| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 132/2017/0090/Э |
| Дугаар | 00097 |
| Огноо | 2017-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 00097
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаргалсайханы *******д холбогдох эрүүгийн 201706000163 дугаартай, 132/2017/0090/Э индэкстэй хэргийг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжигүй, ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-14-58 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, *******ы ******* /РД:*******/,
Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.******* нь 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт Б.*******тай маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******ий өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хохиролд 500000 төгрөгийг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
201706000163 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Б.*******ын өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Пүүжээ гэх найз маань биднийг гэртээ урьсан. Бид нар нийт наймуулаа явсан бөгөөд нар жаргах үед Пүүжээгийнд очиж хоол идчихээд голын хөвөөрүү явсан. Гол дээр очоод майхнаа барьцгаагаад тус тусдаа суусан. Удалгүй Нямбат, ******* хоёр ирсэн. Би Нямбат, ******* нарын хамт Пүүжээгийн найзуудтай танилцах гээд очиход Нямбат ахын дүү нар танилцъя гэсэн. Тэгтэл Дөлгөөн гэх охин “яахлаараа бид нар дүү болдог юм, хачин царайтай юмнууд” гэх мэтээр хэл амаар доромжилж Нямбаттай маргалдсан. Тэгээд бид 3 тэд нартай танилцчихаад, авч очсон пивоо уугаад сууж байтал Нямбат, ******* 2 майхан руугаа явсан. Тэр үед ******* гэх залуу миний нүүрлүү цохиход би газарт унасан. Би унахдаа зодуулчихлаа гэж хашгирахад Нямбат гүйж ирсэн. Би тэлээгээ тайлаад *******, Баяраа нарыг зодно гээд хөөхөд тэд зугтацгаасан. Би тэднийг хөөж байгаад болиод Дөлгөөн гэх охины хажууд очоод “танай найзууд намайг зодчихлоо, яаж байгаа юм бэ” гээд нүүрээ үзүүлэхэд Нямбат “яагаад хүнтэй зодоон хийгээд байгаа юм” гээд өшиглөх гэж байгаад санамсаргүй Дөлгөөний хүзүүрүү өшиглөсөн. Тэр үед Дөлгөөн “намайг өшиглөчихлөө” гээд босч ирээд гишүү модоор Нямбатын машины цонхыг хагалсан. Удалгүй Дөлгөөний машиныг Баяраа барьж ирээд машинаараа хөөсөн. Тэгэхэд Пүүжээгийн ах нь ирээд “та нар яаж байнаа, нэгнийгээ аллаа шүү дээ” гээд салгасан. Магааш нь ******* надаас уучлал гуйсан. Миний урд шүд хөдөлсөн, мөн хамар битүүрээд хэцүү байна. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал болон бусад зардалд 2000000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-26 тал/,
Гэрч Б.*******ийн өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр би эхнэр болон хэдэн найзуудынхаа хамтаар Пүүжээгийнд очсон. Гол дээр очоод майхнаа бариад сууж байтал Нямбат, ******* нар ирсэн. Нямбат нөгөө талд сууж байсан Пүүжээгийн найз нартай танилцахаар очиж “танилцъя дүү нар” гэхэд Дөлгөөн гэх охин “бид нар яахаараа чиний дүү нар болчихдог юм” гээд хэрүүл хийх гээд байсан. Тэгээд ам нийлэхгүй юм байна гээд буцаж ирээд пиво ууж байгаад би унтсан. Өглөө нь Нямбат “машины цонх төлж өг” гэхэд Дөлгөөн “Эрдэнэт орж байгаад төлж өгнө” гээд байсан. Мөн ******* гэх залуу анхааг зодсон юм шиг байналээ” гэх мэдүүлэг /хх-27 тал/,
Гэрч Б.*******гийн өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Пүүжээ надруу залгаад хөдөө гаръя хүрээд ир гээд байхаар нь хамт ажилладаг Нямбат гэх залуутай очсон. Биднийг очиход Пүүжээгийн найзууд болон манай найзууд нар голын эрэг дээр гал түлээд сууж байсан. Тэгээд бид танилцаад бөөнөөрөө юм яриад сууж байхад Нямбат нэгнийг нь дүү гэж хэлсэн чинь Дөлгөөн гэх охин “хачин халтайсан юм чинь юу болчихоод байгаа юм” гэхэд Нямбат, *******, Гантуяа 3 “яриа нийлэхгүй юм байна” гээд өөр майхны урд очиж суусан. Би тэндээ үлдэж юм ярьж сууж байгаад согтоод унтаад өгсөн. Би Нямбатын машины урд суудал дээр унтаж байтал машины шил хагарсан. Намайг сэрэхэд Дөлгөөн мод барьчихсан зогсож байсан. Тэгээд би холдуулахад *******ын хамарнаас нь цус гарсан, нүд нь хавдсан байдалтай хажууд зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-28 тал/,
Гэрч Г.*******ын өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хэдэн найзуудын хамт салхинд гарахаар хөдөө явсан. Бид очоод байж байтал Нямбат, ******* нар ирсэн. Тэгээд гал тойроод пиво уугаад сууж байтал Нямбат Дөлгөөнлүү хандаж “танилцъя бодвол дүү юм шиг байна” гэхэд Дөлгөөн “дүү гэж бодохгүй байна” гээд бага зэргийн маргаан үүссэн. Энэ үед Аагий, Гантуяа, Үүрийнтуяа 3 өөрсдийн майхандаа ороод унтсан. Нямбат, ******* нар машиндаа ороод унтсан. Тэгтэл Нямбат машинаа бариад явна гээд байхаар нь *******, нар “чи согтуу байна хоноод яв” гэхэд тэдний хооронд маргаан үүссэн. Тэгээд зодолдох шиг болохоор нь очиход *******, ******* хоёр дээр, доороо орсон зодолдож байсан. Хажууд нь Нямбат, хоёр маргалдаад байсан. Нямбат мод бариад , ******* нарлуу дайрахад тэд зугтацгаасан гэх мэдүүлэг /хх-29 тал/,
Гэрч Ч.*******ын өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр салхинд гарахаар болж есүүлээ Пүүжээгийн ахынд очсон. Бид нар очоод хоол идчихээд голын эрэг орж майхнаа барьчихаад ууцгаасан. Удалгүй Нямбат, ******* нар ирсэн. Нямбат “бодвол дүү юм шиг байна, танилцъя” гэж хэлэхэд Дөлгөөн “чамаас дүү биш байх” гээд маргалдах гээд байсан. Би нилээн согтоод унтсан өглөө нь сэрсэн чинь Пүүжээгийн ахын гадаа унтсан байсан. Юу болсон талаар асуутал *******, ******* нар зодолдсон гэж байсан гэх мэдүүлэг /хх-30 тал/,
Гэрч С.*******ийн өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Пүүжээ манайхруу явах уу гээд байхаар нь бид нар ярилцаж байгаад найзуудаараа явахаар болсон. Тэгээд Пүүжээгийн ахынд очиж хоол идчихээд голын эрэг орж архи, пиво ууцгаасан. Араас Нямбат, ******* нар ирсэн. Нямбат, Дөлгөөнтэй маргалдахаар нь яриа нийлэхгүй юм байна гээд Нямбат, манай нөхөр бид 3 манай майханы гадаа очиж суусан. Манай нөхөр бид 2 унтахаар майханруугаа орж Нямбат нөгөө хэдрүү явсан. Унтаж байтал зодолдоод байхаар нь гараад очтол ******* зодуулсан шинжтэй нүүр нь хавдсан байдалтай байсан ба ******* гэх залуу дээрээс нь босоод ы хамт цаашаа зугтсан. Хажууд нь Дөлгөөн, Пүүжээ, Нямбат нар байсан. ******* тэлээгээ сугалаад араас нь хөөх гэхэд Нямбат яах гээд байгаа юм гээд Анбаярыг өшиглөх гэж байгаад наана явган сууж байсан Дөлгөөний дагз хэсэг рүү нь өшиглөх шиг болсон гэх мэдүүлэг /хх-31 тал/,
Гэрч П. ы өгсөн: Тухайн өдөр *******а гэдэг найз маань хөдөө явж голын эрэг оръё гэсэн. Тэгээд бид наймуулаа Пүүжээгийн ахынд очиж хоол идчихээд голын эрэг орсон. Бид нарын араас *******, Нямбат нар ирсэн. Нямбат гэдэг залуу бид нар дээр ирээд хүн болгоны дургүйг хүргэж харьцаад байсан. Тэгээд танилцъя дүү гэхээр нь “нэг их дүү биш байх” гэхэд яриа нийлэхгүй юм байна гээд Аагий, Гантуяа, Нямбат 3 өөрсдийн майханруугаа явцгаасан. Хэсэг хугацааны дараа Нямбат нилээн согтсон байдалтай ирээд бид нартай сууж байснаа “би машинаа унаад явлаа” гэхээр нь ******* бид 2 “чи согтуу байна, явж яах гээд байгаа юм” гэсэн чинь бидний үгэнд орохгүй явна гээд байсан. Тэгээд бид нар хоорондоо үл ойлголцоод байж байтал ******* гүйж ирээд *******ий нүүрлүү цохьсон. Би салгах гэтэл Нямбат “яах юм, наад хоёр чинь өөрсдөө учраа олог” гээд ойртуулахгүй байсан. Тухайн үед *******ий нүд орчим нь хөхөрсөн байсан. Маргааш нь *******ын хамар, нүд нь хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /хх-32 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №172 тоот
1. Б.*******ын биед хамар ясны хугарал, дээд үүдэн зүүн нэгдүгээр шүдний сулрал, дээд үүдэн баруун нэгдүгээр шүдэнд эмтрэл, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-38 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-р тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-3 тал/, гэмт хэргийн талаархи өргөдөл гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх-4 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10 тал/, сэжигтнээр тооцох тогтоол, тэмдэглэл /хх-65 тал/, яллагдагчаар татах тогтоол, тэмдэглэл /хх-71-72 тал/, яллагдагчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-74-75, 77 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-81 тал/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.******* нь 2017 оны 6 дугаар сарын 03-ны орой Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт Б.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа нүүр лүү нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Б.*******, гэрч Б.*******, Б.*******, Г.*******а, Ч.*******, С.Гантуяа, П.ы нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч Ж.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ж.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.*******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.*******ий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлж барагдуулсанаар хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******ы *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.*******ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.******* нь 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД