| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1814002440107 |
| Дугаар | 2021/ДШМ/074 |
| Огноо | 2021-11-09 |
| Зүйл хэсэг | 17.8.3.1., 10.1.2.1., 10.1.2.8., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2021/ДШМ/074
Б.Нямдаваад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Нямдорж
Шүүгдэгч Б.Нямдаваа, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/237 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Б.Нямдаваад холбогдох эрүүгийн 1814002440107 дугаар хэргийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Бадний овогт Бат-Очирын Нямдаваа, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2015 оны 08 дугаар сарын 05-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2015 оны 11 дүгээр сарын 17-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулсан, 2018 оны 01 дүгээр сарын 15-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2018 оны 07 дугаар сарын 04-нд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нийт биечлэн эдлэх хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоосон, 2018 оны 10 дугаар сарын 08-нд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж дээрх ялыг нэмж нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон. Улмаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хугацааг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хугацааг 3 жил 6 сар 25 хоногийн хугацаагаар тогтоосон, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар хорих ялаас 1 жил 2 сар 5 хоногийн хугацааны өмнө суллагдсан, регистрийн дугаар /ВЖ96010310/
Б.Нямдаваа нь 2018 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Угалз” 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дээд угалзын амны Түйн голын хажууд нутаглах иргэн Ч.Дэлгэрбаасангийн гэрийн орчим очих үед гэрийн эзэн Ч.Дэлгэрбаасан “цагдаа дуудлаа шүү” гэж хэлснээс болж түүнийг цамцаар нь хоолойг нь боож ухаан алдуулсан улмаар гэрт оруулж талийгаачийг ухаан орохгүй байхаар нь хэргийн ул мөрийг нуун далдлах зорилгоор гэрийнх нь гаднаас гал гаргаж шатааж онц харгис хэрцгийгээр олон хүний амь бие эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар алсан гэмт хэрэгт холбогджээ / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Нямдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 17.8 дугаар зүйлийн 3.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Бадний овогт Бат-Очирын Нямдаваад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Бадний овогт Бат-Очирын Нямдавааг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, хүнийг онц харгис хэрцгийгээр алах, гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Бадний овогт Бат-Очирын Нямдаваад холбогдуулан зүйлчилсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Бадний овогт Бат-Очирын Нямдавааг арван найман /18/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Нямдаваад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан арван найман /18/ жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн нэг жил хоёр сар тав /01 жил 02 сар 05 хоног / хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг арван есөн жил хоёр сар тав /19 жил 02 сар 05 хоног/-ийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Нямдаваад арван есөн жил хоёр сар тав / 19 жил 02 сар 05 хоног /-ийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Нямдаваагийн энэ хэргийн учир 150 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Нямдаваагаас таван сая гурван зуун дөрвөн мянган /5.304.000/ төгрөг гаргуулж, хохирогч иргэний нэхэмжпэгч Ч.Пүрэвсүрэнд олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогчийн нэхэмжилсэн хоёр сая /2.000.000/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр замган түгжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар мэдүүлэг бүхий /гурав/ 3 ширхэг ВВД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Нямдаваад авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Прокурор В.Дэлгэрмаа 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр эсэргүүцэлдээ:
Шийтгэх тогтоолыг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 50 минутад хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:
1. Шүүхийн шийтгэх тогтоолоор Бат-Очирын Нямдаваад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэлд шүүгдэгч Б.Нямдаваагийн хохирогч Ч.Дэлгэрбаасанг алсан, гэрийг нь шатаасан үйлдэл нь олон хүний амь бие эд хөрөнгөд хохирол учруулаагүй бөгөөд үйл баримт болох үед хохирогч гэртээ ганцаараа байсан, хохирогчийн гэрийн ойролцоо өөр айл болон нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам харилцаа цахилгаан өөр айл болон нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам харилцаа цахилгаан дулаан түгээх сүлжээ, осол гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл тоног төхөөрөмж байгаагүй болох нь тогтоогдсон тул дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл олон хүн гэдэгт хоёр буюу түүнээс олон хүнийг нэг цаг хугацаанд эсхүл тодорхой цаг хугацааны дараа хэрэгжүүлсэн байх, олон хүний амь нас эд хөрөнгөд хохирол учруулж болох арга нь хохирогч төдийгүй өөр бусад хүний амь насанд аюултай гэдгийг ухамсарласан, хүссэн, хэд хэдэн хүний амь нас хохирсон, хэд хэдэн өмчлөгч хууль ёсны эзэмшигчийн эд хөрөнгө устгагдсан байхыг ойлгоно гэж үзэн шүүгдэгч Б.Нямдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байх бөгөөд уг гэмт хэргийг олон хүний хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэнийг хүндрүүлэх эаасан.
Тиймээс шүүгдэгч Б.Нямдаваа нь амь хохирогч Ч.Дэлгэрбаасанг “цагдаа дуудлаа шүү” гэж хэлснээс болж түүнийг цамцаар хоолойг нь боож ухаан алдуулан гэрт нь оруулан хэргийн ул мөрөө баллаж, нуун далдлах зорилгоор гэрийнх нь гаднаас гал гарган шатааснаар тухайн гэрт хүн байгаа, байхгүйгээс үл шалтгаалан төгс үйлдэгдсэнд тооцогдох тул дээрх үйлдлийг нь олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзсэн болно.
Галдан шатаах арга нь өөрийн ул мөрөө арилгах зорилгоор бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмт санаа сэдлээс үл хамаарч цаашлаад бусдын амьд явах, өмчтэй байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж, хүрээлэн буй орчин, бусад барилга байгууламжийг хамарсан гал түймэр гарах аюулыг дагуулдгаараа нийгэмд аюултай үйлдэл бөгөөд энэ нь дээрх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж буйн илрэл юм.
Мөн шүүхээс шүүгдэгч Б.Нямдаваа нь бусдын эд хөрөнгийг олон хүний эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу санаатайгаар галдан шатаах хэлбэрээр үйлдсэн байхад ямар учраас Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан заавал 2 ба түүнээс дээш тооны хүний амь нас хохирсон эд хөрөнгөд хохирол учрах байсан юм шиг дүгнэсэн үндэслэлгүй.
Учир нь амь хохирогч Ч.Дэлгэрбаасан нь амьдрах орон гэр болох байшин нь доторх эд хөрөнгийнхөө хамт бүхэлдээ шатсан, тухайн цаг хугацаанд тэрээр ээж болон охины хамт амьдардаг байсан, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд хамт амьдарч байсан ээж, охин нар нь байхгүй эзгүй байсан нь тогтоогдсон байдаг бөгөөд Б.Нямдаваагийн санаатайгаар галдан шатаасан үйлдлийн улмаас амь хохирогч болон түүний ээж, охины өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө шатсан гэж үзнэ.
Нөгөөтээгүүр хэрэгт эд хөрөнгөөр хохироод зогсохгүй амь хохирогч Ч.Дэлгэрбаасан нь нас барсан хэдий ч түүний хамтран амьдрагч охин болон ээжийнх нь хууль ёсны эрх, ашиг сонирхол, дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөх эрх зөрчигдөж байгааг анхаарах нь зүйтэй.
Хэргийн нөхцөл байдлаас авч үзвэл уг галыг онцгой байдлыг газраас очиж унтраасан, гал гарах явцад нэг ямаа шатсан бөгөөд хэрэв онцгой байдлын алба тухайн хэргийн газарт шуурхай очоогүй бол хотонд нь байсан мал, цаашлаад тухайн газар орчин, хөрш зэргэлдээ айл, байгаль орчин шатаж хохирол учрах боломжтой байсан зэргээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоор бус гэмт хэрэг үйлдсэн аргын хувьд илүү хохирол учруулах аргаар үйлдсэн үйлдлийн арга нь хэргийн зүйлчлэлд илүү хамааралтай болно. Галдан шатаах үйлдлийн улмаас гал түймэр гарах боломжтой бөгөөд ойр орчимд өөр хүн амьтан байснаас үл хамааран хөрсөн доорх гал түймэр, тал хээрийн гал түймэр гарах боломжтой байсныг шүүхээс анхаарч үзээгүй байна. Санаатайгаар галдан шатаах битгий хэл санамсаргүйгээр ганц ширхэг чүдэнз зурах, тамхины ишийг унтраалгүй хаях, үнс асгах төдийд ямар их хохирол дагуулсан гал түймэр гардгийг бид мэднэ. Гэтэл санаатайгаар бусдын эд зүйлийг шатааж буй үйлдлээс цаашид ямар хор уршигт хүргэж болохыг гэмт этгээд мэдэж, түүнд зориуд хүргэж буйг анхаарах хэрэгтэй.
Иймд шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчилсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилсэн зүйлчлэлийг хөнгөрүүлж 17.8 дугаар зүйлийн 1 болгон шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болно..
Шүүхээс хэргийг хөнгөрүүлэн зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байхад Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь эрх зүйн байдлыг дордуулсан буюу хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Түүнчлэн хэргийн зүйлчлэлийн хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж буй хэдий ч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг заавал хангуулж байж хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчаас зүйлчилж буй хэргийн зүйлчлэл дээр маргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатыг 1 үе шаттай явуулсан атлаа шүүхийн шийдвэрээ уншиж сонсгохдоо шүүгдэгчийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн байна.
Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдаан даргалагчаас шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн тал дээр маргах эсэхийг тодруулахад тэдгээрээс гэм буруу болон хэргийн зүйчлэл дээр маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэхэд шүүх хуралдааныг нэг үе шаттайгаар явуулахаар шийдвэрлэн улсын яллагчаас гэм буруу болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ нэг мөр хэлэхийг зөвшөөрсний дагуу улсын яллагчийн зүгээс прокуророос шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийн дагуу ял шийтгэл оногдуулахаар дүгнэлтээ гаргасан байдаг.
Гэвч шүүхээс шүүх хуралдааныг завсарлуулан шийдвэр гаргахдаа прокуророос шилжүүлсэн хэргийн зүйчлэлээс нэг зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, нэг зүйчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн шийдвэрийг уншиж сонсгосон юм.
Дээрх нөхцөл байдал шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагдах болно.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/237 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:
Шүүгдэгч Б.Нямдаваа нь 2018 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Угалз” 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дээд Угалзын амны Түйн голын хажууд нутаглах иргэн Ч.Дэлгэрбаасангийн гэрийн орчим очих үед гэрийн эзэн Ч.Дэлгэрбаасан “цагдаа дуудлаа шүү” гэж хэлснээс болж түүнийг цамцаар нь хоолойг нь боож ухаан алдуулсан улмаар гэрт оруулж талийгаачийг ухаан орохгүй байхаар нь хэргийн ул мөрийг нуун далдлах зорилгоор гэрийнх нь гаднаас гал гаргаж шатааж хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт нь 2 дугаар хавтаст хэргийн 41-42 дугаар талд авагдсан “ ... эмэгтэйг цамцны захаар нь хоолой хүзүүг нь бооход намайг ганц нэг удаа алгадаад тэгээд боосон боолтод орж газар уначихаар нь сэргээхээр биеийг нь сэгсэрсэн боловч сэргэхгүй байхаар нь талийгаач эмэгтэйг шууд өргөөд гэрт нь оруулж зүүн талын орон дээр хэвтүүлээд мөн ухаан оруулах гэж гарт таарсан алчуураар сэргээх гэж сэвсэн боловч уг эмэгтэй ухаан орж сэргээгүй, тэгээд би уг эмэгтэйг үхчихсэн юм байна гэж бодоод гэрээс гарахдаа гэрийн цагаан бүрээсний зүүн талын хэсэгт шүдэнз зурж гал тавихад гэр шууд татаж эхлэхээр нь тэр чигтээ гүйж аймгийн төв рүү орж ирээд найз Хүнбишийн гэрт нь орж унтаж амарсан...” гэх шүүгдэгч Б.Нямдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар талд авагдсан “... Манай төрсөн дүү талийгаач Ч.Дэлгэрбаасан Түйн голын зах дээр гэр барин малтайгаа ганцаараа амьдардаг байсан бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө гэртээгээ шатаж амь хохирсон юм. Талийгаач Ч.Дэлгэрбаасан нь гэртээ ганцаараа мал маллаж амьдардаг байсан бөгөөд нэг эмэгтэй нэг хүүхэдтэй байсан юм. Талийгаач Ч.Дэлгэрбаасан нь ам бүл хоёулаа нэг охинтой, охин нь 13 настай, тухайн хэрэг учрал болох үед охин нь эмээгийндээ байсан юм ...” гэх хохирогч Ч.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дүгээр талд авагдсан “... Хэргийн газарт очиход гэр бол бүрэн шатсан, цогцос болохоор гэрийн ертөнцийн зүгээр зүүн хэсэгт дээшээ харсан байдалтай шатаж байсан юм. Ойр хавиар нь хүн амьтан бол байгаагүй..., гэрээс яндан, зуух л үлдсэн байсан. Бусад нь бол бүрэн шатсан байсан юм, галын голомтыг мөн тогтоох боломжгүй байсан...” гэх гэрч Х.Цэнд-Очирын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр талд авагдсан “... Хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад одоо бодоход шөнийн 3 цаг өнгөрч байсан байх... Түйн голын хажуу хэсгээр юм шатаж байгаа харагдсан. Тэгэхээр нь шууд Оготнотой булгийн урдуур байх засмал замын дагуу голын хажуу хэсэгт очиход шатаж буй айл голын нөгөө талд байсан ба тэрүүгээр нь машин явах боломжгүй байсан. Тэгэхээр нь буцаж яваад гүүрээр гарч яваад тийшээ очиход айл шатаж байсан. Тэр хавиар янз бүрийн хүн байгаагүй. Гаднаас ажиглаж харахад шатаж буй гэрийн дотор хүний цогцос харагдаж байсан...” гэх гэрч Г.Батсуурийн мөрдөн байцаалтад мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 124-126 дугаар талд авагдсан “...Түйн голын эрэгт өөрийн адуу болон үхрээ тэжээж байсан. ... Нэг өглөө ирэхэд айл шатсан, цагдаа энэ тэр ирсэн байсан. Би тухайн үедээ өөрийн танил болох нутгийн дүү А.Хүнбиш “Ганбанзаа” гэж дууддаг, залууг гуйж зохих хэмжээний хөлс мөнгийг өгөөд ажиллуулж байсан. тухайн үед А.Хүнбишийн найз гээд Нямдаваа гээд залуу Хүнбиштэй хамт ирж Хүнбишид тусалдаг байсан...” гэх гэрч Ж.Банзрагчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 180-181 дүгээр талд авагдсан “..Тухайн хэргийг онгорхой хочит Нямдаваа үйлдсэн талаараа Нямдаваа өөрөө 2018 оны 05 дугаар сар гарчихсан байхад хэлэхэд нь мэдсэн. Тухайн үед би Баянхонгор аймгийн богд сумын Баруун богд гэдэг газарт мал маллаж өвөлжиж байгаад 2018 оны 05 дугаар сард малын ноолуур тушаахаар аймгийн төвд орж ирсэн юм. Аймгийн төвд ирсэн учраас ахмадын ордонд болдог байсан бүжигт орохоор очих үед онгорхой хочтой Нямдаваатай тааралдахад ордны үүдэнд архи уугаад нэлээн согтчихсон намайг хараад “ах хэзээ ирсэн” гээд мэнд ус мэдээд байж байснаа хөдөөнөөс ноолуур тушаах үед орж ирснийг мэдсэн учраас “ганц шил архи уучихмаар байна” гэхээр нь мөнгөтэй байсан болохоор нэг шил архи ахмадын ордны ойролцоо байдаг дэлгүүрээс авч өгсөн. Тэгтэл авч өгсөн архинаас ганц хоёр татчихаад “танд л гэж хэлж байгаа юм шүү, юу вэ гэвэл дүү нь Түйн голын цаана байдаг айлын хүнийг алчхаад гэрийг нь шатаачихсан” гэж хэлэхээр нь тэр үед согтуу хүн юу ярьж байгаагаа мэдэхгүй дэмий юм ярьж байна гэж бодоод нэг их тоогоогүй юм. Тэгээд Нямдаваа тухайн жилээ хулгайн хэргээр ял эдэлж огт уулзаагүй байж байтал 2020 оны өдийд 4 сард санагдаж байна, гэхдээ яг сар, өдрөө санахгүй байна... миний 80848424 дугаар луу мобикомын утасны дугаараас Нямдаваа залгаад “Нөгөө хүний хэрэг юу болж байгаа бол, хүмүүс асууж сураглаж байна уу” гэхээр нь “юун хэрэг вэ” гэж лавлаж асуутал “танд хэлж байсан хүн амины хэрэг” гэж хэлэхээр нь согтуудаа ярьж байсныг санаад “мэдэж байгаа юм алга, чиний ярьсан зүйл чинь үнэн байсан юм уу” гэхэд “үнэн” гэсэн хариу хэлээд “надаас нэгж байвал явуулаарай” гэхээр “хөдөө ажиллаж байгаа учраас нэгжгүй байна” гэхэд утсаа салгасан... Түүнээс хойш Нямдаваатай уулзаж тааралдаагүй....
...Мөн нэг удаа аймгийн төвд явж байтал Хөгжимт бүжгийн театрын ойролцоо А.Хүнбиш гээд Нямдаваагийн найзтай тааралдахад мэнд ус мэдэлцэхэд Хүнбиш надад Нямдаваагийн талаар яриад “цаадах чинь голын цаана байдаг хүнийг алчихсан гэдгээ надад хэлсэн” гэхээр нь “надад бас хүн алсан гэж хэлсэн, яагаад тэгсэн юм бол би итгэхгүй байсан юм” гэсэн зүйл ярьсан. Тэр үед Хүнбишээс Нямдаваагийн ял эдэлж байгаа хэргийнх нь талаар асуухад Хүнбиш надад хүн алсан талаар нь хэлсэн... Яагаад хүн алж гэрийг нь шатаах болсон талаараа хэлээгүй...” гэх гэрч Т.Сайнбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дүгээр талд авагдсан “... 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Дэлгэрбаасангийн цогцост нас барсан шалтгаан болон бусад асуудлыг тогтоох зорилгоор Шүүх эмнэлгийн задлан шинжилгээг хийсэн. Шинжилгээний явцад цагаан мөгөөрсөн хоолойд хар саарал өнгийн их хэмжээний тортогны агууламжтай, нийт эрхтнүүд тод улаан ягаан өнгөтэй цус шингэн төлөв байдалтай байсан. Химийн шинжилгээнд авсан цусны дээжийн хариунд спиртийн агууламж илрээгүй. Карбоксигемоглобин /угаарын хий 53% хувийн илрэлтэй байсан.
Үүнээс дүгнэж гаргахад талийгаач Ч.Дэлгэрбаасан нь амьд үедээ утаагаар амьсгалсан, мөн цусанд угаарын хий 53% илэрсэн нь угаарын хийн хурц хордлогын улмаас нас барсан гэж дүгнэж байна. Хэрэв талийгаач Ч.Дэлгэрбаасан нь гэр шатахаас өмнө ямар нэгэн байдлаар нас барсан бол угаарын хийн хордлогын шинж тэмдэг илрэхгүй юм...” гэх,
1 дүгээр хавтаст хэргийн 247-248 дугаар талд авагдсан “...Талийгаачийн цогцсын нүүр, гавлын орой хэсгийн яснууд шатаж үгүй болсон, биеийн нийт гадаргуу шатаж нүүрсжин хар саарал өнгөтэй болж дүр төрхийг тогтоох аргагүй байсан... Химийн шинжилгээний хариунд талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй, харин карбоксигемоглобин /угаарын хий/ 53% илэрсэн байсан. Тиймээс талийгаач Ч.Дэлгэрбаасан нь угаарын хийн хурц хордлогын улмаас нас барсан гэж дүгнэлт гаргасан... Талийгаачийн цогцсын ихэнх хэсэг буюу хүзүү, хоолой хэсэг шатаж нүүрсжсэн байсан. Мөн гавлын яс, биеийн дээд, доод мөчдийн яснууд шатаж үгүй болсон байсан. Тиймээс талийгаачийн хүзүү, хоолойн хэсэгт дарагдлын болон боолтын ором байсан эсэхийг тогтоох боломжгүй байсан. Талийгаачийн цуснаас дээж авч химийн шинжилгээ хийлгэж угаарын хий тодорхойлоход 53 хувьтай угаарын хий илэрсэн. Мөн задлан шинжилгээний явцад дотор эрхтнүүд тод улаан ягаан өнгөтэй, цусны шингэн төлөв байдал, цагаан мөгөөрсөн хоолой болон гуурсан хоолойн дотор салстаар хар саарал өнгийн тортогт агууламжтай тогтоогдсон тул талийгаачийг угаарын хийн хурц хордлогын улмаас нас барсан гэж дүгнэсэн.
Дээрх шинж байдлаар талийгаач нь амьд сэрүүн байхдаа угаарын хийгээр амьсгалсан, өөрөөр хэлбэл хэрэг болох үед амьд байсан гэж үзэж болно. Ухаан алдсан гэдэг нь хүн нас барсан гэсэн үг биш. Тухайн хүн ухаан алдсан ч амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа явагдаж байдаг болохоор угаарын хийгээр амьсгалж, угаартах боломжтой. Харин ухаан алдсан хүн ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй. Талийгаачийн цогцсын ихэнх хэсэгт шатсан байсан. Тэгээд талийгаачийг оршуулаад 3 жилийн хугацаа өнгөрсөн учраас цогцсын зөөлөн эд үгүй болж, цогцос бүхэлдээ ялзралын өөрчлөлтөд орсон гэж үзэж байна. Тиймээс шарилд шинжилгээ хийвэл дээрх шинж тэмдэг мэдэгдэх боломжгүй. Анх цогцост үзлэг хийж байхад ч шинж тэмдэг мэдэгдэх боломжгүй байсан...” гэх шинжээч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтад өгсөн тус тус мэдүүлгүүд,
1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр талд авагдсан “... 1. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “...гал түймэр нь ил галын эх үүсвэрийн улмаас гарсан байх магадлалтай байна...” гэх Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн1804/201 дугаар дүгнэлт
1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дугаар талд авагдсан “... 1. Талийгаач Ч.Дэлгэрбаасангийн биед механик гэмтэл тогтоогдсонгүй. 2. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3. Талийгаач нь угаарын хийн хурц хордлогын улмаас нас баржээ. 4. Талийгаачийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаар дүгнэлт
1 дүгээр хавтаст хэргийн 237-242 дугаар талд авагдсан “... шатсан эд зүйлсийн хөрөнгийн үнэлгээ болох 5.304.000 төгрөгөөр эд зүйлсийг үнэлсэн...” гэх “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Б.Нямдавааг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийг тус тус гэм буруутайд тооцон, прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т тус тус заасны дагуу оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.2 болон мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3.1-т тус тус заасан “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар” гэх хүндрүүлэх зүйлчлэлийн тухайд Б.Нямдаваа нь амь хохирогч Ч.Дэлгэрбаасанг цамцаар нь хоолойг нь боож ухаан алдуулсаны дараа гэрт нь оруулж талийгаачийг ухаан орохгүй байхаар нь хэргийн ул мөрийг нуун далдлах зорилгоор гэрийнх нь гаднаас гал гарган шатаасан үйлдлүүд байх бөгөөд уг үйлдлүүдэд дээрх хуулийн хүндрүүлэх зүйлчлэлд дурдсан олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан арга хэлбэр байхгүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий, Б.Нямдаваад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/237 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/237 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Нямдаваагийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Б.БОЛОР-ЭРДЭНЭ