| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2024/00151/И |
| Дугаар | 129/ШШ2024/00186 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 129/ШШ2024/00186
| 2024 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 129/ШШ2024/00186 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ш овогт С.Б хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч С.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- С.Б миний бие .... онд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд А аймгийн Ц сумын НАҮТ-д жолоочоор ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч А аймгийн А тасгаас ажиллаж байгаа үеийн лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Миний өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир Нийгмийн даатгалын газраас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Би А аймгийн Ц сумын Ч-А нэгдэлд ажиллаж байгаад 1989 онд А аймгийн Ц сумын НААҮТ-д жолоочоор орж ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэрт 1994 он хүртэл А аймгийн Ц сумын НААҮТ-д ажиллаж байсан бичилт бичигдсэн. Архивын лавлагаа, БНМАУ-ын хөдөлмөрийн дэвтрийн 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 тоот ажилд авсан тушаал болон НААҮТ эрхлэгчийн 17 тоот тушаал зэрэг баримтуудыг үндэслэн миний А аймгийн Ц сумын НААҮТ-д 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- А аймгийн А тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн .. тоот тодорхойлолт,
А аймгийн А тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
- А аймгийн Ц сумын Ч-А нэгдлийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” .. тоот тушаал,
- Б.О-ийн №............ дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа”,
- С.Б-д 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон “Хөдөлмөрийн дэвтэр”,
- Б х-ын т а-ын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ...... дугаартай “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа” зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагч С.Б-ы хүсэлтээр Д.Ч, Ц.О нараас нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймгийн У-ын б-ийн х-ийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн .... тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 /А/ маягт,
- А аймгийн Н д-ын г-ын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн .... тоот тодорхойлолт,
- Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын Үндэсний төв архивын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ............ тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,
- А аймгийн Н д-ын г-ын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ..... тоот тодорхойлолт зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч С.Б-ы А аймгийн Ц сумын НААҮТ-д 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч С.Б нь өндөр насны тэтгэвэрт тогтоолгох зорилгоор А аймгийн Ц сумын НААҮТ-д 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
- А аймгийн А тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа А т-ийн у г-ын 1981-1983 онуудын материалыг шүүн үзэхэд С.Б-д холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн ... тоот тодорхойлолт,
А аймгийн А т-аас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
- А аймгийн Ц сумын Ч-А нэгдлийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” ... тоот тушаал, /Тушаалд 1. Нэгдлийн грашийн галч С овогтой Б-ыг 1989 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж ахуй үйлчилгээний төвд шилжүүлсүгэй, 2. С.Б-тай тооцоо хийхийг ерөнхий ня-бо /Д.Н/-д зөвшөөрсүгэй/ гэсэн,
- “Эцгийн нэр С.Б, эхийн нэр Ч.Ц” гэсэн Б.О-ийн №........... дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа”,
- С.Б-д 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн “Ажлын тухай мэдээ” хэсэгт:
- Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “С.Б БХЯ-ны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Улаанбаатар хот /Сүхбаатарын район/-оос 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн .... дугаар ангид алба хааж, мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ..... дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн ..... дугаартай “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”,
- А аймгийн У-ын б-ийн х-ээс ирүүлсэн 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр олгосон “А аймгийн Ц сум, С.Б, 1963 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, халх, Их хужирт 1-р хороолол байнга оршин суудаг, ажилладаг байгууллага-Ц сумын А ү-ний төв, эрхэлдэг ажил-жолооч, ажилд орсон он-1988, эрхэлж эхэлсэн он-1988, оршдог сум-Ц сум” гэсэн ХААТР-1 /А/ маягт,
- А аймгийн Н д-ын г-ын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тус газрын архивт С.Б ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй байна. ...” гэсэн ... тоот тодорхойлолт,
- Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын .... дугаар хуудсанд “А аймгийн Ц хотын оршин суугч С.Б, тэргүүлэгч өөрөө, 25 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-галч, Ч.Ц, эхнэр, 22 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-ажилгүй, Б.Б, хүү, 0 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-бусдын асрамж” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ........ тоот лавлагаа,
- А аймгийн Н-ийн д-ын г-ын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “А аймгийн Ц суманд үйл ажиллагаа явуулж байсан Н-ийн ААҮтөв нь хэдэн онд татан буугдсан талаарх мэдээлэл манай газарт байхгүй тул нотлох баримт гарган өгөх боломжгүй байна” гэсэн .... тоот тодорхойлолт,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Д.Ч-ын: “Би 1989 оноос 1994 оныг хүртэл А аймгийн Ц сумын НААҮТ-д нярваар ажиллаж байсан. С.Б нь намайг Ц сумын НААҮт-д нярваар ажилд ороход уг байгууллагад жолоочоор ажиллаж байсан. С.Б нь 1989 оноос 1994 оныг хүртэл А аймгийн Ц сумын НААҮТ-д жолоочоор ажиллаж байсан. С.Б нь 8 дугаар анги төгссөн. 8 дугаар анги төгсөөд цэргийн алба хаасан. С.Б нь Ц сумын НААҮТ-д ажилд орохоосоо өмнө цэргийн алба хаасан. С.Б нь Ц сумын НААҮТ-ийн ЗИЛ-130 маркийн машин барьдаг байсан. А аймгийн Ц сумын НААҮТ 1994 онд тарсан. А аймгийн Ц сумын НААҮТ-ийн эрхлэгч, мастераар н.О гэдэг хүн ажиллаж байсан. А аймгийн Ц сумын НААҮТ-ийн жолоочоор С.Б ганцаараа ажилладаг байсан. С.Б нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Ц сумын НААҮТ-өөс өөр тийшээ шилжиж байгаагүй. А аймгийн Ц сумын НААҮТ-д ажилд орохоосоо өмнө Ц сумын Ч-А нэгдэлд жолоочоор ажиллаж байсан. С.Б нь ажиллаж байх хугацаандаа шагнал урамшуулал авч байгаагүй. Би С.Б-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх,
- Гэрч Ц.О-ийн: “Би 1978 оноос 1990 оныг хүртэл А аймгийн Ц сумын НААҮТ-д эрхлэгч, чанар шалгагч, мастер, тооцогчоор тус тус ажиллаж байсан. С.Б нь 1989 оны намар Ц сумын НААҮТ-д жолоочоор ажилд орж байсан. С.Б нь 1989 оноос 1994 оныг хүртэл А аймгийн Ц сумын НААҮТ-д жолоочоор ажиллаж байсан. С.Б нь цэргийн алба хаасан. Хэдэн онд цэргийн алба хаасныг нь сайн мэдэхгүй байна. Сургуульд сурч байсан талаар нь мэдэхгүй. С.Б нь Ц сумын НААҮТ-д ажилд орохоосоо өмнө цэргийн алба хаасан. С.Б нь Ц сумын НААҮТ-ийн ЗИЛ-130 маркийн машин барьдаг байсан. А аймгийн Ц сумын НААҮТ 1993 юм уу 1994 оны үед тарсан. А аймгийн Ц сумын НААҮТ-ийн даргаар н.Д гэдэг хүн ажиллаж байсан. А аймгийн Ц сумын НААҮТ-ийн жолоочоор С.Б ганцаараа ажилладаг байсан. С.Б нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Ц сумын НААҮТ-өөс өөр тийшээ шилжиж байгаагүй. А аймгийн Ц сумын НААҮТ-д ажилд орохоосоо өмнө Ц сумын Ч-А нэгдэлд жолоочоор ажиллаж байсан. ...” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
3. Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш овогт С.Б-ы А аймгийн Ц сумын НААҮТ-д 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА