Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 109/ШШ2023/0017     

 

                  

 

                              Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

                                             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, иргэн Д.Дийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч Д.Т, Б.А нарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аийн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Д.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 32/72 тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Шүүх 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хэргийг хэлэлцээд 0575 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор тус шүүхэд гаргасан нийгмийн даатгалын байцаагчийн  70 дугаартай актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Тус шүүх иргэн Д.Дийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч Д.Т, Б.А нарт холбогдох “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаартай актыг хүчингүй болгох, тэтгэвэр олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тэтгэвэр зогсоосон үеэс тэтгэврийг нөхөн олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 2 дугаар сарын  3-ны өдөр хүлээн авч, 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

 

   2. Уг хэргийн маргаан бүхий актын тухайд Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 32/27 дугаар актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно”, 29 дүгээр зүйлийн 2.-т “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна.” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Дийг хуурамч баримт бүрдүүлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон гэж тэтгэврийн олголтыг 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлж, зогсоосон байна.

            3. Улмаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаартай “Тэтгэвэр төлүүлэх тухай” актаар хуурамч баримт бичиг бүрдүүлж, бодит байдлыг нуун дарагдуулж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3.-т заасныг зөрчсөн үндэслэлээр үндэслэлгүй тогтоолгож авсан нийт 7.766.150 төгрөгийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын сангийн дансанд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуудахаар тогтоожээ.

4. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аээс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаартай “Тэтгэвэр төлүүлэх тухай” актыг  хүчингүй болгуулахаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор “... Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаар дугаар актыг тогтоохдоо үндэслэсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт, шалгалтын улсын байцаагч нарын 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 32/27 тоот акт хүчин төгөлдөр” гэх үндэслэлээр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаар  дугаар актыг хүчингүй болгох саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 32/27 дугаар актад холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 128/ШЗ023/2144 дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1. дэх хэсэгт зааснаар “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 32/27 дугаар актын хавсралт 3-ын 3-т бичигдсэн Д.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Д.Дийн нэхэмжлэлээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Ц.Наранцэцэг, Б.Зул, П.Ундармаа, Ч.Лхагвасүрэн нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ.

6. Түүнчлэн тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 109/ШЗ2023/0055 дугаар шүүгчийн захирамжаар иргэн Д.Дийн нэхэмжлэлтэй,  Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Ц.Н, Б.З, П.У, Ч.Л нарт холбогдох “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 32/27 дугаар актын хавсралт 3-ын 3-т бичигдсэн Д.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг шийдвэрлэхээс өмнө уг захиргааны хэрэгт маргаан бүхий актыг дүгнэх боломжгүй тул хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

 7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 128/ШШ2023/0575 шийдвэрээр иргэн Д.Дийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Ц.Н, Б.З, П.У, Ч.Лй нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, тус шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул тус шүүхийн 2023 оны 8 дугааар сарын 4-ний өдрийн 109/ШЗ2023/0138 дугаар шүүгчийн захирамжаар иргэн Д.Дийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч Д.Т, Б.А нарт холбогдох захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулжээ.

8. Тус захиргааны хэрэгт иргэн Д.Дэс М.Ат  2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 0112 дугаар  итгэмжлэлээр “... Д.Дийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүх шатны шүүхэд бүрэн төлөөлөн нэхэмжпэл, гомдол гаргах, гарын үсэг зурах, нэхэмжлэлээ өөрчлөх, нэхэмжпэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, татгалзах, тодруулах, эвлэрэх, шүүхэд хүсэлт, тайлбар, гомдол гаргах, нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт гаргаж өгөх хүсэлт тавих, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах, шүүх хуралдаанд оролцох, шүүхийн шийдвэр гардан авах, ЗХШХШТХ-ийн 20, 28 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх, үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид 1 /нэг/ жилийн хугацаанд олгож, төлөөлөгчөөр томилсон байна.

            9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аээс нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргасан байна.

            10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ... , нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзах”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзаж болно.”, 66.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.”, 66.4. дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.”, 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй байна.

11. Иймд  иргэн Д.Дэс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч Д.Т, Б.А нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаартай актыг хүчингүй болгох, тэтгэвэр олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тэтгэвэр зогсоосон үеэс тэтгэврийг нөхөн олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

12. Мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч Д.Т, Б.А нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаартай актыг хүчингүй болгох, тэтгэвэр олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тэтгэвэр зогсоосон үеэс тэтгэврийг нөхөн олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, иргэн Д.Дийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч Д.Т, Б.А нарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.1.  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                              А.ТҮВШИНТУЛГА