Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/02

 

 

 

 

 

 2022         01            12                                         2022/ДШМ/02

 

    М.Бд холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Б.Наранмөнх,

Шүүгдэгч: М.Билэгсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр, Д.Содномдорж,

Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Билэгсайхан, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, Д.Содномдорж нарын гаргасан давж заалдах гомдлоор М.Билэгсайханд холбогдох 2138000000133 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Урад овгийн М-ын Б, ..... оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын бетон арматурын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүйам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 26а-16 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................/.

 Шүүгдэгч М.Билэгсайхан нь 2021 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 26а-16 тоотод иргэн Д.Үүрийнцолмонг хутгалж, түүний биед гэмтэл учруулж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Морхын Билэгсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолоор Урад овогт Морхын Билэгсайханыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Морхын Билэгсайханыг 5 (тав) жил 10 (арав) хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Морхын Билэгсайханд оногдуулсан 5 (тав) жил 10 (арав) хоногийн хорих ялаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Билэгсайханд оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч М.Билэгсайханаас 1,513,507 (нэг сая таван зуун арван гурван мянга таван зуун долоо) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Үүрийнцолмонд олгох, нотлох баримтын шаардлага хангаагүй 1,876,140 (нэг сая найман далан зургаан мянга нэг зуун дөч) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь сэтгэл санааны хохирол 20,000,000 (хорин сая) төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, Эрүүгийн 2138000000133 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26 см урттай, бор өнгийн, модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Эрүүгийн 2138000000133 дугаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Билэгсайханд шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Билэгсайхан давж заалдах гомдолдоо: Миний бие М.Билэгсайхан нь анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж  байна.

1. Тухайн үеийн гэнэтийн үйл явдлаас би гэдэг хүн дараа нь хайч, хутга хоёрын аль нь болохыг ч мэдэхгүй нөхцөл байдалд орчихсон байсан. Гэтэл прокурор болон анхан шатны шүүх намайг яагаад санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэж яллаад байгааг ойлгохгүй байна. Би тэр шөнө буюу хэрэг гардаг орой үнэхээр архи уугаад тасарчихсан байсан бол энэ хэргийн хохирогч Д.Үүрийнцолмон гэх хүн миний эхнэрийг яах байсан бол гэж эргэлзэж байна. Би өнгөрсөн 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хэрэг гарснаас хойш буюу 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Д.Үүрийнцолмонг ухаангүй сэхээнд байхад нь хэрэгтэй гэсэн эм, тариа бүгдийг нь чадахаараа олж өгч, эхнэртэйгээ хамтран бөөрний аппаратад оруулж, тэргэнэцэрт суулгаж зөөх зэргээр сувилдаг байсан. Бүх баримт нь хэрэгт байгаа. Энэ байдлыг эмч сувилагч нар сайн мэдэж байгаа. Тэрч утгаараа бодит хохирлыг нь өөрийн гэр орноо заран байж төлж барагдуулсан. Тухайн өдөр би орондоо ороод хэвтэж байхад эхнэр маань гэнэт орилж хашхирсан үйлдлээс шалтгаалж би цочирдсоноос тийм үйлдэл хийсэн. Тэр үед би эхнэрлүүгээ эргэж харахад манай эхнэр зүүн талын баганаас нэг гараараа зуурч хохирогч Д.Үүрийнцолмон араас нь тэвэрсэн байдалтай байсан. Тэрнээс хойш болсон үйл явдлыг санахгүй байна.

...Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж, надад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгөхийг хүсч байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь дээрх шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх шийдвэр болсон байна. Үүнд:

Нэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны хангалттай байна гэж шүүх үнэллээ...” гэсэн нь учир дутагдалтай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ.” гэж заан мөрдөн шалгах ажиллагааны нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны холбогдох журмыг тус бүр хуульчилсан.

Гэтэл тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх журмыг ноцтой зөрчсөн буюу хэргийг прокурорт буцаах үндэслэл бий болсон байтал эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайлбал, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Гал-Эрдэнэ нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг хураан авсан байдаг. Мөн өдөр мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Гал-Эрдэнийн тогтоолоор дээрх хутгыг эд мөрийн баримтаар тооцсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хүний бие, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан, хэрэг гарсан газарт үзлэг хийнэ” гэх заалтыг зөрчиж, заавал хийгдвэл зохих ажиллагаа болох үзлэгийг хийгээгүй.

Түүнчлэн мөн хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр түр хураан авна” гэх заалтыг ноцтойгоор зөрчиж, прокурорын зөвшөөрөлгүйгээр эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол үйлдсэн нь ойлгомжгүй байна.

2. Шинжээч нь тогтоол хүлээн авснаас хойш Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн а/215/421 дугаар тушаалын хавсралт болох “Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам”-ын 6.2 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт зааснаар хүний биед үзлэг хийсэн бол ажлын 3 хүртэл хоногт багтаан дүгнэлт гаргах чиглэл баримталдаг. Гэтэл Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч           О.Гал-Эрдэнийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд “...З.Дүгнэлтийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дотор гаргахыг шинжээч Б.Цолмонд даалгасугай...” гэсэн байдаг. Хэдий тийм боловч Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмон нь дээрх тогтоолын заалтыг зөрчиж, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр буюу хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлэн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг гаргасан байна.

Иймд 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцож, хууль ёсны дүгнэлт гэж үнэлэх боломжгүй юм.

3. Өмгөөлөгчийн зүгээс 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт хандан “...тус хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй байх тул дахин шинжээчийн дүгнэлтийг гаргуулж өгнө үү...” гэх утга бүхий хүсэлт гаргасныг хяналтын прокурор П.Отгонбаатар хүлээн авч хянаад, хүсэлтийг хангахаас татгалзах тухай шийдвэрийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан байдаг.

Хэдий тийм боловч хяналтын прокурор П.Отгонбаатар нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өмгөөлөгч миний дээр дурдсан гомдолд үндэслэн шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлыг буюу дахин шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай эсэхийг нягтлах зорилгоор “хянан шалгах ажиллагаа явуулах тухай” шийдвэрийг гаргасан нь ойлгомжгүй байдаг.

Мөн дээрх шийдвэрт үндэслэн шинжээч эмч Б.Цолмонг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хяналтын прокурор П.Отгонбаатар биечлэн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалт ноцтой зөрчигдөх шалтгаан болсон.

Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж прокурор үзвэл оролцогчийн гаргасан гомдлоор, эсхүл өөрийн санаачилгаар гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас биечлэн мэдүүлэг авах, шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах, үзлэг, нэгжлэг, туршилтыг давтан хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхийг хянан шалгах ажиллагаа явуулж болно” гэх заалтыг ноцтойгоор зөрчсөн.

Иймд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй үндэслэлээр шинжээч дахин томилж, дүгнэлт гаргуулах шаардлагатай юм.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр 14 хүртэл хоногоор нэмж сунгаж болно” гэж заажээ.

Гэтэл уг заалтыг зөрчиж зайлшгүй тохиолдол үүссэн буюу өмгөөлөгчийн зүгээс 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасныг үл хайхарч, дээрх хэрэг хянах хугацааг дахин сунгаагүй нь дээрх хуулийн заалт ноцтойгоор зөрчигдөх нөхцлийг бүрдүүлсэн. Мөн гомдлыг эцэслэн шийдвэрлэж дуусаагүй байхад буюу Улсын Ерөнхий прокурорын газраас 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүсэлтийг шийдвэрлэсэн байтал 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх П.Отгонбаатар яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй байна.

Хоёр. Мөн анхан шатны шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана” гэж хуульчилсан байтал мөн хуулийн 1.12 дугаар зүйлд заасан “хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг ноцтой зөрчсөн шийдвэр гарах болсон дараах үндэслэлүүд байна. Үүнд:

1. Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг тодруулсан Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.1 дэх хэсэгт заасан “шүүх хуралдааны үед тодруулах асуулт тавих замаар нотлох баримт шинжлэхэд оролцох”; 66.3.2 дахь хэсэгт зааснаар “шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр шүүгдэгч, зохигч, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор, гэрч, шинжээчид асуулт тавих” гэх заалт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “...иргэдийн төлөөлөгч нотлох баримтыг шинжлэн судлахад оролцож, аль ч үед тодруулах асуулт тавих эрхтэй” гэх заалтуудыг тус тус ноцтой зөрчин анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Л.Тунгалагийн дээрх эрхээ эдлэх боломжийг хязгаарласнаас М.Билэгсайханд холбогдох эрүүгийн хэрэг маргаан шударгаар шийдвэрлэгдэх боломжгүй болсон.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд дараах асуудал тус бүрийг хэлэлцэнэ: ... 5.4. гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох,..” гэж хуульчилжээ.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн дүгнэлтийн хамтаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хэрхэн нөхөн төлж барагдуулсан талаарх дүгнэлтээ хэлэх гэтэл шүүх хуралдаан даргалагчийн зүгээс “...хохирол төлбөрийн асуудлаа дараа нь бол...” гэж хэлээд “хохирол төлбөрийн мөнгөн дүн” дээр маргах эрхийг хязгаарласан.

3. Дээр дурдсан эрхийг хязгаарласнаас шалтгаалан шүүхээс шийдвэр гарган зөвлөлдөхдөө илт үндэслэлгүй үнийн дүнгээр “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ”-г тооцож тогтоосон.

Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хохирогч Д.Үүрийнцолмонгийн эмчилгээний болон бусад зардал... нийт 5,213,507 төгрөгөөс шүүгдэгч М.Билэгсайханы хохиролд төлсөн 3,700,000 төгрөгийг хасч, үлдэх 1,513,507 төгрөгийг шүүгдэгч М.Билэгсайханаас гаргуулж, хохирогч Д.Үүрийнцолмонд олгох нь зүйтэй байна..” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь миний үйлчлүүлэгчийн хувьд хохирогч Д.Үүрийнцолмонд дээр дурдсан 3,700,000 төгрөгийн хохирлоос гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 2,044,608 төгрөгийн буюу эм, тарианы зардал төлсөн болох нь хавтаст хэргийн 52-57-р талд авагдсан.

Хохирогч Д.Үүрийнцолмонгийн мэдүүлэг /хх-14-15/, гэрч Д.Мэндсайханы мэдүүлэг /хх-35-36/ зэргийг анхаарч үзсэнгүй.

Түүнчлэн хохирогч Д.Үүрийнцолмонгийн эмчилгээний болон бусад зардал болох нийт 5,213,507 төгрөгийг “нотлох баримтын шаардлага хангасан” гэж үнэлсэн байх боловч чухам ямар үндэслэлээр дээрх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үнэлсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл дээрх баримтуудын ихэнхи нь ямар зориулалтаар зарцуулсан нь тодорхойгүй, эмчилгээнд зарцуулсан болох нь тогтоогдохгүй баримтууд байгаа юм.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан байдаг.

Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “...шүүгдэгч М.Билэгсайханаас 1,513,507 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Үүрийнцолмонд олгох...” гэж заасан боловч үндэслэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн... -ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо” гэсэн нь ойлгомжгүй, эргэлзээ бүхий байдлыг төрүүлж байна.

Түүнчлэн тус шийтгэх тогтоолд “...шүүгдэгч М.Билэгсайханыг... хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэсэн атлаа тухайн хэргийн хохирогч Д.Үүрийнцолмонгийн хууль бус үйлдэлд дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь уг шийдвэрийн тодорхой, ойлгомжтой байх шинжийг алдагдуулсан.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байх” нөхцлийг бүрдүүлсэн.

Өөрөөр хэлбэл тухайн хэрэг болдог өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө миний үйлчлүүлэгч М.Билэгсайханы гэрт ирсэн Д.Үүрийнцолмонгийн удаа дараагийн ёс бус үйлдэл болох гэрийн эзэн М.Билэгсайханд хандан “...та бол зүгээр ялын төлөвлөгөө” гэх мэтээр гутаан доромжилсон үг, үйлдлүүд болон эхнэр болох Ц.Мөнх-Эрдэнэтэй нь хүчээр бэлгийн харьцаанд орох гэж биеийн хориотой хэсгүүдэд нь ичгүүр сонжуургүй хүрч байсан зэргээс шалтгаалан тухайн үед М.Билэгсайханы уур огцом хүрч, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан асуудал болсноос түүнийг хутгалсан асуудал болсон.

Тухайн цаг хугацаанд болсон гэнэтийн ийм таагүй асуудлыг миний үйлчлүүлэгчийн хувьд одоо санадаггүй юм. Тийм ч утгаараа дараа нь Цагдаагийн байгууллагын албан хаагчид хайчаар гэмтэл учруулсан байж болзошгүй байдлаар эд мөрийн баримтыг гаргаж өгсөн.

Гэвч үнэн хэрэгтээ хутгаар гэмтэл учруулсан болохоо 2-3 хоногийн дараа мэдэж, тус хутгыг мөрдөгч О.Гал-Эрдэнэд хүлээлгэсэн өгсөн юм. Тэрхэн зуурын болсон үйл явдлыг санахгүй байгаа нь сэтгэл санааны түрхэн зуурын огцом өөрчлөлтөөс болсон явдал бөгөөд архи согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэсэн байсан учраас бусад болсон үйл явдлыг нарийн тодорхой санадаг. Хэдий түүний бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан нь буруутай үйлдэл боловч хэрэв тухайн үед Д.Үүрийнцолмонгийн зүгээс М.Билэгсайханы гэр бүлийг хүндээр гутаан доромжилсон удаа дараагийн үйлдэл нөлөөлсөн гэдгийг харгалзан үзээсэй гэж хүсч байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэх санаа зорилго нь өөрийн хийсэн үйлдлээ хүсч үйлдсэн байх үндсэн шинжийг заавал агуулсан байдаг. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан “санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн байх, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон байх, хохирогчийн хууль бус зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн хүчтэй цочролд хоромхон зуур автсан байхыг ойлгодог.

Гэтэл шүүхээс дээр дурдсан хохирогчийн хууль бус үйлдэлд үнэлэлт өгөлгүйгээр хэлбэрийн өнгөц байдлыг нь харгалзан “бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэж зүйлчилж ял оногдуулсан нь миний үйлчлүүлэгч М.Билэгсайханы эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

...Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021\ШЦТ\257 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгөхийг хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж давж заалдах гомдолдоо:  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Содномдорж, ялтан М.Билэгсайхан бид 2021 оны 11-р сарын 02 ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/257 шийтгэх тогтоолыг 2021 оны 11-р сарын 17 ны өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн шийтгэх тогтоолын 02 дугаар хуудасны ар талд гэрч М.Баянмонгол, гэрч Ц.Мөнх-Эрдэнэ нарын мөрдөн байцаах шатанд өгсөн мэдүүлгийг шүүхийн шийтгэх тогтоолд нотлох баримтаар үнэлсэн байдаг. Тухайн гэрчүүд нь ялтан М.Билэгсайханы эхнэр Ц.Мөнх-Эрдэнэ, төрсөн дүү М.Баянмонгол нар болохыг мөрдөн байцаагч санаатайгаар хавтаст хэрэгт хувийн байдлыг тогтоохдоо дурдаагүй орхигдуулсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т зааснаар... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх... эрхтэй. Гэтэл хавтаст хэргийн 29-30 хуудсанд гэрч Ц.Мөнх-Эрдэнэ байцаалт өгөхдөө ...нөхөр М.Билэгсайханы эсрэг мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлээд байхад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж Ц.Мөнх-Эрдэнээс мэдүүлэг удаа дараа авсанд гомдолтой байна.

Мөн гэрчүүдээс мэдүүлэг авахдаа 2021 оны 02-р сарын 23-ны үүрийн 04 цагт авсан мөртлөө цагийг нь худлаа зохиож 06 цаг 54 минутаас 06 цаг 57 минутын хооронд авсан гэж зохиож бичсэн. Ялтан М.Билэгсайханы төрсөн дүү М.Баянмонголыг 2021 оны 02-р сарын 23-ны үүрээр 04 цаг 30 минутанд байцаалт авсан байдаг. Байцаалт мэдүүлгийг хуулийн хүрээнд авалгүй хөтөлж, тулгаж, өнгөрсөн цагийн зөрүүтэй авч буй үйлдэл нь анхнаасаа ялтан М.Билэгсайханыг гэмт хэрэгтэн болгох гэж нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан гэж үзэж байна. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 4.3.1-т “... мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж прокурор үзвэл оролцогчийн гаргасан гомдлоор, эсхүл өөрийн санаачилгаар гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас биечлэн мэдүүлэг авах, шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах, үзлэг, нэгжлэг, туршилтыг давтан хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхийг хянан шалгах ажиллагаа явуулж болно...” гэж заасан байдаг. Гэтэл хяналтын прокурор П.Отгонбаатар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж шинжээч эмч Б.Цолмонгоос 2021 оны 06-р сарын 12-ны өдөр мэдүүлэг авсан нь хууль бус юм. Учир нь тус хуульд зааснаар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол прокурор өөрийн санаачилгаар дахин шинжээч томилуулж болно гэдгийг зөрчиж, прокурор өөрөө байцаалт авсанд гомдолтой байна.

Хавтаст хэргийн 86-87 дугаар хуудсанд шинжээч эмч Б.Цолмон мэдүүлэхдээ “...Дүгнэлтэн дээр энд тэнд оруулаад биччихсэн байна...” гэж мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 27.8.1, 27.8.2-т зааснаар шинжээчийн дүгнэлт нь тодорхойгүй, бүрэн биш байхад дахин шинжээч томилолгүй хяналтын прокурор хууль зөрчиж өөрөө мэдүүлэг авсанд гомдолтой байна.

3. Ялтан М.Билэгсайханы эхнэр буюу гэр бүлийн гишүүн Ц.Мөнх-Эрдэнээс 2021 оны 02-р сарын 23-ны өдөр, 2021 оны 03-р сарын 04-ний өдөр, 2021 оны 04-р сарын 09-ний өдөр мөрдөн байцаагч О.Гал-Эрдэнэ байцаалт авахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байцаалт авсан. Гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж мэдүүлээд байхад түүнээс байцаалт удаа дараа авсан. Мөн өмгөөлөгчгүй байцаалт өгнө гэхэд Ц.Баасанбаяр өмгөөлөгчөөр гарыг үсэг зуруулсан байдаг. Мөн Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны 02-р сарын 23-ны өдөр хохирогч Ц.Үүрийнцолмон нь намайг хүчиндэх, доромжлох үйлдэл гаргасан гээд мэдүүлээд байхад тухайн хэргийг хэрхэн шалгасан эсэх тодорхой бус зөвхөн ялтан М.Билэгсайхан хайчаар болоод хутгаар хүн хутгалсан байна гээд эрүүгийн хэрэг шалгаад байсан нь энэ хэргийг анхнаасаа буруу шалгасан байна гэж өмгөөлөгч би үзэж байна. Учир нь Ц.Мөнх-Эрдэнэ гэдэг эмэгтэйг биеэр нь тэвэрч авсан үйлдэл нь тухайн өдөр хэрэг гарах шалтгаан болсоор байтал Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4-т зааснаар ялтан М.Билэгсайханд ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ялтан М.Билэгсайханы эхнэрийн хохирсон хэрэг хэрхэн, яаж шийдвэрлэгдсэн тухай нотлох баримтыг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүйн улмаас ялтны эрхзүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. 2021 оны 05-р сарын 11-ний өдрийн дугаар 125 Хөвсгөл аймгийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсанд “...Танаас гаргасан Д.Үүрийнцолмон нь намайг хүчирхийлэхийг завдсан гэх үйлдлийг шалгуулахаар мэдээллийг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье” гэсэн хариу мэдэгдэл байхад тухайн хүчиндэх гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэсэн тухай нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байдаг. Тухайн үйл баримтаар ялтан М.Билэгсайханы эрхзүйн байдлыг харгалзан үзээгүй.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/257 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч М.Билэгсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж, надад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Байцаалт мэдүүлгийг хуулийн хүрээнд авалгүй хөтөлж, тулгаж, өнгөрсөн цагийн зөрүүтэй авч буй үйлдэл нь анхнаасаа М.Билэгсайханыг гэмт хэрэгтэн болгох гэж нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан гэж үзэж байна.

... М.Билэгсайханы эхнэрийн хохирсон хэрэг хэрхэн, яаж шийдвэрлэгдсэн тухай нотлох баримтыг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүйн улмаас ялтны эрхзүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. ...Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Гомдолд дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021\ШЦТ\257 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгөхийг хүсэж байна гэв.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч М.Билэгсайхан нь 2021 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 26а-16 тоотод иргэн Д.Үүрийнцолмонг хутгалж, түүний биед гэмтэл учруулж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Билэгсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулжээ.

Шүүгдэгч М.Билэгсайхан нь хүний биед гэмтэл учруулж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч М.Билэгсайханы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тэгэнгүүт л би тэрхэн хооронд уур хүрээд босож ирээд эргэнэг дээр мах идэж байгаад тавьж үлдээсэн байсан хутгийг түмпэннээс аваад гүйж очоод Үүрийнцолмонг хатгачихсан юм шиг байгаа юм. Гэхдээ би яг тэр үйлдлээ санахгүй байгаа. Би тэгж уурлаад Үүрийнцолмонг “намайг шаачихлаа шүү дээ гэхэд л ухаан орсон. Цамцыг нь сөхөж үзэхэд цус гарч байсан...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-8-9х),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хх-10х),

Хохирогч Д.Үүрийнцолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Билэгсайхан эргэнэг дээрээс мах идэж байсан хутгаа авч харагдсан. Би ч нэг их тоолгүй баруун хойморт нь очоод хэвтэх гэж байтал хажуу тал руу юмаар цохичих шиг болсон. Эргээд хартал Билэгсайхан зогсож байсан. Би ч цохичихлоо гэж бодоод байж байтал нойт оргихоор нь гараараа дарж үзэхэд цус гарч байсан. Билгээ ч өөрөө би хүн хутгалчихлаа гээд байсан ...” гэх мэдүүлэг (хх14-15, 18-19х),

Гэрч М.Баянмонголын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Билэгсайхан ахын гэрт манай нутгийн Үүрийнцолмон гэдэг залуу хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад надаас шархаа нуугаад байхаар нь би цамыг нь сөхөж харсан чинь хэвлийн зүүн хэсэгт зүсэгдсэн шинэ шархтай байсан. ...” гэх мэдүүлэг (хх-25х),

Гэрч Н.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шуугилдаад явчихаар нь босоод хартал Үүрийнцолмон гэрийн баруун талд сууж байсан. Би яав юу болов гээд асуухад Үүрийнцолмон “Билгээ намайг чиччих шиг боллоо” гэсэн би аль үзье гээд асуухад харсан чинь Үүрийнцолмонгийн хэвлийн зүүн талд зүсэгдсэн шархтай цус гарч байсан. Би нойлын цаасаар цусыг арчиж тогтоож өгсөн...” гэх мэдүүлэг (хх-27х),

Гэрч Ц.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ойртоод харахад дээл нь цус болсон байсан, хэвлийн хажуу талаас нь цус гарч байсан Билэгсайхан ч цусыг нь дарж өгсөн ...” гэх мэдүүлэг (хх-29, 31, 34х),

Гэрч Д.Мэндсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Манай нөхөр Үүрийнцолмон 2021 оны 02 дугаар сарын 24-ний өглөө намайг хөдөө гэртээ байж байтал Мөрөн суманд хүнд хутгалуулаад бие нь хүнд байна гэдгийг надад дуулгасан. Намайг Мөрөн сумын нэгдсэн эмнэлэгт ирэхэд биеийн байдал нь хүнд сэхээний тасагт хэвтэж байсан …юу болсон талаар асуухад нутгийн Билэгсайхан гэдэг залуугийнд архи ууж байгаад Билэгсайханд хутгалуулсан гэж байсан. Нарийн ширийн зүйлийг сайн мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг (хх-36х),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 138 дугаартай: …2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой ... гэх дүгнэлт (хх-39х) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нар “...Тухайн үеийн гэнэтийн үйл явдлаас би гэдэг хүн дараа нь хайч, хутга хоёрын аль нь болохыг ч мэдэхгүй нөхцөл байдалд орчихсон байсан. Гэтэл прокурор болон анхан шатны шүүх намайг яагаад санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэж яллаад байгааг ойлгохгүй байна. Заавал хийгдвэл зохих ажиллагаа болох үзлэгийг хийгээгүй, Мөрдөгч прокурорын зөвшөөрөлгүйгээр эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол үйлдсэн нь ойлгомжгүй, шинжээч хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлэн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг гаргасан, прокурор шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлыг буюу дахин шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай эсэхийг нягтлах зорилгоор хянан шалгах ажиллагаа явуулах тухай шийдвэрийг гаргасан нь ойлгомжгүй, прокурор шинжээчээс биечлэн мэдүүлэг авсан, өмгөөлөгчийн зүгээс 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасныг үл хайхарч, хэрэг хянах хугацааг дахин сунгаагүй, Улсын Ерөнхий прокурорын газраас 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүсэлтийг шийдвэрлэсэн байтал 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр прокурор яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Л.Тунгалагийн эрхээ эдлэх боломжийг хязгаарласан, шүүх хуралдаан даргалагчийн зүгээс хохирол төлбөрийн мөнгөн дүн дээр маргах эрхийг хязгаарласан, хохирогч Д.Үүрийнцолмонгийн эмчилгээний болон бусад зардал... нийт 5,213,507 төгрөгөөс шүүгдэгч М.Билэгсайханы хохиролд төлсөн 3,700,000 төгрөгийг хасч, үлдэх 1,513,507 төгрөгийг шүүгдэгч М.Билэгсайханаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хохирогч, гэрчийн мэдүүлгийг анхаарч үзсэнгүй, хохирогч Д.Үүрийнцолмонгийн хууль бус үйлдэлд дүгнэлт хийлгүй орхигдуулсан, хохирогчийн хууль бус үйлдэлд үнэлэлт өгөөгүй” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж “...Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж Ц.Мөнх-Эрднээс мэдүүлэг удаа дараа авсанд гомдолтой байна. Мөн гэрчүүдээс мэдүүлэг авахдаа 2021 оны 02-р сарын 23-ны үүрийн 04 цагт авсан мөртлөө цагийг нь худлаа зохиож 06 цаг 54 минутаас 06 цаг 57 минутын хооронд авсан гэж зохиож бичсэн. Ялтан М.Билэгсайханы төрсөн дүү М.Баянмонголыг 2021 оны 02-р сарын 23-ны үүрээр 04 цаг 30 минутанд байцаалт авсан байдаг. Байцаалт мэдүүлгийг хуулийн хүрээнд авалгүй хөтөлж, тулгаж, өнгөрсөн цагийн зөрүүтэй авч буй үйлдэл нь анхнаасаа ялтан М.Билэгсайханыг гэмт хэрэгтэн болгох гэж нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан гэж үзэж байна. ...Ялтан М.Билэгсайханы эхнэрийн хохирсон хэрэг хэрхэн, яаж шийдвэрлэгдсэн тухай нотлох баримтыг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүйн улмаас ялтны эрхзүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.

Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах гэж хохирогчийн хууль бус үйлдлээс болж сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал нь алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байхыг хэлдэг бөгөөд шүүгдэгчийн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах нөхцөл байдал гэмт хэрэг гарах үед үүссэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн эд мөрийн баримт нь гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий баримт болдог бөгөөд түүнийг прокурорын зөвшөөрөлгүйгээр эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол үйлдэх, шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүйгээр хугацаа хэтрүүлэн гаргах, прокурор дахин шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай эсэхийг нягтлах зорилгоор хянан шалгах ажиллагаа явуулах тухай шийдвэр гаргах, шинжээчээс биечлэн мэдүүлэг авах, хэрэг хянах хугацааг дахин сунгаагүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй юм.

Түүнчлэн гэрчүүдээс мэдүүлэг авахдаа цагийг нь худлаа зохиож бичсэн,  байцаалт мэдүүлгийг хуулийн хүрээнд авалгүй хөтөлж, тулгаж, өнгөрсөн цагийн зөрүүтэй авсан, нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн ялтан М.Билэгсайханы эхнэрийн хохирсон хэрэг хэрхэн, яаж шийдвэрлэгдсэн тухай нотлох баримтыг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй гэх гомдолд дурдсан асуудал нь уг хэрэгт хамааралгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүх хохирогч Д.Үүрийнцолмонгийн эмчилгээний болон бусад зардлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж 5,213,507 төгрөгөөс шүүгдэгч М.Билэгсайханы хохиролд төлсөн 3,700,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,513,507 төгрөгийг шүүгдэгч М.Билэгсайханаас гаргуулж хохирогч Д.Үүрийнцолмонд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд заасан журмын дагуу сонгож, түүнд эрх, үүрэг, хүлээх хариуцлага, шүүх хуралдааны дэгийн талаар мэдээлэл өгч, тэрээр шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаарх дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгосон байх тул шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Л.Тунгалагийн эрхээ эдлэх боломжийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор 23 см урттай бор өнгийн, модон иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан байхад шүүх шийтгэх тогтоолд заахдаа дээрх эд мөрийн баримтын уртын хэмжээг буруу бичсэн байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...26 см урттай...” гэснийг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.Билэгсайхан, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, Д.Содномдорж нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь:” хэсгийн 6 дахь заалтын “...26 см...” гэснийг “...23 см...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

                          ШҮҮГЧИД                           Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                 Н.БАЯРХҮҮ