Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 00028

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б-гийн нэхэмжлэлтэй

хариуцагч О аймаг дахь

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/00085 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, 54 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г нарт холбогдох,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, Хууль бусаар хэрэгжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирол 290.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -437 дугаар нээлттэй хорих ангийн 54 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг надад ирүүлсэн. Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 225 дугаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрын шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудсыг үндэслэн явагдаж байна. Гэтэл тус 225 дугаар шийдвэрээр Мидхост ХХК-с 23.182.584 төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэн. Б- миний бие Мидхост ХХК-ийн захирал бөгөөд Б-гаас тус мөнгийг гаргуулахаар шийдвэрлээгүй юм. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр олгосон 741 дугаар гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгчөөр Мидхост ХХК-г бичсэн бөгөөд Б- нь компанийн захирлын хувьд нэр нь бичигдсэн. Гэтэл хууль бусаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Б-гийн хувийн, цалингийн дансыг битүүмжилж, цалин хөлснөөс нийт 290.000 төгрөгийн хохирол учруулаад байна. Мөн миний бие шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш данснаасаа орлого, зарлага гаргах боломжгүй болж цалин хөлсөө авч чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Б- төлбөр төлөгч биш этгээд байтал хувийн өмч, гэр бүлийн маань дундын өмчид халдаж, төлбөр төлөгч биш этгээдээс төлбөр гаргуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2. дахь хэсэгт зааснаар хүн, хуулийн этгээд хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, Хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учруулсан хохирол 290.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, хариуцагч Г, нар хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй боловч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/00085 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоож, хариуцагч О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангиас 290.000 /хоёр зуун ерэн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, хариуцагч Гд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангиас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г давж заалдсан гомдолдоо:

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 225 дугаар шийдвэрээр “Мидхост” ХХКомпани /Б-/-аас 23.182.584 төгрөг, Арбитрийн зардал 573.365 төгрөгийг тус тус гаргуулж П.Гантулгад олгохоор шийдвэрлэгдсэн байна. Үүний дагуу О аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 142/Ш32018/04017 дугаар шүүгчийн албадан гүйцэтгэх захирамж гарч 741 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдсэн байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Гантулгын хүсэлтээр гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 18141030 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх олгогдсон. О аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн олгосон 741 дугаартай гүйцэтгэх хуудсанд: Төлбөр төлөгчөөр О аймаг Баян-Өндөр сум 3-р хороолол, Баян худалдааны төв, 604 тоот, “Мидхост” ХХКомпани регистрийн дугаар 4404599, /О аймаг, Баян- Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-18-96 тоот, Засагууд овгийн Отгонбаярын Баясгалан/-аас 23.182.584 /хорин гурван сая нэг зуун наян хоёр мянга таван зуун наян дөрвөн/ төгрөг, арбитрын зардал 573.365 /таван зуун далан гурван мянга гурван зуун жаран таван төгрөг/ гаргуулан төлбөр авагч О аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, 6-18-47 тоот, оршин суух П.Гантулгад гэх зэргээр дурьдсан байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлд гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнд тавигдах шаардлагыг тусгайлан хуульчилсан байх тул төлбөр төлөгчийн хуулийн этгээдийн лавлагааг О аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03/1475 дугаарт албан тоотоор лавлагаа хүргүүлж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1373 дугаар албан бичгээр “Мидхост' ХХКомпаний дэлгэрэнгүй лавлагааг авсан. Мөн О аймгийн Татварын хэлтэст хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, үйл ажиллагаа явуулдаг эсэх, татвар төлдөг эсэх тухай сүүлийн 3 жилийн лавлагааг авахаар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03/1476 дугаартай албан бичиг хүргүүлэхэд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02/1069 дугаар албан бичгээр 'Мидхост” ХХКомпани нь байгуулагдсан цагаас хойш “X” тайлантай бөгөөд татвар төлдөггүй болох нь тогтоогдсон. Төлбөр төлөгч Б-гийн эд хөрөнгийн тухай лавлагааг Улсын бүртгэлийн хэлтэст 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03/1477 дугаартай албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн лавлагааг авахад 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1390 дугаартай албан бичгээр О аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-18-96 тоот байрлах Ү-2101001170 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгч, Согоот баг 6- 10-38 тоотод байрлах Ү-2101008600 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны хамтран өмчлөгч бөгөөд Ү2101008600 улсын бүртгэлийн дугаартай орон сууц нь Сум хөгжүүлэх сангийн зээлийн барьцаалбарт бүртгэлтэй болохыг тогтоон дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан. Төлбөр төлөгч Б-г 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зарлан дуудаж төлбөрийн талаар тайлбар авч тэмдэглэл хөтлөн “Мидхост” ХХКомпаний хөрөнгийн жагсаалтыг гаргуулан авч хөрөнгийн талаар тайлбар авахад тус компани үл хөдлөх хөрөнгөгүй, хөдлөх хөрөнгө ширээ, сандал зэргээс өөр эд хөрөнгө үлдээгүй гэх тайлбарыг Б- өгсөн байдаг. Иймд тус газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэхь заалтад “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар төлбөр төлөгч “Мидхост” ХХКомпани болон Б- нарын харилцах болон хадгаламжийн арилжааны банкан дахь дансанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 50-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж төлбөр төлөгч Б-гийн данснаас 290.000 төгрөгийг суутган төлбөр авагч П.Гантулгын Худалдаа хөгжлийн банкны 407181234 дугаар дансанд 2018 оны 10 дугаар сарын 31-нд шилжүүлсэн. Төлбөр төлөгч Б- нь тухайн өөрийн үүсгэн байгуулсан “Мидхост” ХХКомпаний өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан өөрт ногдох төлбөрөө бүрэн төлж иргэн П.Гантулгад учруулсан хохирлыг барагдуулах нь хууль зүйн үндэслэлтэй юм. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” мөн хуулийн 6.2-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараах шийдвэрийг үндэслэн явуулна: 6.2.1-д “иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаарх шүүхийн шийдвэр” гэж заасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явуулсан. Иймд Б-гийн эрх ашиг хөндөгдөөгүй, төлбөл зохих төлбөрөөс хэсэгчлэн төлүүлсэн, шүүхийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжинд олгогдсон гүйцэтгэх хуудас, баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийсэн тул дээрх шийдвэртэй хэргийн хянан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б- нь О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч Г нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирол 290.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Б- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын олон Улсын ба Үндэсний Арбитрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэр болон 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 18141030 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолд үндэслэн тодорхойлсон байна.

МҮХАҮТ-ийн дэргэдэх үндэсний Арбитрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 225 дугаартай шийдвэрээр хариуцагч “Мидхост” ХХК-иас 23.182.584 төгрөг Арбитрын зардал 573.365 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Гантулгад олгохоор шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч П.Гантулгын хүсэлтээр арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүхийн захирамж гарч гүйцэтгэх хуудас олгогдсон, үүний дагуу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарсан тухайн өдрөөс 54 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийх болсон зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Б-гийн эзэмшдэг хаан банкны 5127066870 тоот данснаас 290.000 төгрөг суутгаж, 10 дугаар сарын 29-ний өдөр төлбөр авагч П.Гантулгад шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн даалгавраар баталгаажсан байна.

Шүүх хуулийн этгээдийн бусдад төлөх төлбөрийг гаргуулах талаар хувь эзэмшигч нартай уулзаагүй, хуулийн этгээдээс төлөх төлбөр хүрэлцэхгүй байгаа талаар баримтгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн өдөртөө Б-гийн данснаас төлбөр гаргуулж түүний дансыг битүүмжилсэн нь хууль бус гэсэн дүгнэлтийг хийж төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж зааснаар хорих 437 дугаар нээлттэй хорих ангиас гаргуулах, шийдвэр гүйцэтгэгч Гд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож хариуцагч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд нийцжээ.

Хариуцагч “Мидхост” ХХК нь гурван гишүүнтэй 40:30:30 гэсэн харьцаагаар хувьцаа эзэмшдэг, Арбитрын шийдвэр “Мидхост” ХХК-иас буюу хуулийн этгээдээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байхад хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Б-г “Мидхост” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасан ажиллагаа хийсэн гэсэн тайлбар гарган мэтгэлцэж байгаа нь хууль зөрчсөн тул хууль бус ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар “Мидхост” ХХК буюу хуулийн этгээдийн хөрөнгийн чадварыг тодорхойлоогүй, төлбөр төлж барагдуулах хөрөнгөтэй эсэхийг тогтоогоогүй, компаний гишүүдэд мэдэгдээгүй, компанийн эрх зүйн байдлыг тодруулалгүйгээр нэхэмжлэгч Б-г “Мидхост” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гэж үзэн хувь хүний эд хөрөнгөөр компаний төлбөрийг төлүүлсэн нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/00085 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулгын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.БАТТӨР

ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ