| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2026/0101/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/132 |
| Огноо | 2026-03-30 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2026/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч М.Эрдэнэ-Очир, шүүгч А.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Иргэдийн төлөөлөгч Л.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Хохирогч Ц.Хү,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч П.Т , П.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн П-ын Т
, П-ын Х нарт холбогдох эрүүгийн 2538004250567 дугаартай хэргийг 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, У овогт П-ын Т , 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ах, эгч нарын хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын .............. дугаар баг, .................. оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РИ................... дугаартай.
Монгол Улсын иргэн, У овогт П-ын Х , 1985 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ...........дугаар баг, .................... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч П.Т , П.Х нар нь бүлэглэн 2025 оны 8 дугаар сарын 25-ны 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны нутаг дэвсгэрт, Ц.Хү-ыг гараар цохиж, хөлөөр өшиглөж зодон, амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд.
Улсын яллагч: 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 440 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх баримт, хх-ийн 79-80-р талд авагдсан гэрч С-ын мэдүүлэг, хх-ийн 20-22-р талд авагдсан гэрч н.Б-ийн мэдүүлэг, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой лавлагаа зэргийг шинжлэн судлав.
Хохирогч Ц.Хү хавтаст хэргээс: Судлах баримт байхгүй гэв.
Шүүгдэгч П.Т хавтаст хэргээс: Судлах баримтгүй гэв.
Шүүгдэгч П.Х хавтаст хэргээс: Судлах баримтгүй гэв.
Хоёр. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтууд.
2.1.Шүүгдэгч П.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “…Би гэрт нь очсон чинь н.Хү, н.Б хоёр хамт унтаж байсан. Тэгээд н.Хүыг гэртээ харь гэсэн чинь явахгүй байхаар нь гэрээс гаргаад 2,3 цохисон, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. н.Хү бид хоёр хоёулаа согтуу байсан. н.Б бид хоёр н.Б гуайн гэрт 1 жил хамтран амьдарсан. Энэ явдлаас болоод хамт амьдрахгүй байгаа. н.Х ах зодоонд оролцоогүй…” гэв.
2.2.Шүүгдэгч П.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “…Би О гэх айлд чонийн элэг гэдэг ургамал зарах гэж очсон. Очиход ах байхгүй байсан. Тэгээд эхнэрийн хамт буцаад уруудаж явахдаа даараад байсан тул дүүгийнхээ хадмынд дулаацахаар очсон. Тэгэхэд н.Т , н.Хү хоёр согтуу барилцаад авчихсан байж байсан. Би тэр хоёрыг салгаад явсан, зодоонд оролцоогүй...” гэв.
2.3.Хохирогч Ц.Хү шүүхийн хэлэлцүүлэгт: “…н.Б намайг гэртээ хонолцоод өгөөч гэсэн юм. Тэгээд гэрт нь байж байтал шөнө н.Т орж ирсэн. Бид хоёр 1 шил архи хувааж уусан. н.Т уурлаад н.Б-ийг цохисон. Тэр үед би боль гэсэн гэхэд н.Т намайг цохиод, гэрээс гаргаад өшиглөсөн. н.Т , н.Х хоёр нийлж хоёр талаас өшиглөөд байсан. Эхлээд би мэдэж байсан, харин сүүлдээ ухаангүй болсон байсан. Энэ хоёр хоёулаа зодсон.
Гадаа хоёр талаас өшиглөөд намайг зодсон. Одоо биеийн байдал гайгүй байгаа. н.Т-ын яриад байгаа шиг харилцаа н.Б бид хоёрын хооронд байхгүй, надаас дүү бараг миний охин шиг хүн. Хохиролд 10,000,000 төгрөг бэлнээр аваагүй. Харин 2,000,000 төгрөг бэлнээр авсан. Мөн машин, монгол гутал өгсөн. Энэ бүгд нийлээд 10,000,000 төгрөг болсон байх, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэв.
Гурав. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан нотлох баримтууд.
3.1.Хохирогч Ц.Хү-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...н.Т нь н.Б-ийн байшинд анх орж ирээд хамтран амьдрагчаа цохисон. Тэгэхээр нь би боль гэсэн чинь миний зүүн шанаа болон хамрын хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэр үед миний хамраас цус гараад би доошоо нүүрээ дараад сууж байхад миний толгойн ар дагз хэсэг рүү өшиглөсөн, тэр үед би ухаан балартсан, намайг гэрээс чирч гадаа гаргасан байсан,...Т-ын ах гэх Х нь байшингийн гадаа Т нь намайг газар унагаад зодож байх үед хажуунаас нь орж ирээд миний биеийн хавирга хэсэг рүү өшиглөсөн, хэдэн удаа цохиж өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Ах, дүү нар миний биеийн хоёр талд гарсан өшиглөөд зодоод цохиод байсан. Тухайн үед миний хамар дотогшоо чиглэлдээ хонхойж хавдсан, зүүн шанаа хавдаж, нүд хөхөрч хавдсан, цээж хэсэг хөндүүрлэж өвдсөн, мөн хоёр талын цээжин хэсгийн хавирга хугарч гэмтсэн бололтой хөндүүрлэн өвдөж амьсгаа авах боломж муудсан байсан. Хамраас их хэмжээний цус гарсан байсан,...гомдолтой байна. Намайг цохиж, зодсон Т , төрсөн ах Х нараас эмчилгээний зардлаа гаргуулж авч дараагийн эмчилгээндээ явах шаардлагатай байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-13, 16-17-р тал),
3.2.Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хонолцоод өгөөч гэж Хү ахыг гуйгаад хүүхэдтэйгээ цуг гурвуулаа харьсан. Унтаж байсан 2 өнгөрөөд 3 болох гэж байхад Т орж ирээд намайг цохиод эхэлсэн. Т болон Х гэх залуу эхнэртэйгээ ирээд нэмж Хү-ыг зодож бариад байсан юм,...өшиглөсөн дээрээс нь дэвссэн. Тэр үед Хү ах боль л доо амьсгаа авч болохгүй болчихлоо гээд орилоод байсан. Хү ахын хамраас цус гараад дээл болон өмсөж байсан хувцаснууд нь бүгд цус болсон байсан. ...тухайн өдөр эхлээд Т зодож байгаад төд удалгүй ах нь болох Х гэх эрэгтэй ирээд, тэр хоёр нийлж аваад 3 цагаас үүрийн 4 цаг хүртэл Хү-ыг тасралтгүй зодсон, ...Хү ахыг Т төрсөн ах Х нар нь чирж гаргаж ирээд гадаа зодоод байсан. ...Т ах Хтэйгээ нийлж Хү ахыг цохиж зодож байхад би хажууд нь харж байсан. Миний харснаар Т нь гэрийн гадаа Хү ахын цээж хэсэг рүү өшиглөж, гараараа цохиж байсан. Яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй, ...Х гэх хүн нь Хү ахыг очиж толгой хэсэг рүү нь гараараа цохиж байсан. Тэр хоёр мод чулуу зэвсэгийн чанартай зүйлээр цохиогүй, гар хөлөөрөө ээлжлэн очиж цохиж, зодоод байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-22, 24-р тал),
3.3.Гэрч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...тэр өдөр үүрийн 04 цагийн үед мөлхөж гэр рүү хамар амнаас цус гоожсон өрөөсөн гуталтай, дээл байхгүй байдалтай орж ирсэн. Тэгээд би түргэн дуудсан, ...Б гэх эмэгтэйтэй цуг гэрт нь байсан үед нөхөр нь шөнийн 02 цагийн үед очоод эхнэрээ чи энд юу хийж хэвтээ юм гээд алгадахаар нь Хү боль гэж хэлэхэд Б ийн нөхөр болох тэр залуу өөр хүнтэй гэрээс гаргаж байгаад намайг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р тал),
3.4.Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О гэх хүний гэрийн гадаа Х бас нэг эмэгтэйтэй манай ач охин болох Б-ийн 03 настай охиныг тэвэрсэн сууж байхаар нь би Х-д та нар урд шөнө зодоон хийсэн байна. Манай охин Б тэй хамт байсан гэх Хү-ыг зодсон байна гэж хэлсэн чинь Х миний урдаас энэ голд миний яаж явах танд хамаагүй гэх утгатай юм яриад байхаар нь би олон юм ярилгүй ач охиноо аваад явсан, ...намайг өглөө О гэх айлд үүрээр 07 цаг өнгөрч байхад очиход Х архи уусан согтуу байсан. Хүн рүү дайрч агсам тавиад байсан. ...Хү гэх хүнийг Т , төрсөн ах Х нар нь зодсон гэж манай охин ярьж байсан. Тэгээд би өдөр нь эмчийн хамт Хү-ы гэрт очиход Хү орон дээр хэвтэж байсан, 2 эгч нь танай охиныд байж байгаад хүнд зодуулсан байна гэж байсан. Хү надад Т түүний ах Х нарт зодуулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-р тал),
3.5.Гэрч О.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гэртээ унтаж байхад өглөөний 07 цаг өнгөрч байхад манай хашааны гадаа хүмүүс дуугараад хэрэлдээд байхаар нь би орноосоо босоод гэрээсээ гараад очиход манай гадаа Х эхнэр нь бололтой нэг танихгүй эмэгтэй, Б ийн аав Б нар байсан. Тэр үед Х нь тэнд байсан Б гэх хүн рүү агсараад байх шиг байсан. Би Хд чи энэ Устын голд юу хийж яваа юм, хүн амьтан унтуулахгүй яв гэсэн чинь Х нь за би таны үгэнд орно гээд яваад өгсөн. Б гэх хүн Хгийн авч явсан бага насны нэг хүүхдийг аваад гэрлүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-р тал),
3.6.Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6-р багт нөхөр 1 хүүхдийн хамтаар мал маллан амьдардаг. Би 2025 оны 8 дугаар сарын сүүлээр нутгийн таньдаг ах болох О ахын гэр нь очсон. Бид хоёр чонийн хэл нэртэй ургамал өгөхөөр очсон,...буцаад гэрлүүгээ явж байхдаа даараад байхаар нь замд ойрхон байсан айл руу дулаацахаар орсон. Тухайн айл руу ороход манай нөхрийн төрсөн дүү Т , эхнэрийн хамт бас нэг танихгүй эрэгтэй хүн гурав хэрүүл маргаан болсон байдалтай байсан. Тэгтэл Т нь танихгүй эрэгтэй хүнтэй зодолдоод байхаар нь манай нөхөр Х салгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 79-80-р тал),
3.7.Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 397 дугаартай: "...Ц.Хүы биед цээжний зүүн талд 2,3,6,7,8,9,10-р хавирганы хугарал, 4,5-р хавирганы хоёрлосон хугарал, цээжний баруун талд 2,3,4,5,6,7,8,9-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлдлээр үүсгэгдэнэ. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учрсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хедөлмөрийн чадварыг тогтонги алдагдах эсэх нь эдгэргэлт ба эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 42-43-р тал),
3.8. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4-р тал),
3.9.Хохирогч Ц.Хү-ы Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл (хх-ийн 5-7-р тал),
3.10. Иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн нэхэмжлэл (хх-ийн 99-102-р тал),
3.11.Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон:
Шүүгдэгч П-ын Х гийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 89-94-р тал) зэрэг болно.
Дөрөв. Талуудын гаргасан санал, дүгнэлт.
Улсын яллагч “шүүгдэгч нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогч, гэрч нарын мэдүүлэг тогтвортой байдаг. Иймд өмнөх саналаа дэмжинэ” гэх,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч нар нь бүлэглэн хохирогчид гэмтэл учруулаагүй. Улсын яллагчаас шүүгдэгч П.Т , П.Х нарыг бүлэглэн бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч н.Хү-ы өгсөн мэдүүлгээс үзэхэд хэн зодсон гэдгийг тодорхой хэлж чаддаггүй, харин дараа нь н.Б-ээс мэдсэн байдал харагддаг.
Сая шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ н.Х, н.Т хоёрын хэн нь хэрхэн яаж цохисон талаар нотолж чадахгүй байна. Түүний урьд өгсөн мэдүүлэг эргэлзээтэй “хоёр талаас өшиглөөд байсан” гэж байна. Нэг хүн угсруулаад өшиглөөд байсныг үгүйсгэхгүй. Тухайн үед хохирогч ухаан алдтал согтсон байсан. Мөн тухайн хэрэг болох үед байсан гэрч Б.С-ын “...Т нь танихгүй эрэгтэй хүнтэй зодолдоод байхаар нь манай нөхөр Х салгасан...” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасан. Энэ хэрэгт мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг нотлон тогтоож чадаагүй байна. Шүүгдэгч П.Т хардалтын улмаас н.Хү-ыг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Түүнийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлээр зүйлчлэх нь зүйтэй. Харин П.Х гийн үйлдэл эргэлзээтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх,
Иргэдийн төлөөлөгч “...П.Т , П.Х нар нь Ц.Хүыг бүлэглэн зодсон гэж үзэж байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Тав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан буюу гэм буруугүй болох, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах,...нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн зохицуулалтын хүрээнд нотлох баримтыг шалгах, үнэлэх байдлаар, Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс…хохирогчид үүссэн гэмтлийг шүүгдэгч нар нь бүлэглэн учруулаагүй, хэргийн бодит байдлыг нотлон тогтоож чадаагүй тул шүүгдэгч П.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү… гэсэн санал гаргаж, гэрч Б.С-ын мэдүүлгийг нотлох баримтаар дурдаж, мэтгэлцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэдэг. Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч П.Х-г бусадтай бүлэглэн хохирогч Ц.Хү-ы бие эрх чөлөөнд халдаж хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэсэн дүгнэлт хийхэд хангалттай хүрэлцэхүйц нотлох баримт авагдаагүй байна. Тухайлбал:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С гэрчээр “...тухайн айл руу ороход манай нөхрийн төрсөн дүү Т , эхнэрийн хамт бас нэг танихгүй эрэгтэй хүн гурав хэрүүл маргаан болсон байдалтай байсан. Тэгтэл Т нь танихгүй эрэгтэй хүнтэй зодолдоод байхаар нь манай нөхөр Х салгасан...” гэх мэдүүлгийг өгчээ.
Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолын: 1.11-т “...гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ тэрээр хэргийн бусад оролцогчтой садан төрөл, найз нөхдийн гэх мэтээр хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдлыг сайтар нягталбал зохино...” гэж тайлбарласан ба гэрч Б.С-ын мэдүүлгээс үзэхэд тэрээр шүүгдэгч П.Х-тэй хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдал тогтоогдож байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан.
Хуулийн дээрх заалтаас үзвэл гэрчийн мэдүүлгийг дангаар нь бус, харин хэрэгт цугларсан бусад баримтуудтай харьцуулан үнэлдэг.
Өөрөөр хэлбэл гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтын нэг төрөл болох боловч дангаараа хэргийг шийдвэрлэх хангалттай үндэслэл болохгүй бөгөөд гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтын хамт цогцоор үнэлэгдэж, харилцан бие биенээ нөхсөн тохиолдолд нотолгооны ач холбогдолтой болдог.
Гэтэл шүүгдэгч П.Х-г тухайн хэрэгт хамааралгүй гэдгийг гэрч Б.С-ын мэдүүлгээс өөр нотлох хөндлөнгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрч Б.С-ын мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирохгүй, зөрүүтэй байх тул гэрч Б.С-ын мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
Нөгөө талаар шүүгдэгч П.Х нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд П.Т тай хамт байж, бүлэглэн хохирогч Ц.Хү-ыг зодож гэмтэл учруулсан болохыг хэргийн газар хамт байсан гэрч Б.Б мэдүүлдэг ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Хү нь “...н.Т н.Б-ийг цохисон, тэр үед би боль гэсэн чинь н.Т намайг цохиод, гэрээс гаргаад өшиглөсөн. н.Т , н.Х хоёр нийлж хоёр талаас өшиглөөд байсан, энэ хоёр хоёулаа намайг зодсон...” гэх мэдүүлгийг өгсөн.
Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Ц.Хү, гэрч Б.Б нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдож байна.
Мөн гэрч Ц.Одбаяр, Б.Б нарын өгсөн мэдүүлэгт Ц.Хү, Б.Б нар нь шүүгдэгч П.Т, П.Х нарыг бүлэглэн хохирогч Ц.Хү-ыг зодсон талаар ярьсан гэж мэдүүлсэн байх бөгөөд мэдүүлгийн эх сурвалж нь тухайн үйл баримт, гэмт хэрэг үйлдэгдэхэд цуг байсан, болсон үйл баримтыг гэрчилсэн мэдүүлэг гэж үзэх ба дээрх гэрч нарыг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хүнд гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нь дээрх мэдүүлгүүдийг давхар нотолсон, эдгээр нотлох баримтыг үгүйсгэх няцаах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч П.Т , П.Х нарыг бүлэглэн хохирогч Ц.Хү-ы бие эрх чөлөөнд халдан зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Тодруулбал шүүгдэгч П.Т, П.Х нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Хү-ы биед цээжний зүүн талд 2,3,6,7,8,9,10-р хавирганы хугарал, 4,5-р хавирганы хоёрлосон хугарал, цээжний баруун талд 2,3,4,5,6,7,8,9-р хавирганы хугарал бүхий хүнд гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй нотлогдсон.
Шүүгдэгч нарын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрсдийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй ба хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Т , П.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Иргэдийн төлөөлөгч Л.С шүүх хуралд шүүгдэгч П.Т , П.Х нар нь Ц.Хү-ыг бүлэглэн зодсон гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, хүмүүс хоорондын ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, ахуйн хүрээнд архидан согтуурсан зэрэг байдал нөлөөлсөн гэж дүгнэв.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч П.Т , П.Х нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Хү-ы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд хохирогч Ц.Хү шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч нараас хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан.
Хэрэгт авагдсан нэхэмжлэл гаргах тухай баримтаар хохирогч Ц.Хү нь гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 201,532 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан болох нь тогтоогдсон бөгөөд иргэний нэхэмжлэгч уг хохирлыг нэхэмжилснийг шүүгдэгч нар нь завсарлага авч төлсөн байх тул шүүгдэгч П.Т , П.Х нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Зургаа. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч П.Т , П.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд шүүгдэгч П.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч П.Х д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус бүрт 6 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна,...дээрх гэмт хэрэг нь хүнд ангилалын гэмт хэрэгт хамаардаг. Хохирогчийг шүүгдэгч нар нь нэлээн олон цаг зодсон, үйл баримт тогтоогддог. “Хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх хуралдаанд хохирогч н.Б тэй ямар нэгэн холбоогүй, өөрийн охин шиг хүүхэд хэмээн мэдүүлсэн. П.Т нь Ц.Хү, н.Бнарыг буруугаар ойлгосноос ийм байдалд хүрсэн гэж харагдаж байна. Шөнө орой болсон хойно П.Х тэр айлд очих шаардлагагүй байсан. Гэтэл очиж дүүтэйгээ бүлэглэж, хохирогчид хүнд гэмтэл учруулсан. Иймд өмнөх саналаа дэмжиж байна…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганчимэг гаргасан эрүүгийн хариуцлагын саналдаа: “...Монголын хуульч өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Б.Ганчимэг би өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч П.Т , П.Х нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүх шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгч П.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “хохирол төлсөн”, 1.4-д заасан “хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн тэрээр 13 настай 1 хүүхэдтэй өрх толгойлсон эцэг гэж явдаг. Ам бүл 2 хүүгийн хамт амьдардаг нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 заасныг журамлан хорих ялын доод хэмжээг 3 жил 4 сарын хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Шүүгдэгч П.Х гийн тухайд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бүрэн тогтоодоогүй орж ирсэн. Тэрээр гэм буруутайд тооцсонд итгэж чадахгүй байгаа нь харагдаж байна. Хэргийн нөхцөл байдал эргэлзээтэй байсан ч шүүх шүүгдэгч П.Х г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. П.Х гийн тухайд гомдолтой байгаа. Шүүгдэгч П.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “хохирол нөхөн төлсөн”, 1.4-д заасан “хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан хорих ялын доод хэмжээг 3 жил 4 сарын хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Нэгэнт улсын яллагч хүндрүүлэх нөхцөл байдлыг хэн алинд нь дурдаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 заасныг хэрэглэхийг эсэргүүцсэн тайлбар гаргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 заасныг хэрэглэж өгөөч, улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэхийг эсэргүүцээгүйг харгалзан үзээсэй гэж хүсэж байна...” гэв.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, шүүгдэгч П.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, тус тус дурдлаа.
Шүүгдэгч П.Х нь урьд хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан хэдий ч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй ба түүний хувийн байдлыг тодорхойлох нэг үзүүлэлт болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргийн 84-87-р талуудад авагдсан шүүгдэгч П.Т ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.Т нь ам бүл 3, ах, эгч нарын хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгонд мал маллан амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдал,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 89-94-р талуудад авагдсан шүүгдэгч П.Х-гийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.Х нь ам бүл 3, хамтран амьдарч, 1 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгонд мал маллан амьдардаг, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан хувийн байдал, тус тус тогтоогдсон.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Т , П.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, /хохирогчийн эрүүл мэндийн байдал, гомдол саналгүй байдал/, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч П.Т , П.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүр 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар.
Цагдан хоригдсон хугацааны хувьд: Шүүгдэгч П.Т , П.Х нарын 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 3 хоногийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцлоо.
Хэрэгт шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Т , П.Х нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У овогт П-ын Т , У овогт П-ын Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т , П.Х нарыг тус бүр 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т , П.Х нарт оногдуулсан тус бүр 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т , П.Х нарын цагдан хоригдсон тус бүр 3 (гурав) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Хэрэгт шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Т , П.Х нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ
ШҮҮГЧИД М.ЭРДЭНЭ-ОЧИР
А.ДӨЛГӨӨН