Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2024/00508

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хэргийн индекс: 135/2024/00347/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, Зүрх уул ******* гудамж, ******* тоотод оршин суух, *******, *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь ******* холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Туяацэцэг,

Шинжээч Б.Батзаяа /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ж. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие иргэн Л., С. нартай хамтарч ярилцаад зээл авахаар тохирсон. Миний өмчлөлийн хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энхтайваны өргөн чөлөө гудамжны байрны, байрлах, Ү-2205063925 дугаарын бүртгэлтэй, 1 өрөө орон сууцыг барьцаалахаар ярилцаж, Капитрон банкнаас зээл авсан. Авсан зээлийн эргэн төлөлтийг хийж чадахгүй байсаар нийт 135,000,593 төгрөгийн өрөнд орсон. Дээрх дурдагдсан мөнгөн дүнгээс миний бие өмнөх жилээс авхуулаад 50,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоогоор банканд 80,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Миний өмчлөлийн дээрх хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарсан. Үүний дагуу Дархан-Уул аймгийн ******* төлбөр барагдуулах ажиллагааг эхлүүлж, миний өмчлөлийн хөрөнгийг Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-иар хийлгэж, 130,192,624 төгрөгөөр үнэлэгдсэн. Мөн миний бие өөрөө зардлаа төлөөд Лэндс үнэлгээ ХХК-иар өөрийн хөрөнгөдөө үнэлгээ хийлгэхэд 138,308,935 төгрөгөөр тогтсон. Дархан-Уул аймгийн ******* хийсэн ажиллагааны үнийн дүн, миний өөрийн хувиараа үнэлүүлсэн дүн хоорондоо 8,000,000 төгрөгийн зөрүү гарсан. Иймд Дархан-Уул аймаг дахь ******* төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд явуулж буй 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/326 дугаартай мэдэгдлийн үнийн дүнд гомдол гаргасан гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Туяацэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 710 дугаартай шийдвэрээр Л., С. нараас 135,000,593 төгрөгийг гаргуулж Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Л., С. нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энхтайвны өргөн чөлөө гудамжны 202 дугаар байрны, 135 тоотод байрлах, Ү-2205063925 дугаарын бүртгэлтэй, 1 өрөө орон сууцыг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02/23070562 дугаартай тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу өмчлөгч болон талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/07 тоот шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө эстимейт үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгө эстимейт үнэлгээ ХХК нь дээрх дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 130,192,624 төгрөгөөр үнэлсэн. Тус үнэлгээг тогтоохдоо зах зээлийн холбогдох судалгаа шинжилгээг хийж, чанар байдал, хөрөнгийн байршил, элэгдэл зэргийг тооцож зах зээлийн жишиг үнээр тогтоосон гэв.

 Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч Ж.******* иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/326 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Лэндс үнэлгээ ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ тогтоох үнэлгээний тайлан, 000192293 дугаартай ЛЭНДС ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Капитрон банкны 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3006-2019/03 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3006-2019/03-1 дугаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 000677824 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймаг дахь ******* олгосон итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, 23070562 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, тус шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 587 дугаартай гүйцэтгэх хуудас, шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 4969 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 710 дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 01/23070562 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Капитрон банкны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3006-24/103, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 3034-24/35 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар ангийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/07 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/07 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Шүүх нэхэмжлэгч Ж.******* Дархан-Уул аймаг дахь ******* холбогдуулан гаргасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин нь төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшийг тогтоож дүгнэлт гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшийг бодитоор тогтоогоогүй, 130,192,624 төгрөг гэж бага үнэлсэн, хувиараа Лэндс үнэлгээ ХХК-иар дээрх хөрөнгийг үнэлүүлэхэд 138,308,935.05 төгрөг гэж зөрүүтэй үнэлсэн учир хүчингүй болгуулахаар шаардаж байна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн, төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу хөндлөнгийн шинжээч томилж барьцаа хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн... гэж тайлбарлан маргасан.

4.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон тогтоол, төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт хүргүүлсэн мэдэгдэл, төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолууд, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, битүүмжлэгдсэн болон хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 710 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 209/МА2022/00073 дугаартай магадлалаар хариуцагч Л., С. нараас 135,000,593 төгрөгийн хамт гаргуулж Капитрон банканд олгож, хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205063925 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 202 байр, 135 тоот хаягт байршилтай, 37,51 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

4.2.Хариуцагч Л., С. нар сайн дураар биелүүлээгүйн улмаас Капитрон банкны гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 4969 дугаар захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 587 дугаар гүйцэтгэх хуудас  бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна.

4.3.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/23070562 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02/23070562 дугаар Эд хөрөнгө хураах тогтоолоор төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 202 байр, 135 тоот хаягт байршилтай, 37,51 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг битүүмжилж, хураажээ.

4.4.Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцож үнэлгээ тогтоогоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гаргаж, хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийг томилон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчдод мэдэгдэн, шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулсан байна. /хх-ийн 64, 67-69/

4.5.Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/07 дугаар тогтоолоор томилогдсон шинжээч Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/69 дугаартай дүгнэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураан авсан Ж.******* өмчлөлийн орон сууцыг 130,192,624 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мэдэгджээ.

4.6.Нэхэмжлэгч Ж. нь дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр үнэлгээг хүчингүй болгуулахаар тус шүүхэд гомдлын шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

5.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нар харилцан тохиролцоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн, оролцогчдоос гаргасан хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийг томилсон нь хуульд нийцсэн байна. 

6.Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн тогтоосон үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан мэдэгдлүүд, нэхэмжлэгчийн хүсэлтээр тогтоогдсон.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлтээ гаргасан талаар хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан байна.

8.Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин нь төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшийг тогтоож дүгнэлт гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшийг бодитоор тогтоогоогүй, 130,192,624 төгрөг гэж бага үнэлсэн, хувиараа Лэндс үнэлгээ ХХК-иар дээрх хөрөнгийг үнэлүүлэхэд 138,308,935.05 төгрөг гэж зөрүүтэй үнэлсэн учир хүчингүй болгуулахаар шаардаж байна... гэх нэхэмжлэлийн шаардлагадаа Лэндс үнэлгээ ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 24/11-АГ дугаартай үнэлгээний тайланг хавсарган ирүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно. гэж заасантай нийцэхгүй юм.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

9.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.5, 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.******* хариуцагч Дархан-Уул аймгийн ******* холбогдуулан гаргасан Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС