Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2022/1048/З |
Дугаар | 128/ШШ2023/0618 |
Огноо | 2023-08-11 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2023/0618
2023 08 11 128/ШЗ2023/0618
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Жадамбаагийн Эрдэнэцэцэг /РД:ХД55011564/,
Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга,
Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар,
Маргааны төрөл: “Нийслэлийн Засаг даргаас хуваарилсан орон сууцыг балансаас хасахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус орон сууцыг балансаас хасаж, хүлээлгэж өгөхийг даалгуулах”-аар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнгөнцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ачит-Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 18 дугаар байрны 31 тоот орон сууцыг балансаас хасахгүй байгаа Баянгол дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус орон сууцыг балансаас хасаж, Ж.Эрдэнэцэцэгт хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгах.
Хоёр. Процессын үйл баримтууд.
1. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 585 дугаар “Суларсан өрхийн эмнэлэг, хороо, цагдаагийн байрыг хуваарилах тухай” захирамжаар нийслэлийн дүүргүүдэд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга шинээр баригдан ашиглалтад орж, хуучин барилгуудаас суларсан дан барилга болон орон сууцны байруудыг иргэд, байгууллагад олгох хуваарийг хавсралтаар баталсан бөгөөд тус хавсралтын 1-д “Ж.Эрдэнэцэцэгт Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрлаж байсан 18 дугаар байрны 1 давхрын 3 өрөө орон сууцыг “иргэдийн орон сууцны дарааллаар” хуваарилахаар шийдвэрлэсэн,
2. Хорооны шинээр баригдсан барилга нь ашиглалтад орсноор Баянгол дүүргийн 6 дугаар хорооны ажлын алба 2014 онд маргаанд хамаарах 18 дугаар байрны 1 дүгээр давхрын 3 өрөө орон сууцны байрнаас нүүсэн гэх бөгөөд Ж.Эрдэнэцэцэг нь өөрт хуваарилагдсан байрыг шилжүүлэн авахаар 2017 оноос хандаж байсан гэх бөгөөд захиргааны байгууллагууд, тухайлбал,
3. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3/311 дугаар албан бичгээр “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 585 дугаар захирамжаар танд хуваарилсан 3 өрөө орон сууц нь манай газар болоод Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад давхар бүртгэлтэй байна. Бид санхүүгийн тайланд тусгагдсан бүртгэлийн асуудлыг шийдвэрлэсний дараа захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах болно” гэсэн хариу,
4. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4/1688, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4/432 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 585 дугаар захирамжаар хуучнаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо байрлаж байсан 18 дугаар байрны 3-31 тоот орон сууцыг иргэн Ж.Эрдэнэцэцэгт хуваарилан тус байгууллагын балансаас хассан, тус байрыг ... данснаас хассан тушаалын хуулбарыг ирүүлэхийг, байрыг чөлөөлөн Ж.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгч захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг” тус тус мэдэгдсэн,
5. Мөн Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4/770 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор төрийн өмчөөс нийслэлд шилжүүлсэн тус байрыг 2019 оны 12 дугаар сарын 31-нд балансаас хассан, орон сууцыг хуваарилсан Засаг даргын захирамжийн биелэлтийг хангаж балансаас хасаж хүлээлгэн өгөх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар дүүргийн Тамгын газарт үүрэг чиглэл өгөхийг” хүсэж,
6. Улмаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/2490, 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 03/3248 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 585 дугаар “орон сууц хуваарилсан” хүчин төгөлдөр захирамжийн хэрэгжилтийг хангаж, уг орон сууцыг тайлан балансаасаа хасаж хүлээлгэн өгөхийг” мэдэгдсэн,
7. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4/816 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт “иргэн Ж.Эрдэнэцэцэгт Засаг даргын захирамжаар хуваарилсан орон сууцыг балансаас хасахгүй, захирамжийг биелэлтийг хангахыг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул “данснаас хасах материал бүрдүүлэн ирүүлэхийг, орон сууцыг суллахыг” хугацаа тогтоон үүрэгжүүлсэн”,
8. Харин хамтран хариуцагчаар шүүх тогтоосон Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/2340 дугаар, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 08/704 дүгээр албан бичгээр Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт “Баянгол дүүргийн 6 дугаар хороо байрлаж байсан 18 дугаар байрны 3-31 тоот байр нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын өмчид шилжин ирж бүртгэгдэж улмаар 2018 дахин үнэлгээнд хамрагдсан. ... эд хөрөнгийг чөлөөлүүлэх, иргэнд шилжүүлэх бол санхүүгийн тайлангаас хасах холбогдох шийдвэрүүдийг ирүүл” гэжээ.
9. Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Маргаж буй үндэслэлүүд.
1. Нэхэмжлэгч нь “Нийслэлийн Засаг даргаас эрх хэмжээнийхээ хүрээнд орон сууцны өргөдлийн дарааллын дагуу хуваарилсан орон сууцыг нийслэлийн өмчөөс хассан байхад дүүрэг балансаас хасахгүй байна, уг захирамжаар орон сууц хуваарилагдсан 3 иргэн орон сууцаа шилжүүлж авсан байхад одоог хүртэл дээд шатны Засаг даргын шийдвэрийг доод шатны Засаг дарга биелүүлэхгүй байгаа нь эрхийг нь зөрчсөн” гэж маргасан бол,
2. Хариуцагч тал “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197, 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу эд хөрөнгийг баласнаас хасах, иргэнд шилжүүлэхэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, түүнийг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаал зэргийг үндэслэдэг тул Нийслэлийн Засаг даргын орон сууц шилжүүлсэн захирамж хууль бус” гэж тайлбарлажээ.
1.1. Нэхэмжлэлийн болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан үндэслэлд: “Ж.Эрдэнэцэцэг нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Суларсан өрхийн эмнэлэг, цагдаагийн байрыг хуваарилах тухай” 585 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрлаж байсан байр болох 18 дугаар байрны 31 тоот орон сууцыг эзэмших эрхтэй болсон.
Улмаар шинээр барих хорооны байрны барилгын ажил удааширч 2014 онд ашиглалтад орсон. Энэ хугацаанд тухайн 18 дугаар байрны 31 тоот орон сууцыг хуучин хороо нь ашиглаж байсан. Нэхэмжлэгч орон сууцаа сулрахыг хүлээж багагүй хугацаа өнгөрсөн. Ийнхүү 6 дугаар хороо шинэ байр руу нүүснээс хойш холбогдох байгууллагууд болох Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Баянгол дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад шат дараалан удаа дараа өргөдөл, хүсэлт гарган хандсан боловч өнөөдрийг хүртэл орон сууцаа өөрийн эзэмшилдээ авч чадаагүй байна.
Ж.Эрдэнэцэцэгийн нэр дээр хуваарилагдсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 18 дугаар байрны 31 тоот орон сууц нь Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад давхар бүртгэлтэй, нэг нэгнээсээ хасаж шилжүүл гээд хоорондоо шидэлцээд яваад байсан. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хувьд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 585 дугаар захирамжийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаартай зарлагын баримтаар /хүлээн авагч Ж.Эрдэнэцэцэгт гэж/ өөрийн байгууллагын газрын балансаас хассан боловч Баянгол дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар тус орон сууцыг өөрийн балансаасаа хасалгүй, бусдад хууль бусаар түрээслүүлж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл хуваарилагдсан орон сууцаа авч чадаагүй байна.
Хамгийн сүүлд Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4/816 тоот “Орон сууц чөлөөлөх тухай” албан бичгээр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандаж “Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 18 дугаар байр, 31 тоот орон сууцыг балансаас хасуулах, орон сууц суллахыг үүрэг болгож, үүргийн биелэлтийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн” боловч өнөөдрийг хүртэл албан бичгээр өгсөн шаардлага, дээд шатны байгууллагын шийдвэр биелэгдэхгүй байна.
2005 оны 197 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заалт, Хот тосгоны эрх зүй байдлын тухай хуульд зааснаар нийслэлийн Засаг дарга иргэдэд орон сууц хуваарилах асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 585 дугаартай захирамжаар 4 иргэнд орон сууц хуваарилалт хийсэн. Тухайн захирамжийн хавсралтад тусгагдсан бусад 3 иргэн байраа авчихсан. Нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэгийн байр олгогдолгүй үлдчихсэн. Нэхэмжлэгчийн тухайд өөрийн гэсэн өмчлөлтэй орон сууцтай болох хүсэлт гаргаж байсан учраас иргэдийн орон сууцны хүсэлтийн дарааллын дагуу шийдвэрлэж гаргасан.
Иймээс Баянгол дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас Баянгол дүүрэг 6 дугаар хороо, 18 дугаар байр 31 тоот орон сууцыг өөрийн балансаас хасахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, уг байрыг өөрийн балансаас хасаж нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэгт шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.” гэв.
1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 585 дугаартай захирамжаар маргаан бүхий орон сууцыг Ж.Эрдэнэцэцэг өөрийн эзэмшилд авах эрх үүссэн. Энэ шийдвэртэй холбогдуулж Баянгол дүүргээс ямар нэг гомдол эсвэл энэ захирамж хуульд нийцсэн, нийцээгүй гэж 2008 оноос өнөөдрийг хүртэл 15 жилийн хугацаанд Засаг даргад, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ерөөсөө хандаагүй. Төрийн захиргааны байгууллага хоорондоо харилцах албан ёсны дэг журам байдаг. Албан ёсоор хандах ёстой.
Нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэгт Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас өгч байгаа хариу тайлбар, Нийслэлийн Өмчийн газарт явуулаад байгаа албан бичгүүд дээр өөрийн өмч гэж маргаагүй. Харин шилжүүлэхийн тулд 2014 оны журмын дагуу шийдвэрээ гаргаад шийдвэрлэчих юм бол балансаасаа хасаж болно гэсэн бичгүүд байгаа. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас манайх балансаасаа хасчихлаа, одоо танайх балансаасаа хас гээд 2019 онд өөрийнхөө балансаас хасаад Ж.Эрдэнэцэцэгт шилжүүлсэн шийдвэр гаргаад мэдэгдсэн. Доод шатны байгууллага буюу дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг шүүх эрх байна уу? Одоо шүүгээд байна, хууль бус байсан, хууль зөрчсөн байсан гээд. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хуулиар хамгаалагдах шаардлагатай байсан бол энийгээ зохих хууль ёсны дагуу хэрэгжүүлэх шаардлагатай байсан байх. Ийм үйл баримт явагдаагүй байгааг шүүх анхаарч үзэхийг хүсье.
Хорооны байр ашиглалтад орсноос хойш Ж.Эрдэнэцэцэг удаа дараа нийслэлийн Өмчийн харилцааны газар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандсан. Өмчийн харилцааны газраас тодорхой ажлын хэсэг байгуулаад дүгнэлт гарсан. Эндээс дүгнэлт гараад Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн албан бичиг байгаа. Энэ байр нь нийслэлийн өмч байна. Тиймээс бусдад түрээслүүлэх зөвшөөрөл авах ёстой байсан, энэ зөвшөөрлийг аваагүй бусдад түрээсэлж орлого олж байна. Тиймээс хуульд нийцүүлээд шийдвэрлүүлж, шилжүүлэх ёстой гэсэн агуулга бүхий дүгнэлт гарч байсан.
Ж.Эрдэнэцэцэг энэ байрыг эзэмших хууль зүйн үндэслэл нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 585 дугаар захирамж, уг захирамж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Энэ хугацаанд хариуцагч тал захирамжтай холбоотой гомдол санал гаргаагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье. Хариуцагчийн гаргаж байгаа татгалзал нь, дээд шатны байгууллагаа шийдвэр гаргаж ир гэж тавьж байгаа шаардлага нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нийцээгүй. Тавьж байгаа шаардлага нь өөрөө холбогдох хууль тогтоомжид нийцээгүй хууль бус татгалзал. Нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуульд зааснаар өмчлөх эрх олж авах хууль зүйн үндэслэлүүд байна гэж үзэж байна” гэв.
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Маргаан бүхий Баянгол дүүргийн 6 дугаар хорооны хуучин байр болох тус хорооны 18 дугаар байрны 3-31 тоот байр нь 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэлтэй байгаа бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар тогтоолоор баталгаажсан. Уг байр 1999 оны Улсын Их Хурлын тогтоолоор нийслэлийн өмчид бүртгэлтэй, нийслэл захиран зарцуулах эрхтэй байсан, 2008 онд дүүргийн мэдэлд шилжсэн. Баянгол дүүргийн 6 хороо нь тус байранд 2014 онд шинэ цогцолбор байранд орох хүртэл байрладаг байсан.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-д заасны дагуу байгууллагын эд хөрөнгийн тооллогоор тоологддог эд хөрөнгийг чөлөөлүүлэх, балансаас хасах, иргэнд шилжүүлэх болон санхүүгийн тайлангаас хасахад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, түүнийг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаал зэргийг үндэслэдэг. Уг журмаас өмнө нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолоор баталсан нийслэлийн өмчийн эд хөрөнгийг захиран зарцуулах журам байсан. Тухайн зохицуулалтаар мөн адил Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тогтоолыг үндэслэж Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Нийслэлийн өмчийн харилцааны газар тушаал гаргана гэсэн зохицуулалт үйлчилж байсан.
Өмчийг балансаас хасах “ашиглалтын шаардлага хангахгүй болсон, техникийн эвдрэл гэмтэлд орсон” гэх мэт 4 үндэслэл үүсээгүй.
Нийслэлийн Засаг даргын захирамж гарахдаа хууль зүйн хувьд хууль бус байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмчөөс хассан шийдвэр гарах ёстой. Гаргасан шийдвэрийг үндэслээд иргэдэд олгох эсэх нь Засаг даргын эрх хэмжээнд байна. Гэтэл Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлээд өмчийн эзэн иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас шийдвэр гаргаагүй байхад гаргасан нь хууль бус байна. Энэ асуудлаа шийдвэрлээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа шийдвэрээ гаргуулаад хүрээд ирээ, тэгвэл өгье гэсэн албан бичгийг 2021 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр гэх агуулгатай бичиг явуулсан.
Иргэн Ж.Эрдэнэцэцэгийн тухайд уг журамд заасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаал байхгүй тул түүний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 585 дугаар “Суларсан өрхийн эмнэлэг, хороо, цагдаагийн байрыг хуваарилах тухай” захирамжаар нийслэлийн дүүргүүдэд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга шинээр баригдан ашиглалтад орж, хуучин барилгуудаас суларсан дан барилга болон орон сууцны байруудыг иргэд, байгууллагад олгох хуваарийг хавсралтаар баталсан бөгөөд тус хавсралтын 1-д “Ж.Эрдэнэцэцэгт Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрлаж байсан 18 дугаар байрны 1 давхрын 3 өрөө орон сууцыг “иргэдийн орон сууцны дарааллаар” хуваарилахаар шийдвэрлэсэн, уг захирамж хүчин төгөлдөр байх бөгөөд уг захирамжийг хүчингүй болгуулахаар маргаагүй.
2. Нэхэмжлэгч нь хорооны шинээр баригдсан барилга ашиглалтад орж хороо нүүснээс хойш хуваарилсан байрыг чөлөөлүүлэхээр нийслэлийн Засаг дарга, Тамгын газар, өмчийн асуудал хариуцсан агентлагт удаа дараа хандаж байсан.
3. Улмаар Нийслэлийн Өмчийн харилцааны газар /хуучин нэрээр/, Өмчийн ашиглалт, удирдлагын газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3/311, 3/312, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4/1688, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4/432, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4/770, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4/816 дугаар албан бичгүүдээр, мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03/2490, 2021 оны 8 дугаар сарын 18ны өдрийн 03/3248 тоот албан бичгүүдээр “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 585 дугаар захирамжаар тухайн орон сууцыг нэхэмжлэгчид хуваарилсныг, ... уг шийдвэр хүчин төгөлдөр байгааг, ... нийслэлийн өмчөөс балансаас хассаныг, ... Нийслэлийн Засаг даргын 2008 оны 858 дугаар захирамж нь орон сууцыг балансаас хасах шийдвэр болохыг, ... нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, балансаас хасаж байрыг хүлээлгэн өгөхийг дүүрэгт хугацаа тогтоон мэдэгдсэн” байдаг.
4. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрлаж байсан 18 дугаар байрны 1 давхрын 3 өрөө маргаанд хамаарах орон сууцны өмчлөх эрх эрхийн улсын бүртгэлд аливаа бүртгэлгүй бөгөөд Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолоор төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүлж, орон нутгийн өмчийн балансад бүртгэгдэж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 08 дугаартай зарлагын баримтаар хүлээн авагч Ж.Эрдэнэцэцэгт гэж данснаас хассан,
Уг байранд Баянгол дүүргийн 6 дугаар хороо /ажлын алба/ байрлаж байсан бөгөөд Нийслэлийн Засаг дарга “хороодын байр, өрхийн эмнэлэг, цагдаагийн цогцолбор барилгын зориулалтаар барилгын байршил тогтоож, газар эзэмшүүлж”, улмаар хорооны шинэ барилга ашиглалтад орсноор 2014 онд хороо /ажлын алба/ нүүсэн, ийнхүү хороо /ажлын алба/ байрлаж байх үед Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 33 дугаар тогтоолоор дүүргийн мэдэлд шилжүүлснээр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд 2007 оны 12 дугаар сарын 31-нээс хойш бүртгэлтэй байгаа.
5. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг хуулиар тусгайлан зохицуулдаг, тодруулбал хотын нийгэм, эдийн засгийн үндэс, удирдлагын үйл ажиллагааны зарчим, тогтолцоо, бүрэн эрхийг тодорхойлж, хотын удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулдаг Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д хотын захирагчийн бүрэн эрхэд “хотын өөрийн мэдлийн өмчийг хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулж, тэдгээрийг шинээр бий болгох, түрээслэх асуудлыг шийдвэрлэх” эрхийг тусгаж, 20 дугаар зүйлийн 1-д “хотын өөрийн мэдлийн орон сууцыг тогтоосон журмын дагуу хуваарилах” бүрэн эрхийг хотын захирагчид олгосон байна.
Ийнхүү хотын удирдлагын бүрэн эрхийг тодорхойлсон хуулиар хотын өөрийн мэдлийн орон сууцыг тогтоосон журмын дагуу хуваарилах бүрэн эрхийг хотын захирагчид олгосон, энэ эрхийн хүрээнд гаргасан хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх нь доод шатны засаг захиргааны нэгжийн үүрэг болно.
6. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар нийслэлийн өмчийг захиран зарцуулах эрхийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх олгосноор Нийслэлийн Засаг дарга харьяа өмчийн асуудал хариуцсан агентлагаараа дамжуулан хэрэгжүүлэхээр байна.
Орон нутгийн өмчийн тухайд засаг захиргааны нэгжийн чиг үүрэг, бүрэн эрхийн энэ зохицуулалтын хүрээнд шүүхээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “энэ маргаанд хамаарах орон сууцыг хуваарилсан нийслэлийн Засаг даргын шийдвэр болон нийслэлийн өмчөөс хассан талаар, тус хурлын 2008 оны 33 дугаар тогтоолоор дүүргийн өмчид шилжүүлсэн, дүүргийн өмчид бүртгэлтэй үндэслэлээр балансаас хасаж иргэнд шилжүүлэн өгөхөөс татгалзсан үйлдэлтэй холбогдуулан шүүхэд маргаан үүссэн” талаар мэдээлэл өгч, “уг эд хөрөнгө орон нутгийн өмчид бүртгэлтэй эсэх, орон нутгийн өмчөөс хасаж иргэнд шилжүүлэх шийдвэр гарсан эсэх” тодруулга хүсэхэд Хурлаас “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар Нийслэлийн Засаг дарга нийслэлийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлдэг” хэмээн хариу ирүүлжээ. Өөрөөр хэлбэл орон нутгийн өмчийн асуудлаарх нийслэлийн Засаг даргын энэ шийдвэрийг хуульд нийцээгүй гэж Хурал үзээгүй.
7. Тиймээс “орон сууцыг иргэнд хуваарилсан Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хуульд нийцээгүй” гэх хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга, Тамгын газрын тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байх тул дээд шатны Засаг даргын хүчин төгөлдөр шийдвэрээр “иргэнд хуваарилсан орон сууцыг балансаас хасахгүй байгаа Баянгол дүүргийн Засаг дарга, Тамгын газрын эс үйлдэхүй хууль бус байна.
8. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4/770 тоот албан бичигт дурдсанаар нэхэмжлэгч нь Монгол Улсын Төрийн соёрхолт эмч байх бөгөөд түүний эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, нийгмийн асуудлыг шийдвэрлэн иргэдийн орон сууц хүссэн өргөдлийн дарааллын дагуу түүнд суларсан өрхийн эмнэлгийн байрыг хуваарилсан, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн ашиглалт, эзэмшил, өмчлөлд аль хэлбэрээр шилжүүлэхийг байр хуваарилсан шийдвэрт тусгаагүй байх тул энэ талаар шүүх дүгнэхгүй, өөр өөр эрх зүйн үр дагавар бүхий эд хөрөнгийн эрхийн ойлголтын хувьд үүсэх эрх нь холбогдох шийдвэрүүдээр гардаг болохыг дурьдах нь зүйтэй.
9. Шүүх уг хүчин төгөлдөр эрх зүйн актын хууль зүйн үндэслэлд уг акттай маргаагүй нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлт хийх шаардлагагүй.
10. Хариуцагчаас орон нутгийн өмчийг балансаас хасах шийдвэрийг Тамгын газрын даргын тушаалаар шийдвэрлэдэг гэх ч нэхэмжлэгч дээд шатны Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах үүрэг болон орон нутгийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх субьект гэж хариуцагчаар дүүргийн Засаг даргыг тодорхойлсныг буруутгахааргүй байх тул тэдгээрийг хариуцагчаар хамт татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 18 дугаар байрны 1 давхрын 3 өрөө 31 тоот орон сууцыг балансаас хасахгүй байгаа Баянгол дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус орон сууцыг балансаас хасаж, Ж.Эрдэнэцэцэгт хүлээлгэж өгөхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 18 дугаар байрны 1 дүгээр давхрын 3 өрөө 31 тоот орон сууцыг балансаас хасахгүй байгаа Баянгол дүүргийн Засаг дарга, Тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус орон сууцыг балансаас хасаж, Ж.Эрдэнэцэцэгт хүлээлгэж өгөхийг хариуцагч нарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА