Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/83

 

 

            

 

 

 

 

  2022         1            18                                            2022/ДШМ/83                             

 

У.Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б-Э даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Жаргал,

шүүгдэгч У.У, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Ю.Тогмид, 

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/707 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.У, түүний өмгөөлөгч Ю.Тогмид, Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн У.Ут холбогдох эрүүгийн 2014 26000 6460 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Уийн У, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр .................. аймгийн .................... суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, “........................” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, ...................... дүүргийн ..... дугаар хороо, .... дугаар хороолол, .... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ....................... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, .... дугаар байрын ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................../

Шүүгдэгч У.У нь:

- 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Нгаас “УИХ-ын гишүүн Наранхүүгийн дүү Оюунтай хамтран Япон улс руу ашигтай наймаанд явна, бараа гааль дээр ирчихсэн байгаа татварын мөнгө хэрэгтэй байна түр мөнгө зээлээч” гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 41.495.840 төгрөг авсан,

- 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс мөн оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд Солонгос улсаас барилгын материал оруулж ирж зарж хамтран ажиллана гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан банк”-ны салбараар дамжуулан 4 /удаагийн үйлдлээр/ А.Эаас 285.000.000 төгрөг шилжүүлэн авсан,

- 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг насан” ББСБ-ын гадна “хайрганы карьер ажиллуулах гэж байгаа, олсон ашгийнхаа 50 хувийг өгье, мөнгө өгч туслаач” гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар үүсгэж Б.Нгаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргилын 61-202 тоот 4 өрөө байрыг барьцаанд тавиулж 80.000 ам доллар буюу 151.040.000 төгрөгийг нь авч, улмаар уг орон сууцыг зээлийн барьцаанд хураалгаж 230.021.342 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭДТ” ХХК-ийн захирал Ж.Ч-Эд “түрээсийн мөнгийг төлбөл уг мөнгөнд хайрга нийлүүлнэ” гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан хуурч 64.000.000 төгрөгийг нь “Хера Экуйпмент” ХХК-ийн данс руу шилжүүлж авсан,

- 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурвалжин” барилгын материалын захад иргэн Ч.Дсд 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мөнгийг нь төлнө гэж хуурч 8 тонн цемент зээлээр авч мөнгийг нь төлөхгүй 1.240.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 4 дүгээр сарын 10-аас 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд “...удахгүй мөнгө орж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Г.Б-Ээс Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны салбараар дамжуулан 101.192.000 төгрөгийг нь авсан,

- 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чонон бөртэ” ХХК дээр иргэн Б.Гд “ажил бүтээж өгнө, байр өгнө” гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 181.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Б-Ээр дамжуулан бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан “4 сая төгрөгийн ашиг өгнө” гэж хуурч Ж.Цгээс 27.000.000 төгрөгийг нь авсан,

- 2015 оны 11 дүгээр сард Б.Гмаагийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 45- 21 тоот байрыг өөр байраар сольж өгнө гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан уг байрны өмчлөх эрхийг Б.Гын нэр дээр шилжүүлэн өгч, Б.Гмаад 116.604.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Б.Бад “газар тариалан эрхэлж байгаа тул мөнгө хэрэгтэй” гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт банк”-ны салбараар дамжуулан 19.350.000 төгрөгийг авч, бусдад нийт 1.067.403.182 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: У.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Уийн Уыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан үргэлжилсэн үйлдлээр залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч У.Уыг 3 /гурав/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ут оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Уын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Уаас нийт 747.025.502 /долоон зуун дөчин долоон сая хорин таван мянга таван зуун хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Нд 15.000.000 төгрөг, А.Эт 180.000.000 төгрөг, Б.Нд 230.021.342 төгрөг, Ж.Ч-Эд 40.900.160 төгрөг, Б.Гд 181.500.000 төгрөг, Ж.Цд 27.000.000 төгрөг, Б.Гмаад 72.604.000 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Уын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэргээ ухамсарлаж, 3 хүний хохирол төлбөр болох 132.000.000 төгрөгийг бүрэн төлж, 7 хүний хохирлоос 289.000.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд 2022 ондоо үлдэгдэл хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байна. Миний бие өндөр настай ээжийгээ асарч хамт амьдардаг бөгөөд хохирол төлсөн, төлөхөө илэрхийлж байгааг эрхэм шүүгч та бүхэн харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч У.Уын өмгөөлөгч Ю.Тогмид давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлтэд шүүгдэгч У.Уыг 2012 оны 7 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын хугацаанд үргэлжилсэн үйлдлээр санаатай гэмт хэрэг буюу залилах гэмт хэргийг үйлдсэн байх тул сүүлийн гэмт хэрэг үйлдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолохоор байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч У.У эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэжээ.

Мөн үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч Б.Багийн “...У.У нь 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сар хүртэл хэд хэдэн удаагийн үйлдлээр нийт 22.350.000 төгрөгийг авсан...” гэсэн дээрх хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх, няцаах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дүгнэсэн болно. Гэвч хохирогч Б.Ба нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өргөдөл болон гэрч, хохирогчоор нийт 4 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Үүнд:

- 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр гаргасан өргөдөлдөө “...2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр У.Ут ажил бизнест нь яаралтай хэрэг болсон тул 11.5 сая төгрөг зээлсэн...”,

- 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр найз Цацралаас 6 сая төгрөг аваад өөрт байсан 7 сая төгрөгийг нэмээд нийт 13 сая төгрөг өгсөн...” болж өөрчлөгдсөн,

- 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...тэгэхээр нь би өмнө хамт ажилладаг байсан эгч Мөнхтулгаас 5 сая төгрөг зээлж авч өгсөн. Он сарыг нь сайн санахгүй байна. Уыг бас мөнгө гуйгаад удахгүй өгнө гээд байхаар нь Саппоро төвийн Голомт банкны салбараас 6 сая төгрөгийн цалингийн зээл авч өгсөн. Тэгсэн У өмнө нь авсан мөнгөө буцааж өгөхгүй байсан болохоор нэхэж байгаад Мөнхтулга эгчээс авсан 5 сая төгрөгийг буцааж авч Мөнхтулга эгчид өгсөн. Тэрнээс хойш У бага бага хэмжээгээр надаас зээлсэн мөнгөө өгч байгаа...”,

- 2017 оны 8 дугаар сарын 21-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “... тэрнээс хойш 9 дүгээр сарын сүүл байна уу сарыг нь сайн санахгүй байна дахин 6 сая төгрөг олоод өгөөч гэж хэлэхээр нь би ажлаасаа цалингийн зээл авч өгсөн тэгээд надад буцааж зээлсэн мөнгөнөөсөө 5 сая төгрөгийг өгсөн...”,

- 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сар хүртэл хэд хэдэн удаагийн үйлдлээр нийт 22.350.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлгүүд өгсөн байдаг.

Б.Ба нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Голомт банкнаас цалингийн зээл авсан байдаг. Иймд эдгээр нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг харгалзан үзнэ үү.

Мөн У.Уын Дорнод аймагт эрхэлж буй уул уурхайн үйл ажиллагаа нь 2021 оны 10 сараас жигдэрч байгаа бөгөөд түүнийг удирдан зохион байгуулж үйл ажиллагааны орлогоосоо 2022 оны эхний улиралд төлж барагдуулах боломжтой байгаа бөгөөд хохирч нарын хохирлыг мөн хугацаанд төлж барагдуулах болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэг илрэл нь хүний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх эрх зүйн хэм хэмжээгээр илрэн гарах учиртай.

Өөрөөр хэлбэл, аливаа хууль тогтоомжийг буцаан хэрэглэхдээ тухайн хуулийн үйлчлэлд өртөж буй этгээдийн эрх зүйн байдлыг дордуулбал буцаан хэрэглэхгүй, харин эсрэгээр дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зөвхөн эрүүгийн эрх зүйн төдийгүй иргэн, захиргаа бусад төрлийн маргаанд ч нийтлэг үйлчилдэг эрх зүйн суурь зарчим билээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл,эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж, мөн тус хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж хуульчилсан.

2015 оны шинэчлэн найруулсан 2017 оноос мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон байх ба нэмэлт өөрчлөлт орохоос өмнө тус хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж хуульчилсан байжээ.

Иймд У.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг 2012 оны 7 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдээд 5 жил өнгөрсөн буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч У.Уын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж гомдол гаргаж байна. У.У нь 2012 оны 7 сараас 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл гэмт хэрэг үйлдсэн байх нөхцөл байдлууд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог. Хохирогч Б.Багийн цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл /хх 41/, тайлбар мэдүүлэг /хх 42/, хохирогчоор өгсөн /хх 49/ мэдүүлгүүддээ 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр мөнгө зээлүүлсэн талаар өгсөн удаа дараагийн тогтвортой мэдүүлэг, мөн анх бичиж өгсөн өргөдлөөс харагддаг.

Мөн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр цалингийн зээл аваад түүнийгээ зээлүүлсэн талаар мэдүүлдэг. Энэ нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр цалингийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /6 хх-86/ зэрэг баримтуудаар хохирогч Багээс 2016 оны 7 сараас 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл түүнээс мөнгө авсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог. Гэтэл шүүх 12 сар гэж дүгнэсэн нь түүний 1 мэдүүлэгт 12 гэсэн тоо бичигдсэн байх бөгөөд ямар нэгэн асуулт хариултаар баталгаажаагүй мөн өөр бусад баримтаар нотлогдон тогтоогдоогүй ямар ч эх сурвалжгүй баримтыг үнэлж хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгч У.У нь хохирлын зохих хэсгийг төлсөн бөгөөд үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлдэг гэм буруу дээр маргадаггүй.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар У.Ут холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв

Прокурор Б.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч нарын гомдолтой танилцлаа. Хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн санал үндэслэлгүй байна.   Шүүгдэгч У.У нь 2013 оноос 2016 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд бусдад хохирол учруулсан гэм буруутайд тооцсон. Гэмт хэргийн сүүлийн хугацаанд 9, 10 сар гэж маргадаг боловч хохирогч Б.Багийн мэдүүлгээр тогтоогддог. Шүүгдэгч У.Ут холбогдох эрүүгийн 2014 26000 6460 дугаартай хэргийг үүсгэж, прокурорын тогтоолоор яллагдагчаар татсан тул 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаан дээр 5 жил өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч У.У, түүний өмгөөлөгч Ю.Тогмид, Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.У нь:

1. 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Нгаас “УИХ-ын гишүүн Наранхүүгийн дүү Оюунтай хамтран Япон улс руу ашигтай наймаанд явна, бараа гааль дээр ирчихсэн байгаа татварын мөнгө хэрэгтэй байна түр мөнгө зээлээч” гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж 41.495.840 төгрөг авсан,

2. 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс мөн оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд Солонгос улсаас барилгын материал оруулж ирж зарж хамтран ажиллана гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан банк”-ны салбараар дамжуулан 4 /удаагийн үйлдлээр/ А.Эаас 285.000.000 төгрөг шилжүүлэн авсан,

3. 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг насан” ББСБ-ын гадна “хайрганы карьер ажиллуулах гэж байгаа, олсон ашгийнхаа 50 хувийг өгье, мөнгө өгч туслаач” гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар үүсгэж Б.Нгаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргилын 61-202 тоот 4 өрөө байрыг барьцаанд тавиулж 80.000 ам доллар буюу 151.040.000 төгрөгийг нь авч, улмаар уг орон сууцыг зээлийн барьцаанд хураалгаж 230.021.342 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭДТ” ХХК-ийн захирал Ж.Ч-Эд “түрээсийн мөнгийг төлбөл уг мөнгөнд хайрга нийлүүлнэ” гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан хуурч 64.000.000 төгрөгийг нь “Хера Экуйпмент” ХХК-ийн данс руу шилжүүлж авсан,

5. 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурвалжин” барилгын материалын захад иргэн Ч.Дсд 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мөнгийг нь төлнө гэж хуурч 8 тонн цемент зээлээр авч мөнгийг нь төлөхгүй 1.240.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2014 оны 4 дүгээр сарын 10-аас 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд “...удахгүй мөнгө орж ирнэ” гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Г.Б-Ээс Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны салбараар дамжуулан 101.192.000 төгрөгийг нь авсан,

7. 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чонон бөртэ” ХХК дээр иргэн Б.Гд “ажил бүтээж өгнө, байр өгнө” гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 181.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Б-Ээр дамжуулан бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан “4 сая төгрөгийн ашиг өгнө” гэж хуурч Ж.Цгээс 27.000.000 төгрөгийг нь авсан,

9. 2015 оны 11 дүгээр сард Б.Гмаагийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 45- 21 тоот байрыг өөр байраар сольж өгнө гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан уг байрны өмчлөх эрхийг Б.Гын нэр дээр шилжүүлэн өгч, Б.Гмаад 116.604.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Б.Бад “газар тариалан эрхэлж байгаа тул мөнгө хэрэгтэй” гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт банк”-ны салбараар дамжуулан 19.350.000 төгрөгийг авч, бусдад нийт 1.067.403.182 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1. Хохирогч А.Нгийн “...У нь УИХ-ын гишүүн Наранхүүгийн дүү Оюунтай нийлж Япон улсаас импортоор техникийн тос, тослох материал оруулж ирж зарах гэж байгаа, бараа материалаа худалдаж аваад оруулж ирэхэд мөнгөний хэрэг гараад байна, ...мөнгө зээлээч, 1 сарын дотор эргүүлээд өгнө ...гэхээр нь итгэсэн. Би Ут олон удаагийн байдлаар 1000-5000 долларын хооронд зээлүүлээд хугацаандаа өгч авалцаж байсан учраас маш их итгэлтэй байсан тул ...мөнгө зээлүүлсэн... Япон явж бараагаа авах гэж байгаа гээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 65 дугаар байрны гадна 20.000 доллар бэлнээр, гэрт ирээд 4000 доллар бэлнээр авсан. ...15.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...” /9 хх 128/,

гэрч Б.Игийн “...Манай найз У надад хэлэхдээ Ганболд ахын эхнэрт хэдэн төгрөгийн өглөгтэй гэж ярьж байсан...” /3 хх 62/,

гэрч Г.Цлын “...2012 оны 7 дугаар сард манай ээж Н Ут мөнгө өгч байхыг харсан. ...У нь миний аав ээжээс их хэмжээний мөнгө авчхаад өгөхгүй маш их хохироосон. Бид аргаа ядаад Утай ярихад намайг маш их доромжилж байсан...” /3 хх 66/ гэх мэдүүлгүүд,

2. Хохирогч А.Эын “...У анх БНСУ-аас барилгын материал оруулж ирж зарна гэж яриад би 2013 оны 3 дугаар сард эхлээд 100.000.000 төгрөг, дараа нь 2-3 хоногийн дараа 90.000.000 төгрөг, үүнээс хойш 2-3 хоногийн дараа дахиад 60.000.000 төгрөг, ...нэмээд 35.000.000 сая төгрөг буюу нийт 285.000.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш надад У цувуулж 68.200.000 төгрөг өгсөн. Одоо 216.800.000 төгрөг авах дутуу байгаа би одоо үлдсэн 216.800.000 төгрөгөөс 180.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /9 хх 132/ гэх мэдүүлэг,

2013 оны 8 дугаар сарын 1-ний өдөр А.Э, У.У нарын байгуулсан бараа материал нийлүүлэх гэрээ болон тооцоо нийлсэн актын хуулбар /хх 114-115/,

2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ, хүү тооцох тухай гэрээ, тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудын хуулбар /хх 120-121/,

хохирогч А.Эын Хаан банкнаас 100.000.000 төгрөгийн зээл авсан тухай 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ /хх 127/,

3. Хохирогч Б.Нгийн “...У нь хайрганы карьер ажиллуулах гэж байгаа, олсон ашгийнхаа 50 хувийг өгье, мөнгө өгч туслаач гэсэн. Ингээд би өөрийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил хотхоны 61-202 тоот байрлах 4 өрөө, 124.65 м.кв байрыг “Билэг насан” ББСБ-д 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 6 сарын хугацаатай 80.000 ам.долларын барьцаанд тавьж өгсөн. Би сар бүр Утай ярихад би төлнө, удахгүй ажил бүтэх гээд байна, бизнес амжилттай болж байгаа гэх зэргээр худлаа хэлсэн. ...Ингээд шүүхээр үл маргах гэрээ хийгээд “Билэг насан” ББСБ нь манай байрыг 268.000.000 төгрөгөөр үнэлээд авсан. Үүнээс 230.021.342 төгрөгийг зээл, зээлийн хүү, алдангид тооцож аваад 34.078.658 төгрөгийг би авсан. Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ баримт харахгүй буруу тооцож хэлсэн байсан. Одоо яг үнэн зөвөөр мэдүүлж байна. У.У нь худал хэлж намайг залилж байргүй болгосон учир 230.021.342 төгрөгийг нэхэмжилнэ...” /9 хх 139/ гэх мэдүүлэг,

2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Билэг насан” ББСБ-ын ерөнхий захирал Н.Лхамсүрэн, хохирогч Б.Н нарын байгуулсан ЗГ0722-01 дугаартай Зээлийн гэрээ, БГ0722-01 дугаартай барьцааны гэрээний хуулбарууд /2 хх 41/,

2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр У.У, Б.Н нарын байгуулсан Дайрга-УН001 дугаартай хамтран ажиллах гэрээний хуулбар /2 хх 37/,

000157862 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /2 хх 71/,

хохирогч Б.Н, шүүгдэгч У.У нарын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хийсэн мөнгө зээлснийг батлах хэлцлийн хуулбар /2 хх 54/,

4. Хохирогч Ж.Ч-Энийн “...У нь 2014 оны 3 дугаар сард надтай ирж уулзаад манайх хайрга үйлдвэрлэдэг компани байгуулсан, та манай компанитай хамтарч ажиллах уу гэсэн. Тухайн үед би “ЭДТ” ХХК-ийг бетон зуурмагийн чиглэлээр ажиллуулдаг байсан тул хайрга авч түүхий эд болгохоор болсон. 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өөрийн данснаас “Хера Экуйнмент” гэх компанийн дансанд мөнгөө шилжүүлсэн. Утга дээр нь Уын тоног төхөөрөмжийн түрээс гэж бичсэн. У надад тоног төхөөрөмжийн түрээсийн мөнгөгүй болсон, та үүнийг төлөөд өгвөл би хайрга үйлдвэрлэх боломжтой болно. Таны мөнгийг хайргаар 6 сарын хугацаанд төлнө гэсэн. Тухайн үед У бид 2 хайрга бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. ...6 сарын хугацаанд 2800 м.кв хайрга нийлүүлсэн. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл 23.099.840 төгрөг болсон. Одоо Уаас би 40.900.160 төгрөгийг авах дутуу байгаа. Уг мөнгөө гаргуулж авбал гомдолгүй. Хамгийн гол нь тухайн үедээ У карьер дээрээ очиж үзүүлээд тэнд байгаа тоног төхөөрөмжүүд бүгд минийх гэж худал хэлж итгэл үнэмшил төрүүлсэн, 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 64.000.000 төгрөгийг шилжүүлсэн... Үүнээс 2887 мЗ хайрга буюу 23.099.840 төгрөгийг буцааж авсан. ...үлдэгдэл 42.700.160 төгрөгийг нэхэмжилж байна...” /8 хх 47/,

гэрч Г.Брын “...Би “Хера Экуйпмент” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхад ...У надтай холбогдоод хайрга, дайрганы шүршүүр түрээслэх хэрэгтэй байна гээд ...түрээсийн гэрээ хийсэн. ...Түрээсийн төлбөрт нийт 64.000.000 төгрөгийг манай компанийн дансанд шилжүүлсэн...” /3 хх 234/ гэсэн мэдүүлгүүд,

2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Сэлэнгэ Глобал” ХХК-ийн захирал У.У, “ЭДТ” ХХК-ийн захирал Ж.Ч-Э нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар /4 хх 35/,

2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 64.000.000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /4 хх 42/,

5. Хохирогч Ч.Дсгийн “...2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Гурвалжингийн зах дээр наймаагаа хийгээд зогсож байхад мөнгөлөг саарал өнгийн машинтай залуу ирээд ...8 тонн цемент авъя, ...3 дугаар сарын 16-ны өдөр мөнгийг нь өгнө, 8 тонн цементээ манай аж ахуйн хашаанд буулгаад өгчих... гэхээр нь буулгаж өгсөн. Тэгээд ...3 дугаар сарын 16-ны өдөр мөнгөө өгөөгүй ба ...17, 18-ны өдрүүдэд 74.000 төгрөг, 80.000 төгрөг шилжүүлээд үлдэгдлийг нь өгөхгүй байсан. ...Би Ут 155.000 төгрөгөөр тооцож 8 тонн цементийг нийт 1.240.000 төгрөгөөр зарсан. Цемент хүргэж өгсөн хөлс 50.000 төгрөг, ачигчийн хөлс 24.000 төгрөг нийт 1.314.000 төгрөг болсон. Уаас би бүх мөнгөө буюу 1.314.000 төгрөгийг бүрэн авсан, гомдол саналгүй...” /2 хх 229, 231/ гэх мэдүүлэг,

2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр цементийн үнэ 1.240.000 төгрөгийг төлнө гэсэн У.Уын иргэний үнэмлэхийн хуулбар бүхий баримт /2 хх 240/,

6. Хохирогч Г.Б-Эийн “...У надад нийт 101.192.000 төгрөгийн хохирол учруулсан. Надаас мөнгө авах болгондоо “...удахгүй мөнгө орж ирэх гэж байгаа, хадам ээж зээл авч өгөх гэж байгаа, чи надад одоо мөнгө өгөхгүй бол өмнөх мөнгийг чинь өгч чадахааргүй болох гээд байна гэх зэргээр дандаа хуурч авсан. У уг мөнгөнөөс надад нэг ч төгрөг төлөөгүй байгаад 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 300.000 төгрөг өгсөн. Одоо би Уаас 100.892.000 төгрөг авах дутуу байна...” /2 хх 117, 8 хх 56/ гэх мэдүүлэг,

Г.Б-Ээс У.Ут мөнгө шилжүүлсэн баримтууд /2 хх 88-94/,

7. Хохирогч Б.Гын “...2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 24.500.000 төгрөгийг 2 хувааж өгсөн. Үүнд дээр нэмж 26.500.000 төгрөгийн цемент өгөөд Уаас Залуус хороололд 53 м.кв байр авахаар болсон. У надад гэрчилгээг нь гаргаж өгнө гэсэн боловч Лхагвадорж гэдэг хүний нэр дээр гаргасан. Ингээд би 50.000.000 төгрөг эхний удаа залилуулсан. ...2014 оны 9 дүгээр сард У ирж алтны уурхайд мөнгө хэрэгтэй байна 20.000.000 төгрөг зээлээч гэхээр нь 2014 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 11.600.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 8.400.000 төгрөгийг Уын данс руу нь шилжүүлсэн боловч буцааж нэг ч төгрөг төлөөгүй, ингээд би энэ 20.000.000 төгрөгөөр хохирсон. Мөн 2014 оны 08 сард У Шинэ Монгол сургуулийн хажууд 2 өрөө байр байна, чи өрөө хасаад үлдэгдэл мөнгийг нь өгөөд ав гэхээр нь би өөрөөсөө 17.000.000 төгрөг өгсөн. Үеэл Жаргалбаяраас 5.000.000 төгрөг аваад Ут өгсөн. Ингээд би 23.000.000 төгрөг болсон бөгөөд тухайн байрыг миний нэр дээр шилжүүлж өгнө гээд худлаа хэлсэн. ...Жаргалбаяр надаас 5.000.000 төгрөгөө нэхээд байхаар нь өөрөөсөө өгсөн. Ингээд 23.000.000 төгрөгөөр хохирсон. 2015 оны 4 дүгээр сард У уулзаад арматур төмөр хэрэгтэй байна, төмөр өгвөл арматур төмрөөр солих байр байна гэхээр нь би өрөндөө хүнээс 50 тн арматур төмөр аваад Ут өгсөн. Ингээд миний нэр дээр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 23/4 дүгээр байрны 45 тоот орон сууцыг шилжүүлж өгсөн. Би 50 тн арматурандаа Уаас 2 байр авах ёстойгоос 1 байр нь энэ байсан. Гэтэл нөгөө байрыг нь Капитрон банкны зээлтэй гээд нэр дээр шилжүүлээгүй. Тэгээд байж байтал У байр хураагдах гээд байна гэхээр нь би Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 23/4 дүгээр байрны 45 тоот байраа хувь хүнтэй гэрээ хийж 35.000.000 төгрөгийн барьцаанд тавьж Ут 20.500.000 төгрөгийг өгч өөрөө үлдсэн 14.500.000 төгрөгийг нь авсан. Улмаар уг байрны зээлээ төлөх боломжгүй болж байраа алдсан. Энэ байр 2014 онд ашиглалтад орсон 42 м.кв талбайтай 2 өрөө 87.000.000 төгрөгийн үнэлгээтэй байр байсан боловч би одоо 20.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. 2015 оны 12 дугаар сард У ирээд өмнө нь авсан 100 айлд байрлах байранд 43.74 м.кв, 64.78 м.кв байр байна, 35.000.000 төгрөг өгвөл чиний нэр дээр гэрчилгээг нь гаргаад өгье гэхээр нь би найз Одбаярын 570 маркийн машиныг нь 1 хоногийн хугацаатай 40.000.000 төгрөгийн барьцаанд тавиад Ут 35.000.000 төгрөгийг өгсөн. 1 хоногийн хугацаанд машины мөнгийг төлж чадаагүй тул дахиад байрыг нь барьцаанд тавиулж машиныг зээлээс чөлөөлүүлсэн. Ингээд байрны зээлийг нь төлж чадахгүй би залилангийн хэргээр ял авсан. 35.000.000 төгрөг Ут өгсний дараа 64.78 м.кв байрыг өөрийн нэр дээрээ гаргуулж аваад буцаагаад 50.000.000 төгрөгт тавьсан. Ингээд Одбаярын машиныг авч өгөх гэтэл маргааш 43.74 м.кв байрны гэрчилгээ гарна гэж У хэлэхээр нь итгээд 50.000.000 төгрөгийн 10.000.000 саяыг Ут өгөөд 40.000.000 нь би өөрөө хэрэглэсэн. Гэтэл 43.74 м.кв байрны гэрчилгээ гараагүй. Ингээд мөнгөний өрөнд ороод 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байраа 110.000.000 төгрөгөөр бодож зарсан. Байр авах хүнийг Уутанбаяр олж өгсөн. Ингээд 52.000.000 төгрөгөөр нь байрны зээлээ хаасан ба дээр нь ланд 77, бенз-С маркийн 2 машиныг 28.000.000 төгрөгөөр бодож авсан. У байр худалдаж авсан Батаа гэдэг хүнд 70.000.000 төгрөгийн өртэй байсан гээд уг мөнгийг суутгасан. Ланд 77, бенз-С маркийн 2 машиныг У өөрөө авч ашигласан... Ингээд бодоход У Батаад өртэй байсан 70.000.000 төгрөгөө төлөхийн тулд миний байрыг Батаад зарсан гэдгийг нь ойлгосон. Энэ асуудал дээл би 68.000.000 төгрөгөөр хохирсон тул энэ мөнгийг нэхэмжилнэ. ...Ингээд надад нийт 181.500.000 төгрөгийн хохирол учруулсан тул уг мөнгийг нэхэмжилж байна. Би 20.500.000 төгрөгийг өгсөн гэх 38.000.000 төгрөгт барьцаанд тавьсан байраа 87.000.000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэхээр 248.000.000 төгрөг болж байгаа. Гэхдээ би өгсөн мөнгөө нэхэмжлэхээр болсон тул 181.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ дундуур бид 2 мөнгө өгөлцөж авалцаад явсан зүйл бий. Надад 1 удаа 1.000.000 төгрөг, мөн 2400 ам.доллар аваад буцаагаад өгч байсан удаа бий. Мөн ланд-80, харьер, ист зэрэг машин өгөөд ашиглуулж байсан ба өрөө өгөхгүй болохоор нь буцаагаад авч байсан...” /8 хх 33, 9 хх 150/ гэх мэдүүлэг,

хохирогч Б.Г, шүүгдэгч У.У нарын байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбарууд /2 хх 174-180/,

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын Толгойт 18101 Москвагийн гудамжны 48в байрны 648 тоот үл хөдлөх хөрөнгийн 000348139 дугаартай гэрчилгээний хуулбар /2 хх 181/,

8. Хохирогч Ж.Цгийн “...Б-Э гэх залуу надаас мөнгө байна уу, мөнгөний хэрэг байна гэхээр нь би 2014 оны зун 27.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Ингээд 1 сар өнгөрөөд мөнгөө нэхсэн чинь У гэх хүнд өгсөн чинь буцааж өгөхгүй байна гэсэн. Энэ мөнгөнөөс би эргүүлж огт мөнгө. аваагүй. Уг мөнгийг буцааж өгвөл гомдол саналгүй...” /3 хх 149-151/ гэх мэдүүлэг,

2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ц.Б-Э, У.У нарын байгуулсан зээлийн гэрээний хуулбар /3 хх 184/,

2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ж.Цгээс У.Б-Эийн дансанд 27.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /3 хх 124/,

У.Уаас У.Б-Эд 2017 оны 6 дугаар сарын 25-ны дотор 31.860.000 төгрөгийг төлж барагдуулах талаар бичгээр гаргасан баталгааны хуулбар /3 хх 203/,

9. Хохирогч Б.Гмаагийн “...У нь манай эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 45 айлын 21 тоот 64.78 м.кв байрыг чинь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах байраар сольж өгөх боломж байна гэхээр нь... итгээд уг 3 өрөө байраа гэрээгээр У.Уын нэр дээр шилжүүлж өгсөн. Гэтэл У өөр хүний өрөнд уг байрыг шилжүүлж өгсөн байсан. ...Тухайн үед манай байр 1 м.кв нь 1.800.000 төгрөгийн буюу нийт 116.640.000 төгрөгийн үнэтэй байсан. Ингээд мөнгөө өгөхгүй, нэг бол байр өгнө гээд өгөхгүй удаад байхаар нь удаа дараа залгаж асуухад “...хайрганы компани ажиллуулдаг юм, хайрга нийлүүлээд шинэ байр гаргаж өгнө, “True-L” хотхонд байр байна гэж үзүүлж, хөдөө арабус тарьж байгаа, хятадуудад зарж байр авч өгнө гэх зэргээр худлаа ярьсан. Ингээд сүүлдээ мөнгө өгье гээд ...21.000.000 төгрөг өгсөн. Би одоо Уаас үлдэгдэл 95.640.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Би байраа 116.640.000 төгрөгөөр үнэлж өгсөн бөгөөд уг үнийн дүнгээс 26.000.000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 90.000.000 төгрөгөөс Утай тохиролцоод 84.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /5 хх 164-170/,

гэрч Л.Тгийн “...У байр хойшлогдсон ордер нь оройтож гарна гэж хэлээд 3 сар болсон. Сүүлдээ хайрганы ажил эхлэх гэж байна, энэ байр бүтэхээ болилоо гэхээр нь залилан мэхэлж эхэлж байна гээд өгсөн байраа буцааж авъя гэхэд тэр өнгөрсөн, өөр хүнд шилжүүлсэн гэж хэлсэн...” /5 хх 175/ гэх мэдүүлгүүд,

2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр У.У, Тэгшээ нарын байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний хуулбар /5 хх 156/,

10. Хохирогч Б.Багийн “...2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд У нь ...Сэлэнгэ аймагт газар тариалангийн ажил эрхлээд 4-5 жил болж байна, ...тариа будаа хураах цаг болчихлоо, бинзен тос, ажилчдын цалин, хоол унааны мөнгө гээд мөнгө хэрэг болоод байна, найздаа боломжтой бол мөнгө зээлээч, тариагаа хураагаад зарж борлуулаад чамд мөнгийг чинь эргүүлж өгье гэхээр нь ...итгээд мөнгө өгөхөөр болж, нийт 22.350.000 төгрөгийг Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар эмнэлэг буюу миний ажлын байран дээр У ирж авсан. ...3 сарын дотор мөнгийг буцааж өгнө гэсэн боловч өгөхгүй байсан. Би аргаа бараад цагдаагийн байгууллагад хандаж шахаж шаардсаны эцэст нийт 13.750.000 төгрөгийг авсан. Одоо 8.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. ...Нийт 19.350.000 төгрөг өгснөөс... 13.500.000 төгрөгийг буцааж авсан. Одоо үлдэгдэл 5.850.000 төгрөгийг нэхэмжилнэ...” /6 хх 49-54, 9 хх 126/ гэх мэдүүлэг,

Б.Багийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр авсан “Цалингийн зээл”-ийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /6 хх 86/,

Б.Бад 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 13.000.000 төгрөгийг төлж дуусгах талаар бичиж өгсөн тэмдэглэлийн хуулбар /6 хх 85/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч У.Уыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, У.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх тул “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий шүүгдэгч У.Уын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид, Ю.Сэвлэгмаа нарын гаргасан “...хохирогч Б.Батэй зээлийн гэрээний байгуулсны үндсэн дээр мөнгө авсан болохоос залилах гэмт хэрэг үйлдээгүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээний биелэлтийг дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилах гэмт хэрэг гэж үзэхгүй.

Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж, бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Хэдийгээр хохирогч Б.Бад зээлийн гэрээний дагуу авсан 19.350.000 төгрөгөөс 13.500.000 төгрөгийг буцааж өгсөн, залилах санаа зорилго байгаагүй гэх тайлбарыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гаргаж байх боловч хохирогч Б.Багийн “...ажилчдынхаа цалинг тавих гэсэн юм, мөнгө хэрэгтэй байна харуулын цалинг өгөх гэсэн юм, 350.000 төгрөг өгч байгаач 5 хоногийн дараа өгнө” гэж хэлсэн. ...“утсаа хаячихлаа, утасгүй ажил явахгүй байна, 300.000 төгрөг зээлээч удахгүй өгнө” гэж хэлсэн. ...“газар тариалангийн ажилд мөнгө хэрэгтэй байна, тариагаа хураахаар мөнгийг чинь өгнө” гэж хэлээд 6.000.000 төгрөг бэлнээр авсан. ...“мөнгө дутчихлаа” гэх хэлээд 1.300.000 төгрөг авсан. ...“мөнгөний хэрэг болоод байна 400.000 төгрөг шилжүүлээч” ...гээд шилжүүлсэн. ...мөнгөний хэрэг болоод байна, удахгүй тариагаа хураагаад өмнө нь авсан мөнгөтэйгөө нийлүүлээд бүгдийг нь өгнө... Тэгэхээр нь би өмнө нь хамт ажилладаг байсан эгч Мөнхтулгаас 5.000.000 төгрөг зээлж авч өгсөн. У бас мөнгө гуйгаад ...6.000.000 төгрөгийн цалингийн зээл авч өгсөн. Ут мөнгө өгөх үедээ огт баримт бичиг үйлддэггүй байсан. ...У нь ...буцааж өгөхгүй байгаа шалтгаанаа газар тариалан эрхэлсэн будааны мөнгө орж ирэхгүй байна гэх зэргээр олон янзын шалтаг хэлээд өнөөдрийг хүрсэн...” /6 хх 49-54, 9 хх 126/, шүүгдэгч У.Уын “...би урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч мэхэлж мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...рабус тарьсан гэдгийг нотлох хүн байхгүй...” /9 хх 126/ гэх мэдүүлгүүдээс дүгнэвэл шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид, Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлууд няцаагдаж байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилсөн бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасан өмнөх зохицуулалтыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгч У.Уыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй юм.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг тогтоосон зохицуулалт нь хэдийгээр материаллаг хуульд тусгагдсан боловч зохицуулж байгаа харилцааны мөн чанар, агуулгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын шинжийг илэрхийлдэг тул хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор тогтоосон хүчин төгөлдөр хуулийн заалтыг шүүх баримталж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч У.У нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/707 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 69 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/707 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.У, түүний өмгөөлөгч Ю.Тогмид, Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Уын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Ш.Б-Э

 

          ШҮҮГЧ                                                   Д.ОЧМАНДАХ

 

          ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ