Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 00036

 

 

 

 

 

 

 

 

2019        03          14                                    36

 

 

Ц-гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00113 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-т холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсгийг гаргуулах, охин С-ийг өөрийнхөө асрамжинд авах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Б-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б-, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ц- нь Б-той 2011 онд танилцаж гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй хамтран амьдарсан. 2011 оны 07 дугаар сарын 05-нд охин С- төрсөн. Хамтран амьдрах хугацаанд өөр хүнтэй хий хардаж зодох болсон. Үүнээс болж толгойдоо гэмтэл авч, хамар мурийсан. Энэ байдлыг тэвчиж хамтран амьдрах гэж хүссэн боловч хүчирхийлэх байдал зогсоогүй. Хамгийн сүүлд намайг хий хардаж зодож гэрээсээ охин бид хоёрыг хөөж гаргаад дахин оруулаагүй. Гэрийн түлхүүр цоожийг өөрчилсөн. Ингээд арга буюу 2016 оны 05 сараас бүрэн мөсөн тусдаа охиныхоо хамт амьдрах болсон. Энэ хугацаанд тус тусдаа байж үзсэн. Гэвч байдал өөрчлөгдөөгүй. Сүүлдээ хадам аав, ээж нар оролцож бидний зөв бурууг шүүж хүүгээ өмөөрөх болсон. Б-ийн намайг зодож байгаа байдлыг болон бусад асуудлын талаарх бидний харьцааг улам хурцатгах болсон. Цаашид хамт амьдрах боломжгүй байх тул охин С-ийг өөрийн асрамжиндаа авч, хүүхдийн тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байна. Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багийн 6-18-53 тоот орон сууцыг охин С- болон өөрийн өмчлөлд авах хүсэлтэй байна. Б-т ногдох хэсгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ц-тай 2011 оноос хойш хамт амьдарсан бөгөөд 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр охин С- нь төрсөн, одоо 3 настай болно. Ц- нь нэхэмжлэлдээ намайг байнга зоддог, хий харддаг мэтээр бичсэн байна, энэ нь ташаа ойлголт ба би ер нь гар хүрч зодож байгаагүй юм. Толгойдоо гэмтэл авч, хамар мурийсан нь худлаа, харин нь зам тээврийн осолд орсон гэсэн сурагтай байсан бөгөөд би зодож хамрыг нь мурийлгаагүй санагдах юм. Хэрвээ намайг зодож хамрыг нь мурийлгасан бол аль хэдийнээ цагдаа шүүхэд өргөдөл гаргаад шалгуулчихсан байгаа. Хүнийг ингэж ор үндэслэлгүй гүтгэж болохгүй байх гэж бодож байна. Харин өөрөө юм л бол ах, эгч рүүгээ гүйгээд явчихдаг байсан. Би эхэндээ юу ч хэлдэггүй байсан. Сүүлдээ энэ асуудал нь улам ширүүсэж ах, эгч нь хүртэл намайг загнаж дарамталдаг болсон. Тэгээд бидний хооронд таарамжгүй байдал үүссээр Ц- гэрээсээ 2015.6 сард хүүхдээ аваад намайг эзэнгүй хойгуур яваад өгсөн байсан. Би Дарханд ажлаар явж байхад найз маань утастаад танайх нүүж байгаа юм уу? гэж асуухад гайхаад үгүй гэхэд танайх нүүж байна шүү дээ, гэрийн эд хогшлыг чинь ачиж байна гэхээр нь оройдоо Орхон аймаг руу гарсан. Тэгэхэд гэрийн бүх тавилгыг ачаад Булган аймаг руу аваад явсан байсан. Нэхэмжлэлийн шаардлагадаа бичсэн охиноо өөрийн асрамжинд авч тэтгэлэг гаргуулж авна гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин нь Баян-Өндөр сум Согоот багийн 6-18-53 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд үлдээнэ гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ байрыг 2014.03.20-ний өдөр ээж, аав хоёр бэлэглэлийн гэрээгээр бид нарын нэр дээр шилжүүлсэн юм. Миний ээж чихрийн шижин өвчтэй хүнд нөхцөлд байгаа бөгөөд би ээжийгээ харж асарч байна. Надтай сууж нэг гэрт амьдарч байгаа юм чинь миний ээжийг харж асрахад туслах ёстой байтал нэг ч удаа хүний бэр шиг байж үзээгүй юм. Харин нь одоо ээж, аавын минь бэлэглэсэн орон сууцыг өөрийн өмчлөлд авна гэсэн нь хүний мөсгүй байгаа юм биш үү. Гэр бүлээ батлуулаагүй бөгөөд гэр бүл болсноос хойш үүссэн хөрөнгө биш байтал байрыг минь өөрийн өмчлөлд авна гэдэг чинь хүний эд хөрөнгөнд халдаж байна бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын орон сууцны өмчлөлийн асуудлаас бусад шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00113 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2013 оны 07 дугаар сарын 05-нд төрсөн охин С-ийг эх Ц-гынх нь асрамжинд үлдээж, Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан С-д бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 18 нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Б-оор нь сар бүр тэжээн тэтгүүлж, Монгол Улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18-53 тоот улсын бүртгэлийн Ү-2101007429 дугаартай орон сууцыг Ц-, охин С- нарын өмчлөлд үлдээж, Ц-гаас 17.666.666 төгрөг гаргуулан Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б-оос 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц-д, нэхэмжлэгч Ц-гаас 246.283.33 төгрөг, хариуцагч Б-оос 340.418.67 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Ц-д хүүхдийн тэтгэлэг гаргуулах мөн дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гарсан. 6-18-53 тоот байрыг Ш.Цогзолмаа, С- нарын өмчлөлд үлдээсэн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Гэхдээ гэр бүлийн хүрээнд аливаа зүйлээс болж маргалдах үе байдаг биз дээ. Хамт амьдрах үедээ Ц- ажил руу гаа нэг удаа яваад ирэхгүй байх үед нь миний ээж Булган явж аав, ээжтэй нь уулзаж дагуулж ирэн биднийг авч Сэлэнгийн Сайханы Хөтөл явж газар үзүүлж байсан. Мөн намайг хөөж явуулчхаад хаалганы цоожоо өөрчилсөн гэж хэлсэн байна. Энэ нь худлаа юм. Ц- нь намайг Дарханд ажлаар явж байхад аав хүргэн дүү нарынхаа хамт ирээд гэрт байсан өөрийн гэх бүх зүйлээ ачаад явсан. Надад нэг индүү, тоос сорогч 2 үлдээсэн. Тэр бүү хэл гал тогооны угаалтуурыг хүртэл салгаад аваад явсан. Бидний амьдралд ээж маань ердөө ордоггүй намайг өмөөрөх нь бүү хэл харин ч зэмлэдэг байсан. Миний энэ байр бол миний эцгээс үлдсэн эд хөрөнгө юм. Миний аав 1979 онд илгээлтээр ирж Уулын баяжуулах үйлдвэрт ажилласан. Ээж 1982 онд Ховдоос шилжин ирж Эрдэнэт хотын эмнэлэгт насаараа ажиллаж байгаад одоо өндөр насны тэтгэвэртэй гарсан. Ээж сахарын өвчтэй би ээжийгээ асрах үүрэгтэй. Мөн эгч минь бурханы оронд явсан. Ц- бид хоёрын буруугаас болж ээж маань гараасаа хөтлөх ачгүй ганцаардаж байна. Бид хоёр хүн шиг амьдарсан бол ийм байдал гарахгүй байсан. Ц- бид хоёр хоёулаа ээжийгээ гомдоосон. Насаараа хөдөлмөрлөж байж авсан байрыг нь ээждээ өгнө гэж бодож байна. Бид 2 гэр бүлээ баталгаажуулаагүй. Бид хоёр амьдрах хугацаандаа бий болгосон хөрөнгө бол байр биш. Би охиндоо хуулийн дагуу тэтгэмж өгнө. Харин аав ээжийн минь бэлэглэсэн байрыг авна гэсэн нь хүний мөсгүй байгаа юм биш үү. Мөн Ц-гийн аав Жаргалсайхан охиныхоо эд зүйлийг ирээд авсан тухай, бид хоёрыг цаашид амьдрах тухай нэг ч үг хэлж байгаагүйг асуугаасай гэж хүсэж байна. Мөн улсын бүртгэлийн У210007429 дугаартай орон сууцыг Ц-гийн өмчлөлд өгөхийг зөвшөөрөхгүй ба хариуцагч Б-оос гаргах 340.418.67 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудлыг анхан шатны шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 113 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц- нь хариуцагч Б-т холбогдуулан охин С-ийг өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багийн 6-18-53 тоот 1 өрөө орон сууцыг охин С- болон өөрийн өмчлөлд авах, хариуцагч Б-т ногдох хэсгийг өгөх нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2013 оны 07 дугаар сарын 05-нд төрсөн охин С-ийг эх Ц-гынх нь асрамжинд үлдээж, Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан С-д бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 18 нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Б-оор нь сар бүр тэжээн тэтгүүлж, Монгол Улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 108 дугаар зүйлийн 108.1.-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18-53 тоот улсын бүртгэлийн Ү-2101007429 дугаартай орон сууцыг Ц-, охин С- нарын өмчлөлд үлдээж, Ц-гаас 17.666.666 төгрөг гаргуулан Б-т олгож шийдвэрлэжээ.

Ц-, Б- нар нь 2011 онд танилцаж гэрлэлтээ  албан ёсоор батлуулаагүй, хамтран амьдарч байхдаа  2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр охин С-ийг төрүүлжээ.

Хариуцагч Б- нь охин С-ийг эхийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн байх тул шүүхээс С-ийг эх Ц-гийн асрамжинд үлдээж, тэтгэлэг тогтоосон нь гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтуудтай нийцжээ.

Харин Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1,108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18-53 тоот улсын бүртгэлийн Ү-2101007429 дугаартай орон сууцыг Ц-, охин С- нарын өмчлөлд үлдээж, Ц-гаас 17.666.666 төгрөг гаргуулан Б-т олгож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18-53 тоот 1 өрөө орон сууцыг 1992-2013 он хүртэл А. Баатарзоригтын ээж Г.Наранцогт нь өмчилж, амьдарч байсан байна.

2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18-53 тоот 1 өрөө орон сууцыг Б-ийн ээж Г.Наранцогт, Б.Далх-Очир нар хүү Б-, бэр Ц- нарт бэлэглэжээ.

2014 оны 04 дүгээр сарын 01 ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2101007429 дугаарт орон сууцны өмчлөгчөөр Б-, Ц-, охин С- нар бүртгэгджээ.

Далай ван Аудит ХХК-ийн үнэлгээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18-53 тоот 1 өрөө орон сууцыг  53.000.000 сая төгрөгөөр үнэлжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж  орон сууцыг Б-тын өмчлөлд үлдээж, Б-тоос оногдох хэсэг болох 35.333.332 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц-, охин С- нарт олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 334.620 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00113 дугаар шийдвэрийн 3 дугаар заалтыг “...Монгол Улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1., 108 дугаар зүйлийн 108.1.-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18-53 тоот улсын бүртгэлийн Ү-2101007429 дугаартай орон сууцыг Ц-, охин С- нарын өмчлөлд үлдээж, Ц-гаас 17.666.666 төгрөг гаргуулан Б-т олгосугай...” гэснийг, “...Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1., 108 дугаар зүйлийн 108.1.-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18-53 тоот улсын бүртгэлийн Ү-2101007429 дугаартай 1 өрөө орон сууцыг Б-ийн өмчлөлд үлдээж, Б-оос 35.333.332 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц-, охин С- нарт олгосугай...” гэж,

Шийдвэрийн 4 дэх заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б-оос 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц-д, нэхэмжлэгч Ц-гаас 246.283.33 төгрөг, хариуцагч Б-оос 340.418.67 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай...” гэснийг, “...хариуцагч Б-оос 334.617 төгрөг гаргуулж Төрийн санд оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 334.620 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР