Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 109/ШШ2023/0016

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Н” ХХК

            Хариуцагч: Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Хариуцагч: Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарын хоорондын “Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 9 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоол, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 07 дугаар “Тогтоол цуцлах тухай” тогтоол нь тус тус илт хууль бус маргаан бүхий захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т, Хариуцагч Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Э /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан  Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 9 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоол, Архангай аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 07 дугаар “Тогтоол цуцлах тухай” тогтоол нь тус тус илт хууль бус маргаан бүхий захиргааны акт болохыг тогтоолгохоор маргаж байна.

 

2. Архангай аймгийн Ц сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар “Санал хүргүүлэх тухай” тогтоолоор Архангай аймгийн Ц сумын Ц багын нутаг дэвсгэр Хясаа ууланд Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/5868 тоот албан бичигт дурдсан газрын зураг, солбицол бүхий 265.93 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тухай “Н” ХХК-ийн саналыг дэмжжээ.

 

            3. Улмаар Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 09 дүгээр “Тогтоол цуцлах тухай” тогтоолоор Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.

 

4. Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар 30-ны өдрийн 09 дүгээр “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолоор  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсгийг үндэслэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ.

5. Улмаар нэхэмжлэгч “Н” ХХК нь дээрх Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 9 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоол, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 07 дугаар “Тогтоол цуцлах тухай” тогтоолыг  илт хууль бус маргаан бүхий захиргааны акт болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэсэн байна.

6. Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/910 дугаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжийн дагуу Архангай аймгийн Ц сумын Хясаа уул нэртэй 256,93 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ****** тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшиж байсан. Эрх бүхий байгууллага бидэнд тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/5868 дугаар дүгнэлт, Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоол, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг үндэслэн хуульд заасны дагуу олгосон болно. Гэтэл Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12  дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6  дугаар сарын 06-ны өдрийн 07 тоот тогтоолоор тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байхгүй байхад аймаг, сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль зөрчиж илт хууль бус шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл өмнө нь нэгэнт тогтоол гаргаад шийдвэрлэчихсэн байхад дараагийн нэг  иргэдийн Хурлын Төлөөлөгчийн хүсэлтээр манай компанийн ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд аймаг, сумын  хурлын шийдвэр гаргах үйл явцад манай компани буруугүй болно. Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 9 дүгээр тогтоол, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 07 дугаар тогтоолыг үндэслэл болгон Архангай аймгийн Засаг дарга 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр А/231 дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж гарган манай компанид олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ****** тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Засаг даргын дээрх захирамжийг эс зөвшөөрч манай компани 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч болон гуравдагч этгээдийн хариу тайлбар, хэргийн нотлох баримт зэргээс дээрх маргаан бүхий тогтоолууд гарсныг мэдсэн. Холбогдох байгууллага дээрх тогтоолуудыг бидэнд гардуулаагүй, хуульд заасны дагуу сонсгох ажиллагаа хийгээгүй болно. Сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дээд шатны байгууллага байхгүй тул Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 9 дүгээр тогтоол, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 07 дугаар тогтоол нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэг, 106 дугаар зүйлийн 106.3.2.-т заасны дагуу шүүхэд шууд хандаж байгаа болно.  Архангай аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал манай компанийн эрх хууль, ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байхгүй байхад (Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6.-д заасныг зөрчсөн) илт хууль бус шийдвэр гаргасан. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал манай компанид тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн агуулгатай тогтоолыг хүчингүй болгохдоо яагаад өмнөх шийдвэр нь хууль бус болоод одоо тогтоол хүчингүй болгож байгаа холбогдох хуулийн зохицуулалт, шалтгаан нөхцөл, үндэслэл шаардлагыг тогтоолд тодорхой дурдах ёстой байтал огт энэ талаар тогтоолд дурдаагүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “хуульд үндэслэх;”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-т “хууль ёсны итгэлийг хамгаалах.” гэж заасанд огт нийцэхгүй, мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчмыг хэрэгжүүлээгүй байна. Мөн Аймаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас маргаан бүхий илт хууль бус гэж үзэж буй тогтоолуудыг гарсан талаар манай компанийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө огт мэдэгдэж байгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;” гэж заасныг зөрчсөн байна. Аймаг, сумын  хурлаас маргаан бүхий тогтоолуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл “Нөхцөл байдлыг тогтоох”, 25 дугаар зүйл “Нотлох баримт цуглуулах”, 26 дугаар зүйл “Оролцогчийг сонсох”, 27 дугаар зүйл “Сонсох ажиллагааг явуулахгүйгээр шууд захиргааны акт гаргасан” мөн хуулийн 4.2.1. “хуульд үндэслэх”, 15 дугаар зүйл. “Оролцогчийн эрх”, 16 дугаар зүйл “Хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авах”, 31 дүгээр зүйл. “Зөвлөгөө, мэдээлэл өгөх”, 32 дугаар зүйл. “Оролцогч баримт бичигтэй танилцах эрх”-ийг хэрэгжүүлэхгүйгээр Захиргааны ерөнхий хуулийг бүхэлд нь зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дах хэсэгт заасны дагуу Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоол, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 07 тоот “Тогтоол цуцлах тухай” тогтоол, нь тус тус илт хууль бус маргаан бүхий захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК-иас Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 09 тоот тогтоол хүчингүй болгох тухай тогтоол, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 07 тоот тогтоол цуцлах тухай тогтоол нь тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь Манай компани Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/910 дугаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох” захирамжийн дагуу Архангай аймгийн Ц сумын Хясаа уул нэртэй 256,93 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ****** тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшиж байсан. Эрх бүхий байгууллага бидэнд тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/5868 дугаар дүгнэлт, Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12  дугаар сарын 28-ний өдрийн 38 дугаар тогтоол, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг үндэслэн хуульд заасны дагуу олгосон. Гэтэл Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 сарын 28-ний өдрийн 38 дугаар тогтоолыг тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30 өдрийн 51 дүгээр тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 07 тоот тогтоолоор тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ нь манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байхгүй байхад аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль зөрчиж илт хууль бус шийдвэр байна. Өөрөөр хэлбэл өмнө нь нэгэнт тогтоол гаргаад шийдвэрлэчихсэн байхад дараагийн хурлын Төлөөлөгчийн хүсэлтээр манай компанийн ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гаргах үйл явцад манай компани ямар нэгэн байдлаар буруугүй болно. Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 9 дүгээр тогтоол, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 07 дугаар тогтоолыг үндэслэл болгон Архангай аймгийн Засаг дарга 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр  А/231 дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж гарган манай компанид олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ****** тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Засаг даргын дээрх захирамжийг эс зөвшөөрч манай компани 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч болон гуравдагч этгээдийн хариу тайлбар, хэргийн нотлох баримт зэргээс дээрх маргаан бүхий тогтоолууд гарсныг мэдсэн бөгөөд холбогдох байгууллага дээрх тогтоолуудыг бидэнд гардуулаагүй, хуульд заасны дагуу сонсгох ажиллагаа хийгээгүй болно. Сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дээд шатны байгууллага байхгүй тул  Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 9 дүгээр тогтоол, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 07 дугаар тогтоол нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэг, 106 дугаар зүйлийн 106.3.2.-т заасны дагуу шүүхэд шууд хандаж байгаа болно. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ц сумын иргэдийн  Төлөөлөгчдийн Хурал манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байхгүй байхад Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасныг зөрчиж илт хууль бус  шийдвэр гаргасан. ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох бүх материалаа хууль ёсны дагуу бүрдүүлж тусгай зөвшөөрөл авсны дараа Ц сумын иргэдийн хурал дотроо улс төржсөн юм уу эсхүл хууль бус үйл ажиллагаа явуулсан уу мэдэхгүй. Хуралдсан эсэхийг нь ч мэдэхгүй. Эсхүл хуралдсан тэмдэглэлээ гаргаж өгөхгүй байгаа юм уу гэж хардаж байгаа. Ийм байдлаар олгосон саналаа буцааж татсан. Буцааж татсан нь дотоод асуудлаас болсон гэж тайлбарлаж байгаа. Иргэдийн Хурлын Төлөөлөгч нар нь өөрсдөө хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа. Түүнд нь манай компани ямар буруутай юм бэ гэсэн асуудал үлдээд байгаа. Энэ тогтоолыг хүчингүй болгож байгаа асуудал нь “Н” ХХК нь буруугүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тайлбарлаж байгаа. Яаж шийдсэн юм бэ гэхээр хурал одоо болтол яаж шийдсэн нь ойлгомжгүй байгаа. “Н” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дэмжсэн юм уу дэмжээгүй юм уу гэдгийг мэдэхгүй. Зөвхөн иргэдийн Хурал дотроо улстөржсөн асуудлаа шийдвэрлээд дууссан гэж тайлбарлаж байгаа. Тусгай зөвшөөрөл олгох нь орон нутагт ямар ач холбогдол эрсдэлтэй юм бэ гэдгээ ч ойлгоогүй байгаа. Ямар ач холбогдолтой вэ гэхээр Боржин чулуу олборлох, түүнээс түүхий эд бэлтгэх, бидний ярьдаг хар яриагаар бол гал тогооны тавилга хийдэг чулууг олборлох боломжтой байна уу гэдгийг судалдаг, боломжтой бол олборлох тусгай зөвшөөрөл гэж ойлгосон. Гэтэл сумын иргэдийн Хурал хариуцлагагүй гэх юм уу сая өөрөө ч хэллээ. Ард иргэддээ танилцуулаагүй, саналыг аваагүй, ойлгуулаагүй. Ард иргэд нь юу гэж ойлгосон бэ гэхээр Ц суманд байгаа том уулыг уул уурхайн компани ирээд ухаж, байгаль орчин бохирдуулна гэсэн ойлголт авангуутаа айгаад дэмжсэн саналаа буцаагаад татсан бодит байдалд ийм асуудал байгаа. Гэтэл тэр уулын чулуунаас 10-20 тонн ашиглахад бараг 10, 20 жил зарцуулах юм билээ. Гэтэл үүнийгээ ч ойлгохгүй цуцалсан, улс төрийн шийдвэр гаргаж компанийн эрх ашгийг хөндсөн байна. Энэ шийдвэрийг илт хууль бус гэж үзэж хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Аймгийн хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбарлаж байна. Захирамж гарсны дараа нэг Хурлын Төлөөлөгчийн саналыг үндэслэж хүчингүй болгосон гэж тайлбарлаж байна. Гэтэл процесстоо бол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан байгаа. Галбаатарын тайлбар, тэмдэглэлд тусгагдсан байна лээ. Бид нар дэмжсэн саналаа аймаг руу явуулсан, аймаг саналыг үндэслэж дэмжсэн гэсэн тайлбар байдаг. Илт хууль бус шийдвэр байгаа нь ойлгомжтой байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа.” гэв.

8. Хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд аймгийн засаг дарга М.Б нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хуралдаанд хэлэлцүүлэхээр асуудлуудыг оруулж хэлэлцүүлсэн. Тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудалд Ц сумын нутаг дэвсгэрт байрлах “Хясаа уул” нэртэй ******** бүртгэлийн дугаартай 265,93 гектар талбайд “Н” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “санал” авах асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлсэн. Дээрх асуудал нь Ашигт малтмалын газрын газрын тосны Геологи, уул уурхайн хэлтсээр хянуулж, Ц сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дэмжигдэж ирсэн санал зэрэг шийдвэрүүдийг гаргуулан хуульд нийцүүлж оруулж ирсэн асуудлыг хуралдаанаар хэлэлцээд олонх саналыг дэмжиж шийдвэрлэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 дугаартай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг гаргасан байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн ээлжит долоодугаар хуралдаанд аймгийн засаг дарга М.Б нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 дугаартай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг цуцлах асуудлыг хэлэлцүүлэхээр ирүүлсэн. Тухайн асуудал нь Ц сумын нутаг дэвсгэрт байрлах “Хясаа уул” нэртэй ********** бүртгэлийн дугаартай 265,93 гектар талбайд “Н” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардсан Ц сумын иргэдийн хөдөлгөөний шаардлага, иргэдийн төлөөлөгч Р.Н хүсэлт, МАН-ын хорооны шаардлага, аймгийн засаг дарга М.Бын хүсэлт, Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаар тогтоол, аймгийн засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 захирамж зэргийг хуралдаанаар хэлэлцэхийн өмнө Хурлын Хууль эрх зүй, хяналт шалгалт, өргөдөл гомдлын хороо, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороог хэлэлцүүлэн санал дүгнэлтээ гаргаж, хуралдаанаар хэлэлцэн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор “Тогтоол цуцлах тухай” шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр юм. Учир нь Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн засаг дарга нар нь хуулийн хүрээнд бие даан шийдвэр гаргах хуулийн этгээд бөгөөд “Ц сумын нутаг дэвсгэрт байрлах “Хясаа уул” нэртэй ********** бүртгэлийн дугаартай 265,93 гектар талбайд “Н” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэрээ хууль зүйн үндэслэлээ хянаад Ц сумын иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж өмнө гаргасан шийдвэрээ Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал цуцалсан, аймгийн засаг дарга М.Б “Н” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ямар нэгэн шийдвэрийг үндэслэл болгоогүй өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр байдаг. Харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өөрсдийн цуцалсан шийдвэрээр ирүүлж, зөвшөөрөл өгөхийг дэмжсэн саналыг тогтоолыг цуцлуулах хүсэлт ирүүлж хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь “Н” ХХК-ны эрх хууль ёсны ашиг сонирхолд шууд халдсан хууль бус шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Иймд “Н” ХХК-ны нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

9. Хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит 7 тоот хуралдаанаас гарсан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор баталсан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар хурлын шийдвэрээ хамгаалж оролцоно. Нэгдүгээрт Н ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхолд шууд халдсан шийдвэр иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас гараагүй. Аймгийн Засаг дарга Ц сумын нутаг дэвсгэр Хясаа ууланд бүртгэлтэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрээ 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/231 тоот захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байсан. Тухайн шийдвэр гаргах ажиллагаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ямар нэгэн санал аваагүй. Шийдвэр гаргах ажиллагаанд нөлөөлж оролцсон асуудал байхгүй. Аймгийн Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд бие даан шийдвэр гаргасан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан олгогдсон бүрэн эрхийн хүрээнд зөвшөөрөл олгохдоо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал авах эсэх асуудлыг шийдвэрлэхээр тусгасан байдаг. Цуцлах хүчингүй болгох асуудлаар санал авах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй болно. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 00 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд санал өгөх тухай тогтоолыг цуцлах шийдвэр гаргахдаа аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/952 тоот албан хүсэлт, өмнө нь тайлбар болон нотлох баримтаар хэрэгт өгсөн албан бичиг хүсэлтүүдийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж нэгэнт “Н” ХХК-д өгсөн зөвшөөрөл гарсан тул саналаа хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэр гаргасан. Энэ нь “Н” ХХК-ийн ямар нэгэн эрх ашиг зөрчигдсөн асуудал байхгүй, аймгийн Засаг дарга өөрөө хүчингүй болгосон шийдвэрээ гаргасан. Гаргасан тогтоолоо хүчингүй болгосон албан бичиг хүргүүлсэн байдаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон бүрэн эрх нь аймаг, нийслэл, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул уул уурхайн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах, мэргэжлийн байгууллагаар хайгуул, судалгаа хийлгэх, авран хамгаалах шаардлагатай эсэхэд хяналт гэсэн 3 төрлийн бүрэн эрхтэй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилладаг. Энэ хуулиар олгогдсон бүрэн эрх болохоос биш зөвшөөрөл олгогдсон асуудалд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ямар нэгэн шийдвэр гараагүй. Тухайн шийдвэр гаргах ажиллагаанд аймгийн Засаг дарга олгохдоо санал авч шийдвэр гаргах болохоос биш иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал авах ажиллагаанд шийдвэр гаргаагүй гэж үзэж байгаа. “Н” ХХК-д олгосон лицензийг хүчингүй болгохдоо гаргасан шийдвэр нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай ямар нэгэн холбоогүй гарсан. Тиймээс нэхэмжлэгч талын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гараагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

10. Хариуцагч Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд “Н” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг гардан аваад нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 38 тоот тогтоол нь эхнээсээ хууль зөрчиж гарсан, хууль бус шийдвэр юм.  Архангай аймгийн Засаг даргаас Ц сумын Ц багийн нутагт орших Хясаа ууланд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл” хүссэн албан бичиг сумын Засаг даргад ирсэн байдаг. Уг албан бичгийг хүлээж аваад, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид хуралдаагүй байхад тухайн үед ажиллаж байсан хурлын дарга долоон тэргүүлэгч рүү утсаар холбогдон санал авсан, санал авахад зөвшөөрсөн тэргүүлэгч 4 байсан гэдэг боловч тэдгээрээс сумын ИТХ-ын тэргүүлэгч Д.Чинбат, А.Б нар дэмжээгүй гэдгээ иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд илэрхийлсэн, тэргүүлэгчид хуурдалдаагүй ба хоёр тэргүүлэгч утсаар ярихад дэмжсэн байхад хууль бус тогтоол гарсан. Тэргүүлэгчдийн хуралдаан хийгдээгүй энэ нь тухайн хуралдааныг баримтжуулсан хурлын тэмдэглэл үйлдээгүй, дуу хураагуур ашиглагдаагүй байдлаас харагдана. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоол нь Тэргүүлэгчдийн олонхын саналаар бус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувийн үзлээр гарсан анхнаасаа хууль зөрчсөн, илт хууль бус тогтоол юм. Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолыг Ц сумын ИТХ-ын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, тус хуралдааны 09 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Л.Быг ажлаас чөлөөлж хариуцлага тооцсон болно. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон тогтоолыг цуцалсан гэдгээ Архангай аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Н” ХХК-д мэдэгдсэн. Эдгээрт үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

11. Хариуцагч Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 38 тоот тогтоол эхнээсээ хууль зөрчиж гарсан хууль бус юм. Тухайн тогтоол гарсан нөхцөл байдал Архангай аймгийн Ц сумын Ц багийн нутагт орших Хясаа ууланд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл өгсөн байдаг. Ул албан бичгийг хүлээж аваад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаагүй юм байна. Тухайн үед ажиллаж байсан хурлын дарга 7 тэргүүлэгч байдаг. Тийшээ утсаар холбогдсон байдаг. 7 тэргүүлэгчээс 4 тэргүүлэгч хуралдсан нэртэй явуулж тогтоолыг гаргасан. Тухайлбал байсан гэх 4 төлөөлөгчөөс Д.Чинбат, А.Б нар дэмжээгүй. Энэ хуралдаанд 4 тэргүүлэгч оролцсоноос 2 төлөөлөгч нь дэмжээгүй. Анхнаасаа хууль бусаар ингэж явагдсан. Хурлын дэгд зааснаар утсаар санал авна гэсэн зүйл байхгүй. Утсаар санал авсан төлөөлөгчдийн хоёр нь зөвшөөрч хоёр нь зөвшөөрөөгүй. Нийт 7 тэргүүлэгчээс хоёр төлөөлөгч дэмжсэн тогтоол байгаа юм. Хуралд ямар нэгэн бичлэг болон дуу хураагаар ашигласан зүйл байхгүй учраас хууль бус гэж үзэж 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байгаа юм. Хурлын дарга хийсэн Быг ажлаас нь чөлөөлж хариуцлагын арга хэмжээг авч ажилласан. Тухайн үед хуралдааны гарсан шийдвэр Түгээмэл тархацтай зөвшөөрөл олгосон тогтоолыг цуцалсан гэдгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн “Н” ХХК-д мэдэгдсэн байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд нийт төлөөлөгчийн олонх оролцсон тохиолдолд хүчинтэй гэж заасан. Энэ заалтыг зөрчсөн байна. Мөн 2 хоногийн өмнө төлөөлөгчдөд тухайн асуудлаа бичгээр болон ямар нэг хэлбэрээр танилцуулсан байх ёстой. Тухайн үед тэргүүлэгчдийн ажиллах хугацаа дуусгавар болж байсан хуулийн цоорхой ашигласан шийдвэр гарсан. “Н” ХХК-ийн Ц сумын 8 иргэдийн Төлөөлөгчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

12. Хариуцагч Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах илт хууль бус захиргааны акт гэсэн шаардлага гаргасан. Энэ захиргааны акт илт хууль бус захиргааны акт биш юм. 09 дугаартай тогтоол ямар байдлаар гарсан бэ гэдгийг хэрэгт авагдсан баримтаас харж байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ямар байгууллага вэ гэхээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын нэг онцлог үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байдаг. Хурлаар аливаа асуудлыг хэлэлцэж  хуульд заасан зохицуулалтын дагуу хурлын төлөөлөгч болоод холбогдох хүмүүст энэ эрх нь байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалд ямар шийдвэр гаргах вэ гэхээр хурлаас тогтоол гарна. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан яг энэ дэгийн дагуу өмнө нь хуралдаанаар орсон 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар тогтоолтой Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол нь хууль зөрчиж гарлаа үүнийг эргэж харж үзье гэдэг байдлаар хэлэлцээд явсан. Илт хууль бус хэдий боловч Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан илт хууль бус шинжүүд байхгүй. Нэхэмжлэгч талаас ямар хуулийг яаж зөрчөөд байгааг нэрлэн зааж чадаагүй. Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагааг тухай бүр хий гэсэн зохицуулалт байхгүй. Энэ нь өөрөө хурлын дотоод эрхийн хүрээнд илт хууль бус гарсан шийдвэрээ эргээд хуралдаанаараа хэлэлцэж хүчингүй болгуулах асуудал яригдаж байгаа энэ тохиолдол Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд нийцэж байгаа. Сонсох ажиллагаа хийхгүй байх онцлог гарч байна. Хясаа ууланд газар олгож байгаа нь эхнээсээ илт хууль бус шийдвэр гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар гарсан цагаасаа эхэлж эрх зүйн үйлчлэлгүй 28 дугаар тогтоол гарсан. Иймд илт хууль бус гэж үзэх боломжгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн даргын тайлбартай санал нэг байна.” гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд,  тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

Нэг. Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд

2. Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус наймдугаар хуралдаанаар Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хууль бус гэж үзэн Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 09 дүгээр “Тогтоол цуцлах тухай” маргаан бүхий тогтоолоор хүчингүй болгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 36 дахь тал)

3. Ийнхүү урьд гаргасан тогтоолоо хариуцагч Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хүчингүй болгосон үндэслэлээ тайлбарлахдаа: “...Архангай аймгийн Засаг даргаас Ц сумын Ц багийн нутагт орших Хясаа ууланд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл” хүссэн албан бичиг сумын Засаг даргад ирсэн байдаг. Уг албан бичгийг хүлээж аваад, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид хуралдаагүй байхад тухайн үед ажиллаж байсан хурлын дарга долоон тэргүүлэгч рүү утсаар холбогдон санал авсан, санал авахад зөвшөөрсөн тэргүүлэгч 4 байсан гэдэг боловч тэдгээрээс сумын ИТХ-ын тэргүүлэгч Д.Ч, А.Б нар дэмжээгүй гэдгээ иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд илэрхийлсэн, тэргүүлэгчид хуралдаагүй ба хоёр тэргүүлэгч утсаар ярихад дэмжсэн байхад хууль бус тогтоол гарсан” гэж үзэн хүчингүй хурал өөрийн эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгосон гэжээ. (1 дэх хавтаст хэргийн 34-35 дахь тал)

4. Хариуцагч Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайлбар үндэслэлтэй болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дараах баримтаар нотлогдож байна. Үүнд:

5. Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлд: “Л.Б: Тэргүүлэгчгүй болж байгаатай холбоотой 12 дугаар сарын 26-ны өдөр хурал зарлаад ирээгүй. 12 дугаар сарын 28-ны өдөр тухайн асуудал орж ирсэн Засаг дарга уламжилсан учраас Тэргүүлэгчдээс асуусан. Утсаар холбогдсон болохоор надад баримт алга утсаар ярьснаа дуу хураагуур ашиглаж хураагаагүй нь миний буруу боллоо. Тэргүүлэгчид гарын үсэг зураагүй.” гэх тайлбар (1 дүгээр хавтаст хэргийн 55-62 дахь тал)

6. Ц сумын иргэдийн Хурлын төлөөлөгч А.Б Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан тайлбартаа: 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Тэргүүлэгчдийн Хуралд оролцоогүй 38 дугаар тогтоолыг дэмжээгүй нь үнэн болно гэж, төлөөлөгч  Т.Ч: “12 дугаар сарын 28-ны өдөр сумын Тэргүүлэгчдийн Хуралд сууж, 38 дугаар тогтоолыг батлаагүй нь үнэн болно.” гэх тайлбараар тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн)

7. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар зэргээс судлан үзэхэд, маргаж буй Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.Тодруулбал:

8. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.” гэж заасан. Өөрөөр хэлбэл “хуралдаан” нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гаргах ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр байхаар хуульчлан зохицуулжээ. 

9. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.”  гэж заажээ.

10. Хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолыг гаргахдаа Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааныг хийгээгүй, тэргүүлэгчдийн олонхын саналаар тус тогтоолыг батлаагүй болох тогтоогдож байх тул дээрх тогтоолыг хууль бус гэж үзэн Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 09 дүгээр “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж үзнэ.

11. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан зарчимд нийцсэн, хуульд үндэслэсэн, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн харилцааг зохицуулсан хууль, нарийвчилсан зохицуулалттай эрх зүйн хэмжээний агуулгад нийцсэн байна гэж дүгнэлээ.

12. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан бөгөөд захиргааны акт “илт хууль бус” байх үндэслэл нь эрх зүйт төрийн зарчимд илтэд харш, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, эрх олгогдоогүй байхад шийдвэрлэсэн зэрэг илт хууль бус шинжтэй байх ёстой.

13. Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолоор урьд гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын чиг үүрэг, эрх хэмжээнд огт хамаарахгүй, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах ямар ч хууль зүйн үндэслэл байгаагүй нь илэрхий тохиолдолд илт хууль бус захиргааны актад хамаарч, гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүйд тооцогдох учиртай.

14. Захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан өмнө нь гаргасан шийдвэрээ (хууль бус) өөрөө хүчингүй болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг баримтлах бөгөөд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг 48.2-т тодорхой заасан ба /хандсан этгээдийн зүгээс/ “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн ”Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4.захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн;” гэжээ.

15. Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолыг дээрх байдлаар “хууль бус” аргаар гарахад хэдийгээр нэхэмжлэгч этгээд буруугүй боловч Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолыг дээрх байдлаар “хууль бус” аргаар буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчин гаргасан болох нь тогтоогдож байх тул тус тогтоолыг маргаан бүхий акт болох Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 09 дугаартай тогтоолоор урьд гаргасан хууль бус тогтоолоо хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хоёр. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 07 тоот “Тогтоол цуцлах тухай” тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд

16. Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хууль бус гэж үзэн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар албан бичгээр Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүй болгосон тогтоолоо хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал)

17. Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01/952 дугаар албан бичгээр “Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 09 дүгээр тогтоол, Ц сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний 01/60 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 дүгээр захирамжаар “Н" ХХК-д олгосон Ц сумын ******* гэх газар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системд тус тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу чөлөөлсөн статустай болгож, хугацааг дуусгавар болгосон. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Н” ХХК-д Архангай аймгийн Ц сумын нутаг дэвсгэр ******* нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжсэн 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дахь тал)

18.  Мөн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Р.Нямдорж 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн  01 дугаартай “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгээр “Архангай аймгийн Засаг дарга М.Б, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б нарт “Ц сумын иргэдээс “Н” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал ихээр ирж байгаа тул тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлтийг гаргасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 164 дэх тал)

19. Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн  65 дугаар зүйлийн 65.1., 66 дугаар зүйлийн 66.3. дахь заалтыг тус тус үндэслэн “Н” ХХК-д Архангай аймгийн Ц сумын ******* нэртэй 265.93 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 2021/003Х тусгай зөвшөөрөл олгосон 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/910 дугаар захирамжийг 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосон байна.

20. Улмаар нэхэмжлэгч “Н” ХХК нь дээрх Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, тус шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 109/ШШ2023/0001 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. (2 дугаар хавтаст хэргийн 38-49 дэх тал)

21. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах;”, 47 дугаар зүйлийн 47.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.” Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.”  гэж заасан.

22. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч болон тухайн нэгжийн Засаг дарга нь иргэдийн хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах эрх хэмжээтэй учир эрх бүхий этгээдээс оруулсан саналыг хэлэлцэн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг маргаан бүхий актаар цуцалж шийдвэрлэсэн нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээнд нийцэж байх тул эл тогтоолыг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

23. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр 49.3. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно: 49.3.1.цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад заасан бол;” гэжээ.

24. Хуулийн энэхүү хэм хэмжээнээс үзвэл хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь урьд гаргасан шийдвэрээ цуцлах нөхцөл дараах байдлаар бий болсон гэж үзлээ. Тодруулбал, Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 дүгээр захирамжаар өмнө гаргасан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/90 дугаартай “Н” ХХК-д олгосон Ц сумын ****** гэх газар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай захирамжаа хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл эрх бүхий этгээдээс нэхэмжлэгчид олгосон тусгай зөвшөөрлөө ийнхүү хүчингүй болгосон нь иргэдийн Хурлаас урьд гаргасан тогтоолоо цуцлах үндэслэл болсон. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгаас үзэхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн гаргасан тогтоолоо хуульд нийцүүлэн цуцлах эрх хэмжээтэй байх бөгөөд ийнхүү цуцалсныг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Гурав. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн эсэх тухайд

25. Нэхэмжлэгчээс  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох зэрэг эрхийг хэрэгжүүлэлгүйгээр Захиргааны ерөнхий хуулийг бүхэлд нь зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан” гэж маргадаг.

26. Нэхэмжлэгчид түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон эрх олгосон захирамжаа Архангай аймгийн Засаг даргаас 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/231 дүгээр захирамжаар хүчингүй болгосон байх бөгөөд ийнхүү хүчингүй болгосны дараа Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх бүхий этгээдийн оруулсан саналын дагуу урьд гаргасан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолоо Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 07 тоот “Тогтоол цуцлах тухай” тогтоолоор цуцалсантай холбогдох ажиллагаанд буюу нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрхийг цуцалсан шийдвэртэй бус иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн урьд гаргасан шийдвэрээ хожим цуцалсантай холбогдох эл шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчид хамаатуулан сонсох ажиллагааг хийх нь маргаан бүхий эл тохиолдолд тухайн маргаан бүхий актын эрх зүйн үр дагаврыг өөрчлөхүйц үр дагаврыг өөрчлөх үр дагаврыг үүсгэж чадахааргүй байх тул нэхэмжлэлийн эл үндэслэлийг хүлээн авах, эл үндэслэлээр маргаан бүхий актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

27. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.5 дахь хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2020 он/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.4, 46 дугаар зүйлийн 46.1, 46.7, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 48 дугаар зүйлийн 48.2.4, 49 дүгээр 49.3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ний гаргасан Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоол, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 07 тоот “Тогтоол цуцлах тухай” тогтоол нь тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ТҮВШИНТУЛГА