Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 00095

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Сувдаа,
хохирогч Ж.Нансалмаа,
шүүгдэгч М.Гунгаажав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мээлэйн Гунгаажавт холбогдох эрүүгийн 201606000171 дугаартай, 132/2017/0100/Э индекстэй хэргийг 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, Булган аймгийн Баяннуур сумын “Шар тал” багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Харагчууд овогт Мээлэйн Гунгаажав /РД:ОЖ67090617/.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Гунгаажав нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр “Мустанг 5” маркийн мотоцикл жолоодож явахдаа МУ-ын ЗХД-ийн 2.3в, 9.2-т заасныг тус тус зөрчсөний улмаас осол гаргаж, зорчигч Ж.Нансалмаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч М.Гунгаажавын өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв ярьсан, нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.Нансалмаагийн өгсөн: Бид нэг гэр бүлийн хүмүүс, эмчилгээ хийлгэж биеийн байдал хэвийн болсон. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх мэдүүлэг,
201606000171 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Ж.Нансалмаагийн өгсөн: "... 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчим нөхөр М.Гунгаажавын хамт “Мустанг 5” маркийн мотоциклтой сумын төв орохоор явж байгаад зам тээврийн осолд орсон. ...40 орчим километрийн хурдтай явж байсан. ...Миний зүүн талын 4 хавирга хугарсан, гавлын ясны цууралттай байна гэсэн. Өөр гэмтэлгүй. М.Гунгаажав архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй явсан. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх 26, 27 тал/, Гэрч Д.Жаргалсайханы өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 06-ны орой ажил дээрээ байхад М.Гунгаажав эхнэр Ж.Нансалмаагийн хамт “мотоциклоос унаж бэртлээ” гээд ирж үзүүлсэн. Ж.Нансалмаагийн биеийг үзэхэд зүрхний авиа тод жигд, АД баруун уушиг АД 140х90, зүүн талд 120х80, пүлс 69, хүчилтөрөгч 89, уушиг цулцангийн амьсгалтай, цээж хөндүүрлэнэ, гуяны гадна хэсэгт эмзэглэнэ, цээжний зүүн суган доогуур эмзэглэлтэй, толгойн зүүн чамархайн хэсэгт гемодон үүссэн, хүүхэн хараа гэрлийн рефлекстэй, баруун чихний арьс язарсан байдалтай, мөчлөгт саа саажил хугарал үгүй байсан гэх мэдүүлэг /хх 29 тал/, Гэрч Г.Батбаярын өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед ...аав Гунгаажав, ээж Нансалмаа ннар нь гэрээсээ сумын төв орж хонины мах хөлдөөнчинд хийнэ гэж явсан. Ингэж явахдаа өөрийн “Мустанг 5” маркийн улсын дугааргүй мотоциклтойгоо явсан. Тэгээд 16 цаг 30 минутын үед Баяннуур сумын цагдаагаас аав, ээж хоёр чинь мотоциклтойгоо унаж аваарт орсон гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 30 тал/, Шүүгдэгч М.Гунгаажавын яллагдагчаар өгсөн: Би 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед Булган аймгийн Баяннуур сумын төвөөс өөрийн эзэмшлийн “Мустанг 5” маркийн улсын дугааргүй мотоциклтойгоо хөдөө гэрлүүгээ харихаар эхнэрийн хамт асфальтан замаар явж байгаад мотоциклтой зам дээр онхолдсон. Тэгээд эхнэр бид хоёр тэр газраас сумын эмнэлэг дээр ирсэн, эхнэрийг эмнэлэг дээр байлгаж байгаад удалгүй Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр авч явсан гэх мэдүүлэг /хх 43 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 7647 дугаартай 1. Ж.Нансалмаагийн биед суурь яснаас дух ясны зүүн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, хугаралын харалдаа зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн 3-4-5 дугаар хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн ГЗТЖ-ын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 33 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1 тал/, гомдол, мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл тэдгээрийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-14 тал/, тээврийн хэрэгсэл болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14-16 тал/, сэжигтэн, яллагдагчаар татсан тогтоол, байцаасан тэмдэглэлүүд /хх-42-43 тал/, түүний урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар /хх-47-48 тал/, замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт /хх 39 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Гунгаажав нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр “Мустанг 5” маркийн мотоцикл жолоодож явахдаа МУ-ын ЗХД-ийн 2.3в “мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч иээвэрлэхгүй байх”, 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас осол гаргаж, зорчигч Ж.Нансалмаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч, гэрч нарын хэрэг, үйл явдал болсон цаг хугацаа, орон зай, шалтгаан нөхцөл, учирсан гэм хор, хохирлын талаар өгсөн мэдүүлгүүд, “Ж.Нансалмаагийн биед суурь яснаас дух ясны зүүн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, хугаралын харалдаа зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн 3-4-5 дугаар хавирганы далд хугарал бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан байна.
Иймд шүүгдэгч М.Гунгаажавыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Гунгаажавын гэм буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх ба хохирогч эмчилгээ хийлгэж биеийн байдал хэвийн болсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгч М.Гунгаажавд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Гунгаажавын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан болон хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолооддог зан үйлээ засахыг үүрэг болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Гунгаажав нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харагчууд овогт Мээлэйн Гунгаажавыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч М.Гунгаажавыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолооддог зан үйлээ засахыг үүрэг болгосугай.
3. Энэ хэрэгт шүүгдэгч М.Гунгаажав нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурьдсугай.
4.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, түүнийг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гунгаажавт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД