Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 00098

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Хохирогч Г.Оюунцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,
Шүүгдэгч Ц.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 98 дугаар үйлийн 98.2, мөн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Отгонжаргалд холбогдох 201606000109 дугаартай, 132/2016/0085/Э индекстэй хэргийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Хангай овогт Цэнд-Аюушийн Отгонжаргал /РД:ГБ88111511/.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Отгонжаргал нь Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт гэртээ хамтран амьдрагч Г.Оюунцэцэгийг удаа дараа зодох зэргээр харгис хэрцгий хандаж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2016 оны 2 дугаар сар, 2017 оны 1 дүгээр саруудад зодож давтан үйлдлээр бие махбодид нь хүндэвтэр гэмтэл, 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зодож хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Отгонжаргалын өгсөн: Хардалтын улмаас бидний хооронд маргаан үүсдэг. Би ханьдаа 3 удаа гар хүрч, бэртээж гэмтээсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 3 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө архи уучихаад унтсан. Тэр өдөр цохьсон байсан, түүнийгээ би мэдэхгүй байгаа юм. Миний хань болон найз Базар “цохьсон” гэдгийг хэлсэн, намайг авгайгаа зодлоо гэж 2 цохиж авсан байсан түүнийг нь ч мэдээгүй. Нэг удаа маргалдаад гэрлүү орж явахад нь дал руу нь цохьсон, 2-3 хоногийн дараа эмчид үзүүлэхэд дал нь цуурсан байна гэсэн. Нэг нь болохоор уурлаж маргалдахдаа гутлаа тайлаад хавирга руу нь цохьсон, хавирга нь хугарсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ах дүү, төрөл садан хичнээн сайн ч долоо хоног л хооллодог юм байна лээ би үүнийг мэдэрсэн. Намайг ял аваад явахад энэ 4 маань л зовно, өөр хэн ч зовохгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Оюунцэцэгийн өгсөн: 2008 оноос эхлэн бид хоёр танилцаж, ирэн очин байж байгаад сүүлийн 7 жил л хамт амьдарч байна. Манай нөхөр хөдөө гарснаас хойш их уур, уцаартай болж намайг “малдаа явсангүй, мал харсангүй, гэртээ илжирлээ, ялзарлаа” гэх мэтээр загнаж уурлаад маргаан үүсгэдэг. Би хотынх болохоор мал сайн мэддэггүй, би 2-3 удаа зодуулж байсан. Энэ талаар би ах дүү нартаа хэлдэггүй, Отгонжаргалын ах дүү нар ч мэдэхгүй. Гар хүрлээ гэж хэнд ч хэлдэггүй, уучлаад л өнгөрөөдөг байсан, бэртсэн үедээ морь малнаас уналаа гэж хэлж эмчлүүлдэг байсан. Уурласан үедээ юу хийж байгаагаа мэддэггүй, мөн зүүн хөлний эрээн булчинг тасартал 1 удаа зодож байсан. Өөрийн найз Дэлгэрмөрөнтэй харддаг, бидний хооронд ямар ч холбоо байхгүй. Өөрөө л ийш тийшээ явахдаа тусалж байгаач гэж гуйдаг, ирээд туслахаар нь надтай харддаг. Одоо бол хэнтэй хамаагүй, орсон гарсан хүн бүхэнтэй харддаг болж байгаа. Хэрвээ би ял аваад явчихвал чи яаж амьдрах юм бэ гэдэг, үнэхээр би 3 хүүхэдтэйгээ амьдрахад хэцүү, өөрийн гэр орон байхгүй. Надад санал гомдол, нэхэмлэх зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
201606000109 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Гэрч О.Чинзоригийн өгсөн: ...2016 оны 7 дугаар сард намайг байхад Оюунцэцэг эгч хадам ах болох Батцэнгэлийн өөдөөс хэдэн үг хэлтэл Отгонжаргал ах уурлан “би ахынхаа өөдөөс юм хэлээгүй байхад чи хэллээ” гэж зодож байхыг харсан. Оюунцэцэг эгчийн нүүр, толгой, бие рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод авахаар нь би “боль” гэж салгасан. Дараа нь 2017 оны 2 дугаар сард сар шинийн баярын үеэр намайг байхад эгчийн баруун гарын булчин хэсэгт гараараа нэг удаа цохиод авч байгаа харагдсан ... гэх /хх-38 тал/ мэдүүлэг, Гэрч Г.Өнөрцэцэгийн өгсөн: Би хол байдаг болохоор сайн мэдэхгүй ч гэсэн миний дүүг хааяа зодож нүдээд байдаг нь сонсогддог. 2016 оны 2 дугаар сард санагдаж байна, бие хаа нь их сульдсан байдалтай ирэхээр нь эмнэлэгт үзүүлж зураг авахуултал зүүн талын 4,5,6 дугаар хавирга нь хугарч бороолсон байдалтай байхаар нь асуутал мориноос унасан гэж хэлж байсан ч дараа нь өөрөөс нь сонсоход нөхөртөө зодуулсан байсан. Дараа нь 2017 оны 1 дүгээр сард ирж миний толгой зүүн талаараа өвдөж, зүүн гар даагдахгүй байна гэхээр нь зураг авахуултал зүүн талынх нь эгэм яс нь хугараад бороолж байсан. ...Манай дүүг хэдэн удаа зодож байсаныг мэдэхгүй ч хавирга нь хугарч, эгэм нь хугарч, хацар яс нь цөмөрсөн гэхээр их л зодож дарамталдаг бололтой гэх мэдүүлэг /хх-40-41, 46-47 тал/, Гэрч Г.Одгэрэлийн өгсөн: Манай дүү Оюунцэцэг нь Отгонжаргал гэх залуутай гэр бүл болоод 8-9 жил болж байгаа санагдаж байна. ...2016 оны хэдэн сард гэдгийг санахгүй байна, манай дүү ирээд манай нөхөр намайг өшиглөж зодлоо гээд дуу муутай орж ирж байсан. Юунаас болоод яагаад байдаг талаар асуухад намайг хардаад байгаа юм, Мөрнөө гэдэг найзтайгаа хардаад зодчихлоо гэсэн. ...Тэрнээс хойш хот руу эмчилгээнд явлаа гэж хоёр удаа явсан байх. Тэрнээс хойш ирэх хугацаа нь ойртож, манайхаар байн байн ирэх болсон. 2017 оны 3 дугаар сарын 20-ны үед хүнээс Эрдэнэтийн эмнэлэгт хэвтсэн тухай сонсоод эмнэлэг дээр хайж очиход Оюунцэцэг нь мэс заслын тасагт хэвтэж байсан. Тэгээд уулзахад царай алдсан, биеийн байдал нь маш хүнд, дуу муутай байсан...Отгонжаргал архи ууж байгаад цохьчихлоо гэж хэлсэн. Оюунцэцэгийн зүүн нүд нь хөхөрч хавдсан, толгойгоо цагаан марлаар боочихсон хүнд байдалтай байсан тэгэхлээр нь би хот руу Өнөрцэцэг эгч рүү хэлсэн гэх /хх-42-43 тал/ мэдүүлэг, Гэрч Л.Отгонтөгсийн өгсөн: ...Сүүлд 2017 оны 3 дугаар сард хүнээс дам яриа сонсоход Отгонжаргал нь эхнэрээ зодсон талаар сонсож байсан. Эхэндээ Оюунцэцэг нь харвалт өгсөн гээд байсан нөхөртөө зодуулсан юм байна гэдэг яриа сонсогдож байсан, би хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-44 тал/, Гэрч Б.Базарын өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр...Отгонжаргалын гэрт нь очоод нэг шил 0.75 летрийн архи гаргаж ирээд тэр архийг Отгонжаргал, Дэлгэрмөрөн, Оюунцэцэг бид дөрвүүлээ адилхан уугаад архи дуусаагүй талаасаа доош өнгөрөөд байж байтал Отгонжаргал, Дэлгэрмөрөн хоёр муудаад унтаад өгсөн. Би бодохдоо тасарчихлаа гэж ойлгосон. Тэгээд Оюунцэцэг бид хоёр өөд өөдөөсөө хараад дуу дуулаад, юм яриад сууж байтал Отгонжаргал гэнэт сэрээд Оюунцэцэгийн зүүн нүд орчим хэсэгт нь гараараа үг дуугүй цохьсон. Тэгэхээр нь би Отгонжаргалыг “чи яаж байгаа юм бэ” гээд босч ирээд хоёр удаа нүүр лүү нь цохисон юм. ...Хүмүүсийн ярианаас сонсоод байхад тэр хоёрын хэрэлдэж маргалдсан талаар сонсогдож байсан, би бол тэр талаар сайн мэдэхгүй байна. Оюунцэцэгийг урьд өмнө хот руу эмчтлгээнд явсан гэж би сонсож байсан гэх мэдүүлэг /хх-47 тал/, Гэрч Б.Болдбаатарын өгсөн: ...Би түүний эмчлүүлж байсан цаг хугацааны талаар сайн мэдэхгүй байна. Нэг удаа ирэхдээ мориноос унасан хоёр хавирга нь цуурсан гээд эмнэлэгт үзүүлж байсан, эгэмний яс нь цуурсан гээд үзүүлээд явсан. Оюунцэцэгийг 2017 оны 2 дугаар сард ирэхэд нь би “Чи дандаа мориноос унаад гэмтлээ, халтирч унаад гэмтлээ гэх юм, танай нөхөр чинь зодож нүдээд байдаг юм биш биздээ” гээд асуухад Оюунцэцэг уйлаад манай эхнэр бид хоёрт “манай нөхөр дандаа зоддог” гэж хэлж байсан. Тэгэж ирэхдээ “том хүүхдээ аваад нөхрөөсөө салж ирнэ” гээд явчихаад буцаж ирээгүй. ...2017 оны 3 дугаар сард Оюунцэцэг над руу утсаар залгаад “ та над руу зардлын мөнгө шилжүүлээч, би нөхөртөө зодуулаад энд байх арга алга, дарамтлуулаад хэцүү байна” гэхээр нь би зардлын мөнгө шилжүүлэхэд Оюунцэцэг нь ирээгүй гэх мэдүүлэг /хх-48 тал/, Гэрч Ц.Батмөнхийн өгсөн: Би Отгонжаргалыг танина, миний төрсөн дүү бөгөөд айлын хамгийн бага хүүхэд. Оюунцэцэг гэдэг хүүхэнтэй амьдраад 7 жил гаран болж байгаа санагдаж байна. Энэ хоёр эхэндээ таарамж сайтай байсан, нэг удаа бараг салж байсан тэрнээс өөр хэрэлдэж маргалдаж байсан талаар мэдэх зүйл байхгүй байна. Энэ оны 3 дугаар сарын 20-д гараад Отгонжаргал над руу “асуудал боллоо. Эрдэнэтийн эмнэлэг орохоор боллоо” гэхээр нь би шууд эмнэлэг рүү очиход Отгонжаргал надад юу болсон талаараа сайн хэлэхгүй байсан юм. Би Оюунцэцэгээс юу болсон талаар асуухад “Отгонжаргал, Базар, Мөрнөө бид хэд манайд архи уусан юм, тэгтэл Отгонжаргал унтаж байснаа босож ирээд миний нүд рүү цохьчихлоо” гэж хэлсэн. Оюунцэцэгийн зүүн нүд нь хөхөрч, хөмсөг нь язарсан, толгойгоо цагаан марлаар боочихсон байдалтай хэвтэж байсан. Биеийн байдал нь сайнгүй хүнд байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-50 тал/, Гэрч Б.Дэлгэрмөрөнгийн өгсөн: …Би урьд өмнөхийг нь санахгүй байна. Хамгийн сүүлд буюу тухайн үед Отгонжаргал, Оюунцэцэг нарыг унаагүй болчихлоо гэхээр нь хүргэж өгсөн бөгөөд Отгонжаргал, Дэлгэрмөрөн, Оюунцэцэг бид дөрөв нийлж 2 шил архи уугаад би тасарсан байсан. Архи ууж байхдаа бид нар хоорондоо морь мал, амьдрал ахуйгаа ярьж байсан. Ямар нэг хэрүүл маргааны шинжтэй зүйл яриагүй. Өглөө нь босоход л Оюунцэцэгийн зүүн нүд орчмоор хөхөрч хавдсан, бусад биеийн хэсэг нь зүгээр байсан. Оюунцэцэг нүд өвдөөд байна гээд нилээд зовиуртай байх шиг байсан. Отгонжаргал нүд рүү нь цохьчихсон юм шиг байна лээ гэх мэдүүлэг /хх-53 тал/, Гэрч Г.Ган-Оюуны өгсөн: Урьд өмнөхийг нь санахгүй байна. Хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өглөө 05 цагийн орчимд үзүүлж байсан. Тухайн үед Оюунцэцэгийг нөхөр Отгонжаргал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодсон гэж өөрөө хэлж байсан. Оюунцэцэгийн биеийн байдал нь хүндэвтэр, ухаан саруул, орчиндоо харьцаатай, асуусан асуултад хариулж байсан. Миний үзлэгээр Оюунцэцэгийн 2 нүд нь хөхөрч хавдсан, зүүн нүд нь илүү хавдартай байсан. Би анхны тусламж үзүүлээд Орхон аймгийн БОЭТ рүү яаралттайгаар хүргүүлсэн гэх мэдүүлэг /хх-55 тал/, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 355 тоот дүгнэлтэнд: 1. Г. Оюунцэцэгийн биед зүүн хацарт шарх үүсчээ. 2. Шарханд мэс заслын оёдол хийгдсэн тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг нарийн тогтоох боломжгүй байна. 3. Шинэ гэмтэл ба цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-60 тал/ 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 416 тоот дүгнэлтэнд: 1. Г.Оюунцэцэгийн биед баруун 4,5,6 дугаар хавирганы далд зөрүүтэй хугарал, зүүн дал ясны сэлтэрсэн хугарал, зүүн хацар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн дух хэсгийн цусархаг няцрал, зүүн нүдний зовхинд зөөлөн эдэд цус хуралт, салстад цус харвалт зэрэг гэмтэл үүсчээ. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Өшиглөх, цохих, дэвсэх зэргийн аль алинд нь үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4. Баруун 4,5,6 дугаар хавирганы далд зөрүүтэй хугарал нь 2016 оны 2 дугаар сард үүссэн байх боломжтой. Зүүн дал ясны сэлтэрсэн хугаралыг хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй байна. Гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн дух хэсгийн цусархаг няцрал, зүүн нүдний зовхинд зөөлөн эдэд цус хуралт, салстад цус харвалт зэрэг гэмтэл нь 2017 оны 3 дугаар сарын 19-нд үүссэн байж болно. 5. Гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн дух хэсгийн цусархаг няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.3-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, баруун 4,5,6 дугаар хавирганы далд зөрүүтэй хугарал, зүүн дал ясны сэлтэрсэн хугарал, зүүн хацар ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдэд цус хуралт, салстад цус харвалт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 6. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно гэжээ /хх-64 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, Facebook хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-28 тал/, хохирогчийн өвчний түүх /хх-90-119 тал/, сэжигтэн, яллагдагчаар тооцсон тогтоол тэмдэглэл /хх-ийн 71-77 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний давлагаа / хх-ийн 88-89 тал/ зэрэг бусад хувийн байдлын талаархи бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Ц.Отгонжаргал нь Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Оюунцэцэгт харгис хэрцгий хандаж, догшин авирлан сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн, 2016 оны 2 дугаар сар, 2017 оны 1 дүгээр сард зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл, 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зодож хүнд гэмтэл санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч Г.Оюунцэцэг, гэрч О.Чинзориг, Г.Өнөрцэцэг, Г.Одгэрэл, Л.Отгонтөгс, Б.Болдбаатар, Ц.Батмөнх, Б.Дэлгэрмөрөн, Г.Ган-Оюун, Б.Базар нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 416 тоот дүгнэлт, хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан үеийн өвчний түүх зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Шүүгдэгч Ц.Отгонжаргалын гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагчаа сэтгэл санааны дарамтад оруулж, бие махбодийн хүчирхийлэл үйлдэж амь насанд аюултай байдалд хүргэсэн дээрхи үйлдэл нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг, түүний аюулгүй байдалд халдсан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байна.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Отгонжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 98 дугаар зүйлийн 98.2, мөн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж, энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Отгонжаргалын бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д заасан гэмт хэргийг 2002 оны хуулиар шийдвэрлэх нь шүүгдэгчид ашигтай, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.
Иймд шүүгдэгч Ц.Отгонжаргалыг гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж догшин авирласан, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Отгонжаргал нь өөрийн гэм буруутай үйлдлийнхээ улмаас хохирогчид учруулсан хохирлыг сайн дураар төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн байна
Шүүгдэгч Ц.Отгонжаргалд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Отгонжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Хангай овогт Цэнд-Аюушийн Отгонжаргалыг гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж догшин авирласан, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Отгонжаргалыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 /хоёр/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Отгонжаргалыг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаас чөлөөлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Отгонжаргалд оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Отгонжаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Отгонжаргалыг цагдан хорьж, ялыг 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД