Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2015 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/00897

 

Голомт банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/00144 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 673 дугаар магадлалтай,

Голомт банкны нэхэмжлэлтэй

“Бумбат” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 41 030 303 061 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нямсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нацаг, Д.Чулуунбат, хариуцагчийн төлөөлөгч Н.Цогтгэрэл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бумбат” ХХК нь Голомт банктай 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗГ8115005228 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 2 200 000 ам.долларыг, жилийн 12 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, БГ8115005228 барьцааны гэрээгээр “Финикс сайно лимитэд” ХХК-ийн эзэмшлийн, “Бумбат” ХХК-ийн нийт гаргасан хувьцааг 100 хувь, ЗБ8115005228 дугаартай барьцааны гэрээгээр ашигт малтмалын ашиглалтын 7868А, 7869А, 1788А, 6531А, 6532А, 802А, ашигт малтмалын хайгуулын 8750Х, 8751X, 8752Х, 8753Х, 8754Х, 8755Х, 8757Х нийт 13 тусгай зөвшөөрлийг, ЗБ8115005228-1 дугаартай барьцааны гэрээгээр ашигт малтмалын ашиглалтын МV-017157, МV-017156, МV-017147, МV-017159, МV-017158, МV- 017160, ашигт малтмалын хайгуулын XV-017149, ХV-017154, ХV-017150, XV-017151, ХV-017152, ХV-017153, ХV-8757 нийт 13 тусгай зөвшөөрлийн эрхийг тус тус барьцаалсан. 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ8115005289 дугаартай зээлийн гэрээгээр 4 350 000 ам.долларыг, жилийн 11 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗГ8115005228 дугаартай зээлийн гэрээний барьцаа хөрөнгүүдийг давхар барьцаалсан. 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ8115005290 дугаартай зээлийн гэрээгээр 20 400 000 000 төгрөгийг, жилийн 13.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗГ8115005228, ЗГ8115005289 дугаартай зээлийн гэрээний барьцаа хөрөнгүүдийг давхар барьцаалсан. 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ЗГ8115005384 дугаартай зээлийн гэрээгээр 6 650 000 000 төгрөгийг, жилийн 13.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗГ8115005228, ЗГ8115005289, ЗГ8115005290 дугаартай зээлийн гэрээний барьцаа хөрөнгүүдийг давхар барьцаалснаас гадна ЗБ8115005384-1 дугаартай барьцааны гэрээгээр Төв аймгийн Заамар сумын “Бумбат” ХХК-ийн 4 га газар ашиглах эрх, “Бумбат” ХХК-ийн тосгон зориулалттай газарт байрлах барилга байгууламж, тоног төхөөрөмж 75 ширхгийг тус тус барьцаалсан. 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ЗГ8115005883 дугаартай зээлийн гэрээгээр 7 550 000 000 төгрөгийг, сарын 1,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗГ8115005228, ЗГ8115005289, ЗГ8115005290 дугаартай зээлийн гэрээний барьцаа хөрөнгүүдийг давхар барьцаалсан. “Бумбат” ХХК нь ЗГ8115005289, ЗГ8115005290 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, графикт хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү төлөөгүй, мөн ЗГ8115005228, ЗГ8115005883, ЗГ8115005384 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй байна. ЗГ8115005228 дугаартай зээлийн үндсэн хүү 315 925,71 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 3 935,22 ам.доллар, нийт 319 860,92 ам.доллар, ЗГ8115005289 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 4 350 000 ам.доллар, үндсэн хүү 1 561 770,83 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 139 98,21 ам.доллар, нийт 6 508 069,5 ам.доллар, ЗГ8115005290 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 18 765 664 526 төгрөг, үндсэн хүү 6 777 422 630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 651 602 175 төгрөг, нийт 26 194 689 332 төгрөг, ЗГ8115005384 дугаартай зээлийн гэрээний үндсэн хүү 1 838 461 475 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84 321 714 төгрөг, нийт 1 922 773172 төгрөг, ЗГ8115005883 дугаартай зээлийн гэрээний үндсэн хүү 314 849 455 төгрөг, бүгд 28 432 311 960 төгрөг, 6 370 729,97 ам.доллар буюу 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монголбанкны ханшаар 1 ам.долларыг 1977,48 төгрөгтэй харьцуулбал 12 597 991 100 төгрөг, нийт 41 030 303 061 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу “Бумбат” ХХК-аас гэрээнүүдийн үүрэгт 41 030 303 061 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өнгө үү. Барьцаа хөрөнгүүд зээлийн үүргийн гүйцэтгэлд хүрэлцэхгүй тохиолдолд “Бумбат” ХХК-ийн бусад хөрөнгөөс хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Голомт банкны нэхэмжилж байгаа зээлийн өр төлбөр нь Япон Улсын Иточу корпораци болон “Алтандорнод монгол” ХХК-ийн хооронд 2007 онд байгуулагдсан 50-МI-ZТL-МВL-ЕO79-0, 50-МI-ZТL-МВL-ЕO80-0, 50-МI-ZТL-МВL-ЕO81-0, 50-МI-ZТL-МВL-ЕO82-0, 50-МI-ZТL-МВL-ЕO83-0 тоот худалдааны гэрээ, түүнд үндэслэн “Алтандорнод монгол” ХХК болон Голомт банкны хооронд 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан АГ0100080001, АГ0100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 тоот Аккредитивын гэрээний төлбөрийг барагдуулах зорилгоор гуравдагч этгээдийн нэр дээр авсан зээлийн өрийг төлөх зорилгоор авсан зээл. Гэтэл дээрх гэрээнүүд нь Япон Улсын Худалдааны арбитрын холбооны 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 329 дүгээр тогтоол, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3072/Б дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдож, Голомт банкинд аккредитивын төлбөрийг төлөх үндэслэлгүй болохыг тогтоосон. Голомт банк, “Бумбат” ХХК-ийн хооронд 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ8115005289 тоот зээлийн мөн өдрийн ЗГ8115005290 тоот зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. “Алтандорнод монгол” ХХК болон Япон Улсын Иточу корпорацийн хооронд 2007 онд байгуулсан худалдааны гэрээнүүдийн төлбөр тооцоог гүйцэтгүүлэх зорилгоор “Алтандорнод монгол” ХХК болон Голомт банкны хооронд 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан нийт 1 782 360 263 иенийн дүнтэй 5 аккредитивын гэрээнүүдийг байгуулсан. Голомт банк нь энэхүү 5 аккредитивын төлбөрийг “Алтандорнод монгол” ХХК-аас нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба улмаар Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1033 дугаар шүүгчийн захирамжаар “Алтандорнод монгол” ХХК-аас 31 282 279 672 төгрөгийг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. 1033 дугаар захирамжаар гарсан аккредитивын төлбөрийг төлөх зорилгоор тухайн үеийн компанийн удирдлагууд болон Голомт банкны удирдлагууд харилцан тохирч “Алтандорнод монгол” ХХК-ийн харилцан хамаарал бүхий компани болох “Бумбат” ХХК-ийн нэр дээр 15 660 000 000 төгрөгийн зээлийг 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, “Кипрстар” ХХК-ийн нэр дээр 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 15 587 200 000 төгрөгийн зээлийг 1.6 хувийн хүүтэй, 37 сарын хугацаатайгаар, “Элладон” ХХК-ийн нэр дээр 2010 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 4 100 000 ам.долларын зээлийг 1.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан зээлийн эх үүсвэрээр Голомт банкны аккредитивын төлбөрийг хаасан байдаг. Тодруулбал, Голомт банк болон “Бумбат” ХХК-ийн хооронд 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15 660 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд алт олборлолт, хайгуулын үйл ажиллагааны зориулалтаар зээлийг олгохоор заасан хэдий ч энэхүү зээл нь Голомт банк, “Алтандорнод монгол” ХХК, “Бумбат” ХХК-ийн хооронд мөн өдөр байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг-т үндэслэн байгуулагдаж, аккредитивын төлбөр болон өмнөх хувьцаа эзэмшигчийн үед үүссэн бусад зээлийн өрөнд суутгагдсан. Өөрөөр хэлбэл, Голомт банк нь уг зээлийг алт олборлох болон хайгуулын ажлын зориулалтаар олгохоор гэрээ байгуулсан хэдий ч дээр дурдсан санамж бичиг болон барьцааны зүйлсийг худалдах-худалдан авах гэрээний 2.1, 2.3-т заалтын дагуу уг зээл нь “Бумбат” ХХК-д хууль болон гэрээнд заасны дагуу бодитоор олгогдоогүй. Санамж бичгийн 1-т “Бумбат” ХХК нь “Алтандорнод монгол” ХХК-ийн Голомт банкны өмнө хүлээсэн 12 010 396 500 төгрөгийн аккредитивын төлбөрийн үүргийг “Алтандорнод монгол” ХХК болон Голомт банкны хооронд 2008 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан БГ0100080001 болон БГ0100080003 тоот барьцааны гэрээнд заасан ашигт малтмал ашиглалтын 3 тусгай зөвшөөрөл, уул уурхайн зориулалттай машин механизмуудыг Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1033 тоот захирамжид заасны дагуу худалдан авах замаар гүйцэтгэнэ гэж, 3-т Голомт банк нь барьцааны зүйлсийг худалдан авахад зориулж худалдан авах барьцааны зүйлсийн нийт дүн хүртэл дүнтэй зээлийг “Бумбат” ХХК-д олгоно... гэж тус тус заасан. Ийнхүү Голомт банкнаас зээл олгосон үйл ажиллагаа нь бодит байдал дээр өмнө үүссэн төлбөр тооцоог хаах зорилгоор зохиомлоор хийгдсэн, нэг зээлийн төлбөрийг өөр зээлд хөрвүүлэх замаар хаасан хууль бус үйл ажиллагаа байсан болно. Голомт банк нь дээр дурдсантай ижил схемээр “Алтандорнод монгол” ХХК-ийн харилцан хамаарал бүхий “Кипрстар” ХХК, “Элладон” ХХК-ийн нэр дээр зээлийн гэрээ байгуулж, мөн л зээлийг олголгүйгээр аккредитивын төлбөрөөс үүссэн өрөнд суутгаж, зээлийг хөрвүүлсэн. Дээр дурдсан зээл олгох үйл ажиллагаа нь бүхэлдээ “Алтандорнод монгол” ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч болох В.С.Паушоктой үгсэн хуйвалдаж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан зээлийг зориулалтын дагуу ашиглуулах, ашиглалтын байдалд хяналт тавих, зээлдэгчийн санхүүгийн байдал, зээлийн хэрэгцээ шаардлагыг тогтоохтой холбогдсон заалтууд, зээлдэгч болон батлан даагч, барьцаалуулагч нарын санхүүгийн чадвар, барьцаа хөрөнгөд тавигдах шаардлага зэргийг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа байсан. Ийнхүү дээр дурдсанчлан аккредитивын төлбөрт суутгасан 15 660 000 000 төгрөгийн зээлийн өрийг хаах зорилгоор Голомт банкнаас “Бумбат” ХХК-ийн нэр дээр 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ8115005289 тоот зээлийн гэрээгээр 4 350 000 ам.долларын зээл, мөн өдрийн ЗГ8115005290 тоот зээлийн гэрээгээр 20 400 000 000 төгрөгийн зээлийг олгохоор гэрээ байгуулсан байдаг. Энэ мэтчилэн Голомт банкны санаачилга шаардлагаар хийгдсэн удаа дараагийн зээлийг зээлээр хаах хууль бус ажиллагааны үр дүнд “Бумбат” ХХК-ийн нэр дээр их хэмжээний үндэслэлгүй өр төлбөр үүссэн. Зээлийн өр төлбөр үүсэх үндэслэл болсон 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 5 аккредитивын гэрээ нь Япон Улсын Худалдааны арбитрын холбооны 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор хүчин төгөлдөр бусд тооцогдсон. Арбитрын тогтоолд “Алтандорнод монгол” ХХК болон Япон Улсын Иточу корпорацийн хооронд 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2008 оны 05 дугаар сарын 07-ны хооронд байгуулсан нийт 8 821 730 157 иений үнийн дүн бүхий 21 ширхэг худалдааны гэрээтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэж, дээрх гэрээнүүдээс нийт 8 475 710 335 иенийн үнийн дүн бүхий 19 гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэлд Голомт банкаар нээлгэсэн аккредитивын гэрээнд хамаарах 5 худалдааны гэрээ багтсан. Арбитрын шүүхээс энэхүү хүчин төгөлдөр бус хуурамч худалдааны гэрээний дагуу бараа материал худалдан авагч “Алтандорнод монгол” ХХК-д бодитойгоор огт нийлүүлэгдээгүй, хэлцэлд оролцогч талууд зөвхөн худалдааны болон аккредитивын гэрээгээр халхавчилсан мөнгөн хөрөнгийн хууль бус санхүүжилтийн схем хийж байсныг тогтоосон. Ийнхүү аккредитивын төлбөр нь төлөгдсөн худалдааны гэрээнүүд бүгд хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдсон тул “Алтандорнод монгол” ХХК-ийн зүгээс Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 1033 тоот хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар шийдвэрлэгдсэн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасны дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 329 дүгээр тогтоол гарч, дээрх захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Мөн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 3072/Б дугаар шийдвэрээр Голомт банкны нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэж, хүчин төгөлдөр бус гэрээнд үндэслэн хийгдсэн “Алтандорнод монгол” ХХК болон Голомт банкны 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн АГ0100080001, АГ0100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 тоот Аккредитивын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн, төлбөрт төлөгдөх 1 092 490 948 иен буюу 31 282 739 672 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. “Алтандорнод монгол” ХХК нь Голомт банкинд дээрх төлбөрийг төлөх үндэслэлгүй болох нь шүүхээр нэгэнт тогтоогдсон тул энэхүү төлөх ёсгүй төлбөрт төлөгдсөн “Бумбат” ХХК-ийн зээлийн өр төлбөрийг тус компани хариуцаж барагдуулах ямар ч үндэслэлгүй төдийгүй харин ч хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирлоо Голомт банкаар нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ. Голомт банк нь 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ8115005228 тоот, 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ8115005384 тоот, 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ8115005883 тоот зээлийн гэрээнүүдийн дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрт нийт 2 870 141 200 төгрөгийг тус компаниас нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнүүдийн 3.1.2-т заасны дагуу эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, дараа нь зээлийн хүү гэсэн дарааллаар зээлийн өр төлбөрийг тооцож нэхэмжилсэн. Зээлийн гэрээний энэхүү заалт нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолд “...төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ.” гэж заасныг зөрчсөн. Уг хууль тогтоомжид заасан дарааллаар зээлийн өр төлбөрийг тооцвол “Бумбат” ХХК нь Голомт банкнаас авсан зээлийн өр төлбөрийг бүрэн барагдуулсан төдийгүй илүү төлсөн. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хууль зөрчсөн заалтын улмаас тус компанид учирсан хохирлыг Голомт банк нөхөн төлөх ёстой гэж үзэж байна. Дээр дурдсанд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/00144 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч “Бумбат” ХХК-аас 41 030 303 061 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч “Бумбат” ХХК нь тогтоох хэсгийн 1-д заасан төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд “Финикс сайно лимитэд” ХХК-ийн эзэмшлийн, “Бумбат” ХХК-ийн 100 хувь хувьцаа болон ашигт малтмалын ашиглалтын 7868А, 7869А, 1788А, 6531А, 6532А, 802А, ашигт малтмалын хайгуулын 8750Х, 8751X, 8752Х, 8753Х, 8754Х, 8755Х, 8757Х нийт 13 тусгай /ашигт малтмалын ашиглалтын МV-017157, МV-017156, МV-017147, МV-017159, МV-017158, МV- 017160, ашигт малтмалын хайгуулын XV-017149, ХV-017154, ХV-017150, XV-017151, ХV-017152, ХV-017153, ХV-8757/ зөвшөөрөл, тухайн газарт хийгдсэн эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл холбогдох бичиг баримтуудаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 673 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/00144 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Бумбат” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205 309 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 72 дугаар зүйлийн 72.7, 77 дугаар зүйлийн 77.2, 77.5, 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг зөрчсөн. Хариуцагч шүүх хуралдаан болох өдрөөс 1-2 өдрийн өмнө эсвэл шүүх хуралдаан болох өдөр үндэслэлгүйгээр хүсэлт гаргаж шүүх хуралдааныг 5 удаа хойшлуулж, цаг хугацаа хожих байдлаар хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтойгоор хохироож ирсэн ба үүний улмаас нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан өдрөөс өнөедрийг хүртэл 2 880 000 000 хүлээгээд байна. Хариуцагч 2015 оны 12 дугаар сарын      03-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүгчээс татгалзах хүсэлт гаргасныг ерөнхий шүүгч хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг товлон зарласан ч хариуцагч шүүх хуралдаанд санаатайгаар оролцоогүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15/136 тоот шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан “онгоцны билет”-ээс өөр баримт хүсэлтэд хавсаргагдаагүй. “Гадаад улсад олон улсын хурал, зөвлөгөөн, семинарт оролцох, гэрээ, хэлцэл байгуулах зэрэг цаг хугацаа товлосон тодорхой арга хэмжээнд зайлшгүй оролцох болсныг нотлох” хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цогтгэрэлийн нэр дээр ирүүлсэн ямар нэгэн баримтыг анхан шатны шүүхэд ирүүлээгүй байх тул Н.Цогтгэрэлийг хүндэтгэх шалтгаангүйгээр өөрөө санаачилж шүүх хуралдаанд оролцохгүй байх зорилгоор гадаад явсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10 цагт гардан авсан атлаа өөрийн оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны бус Хан-Уул дүүргийн 15-р хорооны Мэндсаруул өрхийн эмнэлгийн магадлагааг хавсаргаж шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдаанд эрүүл мэндийн хувьд хүрэлцэн ирж оролцох боломжгүй нөхцөл байдал бий болоогүй. Өөрөөр хэлбэл эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр онош тогтоосон хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэж байнгын эрчимт эмчилгээ хийлгээгүй тул шүүх хуралдаанд зориуд санаатай ирээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Алтандорнод монгол” ХХК-ийн хуулийн зөвлөх нь 2015 оны 11/16 - 2015/12/16 хүртэл 1 сарын хугацаатай итгэмжлэлтэй байсан ба шүүх хуралдааны товыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хүлээн авснаа илэрхийлж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5-д нийцнэ. Гэтэл давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид анхан шатны шүүх хуралдааны товыг хүргүүлээгүй гэж буруутгасан нь хуулийн дээрх заалтыг зөрчиж хуулийг буруу тайлбарлан, хэрэглэсэн үйлдэл. Магадлалд “2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 31445 тоот шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр “Алтандорнод монгол” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, төлөөлөгчид эрх үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гардуулсан атлаа түүний тайлбар гаргах хугацааг 2015 оны 12 дугаар сарын 03 өдрөөр тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногоос бага хугацаа тогтоож эрх хязгаарласан гэж үзнэ гэсэн нь хуулийн үндэслэлгүй. Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэжээ. Анхан шатны шүүхийн шүүгчээс тогтоосон дээрх хугацааг бие даасан шаардлага гаргаагүи гуравдагч этгээдийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд 14 хоногийн дотор гэсэн хуулийн хугацааг давж заалдах шатны шүүх буруу ойлгож, хуулийг буруу тайлбарласан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар хууль шүүхийг үл хүндэтгэж, хүндэтгэх шалтгаангүйгээр үгсэн тохиролцож шүүх хуралдаанд ирээгүй болох нь тэдгээрийн шүүхэд ирүүлсэн баримтаар нотлогдож байна. Хариуцагчийн хүсэлтээр хоёр тал харилцан тохиролцож, хуулийн хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл байгуулан хамтран ажиллаж ирсэн боловч хариуцагч зээлээ төлөх талаар санаачилгатай ажиллаж, харилцан тохирохын оронд элдэв зальт арга хэрэглэж, үндэслэлгүй удаа дараагийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулан нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироож байгааг хяналтын шатны эрхэм шүүгчид анхааралдаа авч хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэхдээ гаргасан зөрчил нь агуулгын хувьд  шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болохыг дүгнэж чадаагүй байна.

“Бумбат” ХХК-д холбогдох Голомт банкны нэхэмжлэлд шүүх 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулснаас хойш 4 сар гаруй хугацаанд зохигчдын мэтгэлцэх эрхийг хангасан, зохигчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 3 удаа, гуравдагч этгээдийн хүсэлтээр 1 удаа хойшлуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрч, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хэргийг шийдвэрлэжээ. Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах, шүүх хуралдаанд бэлтгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг сахих үүрэгтэй тул хариуцагчийн зүгээс энэ үүргээ биелүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Алтандорнод монгол” ХХК өөрөө хүсэлт гаргаснаар 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 31445 дугаар шүүгчийн захирамжаар тус компанийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэлийн хувийг гуравдагч этгээдэд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гардуулж, тайлбар гаргах хугацааг 12 дугаар сарын 03-ны өдөр гэж тогтоосон боловч шүүх хуралдаан 12 дугаар сарын 24-ний өдөр товлогдсоныг мэдэгдсэн байдлаас үзэхэд мэтгэлцэх эрхийг нь зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Түүнээс гадна Голомт банк болон “Бумбат” ХХК-ийн хооронд үүссэн зээлийн маргааныг хянан шийдвэрлэхэд “Алтандорнод монгол” ХХК-ийн эрх ашиг хөндөгдсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, “Бумбат” ХХК-тай нэг ашиг сонирхолтой тул тайлбар гаргах хугацааг баримтлаагүй нь ноцтой зөрчил болохгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Голомт банкны зүгээс хариуцагч “Бумбат” ХХК-д холбогдуулан 5 удаагийн зээлийн гэрээний үүрэгт нийт 41 030 303 061 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах 2 шаардлага гаргажээ. 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, банкнаас олгох зээлийн гэрээний харилцаа,  барьцааны эрхийг зохицуулсан Иргэний хуулийн болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч гэрээгээр тохирсон зээлийг шилжүүлсэн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйг шийдвэрт өөрчлөлт оруулах замаар  зөвтгөх боломжтой гэж үзлээ.

1. “Бумбат” ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ 8115005228 тоот зээлийн гэрээгээр 2 200 000 ам.долларыг сарын 1 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар зээлж авчээ. Голомт банкнаас 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2 142 600 ам.доллар, 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 57 400 ам.долларыг 2 удаагийн гүйлгээгээр нийт 2 200 000 ам.долларыг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн байна. “Бумбат” ХХК 2 142 559 ам.долларыг Зоос банкан дахь “Бизнес партнёр” ХХК-ийн дансанд, 57 400 ам.долларыг Хас банкинд дансны зузаатгал гэх зориулалтаар тус тус шилжүүлж, захиран зарцуулжээ. /хх-85, 136, 138, 139/

Зээлдэгч нь үндсэн зээл 2 200 000 ам.долларыг төлсөн байх ба 2014 оны 02 дугаар сарын 27-ны байдлаар төлөөгүй үндсэн хүү 315 925 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 3 925 ам.доллар нийт 319 860 ам.доллар буюу 632 516 752 төгрөгийг нэхэмжлэгч шаардсан нь үндэслэлтэй байна. /хх–85, 86/

2. 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ 8115005289 тоот зээлийн гэрээгээр 4 350 000 ам.долларыг, жилийн 11 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар зээлж авчээ. Уг гэрээний дагуу Голомт банк 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4 100 000 ам.доллар, 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 332 750 000 төгрөг, 7 840 000 төгрөгийг “Бумбат” ХХК-ийн дансанд шилжүүлсэн байна. “Бумбат” ХХК 4 100 000 ам.долларыг чекээр бэлнээр авсан, Голомт банк 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 340 590 000 төгрөгийг шүүхийн 1033 дугаар шийдвэрийн дагуу гэж суутган авсан нь дансны гүйлгээ хийсэн баримтаар тогтоогджээ. /хх-153, 154, 156, 157/

Дээрх гэрээний дагуу хариуцагч буцаан төлөлт хийгээгүй байх ба нэхэмжлэгч нь гэрээний хугацаагаар үүргийг тодорхойлж, үндсэн зээл 4 350 000 ам.доллар, зээлийн хүү  1 561 770 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 139 098 ам.доллар нийт 6 050 869 ам.доллар буюу 11 965 472 430 төгрөг гаргуулахыг шаардсан байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцохыг заасан. Дансанд зээл орж ирснээр зээлдэгч зээлийн мөнгийг захиран зарцуулах байтал банк 340 590 000 төгрөгийг  суутгаж авсан нь буруу тул уг зээлийг нэхэмжлэгч аваагүй гэж үзэж, ногдох зээлийн хүүгийн хамт 385 220 913 төгрөгийг  нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй гэж үзнэ. /хх-84/

Иймд дээрх гэрээний дагуу хариуцагч нь 11 580 251 517 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

3. 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ 8115005290 тоот зээлийн гэрээг байгуулж, 20 400 000 000 төгрөгийг, жилийн 13,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар зээлж авсан байна. Голомт банк 2 удаагийн гүйлгээгээр зээлийг “Бумбат” ХХК-ийн дансанд бүрэн шилжүүлсэн байх ба 4 732 160 000 төгрөгийг “Бумбат” ХХК бэлнээр, чекээр авсан,  7 660 000 000 төгрөгийг зээлийн төлбөрт гэж  шилжүүлсэн, харин 8 000 000 000 төгрөгийг Голомт банк Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1033 тоот шийдвэрийн дагуу гэж суутган авсан баримт хэрэгт авагджээ. /хх- 145, 147, 149, 150/

Уг гэрээний дагуу хариуцагч 1 987 010 140 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн дутуу 18 765 664 526 төгрөг, зээлийн хүү 6 777 422 630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 651 602 175 төгрөг нийт 26 194 689 332 төгрөгийг шаардсан байна. /хх-83/

Гэрээгээр олгосон зээлээс Голомт банк нь 8 000 000 000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн боловч “шүүхийн 1033 дугаар шийдвэрийн дагуу” гэж суутган авч, зээлдэгчийн ашиглах эрхэд мөнгийг шилжүүлээгүй тул 8 000 000 000 төгрөгийн зээлийг  авсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нь 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээний үүргийг тодорхойлсон байх ба  8 000 000 000 төгрөг нь зээлийн хүүгийн хамт 11 819 602 175 төгрөг болж, үүнийг хасаж тооцоход нэхэмжлэгч нь 14 375 087 157 төгрөгийг шаардах эрхтэй.

4. 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ 8115005883 тоот зээлийн гэрээг байгуулж, 7 550 000 000 төгрөгийг, сарын 1,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлж авсан байна. Уг гэрээний дагуу Голомт банк 5 удаагийн шилжүүлгээр 3 377 633 853 төгрөгийг “Бумбат” ХХК-д олгосон, “Бумбат” ХХК мөнгийг “Вагнер азиа экуйпмент” ХХК, “Жаст ойл” ХХК, “Алтандорнод монгол” ХХК, Ашигт малтмалын газарт тодорхой зориулалтаар шилжүүлж,  1 799 808 000 төгрөгийг бэлнээр авах зэргээр захиран зарцуулсан нь дансны гүйлгээ хийсэн баримтуудаар тогтоогджээ. /хх -121, 123, 126-135/

Дээрх гэрээний үүрэгт “Бумбат” ХХК нь үндсэн зээлээ төлсөн, харин зээлийн хүүг төлөөгүй байх тул Голомт банк 314 849 455 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна. Зээлийн мөнгийг бүрэн шилжүүлээгүй тул олгосон 3 377 633 853 төгрөгөөс нэхэмжлэгч үүргийг шаарджээ. /хх 1 дүгээр хавтас 81/

5. “Бумбат” ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ЗГ 81150053084 тоот зээлийн гэрээг байгуулж, 6 650 000 000 төгрөгийг, жилийн 13,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар зээлж авсан байна. Уг гэрээний дагуу Голомт банк нийтдээ 17 удаагийн шилжүүлгээр 6 650 000 000 төгрөгийг “Бумбат” ХХК-ийн дансанд шилжүүлсэн, зээлийг “Бумбат” ХХК захиран зарцуулсан нь дансны гүйлгээ хийсэн баримтуудаар нотлогджээ.  /хх-160-198/

Хариуцагч гэрээний дагуу үндсэн зээл 6 650 000 000 төгрөг төлсөн байх тул  нэхэмжлэгч нь гэрээний хугацааны хүү 1 838 451 457 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84 321 714 төгрөг нийт 1 922 773 172 төгрөг гаргуулахыг шаардсан нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Дээрх 5 гэрээний дагуу “Бумбат” ХХК нь 28 825 478 053 төгрөгийг эргүүлж төлөх үүрэгтэй байх ба нэхэмжлэлээс 12 204 825 008 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Зээлийн гэрээний дагуу Голомт банк мөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн, зээлдэгч уг мөнгийг захиран зарцуулсан байдлаас үзэхэд дээрх зээлийг “Алтандорнод монгол” ХХК-ийн Голомт банктай байгуулсан аккредитивын гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөтэй холбоотой гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Зээлийн гэрээний талууд Голомт банк,  “Бумбат” ХХК бөгөөд эдгээр талуудын хооронд үүссэн маргаанд өөр эрх зүйн харилцаа буюу аккредитивын гэрээтэй холбоотой, өөр этгээдүүдийн хоорондох маргаан хамааралгүйгээс гадна аккредитивын маргааныг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1033 тоот шийдвэр хүчингүй болж, уг маргаан шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа баримт хэрэгт авагджээ.

Япон Улсын Худалдааны Арбитрын холбооны 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3072\Б шийдвэрээр шийдвэрлэсэн үйл баримт энэ зээлийн маргаанд хамааралгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нямсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 673 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/00144 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...41 030 303 061,81...” гэснийг “...28 825 478 053...” гэж,  “...олгосугай.” гэснийг “...олгож, үлдэх 12 204 825 008 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, 3 дахь заалтад “...205 309 465.31 төгрөгийг хариуцагчаас гаргуулж...” гэснийг “...144 285 340 төгрөгийг хариуцагчаас гаргуулж...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Голомт банкнаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 205 309 465  төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргуулж, буцаан олгосугай.   

           

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                      П.ЗОЛЗАЯА