Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Галбадрахын Солонго |
Хэргийн индекс | 183/2023/02095/И |
Дугаар | 183/ШШ2024/00425 |
Огноо | 2024-01-22 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2024/00425
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2024/00425
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ........тоотод оршин суух, О тайж овогт Б-ын Т /РД:........./-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .......... байрлах, Н ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, Н ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 13.1 дэх заалтыг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, В.М , нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Т миний бие Н ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг үндсэн ажилтан билээ. Миний бие байгууллагын бусад ажилчидтай сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж үйлдвэрчний эвлэл байгуулах тухай ярилцаж санаа бодлоо хуваалцсан бөгөөд надтай хэд хэдэн хүн санал нэгдээдшинээр байгуулахаар хөөцөлдөөд эхэлж байна. Гэтэл Н ХХК-ийн удирдлага намайг илт хууль бус үндэслэлээр тодруулбал хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, компанийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажлаас халсан. Тэгээд миний бие 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б22/000 дугаартай захирлын тушаал заасан хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.5, 9 дүгээр зүйлийн 9.2.10, 13 дугаар зүйлийн 13.1, 13.4.4 дэх заалтуудыг уншиж үзтэл хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн ёс зүйн алдаа дутагдал гаргасан, албан тушаал бууруулах зэрэг үйлдэлд хамааруулж байна. Гэтэл дээрх ёс зүйн алдаа гаргасан бол ямар журмын эсхүл хэн нэгэн гомдол гаргасан гэх зэрэг нь тодорхой бус байхад баахан хууль, журмын зүйл заалт бичээд ажлаас халсанд гомдолтой байна.Иймд Б.Т намайг ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин урамшлуулалыг бодож олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Мөн Н ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 13.1 дэх заалтыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг ажил олгогчийн зүгээс үйлдвэрчний эвлэл байгуулсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй. Тухайн ажилтан анх хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш хөдөлмөр эрхэлтийн харилцаа дуусгавар болох чөлөөлөх хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа давтан биелүүлээгүй тохиолдол байдаг. Үүнтэй холбоотой баримтыг хавтаст хэрэгт өгсөн байдаг. Хөдөлмөрийн гэрээнд хүлээсэн үүрэг давхар ажилтны гаргасан сахилгын зөрчил түүнд оногдуулсан хэм хэмжээ мөн ажилчин нь ажиллаж байх хугацаандаа бүтэн жилийн хугацаа сүүлийн нэг жилийн хугацаа гээд нийт 3 удаагаа сахилгын шийтгэл авсан байдаг. Тэгээд ажиллаж байх хугацаандаа хамт ажиллаж байсан хамаар доромжилдог. Үүнтэй холбоотой баримтууд хавсаргасан байдаг. үндэслэлээр Б.Т-ыг ажлаас чөлөөлсөн байдаг. Хамгийн сүүлд буюу 2022 оны 9 дүгээр сард ажилтан нь шөнийн ээлжид гарахдаа өдөрт хангалттай унтаж амарсан гэдэг ажилтан шууд удирдлагаасаа заавар зааварчилгаа аваад гарын үсэг зурсан мөртлөө гэнэт миний нойр хүрээд байна би унтаж амармаар байна гээд шууд тухайн үед өөрийн барьж явсан LX100 маркийн дампын зогсоолд тавиад шууд унтсан байдаг. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр ажилтан тухайн байгууллагад ажилд ороод хөдөлмөрийн гэрээн дээр гарын үсэг зураад ажиллана чадна гээд аль аль талаасаа хөдөлмөрийн нөхцөлөө хүлээн зөвшөөрөөд гэрээ болон эдлэх эрх үүргээ хүртэл харилцан хүлээн зөвшөөрсөн байдаг. Ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзаад үүнтэй холбоотой сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Хавтаст хэргийн 116 дугаар хуудсанд 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тухайн ажилтанд ноогдуулсан сахилгын шийтгэл байдаг. Ажилтан нь ярьж байна 2022 оны 8 дугаар сарын сүүлээр өттэй мах гарсан гэж байна. Гэвч ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Гэхдээ үүссэн асуудалтай холбоотойгоор тухайн өттэй хоол гарсан нь Н ХХК-тай огт хамааралгүй асуудал байдаг. Н ХХК-нь Г ХХК гээд хоол хүнсний үйлчилгээ үзүүлдэг компанийн тухайн өдрийн гарсан зөрчилтэй холбоотой асуудлаар холбогдох байгууллага буюу мэргэжлийн хяналтын байгууллагад хандаад Мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт гаргаад ийм зөрчил гарж байгаагүй. Ажил олгогчийн тухайн үеийн хоол хүнс нь стандартын шаардлага хангасан байна гэсэн дүгнэлтүүдийг хавсаргасан байдаг. Энэ хүн нь ажилтан болохоос биш төрийн эрх бүхий байгууллагын Улсын байцаагч юм уу, хуулиар олгогдсон эрх бүхий субъект биш. Тавих шаардлагаа хуульд заасан үндэслэлийн дагууд тавиагүй. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа өгөөд компанийнхаа нэр хүндэд халаад хэвийн үйл ажиллагаа явуулахад саад учруулсан. Үүнтэй холбоотой сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Хавтаст хэргийн 117 дугаар хуудсанд 2022 оны 9 дүгээр сарын 12-ний шөнийн ээлжид ажиллаж байх хугацаандаа өөрөө өглөөний ээлжээс өмнө би унтаж амармаар байна гээд шууд удирдлагадаа мэдэгдээд буусангүй гэх асуудлаар ажилтан нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 000 дугаартай Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалтай холбоотой холбогдох баримтуудыг мөн хавтас хэрэгт хавсаргасан. Шүүхийн буруутай үйл ажиллагаатай холбоотой процессын зөрчил гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Яагаад вэ гэхээр хавтас хэргийн 65 дугаар хуудсанд авагдсан 2022 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 0000 дугаар захирамжаар тухайн ажилтны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Тус захирамжийн үндэслэл бол ажилтан нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасны дагуу маргаан шийдвэрлэх байгууллагад хандаагүй байсан. Үндсэн шийдвэрлэх байгууллагад хандсаны дараа шүүхэд хандах боломжтой гэсэн үндэслэлээр татгалзсан байдаг. Мөн үүний дараа ажилтан нь Н ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах коммист хандаад улмаар комиссоос шийдвэр гараад тухайн ажилтныг буруутай юм байна гэсэн шийдвэр гарсан бөгөөд ажилтан нь шийдвэрийг эс хүлээн зөвшөөрөөд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0000 тоот дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гарсан байхад шүүхээс 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид танилцуулсан байдагтай холбоотой асуудал байдаг. Мөн тус захирамжтай холбоотой захирамжлах хэсгийн 1-т Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа журамд заасны дагуу бүрэн хийгдээгүй байна гэдэг хууль зүйн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж гарсан байдаг. Шүүхээс тус захирамжийг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр танилцуулсантай холбоотой асуудлаар нэхэмжлэгчийн зүгээс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад тухайн гомдлын дагуу бүрэлдэхүүнээр энэ шүүхийн буруутай үйл ажиллагаанаас болоод ажилтны эрх ашиг нь зөрчигдсөн гэдэг үндэслэлээр тус захирамжийг хүчингүй болгоод иргэний хэрэг үүсгэсэн асуудал байдаг. Энэхүү үйл баримттай холбоотойгоор хариуцагчийн зүгээс төрийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзээд давхар шүүхийн Ерөнхий зөвлөл болон төрийг төлөөлж байгаа хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байгаа учраас түүнийг төлөөлж гуравдагч этгээдийг оролцуулж өгөх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүхээс хангаагүй гэсэн асуудал байдаг. Шүүх Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, түүнийг сахин биелүүлэхтэй холбоотой хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзээд шударга ёсыг тогтоох, ариун үйл явдлыг биелүүлэх явцад шүүхээс хайхрамжгүй алдаатай үйлдэл гарсны улмаас давхар хариуцагчийн эрх ашиг зөрчигдөж байгаа асуудал байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу процессын зөрчил гарсан гэдгийг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс талаас: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүлээн авахаас татгалзсан материалын бүртгэлийн дэвтрийн хуулбар, 2022.10.03-ны өдрийн Б22000дугаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал,2022.10.10-ны өдрийн Б.Т-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Иргэний үнэмлэхний хуулбар, Оршин суугаа газрын тодорхойлолт, Н ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ, нууцлалын гэрээ, Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, 2022.10.26-ны өдрийн 03 дугаар Н ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл,Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.21-ний өдрийн 183/ШЗ2022/0000 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2022.11.22-ны өдрийн 183/ШЗ2022/0000 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,Н ХХК-ийн А ээлжийн хамт олон бид үйлдвэрчний эвлэлийн даргаар Б.Т-ыг сонгосон гэх хүмүүсийн гарын үсэг зурсан баримт, Б.т-ын ажлын үнэмлэх,Баримт бичгийн хэвлэмэл хуудас, тэдгэээрт бүрдлийг байрлуулахад тавих шаардлага, хавсралт, Б.Т-ын оршин суугаа газрын тодорхойлолт, зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, Г.Э-гийн Н ХХК-ийн хууль болон хүний нөөцийн хэлтэст гаргасан гомдол, Х.Э-ын Н ХХК-ийн хүний нөөцийн хэлтэст гаргасан гомдол, Д.Г-гийн Б.Т-т гаргасан гомдол, Б.Р-гийн Н ХХК-ийн удирдлага, хүний нөөц хуулийн хэлтэст гаргасан гомдол, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурал, 2022.10.26-ны өдрийн Нормаунт ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргана таслах комиссын хуралдааны тэмдэглэл, ажлын байрны тодорхойлолт, хавсралт, Н ХХК-ийн хурлын тэмдэглэл, Н ХХК хөдөлмөрийн гэрээ, нууцлалын гэрээ, Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, Компанийн ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам,зэргийг баримтын шаардлага хангуулан өгсөн байна.
Шүүх Зохигчдын хүсэлтээр П.З, Б.Р, Г.Э нарыг гэрч асууж, сидид үзлэг хийсэн. Хариуцагчийн хүсэлтээр Улсын мал эмнэлэг,ариун цэврийн төв лабораториос баримт гаргуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т хариуцагч Н ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, Н ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 13.1 дэх заалтыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч тухайн ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох чөлөөлөх хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа давтан биелүүлээгүй, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, давхар ажилтны гаргасан сахилгын зөрчил түүнд оногдуулсан хэм хэмжээ зөрчиж, сүүлийн нэг жилийн хугацаанд 3 удаагаа сахилгын шийтгэл авсан тул ажлаас чөлөөлсөн гэж маргаж байна.
Н ХХК 2022.03.01-ний өдөр Б.Т-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, дампын оператор албан тушаалд ажиллуулж байсан бөгөөд 2022.07.22-ны өдөр хаалттай сануулах сахилгын шийтгэл, 2022.09.12-ны өдөр хаалттай сануулах сахилгын шийтгэл, 2022.09.13-ны өдөр мөн сахилгын шийтгэлийг сахилгын шийтгэлийн маягтаар авчээ. /хх-ийн 115-117 дугаар тал/
Улмаар 2022.10.03-ны өдөр гүйцэтгэх захирлын Б22/000 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3-83.6, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 123.3, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.3, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3.5, 10 дугаар зүйлийн 10.3.2, 10.3.2.1, 10.3.2.3, 10.3.2.5, 10.3.2.12, Компанийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоор журмын 8 дугаар зүйлийн 8.1.1., 8.1.5, 9 дүгээр зүйлийн 9.2.10, 13 дугаар зүйлийн 13.1, 13.4.4 дэх заалтудыг үндэслэн Дампын оператор ажилтай Б.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022.10.03-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ.
Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан, 80 дугаар зүйлийн 80.1.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 123 дугаар зүйлийн 123.3.Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэх хуулийн зохицуулалтаар ажилтны хөдөлмөрийн харилцааг цуцалсан байна.
Нормаунт ХХК 2022.07.22, 2022.09.12, 2022.09.13-ны өдрүүдэд Б.Т-т сахилгын шийтгэл ногдуулахдаа сахилгын шийтгэлийн маягтаар ногдуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан ... сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан үзнэ гэх заалтыг зөрчсөн.
Б.Т-т ногдуулсан сахилгын шийтгэлийн маягтаас үзэхэд түүнд мэдэгдэж, тайлбар авсан эсэх нь тодорхойгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж сахилгын шийтгэл оногдуулжээ.
Н ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.10-т ажилтан хөдөлмөрийн гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ болон компанийн бусад дүрэм, журамд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, тухайлбал зөрчлийн улмаас хүний биед хүнд, хүндэвтэр гэмтэл учирсан, амь нас нь хохирсон, компанид үлэмж болон түүнээс их хэмжээний эдийн засгийн хор хохирол учруулсан эсхүл энэ журмын 13.3.3-т заасан сахилгын шийтгэл авснаас хойш 1 жилийн хугацаа дуусаагүй байхад дахин ямар нэг зөрчил гаргасан ажилтанд шууд Ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулах, 13 дугаар зүйлийн 13.1-д Ажил олгогч нь Ажилтнаас байгууллага дотооддоо мөрдүүлэхээр хэм хэмжээ тогтоосон энэ журам, бусад дүрэм, журам, эдгээртэй адилтган үзэх актуудыг чанд мөрдөж ажиллах, биелүүлэх, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрхтэй ба тэдгээрийг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хууль, энэ журам, ажилтантай байгуулсан гэрээнд заасан хэлбэрийн сахилгын шийтгэлийн арга хэмжээг зохих маягт, удирдлагын шийдвэр гаргасны дагуу авах бүрэн эрхтэй болно гэж заасан.
Үүнээс үзэхэд ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа маягтаар авсан нь буруу байх бөгөөд Б.Т-ыг сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл компанийн удирдлагаас сахилгын шийтгэл авах тодорхой эрхийн акт гаргах бөгөөд Стандарт, хэмжил зүйн газрын 2021 оны MNS 5140-1:2021 стандартын 3-т удирдлагын үйл ажиллагааны явцад хөтлөх баримт бичгийг захирамжлалын, зохион байгуулалтын, мэдээлэл лавлагааны гэж 3 ангилдаг бөгөөд Н ХХК-ийн сахилгын шийтгэлийн маягт нь эдгээр баримт бичигт хамаарахгүй байна.
Стандарт, хэмжил зүйн газрын 2021 оны MNS 5140-1:2021 стандартыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, хуулийн этгээд, аж ахуйн нэгжид дагаж мөрдөх бөгөөд Б.Т-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Иймд Б.Т-рыг Н ХХК-ийн дампын операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь зүйтэй байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу Б.Т-ын 2022 оны 7-9 сарын дундаж цалин хөлс 3.515.262 төгрөг байх бөгөөд түүнийг ажлаас халсан 2022 оны 10 сарын 03-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2024.01.22-ны өдөр хүртэл 15 сар ажлын 13 хоногийн дундаж цалин 53.478.081 /15сар х 3.515.262=52.728.930, 57.627х13өдөр=749.151, 749.151+52.728.930=53.489.081/ төгрөгийг Н ХХК-иас гаргуулж, Б.Т-т олгож шийдвэрлэв.
Б.Т-ын 2022 оны 7 сарын цалин 4.946.809 төгрөг, 8 сар 3.304.268 төгрөг, 9 сар 2.294.711 төгрөг буюу нийт 10.545.788 төгрөгийг 3 сард хуваахад нэг сарын дундаж цалин 3.515.262 төгрөг, 10.545.788 төгрөгийг тус саруудын ажлын хоногт 61-т хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс 57.627 төгрөгөөр тогтоов.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Б.Т-ын ажилгүй байсан хугацааны олговор 53.489.081 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлснийг баталгаажуулахыг Н ХХК-нд даалгах нь зүйтэй байна.
Б.Т Н ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 13.1 дэх заалтыг хүчингүйд тооцуулах тухай шаардлага гаргасан бөгөөд энэ шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд хамаарахгүй буюу шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-ыг Нормаунт ХХК-ийн дампын операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 53.489.081 төгрөг гаргуулж, Б.Т-т олгож, уг олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлснийг баталгаажуулахыг Н ХХК-нд даалгасугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар Нормаунт ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 13.1 дэх заалтыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, Н ХХК-иас 425.340 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО