Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/00151

 

2024 оны 01 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2024/00151 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, ....... байрлах, Н СӨХ /РД:............/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ................. тоотод байрлах, Мастершөүс ХХК /РД:5..../-д холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 5.670.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, хариуцагчийн төлөөлөгч , Х.З, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Н СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Н  СӨХ нь Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны 000000 дугаар байруудын ашиглалтын хэвийн байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор 2017 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ. Гэвч тус хотхоны цөөн хэдэн өмчлөгчид үгсэн тохирч дундын өмчлөлийн засвар, үйлчилгээтэй холбоотой зардлыг олон жилийн хугацаанд огт төлөхгүй байсаар өнөөдрийн хүрч бусад өмчлөгчдөд хохирол учруулсаар байна. Тухайлбал, Наран хотхоны 21а байр, 1-07 тоотын өмчлөгч М  ХХК нь тус талбайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хотхоны инженерийн шугам сүлжээ буюу цэвэр, бохир ус, дулааныг ашиглаж өөрийн үйл ажиллагаагаа саадгүй, хэвийн үргэлжлүүлж байгаа хэрнээ СӨХ-нд төлбөл зохих төлбөрөө 2017 оны 01 дүгээр сараас хойш огт төлөөгүй. Өөрөөр хэлбэр, тус гутлын салоны инженерийн шугам сүлжээ нь Наран хотхоны үндсэн шугам сүлжээнээс татсан шугам байтал үүнийг үл хайхран шугамын хэвийн ашиглалт, бөглөрөл, эвдрэл зэргийн зардлыг төлөхгүй байсаар 6 орчим жилийг өнгөрөөж байна. Бидний зүгээс дээрх асуудлаар тус компанид удаа дараа утсаар болон бичгээр мэдэгдэж, холбогдох шаардлагудыг хүргүүлж байсан боловч бүдүүлгээр татгалзаж, чаддаг юм бол шүүхдээд аваарай гэхээс өөр тайлбар хэлдэггүй.Энэхүү нөхцөл байдал нь СӨХ-ны зардлаа хэвийн төлдөг бусад сууц өмчлөгч аж ахуйн нэгж, иргэдийн эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байхаас гадна бусдын СӨХ-ны зардлаар өөрийн үйлийг бүтээсэн, ямар ч СӨХ-оос хараат бус байна гэсэн аминчхан үзлийг нь илэрхийлж байгаа юм. Мөн сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт Орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө /инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, давхрын хаалга болон бусад тоног төхөөрөмж гэх мэт /-ийн засвар, үйлчилгээтэй холбогдсон тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө гэж заасны дагуу нийт сууц өмчлөгчид эдгээр нийтлэг үйлчилгээтэй холбоотой зардлыг цаг хугацаадаа төлөх үүрэгтэй байна.Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгдчийн холбоонд тус тус төлнө гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1-т дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх гэж, мөн зүйлийн 148.3-т Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасны дагуу СӨХ-ны ашиглалт, засвар үйлчилгээний зардал 5.670.000 төгрөгийг хариуцагч М  ХХК-аас гаргуулж өгнө үүгэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх орц гарц зогсоол огт ашигладаггүй. Замынхаа эсрэг талд тусдаа өргөтгөлийн объект юм. Би СӨХ-д шаардлага тавьсан орон сууцны ашиглалтын газарт цаг тухайд нь дулаан, ус цахилгааныхаа төлбөрийг өгдөг. Засвар үйлчилгээгээ өөрсдөө хийдэг. СӨХ-өөс ямар ч танай ашиглаж байгаа объект ийм засвар үйлчилгээ хийсэн гэх тайлбар мөн бичиг үзүүлээгүй. Гэнэт байж байснаа СӨХ-ийн төлбөр нэхээд байсан, хүлээн зөвшөөрөхгүй явж байгаад 3 жил болсон. Би юу ч ашигладаггүй юм чинь талийг нь төлье гэсэн хүсэлт тавьсан, тэгээд хүлээж аваагүй өнөөдөр ингээд шүүхэд дуудагдаад байж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.09.18-ны өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, тооцоо гаргасан баримт, 2017.09.10-ны өдрийн №0000 дугаар Удирдах зөвлөлийн хурлын тогтоол, Н  бүх гишүүдийн 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Н  СӨХ дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 5.670.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг М  ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч М  ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тус СӨХ ямар ч ажил үйлчилгээ манай компанид үзүүлэггүй гэж маргаж байна.

 

Н  СӨХ-ны 2017 оны 9 сарын 10-ны өдрийн удирдах зөвлөлийн тогтоолоор ту СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг ААН-ээс 70.000 төгрөг байхаар тогтоожээ.

 

Хариуцагч тус төлбөрийг төлөхгүй манай байгууллагад үйлчилгээ явуулдаггүй гэх бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасны дагуу хариуцагч нь СӨХ төлбөр төлөх үүрэгтэй байна.

 

Уг нэхэмжлэл нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх эрхэд хамаарах бөгөөд Н  СӨХ шүүхэд 2023 оны 9 сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 2017 оны 1 сараас хойших СӨХ-ны төлбөрийг шаардсан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар зохицуулжээ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар 2020 оны 9 сараас өмнөх СӨХ төлбөр болох 3.150.000 төгрөг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцэх бөгөөд хариуцагч М ХХК-иас 2020 оны 9 сараас 2023 оны 9 сар хүртэлх 36 сарын СӨХ-ны төлбөр /36х70.000=2.520.000/ 2.520.000 төгрөгийг гаргуулж, Н СӨХ-нд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 55.270 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н  СӨХ-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Мастершөүс ХХК-иас 2.520.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н  СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.150.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Н  СӨХ-оос шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 55.270 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н  СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО