| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2026/0118/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/142 |
| Огноо | 2026-04-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ариунсанаа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2026/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Б.Ариунсанаа,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Н,
Өсвөр насны шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч-ийн Г-д холбогдох эрүүгийн 2638000000096 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Л овгийн Ч-ийн Г , 2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, сургуульгүй, ам бүл 6, ээж, ах, эгч нарын хамт Хөвсгөл аймгийн Рашаант сумын .............. багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн Р3.....................дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Өсвөр насны шүүгдэгч Ч.Г нь 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багт байрлах “Б” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг чулуугаар хагалан хууль бусаар нэвтрэн орж 159,080 төгрөгийн үнэ бүхий эд зүйл болон бэлэн 30,500 төгрөгийг хулгайлан авч, хохирогч Ц.С-ийн өмчлөх эрхэд нийт 279,580 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Ч.Г нь 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багт байрлах “Б” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг чулуугаар хагалан хууль бусаар нэвтрэн орж 159,080 төгрөгийн үнэ бүхий эд зүйл болон бэлэн 30,500 төгрөгийг хулгайлан авч, хохирогч Ц.С-ийн өмчлөх эрхэд нийт 279,580 төгрөгийн хохирол учруулж “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, (хх-ийн 5-11-р хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, (хх-ийн 12-17-р хуудас), хохирогч Ц.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 23-25-р хуудас), “Ашид Билгүүн” хөрөнгө үнэлгээний компаний шинжээчийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №ШД-526-915873 дугаартай “...эд зүйлүүдийн зах зээлийн үнэ цэнийг 2026 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 249,080 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт (хх-ийн 50-52-р хуудас), эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг (хх-ийн 58-61-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Өсвөр насны шүүгдэгч Ч.Г өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Ц.С-ийн өмчлөх эрхэд 279,580 төгрөгийн хохирол учирсан бөгөөд өсвөр насны шүүгдэгчээс хохирогчид 159,080 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бэлэн мөнгө 30,500 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул өсвөр насны шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, өсвөр насны шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял оногдуулахыг тэнсэж, түүнийг 1 (нэг) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд өсвөр насны шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Ч.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял оногдуулахыг тэнсэж, түүнийг 1 (нэг) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Г-ийг хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй байна.
Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгч Ч.Г-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Л овгийн Ч-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял оногдуулахыг тэнсэж, түүнийг 1 (нэг) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Г-ийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг Ч.Г-ийн эх Ө.Н-д, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хөвсгөл аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт тус тус даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Г-д хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгч Ч.Г-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн 2638000000096 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ч.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ