Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/05

 

 

 

 

 

  2022         01            19                                        2022/ДШМ/05

 

Ч.Хд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Наранмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Будхүү,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Сарантуяа,

Өмгөөлөгч: Б.Амаржаргал,

Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/276 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Сарантуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.Хд холбогдох 2138000000277 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол овгийн Чимгээгийн Х, …. оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, …. настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин,  ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ..................../. 

Шүүгдэгч Ч.Х нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Туяа” багийн нутаг дэвсгэрт 12-58 ЗАН улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 6 настай иргэн Ц.Быг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Чимгээгийн Хөвгөлдалайгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/276 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Монгол Чимгээгийн Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Чимгээгийн Хг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын хилийн дээсээр тогтоож, 1 (нэг) жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас гадагш явахыг хориглож, Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т 10 зааснаар шүүгдэгч Ч.Хгаас 5,921,202 (таван сая есөн зуун хорин нэгэн мянга хоёр зуун хоёр) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Сарантуяад олгож, Эрүүгийн 2138000000277 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Х №1330662 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгаж, Эрүүгийн 2138000000277 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 12-56 ЗАН улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С нь сэтгэл заслын эмчилгээний зардал 6,000,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ч.Хгаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Сдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэмт этгээдийн үйлдсэн хэрэг болгоомжгүй хэрэг биш. 6 настай хүүгийн минь амь насыг санаатайгаар хохироосон. Шүүхээс Ч.Хд 1 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Энэ хүнд миний хүүд тусламж үзүүлье гэсэн сэтгэл байгаагүй. Шүүх түүнийг анхан шатны тусламж үзүүлсэн гэж дүгнэж байгаа нь буруу. Хүү минь дайруулсан газраа цус нь гоожиж удаан хэвтсэнээс болж маш их хэмжээний цус газарт, шороон дээр тунарч үлдсэн байсан. Х нь маш их хэнэггүй, өөрөөсөө бусдыг үл хүндэтгэдэг, хэтэрхий дураараа аашилдаг, алдаа дутагдлаа хүлээх дургүй, хүнд бүх буруугаа тохдог хүн тул зорчих эрх хязгаарлах ялаар түүний зан суртахуун засарч хүмүүжнэ, нийгмийн аюулыг бүрэн арилгана гэдэгт бид итгэхгүй байна. Түүний нөхөр нь удаа дараа манай гэр бүлийн эд хөрөнгөнд халдаж, малыг маань хулгайлж шүүхээр удаа дараа ял шийтгүүлж байсан. Ер нь бол Хгийн нөхөр манай малыг хулгайлах гэмт хэргийн үйлдэлд нөхрийнхөө хамт оролцдог байсныг нуун дарагдуулдаг байсныг бид мэддэг боловч түүнийг эмэгтэй хүн, бага насны хүүхэдтэй байдлыг харж үзэн түүнд холбогдуулан гомдол гаргадаггүй өөхшүүлснээр миний 6 настай хүүгийн аминд хүрч байгаад бид маш их гомдож явдаг.

Хэрэгт түүний мэдүүлгээс үзэхэд миний хүүг машины урдаас гүйгээд ирж байсныг харсаар байж машинаа зогсоох арга хэмжээ авахгүй хүүг минь дайраад дээгүүр нь гараад явчихсан байдалд бид маш их гомдолтой байна. Мөрдөн байцаагч “...талийгаач хүүхдийг машины урдаас гүйгээд ирж байгааг та харсан гэлээ. Яагаад машинаа зогсоох арга хэмжээ аваагүй юм бэ?” гэж Хөвсгөлдалайгаас асуусан байдаг. Гэвч тэрээр хүүхэд машины урдаас гүйгээд ирж байгааг харсан хэрнээ хүүхдийг дайрчихаад дахиад яваад өгч байгаа байдлыг шүүх анхаарч үзэхгүй хэргийг хөнгөрүүлж шийдэж байгаад гомдолтой байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний хүүгийн амь насыг үхэлд хүргэсэн гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэж дүгнэсэн зэргээс үзэхэд ч гэсэн Хөвсгөлдалай нь хүүг минь машинаараа мөргөөд шууд машинаа зогсоосон бол, хүүгийн минь дээгүүр машинаараа дайрч гараагүй бол амь нас нь хохирохгүй ч байх боломжтой байсан. Хэдийгээр зам тээврийн осол нь болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг гэж хуульд тайлбарлаж байгаа боловч машины урдаас чиглээд гүйгээд ирж байгаа хүүхдийг харсаар байж дайрч дээгүүр нь дайрч гараад явчихаж байгааг болгоомжгүй гэж дүгнэж байгааг ойлгохгүй байна.

Хууль гэдэг энэрэнгүй, хүнлэг байх ёстой гэж байгаа боловч миний хувьд, миний талийгаач хүүгийн хувьд, гэр бүлийн минь хувьд хэтэрхий хүнлэг бус хатуу байна.

...Нөхөр маань сэтгэл зүйн цочролоос гарч чадахгүй байнга уйлж, сүүлдээ архи ууж байна. Архи уухаар арай тайвширч байна гэсэн байдлаар үргэлж архи уух болсон. Хүүхдүүд маань мөн сэтгэл зүйн хүнд цочролд орж дүү энд явж байна, тэнд явж байна гэж дүүгээ, ахыгаа нэхэж уйлаад тайвширч өгөхгүй байсан тул бид сүүлдээ сэтгэл зүйч эмчид хандаж, унтуулах эм хүртэл ууж унтах гэж хичээж байгаа боловч эмийн хүчээр унтах гэсэн зуршилтай болж сүүлдээ сэтгэл зүйн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж эхэллээ. Бид хүнд нөхцөл байдлыг даван туулах гэж хичээж байгаа боловч чадахгүй өдрөөс өдөрт дордож байна.

...Иймд бидний 6 настай хүүхдийн амь насыг хохироож бидний гэр бүлийн сэтгэл санаанд үр хүүхдээ санаж бэтгэрэх, голоо тасартал санаж, уйлж шаналах шаналал, олон хоног нойргүй болж сэтгэцийн эмчийн бичиж өгсөн эмээр унтахыг хичээж, амьдын тамд зовж тарчилж байгаа бидний сэтгэл санаанд хохирол учирсан бодит нөхцөл байдалд шүүх нотлох баримтыг нь харна гэж хэтэрхий хүнлэг, энэрэнгүй биш дүгнэлт өгч байгаад гомдолтой байна.

Иймд Т.Сминий гомдлыг хүлээн авч, хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Ч.Х нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Туяа” багийн нутаг дэвсгэрт 12-58 ЗАН улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 6 настай иргэн Ц.Быг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан  шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилготой.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангах учиртай. Мөн тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцсэн байвал зохих Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлага тавигддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн нийтлэг үндэслэл, ерөнхий болон тусгай ангийн зүйл, заалтыг нарийн чанд баримтлан, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон тохиолдолд хууль ёсны зарчим, шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа дээрх зарчим, шаардлагыг үл харгалзан  “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, ...гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан” хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийж, шүүгдэгч Хг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Сарантуяагийн “...Гэвч тэрээр хүүхэд машины урдаас гүйгээд ирж байгааг харсан хэрнээ хүүхдийг дайрчихаад дахиад яваад өгч байгаа байдлыг шүүх анхаарч үзэхгүй хэргийг хөнгөрүүлж шийдэж байгаад гомдолтой байна. ...бидний сэтгэл санаанд хохирол учирсан бодит нөхдөл байдлыг шүүх нотлох баримтыг нь харна гэж хэтэрхий хүнлэг, энэрэнгүй биш байгаад гомдолтой байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Сарантуяагийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/276 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд  очтол шүүгдэгч Ч.Хд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРХҮҮ

                  ШҮҮГЧИД                              Л.ЭРДЭНЭБАТ

                                                                           Б.СОСОРБАРАМ