Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/82

 

 

          

 

 

 

    2022            1              18                                         2022/ДШМ/82                             

 

 

Г.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

хохирогч Ц.Нгийн өмгөөлөгч Д.Сайнзаяа,

шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч П.Амгаланбаатар,

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1296 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч П.Амгаланбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Эд холбогдох эрүүгийн 2006 03429 2558 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ггийн Э, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...................... аймгийн ..................... суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ....................... аймгийн ... дугаар баг, ........................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:................................../

Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, .... дугаар байрны .... тоотод оршин суух иргэн З.Бгийн гэрээс мөнгөн аяга 18 ширхэг, гар цүнх 3 ширхэг, “Айфоне-11 про макс” загварын 1 ширхэг гар утас, “Айфоне-7” загварын гар утас 1 ширхэг, бөгж 8 ширхэг, ээмэг 3 хос, үнэт эдлэлийн хослол 3 ширхэг, алмазан шигтгээтэй бугуйвч 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхэг, хүзүүний зүүлт 3 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 32.414.495 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Ггийн Эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм бүруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Г.Эд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Г.Эд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Г.Эгийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эгаас 29.990.695 төгрөгийг гаргуулан хохирогч Х овгийн Цын Н /РД:ХБ70032967/-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч П.Амгаланбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж хариуцлага хүлээлгэж, Г.Эг 32.414.495 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. Г.Э болон өмгөөлөгч миний зүгээс эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнтэй огт маргаагүй бөгөөд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин бусдад учруулсан гэх хохирлын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь:

1. Хохирогч Ц.Н нь нийт 45 нэр төрлийн эд зүйл хулгайд алдсан гэж байгаа боловч эдгээр эд хөрөнгийг яг байсан эсэх талаар өөрөө нотолж чадаагүй. Байсан гэдэгтээ 100% итгэлтэй байна гэснээс өөр зүйлгүй. Г.Эгийн олон жил зүүсэн өөрийн нь бөгжийг минийх гэж хэлэн шалгуулж байгаа нь яг өөрт нь алдагдсан гэх зүйл байхгүй байсан гэж үзэж болохоор байна.

2. З.Б нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд гэртээ олон хүнийг оруулж гаргаж байсан тухай мэдүүлэг өгсөн. Жишээ нь: Мөнх-отгон, массажист хүүхэн, биеэ үнэлэгч Сэлэнгэ, Мөнхгэрэл, жолооч Төгөлдөр, нярав Жанчив нар юм. Заримаас нь гэрчээр мэдүүлэг авахдаа хэлбэр төдий З.Бгийн гэрээс юм авсан уу гэх асуултаар өнгөрөөсөн. Ямар ч хүн тиймээ би авсан гэж хариулахгүй нь ойлгомжтой зүйл. Иймд бүх алга болсон гэх нотолж чадаагүй эд зүйлийг нэг л хүн авсан гэх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Өөрөөр хэлбэл тухайн гэрт энэ олон хүн орж гарсан нь эдгээр хүмүүс авсан байх боломжтой гэж харж болохоор байна.

3. 18 ширхэг мөнгөн аяга алга болсон гэж байгаа боловч мөн л байсан гэхийг нотлоогүй. Анхан шатны шүүх хурал дээр нотлох баримт шинжлэн судлах үед СиДи-г үзье гэхэд улсын яллагчийн зүгээс СиДи-ны бичлэгт Г.Эг овор их хэмжээтэй эд зүйл авч гарч байгаа нь байхгүй, тог тасарсан үед авч гарсан гэж хийсвэр байдлаар нотолсон тухайгаа илэрхийлсэн. Ер нь олон төрлийн, үнэлгээ өндөр цүнх, гутал, мөнгөн аяга, дотуур хувцас, үнэртэй ус зэргийг миний үйлчлүүлэгч авсан гэх нотолгоо байхгүй буюу хохирогчийн гэрт байсан гэх нотолгоо ч байхгүй юм.

П.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн анхнаасаа л 18 ширхэг мөнгөн аяга, цагууд, цүнхнүүд, үнэртэй ус, бугуйвч, туфль, дотуур хувцас зэргийг огт аваагүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлж байсан. Гэтэл шүүх хохирогч Ц.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт 45 нэр төрлийн эд зүйлээ алдсан тухайгаа тогтвортой мэдүүлж байх тул уг тогтвортой мэдүүлгийг үнэлэх нь зүйтэй гэж үзлээ гэдэг нь нэг талыг барьж хохирлыг тооцсон.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1296 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хохирлыг зөв тодорхойлон тооцож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогч Ц.Нгийн өмгөөлөгч Д.Сайнзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч гар утсыг хүүхэдтэй нь холбож ярьж байна. Гэтэл тухайн үед З.Бгийн гар утаснаас 40.000 төгрөг хүүхдийнхээ данс руу шилжүүлэн авсан байдаг бөгөөд Г.Э үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Мөрдөн байцаалтын шатанд аваагүй гэж байсан ч аваагүй гэж ярьсан зүйлүүд нь гарч ирэхээр “тийм ээ, би авсан” гэдэг. Өөрөөр хэлбэл, авч явсан эд зүйлсээ хаана худалдан борлуулсан талаар мэдэхгүй, илрүүлээгүй учраас аваагүй гэдэг үзлээр хандаж байсан. Мөн шүүгдэгч “хохирогч миний бөгжийг өөрийнх гэж байна” гэж буруутгасан. Гэтэл тухайн өдөр хохирогч гэрээсээ яг адилхан бөгжөө алдсан байсан бөгөөд түүнийхээ зургийг гаргаж өгсөн. 45 нэр төрлийн эд зүйл алдсан талаар 100 хувь итгэлтэй байна гэхэд шүүх хуралдаанд шүүгдэгч талаас “дэлгүүр юм уу, хаашаа юм, яагаад ийм олон төрлийн эд зүйл байдаг юм” гэж байсан. Гэтэл хохирогч Ц.Н нь З.Бтай хамт амьдрах хугацаандаа өөрсдийн компаниа байгуулж, хувийн бизнес хийсэн. Энэ хугацаанд маш олон удаа гадаад явж, ажилтнуудаа олон удаа авч явсан. Ингэхдээ тэдгээр эд зүйлийг хаана, хаанаас авсан талаараа мөрдөгчид мэдүүлж байсан. Эд зүйл бүрийн шинж тэмдгийг хэлж байсан. Алдсан гар утасны 1-д нь гүйлгээний мэдээлэл ирдэг учраас тухайн мэдээллээр Г.Эг барьсан, харин нөгөө утсаа хэрэглэдэггүй, гэхдээ орны хажууд байдаг байсан талаар мэдүүлдэг. Буцааж өгсөн эд зүйлс дотор байсан 925 граммын сорьцтой мөнгөн бөгж Ц.Нгийнх биш байсан бөгөөд түүнийг “минийх биш” гэж хэлээд буцааж өгсөн. Өндөр үнэтэй гэх дотуур хувцасны тухайд, охин нь Америкаас ирэхдээ нэгийг нь өмссөн, нөгөө нь шинэ байсан. Туфлийг өндөр үнэтэй гэдэг боловч хуучин туфль байсан, гэрийнх нь үүдэнд байдаг, бага охин нь өмсөж гүйдэг буюу ил, нүдэнд харагдахуйц газар байсан тул шүүгдэгч шүүрч авсан байх. Мөнгөн аяганы нэг дээр гэрийн гишүүдийн нэгний нэр байгаа гэдэг талаар хохирогч мэдүүлсэн. 3 ширхэг бугуйн цагны тэмдэг, тэмдэглэгээний талаар дурдсан бөгөөд алдсан бүх зүйлээ шинж тэмдгүүдээр нь хэлсэн байдаг. Гэтэл үүнийг шүүгдэгч анзаараагүй, “хулгайлаагүй, аваагүй” гэдэг.” гэв.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 29.990.695 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Г.Эд холбогдох хэрэгт 2 удаагийн хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан. Уг үнэлгээн дотор хохирогчоос алдсан эд зүйлээ жагсааж өгсөн 45 нэр төрлийн эд зүйл байдаг. 2 үнэлгээ хоёулаа өөрөөр үнэлсэн. Прокурор үүнийг үнэлэхдээ шүүгдэгчид ашигтай байдлаар гэж үзэж үнэлгээ тус бүрээс хямд үнэлгээтэйг нь өөрөө түүж авсан. 45 нэр төрлийн эд зүйлсийг “Ашид билгүүн” ХХК болон “Дамно” ХХК хэдээр тооцож үнэлсэн гэдгийг жагсаалт гаргаагүй нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч П.Амгаланбаатарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Прокуророос Г.Эг 2020 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, .... дугаар байрны ..... тоотод оршин суух иргэн З.Бгийн гэрээс мөнгөн аяга 18 ширхэг, гар цүнх 3 ширхэг, “Айфоне-11 про макс” загварын 1 ширхэг гар утас, “Айфоне-7” загварын гар утас 1 ширхэг, бөгж 8 ширхэг, ээмэг 3 хос, үнэт эдлэлийн хослол 3 ширхэг, алмазан шигтгээтэй бугуйвч 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхэг, хүзүүний зүүлт 3 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 32.414.495 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Эг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчид нийт 32.414.495 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих байдлын хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлон тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.” гэж дүгнэжээ.

Гэвч Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Эд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ хохирлын хэмжээ тодорхойгүй, хохирлыг тооцсон үндэслэлээ бичээгүй, ямар нотлох баримтыг үндэслэн яллаж байгаа нь тодорхой бус байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад заасан “хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл;-ийг яллах дүгнэлтийн хавсралтад тусгасан байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан “Ашид билгүүн” ХХК, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн үнийн дүн нь хоорондоо зөрүүтэй байх бөгөөд прокуророос шүүгдэгчид ашигтай байдлаар аль хямд үнэлсэн үнийн дүнгээр хохирлын тооцоог гаргасан гэх тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж байх боловч яллах дүгнэлтийн хавсралтад хохирлын тооцоог хэрхэн тооцож гаргасан талаар тусгаагүй, мөн энэ талаар нэг бүрчлэн тайлбарлаж чадаагүй, анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хөдөлбөргүй тогтоогоогүй, мөн шүүгдэгч Г.Эг хохирогч Ц.Нгаас нийт 32.414.495 төгрөгийн үнэ бүхий 45 нэр төрлийн эд зүйл хулгайлж авсан гэх ба үүнээс 8 нэр төрлийн эд зүйлийг буцаан өгсөн гэх боловч тус бүр хэдэн төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлүүдийг буцаан өгсөн талаар тодорхойгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатарын “...хохирлыг зөв тодорхойлон тооцож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1296 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Эд холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1296 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Эд холбогдох хэргийг мөн шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

 

                      ШҮҮГЧ                                              Д.ОЧМАНДАХ

                      ШҮҮГЧ                                              Б.АРИУНХИШИГ