Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 00098

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч П.Шижиртуяа,
хохирогч Г.Бүрнээбаяр,
шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баасансүрэнгийн Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201706000152 дугаартай, 132/2017/0091/Э индекстэй хэргийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын, 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шаргачин овогт Баасансүрэнгийн Бат-Эрдэнэ /РД:ГМ86091916/.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт Г.Бүрнээбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өгсөн: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм хорын хохиролд нэг сая төгрөг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Бүрнээбаярын өгсөн: Би тэр өдөр Бат-Эрдэнэтэй таарч нэг пиво хувааж уучихаад айлд хамт очсон юм. Тэгээд тэндээсээ явах гэж байтал гэнэт намайг нэг удаа цохиж, 1 удаа хөмсөг рүү өшиглөсөн. Хэрүүл маргаан бол огт болоогүй, би шууд яваад цагдаад гомдлоо гаргасан. Миний хохирлыг төлсөн, одоо надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
201706000152 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Г.Бүрнээбаярын өгсөн: Би 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед Хишиг-Өндөр сумын төвд Оюун гэх айлаас гараад машиндаа суух гэж байтал Б.Бат-Эрдэнэ гээд зүс таних залуу шууд ирээд гараараа татаж байгаад нүүр лүү нэг удаа цохьсон. Тэгээд газар унагааж байгаад нүүрэн дээр дэвсэж өшиглөсөн. Би босоод машиндаа суугаад цагдаа дээр очиж мэдэгдсэн. Яагаад намайг зодох болсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-11 тал/,
Гэрч Э.Золзаяагийн өгсөн: Манай найз Г.Бүрнээбаяр 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүнд зодуулсан гээд нүднээс нь цус гарчихсан, “толгой маш их өвдөж байна” гэсээр ирж байсан. Нүд нь алсуураа хөхөрч хавдсан, нүүрэн хэсэг нь нэлэнхүйдээ хавдсан байсан гэх мэдүүлэг /хх-12 тал/,
Гэрч Ч.Тэшигмаагийн өгсөн: Г.Бүрнээбаяр анх ирэхдээ хүнд зодуулсан гэж байсан. Нүдний ухархайнаас цус гарсан, толгой өвдөж хүзүү хөшиж байна гэж байсан гэх мэдүүлэг /хх -13 тал/,
Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн сэжигтнээр өгсөн: Би 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт Г.Бүрнээбаярыг явж байхад нь араас нь татаад гар, хөлөөрөө цохиж зодсон. Тэгээд зодчихоод явсан. Өөр зүйл болоогүй гэх мэдүүлэг /хх-26 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаартай
1. Г.Бүрнээбаярын биед зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-15-16тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-1 тал/, мөрдөгчийн санал /хх-2 тал/, өргөдөл, гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/, эмчийн тодорхойлолт /хх-8-9 тал/, ял шийтгэл шалгасан хуудас /хх-30-31 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт Г.Бүрнээбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч, гэрч нарын өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн 165 тоот дүгнэлт, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Бат-Эрдэний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Бүрнээбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсанаар хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Шаргачин овогт Баасансүрэнгийн Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД