Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 120/ШШ2023/0008

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар И.Бадамцэцэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “******* оператор” түншлэлийн “*******” ХХК

Хариуцагч: “*******” ХК, “*******” ХК-ийн тендерийн үнэлгээний хороонд

Гуравдагч этгээд: “*******” ХХК

 “******* оператор” түншлэлийн “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй*******” ХК, “*******” ХК-ийн тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, Тендерийн үнэлгээний хорооны дарга Б.*******, гишүүн Ч., Э.*******, Б., гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Ж., өмгөөлөгч Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.  Нэхэмжлэгч “******* оператор” түншлэлийн “*******” ХХК 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Түншлэлийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулаагүй “*******” ХК-ийн тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэж, нэмэгдүүлсэн шаардлагаа ““*******” ХК болон “Кей Эй рентал сервис” ХХК-ийн хооронд 2023 оны ... дугаар сарын ... өдөр байгуулагдсан “Уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэх ... дугаар бүхий захиргааны гэрээг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “ Сангийн яамны гомдол хянасан тухай 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2317 дугаар шийдвэрийн дагуу тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин хийгээгүй тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “******* оператор” түншлэлийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг даалгах, “*******” ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Кей Эй рентел сервис” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай 1/407 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, “*******” ХК болон “Кей Эй рентел сервис” ХХК-ийн хооронд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан ТТ/2023/036 дугаар гэрээг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, “*******” ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/413 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, түншлэлтэй гэрээ байгуулахыг даалгах” гэж тодруулсан болно.

  1.  “*******” ХК “Уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэх”

гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТТХК/202301041 дугаар тендер зарлаж, Үнэлгээний хороо 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үнэлгээ хийж, дүгнэлт гарган,  захиалагч 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/253 дугаар  мэдэгдлээр “Кей Эй рентел сервис” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон.

  1. Тендерт оролцсон “******* оператор” түншлэлийн

“*******” ХХК-ийн гомдлоор Сангийн яам хянаад 2023 оны 04 дүгээр сарын 14-нд  “*******” ХХК-ийн тендерээс татгалзсан хоёр үндэслэл болон гомдолд дурдсан захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Кей Эй рентел сервис” ХХК-ийн ирүүлсэн тендерийн тухайд дүгнэлт хийж, гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр /мэдэгдэл/-ийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн.

  1. Үнэлгээний хороо 2023 оны 04 дүгээр сарын 25-нд хуралдсан тэмдэглэл,

“Кей Эй рентел сервис” ХХК-ийн  тендерийг шаардлагад нийцсэн тухай зөвлөмж, дүгнэлт хэрэгт авагдсан.

  1. 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Кей Эй рентел сервис” ХХК-д гэрээ

байгуулах эрх олгож,  2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр  гэрээ байгуулжээ.

  1. 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 120/ШЗ2023/0036 дугаар

шүүгчийн захирамжаар “*******” ХК болон “Кей Эй рентел сервис” ХХК-ийн хооронд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан ТТ/2023/036 дугаар гэрээний биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

  1. “******* оператор” түншлэлийн “*******”

ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүйд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч тендерийн үнэлгээний хороо нь Сангийн яамны гомдол хянасан тухай шийдвэрт дурдсан тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгаж шийдвэрлэснийг биелүүлээгүй, нэхэмжлэгч нарын тендерт шударгаар өрсөлдөх, тендерт шалгарах, гэрээ байгуулах, гэрээг хэрэгжүүлэх, өргөн утгаараа ашиг орлогоо нэмэгдүүлэх байдлыг зөрчсөн.

 Хариуцагч тендерийн үнэлгээний хороонд дахин үнэлгээ хийж шийдвэрлэсэн гэж татгалзлаа тайлбарладаг боловч хэрэгт авагдсан 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл нь гишүүдээс санал хурааж шийдвэрлээгүй, шийдвэрийн агуулга, үндэслэлийг тусгаагүй,  Хариуцагч нараас уг тэмдэглэлээс гадна дахиад өөр дүгнэлт гарсан гэж тайлбарладаг боловч уг баримт нь захиалагчид хүргүүлсэн зөвлөмж байдаг.

Энэ талаар үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга энэ хурлаар бид шийдвэрлээгүй, өмнөх шийдвэрээ дэмжих эсэх талаар танилцуулаад саналаа хэлээд явсан, гарын үсгийн ард байх тийм, үгүй гэдэг нь зөвшөөрч буйг илэрхийлж байгаа гэж тайлбар гаргадаг бөгөөд уг тайлбар нь дараах хууль зүйн үндэслэлээр үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт зааснаар Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна, Сангийн яамны сайдын 2021 оны 103 дугаар тушаалын хавсралтаар үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журмын 4 дүгээр зүйлийн 4.12 дугаар зүйлд “Үнэлгээний хорооны хуралд тухайлсан асуудал бүрээр санал хурааж шийдвэрлэхэд хуралд оролцсон гишүүдийн олонхын дэмжсэн саналаар шийдвэрлэх ба захиалагчид хүргүүлэх үнэлгээний хорооны шийдвэр эцэслэн батлах эсэхийг үнэлгээний хорооны нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж үнэлгээний хорооны шийдвэрийг хэрхэн гаргах, ямар хэлбэртэй байх талаар хууль болон журамд нарийвчлан зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан Үнэлгээний хорооны дүгнэлт нь дээрх хууль болон журмын шаардлагыг хангахгүй байх бөгөөд  шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл байхгүй тул Сангийн яамны шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Түншлэлийн тендерийг хамгийн сайнаар үнэлэгдсэн тендерээр шалгаруулах шаардлагын тухай: Уг тендер 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нээгдэж, тендерийн үнэлгээний хороо оролцогч нарын тендерийг хянан үзэх хүснэгт хэрэгт авагдсан байдаг. Уг хянан үзэх хүснэгтийн дагуу түншлэл нь банкны тодорхойлолтоос бусад хэсгийн шаардлага хангасан гэж хянасан байдаг.

 Нотлох баримт шинжлэх явцад түншлэл тухайн баримт  бичгүүдийг хавсаргаж ирүүлсэн байсныг нотолсон бөгөөд уг хүснэгтийн дагуу шаардлагад нийцсэн байдаг. Тус тус тендерт шалгарсан гуравдагч этгээдийн тендерийг хянан үзэх хүснэгтээр тендер шалгаруулах зааварчилгааны 17.17.6 дахь хэсэгт шаардлага хангасан гэрээг ирүүлээгүй гэсэн байх боловч 2023 оны 3 сарын 23-ны үнэлгээний хурлаар уг асуудлыг хэлэлцээгүй шийдвэрлэсэн байдаг.

“Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулж зохион байгуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-д тендерт оролцогч нь түншлэлээр эсхүл туслан гүйцэтгэгчээр оролцох бол талууд цахим системээр дамжуулан гэрээ байгуулсан байх, 3.10 дахь хэсэгт тендерт оролцогч тендерийг илгээхдээ уг журмын 3.3.1-д зааснаар түншлэлийн бусад гишүүдтэй гэрээ байгуулах, туслан гүйцэтгэгч мөн хамаарна.

Гэрээ байгуулаагүй бол хуулийн 5.1.6-гийн “б”-д заасан тендерт оролцогч гэж үзэхгүй гэх, мөн түншлэлийн болон туслан гүйцэтгэгчийн гэрээнд хүчин төгөлдөр гэж үзэх зохицуулалтаас харахад түншлэлийн ч бай, туслан гүйцэтгэгч ч бай гэрээг заавал байгуулах бөгөөд байгуулаагүй тохиолдолд тендерт оролцогч гэж үздэггүй. 

Хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарлаж байгаагаар бид түншлэлээр ороогүй гэх тайлбар нь үндэслэлгүй, хэрвээ туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээгээ байгуулагдаагүй гэж тайлбарлавал гуравдагч этгээд нь хүний нөөц, тоног төхөөрөмжийн шаардлагыг хангахгүй байдалд хүрдэг. Өөрөөр хэлбэл тендер шалгаруулах зааварчилгаанд заасан хүний нөөц болон тоног төхөөрөмжтэй холбоотой заалтуудыг огт хангахгүй.

Тодруулбал тендерийн үнэлгээний хороон нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулах зааварчилгааны тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.7 дахь хэсэгт заасан туслан гүйцэтгэгчийн гэрээг шаардлагад нийцүүлэн ирүүлээгүй байхад  хянан үзэх шатанд тэнцсэн гээд тооцсон нь хууль болон холбогдох журамд нийцээгүй байна.

 Түншлэлийн тендерийг хянан үзсэн хуудсанд шаардлага хангасан гэж үнэлсэн байснаа 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үнэлгээний хорооны гишүүд хуралдаж, үнэлгээний хорооны даргын “Эрдэнэс *******” ХК-аас авсан  тодруулгын дагуу дахин хянаж үзсэн байдаг.

Уг тодруулгыг үнэлгээний хорооны дарга баталгаажуулан “Эрдэнэс *******” ХК-аас руу илгээсэн байх ба энэ нь тендерийн хуулийн 47.47.9-д үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг Сангийн сайдын баталсан журмаар зохицуулна. Сангийн сайдын 2021 оны 103 дугаар тушаалаар батлагдсан  “Үнэлгээний хорооны зохион байгуулалт үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.13-д үнэлгээний хороо тендер шалгаруулахтай холбоотойгоор тендерт оролцогч болон бусад байгууллага албан тушаалтантай харилцахад захиалагчаар дамжуулан харилцана” гэсэн заалтыг зөрчиж хийсэн, хууль бус үйл ажиллагаа байх тул ирүүлсэн хариуг тендерийн үнэлгээнд ашиглах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэхээр байна.

 Тендерийн баримт бичгийг тод болон гаргацтай ирүүлэх нь тендерт оролцогчийн үүрэг байх боловч хүргүүлсэн нотлох баримт нь бүдэг бол тендерээс хасах тухай хууль болон журмын зохицуулалт байхгүй. Энэ тухай захиалагчаас тендер шалгаруулалтын зааварчилгаанд тусган, тендер шалгаруулалтын зааварчилгаанд заасан бусад нөхцөлд хамааруулж болох боловч захиалагчаас энэ талаар тендерийн шалгаруулалтын зааварчилгаанд заагаагүй, өөрөөр хэлбэл тод, гаргацгүй ирүүлбэл хасна гэж тусгайлан заагаагүй учраас үндэслэл байхгүй байна.

 Өөрөөр хэлбэл захиалагчийн дурдсан түншлэлийн тендерээс татгалзсан 2 шалтгаан нь үгүйсгэгдэж байх тул хянан үзэх шатанд тэнцсэн, хамгийн бага үнийн санал хүргүүлсэн оролцогч байх тул хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.7.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн түншлэлийн гэрээг хамгийн сайнаар үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг тендерийн үнэлгээний хороонд даалгаж өгнө үү. Захиалагчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/413,  1/407 дугаар бүхий шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актууд болно оо. Тодруулбал дээрх 2 мэдэгдэл нь захиргааны байгууллага буюу захиалагчаас гаргасан захиргааны байгууллагад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагшаа буюу тендерт оролцогч нарт чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон буюу эрх олгосон, татгалзсан, бичгээр гаргасан, захирамжилсан буюу заавал биелэх шинжтэй үйл ажиллагаа тул захиргааны акт мөн гэж үзнэ .

Дээр дурдсан 2 бичиг нь 2023 оны 4 сарын 25-ны өдрийн үнэлгээний хорооны зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн гаргасан болох боловч уг баримт бичиг нь хуульд заасан журмын дагуу шийдвэрлэгддэггүй хууль бус байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37.6, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1 дэх хэсгийг тус тус баримтлан хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү.

Мөн Гуравдагч этгээдийн ирүүлсэн тендер нь тендер шалгаруулах зааварчилгааны хэд хэдэн заалтыг хангаагүй байх бөгөөд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч гэрээ байгуулах эрх хүлээн авах боломжгүй байна. Түншлэлийн тендерээс татгалзсан тухай тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй, хууль бус болж, тендерийг хянан үзэх шаардлагыг буруу хангасан хамгийн бага үнийн санал ирүүлсэн  байх тул хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр “******* оператор” түншлэлийг шалгаруулж, гэрээ байгуулахыг тендерийн үнэлгээний хороо болон захиалагчид тус тус даалгаж өгнө үү.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. Худалдан авах гэрээг дараах тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ. 42.1.2 Захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан тохиолдолд хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхээр зааж зохицуулжээ.

 Гуравдагч этгээдэд олгосон гэрээ байгуулах эрх нь энэ хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан журмуудыг зөрчиж олгогдсон бол байгуулагдсан гэрээ буюу гуравдагч этгээд болон захиалагч нарын хооронд 2023 оны 05 сарын 08-ны өдөр байгуулагдсан захиргааны гэрээнд хүчин төгөлдөр бус гэрээ болно. Тодруулбал гуравдагч этгээдийн хүргүүлсэн тендер хуулийн 27.3-д, зааснаар 27.1-д заасан шаардлагыг нэгэн зэрэг хангасан шаардлагад нийцсэн тендер гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд 28.7.4-д заасан хамгийн сайн үндсэн тендер биш байх тул 29.1-д зааснаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр нь үндэслэлгүй байна аа. Захиалагч болон гуравдагч этгээдийн хооронд байгуулагдсан 2023 оны 05 сарын 08-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээг 42.1,  42.1.2-д зааснаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд

гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчээс ямар нэгэн байдлаар үнэлгээний хороог дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учраас дахин үнэлгээ хийхийг шүүхээс даалгах шийдвэр гаргах боломжгүй. “*******” ХК нь 2023 онд хийгдэх ёстой ажлын төлөвлөгөөний дагуу олборлолт, хөрс хуулалтын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалт явуулсан. Үнэлгээний хороо байгуулж, тендер шалгаруулалт явуулсан.

Уг үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслээд тендерт оролцогч нарт мэдэгдэл хүргүүлээд гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгч урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байдлаа шууд гэрээ байгуулагдсан гэж үзээд шүүхэд хандсан гэж тайлбар гаргадаг нь үндэслэлгүй.

Үнэлгээний хорооны шийдвэр гарснаас хойш 5 хоногийн дотор Сангийн яаманд гомдол гаргаж урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх хуулийн зохицуулалтай.

Гомдол гаргах ёстой 5 хоногийн дотор захиалагч нь гэрээ байгуулчих юм бол шүүхэд хандаарай гэсэн санаа энэ заалтад хэрэгжиж, процесс ажиллагаа явагддаг. Уг маргааны гол процессыг зөрччихөөд маргаад байгаа нь үндэслэлгүй.

 Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь уг маргаанд хамааралгүй гэж үзэх үндэслэл байдаггүй. Тухайн хэргийн оролцогч шүүхэд хандах эрхээ хэзээ эдэлсэн юм бэ гэдгийг шүүх харгалзан үзэх ёстой.

 2023 оны 04 дүгээр сарын 28-аас 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Сангийн яаманд хандах үүргээ биелүүлсэн байсан бол захиалагч гуравдагч этгээдтэй гэрээ байгуулахгүй. Сангийн яаманд гомдол гарсан тохиолдолд гэрээ байгуулах эрхийг түдгэлзүүлж, шийдвэрлэдэг.

 Сангийн яам эхний удаа гомдлыг хянаад нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн.

Нэгэнт тогтоогдсон нөхцөл байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд буюу эрх ашиг сонирхол нь хөндөгдөхгүй этгээд гэж нэхэмжлэгчийг тодорхойлж болно.

Хамгийн сайн тендерээр шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д зааснаар холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг татгалзах үндэслэлтэй.

 Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тендерийн үнэлгээний хороо дахин хуралдсан, дүгнэлт гаргасан байна. Үүнийг гаргахдаа Сангийн яамны даалгасан ажиллагаа буюу гуравдагч этгээд “*******” ХХК-ийн ажилчдын боловсролын мэдээллийг тодруулах шаардлагатай гэсний дагуу Үнэлгээний хорооноос утсаар холбогдож тодруулаад,  шаардлагыг хангасан гэж үзэн, дүгнэлт гаргасан.

  Нэхэмжлэгч  шаардлага хангаагүй материал ирүүлснээ хүлээн зөвшөөрдөг, өөрөөр хэлбэл санал болгосон техникийг давхар ашиглаж байгаа  гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ нь Үнэлгээний хорооны гишүүдийн зүгээс шаардлага хангахгүй  гол нөхцөл буюу ажил гүйцэтгэх чадвар, чадамжгүй гэдгийг нотолсон үндэслэл болсон.

 Үнэлгээний хороо хариуцагчаас ирүүлсэн баримтын хувьд үнэлгээ хийнэ, шаардлагатай бол тодруулга авч болно. Энэ нь заавал тодруулга авах  үнэлгээний хорооны үүрэг гэж хуулиар зохицуулаагүй.

 Дээрх үндэслэлүүдээр эрх ашиг нь сэргэгдэхгүй, бодит байдал дээр ажил гүйцэтгэх чадваргүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байгаа байдал нь нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна ...” гэжээ.

Хариуцагч ******* ХК-ийн тендерийн үнэлгээний хорооны дарга Б.*******, гишүүн Ч., Э.*******, Б.  нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сангийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2317 дугаар зөвлөмжийн дагуу Үнэлгээний хороо хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасны дагуу ажиллаж оролцогч нарт мэдэгдэл хүргүүлсэн. 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлээр Үнэлгээ хороо хуралдаж, шийдвэрээ гаргасан болох нь нотлогдоно.  

Үнэлгээг хийхдээ Сангийн яамны зааснаар хэрэгжүүлсэн бөгөөд гуравдагч этгээдийн баримтын талаар “Чадамж боломж” сургалтын төвөөс мэдээллийг авч, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.8-д заасны дагуу тухайн хурлын тэмдэглэлд бүх гишүүд эрх тэгш, саналаа тусгаж, тэмдэглэл, дүгнэлт гаргасан. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна...” гэжээ. 

Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн өмгөөлөгч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн зүгээс би сайн байсан, намайг шалгаруулах ёстой байсан гэдэг зүйлээ нотлохын оронд шалгарсан компаниас одоо ямар нэгэн өө хайх, муу байх ийм агуулга бүхий нэхэмжлэлээ дэмжсэн тайлбар баримтуудыг байна.

“*******” ХК-ийн  гаргасан бичгүүд үндэслэлгүй юм, манайх ийм учраас шалгарах ёстой байсан юм аа гэдгээ нотолсон бол илүү зүйтэй байлаа.

 Нөгөө талаас 2 өдрийн турш явагдсан шүүх хуралдаан дээр 2 зүйл маш тодорхой тогтоогдлоо.

Нэгдүгээрт нэхэмжлэгчийн цахим тендертээ 300 гаруй хуудас баримт ирүүлснээс 160 гаруй хуудас  огт харагдахгүй тас хар, цав цагаан, 200 гаруй хуудас нь үг үсэг нь энгийн нүдээр харахад боломжгүй, энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгэсэнгүй. дугаарт нэхэмжлэгчийн тендерийн баримтдаа өгсөн техник хэрэгслүүд нь давхцалтай байгаа талаар ирүүлсэн албан мэйлийг бол үгүйсгэсэнгүй тогтоогдлоо. Хоёрдугаарт, нэхэмжлэгч гаргасан үндсэн шаардлагаа дэмжиж Сангийн яамны шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо ажиллагаа хийгээгүй, эс үйлдэхүй гаргасан гэдэг нь нэг ч баримтаар тогтоогдсонгүй.

2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Сангийн яамны гомдол хянасан албан бичгийн дагуу үнэлгээний хороо дахин хуралдаж хурдан хугацаанд шийдвэр гаргасан гэдэг нь  бүх үйл баримтаар тогтоогдлоо.

Үнэлгээний хороо 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, төрийн худалдан авах ажиллагааны сайт дээр мэдээллийг оруулсан, энэ тухай талууд мэдсэн тухайгаа ямар нэгэн байдлаар үгүйсгэсэнгүй. Өөрөөр хэлбэл эс үйлдэхүй буюу үнэлгээний хороо хуульд заасан хугацаандаа хийх ёстой ажлаа хийгээгүй, ямар нэгэн шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй тогтоогдсонгүй.

 Үнэлгээний хорооны дарга Б.*******ы хавтаст хэргийн 180 дугаар хуудсанд авагдсан “Эрдэнэс *******” ХХК-руу явуулсан албан лавлагаа, албан бичиг нотлох баримтын шаардлага хангаж байна. Үнэлгээний хорооны даргаараа бус “*******” ХК-ийн эрх бүхий албан тушаалтныхаа хувиар албан бичиг явуулж авсан гэдгээ тодорхой хэллээ.

Улмаар нэхэмжлэгчийн яриад байгаа үнэлгээний хороо бол лавлагаа авах эрхгүй захиалагч авах эрхтэй, захиалагчийн эрх рүү үнэлгээний хороо халдсан гэдэг зүйл бол няцаагдаж байна. “Чадамж боломж” төвөөс Сангийн яамны бичигт заагдсан нэр бүхий ажилтнуудын холбоотой лавлагааг утсаар авсан гэдэг. 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Чадамж, боломж” сургалтын төвөөс албан бичгээр нэр бүхий албан тушаалтнуудтай холбоотой лавлагаа хэрэгт авагдсан.

Нэхэмжлэгчийн маргаж байгаа асуудлаар 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр  Сангийн яам гомдол үндэслэлгүй талаар нэг бүрчлэн хариу өгсөн.

  Сангийн яамны хариу хэрвээ нэхэмжлэгчийн  эрх ашгийг зөрчсөн, шударгаар үнэлүүлэх асуудлыг зөрчсөн  байвал энэ хариуг авмагцаа Захиргааны хэргийн шүүхэд  Сангийн яаманд холбогдуулан нэхэмжлэл гаргах боломжтой байсан.

 Нэгэнт ийм асуудлаар Сангийн яамны шийдвэрт холбогдуулан гомдол гаргаагүй тул Сангийн яамны энэхүү бичиг нь тендер сонгон шалгаруулалт явуулах эрх зүйн эх сурвалж болж, хүчин төгөлдөр үйлчлэлтэй болсон.

Гуравдагч этгээдийн хувьд шүүх хуралдаан эхлэхээс нь дуусах хүртэл хугацаанд бол хариуцагчийн байр суурийг дэмжиж үнэлгээний хорооны шийдвэр зөв гарсан гэдэг байр суурьтай оролцлоо.

Мөн хариуцагчийн гаргасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад  захиргааны хэрэг үүсгэсэн  процесс буруу гэдгийг  дэмжиж байгаа. Үнэлгээний хорооноос гаргасан шинэ актын хувьд Сангийн яаманд гомдлоо гаргаагүй, хуулийг буруу ойлгож, улмаар буруу харьяаллын шүүхэд хандаж, гомдол гаргах эрхээ алдсан.

Эрхгүй этгээд нэхэмжлэлийг гаргасан гэж үзээд, холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангахад нэхэмжлэгчийн яг ямар эрх сэргэх нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийн бичиг баримтын 2500 хуудасных нь бараг 10-аас 20 хувь нь огт харагдахгүй, дутуу бас их эргэлзээтэй байдаг.

Нэхэмжлэгчийн сэргээгдэх эрх байхгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б., Ж. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн хэлэлцүүлэг болон нотлох баримт шинжлэн судлах асуулт хариултын үе шатад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой хэд хэдэн зүйл маш тодорхой боллоо гэж дүгнэж байна. Нэгдүгээрт нэхэмжлэгч талаас “*******” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороог эс үйлдэхүй гаргасан, Сангийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн гомдлын хариутай холбоотой үнэлгээний хороо нь дахин үнэлгээ хийлгэхтэй асуудлуудыг шийдвэрлээгүй орхисон эс үйлдэхүй гаргасан гэж тайлбарлаад байна. Хэлэлцүүлгийн үе, нотлох баримт шинжлэн судлах үе шатанд Сангийн яамны гомдлын хариуг 2023 оны 04 дүгээр сарын 18-нд хүлээж аваад,  тендерийн хүчинтэй байх хугацаа дуусах гэж байсан учраас сунгуулах хүсэлтээ өгөөд, дахиад Сангийн яамнаас тодруул гэсэн шаардлагатай “Чадамж боломж” компаниас утсаар холбогдож тодруулаад, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаад үнэлгээний дүгнэлтээ гаргаад хэд хэдэн ажиллагаа хийчихсэн байхад яагаад эс үйлдэхүй гаргачихсан гээд байгаа юм, эс үйлдэхүй гаргасан гэх шаардлага бол үндэслэлгүй байна.

 Хоёрдугаарт манайх шалгарах ёстой байсан, тендерийн баримт бичгийн шаардлагыг бүрэн хангасан гэж тайлбарлаад байна. Тендерийн үнэлгээний хорооноос тухайн компанийн материалд нийт санал болгосон 173 техникийн 166 нь  маш бүдэг ийм бүдэг зүйлийг хянах боломжгүй, зохицуулалтыг нь болохоор цахимаар тендер хүлээн авах зохион байгуулах журмын 3.3.2 дээр заагаад өгчихсөн тод гаргацтай ирүүлээрэй,  хэрэв тод гаргацтай ирүүлэхгүй бол үнэлгээний хороо тус журмын 3.12-т заасны дагуу үнэлэхгүй гээд тодорхой заагаад өгчихсөн. Энэ эрхийнхээ хүрээнд журамд заасан үнэлгээний хороо тендерийн шаардлагыг хангасан баримтыг ирүүлээгүй гэж дүгнэсэн шийдвэр нь журмын дагуу гарсан гэж дүгнэж байна.

Сангийн яам Үнэлгээний хороог журамд заасны дагуу бүдэг, гаргацгүй гэдэг үндэслэлээр үнэлээгүй байгаа нь хуулийн дагуу үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

 Тендерт шалгарсан манай компанитай холбогдох хэд хэдэн асуудлын талаар ярьдаг.

 Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь  туслан гүйцэтгэгчийн гэрээ юм. Энэ гэрээг тоон гарын үсгийн дагуу цахимаар байгуулах ёстой, тийм учраас шалгаруулах үндэслэлгүй гэж тайлбарлаад байна.

 Нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй, энэ тендер бол хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэх тендер сонгон шалгаруулалт. Тэгэхээр энэ тендер шалгаруулалттай холбоотой ажлаар тодорхой үнийн дүнгийн 10 хувь хүртэлхийг нь өөр этгээдийг оролцуулж хөрс хуулалтын ажлыг хийлгэх нөхцөл байдалтай байгаа бол туслан гүйцэтгэгчийн гэрээ болно. Харин үндсэн ажлаас нь өөр шинж чанартай, ухагч экскаватор хөрсийг нь зөөлөн байвал ухаад ачигч дээр нь тавиад тээврийн даана,  өрөмдөх шаардлагатай газар өрөм хэрэгтэй байдаг шүү, энэ тохиолдолд та нарт өрөмдлөг хэрэгтэй, үүнийгээ нотлоорой гэж заасан. Энэ хүрээнд манай компанийн зүгээс өрөмдлөгийн ажил гүйцэтгэхийг “Мера Сервис” ХХК, “Тод Ган-Өлзий” ХХК-тай өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Хэрвээ нэхэмжлэгчийн яриад байгаа тэр гэрээнүүд нь бүгд туслан гүйцэтгэгчийн гэрээ юм бол тэрийг заавал цахимаар байгуулах ийм шаардлагыг тендерийн баримт бичигт заагаагүй. Тендерийн баримт бичгийн 5.5 дахь заалтыг харвал тендер ирүүлэх, түншлэлийн гэрээ, туслан гүйцэтгэгчийн гэрээг бичгээр байгуулсан эсхүл хуульд нийцүүлэн тоон гарын үсгээр баталгаажуулсан байна. Тендерийн баримт бичигт болохоор туслан гүйцэтгэгчийн гэрээг ирүүлэх шаардлагатай, манай гэрээг туслан гүйцэтгэгчийн гэрээ гэж үзэж байгаа юм бол бичгээр байгуулах шаардлагаа хангачихсан байна.

Мөн  4 өрмийн операторын асуудал ярилаа, хуурамч байна гээд.  Тухайн ажилчид маань 2018 онд “Чадамж, боломж”  гэдэг мэргэжил, сургалтын байгууллагад нь өрмийн оператороор төгсгөчихсөн гээд эрх бүхий албан тушаалтан тодорхойлоод ирчихсэн зүйл дээр маргаах боломжгүй. Хуулийн шаардлага хангачихсан байдлаар ирчихсэн учраас энийг бол хуурамч гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж байна. Хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, нэхэмжлэгчийн зүгээс анхны хэлэлцүүлэг болон нэмэлт тайлбар, дүгнэлтийн үе шат дээр энэ хүсэлттэй холбоотой ямар ч тайлбар, няцаалт, нотлох баримт шинжлэн судлуулсангүй. Алдаа байсан гэдгийг нь хүлээн зөвшөөрлөө. Өөрөөр хэлбэл тендер сонгон шалгаруулалт гэдэг нээх, үнэлэх, шалгаруулах, эцсийн байдлаар гэрээ байгуулах гэсэн 3 үе шаттай тендер сонгон шалгаруулалт гэдэг цогц үйл ажиллагаа явагдаж байгаа. Энд хууль тогтоогч 3 үе шат болгон дээр тендерт оролцогчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг тендерийн баримт бичгийг боловсруулахдаа, тендерт оролцогчдын эрх ашгийг хязгаарлагдсан байдлаар тендерийн баримт бичгийг боловсруулсан байх юм бол тендерт оролцогч, оролцохоор сонирхож байгаа этгээд оролцохын өмнө эрхийг нь хязгаарлалаа гэж байгаа бол хуулийн 55.1-д Шударга өрсөлдөөний хэрэглэгчдийн төлөө газар тендерийн баримт бичиг боловсруулалттай холбоотойгоор гомдлоо гаргаад эрхээ хамгаалуулаад явах зохицуулалтыг хангаж өгсөн.

Эрх олгосон шийдвэртэй маргаж байгаа бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа заавал явагдана. Урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй гэдэг үндэслэл тогтоогдсон гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-д заасан нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдох юм бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад, хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалттай байгаа учраас энэ хүрээнд шүүх шийдэж өгнө үү,  нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

       1. Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарыг, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судлагдсан бичгийн болон цахим тендерийн баримт бичгүүд, бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

       2. Нэхэмжлэл, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлон маргаж байна. Үүнд:

       2.1 Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2, Сангийн  сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 1.3-д тус тус заасны дагуу Сангийн яамнаас урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан шийдвэрийг захиалагч, үнэлгээний хороо заавал биелүүлэхээр заасан  боловч тендерийн Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан нь захиалагчийг түншлэлийн тендерээс татгалзах тухай шийдвэр гаргахад хүргэсэн сөрөг үр дагавар үүсгэсэн.

      2.2 Захиалагч тендерийн өгөгдлийн хүснэгт (ТӨХ)-ийн тендер шалгаруулалтын зааварчилгаа (ТШЗ)-д “...баримт бичиг нь хянан шалгах боломжгүй бүдэг байвал тендерээс татгалзана...” гэсэн шаардлага тусгаагүй байхад манай тендерээс татгалзсан нь үндэслэлгүй, энэ талаар тайлбар, тодруулга авах үүргээ Үнэлгээний хороо хэрэгжүүлээгүй.

      2.3 ТШЗ-ийн 17.6.3-д заасан “...үйл ажиллагааны үндсэн тоног төхөөрөмжийн 70 хувь буюу түүнээс дээш хувийг өөрийн эзэмшлийн техник, тоног төхөөрөмжөөр хийж гүйцэтгэнэ...” гэж заасныг түншлэл бүрэн хангаж байхад 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Эрдэнэс *******” ХК-иас тодруулга авч, үнэлгээ хийсэн нь хууль бус.

       2.4 Туслан гүйцэтгэгчийн гэрээг цахимаар байгуулах шаардлага хангаагүй, техникийн тодорхойлолтын 3.4-д “Гүйцэтгэгч нь уул уурхайн чиглэлийн мэргэжлийн их сургууль, тус сургуулиас зохион байгуулсан мэргэжил дээшлүүлэх, эсвэл тусгай мэргэжлийн сургалтад бүрэн хамрагдаж, хүчин төгөлдөр үнэмлэх бүхий инженер техникийн ажилчдын баг бүрэлдэхүүнтэй байх” гэж заасанд нийцсэн эсэхийг Үнэлгээний хорооноос хянаагүй, ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн чадавхыг хангаагүй, хуурамч баримт бүрдүүлэн тендерт оролцсон оролцогчийг шалгаруулсан.

        3. Хариуцагч болон гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тухай татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно. Үүнд:        

        3.1 Нэхэмжлэгч нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн талаарх гомдлоо хуульд заасан 5 хоногийн дотор Сангийн яаманд гомдол гаргах журмаар  урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй.

        3.2 Сангийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2317 дугаар гомдол хянасан албан бичигт “...ирүүлсэн нотлох баримт, бичиг нь хянан шалгах боломжгүй бүдэг, мэдээллийг хянан нягтлах боломжгүйгээр хуулбарлан ирүүлсэн нь шаардлага хангаагүй гэж дүгнэсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй...” гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийг шаардлага хангахгүй гэж үзсэн, гуравдагч этгээдийн ирүүлсэн баримт бичгүүдийн талаар холбогдох байгууллагаас тодруулга авч шийдвэрлэсэн тул тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин хийгээгүй эс үйлдэхүй гаргасан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

       3.3 Захиалагчийн зүгээс олгогдсон эрхийн хүрээнд “Эрдэнэс *******” ХК- иас тодруулга авч, түншлэлийн нийт тоног төхөөрөмжийн 34,4 хувь нь давхар ажил гүйцэтгэж байгаа нь нотлогдсон тул  ТШЗ-ны 17.6.3-д заасан шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй гэж шийдвэрлэсэн.

        3.4 “Кей Эй рентел сервис” ХХК-ийн ирүүлсэн тендер нь захиалагчаас шаардсан бүх шаардлагыг хангасан гэжээ.

        4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн  54.1-д “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана”, 55.1-д “Тендерт оролцогч нь ... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана”, 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон ... энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана”, 56.1-д “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно”, 56 дугаар зүйлийн 56.2-т “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэж тус тус заажээ.

Тендерийн маргааныг шийдвэрлэх асуудлыг нарийвчлан заасан дээрх

хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, тендерт оролцогч нь  тендер шалгаруулалттай холбоотой  захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд төсвийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргах, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд, эсхүл  гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гомдол гаргахаар байна.

        Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд  нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэл гаргахаас өмнө  2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр захиалагч нь  уг тендерт  шалгарсан “Кей Эй рентел сервис” ХХК-тай  № ТТ/2023/036 дугаартай ажил гүйцэтгэх  гэрээг байгуулсан, шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,  үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  56 дугаар зүйлийн  56.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

        5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, тендерийн Үнэлгээний хороо нь Сангийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2317 дугаар албан бичигт “...тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье” гэсний дагуу тендерийг үнэлээгүй эс үйлдэхүй гаргасан болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

        6. Үнэлгээний хороо үнэлгээ хийхдээ тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн материалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлагыг хангасан эсэхийг, техникийн тодорхойлолтоор тогтоосон шаардлагыг хангасан эсэхийг, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг буюу бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан эсэхийг бүхэлд нь хянахаар, мөн зүйлийн 27.3-д захиалагч бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангаагүй тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзахаар хуульчилсан, энэ заалт Үнэлгээний хорооны дахин үнэлэх ажиллагаанд мөн адил үйлчилнэ.

       7. Сангийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2317 дугаар албан бичгээр, гомдол гаргасан “*******” ХХК болон захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Кей Эй рентел сервис” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодруулах замаар дахин хянан үзэх шаардлагатай байгаа талаар дурдсан.

       8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д ”Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна.” гэж заажээ. 

        Гэтэл  Үнэлгээний хорооны 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд тендерийг дахин үнэлж шалгаруулсан үндэслэл болон ямар шийдвэрийн тухайд гишүүдийн санал хураасан нь тодорхойгүй, тодруулсан баримт байхгүй байгаа нь тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин хийгээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байх бөгөөд, энэ талаар маргаж байгаа нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

        9. “*******” ХК-ийн  “Уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэх”  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТТХК/202301041 дугаар тендерийн 2 дугаар багцад оролцсон  “******* оператор” түншлэл 165,968,571,428.57 төгрөгийн үнийн санал ирүүлсэн, захиалагчаас гэрээ байгуулах эрх олгосон  “Кей Эй рентел сервис” ХХК 169,983,249,975 төгрөгийн үнийн санал ирүүлсэн байх ба 4,014,678,547 төгрөгийн илүү үнийн санал ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулсан үйл баримт, нотлох баримт хэрэгт авагдсан.

       Үнэлгээний хорооны хамгийн бага үнийн санал ирүүлсэн оролцогчийг буюу нэхэмжлэгч компанийн түншлэлийг “...техникийн тодорхойлолтын 4.4-д заасан ажил гүйцэтгэхээр санал болгосон, түншлэлийн гишүүдийн тоног төхөөрөмжүүдийн 25-70 хувь нь ижил төстэй гэрээнд ажил гүйцэтгэж байгаа нь тогтоогдсон, нотлох баримт бичиг нь хянан шалгах боломжгүй бүдэг, улсын дугаар, гэрчилгээний дугаар, баримт бичгийн дугаар, эзэмшигчийн мэдээллийг хянан нягтлах боломжгүйгээр ирүүлсэн нь шаардлага хангахгүй...” гэсэн дүгнэлт нь тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 29.2-т заасан жижиг хэмжээний зөрүү бөгөөд тендерээс татгалзах үндэслэл болохгүй,  үнийг зөрүүг хүлээн зөвшөөрөх нь өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх боломжтой, тус үнийг зөрүүг жижиг хэмжээний зөрүү гэж үзээгүй хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлтэй.

         Учир нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн    26.9-д   “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно.”, тендерийн баримт бичгийн 28.1-д “Захиалагч тендерт оролцогчийн ирүүлсэн тендер, эсхүл цахим системээр илгээсэн мэдээлэл ойлгомжгүй, тодорхойгүй, зөрчилдөөнтэй гэж үзвэл зөвхөн уг асуудлыг тодруулах, тайлбар авах зорилгоор энэ зүйлд заасны дагуу тодруулга ирүүлэхийг тендерт оролцогчоос шаардах, эсхүл холбогдох бусад этгээдээс энэ тухай лавлагаа авах хүсэлт гаргаж болно.” гэж  зааснаар тайлбар авах, тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй, ТШЗ-д тусгагдаагүй үндэслэл буюу санал болгож буй техник хэрэгслийг өөр төсөлд ашиглаагүй, давхардуулахгүй байх гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ.” гэж заасныг зөрчсөн,  6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэх зарчимд үл нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

      10. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасанчлан захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх” тусгай зарчмыг баримтлах бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” -ыг хангасан эсэхийг хянах, 27.3-д “тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” хэмээн, 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” , 28.7.3-д “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”,  28.11-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлж «хамгийн сайн» үнэлэгдсэн тендерийг шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүдийг тендерийн баримт бичигт заасан журмын дагуу ашиглана” хэмээн, 46 дугаар зүйлийн 46.1.3-д  захиалагч “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” хэмээн тус тус хуульчилсан.

         Тухайн тохиолдолд, “*******” ХК-ийн “Уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТТХК/202301041 дугаар тендер  шалгаруулалтыг  дахин үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлж хийгээгүй, тендерт шалгарсан гуравдагч этгээд “Кей Эй рентел сервис” ХХК-ийн тендерт санал болгосон Д.Дэлгэрзул, О.Очирхуяг, Б.*******, М.Мөнхбаяр  нарын мэргэжлийн үнэмлэх дээрх гарын үсэг, дугаар огноо алдаатай байгаа нь хуурамч гэж үзэх үндэслэлтэй тул мэргэжлийн үнэмлэх олгосон байгууллагаас тодруулах шаардлагатай байхад энэ үүргээ хэрэгжүүлээгүй хариуцагч Үнэлгээний хорооны үйл ажиллагааг шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хэмээн үзэх боломжгүй.

        11. “Кей Эй рентал сервис” ХХК-тай гэрээ байгуулах үндэслэл болсон тендер шалгаруулалт хууль бус болох нь тогтоогдсон энэ тохиолдолд тендер шалгаруулалтыг үндэслэж байгуулагдсан “*******” ХК-ийн  “Уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэх”  гэрээ мөн хууль бус болох учиртай.

        12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тендер шалгаруулалт гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг” ойлгохоор зааснаас үзэхэд тендер шалгаруулалт нь тендерийг үнэлэх, шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах үйл ажиллагааны цогц бөгөөд, тендер шалгаруулалт хуульд заасан журмын дагуу явагдаагүй буюу  Тендерийн үнэлгээний хорооны тендер шалгаруулалтын үр дүнгийн талаарх шийдвэр хуульд нийцээгүй тохиолдолд түүнийг үндэслэж гарсан  гэрээ байгуулах эрх олгох, шийдвэр, гэрээ байгуулах ажиллагааг “тусдаа үйл ажиллагаа” буюу энэ тохиолдолд, бие даасан нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон тусдаа эрх зүйн үйлчлэлтэй захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй.

        Тодруулбал, энэ тохиолдолд нэхэмжлэгчээс Тендерийн үнэлгээний хорооны тендер шалгаруулсан үйл ажиллагаа  /эс үйлдэхүй/ “хууль бус байсан” гэж маргасан, энэ нь агуулгын хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлага бөгөөд, уг үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар Тендерийн үнэлгээний хорооны “хууль бус” дүгнэлтийг үндэслэн гарсан бусад актуудад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд /нэхэмжлэлийн дагасан шаардлага/ мөн хангагдах үндэслэлтэй болно.

        13. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “*******” ХК-ийн  “Кей Эй рентел сервис” ХХК-тай байгуулсан “Уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэх”  ТТ/2023/036  дугаар гэрээний биелэлтийг түдгэлзүүлсэн 120/ШЗ2023/0036 дугаар  захирамжийн үйлчлэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна.” гэж зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдах нь зүйтэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 26 дугаар зүйлийн 26.9, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан “*******” түншлэлийн “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны гомдол хянасан тухай 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2317 дугаар шийдвэрийн дагуу тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин хийгээгүй тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “******* оператор” түншлэлийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгаж, “*******” ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Кей Эй рентел сервис” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай 1/407 дугаар мэдэгдэл, “*******” ХК болон “Кей Эй рентел сервис” ХХК-ийн хооронд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан ТТ/2023/036 дугаар гэрээ, “*******” ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/413 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, “******* оператор” түншлэлтэй гэрээ байгуулахыг “*******” ХК-д даалгасугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.БАЯРМАА