Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2026/ШЦТ/90

 

 

 

 

 

 

 

2026      02         05                                           2026/ШЦТ/90

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З

Улсын яллагч Ц.Л

Хохирогч Р.О

Хохирогчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-т холбогдох эрүүгийн 2525000320160 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Б овгийн Д-ийн О, Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 54 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4 дүгээр хороолол ***дугаар байр *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус багийн 11 дүгээр хороолол **** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД:  /.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

   Шүүгдэгч Д.О нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 08.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг Барилгачдын талбайн урд талын засмал зам дээр **-** ОРХ улсын дугаартай “Toyota Rumion /Тоёота Румион/ загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 “Зөвшөөрсөн гэрлэн дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө”, 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг хангах”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Р.О ыг мөргөж, эрүүл мэндэд “баруун шаантны дотор хавчаар ясны ил хугарал, тахилзуур ясны доод гандан хэсгийн хугарал, шагайн үений мултрал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.О-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Хохиролд 5 480 990 төгрөг төлсөн” гэв.

Хохирогч Р.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Ослын талаар өмнө мэдүүлэг өгсөн. Гомдол саналын хувьд авто угаалгад 5 дахв жилдээ ажиллаж байгаад осолд ороод ажил хийж чадахгүй байсаар 11 сараас долоо хоногт 1-2 удаа ажиллаж байгаа. Чийгтэй газарт удаан ажиллахад хүндрэлтэй. Цалин орлогогүй маш хүнд байгаа. Хохирол төлчихвөл өөр хэлэх зүйлгүй. Эрүүл мэндийн хувьд хэцүү өмнөх шигээ болж чадахгүй гомдолтой л байна. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч Н.М  шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо гаргуулах хүсэлттэй байна гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Р.О ын “2024 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 08.00 цагийн орчим Оюут багийн 2-11 дүгээр байрнаас Зэст багийн нутаг дэвсгэр Барилгачдын талбайн баруун талын GS-25 сүлжээ дэлгүүрийн чиглэлд ногоон гэрлээр явган хүний гарцаар зам хөндлөн гарах үедээ улаан өнгийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Тухайн үед миний хөлний баруун өсгий дээгүүр гарч би газар унасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/

            2. Гэрч Т.С-н “2024 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 08.00 цагийн орчим ээж О  Зэст багийн 1-14 дүгээр байрны гаднаас аавын **-**ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Барилгачдын талбай уруудаад гэрлэн дохиогоор баруун эргэтэл огцом тоормослоод “яанаа, хүн мөргөчих шиг боллоо” гээд буугаад харахад газар нэг эгч хэвтэж байсан. Ээжийн машины цонх хоёр талаараа цантсан байдалтай байсан учраас сайн хараагүй юм шиг байна билээ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

            3. Гэрч Ө.Б-ны “2024 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 07.50 цагийн орчим ажил руугаа явж байтал эхнэрийн дүү Д залгаад “О эгч Барилгачдын талбайн баруун талд машинд дайруулчихлаа, би дайруулсан газар нь ирсэн байна, та хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд яараад дайруулсан газар нь иртэл О  газар хэвтсэн байдалтай, босож чадахгүй, гурван цагдаа ирсэн байсан, удалгүй түргэн тусламжийн машин ирээд О ыг БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасаг руу авч явсан, эмч өвчин намдаах тариа хийгээд “баруун хөлийн ард хэсэг нь олон газар хугарсан байх шиг байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 38-39 дэх тал/

          4. Иргэний нэхэмжлэгч Н.М ын “Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.004.302 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Хохирлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд, гүйлгээний утга дээр хохирогчийн овог нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар зэргийг бичиж төлөх боломжтой” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 45 дахь тал/

5. Яллагдагч Д.О-н  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож байгааг би хүлээн зөвшөөрч байна. Мөн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125-127 дахь тал/

          6. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 74 дугаартай “Р.О ын биед баруун шаантны дотор хавчаар ясны ил хугарал, тахилзуур ясны доод гандан хэсгийн хугарал, шагайн үений мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.6.5-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт. /хэргийн 48-50 дахь тал/

          7. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 406 дугаартай “шинжлүүлэгч Р.О ын сэтгэцэд гэмтлийн дараахь стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 57-58 дахь тал/

          8. Орхон аймгийн Автотээврийн төвийн шинжээч нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай дүгнэлт, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 64-67 68 дахь тал/

          9. Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч,  цагдаагийн хошууч Г.Г-н 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 8 дугаартай “**-**ОРХ улсын дугаартай “Toyota Rumionзагварын тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч Д-н О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 “Зөвшөөрсөн гэрлэн дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй” гэх магадлагаа /хавтаст хэргийн 74-75 дахь тал/

          10. Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч,  цагдаагийн хошууч Г.Г-н 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай “**-**ОРХ улсын дугаартай “Toyota Rumionзагварын тээврийн хэрэгслийн жолооч Д.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн, бүтэн байдлыг хангах, 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана. гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэх нэмэлт магадлагаа /хавтаст хэргийн 78-79 дэх тал/

11. Р.Мөнхжаргалын “2024 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 08.00 цагийн орчим дүү О нь Оюут багт байрлах 2-11 дүгээр байрны хойд талын явган хүний гарцаар Зэст баг Барилгачдын талбайн руу гарч яваад **-**ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж, баруун хөл нь хугарч гэмтсэн” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/

12. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 11 дэх тал/

13. Хэргийн газарт буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг Барилгачдын талбайн урд талын засмал зам дээр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хавтаст хэргийн 12-15, 16-17 дахь тал/

         

          14. Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг Барилгачдын талбайн уулзварын хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 18-20 дахь тал/

 

          15. Орхон аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 18/19 дугаартай албан бичгийн хавсралт “Эрүүл мэндийн даатгалын сангаас Р.О ын тусламж үйлчилгээний зардалд 2.004.302 төгрөг шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/

16. Хохирогч Р.О ын өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 84-117 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.О нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 08.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг Барилгачдын талбайн урд талын засмал зам дээр **-**ОРХ улсын дугаартай “Toyota Rumion /Тоёота Румион/ загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 “Зөвшөөрсөн гэрлэн дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө”, 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг хангах”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган  явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Р.О ыг мөргөж,түүний эрүүл мэндэд “баруун шаантны дотор хавчаар ясны ил хугарал, тахилзуур ясны доод гандан хэсгийн хугарал, шагайн үений мултрал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.О-г тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.О-н  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.Э дүгнэлтдээ “цалингийн зөрүү 1 209 000 төгрөг, нэмэлт орлого 7.1 сая төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 12 870 000 төгрөг, шатахууны зардал 122 808 төгрөг, Иргэний хуулийн 228.3, 228.6-д зааснаар 447 300 төгрөгийг 12 сараар тооцож, 4 752 000 төгрөг нийт 23 479 808 төгрөг нэхэмжлэнэ. Хохиролд 4 325 000 төгрөг төлсөн. Эрүүгийн хариуцлагын талаар саналгүй” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, маргахгүй. Өмнөх шүүх хуралдаанаас хойш шинээр хохирлын баримт гаргаж өгөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг өмнөх байдлаар тооцож гаргуулах нь зүйтэй. Шүүгдэгч хохирлоо төлөхөө илэрхийлсэн. Учирсан хохирлыг ойлгож байгаа. Ойрын хугацаанд төлнө Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар

 

             Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Р.О ын “2024 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 08.00 цагийн орчим Оюут багийн 2-11 дүгээр байрнаас Зэст багийн нутаг дэвсгэр Барилгачдын талбайн баруун талын GS-25 сүлжээ дэлгүүрийн чиглэлд ногоон гэрлээр явган хүний гарцаар зам хөндлөн гарах үедээ улаан өнгийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Тухайн үед миний хөлний баруун өсгий дээгүүр гарч би газар унасан.” гэсэн мэдүүлэг, гэрч Т.С-н “2024 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 08.00 цагийн орчим ээж О  Зэст багийн 1-14 дүгээр байрны гаднаас аавын **-**ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Барилгачдын талбай уруудаад гэрлэн дохиогоор баруун эргэтэл огцом тоормослоод “яанаа, хүн мөргөчих шиг боллоо” гээд буугаад харахад газар нэг эгч хэвтэж байсан. Ээжийн машины цонх хоёр талаараа цантсан байдалтай байсан учраас сайн хараагүй юм шиг байна билээ.” гэсэн мэдүүлэг, гэрч Ө.Б-ны “2024 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 07.50 цагийн орчим ажил руугаа явж байтал эхнэрийн дүү Д  залгаад “О  эгч Барилгачдын талбайн баруун талд машинд дайруулчихлаа, би дайруулсан газар нь ирсэн байна, та хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд яараад дайруулсан газар нь иртэл О  газар хэвтсэн байдалтай, босож чадахгүй, гурван цагдаа ирсэн байсан, удалгүй түргэн тусламжийн машин ирээд О ыг БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасаг руу авч явсан, эмч өвчин намдаах тариа хийгээд “баруун хөлийн ард хэсэг нь олон газар хугарсан байх шиг байна.” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Н.М ын “Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.004.302 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Хохирлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд, гүйлгээний утга дээр хохирогчийн овог нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар зэргийг бичиж төлөх боломжтой.” гэсэн мэдүүлэг, яллагдагч Д.О-н  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож байгааг би хүлээн зөвшөөрч байна. Мөн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 74 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 406 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Автотээврийн төвийн шинжээч нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай дүгнэлт, зурган үзүүлэлт, Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч,  цагдаагийн хошууч Г.Г-н 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 8 дугаартай магадлагаа, Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Г-н нэмэлтээр гаргасан, 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай магадлагаа, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг Барилгачдын талбайн урд талын засмал зам дээр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг Барилгачдын талбайн уулзварын хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд, Орхон аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 18/19 дугаартай албан бичгийн хавсралт “Эрүүл мэндийн даатгалын сангаас Р.О ын тусламж үйлчилгээний зардалд 2.004.302 төгрөг шилжүүлсэн баримт, хохирогч Р.О ын өвчний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.О нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 08.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг Барилгачдын талбайн урд талын засмал зам дээр **-**ОРХ улсын дугаартай “Toyota Rumion /Тоёота Румион/ загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 “Зөвшөөрсөн гэрлэн дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө”, 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг хангах”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Р.О ыг мөргөж,түүний эрүүл мэндэд “баруун шаантны дотор хавчаар ясны ил хугарал, тахилзуур ясны доод гандан хэсгийн хугарал, шагайн үений мултрал” бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.О нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөж, эрүүл мэндэд нь баруун шаантны дотор хавчаар ясны ил хугарал, тахилзуур ясны доод гандан хэсгийн хугарал, шагайн үений мултрал бүхий хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.О-гяллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

            Шүүгдэгч Д.О-н үйлдлийн улмаас хохирогч Р.О ын эрүүл мэндэд “баруун шаантны дотор хавчаар ясны ил хугарал, тахилзуур ясны доод гандан хэсгийн хугарал, шагайн үений мултралбүхий хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Р.О  нь “цалингийн зөрүү 1 209 000 төгрөг, нэмэлт орлого 7.1 сая төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 12 870 000 төгрөг, шатахууны зардал 122 808 төгрөг, Иргэний хуулийн 228.3, 228.6-д зааснаар 447 300 төгрөгийг 12 сараар тооцож, 4 752 000 төгрөг нийт 23 479 808 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллааагны явцад 4 325 000 төгрөг, шүүх хуралдааны явцад 3 сая төгрөг нийт 7 325 000 төгрөг төлсөн байна. Хохирогчийн эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2 004 302 төгрөг зарцуулсныг иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.М  нэхэмжилжээ. Шүүх гэм хорын хохиролтой холбоотой баримтуудыг шинжлэн судлаад хохирогчийн цалингийн зөрүү 1 209 000 төгрөг, шатахууны зардал 122 808 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2 004 302 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага тус тус баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээний 9 хувиар тооцож, 8 910 000 төгрөгөөр тооцож хохирогчид олгуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн цалингийн зөрүү 1 209 000 төгрөг, шатахууны зардал 122 808 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 8 910 000 төгрөг, нийт 10 241 808 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 7 325 000 төгрөгийг хасч 2 916 808 төгрөгийг хохирогч Р.О д олгуулах нь зүйтэй. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас нэмэлт орлого 7.1 сая төгрөг, Иргэний хуулийн 228.3, 228.6-д зааснаар нэхэмжилсэн 4 752 000 төгрөгтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

 

2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгч Д.О-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.О-н  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Д.О-т оногдуулсан эрх хасах, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Д-н  О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.О-н  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О аас 4 921 110 /дөрвөн сая есөн зуун хорин нэгэн мянга нэг зуун арав/ төгрөг гаргуулан хохирогч Боржигон овгийн Р-ийн О /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн **** тоот, РД: ****, утас ****/-д 2 916 808 /хоёр сая есөн зуун арван зургаан мянга найман зуун найм/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сан /РД: 6263305/-д 2 004 302 /хоёр сая дөрвөн мянга гурван зуун хоёр/ төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.А