Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 00096

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгч Л.Шижирбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Шижирбаатарт холбогдох 201706000132 дугаартай, 132/2017/0087/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лхагвын Шижирбаатар /РД:ГИ68060615/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Шижирбаатар нь 2017 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг “Харлагийн гол” гэх газраас иргэн Х.Эрдэнэдэлгэрийн 1 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 850000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Л.Шижирбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,
201706000130 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Х.Эрдэнэдэлгэрийн өгсөн: ...2017 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө манай үхэрнүүдээс 1 тооны улаан халзан зүсмийн гурван удаа тугалсан, нас бие гүйцсэн, сүүний чиглэлийн үхэр маань алга болсон. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчид өглөө эрт мэдэгдсэн. Удаагүй байхад “танайх Шижирбаатарынхтай ойрхон уу” гэж асуугаад “та нар Орхон аймагт хүрээд ир” гэж хэлсэн. Очиход манай улаан халзан үхрийг нядалчихсан шир, мах нь л үлдсэн байсан. Толгой, гэдсийг нь хаячихсан гэж байсан. Үхрийнхээ ширийг хараад л таньсан, мах нь халуунаараа нядлаад удаагүй гэдэг нь мэдэгдэж байсан...үхрийн мах, ширийг нь тэр дор нь ченжид зарчихсан гэх мэдүүлэг /хх-18 тал/, ...Миний хохирлыг Шижирбаатар бүрэн барагдуулсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-19 тал/,
Гэрч Б.Оюунгэрэлийн өгсөн: Шижирбаатар бид хоёр 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 4 тооны хонь гаргаж бэлдээд маргааш нь Эрдэнэт явж зарахаар болсон. Эрдэнэт орох замд “Зуны гол” гэдэг газар хэсгийн төлөөлөгч Отгонбаяр зогсоож шалгасан. Тэгээд шалгахад хонины махан доороос нэг үхрийн мах, шир гараад ирсэн, би Шижирбаатараас “юун үхрийн мах вэ” гэхэд хэлэхгүй байсан...би хулгайн үхэр гэдгийг огт мэдэхгүй байсан гэх мэдүүлэг /хх-21 тал/,
Шүүгдэгч Л.Шижирбаатарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг “Харцай” гэх газарт орой 23 цагийн үед сахал Тулга гэдэг хүний үхэр өвөлжөөнийхөө ойролцоо байхад нь улаан халзан зүсмийн хязаалан насных байх нэг тооны үхрийг тууж голын захад авчираад төмөр лантуугаар цохиж унагаад тэнд нь махлаад толгой шийрийг нь ус руу хийчихсэн. Мах, ширийг нь өөрийн эзэмшлийн 68-41БУЛ улсын дугаартай, саарал өнгийн “соната-5” маркийн машиндаа ачаад гэртээ очсон. ...Үхрийн мах, ширийг үхрийн эзэнд нь хүлээлгэж өгсөн, лантуу, хутга, олс зэрэг нь миний машины арын багажинд байгаа гэх мэдүүлэг /хх-45 тал/, Малын үнэлгээ тогтоосон 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1. нас нийлсэн үнээ 850000 төгрөг гэх дүгнэлт /хх-26 тал/ Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-1 тал/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мал хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-9 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-15 тал/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хасаргах тогтоол, тэмдэглэл /хх-16 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-39 тал/, Л.Шижирбаатарыг сэжигтнээр тооцож, батлан даалтанд авсан мөрдөн байцаагчийн тогтоол /хх-42 тал/, шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар тооцсон тогтоол, тэмдэглэл /хх-44-47 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57 тал/ болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр лантуу, хутгыг таниулж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв. Шүүгдэгч Л.Шижирбаатар нь 2017 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг “Харлагийн гол” гэх газраас иргэн Х.Эрдэнэдэлгэрийн 1 тооны үхрийг өөрийн эзэмшлийн 68-41 БУЛ улсын дугаартай, саарал өнгийн “соната-5” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 850000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Х.Эрдэнэдэлгэр, гэрч Г.Оюунгэрэл нарын хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, учирсан хохирлын талаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, малын үнэлгээ тогтоосон дүгнэлт, үхрийн мах, ширийг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэрэгт хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмөр лантуу, хутга зэрэг бичгийн болон биет нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Л.Шижирбаатарыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Шижирбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 850000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлж барагдуулснаар хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч Л.Шижирбаатарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхад дээрхи гэмт хэргийг үйлдсэн байх тул энэ тогтоолоор оногдуулсан ялын зарим хэсгийг нэмж нэгтгэн, түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Л.Шижирбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 68-41БУЛ улсын дугаартай, саарал өнгийн “соната-5” маркийн тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдсан төмөр лантуу, хутга тус бүр нэг ширхэгийг устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд зааснныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Лхагвын Шижирбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Л.Шижирбаатарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Л.Шижирбаатарт энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 6 /зургаа/ сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Шижирбаатарт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Л.Шижирбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Л.Шижирбаатарын эзэмшлийн 68-41БУЛ улсын дугаартай, саарал өнгийн “соната-5” маркийн тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр лантуу, хутга тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтын хувийг хэрэгт хавсаргахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст /шүүгчийн туслах Б.Цогзолмаад/ даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Шижирбаатарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ялыг 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД