Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/073

 

*******од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******од холбогдох эрүүгийн 2114000000202 дугаар хэргийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, ******* овогт Ганзоригийн Батболд, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, 2012 оны 11 дүгээр сарын 08-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, мөн 2019 оны 12 дугаар сарын 18-нд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар *******

******* нь согтуурсан үедээ 2021 оны 5 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрхан 1 дүгээр багийн Жаргалантын голын Хайрханы шил гэх газарт Sanya маркийн, улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикль жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.2. Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ. в/ мотоцикл, мофед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх; гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас уг мотоцикльд зорчиж явсан *******гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* ургийн овогт Ганзоригийн Батболдыг согтуурсан, мансуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар мотоциклын гарын цагаан өнгийн нэхийгээр хийсэн нударга 2 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн ... Sanya нэртэй улаан өнгийн мотоцикпь, 1 тооны нас гүйцсэн бүдүүн морь...ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч *******од буцаан олгож, Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: ******* нь 2021 оны 5 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчин осол гаргасны улмаас зорчиж явсан *******гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь хуульд заасан нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хэлбэртэй маргаж мэтгэлцэх зүйлгүй хэдий ч түүнд оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн 1.3-т заасан шударга ёсны зарчимд тохирсонгүй гэж үзэж байна. Учир нь: Хохирогчийн ар гэрийн зүгээс санамсар болгоомжгүй үйлдэгдсэн хэрэг байна.

Бид бие биенээ сайн таньж мэднэ, өс хонзон, өр авлагагүй, нэхэмжлэх зүйлгүй, сайн дурын үндсэн дээр, өөрийн санаачилгаар учирсан хохирлыг бүрэн төлсөн гээд шүүхийн хэлэлцүүлэгт гомдолгүй гэдгээ илэрхийлж хөнгөн шийтгэл оногдуулахыг хүссэн. ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж, Эрүүгийн хуулийн 6.5-д хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангасан, мөн хуулийн 6.7-д буюу 6.7-р зүйлийн 1.3-д бүрэн хамрагдах тул Тулгар төрийн 2230, их монгол улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон халдварт цар тахлын нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас 1 удаа өршөөн хэлтрүүлэх,чөлөөлөх, ялын төрлийг солих талаар гарсан 2021 оны 7 сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6-р зүйл Ялаас өршөөн хасах”-д зааснаар /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д оногдуулах хорих ялын доод хэмжээг 2 жилийг оногдуулан мөн хуулийн 6.2-д бүрэн хамруулж гэм бурууг тооцон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх бүрэн боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7.11-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, үндэслэлээр шийтгэх тогтоолыг мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д эсхүл 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар өөрчлөн шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдлоо гаргалаа гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: *******од оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жил болгон хөнгөрүүлэн өөрчилж, хорих ялаас бүрэн чөлөөлөхөөр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Шүүгдэгч ******* нь согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2021 оны 5 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрхан 1 дүгээр багийн нутаг Жаргалантын голын Хайрханы шил гэх газарт Sanya маркийн, улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикль жолоодож явахдаа онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас уг мотоциклийн ард нь зорчиж явсан ******* амь насыг хохироосон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь хавтаст хэргийн 5-14 дүгээр талд авагдсан Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн хэргийг газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэргийн 35-38 дугаар талд авагдсан хохирогч ийн, хавтаст хэргийн 41-42 дугаар талд авагдсан гэрч ын, 48-51 дүгээр талд авагдсан гэрч ын, хавтаст хэргийн 63-65 дугаар талд авагдсан гэрч гийн, хавтаст хэргийн 68-70 дугаар талд авагдсан гэрч гийн, хавтаст хэргийн 142-145 дугаар талд авагдсан Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 179-180 дугаар талд авагдсан мөрдөгчийн магадлагаа, хавтаст хэргийн 198-199 дүгээр талд авагдсан шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, гэм буруугийн асуудлаар маргаангүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч *******ын согтуугаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д оногдуулах хорих ялын доод хэмжээгээр 2 жилийг оногдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2 жилийг хасаж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх бүрэн чөлөөлөх боломжтой... хөнгөрүүлэн өөрчлөлт оруулах..” -аар гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй буюу шүүгдэгч *******од анхан шатны шүүхийн оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, хувийн байдалд нь тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Шүүгдэгч *******ын 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 11 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй юм.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9

дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч *******ын 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 11 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

Г.УЛАМБАЯР