагч нь тухайн барьцаа хөрөнгөд ногдох зээлийн төлбөрийг хариуцагч Худалдаа хөгжлийн банкинд төлснөөр дээрх барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх үндэслэлтэй байх бөгөөд шүүх дээрх шаардлагыг хангаснаар 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 00000 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд болон гэрээний талуудын эрх, ашигт сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч Р.Ж-ыг Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн ......... тоот, 91.24 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Жигүүр гранд групп ХХК-д даалгахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч Х  ХК-нд холбогдуулан маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, барьцаанаас чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд талуудыг хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй байх тул Худалдаа хөгжлийн банк ХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Ж-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.396.990 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.396.990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Ж-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б  овогт Р-гийн Ж /рд:0000000 /-ыг Баянзүрх дүүрэг, ...........тоот хаягт байрлах 91.24 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөхийг хариуцагч Ж ХХК-нд даалгаж, хариуцагч Х  ХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.396.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-иас 1.396.990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ж-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО