| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2026/0044/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/127 |
| Огноо | 2026-03-23 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2026/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Амь хохирогч Ч.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц,/цахим/
Амь хохирогч Ч.А ын хууль ёсны төлөөлөгч Ч.Ц ,
Иргэний хариуцагч Б.Х , түүний өмгөөлөгч Ч.Ч ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ын Ц-д холбогдох эрүүгийн 2438002200429 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ө овогт Б-ын Ц , 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант ..................... багт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РД................. дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн нутаг Хуурайн эх гэх газарт 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ...............ХӨҮ улсын дугаартай, хар ногоон өнгийн Зил-131 загварын ачааны автомашиныг жолоодож, ууланд ачаа тээвэрлэх явцдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас онхолдож, тээврийн хэрэгслийн тэвшин дээр зорчиж явсан Ч.А , Ч.Б нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Улсын яллагч хавтаст хэргээс: 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 403 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс: Судлах баримт байхгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг хавтаст хэргээс: 1 дүгээр хх-ийн 95, 97, 156, 228, 233, 234, 235, 238 дугаар тал, 2 дугаар хх-ийн 10, 11, 103, 104, 105 дугаар талд авагдсан баримтыг шинжлэн судлав.
Амь хохирогч Ч.Б ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц хавтаст хэргээс: Судлуулах зүйл байхгүй гэв.
Амь хохирогч Ч.А ын хууль ёсны төлөөлөгч Ч.Ц хавтаст хэргээс: Судлах баримт байхгүй гэв.
Шүүгдэгч Б.Ц хавтаст хэргээс: Судлах баримтгүй гэв.
Хоёр. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтууд:
2.1.Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
“…н.Б ах манай суманд Мобикомын ажлыг хийхээр ирсэн байсан. Тэгээд намайг “Хү ” компаний ачааг дээш нь гаргаж өгөх жолооч олдохгүй байна, миний дүү явж өгөөч гээд гуйгаад байсан. Хоёр удаа ирсэн.
Ингэхдээ манай баз хамт ирэхэд нь би та нарт машинаа өгье. Би эмнэлгийн цай, шөл зөөгөөд хүүхдийн бие муу байгаа учраас явах боломжгүй байна гэсэн чинь байрлах гэр зохицуулж өгөөч гэсэн. Тэгэхээр нь би манай гэр байгаа, тэрийг аваад яваарай гэж хоёр удаа буцаасан. 3 дахь дээр нь Улаанбаатар хотоос ачаа тээвэрлэж ирсэн хүнтэй цуг н.Б ах ирээд нөгөө хүн нь “би Хү ” компаний захирлын дүү нь байгаа юм, яваад өгөөч” гээд гуйгаад байхаар нь сум орон нутагт улсын төсвөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын том ажил, нөгөө талаар хүнд үгүй гэж хэлэх дургүй болж өгвөл тус болчихоё гэж бодож явдаг тул хөлс мөнгө гэхгүй, бензинийг нь хийлгээд явахаар зөвшөөрсөн. Гэтэл ийм харамсалтай айхтар юм болчихлоо. Би энэ 2 жилийн хугацаанд бодоогүй шөнө, харамсаагүй өдөр байсангүй. 2 жилийн хугацаанд манай гэр бүл үнэхээр хэцүү байсан. Гэм буруу дээрээ маргахгүй, хуулийн дагуу үнэн, зөвөөр шийдвэрлэж өгнө үү…” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
2.2.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, ялгүй гаргаж өгнө үү...” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
2.3.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Б.Ц-д гомдол саналгүй. Энэ хүн өөрөө эрэмдэг болсон байгаа. Хөнгөн шийтгэл оногдуулж, ялгүй гаргаж өгнө үү...” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
2.4.Иргэний хариуцагч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ ажлыг н.Г, н.Б хоёр хариуцаж байсан. Тэр хоёр хүн бригадын дарга нарт нь ерөнхий зааварчилгаа өгч, бригадын дарга нар нь өглөө бүр зааварчилгаа өгөөд гаргадаг. Анхны зааварчилгаа дэвтрийнх нь урд байдаг.
Талийгаач манайд урьд нь ажиллаж байсан боловч сүүлийн 3-4 жил ажлаагүй. Хөвсгөл явах гэж байхад талийгч н.Б нь н.Г-тэй уулзаад, манай нутаг руу явах гэж байгаа юм байна.Тэнд манай ах, дүү нар байдаг, уг ажилд би яваад ирье гэж санал тавиад н.Г, н.Б нар ярилцаж байгаад зөвшөөрсөн байсан. Би Б.Ц-тай тохирч явсан гэдгийг тухайн үед мэдээгүй.
Б.Ц гаргасан нэхэмжлэлээсээ татгалзлаа. Манай зүгээс Эрүүл мэндийн даатгалын санд төлөх 3,291,078 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.
Энэ хэрэг гаргахад бидний буруу тодорхой хэмжээгээр байгаа. Энэ хүн манай ажилд туслах гэж явж байгаад ийм асуудалд орсон тул уучлалт гуйж байна, хөнгөн шийтгэл оногдуулж, ялгүй гаргаж өгнө үү гэж хүсэж байна...” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гурав. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан нотлох баримтууд:
3.1.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогч Ч.Б ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц-ийн өгсөн:“...Эхлээд гарахдаа бол бид нар алсуур нь баруун талаараа тойрч гарсан. Тэгээд антень барих орой дээрээ ачаагаа буулгачихаадцемент, хар панеран хавтангууд зэргийг ачаад бууж ирсэн замаараа өгссөн. Нөгөө талаар нь ачаагаа чиглээд буусан чинь болж байсан.
Тэгэхээр нь хоёр дахь өгсөж явахад бензин насос нь тасалдаад зогсчихоор нь нөгөөхөө янзлаад цааш үргэлжлүүлэн өгссөн. Би кабинд сууж явсан. Ц надад мост мултарч магадгүй, та жийгээд яваарай гэхээр нь би мостыг нь хөлөөрөө жийж явсан. Ат, Б нар дээр ачаан дээр сууж явсан. Ц бол нөгөө жолоочтой хамт буцаад явчихсан. Жолооч ачаагаа буулгачихаад хайрга ачиж ирнэ гээд машинаа унаад явсан. Бид нар өгсөөд шил дээр гараад уулын орой руу гарахаар хад чулуутай хэсгээр зайгаад явж байтал гэв гэнэт машин хазайгаад газрын уруу тал руу унаж онхолдсон. Эргэлдээд л байсан, хэд эргэсэнг мэдэхгүй.
Нэг харсан чинь дугуйн дээрээ зогссон, хоёр хаалга онгорхой байсан. Ц бид хоёр машин зогсоход кабин дотроо байж байсан. Тэгээд би кабинаас өөрөө буусан, Ц ч өөрөө буусан. Амгаа хаачив л гээд байсан.
Би ч юу билээ нөгөө хоёр үсэрчихсэн юм болов уу гэсэн юм бодоод байж байсан. Тэгээд тоос намжихаар харахад Ат дээш харсан байдалтай хэвтэж байсан. Ц очоод Амгаа хүүе босооч гээд байсан. Тэгж байгаад өөрөө би хүн алчихлаа гээд орилоод тэрүүгээр гүйгээд сандраад байсан. Би ч хүмүүс руу утсаар залгаж, ярьж осол болсон талаар хэлж мэдэгдсэн. Би очоод харахад Ат амьсгалгүй сонин болчихсон байсан. ...осол болох үед автомашин маш удаан бараг зогсон алдаад зүтгээд л явж байсан. Амь хохирогч Б, Ат нар ачаан дээр сууж явсан. Осол бол тухайн хад чулуутай газраа явж байхад чулуу дайрах үед савлаад газрын уруу тал руугаа хазайгаад машин унаснаас болж үүссэн. ...эхний удаад бол бид нар уулын орой руу нилээн алсуур тойрч зам гаргаж явсан. Дараа нь гарахдаа Б жолооч Ц-д хандаж ингээд явчихвал арай дөт зүгээр юм бишүү гэж ярьж байсан. Тэгээд л зам товчилж дөтлөх маягтай явж байгаа нь тэр юм. ...Ц-д гомдол саналгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 87-88, 93 тал),
3.2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогч Ч.А ын хууль ёсны төлөөлөгч Ц.Ч-ний өгсөн:“...Би эхний ачилтан дээр нь очиж үзэж харж сонирхсон. Тэгээд буцаж бууж ирээд тэд нар маяти дээрх үлдсэн ачаагаа ачаад зарим ачааг маяти дээрээс буулгаад тэд нар буцаж бууж ирж дахиж нэг ачна гэж байсан. Би маятины жолоочтой хамт наашаа буцаж яваад доор орхисон байсан машиныхаа тушаа зам дагуу буусан. Маятины жолооч замд намайг буулгачихаад сумын төв рүү явсан. Дээшээ 2 дахь ачилтаар манай дүү Ат, хамаатны дүү Б, Ба /бүтэн нэрийг нь Ц гэдэг байхаа/, Цо нар явсан байсан. Би машинаа унаад хөдлөх гэж байхад тэр хавьд байдаг Ба гэдэг айлын хүүхэд Бүрнээ мотоцикльтой хүрч ирээд таныг Ба ах хүрээд ир, машинаа унагаачихлаа гэж байна гэсэн. Тэгэхээр нь би буцаж явж очоод уулын шил дээр гарч харахад хад чулуутай оройн хэсэг газрын дор бор ногоон өнгийн Зил-131 маркийн автомашин нь унаж осолдсон байдалтай, ачиж явсан юмнууд нь тарсан, Ат, Б нар ухаангүй цус нөж болсон хэвтэж байсан. Ба жолооч бүр галзуурах шахам орилж хашгираад би одоо яах вэ, би амиа хорлоно, би хоёр хүн алчихлаа гээд орилоод байсан. Нөгөө хоёр хүн дээр бол би яг тулж очиж үзээгүй, угаасаа дөхөж очоод харахад л ойлгомжтой амьсгал хураасан байсан. Цо ах алхаад ууц нуруу тасарлаа үхлээ гээд амнаас нь цус нөж гоожчихсон, хувцас хунар нь урагдчихсан л яваад байсан. Ба амиа хорлоно үхнэ гээд галзуурчихсан юм шиг орилоод байхаар нь би барьж авсан. Тэгсэн чинь Ба ухаан алдаад уначихсан. Би салхины өөдөөс харуулаад Барааг тэвэрч суусан. Цо ахыг харахад утсаар ярьчихсан ард явж байсан. Би та гайгүй юу гэхэд ах нь гайгүй, ууц л тасарчих гээд байна гэж хэлж байсан. Ингээд нилээд байж байтал манай хүргэн Ё мотоцикльтой ирсэн. ...бидний хувьд нэгэнт санамсаргүй байдлаар ийм асуудал болсон учир санал гомдол гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, (1-р хх-ийн 101, 127-129 тал),
3.3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний хариуцагч “Хү ” ХХК-ний захирал Б.Х-ын өгсөн:“...Тийм тушаал би гаргаагүй. Ч.Б нь манай компанид 3 жилийн өмнө ажиллаж байсан. Тиймээс манай инженер Г, талийгаач Б нар нь бие биенээ таньдаг учраас би Галтын антенийг суурьлуулчихъяа, тэр нутаг манай ээжийн нутаг учраас хамаатнуудтай нийлээд антенийг угсраад босгоод өгье гэж Г, Бтэй амараа тохиролцсон юм байна лээ. Энэ талаар Г, Бү хоёр надад хэлсэн. Тэр үед Г, Бү хоёр Жаргалант суманд антени суурьлуулаад явж байсан. Миний шийдвэрээр Ч.Б антени суурьлуулах ажил хийгээгүй. Манай байгууллагын ХАБ-ын инженер нь Бү юмаа, харин хөдөө ажил аваад явахдаа хэн бригад ахалж явна. Тэр хүн нь өдөр тутмын зааварчилгаа өгдөг. ...нарийн ширийн дотоод журам байхгүй. Ерөнхий хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой зааварчилгаа өгөөд ажилд гаргадаг. “Хү ” ХХК-тай амь хохирогч нар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. ...Б манай компанид ажиллаж байгаад 4 жилийн өмнөөс ажиллаагүй гарсан байсан. Манай компанид тус ажлыг хийхдээ манай нутаг руу явах юм байна. Би очиж тусална гээд явсан. Тухайн үед Б надтай албан ёсоор уулзаагүй, бригадын даргатайгаа тохироод явсан байсан.
Ч.А-ыг би танихгүй нөгөө хоёр хүнтэй нь ямар нэг хийсэн гэрээ байхгүй. Тухайн үед ахалж байсан бригадын дарга нь мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 107-108, 113-114 тал),
3.4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч И.Бү-ийн өгсөн:“...Би үүрэн холбооны Мобиком компанийн туслан гүйцэтгэгч “Хү ” ХХК-ийн менежерээр ажилладаг. Би Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант сумдад Мобиком компанийн сүлжээний антень барих ажлаар ирээд ажиллаж байгаа юм. 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас урагшаа байдаг багийн нутаг дэвсгэр дээр антень барих ажлын бригадынхантайгаа ажил эхлүүлээд байж байтал манай захирал Х гэдэг хүн над руу залгаад “Галт суманд ажил гүйцэтгэж яваа хүмүүс зөөвөр хийж яваад машинтайгаа осолдсон байна. Чи хурдан тийшээ очихгүй бол болохгүй байна” гэж ярихаар нь би орой харуй бүрий болж байхад Галт суманд ирсэн. ...Галт суманд манай компанийн гүйцэтгэж байсан ажлыг хариуцаж, бригад ахалж байсан хүн нь Ч-ийн Б гэдэг хүн байсан. Тэр хүн л бригад ахалж эндээ үлдэж ажиллаад өөрөө хүмүүсээ орон нутгаасаа буюу ээжийнхээ талын ах дүү нарыг цуглуулж ажиллуулахаар болсон байсан. ...би өөрөө хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженер ажилтны үүргийг давхар гүйцэтгэж ажилладаг. Галт суманд гүйцэтгэж байсан уг ажлын тухайд бол бригад ахлаад ажиллаж байсан хүн буюу Ч.Б өөрөө хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаагаа өгөөд хүмүүсээ ажиллуулах зохицуулалттай байсан. Би өөрөө Жаргалант суманд ажиллаж байсан болохоор зааварчилга өгөх боломжгүй байсан. Манай компаний тухайд бол тал талд олон бригад гараад ажиллахаар тухай тухайн бригадыг ахалж байгаа бригадын ахлагч нь зааварчилга өгч, ажилчдынхаа хөдөлмөр аюулгүй байдлыг ханган ажиллана. Миний тухайд бол Галт суманд ажиллаж байсан ажилчдад зааварчилга, үүрэг чиглэл бичгээр өгөөгүй байсан. Утсаар Бтэй ярихдаа бол ажилчиддаа аюулгүй ажиллагааны зааварчилга өгч ажилд нь оруулаарай, болгоомжтой ажиллаарай гэдгийг хэлж сануулж байсан. Мөн бригадын ахлагч Бд хөдөлмөр хамгааллын дэвтэр, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл буюу улаан дэвтэр байсан. Ер нь бригад болгонд ахлагчид нь энэ хоёр дэвтрийг өгөөд гүйцэтгэх ажлыг нь хэлж зааварчлаад явуулчихдаг юм. Манай компаний үйл ажиллагаа ингэж явагддаг. ...дуудлага мэдээллийн дагуу Хөвсгөл аймгийн Гал сумын 3-р багийн Дуутын эх гэх газарт очсон. Хэргийн газарт очиход бор ногоон өнгийн Зил-131 маркийн автомашин уулын орой өөд зайж өгсөж яваад онхолдож газрын уруу тал руугаа унаж, дөрвөн дугуйн дээрээ зогссон, ачаа Ба нь тарсан, хоёр хүн нас барсан, жолооч Ц буюу нутгийнхэн Ба гэж дууддаг залуу ухаан алдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн (1-р хх-ийн 133-134, 147 тал),
3.5.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Ж-ийн өгсөн:“...2024 оны 5 сар Хү гэх компанид жолооч хийдэг байсан. Тухайн компани нь орон нутагт дахин дамжуулах сүжлээ сайжруулах зорилгоор антень түгээлтийн ажил хийдэг байсан. Тухайн үед би түгээлт хийж байгаа Ба болох антен, цемент арматур зэргийг очих газар нь хүргэж өгөх ёстой байдаг бөгөөд машин явах боломжгүй газруудад очсон тохиолдолд явж болох цэг хүртэл л явдаг.
н.Х гэх хүн манай “Хү ” ХХК-н захирал, Б нь “Хү” ХХК-н ажилчин байсан. 2024 оны 5 сарын 12-ны өглөө 09 цагийн үед Б нь надад зөөх машин бүтчихлээ явъя гээд уур руугаа явсан. Тэгээд би уулын бэлд очиж антена, цемент, арматур зэргийг буулгасан. Тухайн ачааг буулгах үед Б, жолооч, Батгэрлийн ах Цогоо гэх хүн, тухайн үед хамт байсан талийгаач болсон хүү болон хүүгийн ах нар байсан. Тэгээд Зил-131 дээр цемент төмөр ачаад дээшээ уулын орой руу явсан.Тэгээд уулын орой дээр буулгачихаад доор бууж ирсэн. Дараа нь 2 дахь ачаагаа ачаад талийгаач хүүгийн ах бид хоёр Зил-131 тээврийн хэрэгслийг дээш явахаас өмнө сумын төв рүү явсан. Дараа нь би сумын төв орохын өмнө утас дугараад тухайн осол болсон талаар хотоос над руу Аатар хэлсэн. Тухайн үед манай компаниас Жаргалант суманд 1 бригадаа үлдээгээд Галт сум руу бараагаа буулгах гээд явсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 151-152 тал),
3.6.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Гийн өгсөн:“…Тухайн үед Галт суманд хийх ажпыг талийгаач Б хариуцаж явсан ба тухайн ажлыг хийхдээ хоорондоо тохиролцоод ам гэрээ хийгээд ажилд явцгаасан. Тухайн үед талийгаач Б манай ажил дээр ирээд Хөвсгөл явах ажил байгаа юм байна.
Манай ээжийн нутаг байгаа юм аа би явчихаад ирье гэсэн ба яг тухайн ажил гүйцэтгүүлэхдээ өгсөн заавар чиглэл, ажилд томилсон тушаал шийдвэр гэх зүйл байхгүй, ажил хийх хөлсөө амаараа тохиролцоод явсан. ...Аатар, Б хоёр тухайн үед манай ажлын газар буюу Улаанбаатар хотод авто граш дээр ирээд Ч.Б нь “уг ажилд би яваад ирье” гэж санал анх тавиад тухайн саналыг нь бид нар хэлэлцэж байгаад зөвшөөрсөн. “Хү ” ХХК-ийн захирал Х болон миний бие болон М.Аатар, ахлах мэргэжилтэн Ц.С нар байсан. Бид хэд хоорондоо ярилцаж байгаад Ч.Б ийг уг ажилд явуулахаар болсон ба тухайн үед харин гаргасан тушаал шийдвэр томилгоо гээд байх зүйл гараагүй ам гэрээ хийсэн юм. ...2024 оны 5 сард “Хү ” ХХК-ний хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлийг Бү ах хариуцдаг байсан. Гэхдээ албан ёсны тушаал шийдвэр бол байхгүй. Ч.Б-д бичгээр аюулгүй ажиллагааны зааварчилга, үүрэг зөвлөмж өгөөгүй, амаар бол өгсөн харин хөдөлмөрийн ажиллагаа зааварчилгааны дэвтэрийг нь шинээр Бд өгөөд явуулсан. Очоод ажиллах хүмүүст зааварчилгаа өгч зуруулаарай гээд өгсөн. Тухайн үед манай компаниас 2 бригад гарсан тухайн бригад бол н.Бүрэн- Эрдэнэ ах ахлаад цуг явж байсан. Ажил эхлэх газар нь очоод тухайн байршлын цэгийг нь тодорхойлж өгдөг юм...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 50-51 тал),
3.7.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч У-С-ийн өгсөн:“...Тухайн захиалгыг миний бие өөрөө өгсөн. Техникийн даалгавар бэлдээд менежер болон захирлаар шалгуулж батлуулаад захилгыг бэлтгэн нийлүүлэлтийн алба руу өгсөн.
Тухайн даалгавар албан ёсны даалгавар мөн. ...сайтын барилгын зөвшөөрлийг аман байдлаар сумын засаг даргаас авсан байсан тэрний дагуу ажлаа эхэлсэн байгаа. “Хү ” ХХК нь ажлын бэлтгэл үе дээрээ байсан болохоор хяналт тавих боломж байхгүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 56- 57 тал),
3.8.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Д-ийн өгсөн: “...2024 оны 3 сарын 1-ний өдөр “Хү ” ХХК-тай ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулсан. Уг гэрээний үндсэн дээр “Хү ” ХХК-д 2024 оны 5 сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Галт, Цагааннуур, Жаргалант гэх 4 суманд сайтын барилгын бэлтгэл ажил хийлгэх захиалга өгсөн. Захиалгын хуудас болон ажил гүйцэтгэх техникийн даалгаврын хамт өгсөн. Барилга барих газрын зөвшөөрөл олгогдсон. Тухайн ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг сумын засаг дарга зөвшөөрсний үндсэн дээр тухайн газар барилга барьсан барилгатай холбоотой зөвшөөрөл хүлээлгэн өгөөгүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 60-62 тал),
3.9.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан: "...Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн нутаг Хуурайн эх гэх газарт ууланд 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ..............ХӨҮ улсын дугаартай, хар ногоон өнгийн Зил-131 маркийн ачааны автомашин осолдож, Ч.А , Ч.Б нар нас барсан...” гэх тэмдэглэл (1-р хх-ийн 24 тал),
3.10.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: “...Хэрэг осол болсон гэх газар нь Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн нутаг хуурайн эх гэх нэршилтэй хадархаг, уулын орой хэсэг байна. Хэргийн газарт ертөнцийн зүгээр баруун хойд зүгт харж зогссон ..............ХӨҮ улсын дугаартай хар ногоон өнгийн Зил-131 маркийн автомашин, автомашины ертөнцийн зүгээр зүүн талд уулын орой хэсэг рүү цувж гарсан мод, шуудайтай цемент зэрэг эд зүйлс байна. ...уулын хормойгоос өгсөн шил дээр хүрч очсон замаас ертөнцийн зүгээр зүүн тийш салж явсан тээврийн хэрэгслийн ул мөр өвс ногоотой шороон хөрсөн дээр тод үүссэн. ...тухайн мөр хад чулуутай хэсэг газарт хүрч дууссан, цааш үргэлжлээгүй байв. ...мөр дууссан цэгт том ургаа хад чулуу, мөн хөрснөөс салж нурсан чулуунууд байв. ...чулуу шороо нурсан А цэгээс доош 4 метр зайд автомашины тольны суурь төмөр хугарч унасан энэ 1 дугаартай цэгээс баруун урагш 11,1 метр зайд ертөнцийн зүгээр урд цугт толгой хадсан, хоёр хөлийг жийж, хоёр гарыг биеийн дагуу унжуулж хэвтсэн, ташаа хэсгээр баруун тал руугаа бага зэрэг нугаларч хазайсан байрлалтай эрэгтэй хүний цогцос байна. ...энэ Б цэгээс доош 4,8 метр зайд ертөнцийн зүгээр хойд зүгт чиглэлтэй, хоёр гар тохойгоор нугаларсан, хоёр хөлийг өвдгөөр нугалан, алцайж суун доош тонгойж толгойгоор газар түшсэн байрлалтай бараан өнгийн хувцастай, хувцас нилэнхүйдээ саарал нунтаг зүйлээр бохирлогдсон, нуруу ууц хэсэг нь ил гарсан эрэгтэй хүний цогцос /В цэг/ байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 26-31 тал),
3.11.Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (1-р хх-ийн 32-33 тал),
3.12.Эд зүйлс /амь хохирогчдын хувцас/-д үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1-р хх-ийн 34-37 тал)
3.13. “Хү ” ХХК-ний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэрт үзлэг хийсэн мөрдөгчийн: “...2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд өгсөн хөх өнгийн балаар бичсэн гар бичмэл бүхий 08 хуудас зааварчилгаа байна. Бусад хуудсуудад ямар нэгэн бичиг тэмдэглэлээ үйлдээгүй. ...барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл дэвтэрт, ...захиалагч байгууллагын даргын гарын үсэг хэсэгт Мобиком корпораци Д.Д , гүйцэтгэгч байгууллагын даргын гарын үсэг хэсэгт “Хү ” ХХК Б.Х гэж гарын үсэг зурагдаж тэмдэг дарагдсан, барилга эхэлсэн огноо тэмдэглэгээ байхгүй...” гэх тэмдэглэл, хавсаргасан баримтууд (1-р хх-ийн 38-44 тал)
3.14. “Хү ” ХХК-ийн барилгын ажил гүйцэтгэх “2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний хуулбар (1-р хх-ийн 48-49 тал),
3.15.Сайтын барилгын бэлтгэл ажлын техникийн даалгавар (1-р хх-ийн 50-55),
3.16.“Хү ” ХХК-ийн баримт бичигт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүнд хавсаргасан 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ (1-р хх-ийн 56-59 тал),
3.17.Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөнжил баг болон Галт сумын Рашаант багуудад Мобикомын сайтын ажил гүйцэтгэх талбайн болох ХХААБ инженерээр томилсон тухай тушаалын хуулбар (1-р хх-ийн 66 тал),
3.18.Ажлын байрны тодорхойлолтууд, хөлсөөр ажиллах гэрээнүүд (1-р хх-ийн 70-78 тал)
3.19.Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 84 дугаартай:“...Ч.Б ийн цогцост гавал тархинд хавсарсан ил гэмтэл болон баруун зовхинд шарх, баруун шанаа, баруун өвдөг, зүүн мөр, зүүн ташаа, нуруунд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
Дээрхи гэмтэл нь нас барах үед зам тээврийн ослын улмаас мохоо зүйлийн хэт хүчтэй, хүний биеийн хүчнээс хэт давсан үйлчлэлээр тус тус үүсгэгдсэн байна.
Ч.Б ийн цогцост тогтоогдсон гавал тархины хавсарсан ил гэмтэл нь нас бархад шууд нөлөөлжээ. Амь хохирогч нь Ч.Б нь зам тээврийн ослын улмаас гавал тархиндаа хавсарсан ил гэмтэл авч нас баржээ. Үхлийн шалтгаан нь дээрхи онош болон, задлан шинжилгээний тэмдэглэл зэргээр батлагдаж байна. Амь хохирогч Ч.Б нь нас барах үедээ согтолтгүй байжээ...” гэх дүгнэлт (1-р ххк-ийн 161-162 тал)
3.20.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 168, 172-173 тал)
3.21.Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаартай:“...Амь хохирогч Ч.А-ын цогцост гавал, тархинд хавсарсан битүү гэмтэл болон эрүү ясны хугарал, зүүн дагзны хуйханд шарх, дух, зүүн хөмсөг, хамар, дээд уруул, зүүн эгэм, хэвлий, баруун мөр, нуруу, зүүн өвдгөнд зулгаралт, баруун шагайнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь нас барах үед зам тээврийн ослын улмаас мохоо зүйлийн хэт хүчтэй, хүний биеийн хүчнээс хэт давсан үйлчлэлээр тус тус үүсгэгдсэн байна. Ч.А-ын цогцост тогтоогдсон гавал тархины хавсарсан битүү гэмтэл нь нас барахад шууд нөлөөлжээ. Амь хохирогч Ч.А нь зам тээврийн ослын улмаас гавал тархиндаа хавсарсан битүү гэмтэл авч нас баржээ. Үхлийн шалтгаан нь дээрхи онош болон задлан шинжилгээний тэмдэглэл зэргээр батлагдаж байна. Амь хохирогч Ч.А нас барах үедээ согтолтгүй байжээ...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 169-171 тал)
3.22. “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 24/1124 дугаартай:“...Хэргийн материалтай танилцахад Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн" хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг" гэж заасан байх тул дээрх үйл явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна. Зил-131 маркийн ..........-ХӨҮ улсын дугаартай автомашины жолооч Б.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: з/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж, хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зил-131 маркийн ..........ХӨҮ улсын дугаартай автомашины жолооч Б.Ц нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн заалтыг зөрчсөнөөр батлагдсан зам, зорчих хэсгээс гарч зорчих баримжаа алдан автомашиныг онхолдуулан зам тээврийн осол гаргасан гэж үзэж байна. Хэргийн материалтай танилцахад Зил-131 маркийн ........ХӨҮ улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй байна. Зил-131 маркийн ..........ХӨҮ улсын дугаартай автомашины жолооч Б.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.з дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 186-188 тал),
3.23.Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 10/335 дугаартай:“...Шинжээч бид хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын хэмжилт хийсэн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, зам орчны байдал зэрэгтэй танилцаад Зил-131 маркийн ..............ХӨҮ улсын дугаартай ачааны автомашины жолооч Б.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: з/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах" мөн дүрмийн 23.1 "Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна.
Амь хохирогч нар тээврийн хэрэгслийн ачаан дээр дур мэдэн суусан эсэхийг шинжээч бидний тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжгүй бөгөөд тээврийн хэрэгслийн тэвшин дээр зорчиж явсан Ч.А , Ч.Б нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2 "Тээврийн хэрэгслээр зорчигчид дараахь зүйлийг хориглоно: б/ тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэг дээр буюу ачааны автомашины тэвшний хашлаганаас дээш гарсан ачаан дээр байрлаж явах, тэвшин дээр зогсож явах, тээврийн хэрэгслээс зүүгдэх" гэснийг, жолооч Б.Ц нь мөн дүрмийн 23.1 "Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 200-202 тал),
3.24.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч Б.Ц-ийн өгсөн:"... Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.15-д зааснаар тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газраас гадна хөдөлгөөнд нээлттэй хучилттай буюу шороон зурвас газрыг мөн замд хамруулж ойлгохоор нарийвчлан зохицуулсан байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтоохоор хуульчилсан тул шинжээч бид тухайн хэрэг учрал нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас эрүүл мэнд хохирсон, эд хөрөнгийн хохирол учирсан буюу дээрх хуулийн 3.1.6- дахь хэсэгт заасан “зам тээврийн осол” гэж үзэх үндэслэлтэй гэдэг дээр санал нэгдсэн. Өөрөөр хэлбэл тухайн хэрэг учрал гарсан газрыг хөдөлгөөнд оролцогчдод нээлттэй буюу замын тэмдэг, тэмдэглэл болох хаалт, хашлага зэргээр хязгаарлалт тогтоосон үйлдвэрлэлийн бүс зэрэг хаалттай хэсэг гэж үзэх боломжгүй байгаа тул Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон нэгдсэн журам мөрдөгдөнө...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 207 тал),
3.25.Мобиком корпорациас гаргаж өгсөн тухайн сайтын барилгатай холбоотой баримт бичгүүд (2-р хх-ийн 63-91 тал) зэрэг нотлох баримтууд болно.
Дөрөв. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
4.1.Талуудын байр суурь, гаргасан санал, дүгнэлт.
Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Ц нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас түүний жолоодон явсан ...............ХӨҮ улсын дугаартай, хар ногоон өнгийн Зил-131 загварын ачааны автомашиныг онхолдож, тээврийн хэрэгслийн тэвшин дээр зорчиж явсан Ч.А , Ч.Б нарын амь нас хохирсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар гэм буруутайд тооцуулах санал, дүгнэлтийг гаргаж байна…” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Зил-131 маркийн ..........-ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний үйлчлүүлэгч жолоодож яваад зам тээврийн осол гарч түүнд зорчин явсан н.А , н.Б нар нас барсан харамсалтай хэрэг гарсан. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа...” гэв.
Шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
4.2.Шүүхээс тогтоосон үйл баримт.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл), амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 87-88, 93 тал, шүүх хуралдааны тэмдэглэл), амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 101, 127-129 тал, шүүх хуралдааны тэмдэглэл), мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Х ын өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 107-108, 113-114 тал), мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч И.Бү-ийн өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 133-134, 147 тал), мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Ж-ийн өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 151-152 тал), мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Гийн өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 50-51 тал), мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч У-С-ийн өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 56- 57 тал), мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Д-ийн өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 60-62 тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 24 тал), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 26-31 тал), зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (1-р хх-ийн 32-33 тал), эд зүйлс /амь хохирогчдын хувцас/-д үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1-р хх-ийн 34-37 тал), “Хү ” ХХК-ний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэрт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргасан баримтууд (1-р хх-ийн 38-44 тал), сайтын барилгын ажил гүйцэтгэх “2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний хуулбар (1-р хх-ийн 48-49 тал), сайтын барилгын бэлтгэл ажлын техникийн даалгавар (1-р хх-ийн 50-55 тал), “Хү ” ХХК-ний баримт бичигт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүнд хавсаргасан 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ (1-р хх-ийн 56-59 тал), Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөнжил баг болон Галт сумын Рашаант багуудад Мобикомын сайтын ажил гүйцэтгэх талбайд ХХААБ инженерээр томилсон тухай тушаалын хуулбар (1-р хх-ийн 66 тал), ажлын байрны тодорхойлолтууд, хөлсөөр ажиллах гэрээнүүд (1-р хх-ийн 70-78 тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 84 дугаартай дүгнэлт (1-р ххк-ийн 161-162 тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 168, 172-173 тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 169-171 тал), “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 24/1124 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 186-188 тал), Шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй шинжээчдийн гаргасан 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 10/335 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 200-202 тал), мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч Б.Ц-ийн өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 207 тал), сайтын барилгатай холбоотой баримт бичгүүд (2-р хх-ийн 63-91 тал) зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад:
Шүүгдэгч Б.Ц нь Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн нутаг Хуурайн эх гэх газарт 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ...............ХӨҮ улсын дугаартай, хар ногоон өнгийн Зил-131 загварын ачааны автомашиныг жолоодож, ууланд ачаа тээвэрлэх явцдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас онхолдож, тээврийн хэрэгслийн тэвшин дээр зорчиж явсан Ч.А , Ч.Б нарын амь нас хохирсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Ц-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан хоёр, түүнээс олон хүний амь нас хохироосон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Тодруулбал Б.Ц-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж үзнэ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6-д “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” ойлгохоор заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.
Мөн дээрх гэмт хэргийг “хоёр буюу түүнээс олон хүний амь нас хохирсон” бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заажээ.
Хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчдийн 84, 85 дугаартай дүгнэлтээр Ч.А, Ч.Б нарын амь нас хохирсон болох нь тогтоогдож байх ба энэ нь шүүгдэгч Б.Ц-ийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь хэрэгт хийгдсэн техникийн шинжээч нарын дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр нотлогдлоо. (1-р хх-ийн 161-162, 169-171, 200-202, 207 тал),
Зил-131 маркийн ..............ХӨҮ улсын дугаартай, автомашины эзэмшигч, жолооч Б.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох “В”, “С”, “С1”, “D”, “D1” ангиллын эрхтэй 391017 дугаартай жолооны үнэмлэхтэй, 2034 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хүчинтэй “С”,“C1” буюу ачааны машин жолоодох үнэмлэхтэй, хэрэг хариуцах чадвартай байна. (1-р хх-ийн 227 тал),
Иймээс шүүгдэгч Б.Ц-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: з/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах" гэж, мөн дүрмийн 23.1-д "Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно" гэж заасныг тус тус зөрчсөн буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” хэмээн зохицуулсан.
Шүүгдэгч Б.Ц-ийн Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус ба тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хоёр хүний амь нас хохирсон, хор уршиг учруулсан байх тул дээрх гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Ц-г “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
4.3.Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар.
“…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол…” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг…” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй /-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Ч.Б ийн хууль ёсны төлөөлөгчөөр ах Ч.Ц , амь хохирогч Ч.А ын хууль ёсны төлөөлөгч ах Ч.Ц нарыг тус тус тогтоосон нь хуульд зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Ц-ийн гэм буруутай үйлдлийн улмаас Ч.А, Ч.Б нарын амь хохирч хүнд хор уршиг учирсан ба амь хохирогч Ч.Б ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц , амь хохирогч Ч.А ын хууль ёсны төлөөлөгч Ч.Ц нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэдгээ илэрхийлж байх тул шүүгдэгчээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ...” гэж, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж тус тус заасан.
Тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Б.Ц-г , иргэний хариуцагчаар “Хү ” ХХК-г тогтоож, иргэний нэхэмжлэгч Б.Ц нь 21,572,932 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх...”-ээр хуульчилсан.
Энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Ж.Түвшинтөгсийг тогтоосон ба иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ц-д тусламж үйлчилгээ үзүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,291,078 төгрөгний зардал гарсан. Дээрх мөнгийг гэм буруутай этгээдээр төлүүлнэ хэмээн нэхэмжилжээ.
Шүүхийн хуралдаанд иргэний нэхэмжлэгч Б.Ц …иргэний хариуцагчаар “Хү ” ХХК-г татан, миний зүгээс 21,572,932 төгрөгийг нэхэмжилжсэн, уг мөнгөн дүнг “Хү ” ХХК-аас гаргуулах шаардлагагүй, хэргийг хурдан шийдүүлмээр байна. “Хү ” ХХК-наас, …нэхэмжлэх мөнгө, …байхгүй…гэх хүсэлтийг бичгээр ирүүлж, шүүхийн хэлэлцүүлэгт...нэхэмжлэлээсээ татгалзаж байна…гэх тайлбарыг гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “нэхэмжлэгч нэхэмжлэлээ...татан авч болно” хэмээн заасан.
Хуулийн дээрх заалтаас дүгнэвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх, түүнийг дэмжих эсэх, мөн түүнээсээ татгалзах эсэх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрх юм.
Иймд иргэний нэхэмжлэгч Б.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин иргэний хариуцагч “Хү ” ХХК-ний захирал Б.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт...Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 3,291,078 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна...гэх тайлбарыг өгч байх тул иргэний хариуцагч “Хү ” ХХК-иас 3,291,078 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.
Тав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ:“…Шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оноох. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай…” гэх,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын саналдаа:“…Улсын яллагчийн саналыг сонслоо. Шүүгдэгч Б.Ц-ийн хувийн байдал, ар гэрийн байдал, гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдлыг ойлгож мэдсэн. Энэ бол санаатай гэмт хэрэг биш хөдөлгөөний аюулгүй байдал зөрчснөөс болж гарсан хэрэг. Амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчид шүүгдэгчээс нэхэмжлэх хохиролгүй, гомдол саналгүй гэж байна. Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна.
Миний үйлчлүүлэгч “Хү ” ХХК нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 3,291,078 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Б.Ц нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул хэрэгсэхгүй болгох өгнө үү...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын саналдаа:“…Улсын яллагчаас Б.Ц-д 2 жилийн хорих ял, тэгээд 8 жилийн эрх хасах санал гаргаж байна.
Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй зэрэг нөхцөл байдлыг шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оноох. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх…” гэх,
Амь хохирогч Ч.Б ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц : “...гомдол санал байхгүй, шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх,
Амь хохирогч Ч.А ын хууль ёсны төлөөлөгч Ч.Ц : “...гомдол санал байхгүй, ялгүй гаргаж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Ц-ийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон. (хх-ийн 1-р хх-ийн 225-230 тал, 2-р хх-ийн 11 тал),
Шүүхээс шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /анх удаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй/, мөн шүүх хуралдаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан “гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч” гэсэн санал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 (найм) жил 1 (нэг) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан журмын дагуу оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 (найм) жил 1 (нэг) сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолох бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол, саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Б-ын Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б-ын Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 (найм) жил 1 (нэг) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 8 (найм) жил 1 (нэг) сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Хү ” ХХК-иас 3,291,078 (гурван хоёр зуун ерэн нэгэн мянга далан найм) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Эрүүгийн 2438002200429 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол, саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ