Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2026/ШЦТ/134

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

2019/

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч А.Дөлгөөн, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Иргэдийн төлөөлөгч Ч.Д ,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Л.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Л-ийн П-д холбогдох эрүүгийн 2538000000542 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, Х  овогт Л-ийн П, 1984 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ...............  дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЕ...................... дугаартай.

 Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 Шүүгдэгч Л.П нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр иргэн Ч.Б-ны гэрт 2025 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Б.Л-ыг  унтаж байхад нь толгойн тус газарт архины шилээр цохиж биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Улсын яллагч хавтаст хэргээс: 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 462 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтыг шинжлэн судлав.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс: хэргийн 43, 45, 46, 52, 147, 151, 155, 171, 176-179, 181-189 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс: хэргийн 24-26, 55, 119, 120, 122, 177, 179, 180, 183 дугаар тал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 5,000,000 төгрөгний хохирол төлсөн талаарх баримтыг шинжлэн судлав.

Хоёр.  Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтууд:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тус хэрэг шөнийн 2 цаг болоогүй байхад болсон юм билээ.

Өглөө 5 болж байхад надад ирж хэлсэн. Би Л.П-ыг өөрөө цагдаа, эмнэлэг дуудаад  явчихгүй яасан юм болдоо гэж гомдолтой байдаг. Л.П амь хохирогчийг нэг удаа цохиогүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагддаг. н. Л.П-ыг гартаа чулуу юм уу, нэг юм атгачихсан байсан гэсэн. Л.П өөрөө болохоор талийгаачийг нэг удаа цохисон гээд байдаг.

Гэтэл олон удаагийн цохилтоор амь хохирсон гэж дүгнэлт гарсан. Цохисон гэгдэх архины шил нь маш олон жижиг болж хагарсан байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн ар гэрийнхэн нэг удаа уулзсан, хохирол гомдлын талаар шүүгдэгчийн ах, дүү нараас нэг нь ч надтай уулзаагүй, утсаар ч яриагүй.

Л.П сая хэлж байна, “хаалга нь онгорхой гэрэлтэй байсан” гэж. Тэр өөрөө айлд 2-3 цаг утсаа харж зүгээр суусан байдаг. Би Л.П-ыг нэлээн удаан бодож, боловсруулаад талийгаачийг алахаар орсон гэж бодож байна. Энэ хэргээс болж амь хохирогчийн төрсөн 2 хүүхэд өнчирч, намайг шар махтай минь хатааж байна.

Нас барсан хүү маань банканд 13,686,657 төгрөгийн өртэй байсан, мөн буяны ажилд зарцуулсан 5,365,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 118,800,000 төгрөг нэхэмжилж байна. Хэргийн материалд 2 хүнсний дэлгүүрээс авсан хүнсний зүйлийн баримт л байгаа. Түүнээс шатахууны зардал болон бусад баримт байхгүй байгаа.

Би хүүхдээ алдсан, маш их гомдолтой байна...” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Шүүгдэгч Л.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Эхнэр маань гэр бүлээс гадуурх харилцааг талийгаачтай үүсгэсэн болохоор талийгаачийг хашраах санаатай ийм үйлдэл хийсэн. Хэрэв тэгээгүй бол элэг бүтэн гэртээ байж байх байсан. Гэхдээ би маш удаан хүлээцтэй хандсан. Т.Б  ахад би “Ха миний гэр бүлийг үймүүлээд байна” гэж хэлж байсан. Тэгэхэд Т.Б  ах “ах нь энэ хоёр хүнийг мэдэхгүй, надаас давсан хүн” гэж хэлж байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Би нэг л удаа цохисон. Уучлалт гуймаар байна...” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гурав. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан нотлох баримтууд:

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 5-р хуудас),

2. Хэргийн газрын үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газрын гадна талаас харахад тус сумын 2-4, 16 гэх гадаа хаягтай хүрэн өнгийн банзан хашаатай гэр хорооллын дундах айл байх бөгөөд гудамжныхаа ертөнцийн зүгээр зүүн талын үзүүрийн хашаа байв, ...1 давхар бүдэг ногоон өнгийн төмөр дээвэртэй, зүүн зүгт харсан 2 цонхтой саарал өнгийн байшин, ...байшингийн хойд талын цонхны доод хэсгийн цастай газрын хөрсөн дээр “хараа” нэртэй архины шилний хагарч бутарсан хэсэг байсныг, ...эд мөрийн баримтаар хураан авахаар тогтов, ...байшин 2 өрөөний тасалгаатай, ...үүдний хэсэгт, ...цонхны доод талд шар өнгийн модон дэлгэгддэг шар ор байх ба уг орон дээр зулай дух хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон дээгүүрээ улаан хүрэн өнгийн цамцтай, бүсэлхий хэсгээс доош хөнжлөөр хучигдсан байдалтай эрэгтэй хүний цогцос дээшээ харж хэвтсэн байдалтай, ...цогцосны эргэн тойрон орны урд хэсгийн шалан дээр нилэнхүйдээ хагарсан шилний бутархайнууд байх, ...цогцосны зүүн гар талын хэсгийн орны матрас, орны дэвсгэр зэрэг цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Орны урд нүүр хэсгийн хөндлөн модноос цус мэт хүрэн улаан өнгийн зүйл урсаж хатсан байдалтай мөн доод хэсгийнхээ шалан дээр дусаж хатсан байдалтай байлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 6-18 тал)

3. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...өчигдөр буюу 11 дүгээр сарын 15-ны үүрээр 05 цагийн үед сумын төвд байдаг гэртээ унтаж амраад байж байхад гэрийн үүд хүн нүдээд байхаар нь хэн бэ гэж асуухад өөрт чинь юм хэлэх гэсэн юм гэхээр нь хаалгаа онгойлгосон чинь Б  М  хоёр байсан. Тэгээд энэ хоёрыг гэрт орж ирэхээр нь юу болов яасан юм бэ гэхэд М  нь гэрээс гарч яваад Б нь манай гэрт ганцаараа үлдсэн. Б-аас  би тухайн үед юу болов гэж асуухад "Хабул" гээд талийгчийн дууддаг нэрээр хэлэхээр нь Ха яасан юм үхсэн юм уу, амьд уу гэж асуухад үхсэн гэл үү, байхгүй болсон уу гэл үү тийм зүйл надад хэлсэн. Тэгэхээр нь Ха хаана байгаа юм гэхэд манай гэрт байгаа гэж хэлчихээд Б гэрээс гараад яваад өгсөн. Тэгээд Б-ыг  гэрээс гараад яваад өгөхөөр нь би хувцсаа өмсөөд хамаатны хүн Д-тэй  хамт үүрийн 05 цаг 30 минутын орчимд Б-ны  гэрт очсон. Тухайн үед Б-ны  гэрийн гадаа Б, М болон сумын цагдаа, төлөөлөгч нар байсан. Талийгчийг харах гэхэд сумын цагдаа нар дотогш оруулаагүй. Өчигдөр өдөр Б-аас  Ха өөрөө согтуу байсан юм уу гэж асуухад "бид дөрөв нэг шил архи, хоёр пиво хувааж уусан. Тэгээд би цаад өрөөндөө ороод унтсан байж байхад гэнэт А  орилоод байхаар нь босоод ирсэн чинь талийгч ухаангүй байдалтай, толгой тархи нь цус болсон байсан” гэж хэлсэн. Бас тэр Б-ны  хашаанд байдаг М-аас юу болсон бэ гэж асуухад "шөнө дунд А  орилоод байхаар нь юу болсон юм бол гээд гэрээсээ гараад ирсэн чинь хашааны хаалгаар нэг хүн гарч байхыг харсан" гэж надад хэлсэн. Д-г  юу болсон талаар нь асуугаад ирээч гэж хэлсэн чинь Д  тэр хавиар төлөөлөгч болон А  нартай уулзаад П  нь архины шилээр талийгчийн толгой руу цохисон гэж байна гэсээр ирсэн...” гэх мэдүүлэг, (хх-ийн 24-26 тал),

4. Гэрч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…би 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн үед Б-ны  гэрт сонин сайхан мэдэхээр очсон юм. Тэгсэн чинь гэрт нь Б, О, А , талийгч Л нар гэрийн том өрөөнд пиво уугаад юм яриад тойроод сууж байсан.

Тэгэхээр нь би тэр дөрөвтэй нийлээд ууж байсан пивийг нь хамт уусан.

Дахиж нэг шил 0,75 литрийн "Хараа" нэртэй архи гаргаж ирсэн. Тэгээд тэр архийг нь ууж дуусгасан шиг санагдаж байна. Би согтоод тасарсан байна лээ. Нэг мэдсэн чинь М-ын гэр дотор сэрсэн. Тэр үед гадаа хүн орилоод чимээ шуугиан гараад байхаар нь юу болсон юм бол нөгөө хэд чинь хоорондоо зодолдоод байгаа юм байхдаа гэж бодоод М-ын гэрээс гараад Б-ны  гэр лүү орсон. Тэгсэн чинь талийгч үүдний орон дээр ухаангүй байдалтай толгойноос нь цус гарсан, эргэн тойронд нь шилний хагархайнууд битүү байсан. Бас А гийн толгойноос нь цус гараад аль талын шанаа нь билээ санахгүй байна. Нэг тал руу нь цус урссан байдалтай байсан. Тухайн үед талийгч бол ямар ч ухаангүй, үг хэлээгүй.

Намайг талийгчийн гарыг нь барьж үзэхэд гар нь халуун байсан. Тэр үедээ А гаас юу болсон юм бэ гэж асуухад П  орж ирээд архины шилээр Хабулын толгой руу цохиод алчихлаа" гэж хэлсэн. Намайг ямар ч байсан шөнө Б-ны  гэрт ороход О байхгүй байсан. Миний ардаас орж ирсэн. Бас намайг орсны дараа Б том өрөөнөөс юу болов гэсээр гарч ирж байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 36-37 тал),

5. Гэрч Ч.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…унтаж байхад гэрт хүн орилоод унахаар нь сэрсэн чинь А  "Х-ыг алчихлаа" гээд орилж байсан. Тэгэхээр нь би орноосоо босоод үүдний өрөө лүү очсон чинь талийгч орон дээр дээшээ хараад хэвтсэн толгой хэсэг нь цус болсон хажууд нь А  талийгчийг тэвэрч хэвтээд уйлсан байдалтай байсан. Ямар ч байсан А гийн гар нь нил цус болсон байсан. Бас талийгчийн амарч байсан орны эргэн тойронд архины шил хагарч бутарсан байдалтай байсан. Тухайн үед би А гаас юу болсон юм бэ гэж асуухад "П  үүдээр орж ирээд Хабулын толгой руу архины шилээр цохиод гараад явчихлаа" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-42 тал),

6. Гэрч Г.А гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...хаалга онгойх чимээ гарсан. Би тэр үед яг хүн орж ирж байгааг анзаарч хараагүй. Харин хаалга онгойх чимээ гарсан гэдгийг бол мэдэж байна. Талийгч бид хоёр тухайн үед толгойгоо нийлүүлсэн хэвтэж байсан. Тэгсэн чинь гэнэт л талийгчийн толгой дээр тас гээд нэг юмаар цохих чимээ гарсан тэр үед нь шилний хагархайнууд нь бас миний толгой, нүүр хэсгийг оноод халуу дүүгээд цус урсаад ороод ирсэн. Тэгэхээр нь би орилоод босоод ирсэн чинь Л.П байсан. Тэр үед Л.П намайг хараад "чамайг гүйцээх гэж байснаа больсон шүү" гэж хэлээд эргэж хараад алхаад явсан. Тэр үед ардаас нь харахад П  хар куртиктэй ногоон цоохор өмдтэй, урт эсгий түрүүтэй гуталтай явж байсан. Бас би П ыг хутгатай явж байна гэж харсан. Хальт хар өнгийн бариултай нэг зүйл гялалзаад өнгөрсөн. Тухайн үед том өрөөний гэрэл асаалттай байсан болохоор П ыг байна гэдгийг би сайн таньж харсан. Тэгээд л миний толгойноос нэг зүйл урсаад унахаар нь гараараа тэмтэрч үзэхэд цус байсан. Бас талийгч дээр очоод толгойн доор нь гараа оруулаад толгойг нь өргөөд тэвэрсэн чинь гар маань бөөн цус болсон байсан. Тэр үед талийгч ямар ч үйлдэл дуу авиагүй гаргаагүй. Яг тэр толгойг нь тэвэрч байхад талийгч миний гарнаас нэг хүчтэй барьж аваад буцаад сулраад ямар ч авиа, үйлдэл гараагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-48 тал),

7. Гэрч Ө.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...шөнийн 00 цаг болох гэж байхад би хүүхдүүдээ унтсан байна уу бас бага хүүхэд ханиадтай байсан болохоор нь санаа зовоод дүүгийнхээ гэр лүү орж амрахаар орсон. Тэгээд дүүгийнхээ гэрт орсон чинь манай хүүхдүүд унтаагүй байхаар нь тэд нартай хамт унтахаар хэвтсэн. Ингээд шөнийн 01:50 минугын орчимд гадаа эмэгтэй хүн орилоод байхаар нь манай дунд хүүхэд Элбэгжаргал гэрээс гарч харснаа А  эгч орилоод байна гэхээр нь орноосоо босоод гэр лүүгээ орсон чинь Л-ын нүүр, ам нь хөхөрсөн байдалтай, бас дэрлэж байсан куртик нь нил цус болсон, архины шилний хагархай энд, тэндгүй байсан. Бас А-гийн толгойноос нь цус гарч баруун шанаа хэсгээр нь урссан байдалтай, талийгчийн бас хаанаас нь цус гарсан нь мэдэгдэхгүй толгой, нүүр зэрэг цус болсон байсан. Тухайн үед А гаас юу болсон юм бэ гэж асуухад "П  орж ирээд архины шилээр цохиод гараад явчихлаа" гэж хэлсэн. Тэр үед талийгч бол хөдлөхгүй, үг хэлэхгүй ухаангүй байдалтай байсан. Тэгээд би шууд сумын цагдаа Э-д   шөнийн 02 цаг 01 минутад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг (хх- ийн 51-53 тал)

8.Гэрч Ө.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...би тухайн орой гадуур архи ууж ирчихээд унтаад сэртэл манай хашаанд Л ахыг унтаж байхад нь Л.П ах байшин руу ороод толгой руу нь архины шилээр цохиод алчихсан гэж байсан. ...өглөө манай төрсөн эгч О надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 147-148 тал)

9.Цогцост үзлэг хийсэн “...хамар, баруун чихний сувгаас хүрэн улаан өнгийн цус урсаж гарна, баруун зулайн урд дээд хэсэгт 1,7 цагийн байрлалтай зах ирмэг тэгш биш 2,5см хэмжээтэй улаан хүрэн өнгийн шархтай, уг шархнаас хүрэн улаан өнгийн цус гарч толгойн орой дух баруун долоовор хуруу, зүүн алга түүгээр бохирлогдож хатсан, баруун хөхлөг сэртэнд 2,5x1 см хүрэн улаан өнгийн зулгаралтай, хаван хавдартай...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 68 тал)

10.Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 193 дугаартай: “...Талийгаач Б.Л-ын биед баруун зулай, дагзны хуйхны доорх цус хуралт, гавлын баруун арын хонхор, дагз, баруун зулай, чамархайн заадас салалтаар үргэлжилсэн шугаман хугарал, тархины суурь хэсэг, баруун, зүүн зулай, чамархайн дэлбэнг хамарсан, босоо таславчийн хоёр талд аалзан бүрхүүл доорх цусан хураа, зүүн, баруун хажуугийн ховдлуудад цус хуралт, бага тархины доод хэсгээр аалзан бүрхүүл доор цусан хураа, баруун зулайд шарх, баруун хөхлөг сэртэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн олон удаагийн цохих, нидрэх үйлдлээр үүснэ. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Үхэлд шууд нөлөөлсөн байна. Бусад баруун зулайд учирсан шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн зүсэх үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй байна. Талийгаачийн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 2,7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

Талийгаач Б.Л нь гавал, тархины битүү гэмлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 69-74 тал)

11.Шүүгдэгч Л.П ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Бааяаагийн гэрт орсон. Тэгээд яг хашаа руу нь ороод явж байхдаа би Б-ны  гэр лүү харсан чинь гэрэл нь асаалттай үүдний өрөөнд Б, О, А , Ха нар архи ууж байгаа бололтой тойроод суусан байж байсан. Бааяагийн гэрт орсон,...шөнийн 00 цагийн үед Бааяагийн гэрээс гараад Б-ны  гэрийнх нь гадаа яваад очсон чинь үүд нь бага зэрэг завсартай байхаар нь үүдийг нь татаад орсон чинь үүдний өрөөний орон дээр А , Ха хоёр бие бие рүүгээ харсан байдалтай унтаж байсан. Тэгэхээр нь би үүдний хажууд шалан дээр байсан хоосон “Хараа" нэртэй архины шил байхаар нь тэр архины шилийг аваад Хабулын толгой руу нэг удаа цохисон чинь миний цохисон архины шил хагарсан.  Тэгэхэд А  сэрээд орилж чарлаад миний цохисон архины шилийг барьж аваад гараа зүсүүлсэн. А  намайг хараад цаад талын өрөө лүү ороод Б-ыг  сэрээгээд босоод ирэхээр нь би гэрээс нь гараад явсан.

Тухайн үед би Х-ыг цохисон архины шилний ишийг байшингийнх гадна шидчихээд яваад өгсөн,...манай эхнэртэй хамтран амьдраад салахгүй болохоор нь ийм зүйл хийсэн, тухайн үедээ Х-ыг хашраах санаатай л ийм үйлдэл хийсэн,...унтаж байсан, хоёулаа тэврэлдээд хэвтэж байсан. Би нэг л удаа цохисон.

Угаасаа эхний удаа цохиход архины шил хагарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 79-81, 113-115 тал ),

12.Дархан-Уул аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчдийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Дар0826/049 дугаартай: “...хохирогч Т.Б ын сэтгэцэд уй гашуугийн үеийн хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Иймд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэх дүгнэлт, (хх-ийн 17-172 тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв. 

Дөрөв. Талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралд гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:

“...Шүүгдэгч Л.П нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр иргэн Ч.Б-ны гэрт 2025 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Б.Л-ыг  унтаж байхад толгойн тус газарт архины шилээр цохиж биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралд гаргасан гэм буруугийн талаарх саналдаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг улсын яллагч гаргасныг дэмжиж оролцож байна. Гэмт хэргийн шинжийг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотолсон гэж харж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн талаарх саналдаа: “...Л.П-ын ар гэрээс 5,000,000 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн. Энэ мөнгийг босгох гэж бүх л хамаатан саднаасаа тусламж хүссэн. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлоос банкны зээл 13,686,657 төгрөг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь миний үйлчлүүлэгч уг мөнгөнөөс авч зарцуулсан асуудал байхгүй. Үндсэн зээлдэгч нас барсан тохиолдолд хамтран зээлдэгчид үүрэг шилжиж, төлөхөөр иргэний хуульд заасан байдаг. Мөн буяны ажилд 5,365,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 118,800,000 төгрөг нэхэмжилж байна. Улсын дээд шүүхийн  тогтоол, тайлбарт хохирогчид учирсан сэтгэл санааны хохиролыг ашигтай байдлаар шийдвэрлэхээр заасан. Иймд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх асуудлыг шийдвэрлэх байх.

Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа...” гэв.

Иргэдийн төлөөлөгч Ч.Д шүүх хуралдаанд “…гэм буруутай…” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Тав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

   5.1. Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ын зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж тус тус тунхаглаж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон.

Шүүгдэгч Л.П нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр иргэн Ч.Б-ны гэрт 2025 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Б.Л-ыг  унтаж байхад нь толгойн тус газарт архины шилээр цохиж биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан түүний толгойн тус хэсэгт архины шилээр цохиж гавал, тархины битүү гэмтлийг учруулж, улмаар амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 6-18 тал), амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-ийн 24-26 тал, шүүх хуралдааны тэмдэглэл), гэрч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн мэдүүлэг (хх-ийн 36-37 тал), гэрч Ч.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх-ийн 40-42 тал), гэрч Г.А гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх-ийн 45-48 тал), гэрч Ө.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх-ийн 51-53 тал), гэрч Ө.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх-ийн 147-148 тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 68 тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний апбаны шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 193 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 69-74 тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох ба гэм буруутай этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байдаг нь “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж болдог.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүгдэгч Л.П амь хохирогч Б.Л-ыг  унтаж байхад нь түүний толгойн тус газарт архины шилээр цохисны улмаас Б.Л нас барсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Л.П ын амь хохирогчийн толгой хэсэгт архиы шилээр цохисон үйлдэл, уг үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан үйл баримттай шалтгаант холбоотой, хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

“Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь хэрэг гарах үед хохирогч биеэ хамгаалах, хянах чадвартай байсан эсэхээс гадна, энэхүү биеэ хамгаалж чадахгүй байдлыг гэмт этгээд ухамсарлан ойлгосон, уг нөхцөл байдал нь тухайн гэмт хэрэг үйлдэхэд түлхэц, далим болсон, мөн зоригжуулсан байх, зарим талаар тухайн хэргийн сэдэл шалтгааныг төрүүлсэн, гэмт хэрэгтэн тухайн нөхцөл байдлыг гэмт үйлдлээ хэрэгжүүлэх аятай боломж гэж үзсэн, мөн энэ нөхцөл байдлыг ашиглаж гэмт хэргээ үйлдсэн байхыг давхар шаарддаг.

Тухайлбал гэмт этгээд хохирогчоос биеийн хүч, эсэргүүцэн тэмцэх чадвар болон сэтгэц, ухамсарлах байдал зэргээр тухайн үед илтэд илүүрхэх боломжтой, өөрт нь давуу тал болно гэдгийг ухамсарлаж, дээрэлхэх, хүчээр давамгайлах сэдлээр үйлдэгддэг, энэ нь хэрэгтэн үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө үүсэж хэргийн сэдэл шалтгааныг нөхцөлдүүлдэг, мөн гэмт хэрэгтэн бие хүн тухайн гэмт хэрэгт хандах субъектив хандлагын илэрхийлэл болдог.

Мөн хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн нэг болох “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан” гэдэгт хүнийг алах үедээ хохирогчийг бие махбодын болон сэтгэцийн хөгжлийн улмаас өөрийгөө хамгаалж, идэвхитэй эсэргүүцэл үзүүлэх боломжгүй болохыг ухамсарлан ойлгосон, уг байдлыг нь далимдуулсан, ашигласан байхыг хэлнэ.

Хууль зүйн агуулгын хувьд "биеэ хамгаалж чадахгүй этгээд" гэдэгт нас, биеийн байдал, сэтгэцийн өвчин, эсхүл бусад шалтгааны улмаас өөртөө учирсан аюул, халдлагыг ойлгох, эсэргүүцэх, өөрийгөө хамгаалах чадваргүй (хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, ухаангүй, унтаж байгаа гэх мэт) хүмүүсийг ойлгох бөгөөд унтаж буй хүн гадны халдлага, аюулыг урьдчилан мэдрэх, эсэргүүцэх, өөрийгөө хамгаалах чадваргүй, ухамсарт үйлдэл хийх боломжгүй байдаг. 

Түүнчлэн унтаж байгаа хүнээс гадна согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн этгээд хамаарна гэж Улсын дээд шүүх тайлбарласан.

Амь хохирогчийн цусанд 2.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарах болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба хүнд хэлбэрийн согтолттой хүн орчиндоо болон цаг хугацааны баримжаа алдагдах, ухаан орон гаран болох, унтаа байдалд орох, хөдөлгөөний эвсэл, тэнцвэр эрс алдагдах зэрэг шинжүүд илэрдэг болохыг анагаах ухааны ойлголтоор тайлбарлажээ.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд Л.П ын хэрэг үйлдэх санаа сэдэлд амь хохирогчийн согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн унтаж байгаа байдал далим, шалтгаан болж, энэ байдлыг ашигласан болохыг хэрэг гарах үед хамт байсан гэрчүүд мэдүүлдэг бөгөөд амь хохирогч Б.Л нь шүүгдэгч Л.П-ад толгой руугаа архины шилээр цохиулах үедээ гадны халдлага, аюулыг урьдчилан мэдрэх, эсэргүүцэх, өөрийгөө хамгаалах чадваргүй, ухамсарт үйлдэл хийх боломжгүй байжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Тодруулбал шүүгдэгч Л.П нь хохирогч Б.Л-ын амь насыг хохироосон  өөрийн  үйлдлийг  хууль  бус  шинжтэй  болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хүнд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.П нь амь хохирогчийн бие махбодид халдахад үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг шууд санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл болж байна.

Иймд шүүгдэгч Л.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Л.П ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгааг тэмдэглэв.

Иргэдийн төлөөлөгч Ч.Д  нь шүүх хуралд шүүгдэгч Л.П-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, гэр бүлээс гадуурх харилцаа, хүмүүс хоорондын ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж үзлээ.

        5.2. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг…” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй /-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт  учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

Шүүгдэгч Л.П ын гэм буруутай үйлдлийн улмаас Б.Лын амь хохирч хүнд хор уршиг учирсан бөгөөд  мөрдөн  шалгах  ажиллагааны шатанд  амь  хохирогч  Б.Л-ын төрсөн эцэг Т.Б ыг хохирогчийн хууль ёсны  төлөөлөгчөөр  тогтоосон нь хуульд нийцнэ.

Тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс буяны  ажилд зарцуулсан 7,226,355 төгрөг, амь хохирогчийн зээлийн үлдэгдэл 13,686,657 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 118,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, баримт ирүүлжээ.

Шүүх дээрх нотлох баримтын тухайд хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэлийн шаардлагаас буяны ажилд зарцуулсан зардалд 538,500 төгрөгийг шүүгдэгч Л.П-аас гаргуулж амь хохирогчийн  хууль ёсны  төлөөлөгч Т.Б д олгож, үлдэх буяны  ажилд зарцуулсан зардал 6,790,855  төгрөг, зээлийн үлдэгдэл 13,686,657 төгрөг, нийт  20,477, 512 төгрөгний баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувь, мөн цаг хугацааны хувьд хэрэг учрал болсон цаг хугацаанаас урьд бичигдсэн, баримт давхацсан байх тул хэлэлцэхгүй орхиж, амь хохирогчийн  хууль ёсны  төлөөлөгч Т.Б  нь дээрх нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Л.П аас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

  Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан.

  Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”  гэж хуульчилсан.

   Шүүгдэгч Л.П ын хүний амь насыг хохироосон үйл баримт 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 15-нд шилжих шөнө болсон ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай хүсэлт нь хууль хэрэгжих эхэлсэн цаг хугацаанд хамаарч байна.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “...Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно...” гэж заасан.

   Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “...Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно...” гэж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн хор уршгийг арилгахад хуульд заасан хохирогчид аль ашигтай байх зарчмыг баримтлан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 118,800,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 2025 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөр тогтоосон байх тул хуульд зааснаар 150 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 118,800,000 төгрөг болж байна. /792,000*150 =118,800,000/.

Мөн Дархан-Уул аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчдийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Дар0826/049 дугаартай: “...хохирогч Т.Б ын сэтгэцэд уй гашуугийн үеийн хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Иймд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэх дүгнэлт хэрэгт авагдсан.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцох нь зүйтэй гэж үзэв.

2025 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөр тогтоосон байх тул хуульд зааснаар 22,99 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 18,208,020 төгрөг болж байна. /792,000*22,99=18,208,020 /.

      Иймд нийт нөхөн төлбөрийн хэмжээ болох 118,800,000 төгрөгөөс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б д 18,208,020 төгрөгийг, үлдэх 100,591,980 төгрөгийг амь хохирогчийн хүү Л.Н, хүү Л.И нарт хувь тэнцүүлэн (тус бүр 50,295,990 төгрөг) олгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч талаас шүүхийн шатанд 5,000,000 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б д төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б ...шүүгдэгчээс нэхэмжилсэн мөнгөнөөс дээрх 5,000,000 төгрөгийг хасна... гэх мэдүүлгийг шүүх хуралдаанд гаргасан.

Иймээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-д шүүгдэгч талаас төлөх буяны ажилд зарцуулсан зардал 538,500 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 18,208,080 төгрөг, нийт 18,746,580 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг хасаж тооцохоор тогтов.

Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ:

“...Шүүхээс шүүгдэгч Л.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Л.П ад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч Л.П ын  үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.

Амь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч   Б.Амаржаргал эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Улсын яллагчаас шүүгдэгч Л.П ад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Амь хохирогч нь гэр бүл үймүүлээгүй, Л.П , Г.А  нар нь тусдаа амьдраад 1 жил орчим болсон байсан. Улсын яллагч шүүгдэгчийг өмгөөлөх байр сууриас оролцож байгаад гайхаж байна. Шалгаагүй, тогтоогдоогүй нөхцөл байдалд санал, дүгнэлт хэлж байгааг шүүх анхаарч үзэхийг  хүсэж байна. Миний хувьд хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн санал, дүгнэлтээ гаргаж байгаа. Өмнөх саналаа дэмжинэ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа:

      “...Шүүхээс Л.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Миний үйлчлүүлэгчийн тухайд өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад  учруулаагүй, өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж байгаа байдлыг шүүх харгалзан үзээсэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрэг гарах болсон шалтгаан гэр бүлээс гадуурх харилцаанаас болсон байдаг. Хохирогч нь шүүгдэгчийг гэртээ ирэхээс 1 сарын өмнө түүний гэр бүлтэй нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байдаг. Улсын яллагч өөрийн дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан дүгнэлт хийж байгаа байх. Гэр бүлийн тухай хуульд нэг эхнэр, нэг нөхөртэй байна, нэг нэгэндээ үнэнч байна гэж заасан.

Иймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ялын доод хэмжээ болох 12 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 117-120-р хуудас)  зэрэг нотлох баримтууд шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон ба тэрээр хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.П ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.П ын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, сэдэл, санаа зорилго, гэмт хэргийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан, гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар 12 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Долоо.Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

        Цагдан хоригдсон хугацааны хувьд: шүүгдэгч Л.П нь 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр сэжигтнээр баривчлагдаж, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул түүний 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 133 (нэг зуун гучин гурав) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

        Эрүүгийн 2538000000542 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Хараа” нэртэй архины шилний хагархайн хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

       Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х  овогт Л-ийн П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Л.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-ад оногдуулсан12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П ын цагдан хоригдсон 133 (нэг зуун гучин гурав) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-аас гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 118,800,000 (нэг зуун арван найман сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-д 13,746,580 (арван гурван сая долоон зуун дөчин зургаан мянга таван зуун ная) төгрөг,  амь хохирогчийн гэр бүлийн гишүүн хүү Л.Н-д 50,295,960 (тавин сая хоёр зуун ерэн таван мянга есөн зуун жар) төгрөгийг, хүү Л.И-д 50,295,960 (тавин сая хоёр зуун ерэн таван мянга есөн зуун жар) төгрөгийг тус тус олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б нь буяны ажилд зарцуулсан зардал 6,790,855 (зургаан сая долоон зуун ерэн мянга найман зуун тавин тав) төгрөг, зээлийн үлдэгдэл 13,686,657 (арван гурван сая зургаан зуун наян зургаан мянга зургаан зуун тавин долоо) төгрөг, нийт  20,477,512 (хорин сая дөрвөн зуун далан долоон мянга таван зуун арван хоёр) төгрөгний хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн 2538000000542 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Хараа” нэртэй архины шилний хагархайн хэсгүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

      7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.П-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ДАВААХҮҮ

                                         ШҮҮГЧИД                             А.ДӨЛГӨӨН

                                                                                      Б.УУГАНБАЯР