Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/MA2017/0451

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0451

Улаанбаатар хот

Х.Өлзийхоролын нэхэмжлэлтэй

Захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Очир, И.Баттөгс нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/400 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Х.Өлзийхоролын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/400 дүгээр шийдвэрээр: ”Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 159 дүгээр зүйлийн 159.3, 159.4, 160 дугаар зүйлийн 160.3, 163 дугаар зүйлийн 163.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Х.Өлзийхоролын Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 22, 23 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.Өлзийхорол давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулах тухай” 62 дугаар тогтоолоор Х.Өлзийхорол намайг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэснийг захиргааны хэргийн шүүхээс хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон.

Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь дахин 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасах тухай” 22, “Дахин сонгууль явуулах тухай” 23 дугаар тогтоолуудаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Х.Өлзийхорол намайг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх үнэлж, дүгнээгүйд гомдолтой байна.

Мөн анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо нь 22 дугаар тогтоолоо гаргахдаа Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар зөрчлийг хэрэгсэхгүй болгосон магадлалыг үндэслэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан “ардчилсан ёс, хууль дээдлэх, шударга ёсны зарчим”, 16 дугаар зүйлийн 9-д заасан “Иргэний төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрх”, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3, 159.4 дэх заалтыг зөрчсөн хууль бус шийдвэр болж Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч Х.Өлзийхорол миний эрхийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Баянзүрх дүүргийн сонгуулийн сонгуулийн хорооны дээрх тогтоолуудыг хууль бус бүрэлдэхүүнтэй гаргасан байхад анхан шатны шүүх дүгнэж, нягтлаагүй, хууль заасан үүргээ биелүүлээгүй, хууль бус бүрэлдэхүүнтэй хэлэлцэж, шийдвэр гаргасан.

... Захиргааны байгууллага нь өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар захиргааны үйл ажиллагаа явуулах эрх хэмжээ нь тусгайлсан хуулиар зохицуулагддаг бөгөөд харин захиргааны байгууллага нь захиргааны акт гаргах үйл ажиллагаа, үйл явцдаа Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмыг баримтлах ёстой.

Гэтэл анхан шатны шүүх сонгуулийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан тусгайлсан хэм хэмжээний хүрээнд гаргасан маргаан гэж хэт явцууруулж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэж байгаад гомдолтой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан “Бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж оролцоог хангах” гэсэн тусгай зарчим, мөн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасныг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн, шинээр батлагдсан Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан, зарчмын шинжтэй ололтоос ухарсан шийдвэр боллоо.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийгүй байж болно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-28.1.6 дахь заалтуудын алинд нь ч хамаарахгүй тул сонгуулийн байгууллага нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 28.1-д зааснаас бусад тохиолдолд заавал оролцоог нь хангаж, сонсох ажиллагаа явуулах зохицуулалттай байна.

Түүнчлэн Монгол Ардын намаас Х.Өлзийхорол намайг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхтэй холбоотой хангалттай хугацаа байсаар байтал надад огт мэдэгдэж, оролцоог хангах ажиллагаа хийгээгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 400 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэдгийг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгох бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 56 дугаар магадлалаар “дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Өлзийхорол 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 /мөнгө, эд зүйл тараах/, 70.5.10 /сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй хүн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, цалин хөлс, урамшуулал, тэтгэлэг олгох/, 70.5.16 /сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах/ дахь заалтыг зөрчсөнийг тогтоосон, шүүхийн тухайн магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүхээс нэхэмжлэгч Х.Өлзийхоролыг ухуулагч, шадар туслах болон бусдад дамжуулан иргэд сонгогчдын саналыг авч Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.10, 70.5.16 дахь заалтуудыг зөрчсөнийг тогтоосон бөгөөд харин түүнийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр захиргааны шийтгэлээс чөлөөлжээ.

Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигч Х.Өлзийхорол захиргааны шийтгэл ногдуулахаас чөлөөлөгдсөн ч сонгуулийн тухай хууль зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэж 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар тогтоолоор түүнийг нэрийн жагсаалтаас хассан нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 /Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно/-д нийцсэн бөгөөд энэ талаар “зөрчлийг хэрэгсэхгүй болгосон магадлалыг үндэслэн нэрийн жагсаалтаас хассан” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэр дэвшигч нэрийн жагсаалтаас хасагдсан тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.13 /дахин болон нэмэлт санал хураалт, дахин болон нөхөн сонгууль зохион байгуулж явуулах ажлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах/-д зааснаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн хариуцагч Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй.

Эдгээр нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/400 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР