| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2026/0047/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/112 |
| Огноо | 2026-02-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2026/ШЦТ/112
2026 02 16 2026/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Э.Г
Гэрч О.О
Хохирогч Ч.Э
Шүүгдэгч Л.Н , Б.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Н , Б.Х нарт холбогдох эрүүгийн 2525004100675 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
1. Б овгийн Л-н Н, Монгол Улсын иргэн, 1989 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр дөрвөн хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2А хороолол Дээдэс таур хотхон **** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, /РД: ****/.
2. Х-овгийн Б-н Х , Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 38 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “*****” ХХК-д нягтлан ажилтай, ам бүл 6, нөхөр дөрвөн хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2А хороолол Дээдэс таур хотхон **** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, /РД: ****/.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Л.Н , Б.Х нар бүлэглэн 2024 оны 06 дугаар сард танилын харилцаатай Ч.Э-г “хашаандаа агуулах барих барилгын материалыг хямд захиалах гэсэн хэрэгцээ шаардлагыг нь ашиглан, бид үйлдвэр барих гэж байгаа, Хятад улсаас барилгын карказ төмөр захиалж өгнө гэж, урдаас нэг Өвөрмонгол хүнээс материалаа авдаг, үнийг нь бодуулаад өгье, хамтраад захиалбал тээврийн зардал бага, үнэ хямд, төмрөө захиалахгүй бол төмрийн үйлдвэр амрах гээд байна, манайх мөнгөө шилжүүлэх гээд байна гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 11 300 000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Н , Б.Х нарыг бүлэглэж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н мэдүүлэхдээ “Би 2019 оноос хойш *** компанийг үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа. Э гэдэг хүн манай эхнэртэй найз байсан, О-тай хамтарч үйл ажиллагаа явуулж нөхөрлөж эхэлсэн. Манайх үйлдвэрийнхээ газар шорооны ажлыг хийлгээд байж байтал энэ 2 найз маань ярьсан. Найзынхаа барилгыг барьж байна бохирын колцей хэрэг болж байна гээд манайхаас худалдаж авахаар болоод бид 2 очиж заавар зөвөлгөө өгөөд манай компани нийлүүлж байсан. Энэ 2 барилгын суурь хийж байхад би зөвлөгөө өгөөд тэгээд өөрийнхөө гэрт агуулах хийж байгаа гэхээр нь зөвлөгөө өгөхөөр болсон. О бид2 уулзаад зөвлөгөө өгсөн өгөхдөө иймюмаар барих гэж байгаа гэхээр нь сэндвичээр барьж байгаа бол хямд байна шүү гэж хэлж байсан. Би Өвөрмонголоос авч байсан арай хямд байдаг юм байна лээ шү гэж хэлсэн. Тэгээд би за тэгье гэж хэлээд үнэ бүхий паданыг нь өгсөн чи таньдаг болохоор найдвартай захиалаад өгчих гэхээр нь өгсөн. 11,3000,0000 төгрөгийн өөрийнхөө данс руу авсан. Тухайн өдөр манай төмөр 8 сар орчим төгрөг болж байсан. Тухайн үед О бид 2 тохиролцоод эрээн хотод төмөр маань үйлдвэрлэгдээд ачихад би чам руу холбогдоно, хотод ирэх хүн 2 сая төгрөг болвол хувааж өгөх байх шүү залгахаар нь яръя гэж хэлсэн. Ингээд аваад явж байхад ажлын газраас манайд захилага ирж байна ковш хэрэгтэй байна гэхээр нь би буруутай шийдвэр гаргаад 2 найзынхаа мөнгөөр барьцаанд байсан эд хөрөнгөө аваад захиалъя гэж бодсон асуудал маань намайг ийм байдалд оруулсан байна. Наадмын амралт болно гээд ярьж үзэхэд бүтэн мөнгийг нь шилжүүлэхрээр болно гэсэн байсан учраас тэрийг шилжүүлье гэж бодсон” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ “Хохирогч Э бид 2 арван жилээсээ нэг нэгийгээг мэддэг 2019 оноос хойш дотно найзалж нэг нэгнийхээ гэрээр орж гардаг болоод 2021 онд О буюу нөхөр нь унагалдай авч байгаа гэхээр нь би нөхөртэйгөө танилцуулаад гэр бүлийн найзууд болж ирсэн. 2024 оны 6 сараас өмнө манай нөхрийн хэлсэн 10 гаруй сая төгрөг хэрэг болж байгаа гээд тэрэнтэй холбоотой их ойрхон учраас давтамжтайгаар уулзаад явж байсан.Э зөвхөн тэр 11,300,000 төгрөгийн авахын тулд байн байн ирээд байсан гэж байгаатай холбоотой тухайн үед манай хүүхэд 3,4 сартай байсан, тийм нөхцөл байдалтай уулзаж байсан ба түүнээс агуулахыг барих гэж байгаа гэж мэдээгүй тийм сэдэл байгаагүй, Н, О 2 хамт авъя гэдэг хэлцэл ярьж байсан би хэмжээ үнийг нь сайн мэдэхгүй, тухайн үеийн нөхцөл байдал, ажил дээр хэрэг болж байгаа гэдэг үүднээс нөхцөл байдал буруугаар эргэчихсэн анхнаасаа хууръя гэдэг сэдэл байгаагүй гэдгийг хэлье” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ч.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Хөдөө, төв хоёрын хооронд байнга явдаг байсан ажил нь замд байдаг байсан учраас энэ хоёртой хамгийн их холбоо барьдаг байсан хүн нь би байсан. 9 сар гаргаад байх сайн санахгүй байна, Н ганцаараа ажил дээрээ байсан танай төмөр гарчихсан дугаарыг нь аваад явуулъя гэж хэлж байсан, 7 хоноод ирчих юм шиг байна гээд нөхөртөө хэлж байсан. 10 сар гарчихсан байхаар нь бид 2 хамт ирсэн чинь Н ганцаараа өрөөндөө байж байсан төмрийг чинь захиалъя гээд захиалж чадаагүй гэж хэлсэн. Х бид хоёрын дунд мөнгөө гардаж шилжүүлсэн асуудал дээр би нөхрийнхөө данснаас шилжүүлсэн, тэгэхээр манай нөхөр чи тэр хоёртой учраас ол гэж байсан тэгэхэд Х бид хоёрын дунд үл ойлголцол үүсээд цагдаад өгсөн 6 сард колцейгоо өгөөд удаасан юм чинь гээд 2 сая төгрөг нэмж өгсөн бид хоёрт гомдол, хохирол байхгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч О.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би газар шорооны ажил хийдэг юм, Л.Н г 7, 8 жилийн өмнөөс таньдаг байсан, бид найз нөхдийн харилцаатай. Бид хамтарч ажил хийдэг байсан. Л.Н урдаас төмөр захих гэж байгаа гэхээр нь хамт захиалчихъя гээд захиалсан, өөрсдөө төмөр авъя хямд тусна гэхээр нь итгэсэн.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ч.Э-ийн “2024 оны 06 дугаар нөхөр бид хоёр Н-тай хамт байхдаа хашаан дотроо агуулах барих гэсэн юм, материалыг нь урдаас захиалаад авчрах юм бол ямар байдаг бол, танайх урдаас бараа захиалдаг биз дээ гэж асуухад Н би урдаас нэг Өвөрмонгол хүнтэй холбогдож материалаа авчирдаг, тэр хүнээр танайд хэрэгтэй материалын үнийг бодуулаад өгье гэж хэлж байсан. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Н надтай өөрийнхөө **** дугаараас холбогдож материалыг чинь бодуулсан шүү гэж хэлсэн. Тэгээд уг өдрийнхөө орой манай гэрт эхнэр Х , хүүхдүүдийн хамт ирсэн. Н манай гэрт байхдаа би бас урдаас үйлдвэр барих төмрөө захиалах гэж байгаа, хамтраад захиалах юм бол тээврийн зардал нь хамаагүй бага байх болно, танайх манайхтай хамт миний бараа захиалдаг Өвөрмонгол хүнээс бараагаа авчих, мөн тээврийн зардлаа 2 хуваагаад төлье гэж яриад би зөвшөөрсөн. Бараа захиалах гэхэд мөнгө олдохгүй байсан учраас нөхөр бид хоёр Н руу залгаагүй чимээгүй байж байтал 2-3 хоногийн дараа Н нөхөр бид хоёрын ажиллаж байсан газар ирж уулзаад өнөөдөр л та хоёр мөнгөө болгож, төмрөө захиалахгүй бол, төмрийн үйлдвэр амрах гээд байна, манайх мөнгөө шилжүүлэх гээд байна гэж хэлсэн. Тухайн өдөр 2-3 удаа Н нөхөр бид хоёрын ажиллаж байсан газар ирж мөнгөө болгосон уу, наадмын амралт удахгүй эхлэх гээд байна гэхээр нь би хүнээс мөнгө зээлж 2024 оны 06 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчим нөхрийнхөө хаан банкны **** тоот данснаас Нгийн хаан банкны **** тоот данс руу 11,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа залгуулаад өөрийнхөө хаан банкны **** тоот данснаас Н-гийн дээрх данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. Хамгийн анх мөнгөө шилжүүлж байхад Н, нөхөр бид хоёрт наадмын амралтаар захиалсан төмөр чинь ирнэ, хамгийн цаад талын хугацаа 7 дугаар сарын сүүлээр гэж хэлж байсан. Гэтэл 7 дугаар сард миний захиалсан төмөр ирээгүй учраас би Н руу залгаж нөгөө төмөр юу болсон бэ, яасан бэ гэж асуухад одоо ер нь гарч байгаа байх, захиалсан хүнтэйгээ холбогдож асуугаад хариу өгье гэж хэлсээр 8 дугаар сарыг дуусгасан. 2024 оны 09 дүгээр сард Нгаас төмрөө авъя юу болсон бэ гэж биеэр уулзаж нэхэхэд танай төмрийг наашаа тавиулсан, төмөр ачсан жолоочийн дугаарыг олоод өгье, тэгээд та хоёр Улаанбаатар хот руу явж төмрөө тосоод аваарай, харин манайх мөнгө олдоогүй учраас төмөр захиалаагүй гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Н руу залгаж нөгөө жолоочийн дугаараа өгөөч гэсэн чинь за гэж хэлээд огт утсаа авахгүй, эхнэр Халиун руу нь залгахаар нөхрөөсөө асууя гээд утсаа авахаа больж эхэлсэн. Сүүлдээ утсаа авахгүй байсан учраас Нгийн ажил дээр очиж уулзахад танай мөнгийг тэр үедээ хэрэглэсэн, мөнгө хэрэг болоод байсан юм, гэхдээ 5,000,000 төгрөгийг нь хэрэглэсэн, 6.000.000 төгрөгийг нь төмөр захиалаад шилжүүлсэн байгаа, удахгүй аймгийн захиргаанаас хийсэн ажлын мөнгө орж ирнэ, тэгэхээр нь танай 5,000,000 төгрөгийг гүйцээж хийгээд танай төмрийг авч өгье, манайх бол худлаа болсон гэж хэлсэн. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл Н яг долоо хоног л хүлээчих, удахгүй ажлын мөнгө орж ирнэ, гадуур зээл хөөцөлдөөд явж байна, зээл бүтэж мөнгө орж ирэх юм бол шууд танай мөнгийг өгнө гэх мэтээр худал ярьсаар байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар хуудас/
2. Хохирогч Ч.Эийн “Манайхыг хашаан дотроо агуулах барих гэж байгаа гэдгийг Н, Х хоёр хоёулаа мэдэж байсан учраас хамт захиалъя, танайх төмөр захиалах юм бол нийт 11.300.000 төгрөг болох юм байна гэж хэлж байсан. Тухайн үед нөхөр бид хоёрт бэлэн мөнгө байгаагүй учраас за яах вэ мөнгөтэй болохоороо хэлье гээд хойшлуулаад байсан юм. Гэтэл нөхөр бид хоёрыг 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хялганат явах замд газар шорооны ажил хийж байхад Н, Х хоёр хамт машинтай хүрч ирээд нөхөр бид хоёрт “яг өнөөдөр л мөнгөө хийх юм бол агуулах барих төмөр чинь баяраас өмнө буюу 7 дугаар сард ирнэ, тэгэхгүй бол баяр наадам гээд хил хаах гээд байна, төмрийн үйлдвэр амрах гээд байна, тэгэх нь бол төмрийн захиалга өгч чадахгүй, баярын дараа захиалга өгөх гээд байна, та хоёр өнөөдөр л мөнгөө олоодох, өнөөдөр захиалга өгөх сүүлийн өдөр” гэж хэлсэн, мөнгө шилжүүлэхээс нэлээн хэд хоногийн өмнө Н, Х хоёр манай гэрт ирээд агуулах барих гэж байгаа суурийн хэмжээг харсан. Мөн тухайн үед Н, Х хоёр та хоёр ингэж агуулах барь, ийм зүйлээр барь гэж зөвлөгөө өгч байсан. Тэр хоёр манайх агуулах барих гэж байгаа төмөр хамт захиалаад, наашаа ирэх тээврийн зардлаа 2 хуваагаад төлчихвөл зардал бага гарна. Та хоёр мөнгөө олоорой гэж хэлж байсан. Н, Х хоёр хоёулаа цуг байхдаа нөхөр бид хоёртой уулзсан бас 06 дугаар сарын 29-ний өдөр өнөөдөр л мөнгө шилжүүлж захиалга өгөхгүй бол хоцрох гээд байна гэж дахин дахин хамт ятгасан. Түүнээс хойш хүлээгээд төмөр ирэхгүй байхаар нь би хамгийн анх 2024 оны 7 дугаар сарын 20-ны хавьцаа Н , Х хоёртой утсаар холбогдож нөгөө төмөр маань яасан бэ гэж асуусан. 2024 оны 09 дүгээр сар хүртэл Н, Х хоёр Өвөр монголтой дахиж холбогдъё, одоо наашаа төмрөө ачуулаад бараг ирж байгаа байх, төмрөө аччихсан хэд хоногоос ирэх байх, утсаар ярьж юу болж байна гэдгийг нь мэдчихээд хэлье гэдэг байсан. Ингээд 09 дүгээр сарын дундуур би өөрөө Нгийн ажил дээр очиж биеэр уулзахад өвөрмонголтой ярьсан. Танай төмрийг наашаа ачуулсан, танай төмөр наашаа ирж байгаа, ачсан жолоочийн утасны дугаарыг чам руу мессежээр явуулъя харин ирсэн төмрөө хот орж авах байх шүү, манай төмөр наашаа гарч амжаагүй зөвхөн танайх ирж байгаа гээд намайг явуулсан гэсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 22 дугаар хуудас/
3. Гэрч О.О ын “Эхнэр бид хоёр 2025 оны 06 дугаар сард хашаан дотроо агуулах барина, гайгүй том агуулах бариад хүнд түрээслүүлнэ гэж төлөвлөж байсан. Хугацааг нь мэдэхгүй байна, бид хоёр найз Н түүний эхнэр Х хоёрт энэ талаар ярьж байсан. Н, Х хоёр 2025 оны 6 дугаар сарын дундуур нэг орой манай гэрт ирээд та хоёр хашаан дотроо агуулах барих юм уу, манайх үйлдвэрийн хашаан дотроо шинээр байр барих гэж байгаа, та хоёр агуулах барих гэж байгаа бол хамт урдаас төмөр захиалъя. Мөнгө төгрөг нь арай хямд тусна. Танайх агуулах барих юм бол төмөр нь урдаас 11.300.000 төгрөгт ирэх юм байна, сая бодож үзлээ гэж ярьсан. Бид хоёрт өгөх мөнгө байгаагүй учраас эргээд хариу хэлье гээд явуулсан. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа эхнэр бид хоёрыг Эрдэнэтээс холгүй ойрхон газар шорооны ажил хийж байхад Н, Х хоёр цуг машинтай ирээд “хил хаагдах гээд байна, та хоёр төмрийнхөө 11,300,000 төгрөгийг одоо шилжүүлэх хэрэгтэй байна, одоо шилжүүлбэл баяраас өмнө ирнэ, өнөөдөр захиалгаа өгөхгүй бол хил хаагдах гээд байна гэж хэлсэн. Эхнэр бид хоёр хүнээс мөнгө асууя, бүтэх юм бол та хоёрын данс руу хийе гэж хэлээд явуулсан. Мөнгөө шилжүүлээд дууссан чинь одоо ингээд төмрийг чинь захиалчихна, баярын өмнө ирнэ гээд Н, Х хоёр явсан. 2024 оны 07 дугаар сарын сүүлээр наадам нэлээн өнгөрөөгөөд би Н руу харин эхнэр Х руу залгаж захиалсан төмөр юу болж байгаа вэ, хэзээ ирэх вэ, агуулах барих гэсэн юм, 10 дугаар сард хүн оруулах гэсэн юм, хурдан агуулахаа барих хэрэгтэй байна гэхэд Н, Х хоёр бид хоёр та хоёрын мөнгөөр урдаас таньдаг Өвөр-Монголдоо хэлээд сэндвичийн төмөр захиалчихсан, хэд хоногоос залгаж асууна, төмөр ирэхээр та хоёрт хэлье, та хоёр хүлээж бай, санаа зоволтгүй гэж хариулж байсан. Энэ мэтчилэн дээрх шалтгийг Х , Н хоёр хэлсээр 2024 оны 09 дүгээр сар хүрсэн. Бас 2024 оны 09 дүгээр сард эхнэрийг Нгийн ажил дээр төмрөө асууж очиход Н наашаа ачуулсан, танай төмөр ирж байгаа, жолоочийнх нь дугаарыг нь явуулъя гэж худлаа ярьсан байсан. Үүний сонсоод эхнэр бид хоёр үнэхээр ирж байгаа юм байлгүй гээд дахиад 10 гаран хоног хүлээсэн. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын дундуур нөгөө хашаан дотроо агуулах түрээслүүлнэ найдвартай гээд хэлчихсэн байсан хүн маань хүртэл танайх агуулахаа барьсан уу гэж надаас асуугаад эхнэр бид хоёр тэсэхээ байж хамт Нгийн ажил дээр очиж уулзсан. Тэгтэл Н эхнэр бид хоёрт та хоёроос мөнгийг чинь аваад тухайн үед нь үрчихсэн, мөнгийг чинь хэрэглэчихсэн гээд яг юу юунд зарцуулсан гэдгээ бол хэлээгүй. Тэрийг сонсоод эхнэр бид хоёр Х та хоёр бид хоёрын мөнгийг үрчихсэн юм бол аль эртний хэлэхгүй яасан юм бэ, захиалчихсан, ирж байгаа, жолоочийн дугаарыг нь өгнө гээд байсан биз дээ, одоо нөгөө 10 сард агуулахыг чинь барьж дуусахаар орно гээд байсан хүн агуулах бэлэн үү гээд байна гэж асуугаад байна гээд бид гурвын дунд маргаан үүссэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 68 дугаар хуудас/
4. Гэрч Д.О ын “2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр намайг Дэнж багт байх хашаандаа байж байхад манай хүү Э нь эхнэр нөхөр гээд өөртэйгээ үеийн шахуу хоёр хүн дагуулж ирсэн, Тухайн үед надад хүү маань би энэ хоёр хүнд мөнгө зээлүүлж байгаа юм. Барьцаанд нь ковш авч танай хашаанд үлдээе гэсэн. Тэгээд намайг бичиг, баримт чинь хамт явъя гээд Авто тээврийн төв дээр манайд ирсэн хоёр хүнтэй хамт очиж хашаанд үлдээхээр болсон ковшоо миний нэр дээр түр хугацаанд шилжүүлсэн. Тэр ковш машин Дэнж багт манай хашаанд хэсэг байсан. Хэд хоносон, хэр удсан гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан манайд анх ирсэн эхнэр нөхөр хоёрын эхнэр нь ирээд надтай хамт Авто тээврийн төв орж ковшоо өөрийн нэр дээр шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 45 дугаар хуудас/
5. Гэрч Г.А-н “Би Хаан банкны **** тоот дансыг 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Би нэг өдрийн 80.000-100.000 төгрөгийн хооронд цалин авдаг. Энэ над руу шилжүүлсэн 100.000 төгрөг бол миний тухайн өдрийн цалин байна. Би 2020 оноос хойш тус компанид гагнуурчнаар ажиллаж байна. Мөн зөвхөн гагнуур ч гэх үгүй бетон зуурмаг зуурах, бетоноор колицо, таг, ул, лотги зэргийг хийхэд тусалдаг. “*** ” ХХК нь бетон эдлэл буюу хүмүүсээс ихэвчлэн захиалга авч эко нойлын колицо хийдэг” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37 дугаар хуудас/
6. Л.Н эзэмшигчэй Хаан банкны **** дансны гүйлгээнд үзлэг хийхэд О.О эзэмшигчтэй Хаан банкны **** данснаас 2024 оны 6 сарын 29-ний өдөр 11.000.000 төгрөг, Ч.Э эзэмшигчтэй Хаан банкны **** данснаас 300.000 төгрөг гэх утгатай орлогын гүйлгээний баримт. /хх-ийн 104 дүгээр хуудас/
7. Б.Х эзэмшигчтэй Хаан банкны **** тоот дансанд үзлэг хийхэд “ковш” гэх утгаар 11.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн орлогын гүйлгээний баримт. /хх-ийн 107 дугаар хуудас/
8. Л.Н эзэмшигчэй Хаан банкны **** дансны гүйлгээнд үзлэг хийхэд 2024 оны 6 сарын 29-ний өдөр 4 удаагийн гүйлгээгээр Хаан банкны **** данс руу 17.120.000 төгрөг шилжүүлсэн зарлагын гүйлгээ хийгдсэн тухай тэмдэглэл. /хх-ийн 108 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Г дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Н , Б.Х нар бүлэглэн 2024 оны 06 дугаар сард танилын харилцаатай Ч.Э-г “хашаандаа агуулах барих барилгын материалыг хямд захиалах гэсэн хэрэгцээ шаардлагыг нь ашиглан, бид үйлдвэр барих гэж байгаа, Хятад улсаас барилгын карказ төмөр захиалж өгнө гэж, урдаас нэг Өвөрмонгол хүнээс материалаа авдаг, үнийг нь бодуулаад өгье, хамтраад захиалбал тээврийн зардал бага, үнэ хямд, төмрөө захиалахгүй бол төмрийн үйлдвэр амрах гээд байна, манайх мөнгөө шилжүүлэх гээд байна гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 11,300,000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, банкны дансны хуулга, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н , Б.Х нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Цэрэнханд дүгнэлтдээ “Шүүгдэгч нар анхнаасаа мөнгө авахдаа гэмт санаагүй шунахай сэдэлгүй байсан, шүүгдэгч нар бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй, хохирогчийг буруу тогтоосон, залилах гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Эийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн “2024 оны 06 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчим нөхрийнхөө хаан банкны **** тоот данснаас Нгийн хаан банкны **** тоот данс руу 11,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа залгуулаад өөрийнхөө хаан банкны **** тоот данснаас Нгийн дээрх данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. Хамгийн анх мөнгөө шилжүүлж байхад Н, нөхөр бид хоёрт наадмын амралтаар захиалсан төмөр чинь ирнэ, хамгийн цаад талын хугацаа 7 дугаар сарын сүүлээр гэж хэлж байсан. Сүүлдээ утсаа авахгүй байсан учраас Нгийн ажил дээр очиж уулзахад танай мөнгийг тэр үедээ хэрэглэсэн, мөнгө хэрэг болоод байсан юм, гэхдээ 5,000,000 төгрөгийг нь хэрэглэсэн, 6.000.000 төгрөгийг нь төмөр захиалаад шилжүүлсэн байгаа, удахгүй аймгийн захиргаанаас хийсэн ажлын мөнгө орж ирнэ, тэгэхээр нь танай 5,000,000 төгрөгийг гүйцээж хийгээд танай төмрийг авч өгье, манайх бол худлаа болсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Эийн дахин мэдүүлсэн “06 дугаар сарын 29-ний өдөр өнөөдөр л мөнгө шилжүүлж захиалга өгөхгүй бол хоцрох гээд байна гэж дахин дахин хамт ятгасан. 2024 оны 09 дүгээр сар хүртэл Н, Х хоёр Өвөр монголтой дахиж холбогдъё, одоо наашаа төмрөө ачуулаад бараг ирж байгаа байх, төмрөө аччихсан хэд хоногоос ирэх байх, утсаар ярьж юу болж байна гэдгийг нь мэдчихээд хэлье гэдэг байсан. Ингээд 09 дүгээр сарын дундуур би өөрөө Нгийн ажил дээр очиж биеэр уулзахад Өвөрмонголтой ярьсан. Танай төмрийг наашаа ачуулсан, танай төмөр наашаа ирж байгаа, ачсан жолоочийн утасны дугаарыг чам руу мессежээр явуулъя харин ирсэн төмрөө хот орж авах байх шүү, манай төмөр наашаа гарч амжаагүй зөвхөн танайх ирж байгаа гээд намайг явуулсан гэсэн” гэх мэдүүлэг,гэрч О.О ын мэдүүлсэн “Н, Х хоёр 2025 оны 6 дугаар сарын дундуур нэг орой манай гэрт ирээд та хоёр хашаан дотроо агуулах барих юм уу, манайх үйлдвэрийн хашаан дотроо шинээр байр барих гэж байгаа, та хоёр агуулах барих гэж байгаа бол хамт урдаас төмөр захиалъя. Мөнгө төгрөг нь арай хямд тусна. Танайх агуулах барих юм бол төмөр нь урдаас 11.300.000 төгрөгт ирэх юм байна, сая бодож үзлээ гэж ярьсан. Мөнгөө шилжүүлээд дууссан чинь одоо ингээд төмрийг чинь захиалчихна, баярын өмнө ирнэ гээд Н, Х хоёр явсан. 2024 оны 07 дугаар сарын сүүлээр наадам нэлээн өнгөрөөгөөд би Н руу харин эхнэр Х руу залгаж захиалсан төмөр юу болж байгаа вэ, хэзээ ирэх вэ, агуулах барих гэсэн юм, 10 дугаар сард хүн оруулах гэсэн юм, хурдан агуулахаа барих хэрэгтэй байна гэхэд Н, Х хоёр бид хоёр та хоёрын мөнгөөр урдаас таньдаг Өвөр-Монголдоо хэлээд сэндвичийн төмөр захиалчихсан, хэд хоногоос залгаж асууна, төмөр ирэхээр та хоёрт хэлье, та хоёр хүлээж бай, санаа зоволтгүй гэж хариулж байсан. Энэ мэтчилэн дээрх шалтгийг Х , Н хоёр хэлсээр 2024 оны 09 дүгээр сар хүрсэн. Бас 2024 оны 09 дүгээр сард эхнэрийг Нгийн ажил дээр төмрөө асууж очиход Н наашаа ачуулсан, танай төмөр ирж байгаа, жолоочийнх нь дугаарыг нь явуулъя гэж худлаа ярьсан байсан. Үүний сонсоод эхнэр бид хоёр үнэхээр ирж байгаа юм байлгүй гээд дахиад 10 гаран хоног хүлээсэн. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын дундуур нөгөө хашаан дотроо агуулах түрээслүүлнэ найдвартай гээд хэлчихсэн байсан хүн маань хүртэл танайх агуулахаа барьсан уу гэж надаас асуугаад эхнэр бид хоёр тэсэхээ байж хамт Нгийн ажил дээр очиж уулзсан. Тэгтэл Н эхнэр бид хоёрт та хоёроос мөнгийг чинь аваад тухайн үед нь үрчихсэн, мөнгийг чинь хэрэглэчихсэн гээд яг юу юунд зарцуулсан гэдгээ бол хэлээгүй” гэх мэдүүлэг, гэрч Д.О ын “2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр намайг Дэнж багт байх хашаандаа байж байхад манай хүү Э нь эхнэр нөхөр гээд өөртэйгээ үеийн шахуу хоёр хүн дагуулж ирсэн, Тухайн үед надад хүү маань би энэ хоёр хүнд мөнгө зээлүүлж байгаа юм. Барьцаанд нь ковш авч танай хашаанд үлдээе гэсэн. Тэгээд намайг бичиг, баримт чинь хамт явъя гээд Авто тээврийн төв дээр манайд ирсэн хоёр хүнтэй хамт очиж хашаанд үлдээхээр болсон ковшоо миний нэр дээр түр хугацаанд шилжүүлсэн. Тэр ковш машин Дэнж багт манай хашаанд хэсэг байсан. Хэд хоносон, хэр удсан гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан манайд анх ирсэн эхнэр нөхөр хоёрын эхнэр нь ирээд надтай хамт Авто тээврийн төв орж ковшоо өөрийн нэр дээр шилжүүлж авсан” гэх мэдүүлэг, гэрч Г.А-н “Би Хаан банкны **** тоот дансыг 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Би нэг өдрийн 80.000-100.000 төгрөгийн хооронд цалин авдаг. Энэ над руу шилжүүлсэн 100.000 төгрөг бол миний тухайн өдрийн цалин байна. Би 2020 оноос хойш тус компанид гагнуурчнаар ажиллаж байна. Мөн зөвхөн гагнуур ч гэх үгүй бетон зуурмаг зуурах, бетоноор колицо, таг, ул, лотги зэргийг хийхэд тусалдаг. “*** ” ХХК нь бетон эдлэл буюу хүмүүсээс ихэвчлэн захиалга авч эко нойлын колицо хийдэг” гэх мэдүүлэг, Л.Н эзэмшигчэй Хаан банкны **** дансны гүйлгээнд үзлэг хийхэд О.О эзэмшигчтэй Хаан банкны **** данснаас 2024 оны 6 сарын 29-ний өдөр 11.000.000 төгрөг, Ч.Э эзэмшигчтэй Хаан банкны **** данснаас 300.000 төгрөг гэх утгатай орлогын гүйлгээний баримт, Б.Х эзэмшигчтэй Хаан банкны **** тоот дансанд үзлэг хийхэд “ковш” гэх утгаар 11.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн орлогын гүйлгээний баримт, Л.Н эзэмшигчэй Хаан банкны **** дансны гүйлгээнд үзлэг хийхэд 2024 оны 6 сарын 29-ний өдөр 4 удаагийн гүйлгээгээр Хаан банкны **** данс руу 17.120.000 төгрөг шилжүүлсэн зарлагын гүйлгээ хийгдсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Н , Б.Х нар нь 2024 оны 06 дугаар сард найз нөхдийн харилцаатай О.О , Ч.Э нарын хашаандаа агуулах барих барилгын материалыг хямд захиалах гэсэн хэрэгцээ шаардлагыг нь ашиглан, бид үйлдвэр барих гэж байгаа, Хятад улсаас барилгын карказ төмөр захиална, үнийг нь бодуулаад өгье, хамтраад захиалбал тээврийн зардал бага, үнэ хямд, төмрөө захиалахгүй бол төмрийн үйлдвэр амрах гээд байна, мөнгөө шилжүүлэх хэрэгтэй байна гэж 11 300 000 төгрөг авч хугацаат зээлээ төлөхөд зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Н , Б.Х нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, найз нөхдийн харилцаатай О.О , Ч.Э нарыг Хятад улсаас төмөр хийц хамтран захиална” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ч.Эээс мөнгийг нь авч зээлийн төлбөрч зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлын зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нар тэдний өмгөөлөгч нар “анхнаасаа мөнгө авахдаа гэмт санаа сэдэлгүй байсан, залилах гэмт хэргийн шинжгүй, шүүгдэгч нар бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй, хохирогчийг буруу тогтоосон” гэж мэтгэлцэж байх боловч шүүгдэгч нар төмөр захиалах нэрээр бусдаас мөнгө авч өөрсдийн зээлээ төлсөн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хохирогчоос мөнгө авахад шүүгдэгч Л.Н , Б.Х нар аль аль нь үйлдлээрээ санаатай нэгдэж оролцсон болох нь гэрч, хохирогчийн мэдүүлэг, дансны хуулгаар тогтоогдсон, гэр бүлийн хүмүүс болох О.О , Ч.Э нарын Ч.Э-г хохирогчоор, О.О ыг гэрчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Н , Б.Х нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.Н , Б.Х нарын үйлдлийн улмаас хохирогч Ч.Эт 11 300 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Шүүгдэгч Л.Н , Б.Х нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хохирол нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н , Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н , Б.Х нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж, шүүгдэгч нар Орхон аймагт оршин суудаг тул торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Л-н Н, Ховгийн Б-н Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Х г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н , Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н , Б.Х нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Л.Н , Б.Х нарт оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС