Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 132/ШШ2024/00168

 

 

 

 

 

 

 

 

2024оны 4 сар 23

132/ШШ2024/00168

*******

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 22,338,236 /хорин хоёр сая гурван зуун гучин найман мянга хоёр зуун гучин зургаа/ төгрөг гаргуулах тухай 132/2023/00633/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан 22,338,236 /хорин хоёр сая гурван зуун гучин найман мянга хоёр зуун гучин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

би тай 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Тооцоо нийлэх гэрээ байгуулан 44,697,000 төгрөгийг Ганбаяр нь Энхсоёлмаа надад 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах ёстой байсан юм.

Миний бие 2022 оны 11 сарын сүүлээр 348 тооны бог малыг нядалж 6529 кг махыг Гантуяа овогтой Ганбаярт хүнсний хэрэгцээнд худалдсан. 1 кг-ийг нь 7000 бодон тохирч зээлээр өгсөн. Төлбөрийг 2022 оны 02 дугаар сарын 20-нд төлж барагдуулахаар тохиролцсон боловч өгөөгүй. 2023 оны 03 дугаар сарын дундуур бэлнээр 1 сая төгрөг авсан. 2023 оны 4 дүгээр сарын 14-нд нотариатоор орж тооцоо нийлэх гэрээ хийсэн. 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 44,697,000 /дөчин дөрвөн сая зургаан зуун ерэн долоо мянган төгрөгийг төлж дуусгах гэрээ хийсэн боловч 2023 оны 7 дугаар сарын 20-нд 20,000,000 /хорин сая/, 7 дугаар сарын 21-нд 10,000,000 төгрөгийг тус тус өгсөн ба нийт 31,000,000 төгрөгийг надад төлсөн. Түүнээс хойш үлдэгдлээ удахгүй өгнө гэж байсан боловч 2023 оны 10 дугаар сарын 15-нд тооцоо дууссан мөнгө өгөхгүй гэж хэлсэн тул үндсэн мөнгөний үлдэгдэл болох 13,697,500 төгрөг, 4 дүгээр сарын 14-ны өдрөөс 7 дугаар сарын 20 хүртэлх хүү болох 8,045,460 төгрөг, 13,697,000 төгрөгийн өдрийн алданги болох 6848 төгрөгийг 7 дугаар сарын 21-нээс хойш 90 хоногийн 595,776 төгрөг буюу нийт 22,338,236 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Ганбаяр гэх хүнд 12 сард мах өгсөн. 3 удаа махаа хүргэж өгсөн. Манайхыг өөр газарт махаа өгөх гэж байхад утсаар 2 удаа ярьж, 1 удаа өөрөө ирж яриад махыг чинь авна гэсэн. Манайх Хутаг-Өндөр лүү махаа өгөх гэж байсан ч Ганбаярыг махаа манайд өгчих, 2 сарын 20-д мөнгийг нь гаргаад өгнө гэсэн болохоор өгсөн. Манай нөхөр Бугат явах гэж байхаар ойрхон өгөе гэсэн. Гантуяагийн хүү нь би гуанзаа хариуцаж байгаа гэж хэлээд мах авсан. Махны үнийг өгөхгүй байхаар нь 4 сарын 14-нд хийсэн гэрээгээр 7 сарын 20-д өгч дуусгана гэж тохирсон. Одоо нэхэмжлэлд дурдсан 22,338,236 төгрөгийг гаргуулж авмаар байна гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: гийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаар 22.338.236 төгрөг гаргуулна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

гаас 2022 оны 11 сард 6529 кг хонины гулууз мах авсан асуудал бол үнэн. Уг гулууз махыг түүний нөхөр Мөнх-эрдэнэ гурав хувааж буулгаж өгсөн. Мах буулгасан даруйд гурван хүнд мөнгө өгч шулуулж байсан. Ганбат, Адъяабат, Оюунмаа гэсэн гурван хүнд нэг хонийг 5000 төгрөгөөр үнэ хөлсийг тооцож шулуулсан. Гэтэл шулж байгаа хүмүүс маань хавирга яснаас махыг салгаж чадахгүй яс арьс болсон мах байсан учраас гар хуруугаа эсгээд энэ мах нь чанаргүй байгаа тул эвдэхэд хэцүү байна гэдэг шаардлага тавьсан. Ингээд ялгаж ангилаад тавихад 40 хувь нь гайгүй мах, 60 хувь нь маш муу мах байсан. Энэ байдлыг хүү Ганбаярт хэлэхэд Энхсоёлмаатай ярьсан өөрсдөө ийм мах өгснөө мэдэж байгаа болохоор тооцооноос нь хорогдол тооцоод өгчихнө гэж байна гэсэн. Шулсан махаараа бууз хийсэн. Орж ирсэн хүмүүс зовлого амтагдаад байна гэж хэлээд манай гуанзны бууз муу байгаа талаар ам дамжин ярьцгааж орлого орохоо больж нэр хүнд унасан.

Энэ байдлыг тэр хавийн оршин суугчид манайхаар үйлчлүүлдэг такси үйлчилгээнийхэн бүгд гэрчилнэ. Үүнээс болоод бид хийж бэлтгэсэн их хэмжээний бууз махыг нохой амьтанд өгч хаясан.

Гэтэл Ганбаяр нь бидэнд хэлэлгүй 2023 оны 4 дүгээр сарын 14-нд тооцоо нийлэх гэрээг Энхсоёлмаатай байгуулж 44.697.000 төгрөг дээр нь хүү, алданги төлөхөөр болсон байсаныг сая намар олж мэдлээ.

Бид махны үнийн тооцоог 31 сая төгрөгөөр тооцож 2023 оны 7 дугаар сарын 20-нд 20 сая төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 21-нд 10 сая төгрөг төлсөн. Өмнө нь 2022 оны 12 сард 1 сая төгрөг төлсөн байсан. Мөн нөхөр Мөнх-Эрдэнэ нь 160.000 төгрөг авсан. Нийт 31.160.000 төгрөг өгч тооцоо дууссан. Гэтэл 2023 оны 10 сард Энхсоёлмаа нь махны үлдэгдэл мөнгө нэхэж гэрээ хийсэн болохыг ар гэр бид мэдсэн. Энхсоёлмаагаас гэрээг авч үзсэн. Гэтэл гэрээнд махны үнийг зах зээлийн ханшаас өндөр үнээр тооцож элэгдэл хорогдол тооцоогүй тэр хэвээр нь байсан. Ганбаярын хэл амыг татаж чангааж байж яриултал нөхөр нь Ганбаярыг айлгаж дарамталсан байсан. Манай эхнэр энэ асуудлаар чамайг цагдаа шүүхэд өгөх гэж байгаа, манай эхнэр ах дүүгээ хүртэл цагдаа шүүхэд өгдөг хүн шүү дээ гэж ярьснаар айгаад би гарын үсэг зурчихсан, та нарт хэлэхээс бас айгаад гэрээг нь уншиж үзэлгүй шууд галд хийчихсэн болохыг олж мэдлээ. Манай хүү Ганбаяр хүний үгээр дуугай томоотой 1 дүгээр ангийн боловсролтой бичиг үсэг бараг мэддэггүй байгааг нь далимдуулсан.

Махны тооцоонд 31.160.000 төгрөг төлөхдөө дараах байдлаар тооцоо гаргасан. Зах зээлд кг хонины мах 6000 төгрөг байсан. Сайн мах нь 40 хувь байсныг 6700 төгрөгөөр тооцож 17.500.400 төгрөг.

Муу зовлого мах нь 60 хувьд 3500 төгрөгөөр тооцож 13.709.500 төгрөг нийт 31,209,900 төгрөгийн тооцоо гаргаж энэ мөнгийг төлсөн. Зөрүү 40.000 төгрөг дутуу байгааг төлнө. Бид нар харин ч маш их алдагдал хүлээж байгааг харгалзан үзэж үнэн зөвөөр шийдэж өгнө үү

Гэрчээр Л.Ганбат (утас 80409897), Ж.Адъяабат (утас 99952558), Оюунмаа (утас 94369863) дуудаж оролцуулна уу.

2022 оны 11 сарын сүүлээр Ганбаяр, Гантуяа нарт хичнээн тн хонины мах шулсан, махны чанар байдал ямар байсныг асууж хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байдлыг тодруулж өгнө үү.

Хониний мах кг-н үнэ чанараас хамааран ямар байсан талаар Булган аймгийн үнэлгээний байгуулга шинжилгээгээр шинжилж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнх-Эрдэнэ 2022 оны 11 сард 3 удаа ирж мах өгсөн. Манайд өмнө нь мах их өгч байсан. Гэхдээ эдний 11 сард өгсөн махны хувьд мах маркетад өгөх гэж байсан гэж сүүлд сонссон. Өмнө нь мах өгөхдөө чанарын шаардлага хангасан мах өгдөг байсан. Сүүлийн мах чанаргүй байсан тул маргаан гарсан. Энэ үед цайны газраа том хүүдээ хариуцуулж байсан, ажиллуулж чадахгүй байхаар нь өөрөө хариуцаад ажиллуулж байна. Анх мах авахад нь энэ мах 20 гаран сая төгрөгийн мах байна, яагаад ингэж өндөр үнээр авсан юм гэхэд хүү маань одоо яахав дээ гэсэн. Мах шулсан 3 хүн муу мах, зарим нь зовлого байна шулах боломжгүй гэж уурласан. Тэр авсан махыг нь ажилчдын хоолонд хэрэглэх боломжгүй, ажилчид идэхгүй байсан. Буцааж өгье гэхээр эргэж авахгүй гэсэн. Тэгээд ажилчдын хоолонд ч хэрэглээгүй. Сайныг нь хэрэглэсэн. Махны үнийн төлбөрт 31 сая өгсөн. Үлдэгдэл 13 сая дээр нотариатын гэрээ байгуулаад, хүү тооцоод нэхэж байна. Мах хүүлчхээд одоо үлдсэн мөнгөө хүүлээд байна. Энэ хүн би мөнгө хүүлэгч хүн, би мөнгөө хүүгүйгээр авдаггүй гэсэн байсан. Нөхөр нь хүртэл нууж 160.000 төгрөг авсан. Үлдсэн 13 сая төгрөгийг 22 сая болгож өгөхгүй. Махны чанар муу байгаа нь өөрөө өөрийгөө илтгэж байгаа. Тухайн үед махны зургийг ийм юм болно гэж бодоогүй болохоор баталгаажуулж аваагүй. Яагаад шүүх дээр зогсож байгаа юм гэхээр энэ хүн хүүхдийг маань мөнгө өгөх болохоор балай болчихдог гэж бичсэн байсан. Манай хүүхэд сургуульд сураагүй 1 дүгээр ангиасаа гарсан ч балай бол биш. Сургуульд анх орсон талаарх бичиг нь байхгүй байна гээд гаргаж өгөөгүй. Өөрөө хүнд ашиглуулдаг хүн. Бичиг үсэг мэдэхгүй балай хүн биш. Хүнд ашиглуулдаг хүн. Хүүг маань хүмүүс ашигладаг тул өөрөө ажлаа хийж байгаа. 44 сая болсон мах 348 ширхэг гулууз. Тэгэхээр нэг гулууз мах 18 килограмм болоод байна. 22 килограммаас дээш жинтэй бол нас гүйцсэн байна. 11 сард малчид малынхаа сайн, мууг нядлаад холиод өгдөг. Махныхаа чанарыг ярихгүй байна. 6529 килограмм махыг нэг килограммыг нь 7.100 төгрөгөөр бодохоор 44,697,000 төгрөг болж байсан. Тэх махан дотор нь сайн мах ч байсан. Муу мах нь 15 килограмм руу орсон. 348 гулууз махыг бодоход нэг нь 22 килограммаас дээш байсан бол зүгээр. Сайн махыг нь хасахаар муу мах 15 килограмм руу орсон. Ганбаярын хөнгөн хуумгайг ашиглаад муу махаа өгсөн. Мах маркет тийм мах авахгүй. Манай хүү сургуульд сураагүй нь үнэн. Гэхдээ балай хүүхэд биш. Нөхөр нь манай эхнэр аймаар шүү, чамайг битгий хэл төрсөн ах дүүгээ шүүхэд өгдөг гэж айлгаад нотариат дээр авч очоод гарын үсэг зуруулсан байна лээ гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний хүү нь бичиг үсэг мэдэхгүй 1-р ангиасаа сургуулиас гарсан хүлцэнгүй, дуугай, ноомой хүний өөдөөс юм хэлж үзээгүй хүн юм. нь миний хүү Ганбаярт хүч хэрэглэн хонины махны төлбөр дээр баримттай болохын тулд сүрдүүлж хүч хэрэглэх замаар 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 22.338.236 /хорин хоёр сая гурван зуун гучин найман мянга хоёр зуун гучин зургаа/ төгрөг авахаар тооцоо нийлсэн гэрээ байгуулсан байна .

Гэрээг байгуулахын тул Энхсоёлмаагийн нөхөр болох М нь манай хүү дээр ирж эхнэр гэх Энхсоёлмаа чамайг шүүх цагдаад өгөх гэж байна, чи очоод гэрээн дээр гарын үсэг зуруулвал яах ч үгүй. Манай эхнэр өөрийн төрсөн ах эгч дүүгээ ч шүүх цагдаад өгчихдөг хүн шүү гэж айлгасны үндсэн дээр миний хүү эхнэр бидэнд хэлэлгүйгээр уг гэрээг байгуулсан байна. Уг гэрээг байгуулснаа биднээс нууж гал руу хийсэн байна.

Иймд иргэн тай байгуулсан 2023 оны 4 дүгээр 14-ний өдрийн 22.338.236 төгрөгийн дүнтэй тооцооны гэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай нөхөр Мөнх-Эрдэнэ бид хоёр малаа мөнгө болгох зорилготой байсан юм. Хутаг-Өндөр сумын мах маркетад малаа махалж зарах гэж байхад Ганбаяр нь 1 удаа утсаар, 2 удаа биеэр ирж гуйж махыг маань авсан. 3 удаа махаа ачиж, аваачиж өгөхөд эхнэр Тайван, Ганбаяр хоёрын аль алинд нь хамт байж л байсан. Хамгийн сүүлд махаа Ганбаярт аваачиж өгөхөд махны үнийг 2 дугаар сарын 20-ны өдөр гэхэд төлж дуусгана гэсэн боловч тухайн хугацаанд огт мөнгө өгөөгүй юм.

Ингээд Ганбаяртай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр нотариат орж тооцоо нийлэх гэрээ-г бичгээр байгуулсан. Гэрээ байгуулахдаа Ганбаярт хүч хэрэглээгүй, би өдийг хүртэл ах, дүү, хамаатан саднаа шүүхэд өгч үзээгүй. Ямар үндэслэлээр намайг ингэж гүтгэж байгаагаа шүүхийн өмнө нотлох байх гэж бодож байна.

Үнэхээр миний бие Энхсоёлмаа нь Ганбаярт хүч хэрэглэн хүчээр гэрээ байгуулсан нь хуулийн дагуу нотлогдож, тогтоогдвол шүүх надад хуулийн дагуу арга хэмжээгээ авах байх гэж бодож байна.

Би эмэгтэй хүн шүү дээ. Яаж эрэгтэй хүнд хүч хэрэглэж хүчээр гэрээ байгуулах билээ. Бодох л асуудал гэж бодож үнэхээр их гайхаж байна.

Хүнээс авахдаа гуйж, тохирч авчихаад мөнгөө өгөх болохоороо бичиг үсэг мэдэхгүй, эрх зүйн ямар ч чадамжгүй гэж махны үнийг төлөхөөс зайлсхийж байгааг нь ойлгохгүй байна. Эрх зүйн чадвартай ухаан саруул хүн ирээд махаа надад зарчих би авья би энд зоогийн газраа хариуцаж ажиллуулж байгаа гээд байхаар нь энэ хүнтэй наймаа хийж махаа аваачиж өгсөн нь үнэн. Хүнээс мах авч хэрэглэж, ашиглаж, ашиг хонжоо олохдоо эрүүл саруул ухаантай болоод хэлэлцэж тохирсон төлбөрөө төлөх дээрээ тулахаар бараг л дуу ч гардаггүй, эргүү балай, ноомой хүний дүрд орон ээжээрээ ийм хариу тайлбар гаргуулж, сөрөг нэхэмжпэл гаргаж байгааг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь хуульд байтугай, хүн ёсонд ч байх боломжгүй асуудал.

Хүнээс махыг нь аль эрт аваад, ашиглаад ашигаа олсны дараа хэлцэл хийгээгүй, гэрээг хүчингүй болгуулна гэж байгаа нь мал, махаа худалдсан миний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна.

Хутаг-Өндөрийн мах маркетад аваачиж өгөх гэж байгааг маань мэдсэн хэрнээ би авчихья гэж утсаар ярьж, дараа нь биечлэн ирж гуйж авчихаад одоо ингэж мах худалдаж авч, ашигласныг маань хууль бус болгож өг гээд сөрөг нэхэмжпэл гаргахаар манай махалж зарсан мал маань амилах уу Тухайн үедээ бид малаа төхөөрч янзлаад өөрсдийн унаагаар ачиж аваачиж өгсөн. Хүнээр янзлуулж, бензин шатахуун машин тэргэндээ хийж ачиж аваачиж өгч байсан. Ингэж хүнийг хохироож болохгүй байх гэж бодож байна.

Хэрэв Ганбаярыг бичиг үсэг мэдэхгүй, дуу цөөтэй гэрээ, хэлцэл бусадтай хийж нийгмийн харилцаанд орж чадахгүй, боломжгүй, ямарч чадваргүй хүн гэж байгаа бол түүнийг нотолсон эрх зүйн чадваргүйгээр тогтоогдсон шүүхийн шийдвэр бусад шаардлагатай баримт /эмчийн бичиг, эмнэлгийн тодорхойлолт/ зэргийг гаргуулж хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. Энэ хүсэлтийг минь шүүх шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна.

Энэ нөхцөл байдлаас үзэхэд хэрэв бичгээр гэрээ хийгээгүй байсан бол мөнгөө олж авч чадахгүй шүүхэд хандах ч боломжгүй болж бүр хоосон хоцрох байсан байна.

Эхнэр авсан айл гэр толгойлж яваа хүүгээ эрх зүйн чадамжгүй гэж худал шалтаглан аваад хэрэглэсэн махныхаа үнийг төлөхөөс татгалзаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж бодож байна.

Хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөхгүй гэдгийг одоо цагт мэдэхгүй хүүхэд ч байхгүй болсон.

Тухайн үед махаа аваачиж өгөөд малынхаа тарган туранхайн талаар ч мөн бид ярьцгаасан ба бүгдийг нь авна гээд аваад үлдсэн. Би зарим нэг нь туранхай байна гэвэл тэрийгээ буцаагаад авъя гэж хүртэл хэлж байсан ба зүгээрээ бүгдийг нь авна гээд л аваад үлдсэн.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага илт үндэслэлгүй худал зүйлүүд байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Нэхэмжлэгч, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,

-Зохигчийн хооронд 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Тооцоо нийлэх гэрээны хуулбар /хэргийн 4-р хуудас/

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч Л.Ганбат, Ж.Адъяабат нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 19,628,650 төгрөгийг хангаж, 8,045,460 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үндсэн мөнгөний үлдэгдэл болох 13,697,500 төгрөг, хүү болох 8,045,460 төгрөг, 13,697,000 төгрөгийн өдрийн алданги 595,776 төгрөг буюу нийт 22,338,236 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь д нийт 22,338,236 төгрөгийг төлөхгүй, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Тооцоо нийлэх гэрээ-г хүү ын ноомой, даруу байдлыг ашиглаж хүч хэрэглэж хийсэн тул хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж маргадаг.

4.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч , хариуцагч нарын хооронд Тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан байна. Гэрээ байгуулагдсан үйл баримт, зохигчдын тайлбаруудаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. Насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай аливаа этгээд өөрийн үйлдлийн учир холбогдлыг биечлэн хариуцах үүрэгтэй бөгөөд худалдан авч байгаа эд зүйлийн хүлээж авахдаа чанарын талаар гомдол гаргаагүй, бүрэг ноомой болон бага боловсролтой зэрэг хувийн байдал нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

4.2.Нэхэмжлэгч 2022 оны 11 сард 6529 кг хонины махыг хариуцагчид худалдаж, махны үнийг 2023 оны 02 дугаар сарын 20-нд төлөхөөр тохирсон 2023 оны 03 дугаар сарын дундуур 1,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд бусдыг өгөөгүй байна. Худалдаж авсан махны хэмжээ, тоо ширхэг дээр маргаагүй болно. Хариуцагч тооцооны үлдэгдэл болох 44,697,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч д өгөхөөр харилцан тохиролцсон байна.

4.3.Хариуцагч нэхэмжлэгч д 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг төлсөн байна.

5.Нэхэмжлэгч үлдэгдэл болох 13,697,500 төгрөг, хүү болох 8,045,460 төгрөг, 13,697,000 төгрөгийн өдрийн алданги 595,776 төгрөг буюу нийт 22,338,236 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжилж байгаа нь 263 дугаар зүйлийн 263.4 дэх заалтад нийцэж байна.

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу 22,338,236 төгрөгийг төлөхгүй, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Тооцоо нийлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж байгаа ч хүлээн авсан махны хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хүлээн авч байхдаа туранхай мах гэж үзэж үнийг бууруулах, ангилах талаар харилцан тохиролцоогүй төдийгүй гүйцэтгэвэл зохих үүргийн дүнгээр нотариатчаар баталгаажсан тооцоо нийлэх гэрээг байгуулснаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2 дахь заалтын дагуу гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан байна.

7.Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ гэжээ. Иймд тооцоо нийлэх гэрээгээр тогтоосон хүү 8,045,460 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлгүй байна.

8.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд нь хариуцагч аас гэрээний үнийг шаардах эрхтэй.

Мөн нь гэрээний дагуу т хонины 6529 кг махыг хүлээлгэн өгсөн тул хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, махны үнийг төлөх үүрэгтэй байна.

9.Хариуцагч гэрээний үнийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөг, нэхэмжлэгчийн гэр бүлийн хүнд 160,000 төгрөг нийт 31,160,000 төгрөгийг д шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг гэрээний хугацаандаа төлөөгүй байна.

10.Нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт /талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй/ зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч т үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулж байсан, Нотариатчийн үйлдлээр баталгаажсан тооцоо нийлэх гэрээг талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байх тул нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.

11.Нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл гэрээнээс татгалзсан тул т өгсөн хонины 6,529 кг махыг, нь д өгсөн махны үнээ тус тус буцаан авах эрхтэй юм.

Биет байдлаар нь эргүүлж өгөх боломжгүй бол үүргийн гүйцэтгэлийг мөнгөөр нөхөн төлж болно гэж хуульд зохицуулсан байна.

12. Хариуцагч дээрхээс өөр махыг биет байдлаар нь нэхэмжлэгчид буцаан өгөх боломжгүй байсан тул үүргийн гүйцэтгэлийг мөнгөөр төлж байсан болох нь 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөг, нэхэмжлэгчийн гэр бүлийн хүнд 160,000 төгрөг, нийт 31,160,000 төгрөгийг төлсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

13.Иймд дээрх үндэслэлүүд тогтоогдож байх тул хариуцагчаас 19,628,650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,045,460 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,641 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 168,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

14.Зохигчид гэрээний зүйл болох 348 ширхэг 6529 кг хонины махыг хүлээлцсэн үйл баримт дээр маргаагүй болно. Харин нэг кг махны үнэ болон дундын тооцоолол дээр зөрүүтэй дүнгүүд яригдаж байгаа тул маргаангүй байгаа нийт махны хэмжээ, нотариатаар баталгаажсан тооцоо нийлэх гэрээгээр тохирсон мөнгөний хэмжээнд үндэслэсэн болно.

 

15.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 13,697,000 төгрөгийн нэг өдрийн алдангийг 6848 төгрөг гэж оронгийн алдаатай бичиж, алдангийн тооцоолол буруу гаргасныг зөвтгөж шийдвэрлэсэн болно. Тооцоо нийлэх гэрээний 3.5 дахь заалтад Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэсний дагуу нэг өдрийн алданги нь 68,485 төгрөг, 90 хоногт 6,163,650 төгрөг болж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт нийцэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч аас 19,628,650 /арван есөн сая зургаан зуун хорин найман мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,045,460 /найман сая дөчин таван мянга дөрвөн зуун жар/ төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,641 /хоёр зуун жаран есөн мянга зургаан зуун дөчин нэг/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 168,300 /зуун жаран найман мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА