| 2023 оны 07 сарын 17 өдөр | Дугаар 113/ШШ2023/0008 | Говьсүмбэр аймаг | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Б.Ц (РД:.............), Хариуцагч: Говьсүмбэр аймгийн БОАЖГ, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д, Нэхэмжлэлийн шаардлага: Эрх бүхий албан тушаалтан О.Д-ны Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 0099801 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.. Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 1.1. Нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан О.Д-д холбогдуулан Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 0099801 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар: 2.1. Нэхэмжлэгч Б.Ц нь Б...... ХХК-ны захирал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийг хариуцан ажиллуулсан. 2.2.Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Эрх бүхий албан тушаалтан О.Д нь лац хөндөж, зөвшөөрөлгүй ус ашигласан үндэслэлээр 2023 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 0099801 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Ц-г 5.000.000 төгрөгөөр торгож, 98.927.640 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан. 2.3.Нэхэмжлэгчийн зүгээс . . . Манай компани 2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй учир үйлдвэрийн худгийн тоолуурын лацыг хөндсөн байх боломжгүй. Хариуцагч нь дээрх шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ зөрчил шалган шийдвэрлэх журмыг зөрчсөн. Түүнчлэн зөрчил гаргасан хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байхад иргэн Б.Ц намайг 5000000 төгрөгөөр торгосон нь хуульд нийцээгүй. Түүнчлэн нөхөн төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 2.4.Хариуцагчийн зүгээс ... Аймгийн прокурорын газраас 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1/1006 дугаартай албан бичгээр ирүүлсэн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг , төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт байрлах үйлдвэр нь гүний худгийн лац хөндөж, улмаар усан сангууд нь усаар дүүрсэн гэх зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багт байрлах төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.3, 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчин зөрчил үйлдэгдсэн байж болзошгүй гэж үзэн зөрчлийн хэрэг нээн шалгасан.Тус хэргийг шалгаад хэргийн материалд авагдсан нотлох баримтыг үндэслэн 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Б...... ХХК-ний захирал Б.Ц-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.3, 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн 5000 нэгжээр торгох, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар усны нөөцөд учруулсан хохирлыг тухайн сав газрын усны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тооцно гэж заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Умард говийн гүвээт халхын дундад тал газрын захиргааны мэргэжилтэн Н.С-ийн гаргасан дүгнэлтээр зөвшөөрөлгүй ашигласан усны төлбөр болох 32.975.880 төгрөгийг усны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 98.927.640 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна. Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл: 3.1. Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтан О.Д-ны 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 0099801 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргаж байна. Б.Ц миний бие Б.... ХХК-ний захирал , манай компани Говьсүмбэр аймгийн Баян тал сумын 1 дүгээр багийн нутагт байрлах төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийг 2020 оны 4 дүгээр сар хүртэл хариуцан ажиллуулсан. Гэтэл Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын Эрх бүхий албан тушаалтан О.Д нь лац хөндөж, зөвшөөрөлгүй ус ашигласан үндэслэлээр 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 0099801 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Ц намайг 5.000.000 төгрөгөөр торгосон. Манай компани 2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багт байрлах төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт үйл ажиллагаа явуулаагүй учир үйлдвэрийн худгийн тоолуурын лацыг хөндсөн байх боломжгүй. Харин дээрх хугацаанд БНХАУ-ын иргэн ............... болон ............. нар тус үйлдвэрт үйл ажиллагаа явуулж байсан. Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчил гаргасан этгээдэд хууль зүйн хариуцлагыг хуульд заасан журмын дагуу оногдуулах хууль зүйн үндэслэлийг тодорхойлон заасан. Иймээс зөрчил гаргасан этгээдийг олж тогтоох, тухайн этгээдээс тайлбар мэдүүлэг авах зэрэг ажиллагаа хийсний үндсэн дээр хариуцлага тооцож болохоор байна. Гэтэл 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ зөрчлийг хэн, хэзээ, хаана үйлдсэнийг тогтоогоогүй. Шийтгэх хуудсыг 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр шуудангаар Б.Ц миний гэрийн хаягт хүргүүлэн явуулсан боловч зөрчилд холбогдсон гэх Б.Ц надад эрх, үүрэг тайлбарлах, нотлох баримтыг авах, цуглуулах ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох ажиллагааг хариуцагч хийгээгүй зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч Б.Ц миний захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй гэж үзэж байна. Мөн түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, дээрх зөрчил гаргасан хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байхад иргэн Б.Ц намайг 5.000.000 төгрөгөөр торгосон нь хуульд нийцээгүй. Тодруулбал, Говьсүмбэр аймаг дахь Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн Эрх бүхий албан тушаалтан О.Д нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т үр нөлөөтэй байх, мөн зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх , мөн зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж тус тус заасан үйл ажиллагаандаа баримтлах тусгай зарчмыг зөрчиж шийтгэлийн хуудас оногдуулсан гэж үзэж байна. Иймд Говьсүмбэр аймаг дахь Засаг даргын Тамгын газрын Эрх бүхий албан тушаалтан О.Д-ны 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 0099801 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын зөвшөөрлөөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б...... ХХК-ний талаарх лавлагааг авахад Б.......... ХХК /рд:........../, хувьцаа эзэмшигчээр идэвхтэй төлөвтэй 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бүртгүүлсэн Г овогтой Н /рд...........1/ компанийн 70 хувийг, Б овогтой Ц /рд:............/ компанийн 30 хувийг тус тус эзэмшдэг тухай лавлагаагаар тогтоогдсон. Б.........ХХК-ийг төлөөлж захирал Б.Ц нь гарын үсэг зурж тамга даран баталгаажуулсан албан бичгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10/11 тоот болон 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 01/126 тоот албан бичгээр тус тус хандаж байсан, Б......... ХХК-ийг төлөөлж БЗӨБЦТС ТӨХК-ийн Говьсүмбэр салбартай цахилгаан эрчим хүчний гэрээг 2022 оны 8 дугаар сард байгуулсан байсан. Дээрх нотлох баримтыг үндэслэн Б...... ХХК-ний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон зөрчлийн 2217000304 дугаартай гомдол, мэдээлэлд оролцогч Б......... ХХК-ний хууль ёсны төлөөлөгчөөр Б овогтой Ц-ийг тогтоосон. Мөн Б...... ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Ц БЗӨБЦТС ТӨХК-ийн Говьсүмбэр салбартай цахилгаан эрчим хүчний гэрээг 2022 оны 8 дугаар сард байгуулж Баянтал сумын 1 дүгээр багт байрлах төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр хангуулсан ба 2023 оны 1 дүгээр сард эрчим хүчийг хязгаарласан байна. Энэ нь гэрчийн мэдүүлэгт дурдсанчлан 2022 оны 8 дугаар сард гүний худгийг ажиллуулж ус шахах боломжтой байсныг тогтоосон. Түүнчлэн Б........ ХХК-ний захирал Б.Ч-аас ирүүлсэн 2023 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/06 дугаартай албан бичигт . . . 2020 оны 4 дүгээр сард Г.Н хэсэг бүлэг хүмүүсийг дагуулан ирж манай компаний харуул хамгаалалтын ажилчдыг зодож хөөн гаргаж үйлдвэрийг булаан авч хууль бусаар үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Манай компани нь цагдаа хүчний байгууллагын дэмжлэгтэйгээр 2020 оны 10 дугаар сард үйлдвэрийг хадгалж хамгаалах эрхээ дахин олж авсан. 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Г.Н, Б.Ц нар нь хэсэг бүлэг хүмүүсийг дагуулан ирж үйлдвэрийн хашаанд дайран орж хүч хэрэглэн манай харуулуудыг хөөж гарган . . .аймгийн цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүн томилж 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үйлдвэрийн эд хөрөнгийг хадгалж хамгаалах эрхийг албан ёсоор хуулийн дагуу манай компанид олгосон гэж дурьдсан, Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Г нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Б ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 2, 7.15 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 2017000100 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгаж дууссан ба уг хэргийн материалд авагдсанаар 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шалгалт хийсэн тэмдэглэлээр захирал Г.Н-ыг байлцуулан илэрсэн зөрчил дутагдлыг арилгах хүртэл түр хугацаагаар усны тоолуурыг лацдах, илэрсэн зөрчлийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах . . . гэсэн улсын байцаагчийн шалгалтын тэмдэглэлийн дүгнэх хэсэгт бичээд шалгалтын тэмдэглэл үйлдэн захирал Г.Н-д танилцуулахад МХГ болон дээр дурдсан холбогдох алба газруудтай хамтран ажиллахад бэлэн зөрчил дутагдлыг арилгах болно гэх тайлбартайгаар улсын байцаагчийн шалгалтын тэмдэглэлийн шалгуулагч этгээдийн санал хүсэлт хэсэгт бичиж гарын үсэг зурж баталгаажуулсан зэрэг болон гэрчийн мэдүүлэг, шалгалтын тэмдэглэлээр Б..... ХХК, захирал Б.Ц нь Баянтал суман дахь төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Дээр дурдсанчлан Б.... ХХК, захирал Б.Ц нь Баянтал суман дахь төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт үйл ажиллагаа явуулж байсан ба 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Б....... ХХК-ний захирал Б.Ц-ийг утсаар дуудахад 1 дүгээр сарын 31-ний өдөр очиж уулзах тухай хариу хэлсэн, /утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн/, 1 дүгээр сарын 31-ний өдөр Ц, Н гэх хүмүүс ирж уулзахад холбогдогчоор хууль ёсны төлөөлөгчөөр томилуулж хэргийн материалтай танилцах, мэдүүлэг өгөх тухай хэлэхэд татгалзаж, дахин ирэх тухай хэлсэн /тэмдэглэл үйлдсэн/, үйлдвэрийн дарга гэх Б.Э-с гэрчийн мэдүүлэг авахаар 1 дүгээр сарын 30-ний өдөр утсаар дуудсан боловч ирээгүй /тэмдэглэл үйлдсэн/ бөгөөд хэрэгт холбогдуулан удаа дараа дуудсан боловч ирээгүй. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийг олгосон боловч тус хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргийг санаатайгаар биелүүлээгүй болно. Ингээд 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр уг зөрчлийн 2217000304 дугаартай хэрэгт оролцогч Б...... ХХК-ний хууль ёсны төлөөлөгчөөр Б овогтой Ц-ийг тогтоож Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн эргэлтийн усан сангийн баруун хойно байрлах гүний худгийн лацыг хөндөж, тоолуурыг эргүүлэн суурилуулж үйлдвэрлэлд ашиглахаар эргэлтийн усан санд тоолуурын заалтаар 15915 мкуб ус шахан дүүргэсэн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгож, 98927640 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулан шуудангаар тэмдэглэл, 0099801 дугаартай шийтгэлийн хуудсыг хүргүүлсэн. Тус үйлдвэрийг ажиллуулж байсан Б.... Чойр ХХК, захирал Г.Н-д холбогдуулан шалгаж дууссан 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2017000100 дугаартай зөрчлийн хэргийн материалд авагдсанаар 1110000023 серийн дугаар бүхий усны тоолуурыг лацдах үед тоолуурын заалт 41829 мкуб байсан ба 2022 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн шалгалтаар 25914 мкуб заалттай болсон буюу 15915 мкуб-ээр багассан байсан. Энэ нь гүний худгийн лацыг хөндөж, тоолуурыг эргүүлэн суурилуулж эргэлтийн усан санд тоолуурын заалтаар 15915 мкуб ус шахан, дүүргэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Үүнийг хэргийн газрын үзлэг, гэрчийн мэдүүлэг болон тоолуурын лабораторт уг усны тоолуурыг шалгуулсан зэрэг нотлох баримтаар болон цахилгаан эрчим хүчээр үйлдвэрээ хангуулсан зэрэг нөхцөл байдлаар тогтоосон. Цаашлаад энэ гомдол мэдээллээр шалгагдаагүй үйлдвэр үйл ажиллагаа явуулсан бол дахин дээрх заалтаар ус шахан нийт 31830 мкуб ус хууль бусаар үйлдвэрлэлд ашиглах боломжтой байсан гэв. ҮНДЭСЛЭХ нь: Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтан О.Д-ны Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 0099801 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 4.1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ. 4.2.Нэхэмжлэгчийн зүгээс: 2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутагт байрлах төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт үйл ажиллагаа явуулаагүй учир үйлдвэрийн худгийн тоолуурын лацыг хөндсөн байх боломжгүй. Хариуцагч нь шийтгэлийн хуудас үйлдэхдээ зөрчил шалган шийдвэрлэх журмыг зөрчсөн. Түүнчлэн зөрчил гаргасан хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байхад иргэн Б.Ц намайг 5000000 төгрөгөөр торгосон нь хуульд нийцээгүй. Нөхөн төлбөрийг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 4.3.Хариуцагчийн зүгээс: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багт байрлах төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт байрлах үйлдвэр нь гүний худгийн лац хөндөж, усан сангууд нь усаар дүүрсэн гэх зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, зөрчлийн хэрэг нээн шалгаж, хэргийн материалд авагдсан нотлох баримтыг үндэслэн 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Бигом ХХК-ний захирал Б.Ц-г Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.3, 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн 5000 нэгжээр торгох, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар усны нөөцөд учруулсан хохирлыг тухайн сав газрын усны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохиролыг тооцно гэж заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Умард говийн гүвээт халхын дундад тал газрын захиргааны мэргэжилтэн Н.С-н гаргасан дүгнэлтээр зөвшөөрөлгүй ашигласан усны төлбөр болох 32.975.880 төгрөгийг усны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 98.927.640 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна. 4.4.Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1/1006 тоот албан бичгээр Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг, төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт байрлах үйлдвэр нь гүний худгийн лац хөндөж усан сангууд нь усаар дүүрсэн гэх зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шалгуулахаар Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн. 4.5.Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч О.Д нь гомдол мэдээлийг хүлээн авч, зөрчлийн 2217000304 дугаартай хэрэг нээн шалгаж, Бигом ХХК-ний захирал / хууль ёсны төлөөлөгч/ Б.Ц-д Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн 5000 нэгжээр торгох, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүй ус ашигласан нөхөн төлбөрт 98.927.640 төгрөг ногдуулж шийдвэрлэсэн. 4.6.Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/17 дугаартай тушаалаар О.Д-ыг тус газрын Хэмжил зүйн хяналтын улсын байцаагаар томилсон. /Хавтас хэргийн 151 дүгээр хуудас/, 4.7.Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 305 дугаартай тушаалаар О.Д-д Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын байцаагчийн эрх олгосон. /Хавтас хэргийн 152-154 дугаар хуудас/, 4.8.Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Б/34 дугаар тушаалаар Байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Гантуяагийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд уг албан тушаалд О.Долгионыг түр орлон гүйцэтгэгчээр томилж, албан үүргийг хавсран гүйцэтгүүлсэн. /Хавтас хэргийн 13 дугаар хуудас/, 4.9.Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж, аймаг, нийслэлийн хэмжээнд засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан дэд комиссыг байгуулж, аймаг, нийслэл дэх Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгах, чиг үүрэг, орон тоог шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгож, Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагад ажиллаж байгаа салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарыг . . ., одоо эрхэлж байгаа чиг үүрэг, мэргэжлийн чиглэлийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.1-д заасан байгууллагад шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг үүрэг болгосон. /Хавтас хэргийн 146-148 дугаар хуудас/, 4.10.Говьсүмбэр аймгийн засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/370 дугаар захирамжаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаж шийдвэрлэсэн. /Хавтас хэргийн 130 дугаар хуудас/, Ийнхүү Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн /65 дугаар тушаалаар О.Д-ыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдэлд шилжүүлсэн. /Хавтас хэргийн 12 дугаар хуудас/, 4.11.Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б/01 тоот тушаалаар О.Д-ыг Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчаар шилжүүлэн томилсон. /Хавтас хэргийн 11 дүгээр хуудас/, 4.12.Шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Говьсүмбэр аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар О.Д-ыг тус хэлтэст Хэмжил зүйн хяналтын улсын байцаагчаар шилжүүлэн томилсон. /Хавтас хэргийн 114 дүгээр хуудас/, 4.13.О.Д нь Стандарт хэмжил зүйн хэлтсийн Хэмжил зүйн хяналтын улсын байцаагчаар томилогдсон хууль зүйн үр дагавар нь энэ хэргийн хариуцагч аймгийн засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн эрх, үүрэг дуусгавар болсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцох эрх, үүрэг нь дуусгавар болсон. 4.14.Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Байгаль орчны хяналтын чиг үүрэг болон Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоо нь Говьсүмбэр аймаг дахь Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжсэн болох нь Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн Б.Г шилжүүлэх тухай Б/73 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б/01 дугаар Б.Г-г Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилох тухай зэрэг тушаалуудаар тогтоогдож байна. /Хавтас хэргийн 129, 131 дүгээр хуудас/, Иймээс шүүх хариуцагчийн эрх залгамжлагчаар Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. /Хавтас хэргийн 112 дугаар хуудас/, 4.15.Улсын их хурал 2017 оны 5 дугаар сарын 18-ний өдөр баталсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-т Мэргэжлийн хяналтын байцаагчид Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлд заасан зөрчилийг шалган шийдвэрлэх эрх хэмжээг олгосон байсан. 4.16. Улсын их хурлаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 6.37 дахь хэсэгт Байгаль орчны байцаагчид Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2-т Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан зөрчлийг шалган шийдвэрлэх эрх хэмжээг олгосон. Хуулийн дээрх өөрчлөлтийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн байхад Эрх бүхий албан тушаалтан О.Д нь 2023 оны 02 дугаар сарын 9-ний өдөр 0099801 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдсэн /хуулиар тусгайлан эрх олгогдоогүй байсан/ байх тул маргаан бүхий дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй гэж үзэх үндэслэл болно. 4.17.Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байхад дээрх маргаан бүхий шийтгэлийн хуудаст иргэн Б.Ц-г таван мянган нэгжтэй тэнцэх /5.000.000/ төгрөгөөр торгож хууль хэрэглээний алдаа гаргасан. Ийнхүү дээр дурьдсан зөрчлүүдийг залруулж Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын эрх бүхий албан тушаалтан нь тухайн зөрчлийн хэргийг дахин шийдвэрлэх боломжтой. 4.18. Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт . . . нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ц-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын байцаагч О.Д-ны Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 2 дугаар сарын 9-ний 0099801 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говьсүмбэр аймгийн БОАЖ газраас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА |