Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/04

 

 

 

 

 

 2022         01            19                                         2022/ДШМ/04

 

   Б.Дд холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Наранмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Энхболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Мөнхбат (цахимаар),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Р.Бямбажаргал (цахимаар),

Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр  нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/242 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р. ын гаргасан давж заалдах гомдлоор Б.Дд холбогдох 2138000000181 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, “Халзан” овогт Балжиннямын Д, ....... оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ....... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг Зуны гол гэх газарт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй /регистрийн дугаар РИ................/.

Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Түнэл сумын Зуны гол 1 дүгээр багийн Ац гэх газарт байрлах өөрийн гэрийн гадаа 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн үүрийн 05 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн Жигжидсүрэнгийн Мтэй хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж улмаар түүний толгойн тус газарт модоор цохиж амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Балжиннямын Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/242 дугаартай шийтгэх тогтоолоор Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Балжиннямын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, “Халзан” овогтой Балжиннямын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Балжиннямын Дг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгийн цагдан хоригдсон 153 (нэг зуун тавин гурав) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгөөс буяны ажил болон оршуулагатай холбоотой зардал 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөг, хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал 385,010 /гурван зуун наян таван мянга арав/ төгрөг, нийт 10,885,010 /арван сая найман зуун наян таван мянга арав/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал 1,000,000 /нэг сая/ төгрөг, малчны зээл 7,000,000 /долоон сая/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан амь хохирогчийн олох байсан орлого 12,120,000 /арван хоёр сая нэг зуун хорин мянга/ төгрөг, нүүдлийн зардал 1,260,000 /нэг сая хоёр зуун жаран мянга/ төгрөг, ажил хийлгүй хүүхдээ асарсны зардал 2,533,041 /хоёр сая таван зуун гучин гурван мянга дөчин нэг/ төгрөг, нийт 15,913,041 /арван таван сая есөн зуун арван гурван мянга дөчин нэг/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Б.Д нь хохиролд 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн фудболка 1 ширхэг, хар хөх өнгийн, хажуу талдаа бор хар өнгийн оруулгатай бэлтгэлийн өмд 1 ширхэг, сааран өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгөтэй ягаан өнгийн цэцэг мэт хээтэй даавууны хэсэг 2 ширхэг, саарал өнгийн хээгүй оймс 1 хос, хар өнгөтэй урт түрүүтэй хоромон гутал 1 хос, мод, зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б давж заалдах гомдолдоо:

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.19-ний өдрийн 2021/ШЦТ/242 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх 2021.10.19-ний өдрийн 2021/ШЦТ/242 дугаартай шийтгэх тогтоолоороо шүүгдэгч Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хохирогч Р.Б миний нэхэмжлэлээс өмгөөлөгч Б.Батдоржид өмгөөллийн хөлсөнд төлсөн 1,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болголоо.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гээд: 1.1-д “...хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” гэжээ.

Хуулийн дээрх заалтаас харахад хохирогч Р.Б миний өмгөөлөгчдөө төлсөн 1,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан надад буцаан олгох учиртай байтал үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болголоо.

Мөн би өөрийгөө ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гэж 2,533,041 төгрөг шаардсаныг мөн хэрэгсэхгүй болгосон.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” гэж заажээ.

Иймд би хуульд заасан журмын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгийг сар бүрээр тооцож шаардсан хэдий ч шүүх хэрэгсэхгүй болгосон.

Дээрх хууль зүйн үндэслэлээр 2020 оны 3 дугаар сарын 21-нд төрсөн хүү М.Идэрхангайд тэжээгчээ алдсан тэтгэвэр болох 180,000 төгрөгийг сар бүр төрөөс авч байгаа боловч сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгөөс 180,000 төгрөгөө хасаад үлдэх 240,000 төгрөгийг сар бүрээр тооцож (420,000-180,000=240,000) сар бүр 240,000 төгрөгийг 2021 оны 5 дугаар 17-ны өдрөөс хойш тооцон шүүгдэгч Б.Дгөөс гаргуулан авах үндэслэлтэй.

Хуулийн дээрх заалтыг үндэслэн төрсөн хүү М.Идэрхангайг 18 нас хүртэл нь шүүгдэгч Б.Дгөөс 240,000 төгрөг гаргуулан олгож байх нь зүйд нийцэх юм.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШТЦ/242 дугаар шийтгэх тогтоолтой хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Дгөөс өмгөөлөгч Б.Батдоржид төлсөн 1,000,000 төгрөгийг гаргуулах, мөн 2020 оны 3 дугаар сарын 21-нд төрсөн хүү М.Идэрхангайг 18 нас хүртэл нь сар бүр 240,000 төгрөг гаргуулан хохирогч Р.Б надад олгох тухай өөрчлөлтүүдийг тус тус оруулж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгчид төлөх зардлыг төлүүлэхээр хуульчилж өгсөн байдаг. Үүний дагуу өмгөөлөгчид төлөх зардлыг төлүүлэх, хүүхдээ тэжээн тэтгүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдлоо гаргасан...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд шүүх шийдвэрээ хуульд заасан үндэслэл журмын дагуу үндэслэлтэй гаргасан. Шүүгдэгчийн эхнэр Б.Мөнхдалайгийн зүгээс хохирогчийн ар гэрт 11,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Уг 11,000,000 төгрөгт өмгөөлөгчид төлөх зардал орсон. Мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргадаг тодорхой хууль, журам байдаг боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэргийн материалд гаргаж өгөөгүй байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...Шүүхийн 242 дугаартай шийтгэх тогтоол нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Тухайн шийтгэх тогтоолын 6 дахь заалтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан нэхэмжлэлийн асуудлыг үндэслэлтэй шийдвэрлэж өгсөн байдаг бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн нийт нэхэмжлэлээс оршуулгын зардал болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хохирогчийн замын зардал болох 385,010 төгрөг буюу нийт 10,885,010 төгрөгийн хохирлыг хангаж шийдвэрлэсэн.

...Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хууль заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, өмгөөллийн зардлыг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцохгүй, малчны зээлийг ахуйн зорилгоор авч хэрэглэсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй, амь хохирогчийн олох байсан орлого, нүүдлийн зардал, ажил хийлгүй хүүхдээ асарсны зардал нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Түнэл сумын Зуны гол 1 дүгээр багийн Ац гэх газарт байрлах өөрийн гэрийн гадаа 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн үүрийн 05.00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн Жигжидсүрэнгийн Мтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгойн тус газарт модоор цохиж амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 тал/, цогцос болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12- 15 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18 тал/, Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Р.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 08 цагийн үед Бямбасүрэн эгч над руу залгаад танай хүн чинь хүнд зодуулаад их муу хэвтэж байгаа юм шиг байна гэж хэлсэн... Би тухайн үед Билэг-Өрнөх ахын утасны дугаар луу залгаж холбогдоод юу болсон талаар асуухад М өнгөрчихсөн гэнэ ээ ахын дүү гээд уйлаад надтай ярьсан... Би Дэлгэрийн гэрийн гадаа явж очиход Түнэл сумын хэсгийн төлөөлөгч ирчихсэн хэргийн газрыг хамгаалалтанд авсан хамгаалалтын бүс рүү нэвтрүүлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Жигжидсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би өдрийн 12 цагийн орчимд Зуны голд очоод хүүгийнхээ гэрт очиход гэрт нь хүн байхгүй байсан. Хүүгийн маань гэрт хүн байхгүй байхаар нь Д гэх залуугийн гэрийн гадаа явж очсон. Тэдний гэрийн гадаа очиход хүү маань байшингийнх нь урд талд нас барсан байдалтай байсан ба хэргийн газрыг Түнэл сумын хэсгийн төлөөлөгч хамгаалалтад авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

Гэрч Б.Буянбадрахын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д над дээр гүйж ирээд Мг би цохичихлоо намайг ална гээд байсан юм гэж надад хэлсэн. Тэгэхээр нь очоод харахад байшингийн баруун урд талд 3-4 метрийн урд доошоо харсан байдалтай газарт хэвтэж байсан. Түүнээс баруун тийш миний харснаар 3 метр орчим зайд 1 метр 80 см орчим шургааг газарт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар тал/,

Гэрч Б.Мөнхдалайгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М, Д хоёр хөөцөлдөж байгаад байшингийн маань баруун тал руу ороод харагдахаа больчихсон. Төд удалгүй Нэмэхбаяр хашгираад явчихсан. Би Нэмэхбаярыг хашгирахаар нь хүүхдээ гэртээ үлдээчихээд гадагшаа гарсан. Гадаа гарахад талийгаач М доошоогоо харсан байдалтай газарт хэвтэж байсан. Нэмэхбаяр, Буянбадрах бид гурав М дээр явж очоод түүнийг дээш нь харуулахад нүүр нь хөхөрчихсөн нүүр нь цус болчихсон байдалтай байсан. Буянбадрах ах Мгийн судсыг барьж үзээд цохилохгүй байна, түргэн тусламж дуудая гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 тал/,

Гэрч Б.Нэмэхбаярын өгсөн: “...энэ үйл явдал болоход гадаа үүрийн 5 цаг болоод гэгээ орж байсан. Тэгээд гадаа бүгдийг нь тайвшруулах гээд байж байхад М Дөө би чамайг зодноо гэж хэлээд Дтэй дахин маргалдсан. Тэгж маргалдаж байснаа М хоёр гараа өргөөд Дг барьж авах гээд хөөсөн. Тухайн үед миний шээс гоожих гээд таамбарын ард талд гарч бие зассан. Би бие засчихаад байшингийн хажуу талд буюу махны амбаарын хажууд талд Буянбадрах ахын хамтаар зогсож байхад Д байшингийн урд талаар бид хоёр дээр гүйж ирснээ Буянбадрах ахад хандаж “би Мг цохиод унагаачихлаа ш дээ” гэж хэлсэн. Би үүнийг сонсоод юу гэнээ гэж хэлээд М рүү гүйж очиход М байшингийн баруун урд булангийн урд хэсэгт газарт доошоогоо харсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/,

Гэрч Ц.Батцэнгэлийн өгсөн: “...намайг гадаа сууж байхад эргэн тойронд ямар нэгэн хүн харагдаагүй. Үүнээс хойш би нэлээн сэргээд Дгийн гэр лүү орох гээд хаалгыг нь татахад хаалга нь цоожтой байсан. Дгийн хаалга нь цоожтой байхаар нь нь буцаж гараад довжоон дээр суух гэж байхад байшингийн баруун урд талийгаач М газарт доошоогоо хараад уначихсан, хажууд нь буюу ертөнцийн зүгээр Мгийн зүүн талд Д гартаа том бөөрөнхий урт мод барьчихсан зогсож байхаар нь би “хөөе чи яагаад Мг цохичихож байгаа юм бэ?” гэж хэлэхэд Д “чи муу тэгээд яах юм бэ” гэж хэлснээ гартаа барьж байсан модоороо миний баруун дал, толгойг хавсарч нэг удаа цохичхоод намайг цохисон модоо хажуу тал руугаа шидчихээд байшин тойроод гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар тал/,

Гэрч Ч.Мягмардоржийн өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн өглөө манай гэрт Юндэн-Очир гэх залуу ирсэн. Юндэн-Очир манай гэрт орж ирээд М ах Дгийн гэрийн гадаа хөхрөөд уначихсан босохгүй байна. Та очооч гэж хэлсэн. Үүнийг сонсоод би шууд эхнэр Мгийнхээ хамтаар Дий гэр лүү очсон. Дгийн гэрт очиход гадаа нь миний дүү М ухаангүй, хамар, чихнээс нь цус гарсан байдалтай дээшээ харсан хэвтэж байсан. Би тухайн үед дүүгийнхээ гарыг барьж үзэхэд бие нь хөхөрчихсөн нас барчихсан байсан... намайг хэргийн газарт байхад Д гэрээсээ гарч ирээд уучлаарай гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/,

Гэрч А.Урангуагийн өгсөн: “...намайг очиход нас барсан залуу Дгийн байшингийн цонхны урд талд дээшээгээ харсан, хоёр чихнээс нь цус гарсан, царай гар нь хөхөрсөн нас барсан байдалтай хэвтэж байсан. Би бие нь хөхөрсөн байхыг хараад нас барсан байна гэж ойлгоод тухайн хүнд хүрээгүй тэнд байсан хүмүүсийг ч ойртож болохгүй гээд ойртуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/,

Гэрч Д.Нямлхагвагийн өгсөн: “...өглөө 5 цагт босоод сумын төв рүү явах бэлтгэлээ хангаад байж байхад Дгийн дугаараас над руу залгахаар нь авахад Дгийн эхнэр Мөнхдалай “эд нар архи ууж зодолдоод нэгнийгээ алчих шиг боллоо, Лхагваа даргаа та хурдан манайд хүрээд ирээч” гэж ярьсан. Би үүнийг сонсоод өөрийнхөө машинтай Дгийн гэрт явж очсон. Намайг очиход Дгийн байшингийн баруун урд хэсэгт Батцэнгэл талийгаач Мгийн толгойг тэвэрчихсэн чарлаж уйлж байсан… шууд сумын хэсгийн төлөөлөгч Баасанцэрэн рүү залгаж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 60- 61 тал/,

Шүүгдэгч Б.Дгийн цусанд 0.6 промилли спиртийн агууламж илэрснийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 74 дугаартай дүгнэлт /хх-ийн 75 тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 79 дугаартай: “Ж.М нь гавал тархины хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан байна... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байх боломжтой байна. Гавал тархины гэмтэл нь үхэлд шууд хүргэсэн бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 Ж.М нь нас бараад ойролцоогоор 12-14 цаг болсон байна.

 Ж.Мгийн биед хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

 Ж.Мгийн цуснаас 3.75 промилли спиртийн агууламж илэрсэн бөгөөд нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 80-85 тал/, амь хохирогч Жигжидсүрэнгийн Мгийн цусанд 3.75 промилли спиртийн зүйл илэрсэн химийн шинжилгээний хариу /хх-ийн 82 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 114 дугаартай: “...Уг цамцанд үүссэн 1 дугаараар тэмдэглэсэн гэмтэл нь утасны зах ирмэгийн жигд тасралт, чиглэл, зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ уг цамцны 1 дугаараар тэмдэглэсэн гэмтэл нь хурц, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн зүсэгдэлт байна. Шинжилгээнд ирүүлсэн бэлтгэлийн өмдөнд үүссэн гэмтлүүдийн 1 дугаараар тэмдэглэсэн гэмтэл нь утасны зах ирмэгийн жигд тасралт, чиглэл, зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ хурц, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн зүсэгдэлт байна. Уг өмдний 2 дугаараар тэмдэглэсэн гэмтэл нь залгаа оёдлоороо ханзарч урагдсан ханзралт байна. Шинжилгээнд ирүүлсэн 2 дугаараар тэмдэглэсэн даавуун дээрх гэмтэл нь утасны зах ирмэгийн жигд тасралт, чиглэл, зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ хурц, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн зүсэгдэлт байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 90-94/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 23 дугаартай: “Б.Д нь сэтгэцийн өвчингүй, Б.Д сэтгэцийн хувьд эрүүл. Б.Д нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 106 тал/,

 Шинжээч эмч Б.Цолмонгийн өгсөн: “...Амь хохирогч Ж.Мгийн толгойн зүүн тал руу мохоо зүйлийн нэг удаагийн хүчтэй үйлчлэлээр /савж цохих/ цохисны улмаас толгойн баруун хэсгээрээ газарт цохигдон унасан нь задлан шинжилгээний явцад тогтоогдсон…” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111 тал/,

Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...би тухайн үед Мгээс байшингаа тойрч зугтаасан. Зугтааж байхад М над руу миний машины ард талд уядаг урт модыг шидсэн. Шидсэн мод нь миний баруун хөлийг оносон, би оногдоод газарт хальт унасан. Би уначхаад босож ирэхдээ Мгийн над руу шидсэн модыг барьж босч ирсэн. Барьсан модоороо сандарсандаа Мг цохичхоод зугтаасан. Гүйж байгаад харахад М араас хөөгөөгүй байсан. Би буцаад байшингийнхаа тийшээгээ яваад очиход Батцэнгэл Мг тэвэрчихсэн, Дэлгэрээ пиздаа минь яагаад хаячихваа гээд уйлж байсан. Би тухайн үед гэр лүүгээ явж ороод гэрийнхээ утсаар багийнхаа эмч рүү залгуулсан… гэнэтхэн л намайг ална гээд араас хөөгөөд мод шидсэн. Тэгээд би айсандаа цохичхоод зугтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 136-138, 2-р хх-ийн 79 тал/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг бүрэн нотолсон байна.

Хэргийн зүйлчлэл, оногдуулсан ялын талаар: Прокуророос шүүгдэгч Балжиннямын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хөнгөрүүлэн зүйлчилж шүүгдэгч Б.Дг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод бүрэн нийцсэнээс гадна шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Давж заалдах гомдол болон хохирлын талаар: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б нь “...би ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гэж 2,533,041 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгосон... шүүгдэгч Б.Дгөөс өмгөөлөгч Б.Батдоржид төлсөн 1,000,000 төгрөгийг гаргуулах, мөн 2020 оны 3 дугаар 21-нд төрсөн хүү М.Идэрхангайг 18 нас хүртэл нь сар бүр 240,000 төгрөг гаргуулан хохирогч Р.Б надад олгох тухай өөрчлөлтийг оруулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд: Гэм хорын хохирол, оршуулгын зардал нийт 10,500,00 төгрөг, шүүх хуралдаанд ирж очсоны зардал 385,010 төгрөг нийт 10,885,010 төгрөгийн хохирол учруулсан байна гэж тооцсон ба  шүүгдэгч Б.Д хохиролд нийт 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөг төлжээ.

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй боловч холбогдох нотлох баримтаа өөрөө цуглуулах, гаргах учиртай бөгөөд хохирогч хохирол нөхөн төлүүлэх зардлаа нотлох баримтаар нотлоогүй тохиолдолд шүүхээс урьдчилсан байдлаар хохирлыг тооцож үнэлэх боломжгүй юм.

Шүүх өмгөөллийн зардал 1,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцохгүй, малчны 7,000,000 төгрөгийн зээлийг ахуйн зорилгоор авч хэрэглэсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй, шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд

“...өмгөөлөгчид төлөх зардал” багтах бөгөөд мөн зүйлийн 2-т заасны дагуу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасан.

Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор дээрх журмыг баталж “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөллийн үйлчилгээний хөлс”-ийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр төр хариуцахаар зохицуулжээ.

Харин төлбөрийн чадвартай иргэний хүсэл зоригийн дагуу байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хөлс нь дээрх зардалд хамаарахгүй ба хохирогч нь төлбөрийн чадваргүй болохоо нотлох баримтыг гаргаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн “өмгөөлөгчийн 1,000,000 төгрөг гаргуулах” энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

Амь хохирогчийн олох байсан орлого 12,120,000 төгрөг, нүүдлийн зардал 1,260,000 төгрөг, ажил хийлгүй хүүхдээ асарсны зардал 2,533,041 төгрөгийн хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэж, дээрх хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.   

Гэм хор учруулсны төлбөр шаардах эрхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 508 дугаар зүйлийн 508.2-т хуульчлан зохицуулсныг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б нь “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгөөс тэжээгчээ алдсан тэтгэвэрт авч байгаа 180,000 төгрөгийг хасаад  үлдэх 240,000 төгрөгийг сар бүрээр тооцож /420,000-180,000=240,000/ нэхэмжилсэн” байх боловч энэ талаарх баримтаа гаргаагүй, анхан шатны шүүхээр дээрх хохирлын асуудал хэлэлцэгдээгүй байна.

Өөрөөр хэлбэл “тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү”, “ажил хийлгүй хүүхдээ харж асарсны зардал”-ын асуудал нь хууль эрх зүйн хувьд хоёр өөр үр дагавар бий болгож байдаг маргаан ба анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй буюу “тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү” гэх үйл баримтын талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Бын “өмгөөлөгчид төлсөн 1,000,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 21-нд төрсөн хүү М.Идэрхангайг 18 нас хүртэл нь сар бүр 240,000 төгрөг гаргуулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эд мөрийн баримтын талаар: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан “1 ширхэг мод, 1 ширхэг төмөр” зэргийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан байхад шүүх шийтгэх тогтоолд 1 ширхэг төмрийг хэрхсэн нь тодорхойгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын “...мод,...” гэсний дараа “...төмөр...” гэсэн нэмэлт оруулах нь зүйтэй.

Мөн хавтаст хэргийн 25 дугаар талд эд мөрийн баримтаар “...хураан авсан 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцох...” тухай мөрдөгчийн тогтоолд хутга гэж буруу бичсэн алдааг цаашид гаргахгүй байх талаар анхаарах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Бын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/242 дугаартай шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь:” хэсгийн 8 дахь заалтын “...мод,...” гэсний дараа “...төмөр...” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

                         ШҮҮГЧИД                            Н.БАЯРХҮҮ

                                                                                 Л.ЭРДЭНЭБАТ