Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 87

 

Ц.Ч-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 142/2019/00585/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  08 дугаар сарын 29-ний өдрийн 804 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Ц.Ч-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Н-т холбогдох

"Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 3-р байр, 75 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өөрийн өмчлөлийн байрнаас Ч.Н-ийг албадан гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ц.Ч-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ч-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, Л.Оюунсувд, хариуцагч Ч.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Ч-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нараас:

Миний бие нь Сэлэнгэ аймагт мал маллаж амьдарч байгаад бөөрний дутагдал өвчний улмаас мал ахуйгаа зарж 2018 оны 8 сард Дархан-Уул аймагт ирээд Дархан сумын 13-р багийн 3-р байрны 75 тоот 2 өрөө байрыг 62.000.000 сая төгрөгөөр худалдан авсан. Би ганц охинтой түүнийгээ багаас нь нүдний цөцгий мэт хайрлаж түүнийг юугаар ч дутаахгүй өсгөж ирсэн. Одоо охин Ч.Н- нь 27 нас хүрч гэр бүлтэй 2 хүүхэдтэй болсон байгаа. Миний бие өвчний учир байнга бөөрний аппаратад орох шаардлагатай байдаг учраас эмнэлэгтэй ойрхон гээд энэ байрыг авсан. Ганц охинтой учраас түүнийхээ нэрийг ч байрны өмчлөх эрхийн гэрчилгээндээ оруулж хамтран өмчлөгч болгосон. Би охиндоо хоёр машин авч, хоёр хүүхдэд нь 500.000, 500.000 төгрөгийн хадгаламж нээж өгч байсан, нөхөрт нь 2 мотоцикл авч өгч байсан удаатай. Гэтэл сүүлийн үед охин маань намайг гэртээ оруулахгүй хөөж туугаад байдаг болсон тэгээд зогсохгүй хаалганы цоожоо хүртэл сольсон байна. Арга ядаад би орцонд гэрийнхээ хаалганы хажууд хүртэл хонож байсан. Тэгэхэд охин Ц.Н- амгалан тайван байдал алдагдууллаа гээд цагдаа хүртэл дуудаж байсан. Нэгэнт Ц.Н- надтай амьдрах хүсэлгүй бол би түүнийг байрнаасаа гаргаж өөрөө амьдармаар байна. /алийн болгон айлаар хоноглож явах вэ\ байрны өмчлөх эрхээс ч Ч.Н-ийн нэрийг нь хасуулмаар байна. Иймд Ч.Н-ийг Дархан сум, 13-р баг, 3-р байр, 75 тоот 2 өрөө байрны өмчлөгчөөс нэрийг хасуулж. Мөн уг байрнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ч- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Миний бие өвчний учир байнга бөөрний аппратанд орох шаардлагатай байдаг учраас эмнэлэгтэй ойрхон байр авахаар шийдээд энэ тухайгаа охин Ч.Н-т хэлэхэд байр судалж хайя гэж хэлээд С.Оюунцэцэг гэдэг хүнийг байраа зарах гэж байна гээд намайг уулзуулсан. Би байр авахын тулд 4 улирлын турш хүйтэнд хөрж халуунд халж өсгөсөн хэдэн малаа зарж 62.000.000 төгрөг болгоод шуудайнд хийж үүрч ирэн байр худалдаж байгаа эмэгтэйд өгч 2 өрөө орон сууцыг худалдан аваад худалдах, худалдан авах гэрээг хийх гэтэл надад иргэний үнэмлэх байгаагүй, сунгалт хийлгэх гээд өгсөн байсан учраас охин Ч.Н-ээр гэрээг хийлгэж, нотариатаар батлуулж байсан. 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ ганц хүний өмч буюу Ч.Н-ийн нэр дээр гарсан байна. Ч.Н- шүүхэд тайлбар хийхдээ уг орон сууцыг өөрийн хөрөнгө мөнгөөрөө авсан гэж хэлсэн байна. Энэ орон сууцыг худалдан авахад Ч.Н-ээс нэг ч төгрөг гараагүй юм. Би өөрийн 62 000 000 \жаран хоёр сая\ төгрөгөөрөө уг байрыг худалдан авсан учраас уг байрны хууль ёсны өмчлөгч би байх нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна. Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум 13-р баг, 3-р байрны 75 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож, миний өмчлөлийн байрнаас Ч.Н-ийг албадан гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Ч.Н-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага гаргасантай танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах тайлбарыг гаргаж байна. Би нэхэмжлэгч Ц.Ч- гэж хүний төрсөн охин нь мөн. Би эхээс хоёулаа байсан. Миний дүү 2017 оноос 08 сард аавын адууг харж байгаад хүнд алуулсан. Аав Ч- насаараа адуу малласан. Аав Ч- ээжээс 15 жил ханилаад салсан. Намайг хүүхэд байхад сургууль соёлоор явуулаагүй сургуульд яахын гээд сургаагүйд би маш их гомддог. Эв эрүүл байж аймаар зүйл ярьдаг болохоор нь би ааваас айдаг. Аав хаалга үүд өшиглөж байраар нэг доромжилдог. Манай 08-10 насны хоёр хүүхэд өвөөгөөсөө айдаг. Манай аав Ч- сүүлийн үед бөөрний архаг дутагдалд орсон мөн зүрхний болон сахарын өвчтэйг би өөрөө УБ хотод дагуулж явж оношлуулж байсан. Нэхэмжлэлд бичсэн байр бол манай аавын байр биш миний өөрийн байр юм. Тус байрыг би 2018.09.24-ний өдөр хүнээс худалдаж авсан бөгөөд байр манай аав бид хоёрын хамтран өмчлөлд байдаггүй миний өмчлөлийн юм. Аав нэхэмжлэлдээ өөрийгөө тус байрыг худалдан авсан төдийгүй өөрөө хамтран өмчлөгч гэж ташаа бичсэн байна. Иймд аав Ч- намайг тус байрны өмчлөгчөөс хасуулах болон албадан чөлөөлүүлэх шаардах эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ч.Н- шүүхэд гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Ч- нь миний төрсөн эцэг. Би төрсөн ганц охин нь мөн. Ээж Б.Нансалмааг харж асарч байна. Манай аав цор ганцаараа жилийн 4 улиралд малаа өсгөж хөрөнгөжөөгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. ...миний аав болохоор намайг нүдний цөцгий мэт хайрлаж юугаар ч дутаахгүй харж хандсан гэж бичсэн байна. Тэгвэл намайг боловсролоор дутаасан, хайр халамж, халуун дулаан үг, ээжтэйгээ элэг бүтэн байх заяагаар дутаасан. Одоо орон байр орох оронгоор дутаах гээд хоёрын хоёр өмгөөлөгч хөлсөлж авчхаад шүүхээс зарга үүсгээд явж байгаад нь дахин гомдож байна. Харин 2018 оны 09 сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг С.Оюунцэцэг гэж хүнтэй 30.000.000 төгрөгөөр байгуулж авсан. Байрыг авах үед худалдагч тал С.Оюунцэцэг, нөгөө талаас аав Ц.Ч- нь цаашдаа чиний өмч учраас чи нэрээ өмчлөгчөөр бүртгүүл гэж хэлсэн. Түүнээс биш өөрийн нэрийг гэрчилгээнд орсон гэж ойлгож байсан боловч оруулаагүй байна гэж шал худлаа юм. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө муудалцаад аав, намайг чамайг, алчихаад үхье гээд гэрийн үүд хаалга сахиад намайг болон манай хоёр бага хүүхдийг айлгаад байсан учир гэртээ оруулж чадаагүй асуудал гарсан. Уруул дордойвч, элэг дордойхгүй гэж үг байдаг шиг түр зуур муудалцсан ч нэг насаараа хоёр тийш болохгүй шүү дээ. Байрны өмчлөгчөөр аав Ц.Ч-гийн нэрийг нэмж өмчлөгчөөр тогтоолгохыг зөвшөөрнө. Цаашид аавыгаа асарч, түшихийг хүсч байна. Аавын өмгөөлөгч нар нь бид хоёрыг бүр илүү битгий талцуулаасай гэж хүсч байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  08 дугаар сарын 29-ний өдрийн 804 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар Ц.Ч-гийн нэхэмжлэлтэй Ч.Н-т холбогдох Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 10 хороолол, 3-р байрны 75 тоот, 2 өрөө, 47,84 м.кв, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003017342 дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, байрнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ч-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

 Анхан шатны шуух шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт:

1. ...шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тус маргаан бүхий орон сууцыг худалдаж авахад зарцуулсан 62.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Ч- төлсөн болох нь тогтоогдож байна гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа өмнөх өмчлөгчөөс буюу С.Оюунцэцэгээс дараагийн өмчлөгч буюу Ч.Н-т өмчлөх эрх шилжихдээ ИХ-ын 109.1, 110.1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтээр тус орон сууцны хоёр дахь өмчлөгч болох Ч.Н-тэй өмчлөлийн маргаан үүсгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч Ц.Ч-гийн эрхийг хязгаарласан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн ойлгомжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ нь шүүх маргалдагч талууд болон маргааны зүйлийн талаар төөрөгдөлд орсон болохыг харуулж байна.

 2. ...нэхэмжлэгч Ц.Ч-гийн хувьд улсын бүртгэлийн тэмдэглэлээр эрх шилжүүлэгч буюу өмнөх өмчлөгч ч биш, эрх олж авч байгаа этгээд буюу шинэ өмчлөгч ч биш бөгөөд орон сууцны үнийг төлсөн, тус орон сууцыг өөрийн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөртөө зориулан авсан гэдэг үндэслэлээр орон сууцны өмчлөлтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч юм. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэсэн хуулийн заалтууд болох ИХ-ын 109.1, 110.1, 183.1 гэх заалтууд нь тус нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хэрэглэгдэх хуулийн заалт биш байхад шүүх хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

3. Маргаан бүхий орон сууцыг худалдан авсан 62.000.000 төгрөгийг төлсөн иргэн /нэхэмжлэгч/ орон сууцныхаа өмчлөгчөөр тогтоолгох бүрэн боломжтой Монгол Улсын хууль тогтоомж энэ шийдвэрлэх зохицуулалтыг хангалттай хуульчилсан гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүх гомдлыг минь хүлээн авч Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангаж,  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч  Ц.Ч-  хариуцагч  Ч.Н-т холбогдуулж  Дархан сумын  13 дугаар баг, 3 дугаар  байр, 75 тоот  2 өрөө орон  сууцны  өмчлөгчөөр тогтоолгох,  өмчлөлийн байрнаас Ч.Н-ийг албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэл  гаргасныг  хариуцагч  эс зөвшөөрч  маргасан  байна.

            Хэргийн үйл баримтаас үзвэл 2018 оны 9 дүгээр сард  Дархан сумын 13 дугаар багийн 3 дугаар байр, 75 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авахаар Ц.Ч- нь худалдагч талтай тохиролцож, худалдах худалдан авах гэрээг худалдагч талтай  Ч.Н- хийж \хэргийн  62 дугаар тал\, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн   Y-2003017342 дугаарт  Ч.Н-ийн нэрээр бүртгүүлж 000674335 тоот гэрчилгээ  авсан байна.\хэргийн 16 дугаар тал\

            Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд Ч.Н- анхан шатны шүүх хуралдаанд “...аав  энэ байр яваандаа чиний л юм болно...” гэж хэлсэн гэх тайлбар нь  худалдах худалдан авах гэрээний тал нь түүний эцэг Ц.Ч- байсан  болохыг нотолж байна.

            Ц.Ч-гийн “...Сэлэнгэ аймагт мал маллаж амьдарч байгаад бөөрний дутагдал өвчний улмаас мал ахуйгаа зарж..., ...2 өрөө байрыг 62.000.000 төгрөгөөр  худалдан авсан..., ...өвчний учир байнга бөөрний аппаратад орох шаардлагатай байдаг, эмнэлэгтээ ойрхон гээд  энэ байрыг авсан...” гэх тайлбарыг Төрийн банкны депозит дансаар 32.000.000 төгрөгийг бэлнээр гаргаж авсан баримт \хэргийн 31 дүгээр тал\ 62.000.0000 төгрөгийн мал худалдсан  талаар мэдэх гэрч Ц.Одвогийн  мэдүүлэг нотолж байна.

            Харин  худалдах худалдан авах гэрээний  үнийн тал хувийг  Ч.Н- гаргасан гэж  маргаж байгаа боловч  үүнийгээ нотолсон баримтыг  шүүхэд ирүүлээгүй.

Анхан шатны шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй байна.

Талууд худалдах, худалдан авах гэрээг бичгээр хэн байгуулсан, уг гэрээний дагуу  бүртгэлийн газарт бүртгүүлсэн үйл баримтын талаар   маргаагүй .

Ийм байхад худалдах худалдан авах бичгийн гэрээ, улсын бүртгэлийг үндэслэн  өмчлөх эрхийн талаарх маргааныг шийдвэрлэсэн нь буруу юм.

Бүртгэлийн газар нь хэлбэрийн шаардлагыг хангасан гэрээг үндэслэж, бүртгэл хийж байгаа нь өмчлөгчийг тогтоож байгаа асуудал хараахан биш юм.

            Энэ нь гэрээний үндсэн дээр өмчлөгчийг бүртгэж байгаа төрийн  байгууллагын үйл ажиллагаа юм.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

            Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар маргаан гарсан тохиолдолд  хуулийн дээрх заалт нь үнэн зөв эргэлзээгүй баримт болох  үндэслэлгүй юм.

            Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-ийн  Эрх шилжүүлж байгаа  этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэсэн заалтын агуулга нь бүртгэлийн газарт хандсан өмчлөгч, гуравдагч этгээдэд зориулсан заалт ба бүртгэлийг буруу ташаа гэдгийг мэдээгүй тохиолдолд  үнэн зөвд тооцох агуулгатай байна.

Харин шүүх өмчлөх эрхийн талаар, бүртгэлийн талаар маргаан гарсан тохиолдолд  өмчлөх эрх хэнээс хэнд шилжсэн түүний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийх ёстой.

Ц.Ч-д орон сууц худалдаж авах хүсэл зоригийн илэрхийлэл байсан, орон сууцыг өөрийн мөнгөөр худалдан авсан болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүний нэхэмжлэлийг бүрэн хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

Ч.Н- орон сууц худалдан авах  шаардлага, хүсэл зориг байсан гэдгээ  баримтаар нотолж чадаагүйгээс гадна 32.000.000 төгрөгийг ааваас авчихвал нэрээ хасуулахыг зөвшөөрч байна гэсэн тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй  гэж үзэх  үндэслэл мөн  болно.

Иймд   анхан шатны шүүхийн шийдвэрт  дээрх үндэслэлээр  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  08 дугаар сарын 29-ний өдрийн  804 дүгээр  шийдвэрийн  Тогтоох хэсгийн   1 дүгээр заалтыг,

            Иргэний хуулийн  101 дүгээр зүйлийн  101.1, 106 дугаар зүйлийн  106.1-д заасныг баримтлан  Дархан-Уул аймгийн Дархан сумын  13 дугаар багийн, 3 дугаар байрны 75 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Ц.Ч- мөн болохыг тогтоож, уг байрыг Ч.Н-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй гэж 2 дугаар заалтад “...140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Н-ээс 140.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ч-д  олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг  шүүгчийн захирамжаар гаргаж,  буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.          

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                  

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                      С.ЭНХЖАРГАЛ