Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0625

 

 

 

 

 

 

 

 

     2023        08          16                                           128/ШШ2023/0625

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Цагаанзуун ХХК /РД:2775182/,

Хариуцагч: Эрчим хүчний яам,

Хариуцагч: Эрчим хүчний яамны “ЭХЯ/202302009 дугаартай АНУ-ын Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Монголын талын хөрөнгө /гадна дулаан хангамж, Улаанбаатар/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийн Үнэлгээний хороо,

Маргааны төрөл: “тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмж, захиалагчийн мэдэгдлийг хүчингүй болгуулах, тендерт шалгаруулж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Амарсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Туул, хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нармандах, Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пунцагбалжир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага.

“Цагаанзуун ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр, зөвлөмжийг, захиалагч Эрчим хүчний яамны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн В/2100 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, ЭХЯ 202302009 дугаартай АНУ-ын Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Монголын талын хөрөнгө /гадна дулаан хангамж, Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчээр Цагаанзуун ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахыг Эрчим хүчний яаманд даалгах”.

Хоёр. Процессын үйл баримтууд.

1. Эрчим хүчний яамнаас 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ЭХЯ/202302009 дугаартай АНУ-ын Мянганы сорилтын сангийн тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Монголын талын хөрөнгө /гадна дулаан хангамж, Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан бөгөөд,

2. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/38 дугаар тушаалаар байгуулсан тендерийн Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг боловсруулж тендер шалгаруулалтыг зохион байгуулсан.

3. Үнэлгээний хороо тендерийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нээж, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар 8 оролцогчийн тендерийг хянан үзэх шатанд шаардлагад нийцсэн тендерээр Энерго сервис монтаж ХХК-ийн тендерийг шалгаруулж, бусад оролцогчийн тухайлбал нэхэмжлэгч Цагаанзуун ХХК-ийн тендерээс татгалзаж, захиалагчид зөвлөмж өгч, захиалагч Эрчим хүчний яам 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн в/1669 дугаар албан бичгээр Цагаанзуун ХХК-д “Бохир усны шугам, сүлжээний ажил /Сэлэнгэ, Мандал сум/ болон Залуус-1 хорооллын дулаан хангамжийн ажил нь бүрэн дуусаагүй байгаа нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 17.6 заалтыг хангаагүй” үндэслэлээр Цагаанзуун ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдэл хүргүүлжээ.

4. Цагаанзуун ХХК 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргаснаар, Сангийн яам тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж, тендерийн хүчинтэй хугацааг сунгаж, гомдлоор тендерийн материалыг хянаад 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03/4218 дугаар албан бичгээр “захиалагчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн в/1669 тоот Цагаанзуун ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн в/1666 тоот Энерго сервис монтаж ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлсэн шийдвэрүүдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.

5. Үнэлгээний хорооны 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар тендерийг дахин үнэлээд мөн дээрх үндэслэлээр Цагаанзуун ХХК-ийн тендерээс татгалзаж, мөн бусад бүх оролцогчдын тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзээд татгалзаж, тендер шалгаруулалтыг дахин зарлах зөвлөмж захиалагчид хүргүүлснээр захиалагч Эрчим хүчний яам 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн в/2100 тоот албан бичгээр тендерээс татгалзсан мэдэгдэл хүргүүлжээ.

6. Цагаанзуун ХХК 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч нэхэмжлэлээ гаргажээ.

Гурав. Маргаж буй үндэслэлүүд.

1. Нэхэмжлэгч Цагаанзуун ХХК “тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ны 17.6 “сүүлийн 5 жил буюу 2018-2022 онуудын аль нэг жилд 1-ээс доошгүй удаа, батлагдсан төсөвт өртгийн 30 хувь буюу 1,530,000,000.0 төгрөгөөс багагүй үнийн  дүнтэй ижил төстэй ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байх, ижил төстэй ажлуудаа бүрэн дуусгасан байх” туршлагын шаардлагыг хангаснаа нотолж Дархан-Уул аймгийн Дархан сум ТК80-ТК94 хүртэлх дулааны шугам шинэчлэлийн 2,483,960,962.0 төгрөгийн ажил гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэж өгсөн талаарх мэдээлэл өгсөн. Харин захиалагчийн болон Үнэлгээний хорооны татгалзаж буй үндэслэл болох  “Бохир усны шугам, сүлжээний ажил /Сэлэнгэ, Мандал сум/” болон “Залуус-1 хорооллын дулаан хангамж”-ийн бүрэн дуусаагүй ажлын мэдээлэл нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.7 дахь “хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний мэдээлэл” тул эдгээр ажлыг дуусаагүй гэх үндэслэл ТӨХ-ийн ТШЗ 17.6 дахь заалтад хамаарахгүй, 2 өөр шаардлагыг хольж тайлбарлаж буй нь үндэслэлгүй, Цагаанзуун ХХК-ийн тендерээс татгалзах өөр үндэслэл гаргаагүй тул тендер шалгаруулалтыг дахин явуулах шаардлага үүсээгүй, шалгаруулж гэрээ байгуулахыг даалгах үндэслэлтэй” гэж маргасан бол,

2. Хариуцагч нар “ “Бохир усны шугам, сүлжээний ажил /Сэлэнгэ, Мандал сум/” болон “Залуус-1 хорооллын дулаан хангамж”-ийн ажил нь бүрэн дуусаагүй байгаа нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6 дахь “ижил төстэй ажлуудаа бүрэн дуусгасан байх” заалтыг хангаагүй” гэж тайлбарладаг.

1.1 Нэхэмжлэгч Цагаанзуун ХХК-д нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Цагаанзуун ХХК нь Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих ЭХЯ 202302009 дугаартай АНУ-ын Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Монголын талын хөрөнгө /гадна дулаан хангамж Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцсон.

Эрчим хүчний яамны 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн в/1669 дүгээр албан бичгээр манай компаниас “Бохир усны шугам, сүлжээний ажил /Сэлэнгэ, Мандал сум болон Залуус-1 хорооллын дулаан хангамжийн ажил нь бүрэн дуусаагүй байгаа нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6 дахь заалтыг хангаагүй байна” гэж татгалзсан.

Энэхүү Эрчим хүчний яамны 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн в/1669 дүгээр албан бичигт гомдол гаргасны хариуд Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03/4218 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр “Бохир усны шугам, сүлжээний ажил /Сэлэнгэ, Мандал сум/ болон Залуус-1 хорооллын дулаан хангамжийн ажил нь бүрэн дуусаагүй байгаа нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17,6 дахь заалтыг хангаагүй байна” гэж захиалагч үзсэнийг үндэслэлгүй болохыг тогтоож, Эрчим хүчний яамны 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн в/1669 дүгээр албан бичгийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хууль нийцүүлэн дахин хийхийг Эрчим яаманд мэдэгдсэн.

Сангийн яамны энэхүү шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон. Учир нь манай Цагаанзуун ХХК “Бохир усны шугам, сүлжээний ажил нь /Сэлэнгэ, Мандал сум/” тендер нээх хугацаанд 80 хувь гүйцэтгэлтэй явж байсан ба одоогоор улсын комисс ажиллаад дууссан болно. “Залуус-1 хорооллын дулаан хангамж”-ийн ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтад оролцож, гэрээ байгуулсан боловч дээрх ажлын гүйцэтгэх зураг төсөв батлагдаагүйн улмаас ажлаа эхлүүлээгүй. Дээрх ажлыг хийж дуусаагүй нь манай компанийн буруу биш ба инженер техникийн ажилчид болон машин механизм давхцалгүйгээр уг тендерт санал болгосон. Эхлээгүй ажлыг хийж гүйцэтгэсэн байхыг шаардаж буй нь шударга бус бөгөөд бид энэ талаарх баримтыг тендерийн баримт бичигт хавсаргаж өгсөн.

Захиалагчийн ““Бохир усны шугам, сүлжээний ажил /Сэлэнгэ, Мандал сум/” болон “Залуус-1 хорооллын дулаан хангамж”-ийн ажил нь бүрэн дуусаагүй байгаа нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6 дахь заалтыг хангаагүй байна” гэсэн татгалзал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шударга ёс, хууль дээдлэх” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн.

Гэтэл Эрчим хүчний яам тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн в/2100 тоот албан бичгээр өмнөхтэйгээ яг адилхан “ “Бохир усны шугам сүлжээний ажил /Сэлэнгэ, Мандал сум/” болон “Залуус-1 хорооллын дулаан хангамжийн ажил /Дархан Уул, Дархан сум/” төсөл арга хэмжээ дуусаагүй болох нь ТӨХ-ийн ТШЗ 17.6-д заасан шаардлагыг хангаагүй байна” гэж үзэн манай компанийн тендерээс дахин татгалзсан байна. Ингэснээр өмнө нь Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03/4218 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр “Бохир усны шугам, сүлжээний ажил /Сэлэнгэ, Мандал сум/ болон Залуус-1 хорооллын дулаан хангамжийн ажил нь бүрэн дуусаагүй байгаа нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6 дахь заалтыг хангаагүй байна” гэж захиалагч үзсэнийг үндэслэлгүй болохыг тогтоосонтой зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл Сангийн яамны ТШЗ 17.6 дахь заалтыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна гэж шийдвэрлэж байхад дахин энэ үндэслэлээр татгалзаж байгаа нь хариуцагч гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагынхаа шийдвэрийг биелүүлээгүй байна.

Иймд бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаанд хяналт тавих дээд шатны байгууллага нь Сангийн яам бөгөөд төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага буюу захиргааны байгууллага нь дээд шатны байгууллагын шийдвэрт доод шатны байгууллага захирагдах зарчимтай. Гэтэл Сангийн яамны шийдвэрийг үл хэрэгсэн дахин дахин үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаа захиалагч Эрчим хүчний яамны 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн в/2100 тоот албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8-д заасан зарчим болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсгийг зөрчсөн хууль бус байна.

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр, хэрэгжих ЭХЯ 202302008 дугаартай АНУ-ы Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Монголын талын хөрөнгө /гадна дулаан хангамж Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт нийт 8 компани өрсөлдсөн бөгөөд захиалагч 1 компанийг шаардлага хангасан гэж шалгаруулаад үлдсэн 7 компанийг шаардлага хангаагүй тендер ирүүлсэн гэж үзэн хассан. Үүнээс хоёр компани Сангийн яаманд гомдол гаргаснаар шалгарсан компанид хүргүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгож гомдол гаргасан 2 компаниас манай компанийн гомдлыг үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн. Манай Цагаанзуун ХХК-ийн хувьд дээрх тендерийн бүх шаардлагыг хангасан болох нь Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03/4218 тоот “Гомдол хянасан тухай” албан бичиг, бидний тендерийн саналд хавсаргаж хүргүүлсэн баримтуудаар нотлогдоно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Дараах тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана”, 30.1.1. “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэж заасан. Гэтэл захиалагч нь манай компанийг нэг үндэслэлээр шаардлага хангаагүй гэж татгалзсан бөгөөд уг татгалзсан үндэслэлийг Сангийн яам хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд манай тендер шаардлагад нийцсэн ганц тендер болж байгаа юм. Харин шаардлагад нийцсэн ганц тендер байгаа тохиолдолд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасан.

Манай Цагаанзуун ХХК нь Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих ЭХЯ 202302009 дугаартай АНУ-ын Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Монголын талын хөрөнгө /гадна дулаан хангамж Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцогчдоос шаардлага хангасан тендер ирүүлсэн цорын ганц оролцогч юм.

Иймд манай Цагаанзуун ХХК-ийн шаардлага хангасан тендер ирүүлсэн цорын ганц оролцогчийн хувьд тендерт шалгарч, гэрээ байгуулах субьектив эрхээ сэргээлгэж, хууль ёсны итгэлийг хамгаалуулахаар дараах шаардлага гаргаж байна.

Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03/4218 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийг зөрчиж, манай компанийн тендерийг шаардлага хангаагүй тендер гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Эрчим хүчний яамны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн в/2100 тоот албан бичгээр ирүүлсэн манай компанийн тендерээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих ЭХЯ 202302009 дугаартай АНУ-ын Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Монголын талын хөрөнгө /гадна дулаан хангамж Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг Эрчим хүчний яаманд даалгаж өгнө үү.” гэжээ.

1.2 Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.7-д заасны дагуу ирүүлсэн материалыг 17.6 дахь зүйлтэйгээ хамааруулаад явчихсан. Манай компани энэ ажил байтугай 2,3 ажлыг зэрэг хийх чадамжтай компани, улсад нийгмийн даатгал төлдөг, инженер техникийн ажилчид нийлээд 30 ажилтантай, энэ тендертэй ямар нэгэн давхцал байхгүй, үүнийг үнэлгээний хороонд бичгээр мэдэгдсэн байгаа.

Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.6 гэх заалтыг арай өөрөөр тайлбарлаад байна. 200-ийн шугамтай ажлыг 2018-2022 онуудын аль нэг жилд  1-ээс доошгүй удаа хийсэн байх гээд заачихсан байгаа. Энэ ажилд нь манайх Дархан-Уул аймгийн ТК80-ТК94 дулааны шугам шинэчлэх 2 тэрбум 400 сая төгрөгийн ажлын гэрээгээ, Улсын комиссын акттай өгчихсөн. Дархан-Уул аймгийн Дархан дулааны сүлжээ компанийн ашиглагч байгууллагуудын тодорхойлолт тендерийн материалын 46 дугаар хуудсанд, 47 дугаар хуудсанд ТК80-ТК94 хүртэлх дулааны шугамыг шинэчлэх ажлын гэрээ, 49 дүгээр хуудсанд барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт байгаа.

Сүүлийн 5 жилийн аль нэг жилд нь нэгээс доошгүй удаа гэж заасан тул өөр хийгдсэн бусад ажлын жагсаалтаа өгөөд материалыг энэ тендерийн баримт бичиг дээр санал болгоогүй.  Аль нэг жилд нэгээс доошгүй ажил хийсэн байх гэж заасан энэ шалгуур үзүүлэлтийг хангаж л өгч байгаа болохоос бүх ажлыг оруулах шаардлага байхгүй.

Тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ-ны 17.6 гэх заалтыг 17.7 дахь заалттайгаа хамааруулаад тайлбарлаад байна. Тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ-ны 17.7 дахь хэсэгт “тендерт оролцогч, түүний түншлэлийн гишүүд хэрэгжүүлж байгаа ажлуудаа мэдээлэх” гээд заасны дагуу манайх энэ дуусаагүй хэрэгжүүлж байгаа 2 ажлаа мэдээлсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ажил нь тухайн жилдээ 2 тэрбум 100 мянган төгрөгийн өртөгтэй ажлыг манайх  300 сая төгрөг төсөвлөгдсөн байхад манайх 80% гүйцэтгэсэн. Энэ нь манай нэг чадавхи. Залуус хорооллын  ажлыг 2022 онд гэрээ байгуулсан, өнөөдрийг хүртэл хийгдээгүй байгаа. Дархан-Уул аймгаас хотын ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй гээд энэ ажлыг хийгээгүй. Хотын ерөнхий төлөвлөгөө 2023 оны 04 сард батлагдсан. Эрчим хүчний яамнаас техникийн нөхцөл баталдаг. Техникийн нөхцөл гарсны дараа энэ ажлын төсөвт өртгийг тодорхойлж, зураг төсвийн магадлалаар оруулаад, мэргэжлийн байгууллага дүгнээд ажил эхлэх ёстой.” гэв.

1.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Тендерээс татгалзсан мэдэгдэл 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/1669 албан бичгээр ирсэн. Сангийн яаманд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 56 тоотоор гомдол гаргасан. Энержи конвертер ХХК, Цагаанзуун ХХК гомдол гаргасан. Цагаан зуун компанид үнэлгээний хороо нэг үндэслэлээр, Энержи конвертер ХХК-д хоёр үндэслэлээр татгалзсан байсан. Сангийн яам гомдлыг хянаад Энержи конвертер ХХК-ийн  нэг татгалзал нь үндэслэлтэй байна гэж шийдсэн. Цагаанзуун ХХК-иас татгалзсан нь үндэслэлгүй байна, тиймээс дахин үнэлгээ хий гэж шийдсэн. Гэтэл дахиад Эрчим хүчний яамны үнэлгээний хороо тэр үндэслэлээрээ татгалзсан хариу 2023 оны 06 дугаар сарын 16-ны Б/2100 тоот албан бичгээр өгсөн. Ийм учраас манай компани нэг асуудлаараа дахиад Сангийн яаманд гомдол гаргах шаардлагагүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэгдүгээрт, Үнэлгээний хороо нэг үндэслэлээрээ дахиж татгалзсан нь үндэслэлгүй, Сангийн яамны шийдвэр зөв гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт, нэгэнт худалдан авах ажиллагааны хуулиар худалдан авах ажиллагааны гомдлыг шийддэг дээд байгууллага Сангийн яам байхад тэр байгууллагынхаа шийдвэрийг эс зөвшөөрч дахиад нэг үндэслэлээрээ татгалзсан нь хууль бус байна.

Хууль зүйн үндэслэл нь Эрчим хүчний яамны 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/2100 тоот албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8 дахь хэсгүүдэд заасан зарчим болон, Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсгийг зөрчсөн тул хууль бус байна гэж үзэж байна. 

Энэ тендерт шаардлага хангасан компани ганц манайх байна гэж үзээд гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэл гаргасан. Манайх шаардлага хангасан ганцхан компани учраас Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар захиалагч тендерээс хойш ажлын 15 хоног дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэх ёстой. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар шаардлагад нийцсэн тендер нэг ч тендер ирээгүй бол гэж заасан. Тэгэхээр шаардлагад нийцсэн тендер байхад энэ хуулийн үндэслэлээр Эрчим хүчний яамны үнэлгээний хороо Цагаанзуун ХХК-тай гэрээ байгуулах үүрэг хүлээж байна гэж үзэж байна.

Сангийн яамны үндэслэлгүй байна гээд шийдчихсэн тэр үндэслэлээр дахин татгалзаж болохгүй. Дахин үнэлэхдээ өөр үндэслэлээр татгалзсан бол бид нар дахиад тэр үндэслэлээрээ Сангийн яаманд гомдол гаргаад явах ёстой. Татгалзсан үндэслэлээсээ өөр үндэслэлээр дахиад үнэлэх ёстой,  дахиад үнэлэхдээ Сангийн яамны албан бичгийг үндэслэж шийдвэрээ гаргах ёстой.

Ф-200мм голчтой болон түүнээс доош голчтой дулааны шугамын ажил нь энэ тэнд дандаа хийгдэхгүй, дулааны цахилгаан станцад хааяа хийгддэг ажил. Тийм учраас ижил төстэй ажлыг 5 жилийн аль нэг жилд нэгээс доошгүй удаа гэж шаардлага тавьсан. Дархан-Уул аймгийн дулаан цахилгаан станц дээр ийм ажил хийнэ гэдэг нь том ажил. Гэтэл хариуцагчаас танайх ижил төстэй ажил хийгээд байгаа юм байна гээд одоо хийж байгаа ажилтай холиод ийм том ажил хийхэд танай хүч дутна гээд татгалзаад байгаа. Ф-200мм голчтой дулааны шугамын барилга угсралт нь өөр ажил тул одоо хийгдэж байгаа дуусаагүй ажил компанийн хүчийг тарамдуулахгүй.

Ижил төстэй ажил гэдэгт гээд тайлбарлаад биччихсэн, 2 дахь хэсэгт “ижил төстэй ажлуудаа бүрэн дуусгасан байна” гэж тусгасан байна. Ижил төстэй ажил гэдэгт дулааны шугамын барилга угсралтын ажлыг л хэлнэ. Энэ ажлыг харин дуусгасан байх ёстой. Манайх энэ ажлаа бүрэн хангаад дуусгасан. Татгалзаад байгаа ажил нь ижил төстэй ажил биш, одоо хийгдэж байгаа бохирын шугамын ажил.” гэв.

2.1 Хариуцагч Эрчим хүчний яам болон тус яамны Үнэлгээний хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 22 дугаар тэмдэглэлээр Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд барих Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга байгууламжийн цахилгаан болон дулааны хангамжийн эх үүсвэрийг 2024 оны 06 дугаар сард бэлэн болгосон байх шаардлагыг харгалзан нэн тэргүүнд хийгдэх ажлын хэмжээ, хүчин чадал, төсөвт өртгийг үндэслэн хэрэгцээт хөрөнгийг тооцож, түүний зохих хэсгийг Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголд болон үлдсэн хэсгийг 2023 оны төсвийн тухай хуульд тус тус тусгуулах арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгасан.

Үүний дагуу Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын Сангийн сайдын багцад IV.2.1.2.2 АНУ-ын Мянганы сорилтын сангийн тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Монголын талын хөрөнгө /гадна дулаан хангамж, Улаанбаатар/ төсөл, арга хэмжээ нь 5.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй батлагдаж, Сангийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар “Жагсаалт батлах тухай” тушаалаар Эрчим хүчний сайдад эрх шилжиж ирсэн. Дээрх тендерийг зохион байгуулах үүрэг бүхий үнэлгээний хороо Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/38 дугаар тушаалаар байгуулагдсан.

Үнэлгээний хороо нь Сангийн сайдын 2021 оны 145 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 22 дугаар тэмдэглэлд заасан Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний хүрээнд барих Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга байгууламжийн цахилгаан болон дулааны хангамжийн эх үүсвэрийг 2024 оны 06 дугаар сард бэлэн болгосон байх шаардлага болон энэхүү төсөл арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлын тоо, хэмжээтэй уялдуулан холбогдох нөхцөл шаардлагуудыг тусган тендерийн баримт бичгийг боловсруулж, батлуулан 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр цахимаар нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нээсэн бөгөөд уг тендерт 8 компани тендерийн материал ирүүлсэн байна.

Үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 15, 18-ны өдрийн хурлаар Цагаанзуун ХХК-ийн тендерийг хянан үзэж, тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ 17.6-д заасан шаардлагыг хангаагүй тул ТШЗ 29.7-д заасны дагуу шаардлагад нийцээгүй тендер гэж үзсэн ба захиалагчаас 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн в/1669 тоот албан бичгээр Цагаанзуун ХХК-д мэдэгдсэн.

Цагаанзуун ХХК-иас “Монгол улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих АНУ-ын Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Монголын талын хөрөнгө төсөл, apra хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцогч компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан тул уг тендерийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлснийг Эрчим хүчний яамны 2023 оны в/1799, в/1867 тоот албан бичгээр Цагаанзуун ХХК-д тус тус хүргүүлсэн.

Сангийн яам уг тендер шалгаруулалттай холбогдуулан гарсан гомдлыг хянан үзээд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03/4218 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь хэсэгт заасныг үндэслэн мэдэгдсэн.

Мөн Цагаанзуун ХХК-иас 2023 оны 06 дугаар сарын 16-ны 23/68 тоот албан бичгээр “Сангийн яамны шийдвэрийг хэрэгжүүлэх тухай” албан бичгийг Эрчим хүчний яаманд ирүүлсэн.

Үүний дагуу үнэлгээний хороо Цагаанзуун ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн тендерийг хянаж үзээд, 2023 оны 04 дүгээр сарын 18- ны өдрийн 59/23 дугаартай албан бичигт “Тендерийн баримт бичиг, түүнд заасан гэрээний нөхцөл /Гэрээний ерөнхий нөхцөл, тусгай нөхцөл, гэрээний маягт/-тэй танилцаж, бүрэн хүлээн зөвшөөрч тендер шалгаруулалтад оролцсон” гэсэн байгаа нь тендерийн баримт бичгийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч тендерт оролцсон ба уг тендерийн баримт бичигт заасан дараах шаардлагыг хангаагүй байна.

Тус тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгаа (ТШЗ) 17.7-д “ТӨХ-д шаардсан бол тендерт оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний дагуу талаарх мэдээллийг Ѵ бүлгийн Маягт-7-ын дагуу ирүүлнэ. ТШЗ-ны 17.2, 17.6-д заасан чадавхыг магадлахад энэ мэдээллийг ашиглана” гэж заасны дагуу Маягт-7-д дурдсан “Бохир усны шугам, сүлжээний ажил /Сэлэнгэ, Мандал сум/ болон Залуус-1 хорооллын дулаан хангамжийн ажил /Дархан-Уул, Дархан сум/ төсөл, арга хэмжээнүүд нь танай тендерт хавсарган ирүүлсэн Барилга, хот байгуулалтын амны 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 6/1430, “Барилгын хөгжлийн төв” ААТҮГ-ын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2/976, 2023 оны 04 дүгээр арын 26-ны өдрийн 1/1069 тоот тус тус албан бичгүүдээр дээрх 2 төсөл, арга хэмжээ нь дуусаагүй болох нь тодорхойлогдсон тул тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ 17.6-д “...Тендерийн үндсэн оролцогч нь 2018, 2019, 2020, 2021, 2022 онуудад хийсэн ижил төстэй барилга угсралтын ажлуудаа бүрэн дуусгасан байна. Үүнийг нотлохын тулд ашиглагч байгууллагын тодорхойлолт болон улсын комиссын дүгнэлтийн хуулбарыг хавсаргаж ирүүлнэ.

Шаардсан материалыг ирүүлээгүй, эсхүл өөрөөр ирүүлсэн тохиолдолд татгалзах үндэслэл болно” гэж заасан шаардлагыг Цагаанзуун ХХК хангаагүй тул тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны ТШЗ 29.7 дахь заалтыг үндэслэн тендерээс татгалзаж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн в/2100 тоот албан бичгээр мэдэгдлийг хүргүүлсэн.

Монгол улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих АНУ-ын Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Монголын талын хөрөнгө төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон 8 компанийг тендерийн шаардлагад нийцээгүй гэж үзэж, бүх тендерээс татгалзсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.4.1-д заасны дагуу тендерийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дахин зарлаад байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.2 Хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг боловсруулахдаа Худалдан авах хуулийн дагуу 12 дугаар зүйлийн 12.2.3 дахь хэсэгт заасны дагуу захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах шаардлага, энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.16 дахь хэсэгт нийцүүлэн тогтоож тендерийн баримт бичигт тусгана гэж заасан байдаг. Энэ хуулийн 16 дүгээр зүйлийн 16.1.2 дахь хэсэгт сүүлийн 5 хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрийн гүйцэтгэсэн ижил төстэй ажил гүйцэтгэсэн хугацаа, байршил бүрэн гүйцэт болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт гээд энд заасан зүйл нь Сангийн яамны бичиг баримтын дагуу тендерийн бичиг баримтыг Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн 5,1 тэрбум төгрөгийн ажил байгаа. Энэ ажил нь 2023 оны төсвийн ажил, Засгийн газрын 2022 оны  4 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаар тэмдэглэлээр энэ ажлыг 2024 оны 6 дугаар сард дуусгах үүрэг даалгаврыг холбогдох сайд нарт өгсөн байдаг. Цаг хугацааны хувьд чухал ажил учир тендерийн баримт бичигтээ санхүүгийн болон техникийн, ажлын туршлагатай компанид оруулахын тулд 17.6 дахь хэсгийн заалтыг оруулсан байгаа.

Тендерийг 3 дугаар сарын 28-ны өдрөөс 30 хоногийн хугацаатай 4 дүгээр сарын 27-нд нээхээр зарласан. Тендерийг зарлах хугацаа нь тендерийн баримт бичигтэй холбоотой аливаа нэг гомдол Шударга өрсөлдөөн, хэрэгжилтийн төлөө газар болон Сангийн яаманд гаргаагүй. 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тендер нээсэн. Тендерт 8 компани оролцсон. Тендерийн үнэлгээг 5 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээний хорооны шийдвэрийг танилцуулаад Цагаан зуун ХХК тендерийн шаардлагыг хангаагүй гэдгийг 5 дугаар сарын 22-ны өдрийн В/1669 албан бичгээр мэдэгдсэн. Энерго сервис монтаж компанид 5 дугаар сарын 22-ны өдрийн В/1666 албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг хүргүүлсэн.

Ажлын 6 хоногт гэрээ байгуулах бичигтэй холбоотойгоор тендер авсан компанид гомдол гаргах эрхтэй. Үүний дагуу Энержи конвертор ХХК, Цагаан зуун ХХК Сангийн яаманд гомдол гаргасан. Тендерийг түдгэлзүүлж, Сангийн яамнаас 6 дугаар сарын 9-ний өдөр гомдол хянасан тухай албан бичгийг ирүүлсэн. Албан бичигт тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь хэсгийг үндэслэн мэдэгдсэн.  Үнэлгээний хороо дахин хуралдаж 6 дугаар сарын 18-ны өдөр Цагаанзуун ХХК-ийн тендерийн материалыг дахин хянаж үзээд тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.6-д заасан шаардлагыг хангаагүй байна гэдгийг Үнэлгээний хорооны гишүүдийн олонх нь үзээд албан бичгээр  мэдэгдсэн.

Тендерийн баримт бичиг нь үнэлгээний хорооны хууль эрх зүйн баримт бичиг байдаг. Тендерийн үндсэн оролцогч нь 2018-2022 онуудад хийгдсэн ижил төстэй барилга угсралтын ажлыг бүрэн дуусгасан байна гэдэг шаардлагыг тавьж өгсөн. Цагаан зуун ХХК нь 2022 онд гэрээ байгуулсан 2 ажил байгаа. Залуус 1 хороолол 1,4 тэрбум  төсөвт өртөгтэй,  Сэлэнгэ аймгийн Мандал суманд бохир усны шугамын ажил 2.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлууд байгаа. Гэрээний хугацаа нь 2023 оны 10 дугаар сард дуусах ажлууд. 

Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.7 дахь хэсэгт тендерийн өгөгдлийн хүснэгтэд шаардсан бол тендерт оролцогчдод нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан талаар мэдээллийг 5 дугаар маягтын дагуу ирүүлнэ. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.2, 17.6 хэсэгт заасан магадлал, энэ мэдээллийг ашиглана. Үүний дагуу Үнэлгээний хороо Цагаан зуун ХХК-ийг гэрээгээр авсан 2 ажил нь бүрэн дуусаагүй байгаа тул тендерийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Сүүлийн 5 жил гэсэн шаардлагадаа 2018-2022 онуудыг зааж өгсөн. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь хэсэгт зааснаар сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт гэж заасан. Энэ хуулийн хүрээнд Сангийн яамны баталсан жишиг бичиг баримтын шаардлагын дагуу тендерийн баримт бичигт тусгасан. Цагаан зуун ХХК нь тендерийн баримт бичиг болон гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна гэдгээ мэдэгдээд тендерт оролцсон.

Тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ-ны 17.6-д шугамын голч, төсөвт өртгийг нь тодорхой зааж өгсөн. Тендерийн үнэлгээний хорооны 5 дугаар сарын 18-ны өдрийн 5 дугаар хурлын тэмдэглэлийн хавсралтад “тендер гүйцэтгэгчийн чадавхийг магадлах” гэсэн хүснэгт байгаа. Хүснэгт дээр Цагаанзуун ХХК 2018-2022 онд хийгдсэн ажлуудынхаа жагсаалтыг ирүүлсэн. Үүнд үнийн төсөвт өртөг нь тэрбум таван зуун гучин сая төгрөгөөс дээш үнийн өртөгтэй 4 ажил байгаа. Гэтэл Цагаан зуун ХХК нь эдгээр ажлаасаа ТК80-ТК94 Дархан-Уул аймгийн дулааны шугам шинэчлэх ажлаа онцлоод материалыг ирүүлсэн, жагсаалтад дурдсан бусад ажлыг хийсэн гэх материалаа ирүүлээгүй. Бусад компаниуд ижил төстэй бүх ажлын материалаа ирүүлсэн.” гэв.

2.3 Хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт “тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичиг гэж байдаг. Үүнийхээ дагуу Сангийн сайдын 2021 оны 151 дүгээр тушаалын хавсралтаар баталсан жишиг бичиг баримтын дагуу энэхүү тендерийн баримт бичгийг боловсруулж батлуулсан. Тендерийн баримт бичгийг боловсруулж батлуулахдаа хамгийн гол шаардлага нь тендерийн өгөгдлийн хүснэгт. Тендерийн өгөгдлийн хүснэгт нь тендерийн баримт бичгийн салшгүй нэг хэсэг. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн 7.4, 7.6 дахь хэсэгт маш тодорхой заагаад өгчихсөн. Мөн жишиг баримт бичиг дээр тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгт дээр хангах жишиг, шаардлагыг хангаж тендерийн баримт бичгийг боловсруулна гээд заагаад өгчихсөн. Сангийн сайдын 2021 оны 145 дугаар тушаалын хавсралтын тендерийн жишиг бичиг баримтын бидний маргаад байгаа  заалт дээр “тендерт оролцогч техникийн чадавх болон туршлагын үзүүлэлт шаардлагыг тогтоохдоо тухайн ажлын онцлог, тоо хэмжээг харгалзан зайлшгүй шаардлагыг тусгана. Тухайлбал дараах шаардлага байж болно. Хэрэв шаардлагатай бол гэрээний мэдээлэл ирүүлэх жилийн тоо, нотлох баримт бичгийг тодорхой заана. Уг хугацаанд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн тодорхой хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээ доод тал нь захиалагч хэдэн удаа ижил төстэй ажил  тухайлан зааж болно” гэж заасан байна. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.6 дахь хэсэг дээр 2 тусдаа заалт байгаа. “Ижил төстэй ажил гэдэгт 200мм-ын болон түүнээс дээш голчтой дулаан шугамын барилга угсралтын ажлыг 2018-2022 онуудын аль нэг жилд нэгээс доошгүй хугацаанд батлагдсан төсөвт өртгийн 30% буюу тэрбум таван зуун гучин сая үнийн дүнтэй ижил төстэй ажлын ерөнхий гүйцэтгэж ажилласан байна. Тендерийн үндсэн оролцогч нь 2018-2022 онуудад хийгдсэн ижил төстэй барилга угсралтын ажлаа бүрэн дуусгасан байна. Үүний нотлохын тулд ашиглагч байгууллагын тодорхойлолт болон Улсын комиссын дүгнэлтийн хуулбарыг хавсаргаж ирүүлнэ. Шаардсан материалыг ирүүлээгүй эсвэл өөрөөр ирсэн тохиолдол тендерээс татгалзах үндэслэл болно.” гэж заасан. 

Засгийн газрын тэмдэглэлээр үүрэг өгөгдсөн чухал ажил. Тийм учраас 2024 оны 6 дугаар сар гэхэд уг ажлыг дуусгасан байх ёстой. Тийм учраас техник болон хүний нөөцийн чадвартай, түргэн шуурхай дуусгах компанийг сонгон шалгаруулах нь гол зорилго. Тендерт оролцогч, түүний түншлэлийн хэрэгжүүлэхээр авсан гэрээний талаар мэдээлэл шаардана, шаардахгүй гэж тендерийн жишиг баримт бичиг дээр байгаа. Ажлынхаа онцлогт тохируулан тендерийн баримт бичгийг боловсруулахаар хуульд ч заасан, жишиг баримтад ч заасан. Тухайн ажил гүйцэтгэж байхад өмнө ажил аваад дуусгаагүй, олон ажилтай байвал энэ ажлыг хурдан шуурхай дуусгаж чадахгүй гэдгийг үндэслэж шаардана гэж заасан. Тендерийн баримт бичгийн ерөнхий нөхцөлийн 17.2 дахь хэсэгт заасан чадавхийг магадлалд энэ мэдээллийг ашиглана. Энэ маягтын нөхцөлийн дагуу 2 ажил ирчихсэн байгаа. Уг 2 ажил нь хоёулаа 2022 оны 10 дугаар сард гэрээ байгуулагдсан, 2023 оны 10 дугаар сард дуусах ажил байсан. Тендерийн баримт бичгийн ерөнхий нөхцөлийн 16 дугаар зүйлд сүүлийн онуудад хийгдсэн ижил төстэй ажлууд нь бүрэн дууссан байна гэсэн байхад 2022 онд эхэлсэн ажил нь дуусаагүй байгаа учраас татгалзсан. Тухайн компани нь тендерийн баримт бичигтэй танилцсаны үндсэн дээр зөвшөөрөөд материалаа ирүүлсэн байх гэж үзэж байна.

Сангийн яаманд 2 компани гомдол гаргасан. Цагаан зуун ХХК-ийн гомдолд шийдвэр үндэслэлгүй байна гэсэн мөртлөө яагаад үндэслэлгүй байгаа талаараа тайлбар бичээгүй тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин үнэлэхийг шаардсан. Шаардлагын дагуу дахин үнэлж  тендерийн баримт бичгийг яах аргагүй хангаагүй учир татгалзсан.

Үнэлгээний хороо хараат бус, хууль тогтоомжийн дагуу, жишиг баримтын дагуу үнэлгээ хийх үүрэгтэй. Тендерийн жишиг баримт дээр заасныхаа дагуу үнэлгээ хийсэн.

Тендерийн баримт бичгийн 17.6 дахь заалт 2 хэсэгтэй. 2 дахь хэсэгт ижил төстэй барилга угсралтын ажлыг бүрэн дуусгасан байна гээд заачихсан болохоор 17.7 дахь хэсэгт заасан хэрэгжүүлж байгаа болон хийж байгаа ажлынхаа мэдээллийг ирүүлэхийг шаардсан. Үнэлгээ хийхэд тендерийн баримт бичгийн 17.6 болон 17.7 дахь хэсгийн шаардлагыг тендерийн баримт бичгийн ерөнхий нөхцлийн 17.7 дахь хэсэгт заасан 7 дугаар маягтаар ирүүлсний дагуу 17.2, 17.6-д заасан чадавхийг магадлахад энэ мэдээллийг ашиглана гээд мэдээллээ ашигласан. Ажил ажил дээр тухайн тендерийнхээ онцлогт тааруулж баримт бичгийг боловсруулдаг. Энэ ажил Засгийн газрын хурлын тэмдэглэлтэй, хугацаатай, объёмтой. Хэрэв бид нар хугацаандаа дуусгаж өгч чадахгүй бол АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилд буцаад татагдчихна. Манай ажлын төсөв ч татагдах аюултай. Тэр ус  цэвэршүүлэх байгууламж баригдсанаар Монгол улсын иргэд, хүн амын усыг цэвэршүүлэх хэрэгтэй. Усны болон хөрсний бохирдол ихтэй байгаа энэ үед зайлшгүй хийх ёстой ажил.

Сүүлийн 5 жилд хийсэн ажлаа дуусгасан байна. Үүнийг нотлохын тулд ашиглагч байгууллагын тодорхойлолт болон Улсын комиссын дүгнэлтийг хавсаргаж ирүүлнэ. Шаардсан материалыг ирүүлээгүй эсвэл өөрөөр ирүүлсэн тохиолдолд татгалзах үндэслэл болно. 2018-2022 онд авсан ажлуудаа дуусгасан байхыг шаардаж байгаа. Тендерийн баримт бичгийн 17.7 дахь хэсэгт заасан мэдээллийг 17.2, 17.6 дахь хэсгүүдэд  заасан чадавхыг магадлахад ашиглана гэсэн байгаа. Тендерийн баримт бичгийн 17.6-г үнэлэхэд энэ материалыг ашигласан. Барилгын хөгжлийн төвөөс тодорхойлолт ирүүлсэн. Эхний ажил 80%-тай явагдаж байгаа. 2 дахь ажлын хувьд нэхэмжлэгч тал ажил нь эхлээгүй явцтай байгаа. Тэгэхээр  Сангийн яамны явуулсан тайлбар ч тэр, үнэлгээний хорооны татгалзал ч тэр сүүлийн 5 жилд авсан ажил нь дуусаагүй байгаа нь шаардлага хангахгүй байна.

Нэхэмжлэгч тал Тендерийн баримт бичгийн 17.6-г салгаж ойлгож байгаа бол ижил төстэй гэж шаардлага хангасан 4 ажил байна. Уг ажлуудынхаа нэгийнх нь л Улсын комиссын акт болон материалыг ирүүлсэн байна. Үлдсэн 3 ажлынхаа материалыг ирүүлээгүй байна. Энд бол угсралтын ажлуудаа бүрэн дуусгасан байна. Үүнийгээ нотлохын тулд мэдээллээ ирүүлнэ гэсэн шаардлагын дагуу мэдээллээ ирүүлээгүй байна. Үнэлгээний хорооны татгалзсан шийдвэр хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар судлагдаж, хэлэлцэгдсэн тендерийн баримт бичиг, Цагаанзуун ХХК-ийн тендерийн материал, холбогдох нотлох баримтуудыг үнэлээд талуудын маргаж буй үндэслэлд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр, доорх агуулгаар хангаж шийдвэрлэлээ.

1. ЭХЯ/202302009 дугаартай АНУ-ын Мянганы сорилтын сангийн тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Монголын талын хөрөнгө /гадна дулаан хангамж, Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг Үнэлгээний хорооны 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1 дүгээр, 3 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаар хурлаар тус тус хэлэлцэн[1] баталсан,

Тендерийн баримт бичгийн маргаанд хамаарах хэсгийг тодруулбал[2] 2 дугаар бүлэг Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/ -ийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ны 17.6[3] “ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: сүүлийн 5 жил “2018, 2019, 2020, 2021, 2022 он”, ижил төстэй ажил гэдэгт “Ф200 мм болон түүнээс дээш голчтой дулааны шугамын барилга угсралтын ажлыг 2018, 2019, 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд 1-ээс доошгүй удаа, батлагдсан төсөвт өртгийн 30 хувь буюу 1,530,000,000.0 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байх, тендерийн үндсэн оролцогч нь 2018, 2019, 2020, 2021, 2022 онуудад хийсэн ижил төстэй барилга угсралтын ажлуудаа бүрэн дуусгасан байна. Үүнийг нотлохын тулд ашиглагч байгууллагын тодорхойлолт болон улсын комиссын дүгнэлтийн хуулбарыг хавсаргаж ирүүлнэ. Шаардсан материалыг ирүүлээгүй эсхүл өөрөөр ирүүлсэн тохиолдолд татгалзах үндэслэл болно.” гэж заасан.

2. Нэхэмжлэгч Цагаанзуун ХХК-ийн тендерийн материалд ижил төстэй ажлын мэдээлэлд ерөнхий гүйцэтгэгчээр сүүлийн 5 жилд гүйцэтгэсэн 6 ажлын жагсаалт[4] ирүүлж, үүнээс Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Дархан суманд  ТК80-ТК94 хүртэлх дулааны шугам шинэчлэлийн 2,4 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаарх гэрээний мэдээллийг маягт 8-аар гаргаж, ашиглагч байгууллага болох Дархан-Уул аймгийн Дархан дулааны сүлжээ ТӨХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/332 тоот “2022 онд 2,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий хотын дулаан дамжуулах сүлжээний ТК80-ТК94 цэгийн хоорондох Ф219-Ф273 мм-ийн 2.1 хос км шугамын шинэчлэлийн ажлыг гэрээний хугацаанд бүрэн чанартай хийж гүйцэтгэсэн” гэсэн тодорхойлолт, уг ажлын гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан улсын комиссын 25/2022-А дугаартай дүгнэлт, тус комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтийн хуудас хавсарган[5] ирүүлсэн байна.

Цагаанзуун ХХК ийнхүү сүүлийн 5 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мэдээлэлд 2018 онд 4,2 тэрбум төгрөгийн1 ажил, 2019 онд 840 сая төгрөгийн 1 ажил, 2020 онд 875 сая төгрөгийн болон 3,7 тэрбум төгрөгийн  2 ажил, 2021 онд 3,9 тэрбум төгрөгийн 1 ажил, 2022 онд 2,4 тэрбум төгрөгийн 1 ажил хийж гүйцэтгэсэн жагсаалт, үүнээс 2022 онд хийж гүйцэтгэсэн 2,4 тэрбум төгрөгийн Ф219-Ф273 мм-ийн дулааны шугамын ажлын гэрээ, улсын комиссын дүгнэлт, ашиглагч байгууллагын тодорхойлолт ирүүлснээр тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ-ны 7.6 дахь заалтын “ижил төстэй буюу Ф200 мм болон түүнээс дээш голчтой дулааны шугамын барилга угсралтын төсөвт өртгийн 30 хувь буюу 1,5 тэрбум төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ажлын ерөнхий гүйцэтгэгчээр сүүлийн 5 жилийн аль нэг жилд нэгээс доошгүй удаа хийж гүйцэтгэсэн байх” шаардлагыг хангасан гэж үзэх бөгөөд ТӨХ-ийн ТШЗ-ны 17.6-д заасан ашиглагч байгууллагын тодорхойлолт, улсын комиссын дүгнэлтийн хуулбар хавсаргаж ирүүлснээр энэ шаардлагыг хангажээ.

3. Хариуцагч Үнэлгээний хороо болон Эрчим хүчний яамны тус компанийн тендерээс чадавхийн болон туршлагын шаардлага хангаагүй гэж татгалзсан “ижил төстэй ажлын мэдээлэлд ирүүлсэн  “Бохир усны шугам, сүлжээний ажил /Сэлэнгэ, Мандал сум/” болон “Залуус-1 хорооллын дулаан хангамжийн ажил /Дархан-Уул, Дархан сум/” төсөл, арга хэмжээнүүд нь дуусаагүй” гэх үндэслэл нь буруу буюу үндэслэлгүй болжээ.

Учир нь Цагаанзуун ХХК энэ мэдээллийг тендерийн материалдаа ТӨХ-ийн ТШЗ-ны 17.7 дахь “... хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээлэл” болгож маягт 7-оор 2023 оны 10 дугаар сард гэрээний ажил гүйцэтгэж дуусахаар байгааг тодорхой илэрхийлж жагсаалтаар болон “2023 оны Төсвийн тухай хуулийн Барилга хот байгуулалтын сайдын багцад батлагдсан “Бохир усны шугам сүлжээ /Сэлэнгэ, Мандал сум/”-ний ажлыг 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжлүүлж байгаа талаарх Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2/976 тоот тодорхойлолт, уг ажилд тус компанийн ус хангамж, ариутгах татуургын инженер техникийн ажилтнууд ажиллаж байгаа тул дулааны шугамын барилга угсралтын ажлын инженер техникийн ажилтнуудтай давхцахгүйг илэрхийлсэн мэдэгдэл, мөн “2023 оны Төсвийн тухай хуулийн Барилга хот байгуулалтын сайдын багцад батлагдсан “Залуус-1 хорооллын дулаан хангамжийн ажил /Дархан-Уул аймгийн Дархан сум/ гүйцэтгэхээр гэрээ байгуулсан, ажлын зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ хийгдэж, магадлалын дүгнэлт албажих шатандаа явагдаж байгаа” талаарх Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1069 тоот тодорхойлолт, энэ талаарх Барилга, хот байгуулалтын яамны тодорхойлолт, ажлын гэрээ, “уг ажил зураг төслийн баримт бичигт магадлал хийх шатандаа байгаа буюу барилга угсралтын ажил гүйцэтгэж эхлээгүй болон инженер техникийн ажилтнууд давхцалгүй” талаарх тус компанийн мэдэгдлийг хавсарган[6] ирүүлсэн байна.

Тодруулбал энэхүү маягт 7-оор ирүүлсэн ажлуудын мэдээлэл нь ТӨХ-ийн ТШЗ-ны 17.7 дахь заалтын шаардлагын дагуух “хийгдэж байгаа ажлын мэдээлэл” болохоос маягт 8-аар гаргах ёстой 17.6 дахь заалтын шаардлагын дагуух ижил төстэй ажлын мэдээлэл, материал биш юм. Тиймээс уг ажлуудыг хийж гүйцэтгэж дуусгасан байхыг, улсын комиссын дүгнэлт гарсан байхыг шаардаж, энэ үндэслэлээр буюу “ижил төстэй ажил нь дуусаагүй” гэж тендерээс чадавхийн болон туршлагын ТӨХ-ийн ТШЗ-ны 17.6 дахь “ашиглагч байгууллагын тодорхойлолт, ашиглалтад хүлээн авсан улсын комиссын дүгнэлт ирүүлэх” шаардлагыг хангаагүй гэж татгалзсан нь үндэслэлгүй, хууль бус болжээ.  

Угаасаа “хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээ”-ний ажлыг дуусгасан байхыг шаардах боломжгүй бөгөөд ийм шаардлага нь зүй бус, хэрэгжих боломжгүй бөгөөд, үүнээс тусдаа “17.6 дахь заалтаар ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг үнэлэх шаардлагатай хольж тайлбарлаж байна” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.  

4. Энэ талаарх Сангийн яамны дүгнэлт, дахин үнэлгээ хий гэсэн шийдвэрийг хэрэгжүүлээгүй буюу уг заалтын шаардлагыг тендерт оролцогч хангасан эсэхийг үндэслэл бүхий үнэлээгүй нь буруу, Цагаанзуун ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн зөвлөмж, захиалагчийн мөн өдрийн В/2100 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэл хууль зүйн үндэслэлгүй байна.

5. Хариуцагч нар нь “хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээллийг ТШЗ-ны 17.2, 17.6-д заасан чадавхийг магадлахад ашиглана” гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна. Тодруулбал ТӨХ-ийн ТШЗ-ны 17.7-д “санхүүгийн чадавхи болон ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг магадлахад одоо хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний талаарх мэдээллийг ашиглах” агуулга тусгагдаагүйн дээр, Цагаанзуун ХХК нь 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжлүүлж байгаа “Бохир усны шугам сүлжээ /Сэлэнгэ, Мандал сум/”-ний ажилд болон зураг төслийн баримт бичигт магадлал хийх шатандаа байгаа, барилга угсралтын ажил гүйцэтгэж эхлээгүй “Залуус-1 хорооллын дулаан хангамжийн ажил /Дархан-Уул аймгийн Дархан сум/-д инженер техникийн ажилтнууд давхцахгүйг илэрхийлсэн байдаг.

6. Цагаанзуун ХХК-ийн тендерийн материалыг чадавхийн болон туршлагын өөр бусад шаардлагыг хангасан талаар Үнэлгээний хорооны үнэлгээ хийсэн баримтад дурдсан[7] байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3-т зааснаар мөн хуулийн 14-16 дугаар зүйлд заасан захиалагчаас тогтоосон чадавхийн шаардлагыг, техникийн тодорхойлолтыг, бусад нөхцөл шаардлагыг  хангасан гэж үзвэл шаардлагад нийцсэн тендер гэж үзэх тул 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар тендерийн үнийн шалгуурыг үнэлж, 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэх нь Үнэлгээний хороо, захиалагчид хуулиар олгосон эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд байна. Өөрөөр хэлбэл энэ чиг үүргээ хэрэгжүүлэхийг Үнэлгээний хороо, захиалагч Эрчим хүчний яаманд даалгах агуулгаар нэхэмжлэлийн энэ шаардлагыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

7. Ийнхүү шийдвэрлэх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд баримтлах үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцнэ гэж үзлээ.

8. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагаанзуун ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмж, Эрчим хүчний яамны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн В/2100 тоот мэдэгдлийг хүчингүй болгож, Цагаанзуун ХХК-ийн үнийн шалгуурыг үнэлж, гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэхийг Үнэлгээний хороо, захиалагч Эрчим хүчний яаманд даалгаж шийдвэрлэлээ.         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,  27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3, 28 дугаар зүйлийн 28.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Цагаанзуун ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл-ийн Монголын талын хөрөнгө /гадна дулаан хангамж, Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцогч Цагаанзуун ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны 2023 оны 6 дцугаар сарын 16-ны өдрийн шийдвэр, зөвлөмж, Эрчим хүчний яамны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн В/2100 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, Цагаанзуун ХХК-ийн үнийн шалгуурыг үнэлж, гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэхийг Үнэлгээний хороо, Эрчим хүчний яаманд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрчим хүчний яамнаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ХАЛИУНА

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 116-117 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 199-201, 226-232 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 228 дугаар хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтсын 69 дүгээр хуудас, цахим тендерийн материалын 43 дахь нүүр

[5] Хэргийн 2 дугаар хавтсын 70-91 дүгээр хуудас, цахим тендерийн материалын 44-65 дахь нүүр

[6] Хэргийн 2 дугаар хавтсын 92-104 дүгээр хуудас, цахим тендерийн материалын 66-78 дахь тал

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 132-136, 138, 139, 151, 152, 154-157, 164-167 дугаар хуудас