Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 104/ШШ2024/00197

 

 

 

2024 04 11

104/ШШ2024/00197

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүргийн *******, *******ны *******од оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: *******ийн дарга Л.ийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаалыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******,

Харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.,

Гэрч: Д., Б., Г.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Миний бие 2017 оны 9 дүгээр сараас Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн эрхлэгч, 2021 оны 1 дүгээр сараас амбулторийн тасгийн БЗДХ, ДОХ-ын их эмчээр ажиллаж байгаад 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас халагдсан, шүүхийн шийдвэрээр амбулаторийн тасгийн халдвартын кабинетийн эмчээр эргэн томилогдон халдвартын эмчийн тушаал гарч, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт байгуулан ажил үүргээ хуулийн хүрээнд хариуцлагатай гүйцэтгэн ажиллаж байгаа болно. Гэтэл *******ийн дарга Л. нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаалаар миний үндсэн ажлын чиг үүргийг өөрчлилж, өсвөрийн эмчид шилжүүлэн, мэргэжлийн халдвартын эмчийн жижүүрт гаргахгүй, багц цагийн сургалтад явуулахгүй, өрөөндөө дуудаж олон мэргэжлийн албаны хүмүүсийн дэргэд зүй бус үг хэллэгээр гутаан гүтгэн доромжилж, ёс зүйгүй авирлаж мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхэнд минь бүдүүлгээр ноцтой халдаж ялгаварлан гадуурхаж байгаад гомдолтой байна.

Иймд миний бие Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд минь халдаж ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтээр ялгаварлан гадуурхаж гаргасан хууль бус тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн үндэслэл нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан. Миний бие 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 3 шатны шүүхийн шийдвэрээр халдвартын эмч гэх албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилдаа орсон. Үүний дагуу ажлаа үүргээ гүйцэтгэж байхад 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр А/88 тушаал гарч, миний хийж байгаа ажлыг элэгний В, С вирусийг өсвөр үеийг хариуцан ажилладаг эмчид хариуцуулна гэж тушаал гарсан. Тухайн үед байгууллагын удирдлага болон холбогдох хүнд хандсан боловч шийдэлд хүрээгүй. Тиймээс дүүргийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаад шийдэгдээгүй учраас Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаалд гомдолтой байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Энэ тушаал нь ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилготой бөгөөд Эрүүл мэндийн төвийн дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан арга хэмжээ юм. Уг тушаалаар амбулаторийн тасагт ажиллаж байгаа нэр бүхий 6 эмчийг мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд ажиллах ажил үүргийн хувиарлалтыг хавсралтаар баталсан. Тушаалын ач холбогдол нь ажилчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд эрүүл мэндийн тусламжийг хөнгөн шуурхай, түргэн үзүүлэх зориулалттай хуульд нийцүүлэн гаргасан.

Энэ нь Монгол улсын төсвийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 16.5.1-т зааснаар төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах, мөн хуулийн 16.5.4-т зааснаар төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын Эрүүл мэндийн даргын эрх үүргийн 2.6.3-т Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид зааснаар эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой тушаал гаргана. Мөн журмын 2.6.10-д заасан дарга нь иргэдэд хүлээлт, чирэгдэлгүй, аюулгүй чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, иргэд болон ажилчдын сэтгэл ханамжийг баталгаажуулах үүднээс байгууллагын дотоод үйл ажиллагаа, зохин байгууллагын хүний нөөцийн чиглэлээр өөрчлөлт шинэчлэлт хийж болно гэж заасан.

Мөн ажил олгогчийн эрх үүргийн 4.1.1-д зааснаар байгууллагын зохин байгуулалтын нэгж, албан тушаалын тодорхойлолтод ажлын уялдаа, ажлын ачааллыг жигдрүүлэх, арилгах зорилгоор ажил үүргийг оновчтой тогтоож мөрдүүлнэ гэж заасан.

Нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаал гарснаар өсвөрийн эмч н.д түүний эрхийг шилжүүлсэн, багц цагийн сургалтад явуулаагүй, дарга өрөөндөө дуудан маш олон эмч нарын хажууд ёсгүй үйлдэл гаргаж, мэргэжлийн эрхэд бүдүүлгээр халдсанд гомдолтой байна гэсэн зүйл бичсэн. Б. бол манай байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан эмч. Эмнэлгээс хүний нөөц шаардлагатай болсон бөгөөд түүний мэргэжлийн ур чадварыг нь харгалзан Б. эмчид ажиллах хүсэлт тавьсны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа мундаг эмч. Б. эмч нь 2017 оноос одоог хүртэл Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн багын гишүүнээр хариуцан ажиллаж байгаа.

Налайх дүүргийн иргэдийн элэгний өвчлөл, түүний дотор В, С вирус, халдварт өвчин, элэгний эм бичих ажлыг гардан хариуцаж байгаа. 2017 онд Б.******* эмчид В, С вирусийг хариуцан ажиллах хүсэлт тавих үед хүлээн аваагүй. Тиймээс Б. эмчид хариуцуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч өөрөө Б. эмчийг насаар нь ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргаж байна.

Багц цагийн сурталтад явуулаагүй гэх тухайд халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.маагийн баталсан 2 хоногийн гепатит вирусийн халдварын тандалт, урьдчилан сэргийлэлт илрүүлэх, оношилгоо эмчилгээний хяналтын сургалтад удирдлагын түвшинд яриад сургалтад явах эмч нарын нэрсийг гаргаж, сургалтад хамруулсан. Харин Б.******* эмч би явах ёстой гэсэн байр сууриас хандсан нь Эрүүл мэндийн төвийн даргын удирдах чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндэтгэлгүй хандаж, өгсөн үүрэг даалгаврыг эсэргүүцсэн үйлдэл гаргасан. Энэ нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1-д ажилтан нь өргөсөн тангараг, хууль тогтоомж, төрийн үйлчилгээний алба хаагчийн ажил, албан тушаалд тавигдах зарчим, шаардлага, ёс зүйн хэм хэмжээнд чанд мөрдөн ажиллана, мөн журмын 4.2.2-т заасан ажилтан албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг хэрэгжүүлэх, ажил олгогчийн удирдах чиг үүргийг хэрэгжүүлэхэд хүндэтгэлтэй хандаж, ажил олгогч, ажил олгогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлж, биелэлтийг тогтоосон хугацаанд тайлагнах бөгөөд захирагдах, захирагдах ёсыг чанд баримтлан ажиллана гэж заасныг зөрчсөн. Б.******* эмч маш олон сургалтад хамрагдсан. Эрүүл мэндийн төвийн зардлаар Хятад улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байдаг. Энэ тухай баримт хавтаст хэргийн материалд авагдсан.

Б.******* эмч нь улсын хэмжээнд халдвартын эмч нарын мэдээлэл солилцох, группт тэтгэврийн эмч нараа явуул гэсэн юм уу, манайхаас 3 тэтгэвэр тогтоолгоод өөрийн хүсэлтээр ажиллаж байгаа хүмүүсийг явуулсан байна. Залуу эмч нар бид нар хүн биш юм уу гэж бичсэн байдаг. Тухайн сургалтад явсан эмч нар нь эмчилгээ эрхэлсэн орлогч О., халдвартын тасгийн эрхлэгч н., халдвартын эмч Б., дархал судлаач н.Гомбосүрэн зэрэг 6 эмч хамрагдсан бөгөөд шаардлага хангасан эмч нар явсан.

Гэсэн хэдий ч хоёр дахь удаагийн сургалтад Б.******* эмч хамрагдчихсан. Гэтэл нэхэмжлэл гаргахдаа намайг сургалтад хамрагдаагүй гэж бичсэн. Өрөөндөө дуудаж олон мэргэжлийн эмч нарын дэргэд одоо ёс зүйгүй үг хэллэгээр гутаан доромжилж, ёс зүйгүй авирлаж, мэргэжлийн эрхлэх үйл ажиллагаанд эрхэд минь бүдүүлгээр ноцтой халдаж, ялгаварлан гадуурхаж байгаад гомдолтой байна гэж бичсэн байдаг. Тэгээд өөрөө хуралд оролцсон атлаа өөрийнхөө хуралдсан хурлын тэмдэглэлийг өөрөө бичээд, үүнийгээ нотариатаар батлуулаад хэрэгт нотлох баримтаар өгчихсөн. Энэ нь байгууллагын дотоод журмыг зөрчсөн. Албан ёсоор н. гэдэг эмч хурлын тэмдэглэлийг хөтөлсөн. Үүний шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хурал болсон өдөр Б.******* эмчийг доромжилсон асуудал байхгүй.

Б.******* намайг гадуурхдаг болохоор би ажиллах боломжгүй гэж яриад байгаа. Гэтэл өөрөө хүмүүсийг ялгаварлан гадуурхдаг. Нэхэмжлэлдээ тэтгэвэрт гараад эмнэлгийн урилгаар ажиллаж байгаа эмч нарыг өндөр насны тэтгэвэрт гарсан авгайчууд гэж нас хүйсээр нь ялгаварлан гадуурхаж бичсэн байдаг. Мөн эвлэлдэн нэгдэх эрхэд халдлаа гээд 16 тасгийн эрхлэгчийг үйлдвэрчний эвлэлийн хороонд гишүүнээр элсүүлэлгүй бүгдийг нь ажил мэргэжлээр нь жендерийн ялгаварлан гадуурхалт хийсэн. 4 жилийн хугацаанд Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга байхдаа нэг ч удаа Үйлдвэрчний эвлэлийн хурлыг зохион байгуулаагүй, ажилчдынхаа төлөө нэг ч юм хийгээгүй атлаа худлаа зүйл яриад байдаг. Иймд Б.*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээж авах боломжгүй юм.

Б.******* 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаалыг Налайх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст гомдол гаргасан. Тэрээр намайг хөдөлмөрийн гэрээнд заасан ажиыг хийлгэхгүй 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн ажил үүрэг зохицуулах тухай даргын А/88 тоот тушаал нь тусгай газар хязгаар тогтоон, өндөр насны тэтгэврээ өөрийн хүсэлтээр тогтоолгон, өсвөрийн эмчид миний чиг байдлыг давхардуулан хариуцуулж, ажил мэргэжлээр ялгаварлан гадуурхаж байгааг шалгаж өгөх гомдлыг гаргаж, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн улсын байцаагч н.Дэнсмаа шалгаад Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.5.1-д заасныг удирдлага болгон Б.******* эмчийн гаргасан гомдлыг холбогдох хүмүүсийн мэдүүлэг, нотлох баримтаар тогтоогдохгүй үндэслэлээр гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж, Налайх дүүргийн прокурорын байгууллага үүнийг хянаад Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна гэж үзсэн. Энэ дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээж авах боломжгүй байна гэв.

4. Гэрч Д. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 дугаар тушаал амбулаторийн эмч нарын ажлыг тэнцвэржүүлэх зорилготой гаргасан тушаал. Тушаал гарахаас өмнө зарим эмчтэй уулзсан. Тэдгээр эмч нь өөрсдөө санал гаргасан. Бүх эмч нартай уулзаагүй. 2015 оны 12 дугаар сард Б. эмч бид хоёр хамгийн анх сургалтад сууж, элэгний вирусийн эмчилгээг хамгийн анхдагчаар нь томилогдож ажилласан. Би 2017 онд зүрхний эмчийн курст явахдаа Б. эмчид өөрийнхөө хянаж байсан хүнээ хүлээлгэж өгөөд, Б. эмч үргэлжлүүлээд ажилласан. 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн тайлан мэдээг Б. эмч зохион байгуулж байгаа гэж сонссон. Халдварт өвчин судлалын 2013 оны 11 дүгээр сард зохион байгуулсан сургалтад н.Гомбосүрэн, Г., Б. бид гурав хамрагдсан. Сургалтад явах хүмүүсийг нэрсийг сургалтын зар ирэх үед байгууллагын дарга надад юм уу, хүний нөөц рүү өгдөг. Тухайн үед хүний нөөцөөс хуваарилалт хийгдсэн. Бид нарыг өргөдлөөр сургалтад явуулдаггүй. Хүмүүсээ харж байгаад эмч нараа хуваарилж явуулдаг. Б.******* олон эмч нарын өмнө надтай зүй бус хандсан гэж гомдол гаргасан. Л.ь дарга Б.*******ийг зүй бусаар доромжилж байсан асуудлын тухайд тухайн өдөр Л.ь даргын өрөөнд уулзалт хийсэн. Тэтгэврийн эмч нар гээд байна. Чи тэтгэвэрт гарсан уу гэж дарга асуусан. Тухайн эмч нараас хэдэн тэтгэврийн хүн байна гэж тоолж байсан. Группэд байгаа авгай нарыг сургалтад орууллаа Б.******* оруулсан байсан. Түүнийг нь дарга танилцуулж байсан. Олон нийтийн сүлжээнд яагаад байгууллагын нэр төрд халдаж байгаа юм бэ гэж ярьж байсан. Өөр доромжилсон үг сонсоогүй. Бүгдийг нь санахгүй байна гэв.

5. Гэрч Б. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2014 онд сургалтад нь явж эхлээд 2015 онд сургалтад хамрагдаж сертификат авч байсан. 2016 оноос Элэг бүтэн Монгол-ыг хариуцах эмчээр томилогдож, 1000 гаруй хүний В,С вирусийг эмчилж эрүүлжүүлж байсан. Түүнээс хойш В,С вирустэй хүмүүсийг хяналтдаа авч эмчлэн, эрүүлжүүлэх шинжилгээнд хамруулах ажлыг гүйцэтгэж байгаа. Анх Д. эмч бид хоёр хамт явж байсан. Д. эмч би зүрхний хяналтын эмчээр явлаа гээд 24 өвчтөний картыг би түүнд өгсөн. Би одоог хүртэл хариуцаж ажиллаж байгаа. 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаал гарахтай холбогдуулан удирдлагаас ажлын ачаалалыг тэнцвэржүүлэх зорилгоор уг тушаал гарсан гэж ойлгож байгаа. Би 2023 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын сүүл хүртэл ээлжийн амралт авсан. Ажилдаа ирэх үед дарга ачаалал ихэслээ. Та өсвөр нас, мөн дотрын эмчийг хавсарч хийгээрэй гэж дарга хэлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тушаалтай холбогдуулан намайг Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч н.Дэнсмаа асуусан, би түүнд Элэг бүтэн Монгол В,С вирус-ийг хариуцаж байсан юм уу гэж асууж байсан. Би түүний асуусан асуултын дагуу л хариулсан. В,С вирусийн гепатитын хяналтад Б.******* эмчийн үүрэг хэр зэрэг байдаг вэ гэхээр тухайн төслийг намайг хэрэгжүүлж байхад Б.******* эмч тасгийн эмч байсан байх. Амбулаторид байдаггүй байсан учраас оролцдоггүй байсан. Сургалтад хамрагдсан боловч тасагт байсан урчаас оролцоогүй байх. Одоо харин Б.******* эмчид эрх нь байгаа учраас хянах боломж байгаа. В, С вирустэй хүмүүс бүгд хяналтад байх ёстой. Тэгэхээр группийн хяналтад байгаа элэгний хатуурлаар хүндэрчихсэн хүмүүсийг бид нар хяналтад, картаар аваад групп сунгах ёстой байдаг. Тэр картуудыг өгөх гэсэн чинь албан ёсоор авна гэж хэлсэн учраас би өрөөндөө оруулаад тавьчихсан. Б.******* эмч ажил хүлээлцээгүй, албан ёсоор авна гэж байна шүү гээд удирдлага руу хэлсэн чинь өөрөө авахгүй гэж байгаа бол хэрэггүй гэж хэлсэн. Одоо бол группийн асуудлыг Б.******* эмч картаа нэг, нэгээр нь аваад группэд оруулах асуудлыг зохицуулаад явж байгаа гэв.

6. Гэрч Г. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаал нь ард иргэдэд чирэгдэл хүлээгдэлгүйгээр амбулаторийн эмч нарын ажил үүргийг тэнцүүлэх зорилгоор л гаргасан тушаал юм. Тушаал гарахаас өмнө холбогдох эмч нартай уулзаж ярилцсныг мэдэхгүй байна. Б. эмч манай халдвар сүрьеэгийн тасагт жижүүр эмчээр ажилладаг. Б.******* эмч амбулаторийн халдвартын эмчээр ажилладаг. Ерөнхийдөө бол В,С вирусээс бусад халдварыг илүү түлхүү үзэж байгаа гэж ойлгож байгаа. Намайг орохоос өмнө Б. эмч Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хариуцан бүх тайлан мэдээг өгдөг байсан. Би 2019 онд Б. эмчээс хүлээн авч одоог хүртэл тайлан мэдээг өгдөг. Намайг 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэл 6 сар суралцаж байх хугацаанд Б.******* эмч хариуцаж мэдээ тайланг өгч байсан. Түүнээс хойш би хариуцаад тайлан мэдээг өгч байгаа. Эмч нарын ажлыг ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор ажлын байранд тодорхойлолтод заасны дагуу ажил үүргийг хуваарилах асуудлыг удирдлагын зүгээс тогтмол хийдэг гэв.

Нэхэмжлэгч талаас Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023.11.08-ны өдрийн А/88 тоот Ажил үйлчилгээ зохицуулах тухай тушаал, хавсралтын хамт, Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023.01.13-ны өдрийн Б/21 тоот Б.*******ийг ажилд авах тухай тушаал, Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023.01.24-ний өдрийн Б/38 тоот Б.*******ийг эгүүлэн ажилд томилох тухай тушаал, 2023.01.13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, 2023.12.20-ны өдрийн Налайх дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, 1006/13 дугаартай диплом, Б.*******ийн төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн магистрын диплом, мэргэшлийн зэргийн гэрчилгээ, Эрүүл мэндийн ерөнхий газрын даргын 2019.05.24-ний өдрийн эрх олгох тухай тушаал, хавсралтын хамт, В, С дельта вируст хепатитийн илрүүлэг, тандалт оношилгоо, эмчилгээ, хяналт хийх зааврыг хэрэгжүүлэх нь багц цагийн сургалтын гэрчилгээ, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2023.11.29-ний өдрийн 3-1/1798 тоот сургалтад оролцуулах тухай албан бичиг, хавсралтын хамт, *******ийн амбулторийн тасгийн эрхлэгч Э.Даваадуламд гаргасан 2023.11.30-ны өдрийн хүсэлт, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024.03.11-ний өдрийн 03/620тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2023.12.04-ний өдрийн хуралд дуудсан тухай тэмдэглэл, *******ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Д.Оюунмаад гаргасан 2023.04.24-ний өдрийн хүсэлт, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.24-ний өдрийн 104/ШШ2023/00215 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.06.21-ний өдрийн 210/МА2023/01227 дугаар магадлал, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.24-ний өдрийн 104/ШЗ2023/01707 дугаар шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасны хамт, Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2024.02.09-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 01/146 тоот албан бичиг, Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2023.09.29-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 01/874 тоот албан бичиг, Эрүүл мэндийн төвийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны 2020.09.29-ний өдрийн 01 тоот тодорхойлолт, Эрүүл мэндийн төвийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны 2022.01.14-ний өдрийн 01 тоот тодорхойлолт, Нийслэлийн *******ийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны 2023.08.31-ний өдрийн 01 дугаар гомдол шийдвэрлэх тухай тогтоол, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2023.12.19-ний өдрийн 14 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2024.01.11-ний өдрийн А/18 тоот журам заавар батлах тухай тушаал, хавсралтын хамт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч талаас Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023.07.27-ны өдрийн А/62 тоот Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтын хамт, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Б. нарын хооронд байгуулсан 2023.10.12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, Б.гийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 0026037 тоот зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Налайх дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн 2024.03.07-ны өдрийн 90 тоот албан бичиг, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Дэнсмаагийн 2023.12.18-ны өдрийн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай ЗХБ-39 дугаартай тогтоолын хуулбар, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024.03.11-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 03/620 тоот албан бичиг, Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн даргын 2024.03.05-ны өдрийн 1/98 тоот албан бичиг, Б.гийн 2022, 2023 онуудын амбулаторийн үзлэгийн тоон үзүүлэлт, Б.*******ийн 2022, 2023 онуудын амбулаторийн үзлэгийн тоон үзүүлэлт, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Б.******* нарын хооронд байгуулсан 2023.01.13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаал, Б.******* эмчтэй хийсэн хурал, уулзалтын тэмдэглэл, Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2023.05.31-ний өдрийн 1/264 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2023.06.29-ний өдрийн 1/345 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2023.10.13-ны өдрийн 1/497 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2022.02.10-ны өдрийн 1/50 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2022.02.10-ны өдрийн 1/51 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн хүсэлтээр Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тамгын газрын 2023.12.01-ний өдрийн ТГ-05/1461 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын 2023.06.08-ны өдрийн 03/752 тоот гомдол шалгуулах тухай албан бичиг, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын 2021.05.19-ний өдрийн 04/578 тоот гомдол шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын 2021.11.29-ний өдрийн 1/1346 тоот хариу өгөх тухай албан бичиг, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын 2023.01.13-ны өдрийн 05/59 тоот гомдол шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2023.11.29-ний өдрийн 3-1/1798 тоот сургалтад оролцуулах тухай албан бичиг, хавсралтын хамт, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2023.11.29-ний өдрийн 3-1/1799 тоот сургалтад оролцуулах тухай албан бичиг, хавсралтын хамт, Гепатитын вирусын халдварын тандалт, урьдчилан сэргийлэлт, илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, хяналт сэдэвт сургалтын хөтөлбөр, бүртгэл зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие 2017 оны 9 дүгээр сараас Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн эрхлэгч, 2021 оны 1 дүгээр сараас амбулторийн тасгийн БЗДХ, ДОХ-ын их эмчээр ажиллаж байгаад 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас халагдсан, шүүхийн шийдвэрээр амбулаторийн тасгийн халдвартын кабинетийн эмчээр эргэн томилогдон халдвартын эмчийн тушаал гарч, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт байгуулан ажил үүргээ хуулийн хүрээнд хариуцлагатай гүйцэтгэн ажиллаж байхад *******ийн дарга Л. нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаал гаргаж миний үндсэн ажлын чиг үүргийг өөрчлилж, уг чиг үүргийг өсвөрийн эмчид шилжүүлэн, мэргэжлийн халдвартын эмчийн жижүүрт намайг гаргахгүй, багц цагийн сургалтад явуулахгүй, ингэснээр миний ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал тооцогдохгүй болсон учир уг тушаал нь Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд минь халдаж ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтээр ялгаварлан гадуурхаж гаргасан хууль бус тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн татгалзах үндэслэлээ тайлбарлаж байна. Үүнд: 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаал нь ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилготой бөгөөд Эрүүл мэндийн төвийн дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан арга хэмжээ. Уг тушаалаар амбулаторийн тасагт ажиллаж байгаа нэр бүхий 6 эмчийг мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд ажиллах ажил үүргийн хувиарлалтыг хавсралтаар баталсан. Тушаалын ач холбогдол нь ажилчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд эрүүл мэндийн тусламжийг хөнгөн шуурхай, түргэн үзүүлэх зориулалттай хуульд нийцүүлэн гаргасан, Б.******* 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаалыг Налайх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст гомдол гаргасны дагуу Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн улсын байцаагч н.Дэнсмаа шалгаад Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.5.1-д зааснаар гомдлыг холбогдох хүмүүсийн мэдүүлэг, нотлох баримтаар тогтоогдохгүй үндэслэлээр гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж, мөн Налайх дүүргийн прокурорын байгууллага гомдлыг хянаад хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна гэж үзсэн. Энэ дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Б.*******ийг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023.01.24-ний өдрийн Б/34 тоот тушаалаар амбулаторийн тасгийн халдвартын эмчийн албан тушаалд томилж, ажиллуулжээ.

4.2. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023.11.08-ны өдрийн А/88 тоот тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасныг тус тус үндэслэн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаторийн тасагт ажиллаж байгаа эмч нарын ажил үүргийн хуваарийг баталсан байх бөгөөд энэ тушаалаар эмч Б.*******ийг элэгний В, С вирусээс бусад халдварт өвчнийг хариуцуулсан үйл баримт тогтоогдож байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг хүлээн авмагц хуульд заасан 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчийн хувьд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаал гаргаж миний үндсэн ажлын чиг үүргийг өөрчлилж, уг чиг үүргийг өсвөрийн эмчид шилжүүлэн, мэргэжлийн халдвартын эмчийн жижүүрт намайг гаргахгүй, багц цагийн сургалтад явуулахгүй, ингэснээр миний ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал тооцогдохгүй болсон нь миний хөдөлмөрлөх эрх ашиг зөрчигдсөн гэж, харин хариуцагчийн хувьд Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаал нь ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилготой Эрүүл мэндийн төвийн дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан хуульд нийцсэн тушаал. Б.*******ийн гомдлыг холбогдох хуулийн байгууллагууд шалгаад гомдлыг нь баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй учир зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

7. Хариуцагчийн татгалзлын үндэслэл нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаал нь ажлын ачаалалыг тэнцвэржүүлэх зорилготойгоор Эрүүл мэндийн төвийн даргын эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлж гаргасан гэж тайлбарлах боловч ажилтны ажил үүргийн хуваарийг өөрчилсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй, үндэслэл болгосон хуулийн зохицуулалт нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч тушаалынхаа үндэслэлд Төсвийн тухай хуульд заасан төсвийн шууд захирагчийн бүрэн эрх, Эрүүл мэндийн тухай хуулийн хууль тогтоомжийг нутаг дэвсгэртээ хэрхэн зохион байгуулах талаарх хуулийн үндэслэлийг баримталсан бөгөөд ажилтны хөдөлмөрлөх эрхийн харилцааг зохицуулж буй тушаалдаа Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй нь хуулийн зөрчилтэй байна.

7.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ миний ажил үүргийн хуваарийг өөрчлөхдөө надад урьдчилан мэдэгдэж тохиролцоогүй нь хууль зөрчсөн гэж дурдсан ба хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэ талаар ажилтантай тохиролцоогүй гэж тайлбарлаж байна.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачаалалыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно гэж заасны дагуу ажилтны ажил үүргийн хуваарийг өөрчилсөн тухай түүнд урьдчилан мэдэгдэж, тохиролцох талаар хуульд заасан журмыг зөрчсөн байна.

7.3. Иймд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ажил үүргийн хуваарийг өөрчилж, эрхэлж байсан ажлын зарим чиг үүргийг өөр ажилтанд шилжүүлсэн, үүний улмаас ажлын үр дүнгийн урамшуулал хасагдаж, ур чадварын нэмэгдэл авахгүй байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаалын Б.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

8. Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагчаас 99.558 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/88 тоот тушаалын Б.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 99.558 /ерэн есөн мянга таван зуун тавин найман/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ