Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/03

 

 

 

 

 

 2022         01            12                                         2022/ДШМ/03

 

  Б.Цт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Н.Энхтулга,

Хохирогч: А.Мөнхгомбо,

Нарийн бичгийн дарга: Л.Сувд нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/263 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Мөнхгомбын гаргасан давж заалдах гомдлоор Б.Цт холбогдох 2138001640297 дугаартай эрүүгийн хэргийг  2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Аврага Хаймчиг овгийн Б.Ц, ….. оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүйам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр багийн 14-03 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................./. 

Шүүгдэгч Б.Ц нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн А.Мтой маргалдаж, улмаар түүний зүүн гуя, зүүн шилбэ, баруун гуянд хутгалж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/263 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Аврага Хайчмаг овогт Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ц нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Б.Цын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч А.М нь олох ёстой байсан орлого 2,500,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Цаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн 2138001640297 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар иштэй 1 ширхэг хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч А.М давж заалдах гомдолдоо: ...Би 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Б.Цт 5 удаа хутгалуулж гэмтсэн. Хутгалуулсны улмаас маш их өвчин зовиуртайгаар өнөөдрийг хүртэл тасралтгүй эмчилгээ хийлгэж байна. 5 удаа хутгалуулахдаа зүүн хөлний өсгийний шөрмөс эсгэгдэж мэдрэлийн судас, булчин огтлогдож өнөөдрийг хүртэл зовиур арилахгүй байна. Тухайн үед би Цэнгэлбаярт “хүн андуурч байна” гэж хэлээд хутгалахаа болихыг гуйсанч үргэлжлүүлж хутгалсаар 5 удаа хутгалсан. Хутгалуулсны улмаас маш их цус алдаж, одоог хүртэл цус бүрэн төлжиж нөхөгдөхгүй байна.  Гэтэл шүүхээс Цэнгэлбаярыг ЭХ-ийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байдал хэргийн бодит байдалд нийцэхгүй, хутгалуулж байхдаа авч байсан алуулах шахсан мэдрэмж, цус алдалт, өнөөдрийг хүртэл өвчний зовиур шаналгаа үргэлжилсээр байгаа үр дагаврыг үл тоосон, хуулиар ногдуулбал зохих ял шийтгэлийг дордуулсан шийдвэр болсон байна.

Иймд Б.Цт холбогдох эрүүгийн 2138001640297 дугаартай хэргийг бүхэлд нь хянаж Б.Цт хэргийн бодит байдалд нийцсэн ял шийтгэл оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хохирогч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хэрэг хийсэн хүн гадуур чөлөөтэй яваад байх боломжгүй гэж бодож байна, тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.Ц нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн А.Мтой маргалдаж, улмаар түүний зүүн гуя, зүүн шилбэ, баруун гуянд хутгалж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

-шүүгдэгч Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-15х),

-хохирогч А.Мөнхгомбын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...бүгдийг чинь одоо ална гээд дайраад байсан тэгэхээр нь би чи хүн андуураад байна ш дээ, би чамайг танихгүй буруу юм хийгээд байна ш дээ гэж хэлсэн тэгсэн мөн эхнэр нь чи танихгүй хүн аллаа гэж хэлсэн. ...Хэд алхсан чинь зүүн гуя хэсэг халуу дүүгээд явахаар нь гараараа тэмтэрч үзэхэд их хэмжээний цус болсон байсан ...” гэх мэдүүлэг (хх-24-26),

эрч Ц.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Ц нэг залууг нь газарт унагаачихсан зодоод байх шиг байсан тэгээд би хутгатай явааг мэдэж байгаа учраас хутгатай гарыг нь болиулах гээд тэр газарт унасан залуу дээр нь дараад унасан тэгсэн миний доороос нөгөө залуу гараад дахиад цаашаа зугтаж гүйсэн ...танихгүй залуу манай нөхөрт хандаж, чи хүн андуураад байна шдээ гэхээр нь өөрийнхөө гар утасны гэрлийг тэр залуугийн нүүр лүү тусгахад манай нөхөр хараад бага зэрэг тайвширсан...” гэх мэдүүлэг (хх-33-34х),

-гэрч Г.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цэнгүүнээ хутга аваад гарлаа шүү зугтаарай гэж орилохоор нь бид хоёр зугтсан би түрүүлээд гүйж байхад эхэлж Цэнгэлбаяр намайг хөөсөн би гүйцэгдээгүй болохоор нь үлдсэн Мөнхгомбыг бариад авсан байхаар нь би эргэж очоод тэр хоёрыг салгах гэсэн чинь Цэнгүүнээ над руу ухасхийгээд дайрч мөрөн дээрээс хальт барьж авахаар нь би мултраад цаашаа гүйгээд өөр гудамж руу орж алхаж байгаад буцаад тэр гудамжинд ирэхэд хүн байхгүй байсан. Тэгээд Цэнгэлбаярын гэрийн үүдэнд ирэхэд Цэнгүүнээ Мөнхгомбыг хутгалсан цагдаа дуудсан гэж ярьцгааж байсан. ...” гэх мэдүүлэг (хх-36-37х),

-Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 298 дугаартай: “...4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байх боломжтой” гэх дүгнэлт (хх-41х),

-Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Энхбаатар, О.Нансалмаа, Г.Ханхүү нарын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 633 дугаартай: “...1. Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 298 дугаартай шинжээчийн дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна” гэх дүгнэлт (хх-45-48х) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч “...шүүхээс Цэнгэлбаярыг ЭХ-ийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэж 450,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байдал хэргийн бодит байдалд нийцэхгүй байна, ... хуулиар ногдуулбал зохих ял шийтгэлийг дордуулсан шийдвэр болсон байна,  ...хэрэг хийсэн хүн гадуур чөлөөтэй яваад байх боломжгүй гэж бодож байна.” гэх агуулга бүхий гомдол, тайлбар гаргажээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд оногдуулсан ял нь дээрх хуулийн тухайн зүйлд заасан ялын хэмжээ, хязгаарын хүрээнд байх тул хохирогчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хохирогч А.Мөнхгомбын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын  08-ны  өдрийн  2021/ШЦТ/263  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАЯРХҮҮ

       ШҮҮГЧИД                                        Л.ЭРДЭНЭБАТ

                                                                          Б.СОСОРБАРАМ