Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
Хэргийн индекс | 120/2022/0022/з |
Дугаар | 120/ШШ2023/0006 |
Огноо | 2023-06-06 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 120/ШШ2023/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Шандастшанх” ХХК
Хариуцагч: Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний худалдааны хяналтын Улсын байцаагч М.Туяацэцэг,
Гомдлын шаардлага: “Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын (хуучин нэрээр) Улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0001865 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “Шандастшанх” ХХК-ийн өмгөөлөгч Н.Нарангарав, хариуцагч Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний худалдааны хяналтын Улсын байцаагч М.Туяацэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Шандастшанх” ХХК-иас “Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын (хуучин нэрээр) Улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0001865 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасан.
2. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт иргэн Б.Энх-Амгалангаас 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг бичгээр гаргасан. Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч Т.Нандин-Эрдэнэ (түр ажиллаж байсан) Цогтцэций сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрших “Сэнтий” бөөний төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, “хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан” үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзээд “Шандастшанх” ХХК-д 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3. Хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зөрчлийн хэрэг нээж (1 дэх хавтаст хэргийн 51 дэх тал), зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Гомдол гаргагч “Шандастшанх” ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд хандсан байна.
4. Гомдол гаргагч “Шандастшанх” ХХК шаардлагын үндэслэлдээ: “...Манай компанийн үндсэн үйл ажиллагаа нь худалдаа үйлчилгээ бөгөөд “Сэнтий” хүнсний бөөний төв Цогтцэций сумын жижиг дэлгүүрүүдийг бүхэлдээ бараагаар хангадаг, өдөрт 4.000.000-8.500.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг юм. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Сэнтий” бөөний төвд Мэргэжлийн хяналтын байцаагч гэх хүмүүс хяналт шалгалт хийх нэрээр очиж, байгууллагын удирдлагад мэдэгдээгүй, ямар ч удирдамж танилцуулалгүй бараа бүтээгдэхүүн хурааж, нэг өрөөнд лацдаад явсан. Хяналт шалгалтын мөрөөр бараа бүтээгдэхүүнийг хураан авч лацдаад явсан мөртлөө манай дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоох, эрх хасах санал гаргаж, дэлгүүрийн үйл ажиллагааг бүрэн зогсоох эрх хязгаарлах арга хэмжээ авснаас болж түргэн муудах бараа бүтээгдэхүүний хугацаа дуусаж 19.258.950 төгрөгийн хохирол учирсан.
Улсын байцаагч нь манай дэлгүүрт хяналт шалгалт хийх явцдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Төрийн хяналт шалгалт зохион байгуулах үндсэн зарчмыг баримтлаагүй, хууль зөрчсөний улмаас бидний эрх ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3-д тус тус заасныг зөрчсөн. Гэтэл манай байгууллагад хяналт шалгалт хийх гэж ирэхдээ ямар асуудлын улмаас хяналт шалгалт хийх болсон, хэн гэдэг хүн гомдол гаргасан, түүний эрүүл мэндэд ямар хохирол учирсан талаарх баримт мэдээлэл, тэр нь хэрхэн нотлогдсон талаар танилцуулаагүй, яагаад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байгаа талаар ямар ч удирдамж танилцуулаагүй, байгууллагын удирдлагад мэдэгдээгүй.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.7 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн төдийгүй, манай дэлгүүрт зориудаар хяналт шалгалт хийж, зохиомол нөхцөл байдал үүсгэн түүнийгээ батлах зорилгоор хяналт шалгалт хийсэн гэж үндэслэлийг бүрдүүлж байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.4-д заасны дагуу манай байгууллага дээр хяналт шалгалтын ажиллагаа 20 хоног үргэлжилсэн, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг удирдамжийн дагуу хийж гүйцэтгэх бөгөөд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул учруулж болзошгүй тохиолдол онцгой байдлын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагын шийдвэрээр удирдамжгүй хийж гүйцэтгэх боломжтой талаар хуульчилсан. Манай дэлгүүрийн зүгээс хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулсан, эрсдэл бүхий үйл ажиллагаа явуулаагүй, буруутай үйл ажиллагааны улмаас хэн нэгэн хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсон, эмнэлэгт хэвтсэн, эмчлүүлсэн тухай ямар ч гомдол, мэдээлэл бидэнд ирээгүй. “Сэнтий” бөөний төвд хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдаалдаг хэмээх ойлголтыг харилцагч, үйлчлүүлэгч байгууллагад төрүүлж бид олон жилийн туршид уйгагүй хөдөлмөрлөж бүтээсэн зах зээлийн нэр хүндээрээ хохирч байна.
Хяналт шалгалтын мөрөөр илэрсэн бараа бүтээгдэхүүнийг хураан авч, тусгай өрөөнд лацадсанаар зөрчлийг арилгаж, таслан зогсоож байгаа хэлбэр гэж ойлгоно. Гэтэл бидэнд ямар ч хугацаатай үүрэг даалгавар өгөөгүй, мэдэгдэл өгөөгүй, ямар зөрчил гаргасан нь нотлогдоогүй. Бид дээд шатны байгууллага, ерөнхий байцаагчид нь хандаж, зөрчил дутагдал гарсан бол түүнийгээ арилгах, хууль тогтоомжийг биелүүлэн ажиллах боломжоор хангагдах буюу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13-д заасан ажиллагаа хийгдэх боломж олголгүйгээр манай дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоох эрх хязгаарлах санал гаргасны улмаас манай дэлгүүрт худалдаалагдаж байсан 19.258.950 төгрөгийн хохирол учирсан төдийгүй бид үндэслэлгүйгээр 5.000.000 төгрөгийн торгууль төлөх болоод байна.
Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10 дахь хэсэгт заасны дагуу үүргээ шударгаар биелүүлж, хууль тогтоомжийг мөрдөж ажилласан бол манай байгууллага дээрх хэмжээний хохирол амсахгүй байсан ба манай байгууллагын үйл ажиллагааг зогсоох, 5.000.000 төгрөгөөр торгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байсан гэж үзэж байна.
Иймд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0001865 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү“ гэжээ.
4.1 Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн бөөний төв нь хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан зөрчил байхгүй. Хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг хүн худалдаж аваад хохирчихсон, эсвэл хэн нэгэн худалдаад авчихсан гэдэг үйл баримт тогтоогдоогүй гэж үзэж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байгаа тохиолдолд байгууллагын эрх бүхий албан тушаалтанд удирдамжаа танилцуулаад шалгалтын ажиллагаагаа эхлүүлэх ёстой. Гэтэл удирдамж танилцуулаагүй, зөвхөн гомдол мэдээлэл ирсэн гэж хэлээд хяналт шалгалт хийсэн байдаг. Дараа нь удирдамжаа боловсруулж гаргасан гэж үзэх үндэслэл байна.
Хугацаа дууссан тохиолдолд нийлүүлэгч рүү бүтээгдэхүүнүүдийг буцаах боломжгүй. Эргэж авахгүй гэдэг учраас хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнээ устгалд оруулдаг. Хүнсний хэрэглээний зүйлсийг гахай, тахиа, малын тэжээлд хэрэглэх зорилгоор хүмүүс авч байгаа тохиолдолд өгдөг. Ийм л процессоор дэлгүүрийн үйл ажиллагаа явагддаг. Гэтэл тухайн устгалд оруулсан бараа бүтээгдэхүүний жагсаалт гэх мэт байхгүй зүйлийг нь нэхээд, гаргаж өгөх боломж бололцоог нь олгохгүйгээр бараа бүтээгдэхүүнүүдийг нь хурааж аваад явчихдаг.
Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн агуулга, зорилгод нийцэхгүй байна. Учир нь зохиомол нөхцөл байдлыг бий болгож, түүнийгээ батлах гэж хяналт шалгалт хийхийг Төрийн хяналт, шалгалтын тухай хуулиар хориглодог. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зорилго, өөрсдийнх нь тайлбарлаад байгаа шиг хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болохуйц нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл бүрдсэн гэж үзэхгүй байна.
Бараа, бүтээгдэхүүнүүдийг лацдаад явсныхаа дараа мэдэгдэл өгсөн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 удаа мэдэгдэл өгдөг. Тухайн үед “Шандаст шанх” ХХК-ийн захирал Ж.Одгариг эзгүй байхад өөр ажилтанд нь мэдэгдлийг хүлээж авсан гэж гарын үсэг зуруулснаа, 4 удаагийн мэдэгдэл хүлээж авчхаад ирээгүй гэж бараа бүтээгдэхүүнийг лацдаад, дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоосон. О.Норжинбадам нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлсний дараа очиж уулзаад “Сэнтий” бөөний төвийг ажиллуулдаг, би хариуцна. Ж.Одгаригийн охин О.Норжинбадам, одоогийн захирал нь гэж тайлбарлаад, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцоод, тайлбар өгөөд байхад Ж.Одгаригийг дууддаг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч улсын байцаагчийн дуудсанаар эсвэл прокурорын дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй. Хэрвээ үүргээ биелүүлээгүй тохиолдолд албадан ирүүлэх арга хэмжээг авч болдог. Заавал Ж.Одгариг гэдэг хүнийг оролцуулах гээд байгаа юм бол албадан ирүүлээд шийдвэрлэх боломжтой байсан.
Гэтэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчөөд, дарамт учруулдаг. Хэрвээ зөрчил гаргасан гэж үзвэл 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бараа, бүтээгдэхүүнүүдийг хурааж авснаар тухайн зөрчил таслан зогсоогдоод, дуусгавар болдог. Гэтэл 08 дугаар сарын 10-ны өдөр дэлгүүрийнх үйл ажиллагааг 14 хоногийн хугацаагаар зогсоож, 08 дугаар сарын 22-ны өдөр Шийтгэлийн хуудас гардаг. Зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байхад зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааныхаа явцад оролцогчийн эрхийг маш бүдүүлгээр хязгаарласан.
Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.12-т заасан ажиллагаа огт хийгдээгүй. Тэгэхээр хугацаа дууссан бараа, бүтээгдэхүүн байгаа тохиолдолд ялгаж, ангилах юм уу, ямар нэгэн боломж бололцоог өгөх боломжтой байсан. Гэтэл энэ боломжийг эдлүүлээгүй, 5 хоногийн дотор дээд шатны улсын байцаагчдаа танилцуулдаг. Тэр нь эргээд шалгуулагч этгээдтэй холбогддог. Тэгээд танайх энэ зөрчил дутагдлаа арилгах уу, арилгасан нь үнэн юм уу, хэрвээ ийм зөрчил дутагдал байгаа бол энэ нөхцөл байдлыг яаж арилгах вэ гээд манай байгууллагад мэдэгдсэн, холбогдсон болон манайхаас өөрсдийгөө буруугүйг нотлох, тайлбарлах эрхээ хангах ямар ч боломж олгоогүй
Нэхэмжлэлийн гол үндэслэл нь манайх энэ зөрчлийг гаргаагүй. Үнэхээр зөрчил нь тодорхой байсан юм бол заавал хэргийн оролцогч нараар зөрчлийг нь нотлуулах ажиллагаа хийж, гэм бурууг нь хүлээлгэхийн тулд та нар өөрсдөө нотлох ёстой, буруутайгаа нотлох үүргийг шалгуулагч хүлээхгүй. Тийм учраас өнөөдрийг хүртэлх үйл ажиллагаа, Шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Төрийн байгууллагуудын маш бүдүүлэг, хууль тогтоомжоо бариагүй үйл ажиллагаа явуулснаас болоод иргэнд хүндрэл, чирэгдэл учирч, эрх ашиг нь хөндөгдсөн учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрвээ төрийн байгууллага Төрийн хяналт, шалгалтын тухай хууль тогтоомжоо хэрэгжүүлээд үйл ажиллагаагаа явуулсан бол бид нар засах боломжтой байсан. Тэгэхээр бараагаа цэгцлээд, энэ олон хугацаа дууссан бараагаа бид нар устгаад, дэлгүүр дээрээсээ зайлуулах боломжтой байсан.
Иймд “Шандаст шанх" ХХК-ийн гомдлын шаардлагын хангаж, Улсын байцаагчийн 0001865 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
5. Хариуцагч Хүнсний худалдааны хяналтын Улсын байцаагч М.Туяацэцэг тайлбартаа: “...иргэн Б.Энх-Амгалангийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн гомдол, мэдээллийг Улсын байцаагч 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн аваад Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр баталсан 16/19 дугаартай удирдамжийн хүрээнд "Шандаст шанх" ХХК-ийн "Сэнтий" бөөний төвд төлөвлөгөөт бус шалгалт хийсэн. Т.Нандин-Эрдэнэ байцаагчийн хувьд удирдамж боловсруулаад Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу хяналт, шалгалтыг хийсэн байдаг.
Улсын байцаагч 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр "Сэнтий" бөөний төвд хяналт, шалгалт хийхэд 152 нэр төрлийн, 5371 ширхэг, 11.05 кг, нийт 12.592.430 төгрөгийн үнэ бүхий хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасныг үндэслэн “Шандастшанх” ХХК-ийг 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэхэд Улсын байцаагч нь хэний гомдлын дагуу, хэрхэн хяналт шалгалт хийх, удирдамж гээд бүгдийг нь танилцуулж ажилласан.
Хүнсний үйл ажиллагаа нь өдөр тутмын дотоодын хяналт шалгалттай холбоотой. “Шандастшанх” ХХК-ийн захирал О.Норжинбадам нь өдөр тутмын үйл ажиллагаандаа хяналт тавьдаггүй, очдоггүй талаар гэрчийн мэдүүлэгт тодорхой байдаг. Шалгалтын тэмдэглэлд буцаалтын хөргөгч болон тэмдэг тэмдэглэгээ бүхий хэсэггүй гэсэн зөрчил бичигдсэн байх ба үүнийг тухайн үед бөөний төвийг хариуцан ажиллуулдаг О.Норжинбадам хүлээн зөвшөөрч, “...хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг буцаалт хийдэггүй, мал гахайн тэжээлд өгдөг..” гэх мэдүүлгийг өгсөн байдаг.
Улсын байцаагчаас тухай үед “Сэнтий” бөөний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай Прокурорын тогтоол болон Акт гарсан тул дэлгүүрийг лацдах тухай хэлж, түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүнийг нөгөө салбар руу шилжүүлэх арга хэмжээ авах талаар мэдэгдсэн бөгөөд О.Норжинбадам нь Facebook чатаар хариуцсан ажилтанд "тэгэх шаардлагагүй" гэж бичсэн байдаг. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч тал үйл ажиллагааг зогсоох тухай Прокурорын тогтоол, Улсын байцаагчийн актаар лацдах тухай мэдсэн байж ямар нэг хариу арга хэмжээ аваагүй, хүнсний бүтээгдэхүүнийг ил үлдээсэн тул нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй болно.
Хяналт шалгалтын материалтай танилцахад тус бөөний төв нь хадгалах хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн бөөний төвийн лангуун дээр тавигдан, худалдаалагдаж байсан болно. Хэрвээ дэлгүүрийн зааланд буюу лангуун дээр худалдаалагдаж байсан бол тухайн хүнсний бүтээгдэхүүнийг зарагдаж байсан гэж үзнэ. Тусдаа агуулах, буцаалтын хөргүүр, хөлдөөгчид байсан бол тухайн бараа бүтээгдэхүүнийг буцаах гэж байна гэж үзэхээс биш дэлгүүрийн лангуун дээр зарагдаж байсан, иргэдэд худалдаж байсан хүнсний бүтээгдэхүүнийг бид нар буцаах гэж байсан гэх тайлбарыг өгөөд зогсох боломжгүй. Харин буцаах гэж байсан бол нотлох баримтаар баталгаажуулаад Улсын байцаагчид тухайн үед нь мэдэгдээд манайх худалдан борлуулаагүй гэдэг нотлох баримтуудаа гаргаж өгөх байсан. Гурван гэрчийн мэдүүлэг дээр тодорхой байдаг. Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, зөвхөн ашиг олохын тулд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох нөхцөл байдал, эрсдэлийг тооцоолдоггүй, нийтийн эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьдаггүй, хуулиа сахин биелүүлж ажилладаггүй нь баримтаар бүрэн баталгаажсан байна. Тухайн хүнсний бүтээгдэхүүн хэзээ ирээд, хэднийг хүртэл зарагдсан, хугацаа нь дуусаад хэдий хугацаа өнгөрсөн нь огт тодорхойгүй, бүртгэл, хөтөлгөө, ирсэн падаан, буцаалтын бичиг баримт юу ч байдаггүй. Энэ нь дэлгүүрийн маш том зөрчил болдог.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар Улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан зөрчил үйлдсэн”-ийг илрүүлэн, арга хэмжээ авсан байдаг. “Шандастшанх” ХХК дээр илэрсэн зөрчил нь хэд хэдэн хуулийг зөрчсөн буюу лангуун дээрх хүнсний бүтээгдэхүүний хугацааг шалгаж хяналт тавьдаггүй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, чанар аюулгүй байдалд дотоод хяналт тавьж хэвшүүлээгүй, дотоод хяналтын нэгж ажилтан томилоогүй, дэлгүүр дээрх бараа, бүтээгдэхүүндээ бүртгэл, хөтөлгөө хийгддэггүй нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1.6 дахь заалтууд, Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналтыг хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам” зэргийг тус тус ноцтой зөрчсөн байна.
Жишээлбэл, Улсын байцаагчийн актаар хураагдсан хүнсний бүтээгдэхүүнээс сонгон “Мах импекс” ХХК-ийн үйлдвэрлэсэн "Fit mini" зайдасны зургаас харахад бүтээгдэхүүний савлагаа дээр 2022.06.29 өдөр үйлдвэрлэсэн байна. Энэ нь "Төрөл бүрийн хиамны Техникийн ерөнхий шаардлага MNS 0108:2019" стандартад зааснаар нарийн зайдас 8 хоногийн хугацаатай бөгөөд 2022.07.07-нд хадгалалтын хугацаа хэтэрсэн байгааг нотолж байна.
Тухайн дэлгүүр дээр илэрсэн зөрчлөөс зөвхөн хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан зөрчилд Шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан. Харин эрх бүхий албан тушаалтан ямар, ямар зөрчил илэрсэн, тэр болгон дээр нь арга хэмжээ тооцох бүрэн эрхтэй. Гэтэл “Сэнтий” бөөний төвийн үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлэх буюу арилж болох зөрчлийг нь арилгаад, бусад үйл ажиллагаа, зөрчлүүдэд зөвхөн эрх бүхий албан тушаалтны даалгавраар зөрчлөө арилгаарай гээд зөвлөгөө, зөвлөмж өгөөд явсан нь уян хатан байна. Төрийн байгууллагаас хүч хэрэглэсэн ч юм уу, дарамттай үйл ажиллагаа огт явагдаагүй.
Иймд “Шандастшанх” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр “Шандастшанх” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч (хуучин нэрээр) нь “Шандастшанх” ХХК-ийн эрхлэн явуулдаг “Сэнтий” бөөний төвийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 0001865 дугаар Шийтгэлийн хуудсаар (1 дэх хавтаст хэргийн 18 дахь тал) “тус бөөний төвд хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасныг үндэслэн “Шандастшанх” ХХК-ийг 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт иргэн Б.Энх-Амгалангаас “...тус сумын “Сэнтий” бөөний худалдааны төвд ...өнөөдрийн байдлаар хугацаа нь дууссан хагас боловсруулсан бүтээгдэхүүн ...хиам зэргийг зарсаар байна...” гэх агуулгаар ирүүлсэн гомдол, мэдээллийн (1 дэх хавтаст хэргийн 54 дэх тал) дагуу Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч нь Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр баталсан 16/19 дүгээр Хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд мөн өдөр Цогтцэций сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрших “Сэнтий” бөөний төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулжээ. Уг хяналт шалгалтын явцад 152 нэр төрлийн, 5371 ширхэг, 11,05 кг буюу нийт 12.592.430 төгрөгийн үнэ бүхий хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж байсан зөрчил илэрсэн бөгөөд “Бүтээгдэхүүн хураах, устгах тухай акт” үйлдэн, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч битүүмжилж, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан байна.
Улмаар Улсын байцаагч нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2229000189 дугаартай Зөрчлийн хэрэг нээж (1 дэх хавтаст хэргийн 51 дэх тал), зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд ажиллагааны явцад холбогдогч “Шандастшанх” ХХК-ийн захирал Ж.Одгариг, тус бөөний төвийг хариуцсан О.Норжинбадам нар нь эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ биелүүлээгүй тул эрх бүхий албан тушаалтны гаргасан саналыг (1 дэх хавтаст хэргийн 88-92,112 дахь тал) үндэслэн Прокурорын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор (1 дэх хавтаст хэргийн 113-117 дахь тал) “Сэнтий” бөөний төвийн үйл ажиллагааг мөн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд түр зогсоосон зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
3. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус зааснаар Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн бол аливаа этгээдэд тохирох шийтгэл ногдуулах, шийтгэл гарцаагүй байх нь шударга ёсны зарчимд нийцэх талаар хууль тогтоогчоос тусгайлан зохицуулсан болно.
4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д “мэргэжлийн хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 6.15 ...дахь хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.3 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ”, 4.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна” гэж заасны дагуу Улсын байцаагч нь зөрчлийн хэрэг үүсгэж, нотлох баримт цуглуулах ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж, зөрчлийг нотолж тогтоосны үндсэн дээр “Шандастшанх” ХХК-д шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн, гомдол гаргагчийн хувьд Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан болох нь дараах байдлуудаар тогтоогдож байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэг нь Шийтгэлийн хуудас үйлдэх үед хүчин төгөлдөр мөрдөж байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон байна.
5. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Сэнтий” бөөний төвийн (худалдааны заалны) лангуу, тавиур дээрх хүнсний бүтээгдэхүүнд нэг бүрчлэн үзлэг хийхэд хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн төрөл бүрийн ундаа, жүүс, жигнэмэг, талх, гурилан бүтээгдэхүүн, шоколад, гоймон, хиам, зайдас, лаазалсан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэх мэт 152 нэр төрлийн, 5371 ширхэг, 11,05 кг буюу нийт 12.592.430 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж байсан зөрчил илэрсэн бөгөөд зөрчлийг хуульд заасан арга, хэрэгслээр нотолж тогтоосон байх ба мөн тухайн өдөр ажиллаж байсан холбогдогч О.Норжинбадам, кассчин Т.Очирсүрэн, үйлчлэгч У.Ганцэцэг, үзлэгт байлцсан Б.Анунгоо нарын гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, фото зураг зэргээр нотлогдож байна.
Тодруулбал, эрх бүхий албан тушаалтны үйлдсэн “Бүтээгдэхүүн хураах, устгах тухай акт”-ын хавсралтад хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн 152 нэр төрлийн, 5371 ширхэг, 11,05 кг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон дуусах огноо, тоо ширхэг, нэг бүрийн үнэ, нийт үнийн дүн зэргийг нэг бүрчлэн шалган тогтоож, жагсаалт үйлдэн, фото зургаар баримтжуулсан. (1 дэх хавтаст хэргийн 60-87 дахь тал) Мөн холбогдогчоос Улсын байцаагчийн үйлдсэн “Бүтээгдэхүүн хураах, устгах тухай акт” болон “Сэнтий” бөөний төвийн үйл ажиллагааг түр зогсоосон Прокурорын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд дээд шатны албан тушаалтнуудад гомдол гаргаж маргаагүй байв.
6. Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйл “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд тавих дотоодын хяналт”, 12.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна” гэж, Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналтыг хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”-ын 3.1-д “Тухайн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналтын нэгжийг эсхүл ажилтныг томилно” гэж тус тус хуульчилж журамласан. Гэтэл “Шандастшанх” ХХК нь “Сэнтий” бөөний төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх дотоод хяналтын журам, төлөвлөгөөг баталж мөрдүүлээгүй, мөн дотоод хяналт хийх ажилтныг томилж ажиллуулаагүй, буцаалтын бүртгэлийн дэвтэр хөтөлдөггүй зэрэг холбогдох хууль, журамд заасан шаардлагыг биелүүлээгүй, зохих арга хэмжээг авах үүргээ хэрэгжүүлээгүй болох нь холбогдогч О.Норжинбадамын мэдүүлэг болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байна.
7. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзвэл тэдгээрийг хүнсний сүлжээнээс буцаан авна” гэж, мөн Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-д зааснаар бол хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс буцаан авч тусгай өрөө, агуулахад тусад нь тавиур, лангуу, хөргүүрт хаяг, шошго нааж, огноог тэмдэглэн тусгаарлан битүүмжлэн түр хадгалах үүрэгтэй байтал дээрх хууль, журмын дагуу хадгалаагүй бөгөөд бусдад худалдаж байсан нь ноцтой зөрчил юм.
Улсын байцаагч нь “Сэнтий” бөөний төвийн худалдааны зааланд лангуу, тавиур дээрх худалдан борлуулж байсан хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг хийсэн байх ба харин хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг түр хадгалах зориулалтын агуулах, өрөө тасалгаа байгаагүйн зэрэгцээ агуулахад өөр бусад хүнсний бүтээгдэхүүн байгаагүй тул үзлэг хийгдээгүй байна.
8. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д "хэрэглэж дуусах хугацаа гэж өгөгдсөн хугацаанд тухайн хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх, тухайн хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах хугацааг”, 10 дугаар зүйлийн 10.3-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дараах үйлдлийг хориглоно” гээд 10.3.1-д “хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ” гээд 11.1.7-д “хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн” гэж, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчих талаар зохицуулсан бөгөөд 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн ... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор заасны дагуу “Шандастшанх” ХХК-ийг 5.000.000 төгрөгөөр торгосон нь дээрх хуульд нийцсэн гэж шүүх үзлээ.
9. Мөн түүнчлэн Монгол Улсын стандарт Ангилалтын код 67.160.20, Төрөл бүрийн ундаа, Техникийн ерөнхий шаардлага MNS 0687:2003; Ангилалтын код 67.060, Жигнэмэл гурилан бүтээгдэхүүн, Техникийн ерөнхий шаардлага MNS 2488:2021; Ангилалтын код 67.060, Талх, талхан бүтээгдэхүүн, Техникийн ерөнхий шаардлага MNS 4661:2009; Ангилалтын код 67.120.10, Төрөл бүрийн хиам, Техникийн ерөнхий шаардлага MNS 0108:2019 (2 дахь хавтаст хэргийн 20-40 дэх тал) зэрэг стандартуудад хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын нөхцөл болон хадгалах хугацаа, хэрэглэж дуусах хугацаа, хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүхий л нөхцөл, шаардлага, стандартыг нарийвчлан зохицуулсан бөгөөд Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т заасан "хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч" иргэн, хуулийн этгээд нь Монгол Улсын стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах үүрэгтэй.
10. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Нарангараваас шүүх хуралдаанд “...Б.Энх-Амгалан...худалдан авалт хийсэн баримт байхгүй, эрүүл мэндэд ямар хохирол учирсан нь тодорхойгүй. Удирдамж батлагдаагүй байхад шалгалт хийсэн, сүүлд нөхөн гаргасан. Хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаагүй, зөрчил гаргаагүй” гэж маргаж буй нь үндэслэлгүй, шүүхээс үзлэг хийхэд 16/19 дугаартай Хяналт шалгалтын удирдамжийг нөхөн үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана”, 5.6-д “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ” гэжээ.
Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн”, 6.2 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий байгууллага нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг амаар, бичгээр болон харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хүлээн авна” гэж заасны дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн иргэн Б.Энх-Амгалан 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт бичгээр гомдол, мэдээлэл гаргасан байх ба ийнхүү гомдол гаргахад тухайн этгээд тус бөөний төвөөр үйлчлүүлж худалдан авалт хийсэн байх, мөн түүний эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй бөгөөд бусад этгээдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулж болох нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж зөрчлийн талаар гомдол, мэдээлэл гаргах эрх нь нээлттэй болно.
Байгууллагын удирдлагаас уг гомдлын дагуу хяналт шалгалт хийлгүүлэхээр Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч Т.Нандин-Эрдэнэд (түр ажиллаж байсан, 1 дэх хавтаст хэргийн 162-165, 206-207 дахь тал) шилжүүлж, тэрээр 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай” удирдамж (хэвлэмэл хуудасны индекс 460522048)-ийг Мэргэжлийн хяналтын газрын дарга батлуулж, Бичиг хэргийн эрхлэгч бүртгэлийн нэгдсэн 16/19 дугаар олгож, баталгаажуулсан болох нь нэгдсэн дугаарын бүртгэл, Удирдамжийн эх хувь (хэвлэмэл хуудасны индекс 460522047), Зөрчлийн хэрэг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл (1 дахь хавтаст хэргийн 197-205 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
11. Мөн Улсын байцаагч нь хяналт шалгалт хийх явцдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.4, 10 дугаар зүйлийн 10.9.10 дахь заалтуудыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны оны А/67 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн хяналтын шалгалтын ерөнхий шаардлага” стандартыг мөрдлөг болгон ажиллаж, хяналтыг хийж гүйцэтгэсэн байна.
12. Шүүх хуралдаанд өмгөөлөгч Н.Нарангараваас “...устгалд оруулсан бүтээгдэхүүний жагсаалт г.м байхгүй зүйлийг нэхсэн... Хөтөлгөөний дэвтэр гаргаж өгөх, зөрчлөө засах боломжоор хангаагүй” гэх тайлбар гаргасан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч О.Норжинбадамын “...буцаалт хийсэн, устгасан бүртгэл хөтөлдөггүй, байхгүй. Илэрсэн зөрчил, дутагдлыг зөвшөөрч байна” гэсэн тайлбар мэдүүлэг авагдсан, харин зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч, түүний өмгөөлөгчөөс нотлох баримтаа (хэрэв байсан бол) шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан болно.
13. Холбогдогч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын Прокурорын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай” 01 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 4-д “Оролцогч энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргаж болно” гэж заасныг хэрэгжүүлээгүй, уг тогтоолд гомдол гаргаж маргаагүй атлаа шүүхэд “...Прокурорын тогтоолоор “Сэнтий” бөөний төвийн үйл ажиллагааг түр зогсоож лацадсан, улмаар энэ хугацаанд хүнсний бүтээгдэхүүн муудсан, хохирол учруулсан” гэх тухайн үеийн үйл баримттай холбогдуулж маргаж байгаа нь үндэслэлгүй, энэ талаар шүүх дүгнэлт хийхгүй.
14. Иймээс гомдол гаргагч нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээр хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан, холбогдох хууль, журам, стандартыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул эрх бүхий албан тушаалтнаас “Шандастшанх” ХХК-д 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0001865 дугаар Шийтгэлийн хуудсаар 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-д “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, захиргааны акт үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.7, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Шандастшанх” ХХК-ийн “Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0001865 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасны дагуу “Шандастшанх” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА