Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Одонтуяа |
Хэргийн индекс | 109/2023/0007/З |
Дугаар | 109/ШШ2023/0020 |
Огноо | 2023-08-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 109/ШШ2023/0020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.М,
Хариуцагч: Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “2009 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 03 дугаар хүүхэд үрчлүүлсний гэрчилгээг хүчингүй болгож, хүчингүй болсон бүртгэлийг бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Иргэн А.М, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нарын хооронд “2009 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 03 дугаар хүүхэд үрчлүүлсний гэрчилгээг хүчингүй болгож, хүчингүй болсон бүртгэлийг бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Манай гэр бүлд хүүхэд Тгүй байсан учраас намайг 2009 оны 12 сарын 4 ний өдөр өөрийн өвөө болох М.Аийнд үрчлүүлэн домнож миний бие тогтсон байдаг. Би зөвхөн гэрчилгээ нь дээр үрчлэгдсэн болохоос амьдралын бодит байдал дээр өөрийн төрсөн аав ээжийнхээ гэрт гэр бүлийнхээ гишүүдтэй цуг өсөж хүмүүжиж сурч боловсорсон. Би өөрийн ах дүүтэйгээ адил Эээр овогломоор байна. Цаашид овог өөр байх нь надад сэтгэл санаанд хүнд байна.Ийм учир Улсын Бүртгэлийн хэлтэст 2 удаа хандсан боловч “Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухайн шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэлийг сэргээнэ гэсэн хариу өгсөн тул 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03 тоот хүүхэд үрчлүүлсэн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.М нь 2001 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн. А.Мгийн өмнө 2 хүүхэд эндээд Тгүй байсан учраас өвөө, эмээд нь үрчлүүлсэн. Зөвхөн гэрчилгээ дээр үрчлэгдсэн болохоос амьдралын бодит байдал дээр өөрийн төрсөн аав, ээжийнхээ гэрт гэр бүлийнхээ гишүүдтэй цуг өсөж хүмүүжиж сурч боловсорсон. Одоо хүү том болоод өөрийнхөө аав, ээжтэй хамт байхыг хүсэж байгаа. Мөн хүү 20 хүрч байгаа учраас цаашдаа тусдаа амьдралтай болно тэр үед бичиг баримтад нь ямар нэгэн зөрчил гарч сэтгэл нь эмзэглэх вий гэдгээс сэргийлж байна. Ийм учраас улсын бүртгэлийн хэлтэст 2 удаа хандсан боловч үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухайн шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлт өөрчлөлт оруулж бүртгэлийг сэргээнэ гэсэн тул шүүхэд хандсан. Улсын бүртгэлийн алдаатай бүртгэл биш. Иргэний бүртгэлийн асуудал гэж ойлгоод 2 удаа хандахад татгалзсан хариу өгч улсын бүртгэлийн хийх ёстой ажил гэсэн.” гэв.
4. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд тайлбартаа: “А.М нь 2001 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт төрсний бүртгэлд Эийн М гэж бүртгэгдсэн. Өндөр-Улаан сумын 2009 оны Засаг даргын 63 дугаар захирамжийг үндэслэн иргэн Эийн М / УЦ01241238/-Г 2009 оны 12 дугаар сарын 02-нд Мын А /********/, Тын Л /********/ нарт үрчлэгдсэн үрчилсний бүртгэлд байна. Иргэн А.М /УЦ01241238/ нь тус хэлтэст үрчилсний бүртгэлийг хүчингүй болгох хүсэлт гаргасан хариуг 2023 оны 03 дугаар сарын 29-ний 322 дугаар албан бичгээр хариу өгсөн. Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээнэ гэж заасан байна.” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манайхаас үрчлэлтийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэрийг үндэслээд А.Мгийн анхан шатны бүртгэлийг анх ааваараа овоглож байсныг сэргээх боломжтой. Овог нэр өөрчлөлтийн бүртгэлээр оруулъя гэхээр манай ерөнхий газраас буруу бүртгэл болно. Үрчлэлт нь хүчингүй болохоор анхны бүртгэл нь сэргэгдэх зүйл дээр овог нэр өөрчлөлтийн бүртгэл дахин хийх боломжгүй гэсэн. Бид энэ дагуу буцааж хариу өгдөг. Дээрх шалтгаанаар манайх буцааж байгаа. Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийг үрчлэлт байхгүй ээж, аавынхаа овгоор өөрчлүүлье гэсэн хүсэлтийг хүлээн аваад тэр овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийг бүртгэж болдог. Харин үрчлэлтийн захирамж гарсан бүртгэлт овог, нэр өөрчлөлтийн бүртгэл хийх боломжгүй болдог. Нэг ёсондоо үрчлэлтийг хүчингүй болгосон шийдвэр гаргачих л юм бол манайх ерөнхий газар руугаа хүсэлт өгчихдөг. Ерөнхий газраас шийдвэрлэж үрчлэлтийг хүчингүй болгоод Эийн М гэх овог хүчин төгөлдөр нээгдэнэ.” гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
1. Анх иргэн А.Мгөөс Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “2009 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 03 дугаар хүүхэд үрчлүүлсний гэрчилгээг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2009 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 03 дугаар хүүхэд үрчлүүлсний гэрчилгээг хүчингүй болгож, хүчингүй болсон бүртгэлийг бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мг 2001 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт Аийн Бийн хүү болон төрснийг Маягт ХААТР-11(Б), төрсний бүртгэх анкет 504-т бүртгэсэн байна. Улмаар Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт төрсөн Эийн М гэж бүртгэгдэж, ******** регистрийн дугаар олгосон байна. (Хавтаст хэргийн 34 дэх тал)
4. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар 2009 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын иргэний Улсын бүртгэлийн ажилтанд иргэн Ч.Э, А.Б нар хүү өөрсдийн хүү болох Э.Мг аав А, ээж Л нартаа үрчлүүлэх хүсэлттэй гаргажээ. (Хавтаст хэргийн 44 дэх тал)
5. Иргэн М.А, иргэн Т.Л нар нь өөрийн ганц охин Бийнхоо хүү болох Мг үрчлэн авч гал голомтоо сахиулах хүсэлттэй талаараа илэрхийлж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын иргэний Улсын бүртгэлийн ажилтанд 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өргөдөл гаргасан байна. (Хавтаст хэргийн 43 дахь тал)
6. Ийнхүү Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2009 оны 63 дугаар “Хүүхэд үрчлэх тухай” захирамжаар Хануй багийн иргэн Цэгмид овогтой Эийн Мг Мын А, Тын Л нар үрчлүүлсэн байна. (Хавтаст хэргийн 42 дахь тал)
7. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.12, 11 дүгээр зүйлийн 11.6 дэх хэсэгт тус тус зааснаар Мын А, Тын Л нар нь Мг үрчлэн авсныг 2009 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 03 дугаарт бүртгэж, төрсний гэрчилгээг олгожээ. (Хавтаст хэргийн 8 дахь тал)
8. Нэхэмжлэгч А.Мгийн эх А.Боос Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “А.Б миний бие нөхөр Ц.Этэй 1996 онд танилцаж үерхэж байгаад улмаар дотносож бидний дундаас 1997 онд том хүү Эийн Зундуйренчин төрсөн, түүний дараа 2001 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүү Эийн М төрсөн. Түүний дараа буюу 2001 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бид гэрлэлтээ батлуулж албан ёсоор гэр бүл болсон. Хүү Мг төрөхөөс өмнө бидний хоёр ч хүүхэд эндчихсэн байсан, төрсний дараа би уушгины хатгалгаар өвчлөөд хэвтэрт орж манай гэр бүл туйлын хүнд байдалд орчихсон байхад манай аав М.А, ээж Т.Л нар хүү Мг чинь өсгөж өгье гээд гуйгаад байхаар нь нөхөртэйгөө ярилцаж байгаад тэднээр өсгүүлэхээр өгсөн. Би айлын ганц хүүхэд байсан болохоор, аав, ээжийгээ гуйгаад байсан болохоор харамлаж чадаагүй юм. Манай аав М.А 2019 онд нас барсан. Одоо миний хүү А.М 21 нас хүрсэн, цэргээс өнгөрсөн жил халагдаж ирээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг. Цагаан давааны **** тоотод ээж Т.Лын хамт амьдарч байгаа. Хүү минь нас биед хүрсэн. юмны наад цаадхыг мэдэх болсон учраас өөрийн төрсөн эцэг, эхээрээ овоглож явмаар байна гэдэг. Бид ч хүүгээ өөрсдийнхөө нэр дээр авч цаашид сурч боловсрох нөхцөл бололцоогоор хангаж нэгэн дээвэр дор хамт амьдрах хүсэлттэй байна. Үүнийг ч ээж Т.Л /утас:******/-тай ярилцаж шийдвэрлэсэн, ээж ч зөвшөөрч байгаа. Хүү А.Мг төрсний дараа би нөхөртэйгөө гэрлэлтээ батлуулсан учир би шүүхэд үрчлэлт хүчингүй болгуулах тухай хүсэлтийн шаардлагаа бичгээр гаргаж байна. Иймд бидний хүү А овогтой Мг М овогтой А, Т овогтой Л нарт үрчлүүлсэн хүүхэд үрчлүүлсний 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. (Хавтаст хэргийн 14-15 дахь тал)
9. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 129/ШЗ2023/01038 дугаар захирамжаар иргэн А.Боос гаргасан үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзсан байна. (Хавтаст хэргийн 14-15 дахь тал)
10. Нэхэмжлэгч А.Мгөөс дахин Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “А.М миний бие 2001 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн 2009 онд ээжийн аав болох Аийнд үрчлэгдсэн ээжийн маань аав М.А 2019 онд нас барсан, өргөж авсан ээж /эмээ Т.Л ********/ овог нэрээ өөрчилж авахыг дэмжиж байгаа бид гэр бүлээрээ ярилцаж шийдвэрлэсэн. Тухайн үед ээжийн маань бие тааруу, манайд хүүхэд Тгүй би их ороодог хүүхэд байсан нь үрчлэгдэх шалтгаан болсон гэж аав ээж хоёр маань ярьдаг. Гэхдээ би бага наснаасаа өөрийнхөө гэр бүлд өсөж хүмүүжин боловсрол олсон. Одоо би ах дүүгийнхээ адилаар өөрийн төрсөн эцэг болох Эээр овоглох хүсэлтэй байгаа бөгөөд гэр бүлийнхэн маань дэмжиж байгаа. Ингээд Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч үрчлэлтийг зөвхөн шүүх цуцална гэсэн хариуг өгсөн тул танай байгууллагад үрчлэлтийг хүчингүй болгох хүсэлтийн шаардлагаа бичгээр гаргаж байна. Иймд А овогтой М намайг М овогтой А, Т овогтой Л нарт үрчлүүлсний 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.” гэх хүсэлтийг гаргаж, тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 129/ШЗ2023/01257 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлт гаргагч А.М нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж овог солиулахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэн иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх нэхэмжлэл, хүсэлт, гомдолд хамаарахгүй байх тул хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ. (Хавтаст хэргийн 19-20 дахь тал)
11. Улмаар иргэн А.М нь Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2009 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 03 дугаар хүүхэд үрчлүүлсний гэрчилгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 322 дугаар албан бичгээр Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8-д “Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээнэ” гэсэн тул холбогдох байгууллагад хандана уу.” гэх хариу хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 17-18 дахь тал)
12. Ийнхүү иргэн А.Мгөөс Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “2009 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 03 дугаар хүүхэд үрчлүүлсний гэрчилгээг хүчингүй болгох” нэхэмжлэлийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 109/ШЗ2023/0086 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг хянан хэлэлцэв. (Хавтаст хэргийн 21-22 дахь тал)
13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1. дэх хэсгийн 54.1.7. дахь заалтыг зөрчөөгүй, эрх зүйн үр дагавар нь дуусгавар болоогүй байх тул иргэн А.М нь тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
14. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэгч А.М нь Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргасан нь,урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзнэ.
15. Нэхэмжлэгч А.Мгөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Манай гэр бүлд хүүхэд Тгүй байсан учраас намайг 2009 оны 12 дугаар сарын 4-ний өдөр өөрийн өвөө болох М.Аийнд үрчлүүлэн домнож миний бие тогтсон байдаг. Би зөвхөн гэрчилгээ нь дээр үрчлэгдсэн болохоос амьдралын бодит байдал дээр өөрийн төрсөн аав ээжийнхээ гэрт гэр бүлийнхээ гишүүдтэй цуг өсөж хүмүүжиж сурч боловсорсон. Би өөрийн ах дүүтэйгээ адил Эээр овогломоор байна. Цаашид овог өөр байх нь надад сэтгэл санаанд хүнд байна. Ийм учир Улсын Бүртгэлийн хэлтэст 2 удаа хандсан боловч “Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухайн шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэлийг сэргээнэ гэсэн хариу өгсөн.” гэжээ.
16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд: “... Нэг ёсондоо үрчлэлтийг хүчингүй болгосон шийдвэр гаргачих л юм бол манайх ерөнхий газар руугаа хүсэлт өгчихдөг. Ерөнхий газраас шийдвэрлэж үрчлэлтийг хүчингүй болгоод Эийн М гэх овог хүчин төгөлдөр нээгдэнэ.” гэж тайлбарладаг.
17. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээнэ.”, Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт “Улсын бүртгэгч нь иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгох бол шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн бүртгэнэ.” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно.” гэж тус тус заасан.
18. Дээрх хуулийн заалтуудаас харахад үрчлэгч иргэний хүсэлт, хавсаргасан баримтуудад үндэслэн иргэний бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний гэрчилгээг шинээр бичиж олгохоор хуульчилсан байна.
19. Түүнчлэн гэрч Т.Л шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “....А.Мг бага байхад нь манайд өргүүлж байсан. Бичиг данс дээр манайхаар овоглодог ч гэртээ өсөж бойжиж хүмүүжсэн. Өмнө нь 2 хүүхэд гарч эндсэн учраас дом маягаар манайд байсан. Одоо 20 хүрч байгаа учраас өөрийнхөө хүсэлтээр ааваараа овоглоно гээд гэртээ харьсан. 5-6 сартайгаас нь ирсэн. Голдуу гэртээ байж сургууль суралцдаг байсан. Нэр нь л манайхаар овоглодог байсан. Хүүхэд Тгүй байсан учраас Мг өөрийн нэр дээрээ авсан. Би ганц хүүхэдтэй, тэр нь А.Мгийн ээж нь юм. Өргөж, үрчилж авснаа хүчингүй болгож аав, ээжийнхээ нэр дээр болгуулах шаардлагатай маргахгүй, одоо аав, ээж дээрээ очиг гэж байгаа юм.” гэж шүүхэд мэдүүлжээ.
20. Хэргийн оролцогч хариуцагч талаас шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай маргаж, мэтгэлцээгүй, бөгөөд нэхэмжлэгч А.Мг үрчилж авсан Т.Л нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
21. Хэрэгт авагдсан баримтууд, 2009 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 03 дугаар хүүхэд үрчлүүлсний гэрчилгээ, нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зориг зэргийг харгалзан түүний овог нэрийг төрсний бүртгэлийн мэдээллийн Эийн М гэж өөрчлөн бүртгэх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 4.1.4-т үнэн зөв, бодитой,...байх, 4.1.6-д иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж,... гэж заасан зарчимд нийцэхээр байх бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүй гэж шүүхээс дүгнэж байна.
22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2009 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 03 дугаар хүүхэд үрчлүүлсний гэрчилгээг хүчингүй болгож, хүчингүй болсон бүртгэлийг бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлагын хүрээнд захиргааны хэргийг шийдвэрлэсэн бөгөөд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2009 оны 63 дугаар захирамжийн талаар нэхэмжлэгч маргаагүй тул шүүх хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт гаргаагүй болно.
23. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7. дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагын татгалзсан үйлдэл хууль бус байна гэж үзэв.
24. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “2009 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 03 дугаар хүүхэд үрчлүүлсний гэрчилгээг хүчингүй болгож, хүчингүй болсон бүртгэлийг бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.1. дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2009 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 03 дугаар хүүхэд үрчлүүлсний гэрчилгээг хүчингүй болгож, хүчингүй болсон бүртгэлийг бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА