Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 132/ШШ2024/00147

 

 

2024 04 05

132/ШШ2024/00147

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, 211-17 тоотод оршин суух, Дулаан овогт Энхээгийн Одгэрэл /рд:ГЮ77111465/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 дугаар, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/116 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн шимтгэл нөхөн бичилт хийлгэх тухай 132/2023/00614/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Одгэрэл,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Одгэрэл нь хариуцагч Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд холбогдуулан Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 дугаар, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/116 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Э.Одгэрэл би Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс нягтлан бодогчоор томилогдсон ба 2023 оны 11 дүгээр сарын 01-нийг өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Э.Одгэрэл би ажиллах хугацаандаа удирдах албан тушаалтнаас өгсөн хууль ёсны үүрэг даалгавар, шаардлагыг эсэргүүцсэн, биелүүлээгүй, ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн, сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, ёс зүйн хариуцлага алдсан удаа байхгүй. Гэвч Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал Б.Мөнхжаргал нь хувийн ашиг сонирхлоор 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Би уг тушаалыг эс зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 16-ны үед Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Уг Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг шийдвэрлээгүй байхад 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/116 дугаар тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас халах шийдвэр гаргасан. Э.Одгэрэл намайг ажлаас халсан уг шийдвэрийг эс зөвшөөрч мөн дахин Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Ингээд миний сануулах арга хэмжээ авсан, ажлаас халсан дээрх 2 шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлуудыг хамтад нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлэсэн. Уг Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанаар зөвшилцөлд хүрч чадаагүй учраас шийдвэрлэж чадаагүй гэх утга бүхий тэмдэглэл, шийдвэр гарсан.

Иймд Э.Одгэрэл надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, мөн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/116 дугаартай ажлаас чөлөөлсөн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн нягтлан бодогчоор эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 09 дүгээр сард Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд бичиг хэргээр ажилд ороод 11 сард сургалтын менежер болсон. 4 жил гаруй хугацаанд сургалтын менежер хийсэн. 2023 оны 05 дугаар сард уг сургуулийн захирлын орон тооны шалгалт зарлагдахад шалгалтаа өгч тэнцсэн. Тэгээд намайг томилохгүй байж байгаад 2023 оны 90 дүгээр сарын 04-ний өдөр захирлаар томилсон тушаал гарч ажлаа хүлээж авсан. 2023 оны 6, 7, 8 дугаар саруудын ажлын байрны дарамт бол надтай ямар ч хамааралгүй. Би тэр үед захирал байгаагүй, сургалтын менежер хийж байсан. Төсвийн төсөл дээр захирал нягтлан хоёр голлон сууж боловсруулдаг. Сургалтын менежер бол холбоотой мэдээллүүдээ өгдөг. Гэтэл нягтлан надаас төсвийн төслийг бүрэн хийхийг шаардсан. Тэгэхэд нь би наад ажлыг чинь Ганчимэг багш та хоёр хийх ёстой ажил шүү, би харин өөрийнхөө мэддэг зүйлээ хэлье, боломжтой бол танд тусалъя гэж хэлсэн. Тэгээд би захирлаасаа албан ёсоор 7 хоногийн чөлөө аваад явсан. Миний үүргээс хэтэрсэн зүйлийг надаас нэхсэн. Мөн намайг утсаар удаа дараа дарамталж мессеж бичсэн. 2,200,000 төгрөгийн гүйлгээ бол 2022 оноос Боловсролын яамнаас багш нарт хичээл практикийн зардал гэж хийгдэж эхэлсэн байсан. Гэрэлтуяа багш захирал байхдаа яамнаас ирсэн дүрэм журмынхаа дагуу намайг ажлын хэсгийн ахлагчаар томилсон. Би ажлын хэсгээ хуралдуулаад дүрэм журмынхаа дагуу ямар багшид хэдэн төгрөг оногдох болохыг томъёоллоор гаргаж ирээд худалдан авалтаа хийгээд буцааж багш нарт түгээлтээ хийсэн. Үүн дээр Баяндалай гэх дэлгүүрээс бичиг хэргийн зардлаа авсан байсан. Өмнөх нягтланг тухайн үедээ гүйлгээгээ яаралтай хийгээрэй гэж хэлэхэд би ажлаа өгч байна, дараагийн нягтлангаараа хийлгээрэй гэж тайлбар тавиад гүйлгээгээ хийж өгөөгүй. Тэгэнгүүт бичиг хэргийн дэлгүүр өрөө нэхэмжилж эхэлсэн. Одгэрэл нягтлан ажлаа авангуут энэ гүйлгээг яаралтай хийгээрэй гэж хэлэхэд нярав орлого аваагүй гэж хэлээд хийгээгүй. Би нярав дээр очоод та яагаад орлогоо аваагүй юм бэ гэж асуухад би аваад нягтланд өгчихсөн байгаа, нягтлан худлаа яриад байна гээд бид хэдийн дунд үл ойлголцол үүссэн. Би хүнийг янз бүрийн үгээр огт доромжлоогүй, хүн амьтнаар ч дарамтлуулаагүй. Харин албан харилцаа үүсгэж харьцаж байсан. Нягтлан Одгэрэлээс 2,200,000 төгрөгийн гүйлгээг яаралтай хийгээд өгөөч гэж зунжингаа гуйсан. Яагаад гэвэл дэлгүүр надаас өрөө нэхэмжлээд утасдаад байсан. 2023 оны 07 дугаар сард нягтлан Одгэрэлийг томилсон гээд байна. Би тэр үед захирал байгаагүй тул надад хамаагүй асуудал байна. Намайг томилохгүй маш их удсан. Төсвийн төсөл 7 сард хийгддэг учраас би өмнө ажлаа авчихъя гэж хичээж холбогдох байгууллагын албан тушаалтнуудтай уулзаад асуудлаа ярьсан боловч томилохгүй байж байгаад 2023 оны 09 дүгээр сард тушаалаа гаргасан тул төсвийн төслийг хийх боломж нь олдоогүй юм. Манай сургууль алба хаагчдынхаа эрүүл мэнд, нийгмийн баталгааг нь хангах үүднээс хоол хийж хямдралтай үнээр зардаг байсан. Энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийе гэж нярав, нягтланд санал тавихад нягтлан болохгүй захирлаа, улсын тоног төхөөрөмжийг ашгийн төлөө ашиглаж болохгүй, та бид хоёр хэрэгт орно гэж хэлэхээр нь за тэгвэл болъё, өөр гарц гаргалгаа бодъё гээд нэг удаа яригдаад өнгөрсөн асуудал юм. Энэ асуудлаар дарамталсан гэж худлаа яриад гүтгээд байна. Байгууллагын чатанд алба хаагчид цалин удаж ордог гэж бухимдал үүсгэн захирал, нягтлан хоёроос нэхсэн асуудал гарсан. Тэгэхэд нь би нягтланг та алба хаагчиддаа ямар шалтгааны улмаас цалин орохгүй байгаагаа тайлбарлаад хэлчих гэж хэлэхэд би тайлбар хийхгүй, тайлбар хийх албагүй гэж хэлэхээр нь би тухайн үед нь тайлбар хийж уучлал гуйдаг байсан. Нягтлан бодогч хүний гол ажил бол анхан шатны баримтуудаа бүрдүүлэх байдаг. Би Одгэрэл нягтлангийн олон удаагийн гүйлгээг цуцалж, заавар зөвлөгөө өгч байсан. Та цахимаар илгээж байгаа гүйлгээндээ баримтаа хавсаргаарай гэж хэлэхэд би таньд цаасаар үзүүлчихсэн гээд надаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Баримтаа цахимдаа шивээрэй гэж амаараа хэлсэн, мессежээр хэлсэн, утсаар хэлсэн, сүүлдээ аргаа бараад албан тоот хүртэл өгсөн. Сүүлдээ намайг та санхүүгийн мэдлэггүй байна гэж хэлдэг болсон. Би төрийн сангийн санхүү, нягтлан бодох асуудал хариуцсан мэргэжилтнээс би буруу шаардлага тавиад байна уу, эсхүл нягтлан маань буруу ойлгоод байна уу гэж асуухад таны тавьсан шаардлага зөв, анхан шатны баримтыг бүрдүүлэхгүйгээр гүйлгээ хийнэ гэж байхгүй гэж хэлсэн. Үнэхээр л ажиллахад хүндрэлтэй хэцүү байсан бол надад хандах ёстой байсан. Гэтэл Боловсролын газар болон Нийгмийн бодлогын хэлтэс рүү очиж уулзан ажлаасаа гарах гээд яваад байсныг мэдээгүй, сонсоогүй юм байна. 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хамт олныхоо хурлыг хийгээд Ёс зүйн зөвлөлийг шинэчлэн байгуулсан. Энэ цагаас хойш Ёс зүйн зөвлөлд ажлын байрны дарамт үзүүлж байна, харилцаа хандлага нь ямар ч ёс зүйгүй байна гэсэн утгатай өргөдөл, гомдол 7 хүнээс ирсэн гээд Ёс зүйн зөвлөл хэлэлцээд нягтлан бодогч Э.Одгэрэлийг ёс зүйн ийм ийм зөрчил, дутагдал гаргасан байна, холбогдох арга хэмжээ авна уу гэх дүгнэлтийг надад өгсөн. Би уг дүгнэлтийг үндэслээд сануулах арга хэмжээ авсан. Мөн уг арга хэмжээнээс хойш болон өмнөх ажлуудаа хариуцлагагүй хийснээс болж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, ажил үүргээ цаашид гүйцэтгэхэд хүнд хэцүү болсон. Жишээ нь: Бичиг хэргийн дэлгүүр рүү гүйлгээ хийх гээд нэг гүйлгээг би 5 удаа цуцалсан байгаа. Сүүлдээ нярав маань бичиг хэргийн хэрэгслүүдээ авч чадахаа больж, танай байгууллага өрөө өгөхгүй байна гэснээс үүдэлтэй холбогдох алба хаагчид хувиараа бичгийн цаас болон бас бус эд зүйлсийг худалдаж авахад хүрсэн. Миний хувьд Одгэрэл нягтлантай хувийн өш хонзон болон ажлаас нь хална гэсэн санаа, сэтгэл, бодол огт байхгүй. Би алба харилцаагаар харилцаж, бид хоёрын хооронд ажлын холбогдолтой маргаан гарч, хариуцсан ажлаа муу хийж, ёс зүйн алдаа гаргасан тул арга хэмжээ авсан. Би нягтлантай хамтран ажиллах гэж маш их хичээсэн. Дээд шатны албан тушаалтныхаа тавьж байгаа хүсэлт, хууль ёсны шаардлагад ямар нэг шалтаг хэлж, эсэргүүцээд биелүүлдэггүй. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар Одгэрэлд нягтлан асуудлуудыг танилцуулж тайлбарлахад намайг маш ихээр доромжилсон. Тэр хуралдааныг 1, 2 хүн орхиж гарсан. Бүгд гарсан мэтээр худлаа яриад байна. 9 дүгээр сард 7, 8, 9 дүгээр сарын үр дүнгийн урамшууллыг цалин хамт өгнө гэж захирал тушаал гаргасан. Гэтэл нягтлан 9 дүгээр сард олгохгүй, 10 сард олгоно гээд хийгээгүй. Үүнээс болоод алба хаагчдаас гомдол ирсэн. Мөн зарим нэг багш нараас бас гомдол орж ирсэн. Нийгмийн даатгал төлөгдөөгүй байна, эмнэлэг, банкаар явж ажил хөөцөлдөхөөр болохгүй байна гэсэн. Ямар учраас хэн гэдэг хүмүүсийн нийгмийн даатгал төлөгдөөгүй болохыг нягтлангаас асуухад юм хэлээгүй. Мөн 2023 оны 09 дүгээр сард 4 алба хаагчийн цалинг өгөлгүй үлдээсэн байсан. Үүнийгээ хүний нөөцийн системээс шалтгаалсан гээд байгаа. Гэхдээ тэр 4 хүний 2 нь сургуульд олон жил тасралтгүй ажилласан хүмүүс байсан тул хүний нөөцтэй хамааралгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралд ороход надтай хамааралгүй асуудал ярьж гүтгэсэн асуудал гарсан. Мөн 2023 оны 11 дүгээр сард гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

-Э.Одгэрэлийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/,

- Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/105 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/,

- Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/116 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/,

-2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шууданчийн гардуулалтын хуудас /хэргийн 8-р хуудас/,

-Сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай тэмдэглэл/шийдвэр /хэргийн 9-10-р хуудас/,

-Эмнэлгийн магадлагаа /2 дугаар хавтаст хэргийн 154-р хуудас/,

-Э.Одгэрэлийн бакалаврын дипломын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 155-156-р хуудас/,

Э.Одгэрэлийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 157-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 05, 06 дугаар сарын тайлан /2 дугаар хавтаст хэргийн 158-159-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 160-162-р хуудас/,

-А.Уранбилэгийн Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захиргаанд гаргасан хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 163-р хуудас/,

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариу тайлбар ирүүлсэн байна. /хэргийн 19-23-р хуудас//,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 24-р хуудас/,

-Булган аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б.Мөнхжаргалыг ажилд томилох тухай Б/53 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 25-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 26-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/116 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 24-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/22 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 28-р хуудас/,

-Нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /хэргийн 29-32-р хуудас/,

-Тэмдэглэлийн дэвтэрт бичсэн бичвэрийн хуулбар /хэргийн 33-38-р хуудас/,

-Сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаартай тэмдэглэл/шийдвэр /хэргийн 39-43-р хуудас/,

-Сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай тэмдэглэл/шийдвэр /хэргийн 44-р хуудас/,

-Нягтлан бодогч Э.Одгэрэлийн ажил хүлээлцсэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 45-48-р хуудас/,

-Нягтлан бодогч Э.Одгэрэлийн ажил хүлээлцэх ажлын хэсгийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 49-52-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захиргаанд гаргасан өргөдөл /хэргийн 53-54-р хуудас/,

-Б.Бямбадоржийн цалингийн мэдээлэл /хэргийн 55-56-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн ажилчдын 2023 оны 09 дүгээр сарын ажлын цагийн тооцоо /хэргийн 57-58-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захиргаанд багш, ажилчдын гаргасан өргөдөл /хэргийн 59-62-р хуудас/,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Оюундуламын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаартай акт /хэргийн 63-64-р хуудас/,

-2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт төлөлтөнд хийсэн шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн жагсаалт /хэргийн 65-р хуудас/,

-Д.Гэрэлтуяагийн Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захиргаанд гаргасан өргөдөл /хэргийн 66-р хуудас/,

-Гар утасны мессежээр харилцсан баримт /хэргийн 67, 69-71-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 72 дугаартай албан бичиг /хэргийн 68-р хуудас/,

-Фэйсбүүк чатаар харилцсан баримт /хэргийн 72-75-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 50 дугаартай албан бичиг /хэргийн 76-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 1000414105 тоот дансны 2023 оны төсвийн хуваарь /хэргийн 77-78-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаарх өр авлагын тооцоо /хэргийн 79-89-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 2023 оны 05, 06, 08, 09 дүгээр сарын ажлын цагийн тооцоо /хэргийн 90-105-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн Шилэн дансны мэдээлэл /хэргийн 106-125-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4 дугаартай тэмдэглэл /хэргийн 126-129-р хуудас/,

-Э.Одгэрэлийн ажилласан цаг бүртгэлийн баримт /хэргийн 130-135-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн ёс зүйн зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт /хэргийн 136-138-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаартай тэмдэглэл /хэргийн 139-140-р хуудас/,

-Ажилчдын Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захиргаанд гаргасан өргөдөл /хэргийн 141-151-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн П.Батням, Б.Бямбадорж, Д.Гэрэлмаа, А.Уранбилэг, Ө.Сэлэнгэ нарт хүргүүлсэн зөвлөмж /хэргийн 152-156-р хуудас/,

-Ёс зүйн хорооны гишүүдийн хурлын тэмдэглэл /хэргийн 157-168-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн Ёс зүйн зөвлөлийн хурлын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл /хэргийн 170-186-р хуудас/,

-Санхүүгийн баримтууд /хэргийн 187-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-34-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/795 дугаартай албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 130-р хуудас/

-Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт төлөлтөнд хийсэн шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 131-р хуудас/

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/98 дугаартай тушаал, тушаалын хавсралтын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 58-59-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/141 дугаартай тушаал, тушаалын хавсралтын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 60-61-р хуудас/,

-Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 02 дугар сарын 20-ны өдрийн 06/227 дугаартай албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 64-р хуудас/,

-Булган аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/87 дугаартай албан бичгээр ирүүлсэн Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 3 дугаар сарын мэдээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 65-70-р хуудас/,

-Гэрч Д.Баярсайхан, П.Баянжаргал, А.Уранбилэг, Л.Ганчимэг, Б.Номинчимэг, Э.Солонго, Э.Нарантуяа нарын шүүхэд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 83-103-р хуудас/,

-Булган аймгийн Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 168 дугаартай албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 105-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн аудитаар ирүүлсэн алдаа, зөрчилтэй асуудлын бүртгэл /2 дугаар хавтаст хэргийн 106-р хуудас/,

-Булган аймгийн Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/75-21220282 дугаартай төлбөрийн акт /2 дугаар хавтаст хэргийн 107-108-р хуудас/,

-Булган аймгийн Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/41-21220282 дугаартай албан шаардлага /2 дугаар хавтаст хэргийн 109-р хуудас/,

-Булган аймгийн Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/42-21220282 дугаартай албан шаардлага /2 дугаар хавтаст хэргийн 110-р хуудас/,

-Булган аймгийн Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 03/110-21220282 дугаартай албан шаардлага /2 дугаар хавтаст хэргийн 111-р хуудас/,

-Ур чадварын нэмэгдэл илүү олгосон жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 112-113-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 03/109 дугаартай албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 114-р хуудас/,

-Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03/1556 дугаартай албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 127-128-р хуудас/,

-Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/111 дугаартай тушаалын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 133-р хуудас/,

-Булган аймгийн ЕБС, МСҮТ-ийн захиргаа аж ахуйн алба хаагчдын баярыг тохиолдуулан зохион байгуулах олон төрөлт тэмцээний удирдамж /2 дугаар хавтаст хэргийн 134-136-р хуудас/,

-Булган сумын Ц.Готовын нэрэмжит Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хөдөлмөрийн дотоод журам /2 дугаар хавтаст хэргийн 137-151-р хуудас/,

6.Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

-Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхжаргалын гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 177-183-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Э.Одгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 дугаар, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/116 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн шимтгэл нөхөн төлүүлнэ гэв.

 

3.Хариуцагч талаас Булган аймгийн Булган сумын, Ерөнхий боловсролын 3 дугаар дунд сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 дугаар, 2023 оны 11 дүгээр сарын 01- ний өдрийн Б/116 дугаартай тушаалуудыг хүчингүй болгох үндэслэлгүй.

Дээрх тушаалууд нь хууль зүйн үндэслэл бүхий нягтлан Э.Одгэрэлийн зөрчил дутагдалд тохирсон, хуулийн дагуу гарсан. Түүнчлэн нягтлан Э.Одгэрэл нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 дугаар тушаалын дагуу сахилгын арга хэмжээ авахуулсан ба тухайн тушаалыг эс зөвшөөрсөн ямарваа нэгэн гомдол мэдээлэл сургуулийн захиргаанд ирээгүй бөгөөд уг сахилгын зөрчилтэй холбоотойгоор сургуулийн захирлыг Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралд дуудсан, гомдлыг танилцуулсан, хэлэлцүүлсэн зүйл байхгүй. Хэрвээ тийм зүйл байсан бол надад албан ёсоор мэдэгдэх учиртай.

Мөн тус сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/116 дугаартай тушаалаар нягтлан Э.Одгэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь түүний гаргасан зөрчил дутагдалд тохирсон хууль ёсны дагуу авагдсан сахилгын зөрчил юм. Тус арга хэмжээг сургуулийн захирлын зүгээс гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулж, зөрчил дутагдлын талаар тайлбарлан танилцуулсан байдаг. Нягтлан бодогч Э.Одгэрэлийн хууль бус зөрчилтэй үйлдлээс болж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж ажил үүрээ явуулах боломжгүй болсон байдаг. Учир нь дараах байдлаар маш их хэмжээний зөрчил гаргахаас гадна тухайн байгууллага ажилчдын эрх ашиг сонирхолыг давхар хөндсөн, үйлдлийг удаа дараа гаргаж, гарсан алдаа дутагдлаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, засах гэж оролддоггүй, өөрийгөө өмөөрч хэрүүл маргаан үүсгэж ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж ирсэн. Захирлын хувьд би түүнтэй таарч тохирохгүй байгаа биш харин байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг алдагдуулж, алдаа дутагдал удаа дараа гаргахыг хүлээн зөвшөөрч чадахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Э.Одгэрэл, хариуцагч Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр хийгдэж талууд гарын үсэг зурсан байна. /2хх-ийн 160-162/

Дээрх гэрээнээс харвал талууд гэрээний гол нөхцөлийн талаар буюу ажил, албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тохиролцож, нэг бичиг баримт үйлдэн гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно.

Мөн Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 дугаартай тушаалаар Энхээгийн Одгэрэлийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тус сургуулийн нягтлан бодогчоор ажиллуулж, түүний сарын үндсэн цалингийн хэмжээг тогтоож, уг цалинг олгох үүргийг хариуцагч хүлээсэн баримт хэрэгт авагджээ.

 

4.2.Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/105 дугаартай Э.Одгэрэлд сануулах арга хэмжээ авах тухай, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/116 дугаартай Э.Одгэрэлийг ажлаас чөлөөлөх тухай тушаалууд тус тус гарснаар ажил олгогчийн санаачлагаар тус сургуулийн нягтлан бодогч Э.Одгэрэлийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.

 

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй, 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш  дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, 154.8.Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заасан.

 

5.1.Нэхэмжлэгч Э.Одгэрэл нь Булган аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 11 дүгээр сарын 06-ны өдөр тус тус гомдол гаргасныг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Мөнхжаргалд зөвлөмж хүргүүлж, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг гомдол гаргагч Э.Одгэрэл 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан байна. /1-р хх-ийн 8 /

 

5.2.Э.Одгэрэл нь сахилгын шийтгэл оногдуулсан болон ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халагдсан тухай гомдлоо анх 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д заасан хугацаанд гомдлоо гаргажээ гэж үзэв.

 

6.Хариуцагч нь нэхэмжлэгч үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсанаас алдаа дутагдал гаргаж, хамт олноос гомдол санал ирсэн, удирдлагаас өгсөн ажлын үүрэг даалгавар, шаардлага, зөвлөгөөг эсэргүүцэн хүлээн авдаггүй болон төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмүүдийн нийт 7 зүйл заалтыг зөрчсөн тухай сургуулийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гарсан үндэслэлээр Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/105 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалт, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалт, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 7.5.5 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Э.Одгэрэлд сануулах арга хэмжээ авсан байна.

 

6.1.Ажилтан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр тохирсон өөрт ногдуулсан ажил үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй зэргээр Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, сахилгын дүрмийг зөрчсөн үйлдлийг сахилгын зөрчил гэж тодорхойлсон байна.

Сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн байхаас гадна тухайн ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан хуулиуд, сахилгын болон ёс зүйн дүрэм зэргийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байж болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах болохыг заасан.

 

Нэхэмжлэгч Э.Одгэрэлийн гаргасан зөрчлийг тус сургуулийн Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар нягтлан бодогч Э.Одгэрэлийн зан харилцаа, ёс зүй, ажил үүрэгтэй холбогдуулан багш, ажилчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэж, уг асуудлыг ёс зүйн зөвлөлөөр шийдвэрлэх боломжгүй тул сургуулийн захиргаанд шилжүүлсэн. /1 хх-ийн 136-138/

3 дугаар сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаартай хурлаар Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж, Э.Одгэрэл нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.3.а, 3.1.3.б, 3.1.4.б, 3.1.4.д, 3.1.7.ж, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4.4.1, 4.4.5, 4.4.9-д заасныг зөрчсөн тул сануулах арга хэмжээ гэх заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг үндэслэн Э.Одгэрэлд сануулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч буюу зөрчил гаргагч Э.Одгэрэлийн гаргасан зөрчлийг хуульд зааснаар сургуулийн Ёс зүйн зөвлөл болон Захирлын дэргэдэх зөвлөл хэлэлцэж, зөрчлийг тогтоож, зөрчил гаргагчийг хуралдаанд оролцуулж, түүний тайлбарыг сонсож, энэ зөрчил нь тогтоогдсон гэж үзэж Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/105 дугаартай Сануулах арга хэмжээ авах тухай тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. гэсэн хуулийн заалтад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Э.Одгэрэлийн гаргасан сахилгын зөрчил нь хөдөлмөрийн дотоод журам, албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан хуулиуд, сахилгын болон ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/105 дугаартай Сануулах арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. 

 

7.Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Тушаалд бичигдсэн ажлаас халсан үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцнэ.

Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/116 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7, 42.2.9 дэх заалт, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалт, Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дахь заалт, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.7, 7.9 дэх заалт, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.3.7, 4.4.5, 4.4.9, 4.4.10 дахь заалтуудыг баримтлан Э.Одгэрэлийг нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн байна.

 

7.1.Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ үүрэгт ажлаа хариуцлагагүй, чанаргүй гүйцэтгэж, удирдуулах зарчмыг зөрчин удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар, шаардлагыг эсэргүүцэн биелүүлээгүй болон хангалтгүй гүйцэтгэсэн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, ёс зүйн хариуцлага алдсан зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэжээ.

 

7.2.Эдгээр үндэслэлээс үүрэгт ажлаа хариуцлагагүй, чанаргүй гүйцэтгэсэн, ...байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т, харин удирдуулах зарчмыг зөрчин удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар, шаардлагыг эсэргүүцэн биелүүлээгүй, ёс зүйн хариуцлага алдсан зөрчлийг удаа дараа гаргасан гэдэг нь мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлд хамаарч байна. Иймд Э.Одгэрэлийг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т заасныг баримтлах нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангах байжээ.

 

7.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалт нь ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр ажлаас чөлөөлөх зохицуулалт байна.

Ажилтны ажил мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон талаархи салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно.

Хэрэгт авагдсан баримтуудаар дээрх байдал буюу ажилтны ажил мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон гэх байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

7.4.Мөн ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ нэхэмжлэгчийг ...удирдуулах зарчмыг зөрчин удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар, шаардлагыг эсэргүүцэн биелүүлээгүй, ...ёс зүйн хариуцлага алдсан зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэж тайлбарлан холбогдох баримтыг гаргаж өгсөн боловч ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлаагүй нь буруу болжээ.

 

7.5.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч нь мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Энэ тухайгаа ажил олгогч нь ажилтанд бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан байх нь хуульд нийцнэ. Ийнхүү мэдэгдсэн талаар ямар нэг нотлох баримт ирүүлээгүй тул хуульд заасан дээрх үүргийг ажил олгогч Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль биелүүлээгүй гэж үзнэ. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн байна.

 

Иймд Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/116 дугаартай тушаалаар Э.Одгэрэлийг тус сургуулийн нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул Э.Одгэрэлийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

8.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заажээ.

8.1.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан. Энэхүү журмаар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг сүүлийн 3 сар сарын цалин хөлсөөр тодорхойлвол /5,112,999 : 3 сар = 1,704,33 төгрөг : 21.5 ажлын өдөр= 79,271 төгрөг, 79,271 төгрөг х 110 ажилгүй байсан хугацаа/ = 8,719,810 төгрөг болж байна. Дээрх тооцоог нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгаагүй, нийт олговол зохих цалин хөлснөөс тодорхойлсон тул уг дүнгээс дээрх суутгалуудыг сар бүрээр тооцон төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

9.Хуульд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч   Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас цалинтай тэнцэх хэмжээний олговор 8,719,810 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 154,467 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Одгэрэлийг Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 дугаартай Э.Одгэрэлд сануулах арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 заасныг баримтлан Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинд 8,719,810 /найман сая долоон зуун арван есөн мянга найман зуун арав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Одгэрэлд олгож, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай. 

 

3.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 154,467 /нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулсугай.

 

4.Нотлох баримтаар ирүүлсэн 2 ширхэг тэмдэглэлийн дэвтэр, 2 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ